Удиртгал
Мандал гэдэг бол орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь Бурханы шашны сургаалын олон өөр талуудыг илэрхийлэх, нарийн бүтэцтэй, дугуй хэлбэрийн дүрслэл юм. Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон Бурханы шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандлыг зургаар, гурван хэмжээст загвараар, мөн элсээр бүтээнэ (Үзэх Бясалгал гэж юу вэ?).
Тарнийн бүтээлийн мандал
Тарнийн бүтээлд бясалгагч нь “би” гэсэн бат, хатуу өөрийн эгэл дүрийг уусган арилгаад, өөрийгөө ядам бурханы дүрээр, Бурханы дүрээр (Үзэх Тарни гэж юу вэ?) дүрсэлнэ. Эдгээр дүрслэл нь бидний сайн мэдэх, энэрэл нигүүлслийн бэлгэдэл болох Авалокитешвара бурхан гэх мэт бүрэн гэгээрсэн Бурханы нэг эсвэл хэд хэдэн талыг илэрхийлж байдаг. Тарнийн бүтээл үйлдэж байгаа хүмүүс өөрийгөө Авалокитешвара бурханы дүрээр дүрсэлж, түүний энэрэн нигүүлсэх сэтгэлийг түүний адилаар өөртөө төрсөн байгаагаар төсөөлнө. Өөрийгөө аль хэдийн тухайн Бурханы дүрийн адилаар бусдад тусалж чадах болсон гэж төсөөлснөөр өөрийн гэгээрлийн шалтгаан, нөхцөлийг үр нөлөөтэй, үр дүнтэйгээр бий болгож болдог.
Бурхадын дүрүүд мандал хэмээх маш ариун орнуудад орших бөгөөд “мандал” гэдэг үг нь тэдгээр орныг төдийгүй тэдгээрийн оршин суугчдыг мөн илэрхийлж байдаг. Бурхадын ариун орнууд хоорондоо бага зэрэг ялгаатай боловч дүрүүд нь үзэсгэлэнт газар, гадуураа бясалгалд гарах саадаас сахих хүрээгээр хүрээлэгдсэн, элдэв эрдэнэсээс бүтсэн орд харшид орших байдалтай байна. Голын дүр нь эр эсвэл эм, ганц дүрээр эсвэл хосоор харшийн голд суух эсвэл зогсох байдалтай байна. Ихэнх тохиолдолд голын дүр нь өөр олон дүрээр хүрээлэгдэх бөгөөд зарим тохиолдолд орд харшийн гадна талд өөр дүрүүд бас байна. Тэдний олонх нь олон нүүр, мутар, хөлтэй байх бөгөөд гартаа элдэв зүйлийг барьсан байдаг.
Авшгийн үеийн мандал
Тарнийн бүтээл үйлдэхэд зохих эрдэм, боловсролтой тарнийн багшаар хөтлүүлсэн авшиг буюу эрх авах (Үзэх Авшиг гэж юу вэ?) ёслол үйлдэх хэрэгтэй болно. Авшгийн үеэр гол төлөв даавуун дээр зурсан эсвэл элсээр бүтээсэн хоёр хэмжээстэй Бурханы дүрийн хот мандлыг багшийн дэргэд, харшийн хялбарчилсан хувилбар болгосон модон хүрээний дотор байрлуулна. Гэвч бид мандлыг дүрслэх бол тэдгээрийг ямагт гурван хэмжээстэй байдлаар дүрсэлнэ.
Ёслолын зан үйлийн үеэр багш авшиг хүртэж буй хүмүүст сахил хүртээн харшид орох зөвшөөрөл олгох ба энэ үед өөрийгөө харшид алхаж орж байгаар дүрсэлнэ. Эдгээр олон янзын дүрслэлээр тэдний “Бурханы чанар” буюу ийм бүтээл хийн гэгээрэлд хүрэх чадамж нь идэвхждэг. Хэрэв хот мандлыг элсээр бүтээсэн бол хаалтын ёслолын үеэр мөнх бусын илэрхийлэл болгон элсний ширхэгүүдийг хураан усны эхэд өргөдөг.
Үүний дараагаар авшиг хүртсэн хүмүүс өөрийгөө тухайн дүрээр дүрслэх, хот мандлыг өдөр тутмын бүтээлийнхээ хэсэг болгох эрхтэй болно. Дүр болон тэдний гар дахь элдэв зүйлс бясалгалын бүтээлтэй холбоотой ямар нэг зүйлийг илэрхийлнэ. Жишээ нь: тухайн нэг дүрийн зургаан мутар нь зургаан чанадад хүрэхүй буюу чанадад хүрэх хандлагыг илэрхийлж болно.
Бүтээл хийж байгаа хүмүүс нь өөрсдийгөө харшийн дотор, гадна байгаа бүх дүрүүдээр дүрслэх төдийгүй харшийг мөн өөрсдийгөө хэмээн дүрсэлнэ. Мандлын орд харшийн зохиомжийн олон янзын бүрэлдэхүүн хэсгүүд нь мөн бясалгалын бүтээлийн олон талуудыг илэрхийлнэ. Зарим хот мандалд дөрвөн хана нь хутагтын дөрвөн үнэнийг илэрхийлэх бол тэнцүү талтай дөрвөлжин харш нь хоосон чанарын ойлголтын хүрээнд Бурхад болон хараахан гэгээрээгүй байгаа төрөлхтөн нар адил гэсэн санааг илэрхийлнэ.
Зарим маш гүнзгий түвшний бясалгагч нар өөрийн биеийн хэсгүүдийг орд харшийн хэсгүүдээр эсвэл орд харшид байх олон дүрүүдийг өөрийн биед байрлуулан дүрсэлдэг. Үүнийг “лагшингийн хот мандал” гэх ба энэ нь маш сайн төвлөрөл, Бурханы шашны гүн ухааны бүрэн гүйцэд ойлголтыг шаарддаг учраас хэцүү бүтээл болдог.
Нийтийн бүтээлийн мандал
Бурханы шашны багшаас тарнийн эсвэл нийтэд зориулсан ямар нэг ном сонсохын өмнө шавь нар нь ном айлдах хүсэлт болгон мандал өргөх ба номын төгсгөлд талархал болгон дахин мандал өргөдөг. Энд мандал нь эрдэнээр дүүрсэн Бурханы орныг илэрхийлнэ. Шавь нар сургаалыг ертөнцөд байх юмс бүгдээс үнэтэй хэмээн үзэх ба мандал өргөх нь сургаалыг сонсоход алив бүхнээ өргөхөд бэлэн гэсэн санааг илэрхийлнэ.
Өргөлийн мандал нь суурь болон түүний дээр тариа эсвэл эрдэнийн чулуугаар дүүргэсэн суурь бүслүүр, түүний дээр арай бага тойрог бүхий гэх мэт тойрог нь алгуур багассан, тариа эсвэл эрдэнийн чулуугаар дүүргэсэн бүслүүрүүд бүхий байна. Оройг нь эрдэнээр титэмлэдэг. Мандлыг мөн чагжаар (гарын бэлгэдлээр) илэрхийлж болно. Аль ч тохиолдолд мандал нь Бурханы шашны уламжлалт зохиол бүтээлүүдэд гардаг орныг хамгийн сайхнаар төсөөлсөн хувилбар бүхий илэрхийлэл байна. Мандал өргөх үед шавь нар дэлхий дахины бүхий л нөхцөл ном сонсоход тохирсон байж, хамаг амьтан тэрхүү оронд төрөн тэдгээр сургаалыг сонсохыг хүсэн ерөөл уншина.
Бурханы шашинтай олон хүмүүс “зэхэл бүтээл”-ийг (төвд. ngondro) – тухайн нэг бүтээлийг 100 000 удаа давтаж хийх – илүү гүнзгий түвшний бясалгалд орох бэлтгэл болгон хийдэг. Эдгээр зэхэл бүтээл нь сэтгэлийн саад тотгорыг арилгаж, бясалгалыг амжилттай бүтээхэд хэрэгтэй эерэг хүч хураахад тусалдаг. 100 000 удаа мандал өргөх нь тэдгээр зэхэл бүтээлүүдийн нэг бөгөөд энэ нь бясалгалд өөрийн бүх цаг хугацаа, хүчин чармайлтаа зориулахыг хязгаарлаж байгаа байдлыг арилгах, бясалгалд амжилт гаргахад бүхнээ зориулах хүчтэй сэтгэл төрүүлэхэд тусална.
Дүгнэлт
Бидний харж байгаачлан мандал нь Бурханы шашны олон бүтээлүүдэд зөвхөн орчлон ертөнцийг төдийгүй Бурханы шашны зам мөрийн олон талыг илэрхийлдэг байна. Хэдийгээр төвөд лам нар Төвөдийн нөхцөл байдалд олон нийтийн анхаарлыг татах үүднээс дэлхийн олон оронд олон газар элсэн хот мандал бүтээсээр байгаа боловч тэдгээрийг ердөө нэг урлагийн сонин гайхалтай бүтээл болгож харахгүй байх нь чухал. Мандал нь нийтийн болон гүнзгий түвшний тарнийн бүтээлд аль алинд нь голлох үүрэг эзэлдэг, гэгээрэлд хүрэх зам мөрийг ахиулахад туслах маш нарийн бясалгалын арга юм.