Тарнийн сургаалын талаарх буруу ойлголтууд
Тарнийн сургаал эсвэл цогчэн сургаалыг гэгээрэлд хүрэх хялбар зам мөр гэж бодох
Тарнийн сургаалын талаарх олон буруу ойлголтууд байдаг. Тэдгээр буруу ойлголтууд ихэвчлэн түүнийг брэнд болгох оролдлогоос гарсан байна. Ямар нэг шалтгаанаар, төвөд эсвэл өрнөдийн олон багш нар тарнийн сургаал эсвэл цогчэн сургаалыг хялбар зам мөр, түргэн зам мөр, хамгийн дээд түвшний зам мөр гэж сурталчилдаг. Ийм сурталчилгааны улмаас хүмүүс буруу ойлголт аван, тарнийн сургаал эсвэл цогчэн сургаалыг үнэхээр хялбар зам мөр гэж боддог.
Ямар учраас хүмүүс өөрсдийн түргэн, хялбар гэж бодсон тэдгээр бүтээлүүдийг (дадлагууд) сонирхдог вэ? Миний багш нарын нэгийн хэлсэнчлэн, энэ нь хүмүүс залхуурч, шаардлагатай хүчин чармайлтыг гаргахыг хүсэхгүй байх эсвэл хямд үнээр ямар нэг зүйл олж авахыг хүсэхийн аль аль нь байж болно гэдэг. Энэ нь бид дэлгүүрт худалдан авалт хийх үедээ хямд үнэ хайдаг тэр байдлаар, гэгээрлийг хямд үнээр авах гэж буй явдал. Сургаалын олон өөр аргуудаас сонгох үед, ихэвчлэн бидэнд ийм сэтгэхүй байна: “Энэ долоо хоногт юу хямдарсан байна?”
Жинхэнэ бодит байдал нь тарнийн сургаалын бүтээл (дадлага) болон цогчэн сургаал нь асар их хичээл зүтгэл шаардах маш нарийн бүтээлүүд (дадлага) байна. Эдгээр бүх бүтээлүүд (дадлага), бүр тэдгээрийг эхлэхийн өмнө, эхлэл болгон, нгондро гэх зэхэл бүтээл болох 100 000 ба түүнээс дээш тоогоор мөргөл хийх гэх мэт зүйлүүдийг хийхийг танаас шаардана. Энэ тийм хялбар биш – үүнд хэдэн жил шаардагдана!
100,000 мөргөл үйлдэх нь гайхалтай үйл явдал авчирна гэж бодох
Мөргөл гэх мэт тэдгээр зэхэл бүтээлүүдийг бид хийх хэрэгтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг ч, тэдгээрийн үр дүнд гайхалтай үйл явдлууд тохионо гэж бодох нь буруу ойлголт. Энэ нь мөн сурталчилгаанаас үүдсэн эсвэл ердөө тэдгээр зэхэл бүтээлүүдийн хүчийг хэт үнэлсэн бидний үнэлэмжээс гарсан байж болно. “Би яах учраа сайн олохгүй байна. Надад юу хийхийг хэлж өгнө үү. За, би 100,000 удаа мөргөн, өөр хэл дээрх зарим үеүдийг 100,000 удаа давтан хэлье, ингээд миний бүх асуудлууд шийдвэрлэгдэнэ. Гайхалтай, би үүнийг хийе” гэх. Энэ бол буруу ойлголт. Гэвч, та яах учраа сайн олохгүй байгаагаас, та тэдгээрийг хийн, түүний эцэст тодорхой гайхалтай үйл явдал тохиож, асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж хүлээнэ. Ийм зүйл болдоггүй. Тэр үед та сургаалыг дадлага болгох тухайд маш итгэл сул болж, түүнийг орхино.
Гэвч, мэдээж, ариуслын бүтээлүүд (дадлага) үр нөлөөтэй байж болох боловч, бүтээлийн (дадлага) хугацааны 99.9%-д таны сэтгэл сарнисан, та хийж байгаа зүйл дээрээ төвлөрөөгүй, хийж байгаа зүйлийнхээ талаар ямар нэг сэтгэл төрүүлэхгүй эсвэл бүтээлийн цаадах утгыг ойлгоогүй бол бүтээл үр нөлөөтэй болохгүй. Эсвэл танд нэг хүчтэй сэдэл байхгүй байх тохиолдолд. Эдгээр бүтээлүүд (дадлага) үр нөлөөтэй болоход – хэдий тэдгээр нь үр нөлөөтэй байсан ч, тэдгээр нь гайхалтай үйл явдлууд авчрахгүй – энэ нь тэдгээрийг бүрэн төвлөрөлтэй, бүрэн, зөв сэдэлтэй, өөрийн амьдралд аюулгүй зүг гаргах (аврал одуулах) гүнзгий, чин сэтгэлтэйгээр, энэ нь ямар утгатай болох талаар сайн ойлголттой байх, гэх зэргээр тэдгээрийг зөв зохистой хийх гэсэн утгатай. Энэ тийм хялбар биш, тийм байна биз?
100,000 удаа давтан хийх тэдгээр зүйлийг гүйцээснээр, “За, би гишүүний татвараа төллөө. Одоо сайн зүйлүүдийг нь хийж эхэлье” гэж бодох нь мөн нэг буруу ойлголт. Өөрөөр хэлбэл, ийм хандлага нь, тодорхой элсэлтийн хураамж төлөх ёстой болох адил, тэдгээр зэхэл бүтээлүүдэд дургүй байхтай бараг адил. Та ердөө тэдгээрийг давж гарахыг хүсэх ба тодорхой сөрөг чадамжуудыг арилган, тодорхой эерэг хүч бий болгох, тэдгээрт байх, тэдгээрээс гарах ач холбогдлыг үнэндээ ойлгоогүй байна – жишээ нь, Бурхан, Ном, Хуврагийн чуулганы үзүүлсэн эерэг аюулгүй зүгийг өөрийн амьдралд дахин дахин давтан гаргах байдлаар, “Энэ бол миний явж буй зүг” гэх, эвсэл бодь сэтгэлийг дахин дахин төрүүлэх. Ийм төрлийн зэхэл бүтээлүүд маш, маш тустай.
Сургаалын талаарх суурь ойлголтгүйгээр, нгондро зэхэл бүтээлүүдийг (дадлага) цагаас эрт хийж эхлэх
Мөн эдгээр нгондро зэхэл бүтээлүүдийн хувьд, тэдгээрийг бүр Бурханы шашны талаарх суурь ойлголттой болохоос өмнө, тэдгээрийг ердөө бидний нүглийг арилгах нэг арга гэж бодох, тэр нь үнэхээр тийм мэтээр бодож, хийх нь буруу ойлголт. Заримдаа, өрнөдөд, таныг нэг Номын төвийн багш дээр очиход, тэрээр танд ямар нэг сургаал айлдах эсвэл танд сургаалын талаар ямар нэг ойлголт төрөхөөс өмнө шууд танд “100,000 мөргөл хий!” гэж хэлэх тохиолдол гардаг. Үнэхээр гайхмаар зүйл нь зарим хүмүүс үүнийг үнэндээ хийдэг!
Тэгэхээр та өөрөөсөө “Тэд ямар учраас түүнийг хийдэг байх вэ?” гэж асууна. Энэ нь ихэвчлэн тэд яах учраа сайн мэдэхгүй байснаас, ямар нэг гайхалтай зүйл болно гэж бодсон байдаг. Эсвэл, нэг шашны бүлэгт орохын тулд, тэд өөрийн амьдралд хариуцлага хүлээхгүй болж, армид байдаг мэт, ердөө сайн багшийн үгийг дуулгавартай дагах ёстой мэт боддог. Багштай тогтоох харилцаа нь, асуултгүйгээр өгсөн үүргийг гүйцэтгэх, армийн тодорхой хариуцлагатай албан тушаалтантай тогтоодог харилцаатай адил гэж бодох нь буруу ойлголт.
Өөрийн асуудал хөндөх чадварыг ердөө алдахгүй байх нь маш чухал. Дээрхийн гэгээн Далай лам үүнийг үргэлж онцлон тэмдэглэдэг. Асуудал хөнддөг (англ. critical) бай. Энэ нь шүүмжлэх (англ. criticize) гэсэн утгатай биш, хэдийгээр эдгээр үгс англи хэлэнд төстэй сонсогдох хэдий ч. “Асуудал хөндөх” (англ. critical) гэдэг нь болж буй зүйлийг шалгах гэсэн утгатай. “Шүүмжлэх” (англ. criticize) гэдэг нь түрэмгий, сөрөг хандлага, дээрэнгүй байдлаар өөрийг хэн нэгнээс дээгүүр үзэх, “Би чамаас үнэхээр илүү сайн, чи туйлын муу” гэж бодох гэсэн утгатай. Тэгэхээр, хэрэв бид эдгээр нгондро бүтээлүүдийг (дадлага) хийх гэж байгаа бол бид Бурханы шашны суурь сургаалуудын талаарх сайн суурь ойлголттой байх, өөрийн хийж байгаа зүйлийг, яагаад түүнийг хийж байгааг ойлгосон байх нь чухал. Энэ нь нарийн, ээдрээтэй нэг дүрслэлийн деталиудыг зөвхөн мэдэх бус, харин бидний төрүүлэхийг хичээж байгаа сэтгэлийн төлөвийн талаар сайн мэдэж, өөрт суулгах гэсэн утгатай.
Тарнийн сургаалын бүтээлүүдийг (дадлага) цагаас эрт хийж эхлэх
Хэдийгээр бид тарнийн бүтээлийг (дадлага) нэг нгондро бүтээл (зэхэл бүтээл, дадлага) хийн эхэлсэн ч, тарнийн бүтээлийг (дадлага) цагаас эрт хийж эхэлж байгаа нь тарнийн сургаалын талаарх нэг том буруу ойлголтын илэрхийлэл байна. Жишээ нь, нгондро бүтээл (дадлага) буюу зэхэл бүтээлүүд (дадлага) дээр онцгой анхаарал тавих тэдгээр уламжлалуудад, сэтгэлийг Номд хандуулах дөрвөн ойлголтыг багтаасан, хоршсон (судар болон тарнийн сургаалын аль алинд байх) буюу нийтлэг нгондро бүтээл гэж байна. Энэ нь лам-рим (бодь мөрийн зэрэг) сургаалд багтах судлах зүйлтэй адил сургаалыг хамарна. Зөвхөн үүний дараа, мөргөл зэрэг нийтлэг бус, эс хоршсон зэхэл бүтээлүүдийг хийнэ. Эдгээр хоршсон зэхэл бүтээлүүдийг (лам-рим сургаалын суурь сургаалууд) алгасаж, эсвэл ач холбогдлыг нь бууруулан үзэж, эсвэл тэдгээрийг доогуур үнэлж, шууд мөргөл зэргийг хийж эхлэх нь мөргөл үйлдэх, 100-үет тарнийг тоолох гэх зэрэг бүтээлүүдэд хандах маш бодит бус хандлагад гол төлөв хөтөлнө. Хэсэг хугацааны дараа, та “Би чухам ямар учраас үүнийг хийж байна вэ? Зорилго нь чухам юу вэ?” гэж асууж эхэлнэ. Харин, хэрэв та өмнө нь, та сургаалд заах энэ, бас энэ, төрлийн зорилгод хүрэхийг хүсэж байгаа учраас эерэг хүч бий болгох, сөрөг чадамжуудыг арилгах (эсвэл наад зах нь тэдгээрийг багасгах) нь чухал болох талаар тодорхой түвшний, тодорхой ойлголттой болсон байвал, тэр үед зэхэл бүтээлүүд тодорхой хэмжээний утга агуулгатай болсон байна.
Энд асуудал нь зөвхөн нгондро бүтээлийг (дадлага) цагаас өмнө хийж эхлэх явдал бус тарнийн сургаалын бүтээлийг (дадлага) цагаас өмнө хийж эхлэх явдал байна. Энэ ямар учраас тийнхүү байнга тохиолддог вэ? Энэ нь тухайн бидний бүлэг тухайн нэг тарнийн сургаалын бүтээлийг (дадлага) хийхэд хараахан бэлэн болоогүй байсан ч, зочлон ирж байгаа багшаас авшиг (тарнийн сургаалын дадлага хийх эрх) хүртээхийг хүсдэг явдал байж болно. Эсвэл зочлон ирж буй багш нар нь хүрэлцэн ирж байгаа хүмүүс нь бэлэн болоогүй байгаа үед өөрсдөө авшиг хүртээдэг явдал байж болно. Тэгэхээр бид тарнийн сургаалыг хэт онцгойлон авч үзэх энэ буруу ойлголт болон тарнийн сургаалын бүтээлийн эрхийг ихэнх хүмүүст цагаас эрт өгөх явдалд ердөө хариуцлагатай ханддаггүй.
Бид ямар учраас авшиг хүртээх хүсэлт тавьдаг вэ? Олон шалтгаан байж болно. Бид түүнийг үнэхээр өндөр түвшний бүтээлийн эрх гэж бодож болно. Энэ жинхэнэ гол зүйл нь. Энэ гаднын, сонин зүйл. Эсвэл Номын төвийг удирдаж буй хүмүүс энэ нь илүү олон хүний сонирхлыг татна гэж бодож болох ба энэ нь тэд хангалттай мөнгө санхүү бүрдүүлэх гэсэн утгатай, ингэснээр үнэндээ зочлон ирж байгаа багшийн айлчлалын зардлыг төлж мөн төвд хандив хуримтлуулж болно. Тэгэхээр энэ нь санхүүгийн учир шалтгаантай байж болох ба ийм зүйл тохиолдож байгаа нь хамгийн тохиромжгүй.
Багш нар нь өөрсдөө “За яах вэ, тэд бүтээлийг (дадлага) хийхгүй, гэвч энэ тэдний ирээдүйн төрөлд боловсрох үр суулгана” гэж бодох байдлаар сэдэл төрүүлсэн байж болно. Гэвч, ихэнх өрнөдийн хүмүүс ирээдүйн төрлүүдэд итгэдэггүй, тэгэхээр энэ буруу ойлголт. Эсвэл багш нар өөрсдөө өрнөдийн хүмүүст тарнийн сургаалыг үр нөлөөтэй дадлага болгож чадах суурь байдаггүй талаар үнэндээ ойлгоогүй байдаг. Эсвэл тэдэнд өөрсдийн ард байх хийд, лам хуврагуудын ахуйд шаардагдах мөнгө санхүүг бүрдүүлэх үүрэг оногдсон байж болно.
Авшиг (тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийх эрх) хүртээхийг хүсэх эсвэл багш нь авшиг хүртээх саналыг санаачлах олон шалтгаан байж болно. Гэвч үргэлж зөвлөдөг зүйл нь, багш зочилж байгаа тохиолдолд тус багшаас суурь сургаалуудыг айлдахыг хүсэх явдал байдаг. Ингээд хэрэв бид илүү гүнзгий түвшний (тарнийн) сургаал айлдахыг хүссэн бол тэр үед бодь сэтгэл эсвэл хоосон чанарын талаарх судрын гүнзгий сургаалуудыг айлдахыг хүсэх хэрэгтэй.
Тарнийн сургаалын бүтээлийн (дадлага) хийх эрхийг цагаас эрт авсан гэж ойлгосон ч, бүтээлийг (дадлага) хийсээр байх ёстой гэж бодох нь
Олон хүмүүс тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийж эхлэхэд хангалттай бэлэн болохоос өмнө бүтээл (дадлага) хийх эрх авдаг нь үнэн. Гэвч зарим нь хэрэв тэд бүтээлийг хийхгүй бол тэд сайнгүй Бурханы шашинтнууд болж, тодорхой нэг тамын төрөлд төрнө гэж боддог. Ингээд бүтээлийг хийсээр байхыг хичээх боловч хийж байгаа зүйлийнхээ талаар эсвэл учир шалтгааных нь талаар бараг ямар ч ойлголтгүй байх ба удалгүй бүтээлдээ (дадлага) дургүйцэх хандлагатай болдог. Гэвч зовлонтой тус бүтээлийг (дадлага) хийсээр байх эсвэл тамд зовох нь үлдсэн сонголтууд гэж бодох нь буруу ойлголт.
Сэркон Ринбүүчи ийм хүмүүст маш тустай нэг зөвлөгөөг өгсөн байдаг. Тэрээр, ийм тохиолдлуудад, өөрийн эрх хүртсэн явдлыг өөрийн сэтгэлийн үргэлжлэлд үр дүн нь ирээдүйд гарах үр суулгасан гэж үзэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Өөрийг үнэнчээр шалгаснаар, та тухайн бүтээлүүдийг (дадлага) хийж эхлэхэд хараахан бэлэн болоогүй байгааг олж мэдэх үед сэтгэлдээ бүтээлүүдийг өндөр тавиур дээр түр тавилаа гэж бодох хэрэгтэй. Үүнийг, илүү сайн бэлтгэгдсэн үедээ бүтээлүүдийг тавиур дээрээс буулган авна гэсэн, бүрэн хүндэтгэлтэй, чин сэтгэлийн үүднээс хийгээрэй хэмээсэн.
Биологийн үйл явцыг, тэр дундаа, өөрийн бэлгийн хэрэгцээг даван гарахгүйгээр гэтлэхүй, гэгээрэлд хүрч болно гэж үзэх
Биологийн үйл явцыг, тэр дундаа, өөрийн бэлгийн хэрэгцээг давах ёстой болохгүйгээр гэтлэхүй, гэгээрэлд бид хүрч чадна гэж үзэх нь буруу ойлголт. Энэ үнэхээр хэцүү ойлголт. Тарнийн сургаалын бүтээлийн гүнзгий түвшинд дур болон бэлгийн харилцаанаас гарах энергийг арилгах үүднээс дур болон бэлгийн харилцаанаас гарах энергийг ашиглах боломжтой байдаг хэдий ч, энэ нь бид маш гүнзгий түвшинд хүрсэн байж, өөрийн нарийн энергийн системийг хянах үед зөвхөн боломжтой. Тарнийн сургаалын бүтээлийг гаднын, сонин бэлгийн харилцаа үйлдэх нэг арга гэж үзэх нь ихээхэн буруу ойлголт. Бид гэтлэхүйд хүрэхээр зорьж байгаа. Гэтлэхүй гэдэг нь бүхий л биологийн хэрэгцээ гэх мэт мөн чанартай, хяналтгүй гарах, физик (биет), ийм төрлийн биеийг хорих гэсэн утгатай. Бид гэтэлсэн эсвэл гэгээрсэн төрөлхтний төрлийн: гэрлээс бүтсэн, тэдгээр биологийн хэрэгцээний сул талуудын хязгаарлалтаас чөлөөлөгдсөн, биетэй болохыг зорьж байгаа. Гэвч, ихэнх тохиолдолд, бид Бурханы шашны бүтээлдээ (дадлага) бодит үнээс хямд үнэ хайж байдаг. Бид биеийн таашаалаас татгалзах ёстой болохгүйгээр, хямдаар гэтлэхүй, гэгээрэлд хүрэхийг хүсдэг. Энэ бол том буруу ойлголт.
Тарнийн сургаалын бүтээлийн (дадлага) хамгийн чухал хэсэг нь дүрслэлийн бүх деталиудыг зөв гаргах гэж үзэх
Мөн тарнийн сургаалын бүтээлийг (дадлага) хийж эхлэн, түүнийг хэрхэн хийх талаар заавар хүсэх үед, бүтээлд (дадлага) чухалчлах гол зүйл нь дүрслэл гэж үзэн, ингээд бүх жижиг деталиудыг зөв гаргах тухайд санаа зовох нь буруу ойлголт. Миний багш Сэркон Ринбүүчи өрнөдийнхний энэ буруу ойлголтын талаарх нэг жишээг хэрэглэдэг байсан. “Хүмүүс ирж, Ямандаг эсвэл Важрайогини бурханы дүрүүдэд хүй бий эсэх талаар асуудаг. Энэ их хөгтэй. Тэд эдгээр бүтээлүүдийн (дадлага) гол санааг орхигдуулж байдаг” гэдэг.
Тарнийн сургаалын дүрслэх бүтээлээр (дадлага) нэгэн-үзүүрт төвлөрөл төлөвшүүлэхийг хүсэх үед, та мэдээж бүх деталиудыг гаргах хэрэгтэй боловч, энэ нь эхэн үедээ таны төвлөрөх эсвэл онцгойлох зүйл биш байна. Таны төвлөрөх хэрэгтэй зүйл Богд Зонховын “мөрийн гурван эрхэм” гэдэг зүйл, тэдгээр нь өөрийг Жанрайсиг эсвэл Дарь эх гэх мэт нэг Бурханы-дүрд дүрслэх тарнийн сургаалын бүтээлтэй хэрхэн холбогдох талаарх суурь ойлголт байна.
- Магад гарах сэтгэл – чөлөөлөгдөх шийдвэр – өөрийн эгэл үзэгдэх байдалд (танин мэдэхүйн нэг хоромд, танин мэдэхүйд сэтгэлийн голограмм (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс) байдлаар хүртэгдэх танин мэдэхүйн нэг орон (зүйл)) итгэх явдал болон бид болон бусад бүх зүйл үнэн, өөрөө-бүтсэн оршихуйтай гэж үзэх үзлээс татгалзах.
- Бодь сэтгэл – бид гэгээрэлд хүрэхийг зорьж байна. Эдгээр Бурхадын-дүрүүд нь бидний хүрэхийг зорьж байгаа бидний өөрийн ирээдүйн гэгээрлүүдийг төлөөлнө. Тэгэхээр түүнд илүү түргэн хүрэхэд туслах үүднээс бид өөрийг тэнд одоо хүрсэн байна гэж төсөөлнө. Бодь сэтгэлгүйгээр, бид ямар учраас өөрийг энэ дүрд дүрслэн, хамаг амьтанд тус хүргэх тэдгээр бүх үйлүүдийг хийж байна гэж дүрслэх вэ? Бид бусдад туслах үүднээс дээрх адил байхыг хүснэ.
- Хоосон чанар – бид одоогийн бидний байгаа энэ байдлаар үнэхээр оршдоггүй бөгөөд бидэнд эдгээр дүрүүдийн илэрхийлэх зүйлтэй адил Бурхад болох чадамж байдаг гэдгийг ойлгоно. Гэвч бид мөн гэгээрэлд хүрэхийн тулд бид хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, бид хоосон чанар болон шалтгаан ба үр дагаврын харилцан үйлчлэл мөн шүтэн барилдлага эдгээр нь хоорондоо хэрхэн зохицдогийг ойлгоно. Бид үнэндээ өөрийг Дарь эх – эсвэл Клеопарта хэмээн бодож өөрсдийг хуурдаггүй.
Тэгэхээр, хэрэв бид тарнийн сургаалын талаар тайлбар хүсэх гэж байгаа бол тэдгээр нь ийм төрлийн түвшний сургаал байна гэсэн итгэлтэй байгаарай. Бидний онцгойлох хэрэгтэй зүйл нь: энэ бүх тарнийн сургаалын бүтээлийн (дадлага) гол зорилго юу байх, тус бүтээлээр (дадлага) бид юунд хүрэхээр хичээж буй явдал байна. Ийм учраас бидэнд тэдгээр бүх бэлтгэл өмнө нь хэрэгтэй байдаг, зөвхөн дүрслэлийн нарийн деталиуд бус: Бурханы-дүрийн тэдгээр чимэг хэрхэн харагдах гэх мэт зүйлс. Хэдийгээр тэдгээр чимэг хэрхэн харагдах талаар тайлбар байдаг ч, үүнийг онцлох шаардлагагүй, ялангуяа бүтээлийн (дадлага) анх хийж эхэлж байгаа эхэн үед.
2004 онд Канад улсын Торонто хотод, Дээрхийн гэгээн Далай лам Калачакра бурханы авшиг хүртээх үеэрээ Нагаржуна гэгээний хоосон чанарын талаарх бүтээлүүдийн нэг “Ялгах ухаан (билиг)” хэмээх Төв үзлийн талаарх үндсэн шүлэглэл (Дундад үндсэн билгийг шүлэглэсэн) зохиолоос авшгийн бэлтгэл болгон гурван өдрийн турш тайлбар айлдсан нь их сонирхолтой байдаг. Дараа нь тэрээр авшгийг хүртээсэн. Авшигт хоосон чанарын талаарх айлдварт ирсэн хүмүүсээс илүү олон тооны хүмүүс хүрэлцэн ирсэн нь маш илэрхий байсан. Дээрхийн гэгээн чуулсан хүмүүст, тэрээр зөвхөн Нагаржуна гэгээний сургаалын тайлбарт хүрэлцэн ирж, авшигт суугаагүй тэдгээр хүмүүст, үүний эсрэгээр, тэдгээр суурь сургаалыг алгасан, зөвхөн авшигт хүрэлцэн ирсэн хүмүүсээс илүүтэй талархаж байна хэмээн айлдсан. Энэ бидэнд их зүйлийг хэлж байна.
Бурхадын-дүрүүдийг бидний адис хүсэн залбирах гэгээнтнүүдээр үзэх нь
Бурхадын-дүрүүдийг, идам бурхадыг (бясалгалын бурхад) бидний тусламж хүсэн залбирах гэгээнтнүүдээр: Гэгээн Дарь эх, Гэгээн Жанрайсиг гэх мэтээр харан, шүтэх нь тарнийн сургаалын тухайд гарах өөр нэг буруу ойлголт. Энэ буруу ойлголт зөвхөн өрнөдийнхнөөр хязгаарлагддаггүй. Уламжлалт Бурханы шашинтай олон хүмүүс бас ийм байдлаар авч үзэх боловч энэ нь Христийн шашны гэгээнтнүүдийн адил биш байна. Эдгээр Бурхадын-дүрүүд нь Бурхад болон дамжлагын багш нарын бидэнд өгч болдог адил урам өгч (адисалж) болно, гэвч бид гэгээрэхийн тулд өөрсдөө гол хөдөлмөрийг хийх хэрэгтэй.
Энэ буруу ойлголтын зарим хэсэг нь олон өөр багш нар болон Бурхадын-дүрүүдэд хүсэлт тавих ерөөлүүдийн орчуулгын асуудлаас гарна. Юуны өмнө, “залбирал” (англ. prayer) (ерөөл) гэдэг үг Эзэн тэнгэрт залбирах гэсэн утгыг бидэнд өгнө: “Эзэн тэнгэр минь, миний залбирлыг биелүүлнэ үү” гэсэн утга бүхий. Эсвэл энэ нь нэг гэгээнтэнд Эзэн тэнгэрт зуучлах зуучлагчаар залбирснаар Эзэн тэнгэр ямар нэг зүйлийг надад биелүүлж өгнө гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нь Христийн шашнаас оруулж ирсэн ойлголт бөгөөд, Бурханы шашны нөхцөлд тохирохгүй.
“Залбирал” (англ. pryaers) (ерөөл) гэж нэрлэгдэх тэдгээр зүйлд бидний хүсдэг зүйл нь төвөд хэлэнд чин-ги-лаб (byin-gyis rlabs) гэдэг зүйл байх ба үүнийг гол төлөв “адистид” (англ. blessings) гэж орчуулна. Орчуулгаар бол, бидэнд хэрэгтэй зүйл нь тэдгээр дүрүүд хүрэлцэн ирж, биднийг адислан (англ. bless us) , ингэснээр, гэнэт бидэнд бүх эрдэм (ойлголт) төрөх мэт “Үүнийг хийхэд намайг адисал (англ. bless me), түүнийг хийхэд намайг адисал (англ. bless me)” гэж хүсэх явдал байна. Энэ Бурханы шашин биш.
Тус үгийг “адистид” (англ. blessings) гэдэг үгээр орчуулах нь тус үгийн бодит утгаас маш өөр, буруу ойлголт төрүүлэхүйц утга гаргана. Төвөд үгийн үгчилсэн утга нь өргөх, гэрэлтүүлэх гэсэн утгатай байдаг. Эх санскрит үг, адхистхана, гэдэг нь хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг өндөр байранд тавих, өргөх гэсэн утгатай. Миний бие энэ үгийг “урам өгөх” (англ. inspire) гэдэг үгээр орчуулахыг илүүд үздэг. Бид Бурхан, багш нар, Бурхадын-дүрүүдээс бидэнд энэ эсвэл тэр эрдэмд (ойлголт) хүрэхэд урам өгөхийг хүснэ. Гэвч эдгээр дүрүүд, тэдгээрийн өөрийн зүгээс, тэдгээрийн өөрийн хүчээр, бидэнд бидний хүслийг биелүүлж өгч, бидэнд бүх зүйлийг хийн өгч чадахгүй ба бидний хийх ёстой зүйл нь тэдэнд захирагдах явдал биш байна. Энэ нь мөн нэг оруулга ойлголт, өрнөдийн нэг санаа эсвэл концептыг (ойлголт) Бурханы шашны санаа, ойлголт болгож буй явдал. Гол онцлох зүйл нь үргэлж бид өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй байх явдал байна. Бурхад, багш нар бидэнд урам өгч, бидэнд сургаал айлдаж, биднийг чиглүүлнэ, гэвч тэд бидний өмнөөс хөдөлмөрлөж чадахгүй. Бид өөрсдөө (сургаалыг) ойлгох ёстой болно.
Сахиусуудын талаарх буруу ойлголтууд
Дээрхтэй адил, сахиусуудын бүтээлийг (дадлага) хэт онцгойлох нь буруу ойлголт. Энэ нь долоо хоног бүр эсвэл сар бүр бүлгээрээ сахиусны хурал хурдаг (ерөөл өргөдөг) Номын төвүүдэд гол төлөв тохиолдоно. Бүр эхлэн суралцагчдыг, хийж байгаа зүйлийнхээ талаар багахан ч гэсэн ойлголтгүй байх үед, тэднийг нийтээр унших уншлагад оролцохыг урина. Энэ нөхцөлд орсон хүмүүс сахиусуудыг (сахих, хамгаалах гэдэг тус үгийн утгаар) тэднийг бүх саад, аюулуудаас хамгаалах зүйл гэж үзнэ. Тэд, бид аврал болон үйлийн үрийн үүднээс, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг умартана эсвэл хэзээ ч ердөө ойлгохгүй.
Авралын хувьд, бид хойдын доод төрлүүдээс зайлсхийх үүднээс Бурхан, Ном, Хуврагийн чуулганы үзүүлсэн аюулгүй зүгт явна. Энэ бол лам-рим сургаалд үзүүлэх бага төрөлхтний сэдэл. Хойдын доод төрлүүдээс зайлсхийхийн тулд бид сахиусанд ханддаггүй. Сургаалын хаана ч ингэж өгүүлдэггүй, тийм биз дээ? Үүний тулд бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганд ханддаг, гэвч тэд биднийг аврах гэдэг үүднээс биднийг хамгаалахгүй. Тэд бидэнд тэдгээр маш муу төрлүүдээс зайлсхийхийн тулд юу хийх талаар айлдах ба тэр үед бид өөрсдөө түүнийг хийх ёстой болно. Тэд жишээ үзүүлнэ. Харин үйлийн үрийн хувьд, бид сөрөг зан байдлаас зайлсхийх байдлаар доод төрлүүдээс өөрсдийгөө хамгаална.
Бурхан, Ном, Хуврагийн чуулганы тэр аюулгүй зүгт явна гэдэг нь юу гэсэн утга илэрхийлэх вэ? Аюулгүй зүг гэдэг нь юуны өмнө Номоор илэрхийлэгдэнэ, тухайлбал, хамгийн гүнзгий Ном эрдэнэ, энэ нь Хутагтын гурав болон дөрөвдөх үнэнтэй холбогдоно. Хутагтын гуравдах үнэн нь зовлонгийн шалтгаануудыг жинхэнэ зогсоох бөгөөд түүгээр зовлонгийн жинхэнэ хорихуй (хорихуй үнэн) гарна (зовлон жинхэнэ зогсоно). Хутагтын дөрөвдөх үнэн нь жинхэнэ мөр (мөр үнэн) буюу тэр жинхэнэ хорихуйд (хорихуй үнэнд) хүргэх зам мөрийн сэтгэл, тухайлбал, хоосон чанарын тухай ойлголт, мөн түүнээс гарах үнэн ойлголт байна. Эдгээр хоёр үнэн нь Бурхадын сэтгэлийн үргэлжлэлд бүрэн, харин Арьяа хуврагуудын сэтгэлийн үргэлжлэлд тодорхой хэмжээгээр оршино. Энэ бол тэдэн шиг болох, тэдний хүрсэн зүйлд хүрэхээр бидний явж байгаа зүг. Үүнийг хийвэл бид өөрсдийгөө зовлонгоос хамгаална. Ном (Дхарма) гэдэг санскрит үг нь дхр гэдэг (үгийн) үндсээс гаралтай бөгөөд энэ нь хийхгүй байх гэсэн утгатай. Ном гэдэг нь биднийг ямар нэг зүйл хийлгэхгүй байх бидний авах сэргийлэх аргуудыг илэрхийлэх бөгөөд ингэснээр бид зовлонгоос зайлсхийнэ.
Сахиусууд үүнийг бидэнд хийж өгч чадахгүй. Сахиус нь (сургаалын) гол бүтээлүүд (дадлага) дэх нэмэлт адил. Үнэндээ, сахиусуудыг авч үзэх олон хэлбэрүүд байна. Сэркон Ринбүүчи тэдгээрийг том биетэй, догшин ноход мэтээр дүрсэлдэг байсан. Тэрээр хэрэв та нэг Бурханы-дүрээр хот мандалын төвд байгаа бол, тухайлбал, Ямандаг бурханы хүчтэй, догшин дүрээр, танд өөрийн хот мандалдаа дуудан, өөрт үйлчлүүлэхээр захирах эдгээр сахиусуудыг хянах хүч байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Жишээ нь, хэдийгээр та хүрээний үүдний дэргэд байж, дээрэмчдийг хөөж болох ч, та түүнийг танд хийж өгөх нэг нохой авч болох үед та түүнийг яагаад хийнэ гэж? Гэвч та эзэн нь байх ёстой; та хянах ёстой. Тэгэхээр бид сахиусыг өөрт тусалж байгаагаар үзэж байсан ч, саад учруулагчид, дээрэмчид зэргийг хөөх тухайд, бид түүнийг бүхэлд нь угтаа хянаж байх хэрэгтэй байдаг.
Хэрэв бид сахиусуудыг бодит төрөлхтнөөр авч үзэж байвал – лус гэх мэт – төвөдүүд ингэж авч үзнэ, тэд бидэнд туслах цорын ганц хэлбэр нь бидний өөрийн үйлийн чадамж боловсрох нөхцөлийг бий болгох явдал байна. Хэрэв бид боловсрон гарах үйлийн чадамжийг бий болгоогүй бол сахиусуудын хийж чадах зүйл тус болохгүй. Энэ нь бид Манал бурханы хурал, насны (урт нас) хурлуудыг (ерөөл) хурах үеийн механизмтай адил байна. Тэдгээр нь бидний бие сайжрах шалтгаанууд биш, тэдгээр нь ердөө бидний өөрийн эерэг үйлийн чадамж боловсрох нэг нөхцөл байна. Сахиусуудтай холбоотой зарим тохиолдолд, үүнд бага зэрэг өөр механизм оролцоно. Тэдний тус бидний сөрөг үйлийн чадамж маш ялимгүй, бага хэлбэрээр боловсрох нөхцөл олгох байдлаар ирж болно, ингэснээр тэр нь ирээдүйн амжилтыг үгүй болгох, ирээдүйд бидэнд тохиолдож болох илүү ноцтой саадуудыг шатаана (арилгана). Сахиусны зан үйлүүд олон хэлбэрээр нөлөө үзүүлж болно.
Гэвч энд буруу ойлголт нь, сахиусны бүтээлүүдийг (дадлага) хэт онцгойлон, Бурхан, Ном, Хуврагийн чуулганаас илүүтэйгээр тэдгээрийг өөрийн гол анхаарал болгох явдал байна. Энэ үед сахиусны бүтээл нь тодорхой лус савдагуудыг шүтэх шүтлэг болох аюул гарна. Үүнээс олон асуудлууд гарч болно, төвөдүүдийн дунд гараад байгаа маргаантай тэрхүү сахиусны асуудлаас харагддаг тэр адил. Тэгэхээр бид энэ тал дээр үнэхээр болгоомжтой байх хэрэгтэй.
Номын төвүүд өдөр бүр, долоо хоног бүр, эсвэл сар бүр, хэн хүссэн хүн хүрэлцэн ирж оролцож болох, ялангуяа, шинэ хүмүүс хүрэлцэн ирж болох байдлаар, олон нийтэд нээлттэйгээр, сахиусны бүтээл үйлдэх (хурал, ерөөл хурах) нь тийм ухаалаг зүйл биш гэж би боддог. Ялангуяа, тэдгээр сахиусны хурлын уншлага нь таны өөрийн хэл дээр орчуулагдан уншигдаж байвал, тэдгээр нь нэлээд хүнд байна – “миний дайсныг бут цохино уу” гэх мэт. Эдгээр нь буруу ойлголтыг хялбар төрүүлж болно.
Авшгийн (тарнийн сургаалын бүтээл (дадлага) үйлдэх эрх) талаарх буруу ойлголтууд
Тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийх эрхийг өмнө нь багшийг эсвэл бүтээлийг судалж үзэхгүйгээр мөн бүтээлийг (дадлага) хийх цаашдын санаагүйгээр авах
Тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийх эрхийн хувьд, тарнийн сургаал хийх эрхийг өмнө нь багшийг эсвэл бүтээлийг (дадлага) судалж үзэхгүйгээр авах нь буруу ойлголт. Хэдий бид тэдгээрийг судалж үзсэн ч, тарнийн сургаалын тухайн системийг (бясалгалын бурханы бүтээл (дадлага)), үнэндээ дараа нь дадлага болгох цаашдын санаагүйгээр, түүний бүтээл (дадлага) хийх эрхийг авах нь буруу ойлголт. Авшиг хүртэхийн зорилго нь өөрийн Бурханлаг-чанарын хүчин зүйлүүдийг идэвхжүүлэх, хүчитгэх, нэмэгдүүлэх явдал бөгөөд ингэснээр тухайн тарнийн сургаалын системийн бүтээлийг (дадлага) (тухайн бясалгалын бурханы бүтээл) хийж чадах явдал байна. Энэ нь түүний бүхэл зорилго. “Бидний “Бурханлаг-чанарын хүчин зүйлүүд” гэдэг нь бүрэн төлөвших үедээ бидэнд өөрсдөө Бурхад болох боломжийг олгох биднийг чадамжуудыг илэрхийлнэ. Авшгийн ёслолын үеэр хийх тэдгээр олон төрлийн зан үйлүүд болон дүрслэлүүд нь бидний Бурханлаг-чанарын чадамж бүхий үрийг идэвхжүүлэн, илүү их үр суулган, ингэснээр бид тодорхой нэг бүтээлийг (дадлага) хийж эхэлж болно. Үнэндээ, энэ нь тус бүтээлийг (дадлага) хийж эхлэх эрх.
Үүнийг буруу ойлгосон үед бид ямарваа нэг багшийн хүртээж буй ямарваа нэг бүтээлийн (дадлага) авшгийг, “адистид” хүртэхээр эсвэл бүлгийн нөлөөгөөр хавтгайруулан хүртэнэ. Гэвч авшиг, эрх хүртэх нь нухацтай асуудал. Багшийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй, “Би тус багшийг өөрийн тарнийн сургаалын багш болгож, түүнтэй багш, шавийн барилдлага тогтоохыг хүсэж байна уу?” Бидний ихэнхэд энэ үнэндээ юу гэсэн утгатай болох талаар ямар ч ойлголт байдаггүй. “Би өөр бусад бясалгалын бурханы бүтээлээс (дадлага) илүүтэй энэ бясалгалын бурханы бүтээлийг (дадлага) хийхийг хүсэж байна уу?” Би тус бясалгалын бурханы өдөр тутмын бүтээлийг (дадлага) одооноос хийж эхлэхийг үнэхээр хүсэж байна уу? Хэрэв шууд одоо биш бол, түүнийг хожим хийхээр үнэхээр зорьж байна уу?”
Мэдээж бид авшигт хүн судлалын нэг эрдэмтэн эдгээр нууцлаг хүмүүс гаднын энэ зан үйлд чухам юу хийдгийг мэдэхээр оролцох мэт, түүнийг хүн судлалын ухааны нэг үйл явдал болгон түүнд оролцож болно. Дээрхийн гэгээн Далай лам хэрэв та авшигт түүний нэрлэдэгчлэн нэг төвийг сахисан ажиглагчаар оролцох гэж байгаа бол үүнд асуудал байхгүй гэдэг. Гэвч бид ямар учраас авшигт сууж байгаа талаар бодолцохгүйгээр, харанхуйгаар түүнд оролцох нь авшгийн үйл явцыг буруу ойлгох аюулд хүргэнэ.
Авшигт ердөө “адистид” хүртэхээр оролцох үед сахилууд болон бүтээлийн амласан үүргүүдийг хүртсэн гэж бодох
Бид авшигт түүнийг хүн судлалын ухааны нэг үйл явдал болгон түүнд оролцож, эсвэл адистид хүртэхээр, эсвэл бүлгийн нөлөөгөөр түүнд сууж, сахилуудыг болон бүтээлийн амласан үүргүүдийг, ердөө авшигт байлцсанаар хүртлээ гэж бодох юм бол энэ нь өөр нэг буруу ойлголт болно. Та сахилуудыг мэдэж, тэдгээрийг авах хүсэлтэйгээр авсан үед л, сахилуудыг хүртсэн байна. Авшигт ердөө байлцах нь та сахилуудыг эсвэл авшгийг хүртсэн гэсэн үг биш. Төвөдүүд нохойгоо авшигт авчирдаг. Энэ нь тэдгээр ноход сахил хүртэж, одоо тус бясалгалын бурханы бүтээлийг (дадлага) хийх эрхтэй болсон гэсэн үг биш. Гэвч бид авшигт нэг нохойн адилаар оролцохыг хүснэ гэж үү? Энэ гол санаа. Эсвэл түүнийг сэргээх бэлдмэл мэт, сэтгэлийг сэргээнэ гэж бодож түүнд суухыг хүсдэг үү?
Сахилуудыг хүртэж, тэдгээрийг баримтлахгүйгээр авшиг авч, тухайн бясалгалын бурханы бүтээлийг (дадлага) хийж болно гэж бодох
Нөгөө талаар, бид сахилуудыг авч, тэдгээрийг баримтлахгүйгээр авшиг хүртэн, тухайн бясалгалын бурханы бүтээлийг (дадлага) хийж эхэлж болно гэж бодох нь мөн нэг буруу ойлголт. Авшгийн хамгийн чухал талуудын нэг нь сахилууд. Олон эх зохиолуудад энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг: “Сахилуудгүйгээр авшиг гэж байхгүй.” Багаар бодоход л, цогчэн сургаалыг багтаасан, тарнийн бүх ёсны, бүх авшгуудад, бодьсадвын сахилууд багтана.
Богд Зонхов болон Атиша гэгээн нар бодьсадвын сахилууд нь тодорхой ёс зүйн ерөнхий суурийг шаардана гэж онцлон тэмдэглэсэн. Иймд бидэнд хувь хүний гэтлэхүйн сахилуудын (хяналтгүй гарах дахин төрлөөс гэтлэх суурь болох хувь хүний ёс зүйн сахилга бат) тодорхой түвшин хэрэгтэй, энэ нь ердөө гэргийтний сахилууд байж болно. Бид гэргийтний таван сахил бүгдийг авах шаардлага байхгүй – амь таслах, хулгай хийх, худал хэлэх, зохисгүй бэлгийн харилцаанд орох, мансууруулах зүйл, тодруулбал, архи хэрэглэхийг тэвчих. Бид эдгээрээс хэдийг ч авч болно, бүр ердөө нэг сахил хүртэж болно. Цаашлаад, хэрэв бид, йога тантра (Йогийн тарни) болон ануттарайога тантра (Ханьцашгүй дээд тарни) гэсэн тарнийн ёсны дээд хоёр ёсны тарнийн авшиг хүртэх гэж байгаа бол бид тарнийн сургаалын сахилуудыг авах хэрэгтэй болно. Энэ маш чухал. Бид эдгээр бүх бүлэг сахилуудыг сахиж чадах эсвэл үгүй эсэхийг өмнө нь шалгах байдлаар, тэдгээрийг маш нухацтай авах хэрэгтэй.
Авшгийг бага хэмжээний бүтээлийн амласан үүрэгтэйгээр, хямд үнээр авч болно гэж бодох
Хэрэв авшгийн хамт бүтээлийн амласан үүрэг дагалдаж байвал, түүнийг бага болгохоор, Ориентал зах дээр, нэг худалдагчаас хямд үнээр бараа авахаар үнэ тохиролцож байгаатай адил, багштай үнэ тохиролцож болно гэж бодох нь буруу ойлголт. Миний бие, өрнөдийнхөн тийнхүү бодож байгаатай заримдаа таарч байсан. Дээрхийн гэгээн Далай лам Дарамсалад авшиг хүртээх үед, бүтээлийн амласан үүрэг нь ихэвчлэн тус бүтээлийг (дадлага) амьдралынхаа туршид өдөр бүр хийх үүрэг байдаг. Өрнөдийнхөн авшигт суухыг хүсэх боловч, тэд бүтээлийн амласан үүрэг дээр тохиролцохыг хичээдэг, “Бид их завгүй амьдралтай; бид үүнийг үнэхээр хийх ёстой юу? Бид завтай үедээ, ердөө заримдаа хийж болох уу?” гэх байдлаар. Тэд авшгийг хямд үнэхээр авахыг хичээнэ. Дээрхийн гэгээн бүр хэд хэдэн түвшний бүтээлийн амласан үүрэг гаргаж өгч байсан ч, олон өрнөдийнхөн бүтээлийн амласан үүргийг хамгийн багаар, нэг хямд үнээр авахыг хүссээр байдаг.
Ялангуяа, тарнийн сургаалын бүтээлийн (дадлага) талаар заавар зөвлөмж, сургаал хүлээн авахыг хүсэх үед, үүний гол санаа нь, бид бүтээл (дадлага) хийхийг хүссэн явдал байна. Бид үүнийг нухацтай авч үзсэн байна. Үгүй бол, бид ямар учраас сургаал хүснэ гэж? Ердөө сонирхсон уу? Гол санаа нь ийм байдаггүй. Эдгээр сургаалууд эрхэм, та бүтээлийг (дадлага) хийхийг үнэхээр хүссэн суурин дээр түүнийг судалж, тийнхүү хийх зөв сэдэлтэй байх, тийм нандин зүйл байх ёстой. Энэ нь тарнийн сургаалын бүтээлийн (дадлага) талаар интернэтэд бэлэн байршуулж мөн тэдгээрийн талаар ном бэлэн гаргах болсон энэ үед мэдээж нэг хэцүү асуудал болоод байгаа. Ийм учраас, Дээрхийн гэгээн Далай лам нэгэнт тарнийн сургаалын талаар үнэхээр их мэдээлэл олон нийтэд хүртээмжтэй болж, тэдгээрийн ихэнх нь буруу мэдээлэл байх болсон энэ үед, тэдэнд зөв мэдээлэл очих нь илүү дээр гэж хэлдэг.
Дээрхийн гэгээний хошигнодогчлон, “Тамд буруу ойлголттой төрснөөс зөв ойлголттой төрөх нь дээр. Зөв ойлголтоор та түүнээс хамаагүй хурдан гарна.” Үүнийг шууд утгаар нь эсвэл хошигнол болгон хүлээн авах хоёрын аль нь болохыг миний бие сайн мэдэхгүй байгаа ч, энэ нь бодох хэрэгтэй нэг зүйлийг бидэнд хэлж өгч байгаа болов уу. Гэвч мэдээллүүдийг ном мөн интернэтээс шууд авч үзэх боломжтой болсон нь бүтээлүүдийг хийхгүй байх шалтаг болохгүй. Хэрэв бид авшиг хүртэж, бүтээлүүдийн (дадлага) талаар тайлбар сонсож байгаа бол бид бүтээлүүдийг хийх амласан үүргийг нухацтай авч үзэх хэрэгтэй.
Бүтээлийг (дадлага) өдөр тутам хийх амласан үүрэг авсан үед, өдөр алгасаж болно гэж бодох, эсвэл бүтээлийг (дадлага) өдөр тутам хийх амласан үүргүүдийг хэт олноор авах
Хэрэв бидний авсан авшигт өдөр бүр уншлага унших бүтээл (дадлага) хийх амласан үүрэг дагалдсан бол үүнийг нухацтай авч үзэхгүй байж, “Уншлагыг уншмаар санагдсан үедээ л уншъя” гэх мэтээр түүнийг унших сэтгэл төрөхгүй байх үед уншихгүйгээр өдөр алгасаж болно гэж бодох нь буруу ойлголт. Эсвэл хийж чадах эсэхээ бодитойгоор тооцож үзэхгүйгээр, амьдралынхаа туршид өдөр бүр хийх хэт олон бүтээлийн (дадлага) амласан үүргүүд авах нь буруу.
Энэ нь 70-аад онд Энэтхэгт гарч байсан нэг маш нийтлэг буруу ойлголт. Тэдгээр өдрүүдэд бүтээл хийх амласан бүрэн үүрэгтэй, бүрэн авшгуудыг (тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийх эрх) олноор хүртээж байсан бөгөөд өрнөдийнхөн бид тэдгээрийг бас хүртсэн. Бид тэдгээр авшгуудыг хүртэж, тэдгээр амласан үүргүүдийг үргэлж гүйцэтгэж чадна гэж бодож, тэдгээр үүргүүдийг авсан. Гэвч, ердөө арван жилийн дараагаар эргэн харах үед – хорь, гуч, дөчин жилийн дараа биш – хэдэн хүн үнэндээ тэдгээрийг сахиж, тэдгээрийг хийсээр ирсэн байгаа бол? Ердөө хэдхэн хүн байгаа болов уу. Бүр тэдгээр үүргүүдийг авснаас хойш ердөө хэдэн өдрийн дараагаар, олон хүмүүст тэдгээр өдөр тутмын бүтээлийг (дадлага, уншлага) хийх үнэхээр хэцүү болж ирсэн. Тэд өглөөгүүр маш завгүй байна гэж хэлж байсан. “Миний хувьд бүтээлийг (дадлага) өглөө хийх нь тохиромжгүй байна.” Ингэж бодоод, тэд түүнийг үдэш хийхээр үлдээнэ, үдэш тэдэнд бүтээлийг (уншлага, дадлага) хийх хоёр эсвэл гурван цаг байдаг. Гэвч тэд үнэхээр ядран, бүтээлийг (уншлага, дадлага) унших зуураа зүүрмэглэнэ. Тэд суугаагаараа унтаж, цочин сэрэх байдлаар, бүтээлийг дуусгах гэсээр шөнийн хагасыг өнгөрөөдөг байсан. Тэдний тарнийн сургаалын бүтээл нэг зовлонтой зүйл болох болсон. Энэ нэг том асуудал.
Хэрэв та бүтээл (дадлага) хийх амласан үүргүүдийг авах гэж байгаа бол та үнэндээ юуг үнэхээр хийж чадах талаараа бодит хандлагатай байх хэрэгтэй. Бүтээлийн тэдгээр амласан үүргүүд амаргүй, тэдгээрийг өөрийн амьдралын турш өдөр бүр хийхээр амладаг. Та ямар учраас өөрийн амьдралын турш, өдөр бүр нэг зүйлийг хийхээр амлалт өгөхийг хүснэ гэж? Цорын ганц шалтгаан нь та гэтлэхүй (хяналтгүй гарах дахин төрлийг зогсоох), гэгээрэлд хүрэхээр үнэхээр чин сэтгэлээс зорьсон байх ба та тарнийн сургаалын суурь аргыг ойлгож, хэрэв та түүнийг зөв дадлага болговол, энэ нь таныг тэнд хүргэнэ гэсэн итгэлтэй болсон байх явдал. Энэ маш чухал.
Дээрхийн гэгээн хэрэв та тарнийн сургаалын бүтээл (дадлага) хийх гэж байгаа бол энэ нь тарнийн сургаал юуны талаар өгүүлдэг талаар ойлгож, арга нь үр нөлөөтэй гэсэн итгэлтэй байх дээр суурилах хэрэгтэй гэж үргэлж онцлон тэмдэглэдэг. Үгүй бол та ямар учраас түүнийг хийнэ гэж? Ялангуяа, хэрэв та энэ нь ердөө зарим ер бусын дүрслэл хийх болон зарим тарни уншихыг багтаана гэж бодох юм бол, хэсэг хугацааны дараа энэ танд утгагүй санагдаж та үүнийг орхино: “Би ямар учраас үүнийг хийж байна вэ?” гэнэ. Тэгэхээр, бид тэдгээр амласан үүргүүдийг биелүүлж үнэндээ чадах эсэх талаар бодолцох нь үнэхээр чухал.
Тарнийн сургаалын бүтээлийг (дадлага) ердөө нэг зан үйлийн уншлага, тарниуд унших явдал гэж бодох
Эцэст нь, тарнийн сургаалын бүтээлийг (дадлага) ердөө нэг зан үйл болох уншлага эсвэл ердөө нэг тарни унших явдал гэж бодох нь буруу ойлголт. Бодь сэтгэл болон хоосон чанарын талаар хүчтэй бясалгах бясалгалгүйгээр, бид ердөө “хий дэмий үгс” унших ба хэдийгээр бид дүрслэхийг хичээх боловч, дүрслэл нь хэтэрхий ярвигтай тул, ихэнх тохиолдолд бид дүрсэлж чаддаггүй. Ингээд бид бүтээлүүдийн хамгийн хялбар хувилбаруудыг хийхийг хүсэж, түүний суурин дээр ямар нэг зүйл үнэхээр болно гэж бодно. Ихэнх тохиолдолд бидний бүтээл бүх сургаалуудыг нэгтгэх нэг үр нөлөөтэй арга үнэхээр болохгүйгээр, ердөө нэг Уран дүрслэлийн оронд амрах амралт болдог.
Тарнийн сургаалын бүтээл (дадлага) нь бүх сургаалыг нэгтгэх хэлбэр. Жишээ нь, уншлагын бичвэрт, нэг хэсэг дээр, та цаглашгүй дөрвөн сэтгэлийг (хандлага) төрүүлэх бол; өөр нэг хэсэгт, аюулгүй зүгийг (аврал) тодорхойлж; энэ хэсэгт, бодь сэтгэлийг төрүүлж; тэр хэсэгт, сахилуудыг бататгаж; өөр нэг тэр хэсэгт, та хоосон чанарын талаар бясалгал хийнэ. Бичвэрийн өөр өөр хэсгүүдэд, та сургаалын өөр өөр ойлголтуудын талаар бодно. Хэрэв та өмнө нь ойлголт төрүүлэх аргуудыг дадлага болгоогүй бол уншлагад хэдэн үг гарч ирэх үед та хэрхэх вэ? “Би одоо хоосон чанарын ойлголттой боллоо” гэх үү. Та тэр үед ердөө үгсийг уншиж байна. Гэвч ердөө үгсийг унших нь ямар ч өөрчлөлт гаргахгүй. Ийм учраас, тарнийн сургаалын бүтээл (дадлага) нь асар их хэмжээний суурь болох мэдлэг, бүтээлийг (дадлага) шаарддаг. Үүнийг, тодорхой хэсэг уншлагаар, ердөө “хий дэмий үгс” хэлэх гэж бодох нь буруу ойлголт – ямар ч болов, анхаарал сарних байдлаар, энэ нь ихэнх тохиолдолд тийм зүйл болдог.
Дүгнэлт
Тарнийн сургаалын талаар олон буруу ойлголт байдаг нь илэрхий байдаг. Зарим нь тарнийн сургаалыг хэрхэн сурталчилдаг тэр байдлаас, зарим нь бидний өөрийн хүслээс гарна: бид бүгд гэгээрэлд хүрэх хурдан, хялбар нэг аргад дурлана. Бид тарнийн сургаалыг хэрхэн дадлага болгодог бодит байдлыг ойлгосон үед, бид эхэнд гарах бэрхшээлээс шантрахгүйгээр, бүтээлээ (дадлага) хийсээр байж, алгуур ахиц гаргана.