Тарнийн бүтээлийн суурь
Дандар нь гэгээрэлд хүрэх Их хөлгөний гүнзгий түвшний бүтээл юм. Энэ бүтээлийг бодь мөрийн зэргийн сургаалд багтсан байдаг тэр адилын судрын бүх бүтээлүүдийн баттай суурин дээр бүтээдэг. Голлох чухал сэдвүүд нь:
- Аюулгүй зам мөр (аврал)
- Бүхий л зовлон хийгээд зовлонгийн шалтаанаас ангижрах шийдвэр (магад гарах сэтгэл)
- Хатуу чанд ёс зүйн сахилга бат
- Бодь сэтгэл (хамаг амьтны тусад гэгээрлийн хутагт хүрэх)
- Зургаан чанадад хүрэхүй (чанадад хүрэх хандлагууд, парамита) тэр дундаас
- Төвлөрөл
- Хоосон чанарыг таньсан билиг ухаан (хоосон чанар)
Хэрэв бүтээл хийж байгаа хүн нь энэ бүхнийг судалж, баттай сайн суралцан, дэлгэр зэхэл бүтээлүүдийг (бумш) хийж гүйцээсэн бол тарнийн бүтээлд ороход бэлэн гэсэн үг. Зэхэл бүтээлүүд нь бүтээл амжилттай байхад нөлөөлөх эерэг хүч хурааж, сөрөг чадамжуудыг арилгахад маш чухал тустай. Бүтээл үйлдэгчийн энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэл нь үнэхээр хүчтэй байж, дан ганц судрын аргаар гэгээрэлд хүрэх асар их хугацааг хүлээж тэвчдэггүй учраас тарнийн бүтээл хийхээр зорьдог. Дандар нь судрын бүх бүтээлийг маш үр дүнтэй, цогц хэлбэрээр бүтээх арга юм.
“Дандар” хэмээх үгийн утга
“Дандар” (тантра) гэдэг санскрит үг нь “үргэлжилсэн зүйл” гэсэн утгатай бөгөөд хоёр утгаар үргэлжилсэн санааг илэрхийлнэ. Нэг нь даавууны уртыг дагасан нэхээс утасны адилаар үргэлжилсэн гэсэн санааг илэрхийлнэ. Тарнийн бүтээл нь судрын бүх бүтээлийг хооронд нь сүлжин нэхсэн утас юм. “Үргэлжилсэн” гэдэг нь эхлэл, төгсгөл үгүй цаг хугацааны мөнхийн үргэлжлэл гэсэн бас нэг утгыг илэрхийлнэ. Энэ нь ерөнхийдөө бидний сэтгэлийн үргэлжлэлтэй холбоотой – бидний тус тусын субъектив, амьдралыг мэдэрч туулах үргэлжлэл. Энэ үргэлжлэлд бие, хэл (харилцааны хэрэгсэл), сэтгэл, үйл ажиллагаа болон бусадыг ойлгох, өөрийгөө болон бусдыг хайрлах сэтгэл (өөрийгөө болон бусад төрөл зүйлийг хамгаалах зөн мэдрэмж) гэх мэт олон янзын сайн чанарууд бас хамаарна. Бид бүгдэд энэ бүхэн ямар нэг хэлбэрээр, төрөл болгонд тодорхой нэг хөгжлийн түвшинтэй байдаг. Эдгээр олон янзын хүчин зүйлүүд мөн сэтгэлийн үргэлжлэлийн хоосон чанар (байх боломжгүй хэлбэрээр орших нь хоосон) болон эдгээр хүчин зүйлүүдийг цааш хувьсган хөгжүүлэх боломжтой тэрхүү бодит байдал энэ бүгдийг “Бурханы чанар бүхий хүчин зүйлүүд” гэдэг. Эдгээр нь нэг мөнхийн үргэлжлэл, нэг “дандар” (тантра) болдог.
Суурь, мөр, үрийн дандар
Бидний үргэлжлэл бүр гурван үе шаттай: суурь, мөр, үрийн түвшин:
Суурь түвшний дандар нь хяналтгүй дахин дахин гарах (орчлонгийн) төрөл тус бүрд байх эгэл хэлбэрийн эхлэл үгүй үргэлжлэл юм. Эдгээр эгэл хэлбэрүүд нь бид болон бусад хүн, юмс хэрхэн оршдог талаар мэдэхгүй байх, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн зан байдалд хүргэдэг үл мэдэх явдлын (мунхагийн) үр дүнд бий болдог. Ийм төөрөгдөлтэй холилдсон, олон янзын зовлонгоор дүүрэн энэхүү үргэлжлэл нь өөрөө өөрийгөө үргэлжлүүлэх бөгөөд хэрэв бид тэрхүү төөрөгдлийг арилгах (ариусгах) ямар нэг зүйл хийхгүй бол энэ түвшиндээ мөнхөд үргэлжилнэ. Иймд энэ түвшний дандрыг ариусаагүй гэж тодорхойлдог.
Үрийн түвшний дандар нь бүрэн ариуссан Бурханы мөн чанар бүхий хүчин зүйлийн төгсгөлгүй үргэлжлэл бөгөөд энэ нь бүрэн гэгээрсэн нэг Бурханы бие, хэл, сэтгэл, үйл, сайн чанарын хэлбэрээр байна.
Мөрийн түвшний дандар нь бидний сэтгэлийн үргэлжлэлийг суурь түвшингээс үрийн түвшинд хүргэх завсрын үе болох бүрэн бус ариун үргэлжлэл юм. Энэ түвшинд тухайн үйл явцыг бид өөрийн Бурханы чанар бүхий хүчин зүйлүүдээ – бидний бие гэх мэт – Бурханы нэг дүрд (ядам, тарнийн бурхан) Бурханы бие сэлт мэтээр харагдаж буйгаар дүрслэх байдлаар хийдэг. Ингэхдээ, бидний дүрсэлж байгаа зүйл бол хараахан бодитой тохиолдоогүй байгаа түвшин боловч Бурханы мөн чанараа бүрэн ариусгасан үед боломжтой болно гэсэн ойлголтоор үүнийг хийдэг. Өөрийгөө нэг Бурханы дүрээр дүрслэх энэ онцлогийнхоо хувьд тарнийн бүтээл нь “үрийн хөлгөн” гэгддэг – бүтээлийг бид өөрийн хүрэх үр дүнг одоо бидэнд байгаагаар төсөөлж хийдэг.
Олон үес гишүүн (тэргүүн, мутар, мэлмий)
Мөрийн дандрын бүтээлд өөрөөрөө дүрсэлдэг Бурхадын дүрийн олонх нь олон нүүр, мутар, хөлтэй байдаг. Эдгээр нь дандрын нэхээс юм. Учир нь үүн дээр бид тэдгээрийн илэрхийлж байгаа зүйлийг сүлжин нэхдэг. Биеийн гишүүн бүр судрын лам-рим сургаалын олон өөр талуудыг илэрхийлдэг. Жишээ нь: зургаан мутар нь өглөг, ёс суртахуун, тэвчээр, хичээл, сэтгэлийн тогтвортой байдал, билиг гэсэн зургаан чанадад хүрэх хандлагыг бүгдийг зэрэг эзэмшсэн гэсэн утгыг илэрхийлнэ. Эдгээр зургаан хандлагыг маш тодорхой хэлбэрээр, график байдлаар дүрсэлснээр тэдгээрийг хийсвэрлэж дүрсэлснээс илүү хялбараар тэр чанаруудыг бүгдийг нэг зэрэг сэтгэлдээ санаж чаддаг.
Зэхэл бүтээл
Эерэг хүч, гүн ухааныг нэмэгдүүлэх (буян, билиг ухаан хураах) үүднээс бид бясалгал болон өдөр тутмын амьдралын аль алинд нь өөрийгөө тэрхүү олон үе гишүүн бүхий дүрээр дүрсэлсэн хэвээр цаг үргэлж бүтээл үйлддэг. Бусдад асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлээр тусалж, оролцож буй хүн, юмсын хоосон чанар дээр төвлөрдөг. Энэ хоёр хүчин зүйл нь мөн Бурханы чанар бүхий хүчин зүйл бөгөөд тэдний хүч нь бусад Бурханы чанар бүхий хүчин зүйлүүдийн суурь, мөр, үрийн түвшинд идэвхтэй оролцох шалгааныг бий болгодог. Иймд эдгээр хүчин зүйлүүдийг идэвхжүүлэн үйл явцыг эхлүүлэх үүднээс бид тарнийн бүтээл хийж эхлэхийн өмнө мөргөл, Базарсадын ариусгах бүтээл гэх мэт зэхэл бүтээлүүдийг үйлддэг.
Авшиг (эрх)
Өөрийгөө нэг Бурханы дүрээр Бурхан болгож дүрсэлж эхлэхийн тулд бид зохих эрдэм, боловсролыг эзэмшсэн багшаас авшиг (эрх) авах хэрэгтэй. Авшгийг бид зөвхөн судрын сургаалд суралцан, тэдгээрийг бүтээн үйлдэж, зэхэл бумшуудыг хийн урьдчилсан нөхцөлүүдийг сайн хангасан тохиолдолд авдаг. Авшиг хүртээх зан үйлийн үеэр багшийн болон бидний дүрсэлсэн дүрслэлийн хүчээр бидний Бурханы чанар бүхий хүчин зүйлүүд сэргэж, Бурханы чанар болон хувирч эхлэх явц идэвхждэг. Үйл явц саадгүйгээр явагдах үүднээс бид бүтээлд саад болох байдлаар үйл үйлдэх, ярих, бодохоос зайлсхийн олон төрлийн сахил авдаг. Үүнд ёс зүйн сахилга батын, бодьсадвын, зарим тохиолдолд тарнийн сахил багтана. Тэдгээр сахилуудыг зорьж авахгүйгээр авшиг хүртэх гэж байхгүй, тэдгээрийг цэвэр ариун сахихгүйгээр бодитой тарнийн бүтээл гэж гарахгүй.
Дүгнэлт
Дандар нь секс эсвэл нууц ямар нэг зан үйлтэй ердөө ч харьцуулашгүй, өөрийн бүрэн чадамжаа төрүүлэн гаргах боломж бүхий маш гүнзгий, цогц бүтээлийн тогтолцоо юм. Тарнийн бүтээлийг хөнгөн байдлаар авч үзэж болохгүй; зан үйлд идэвхтэй оролцож эхэлсэн бол бүх амьдралынхаа турш сахилаа сахиж байх үүрэг хүлээдэг. Ийм учраас бид тарнийн бүтээлийг, хамаг амьтныг асрах, энэрэн нигүүлсэх тодорхой хэмжээний сэтгэл болон хоосон чанарын тодорхой нэг ойлголттой болсон үед бус харин Бурханы шашны тогтсон тааллуудын талаар баттай суурь мэдлэгтэй болсон үедээ хийж эхлэх хэрэгтэй болдог.
Гүнзгий түвшний бүтээл үйлдэгч нарын хувьд дандар нь сэтгэлд зориулсан цөмийн бөмбөг адил, хэрэв бүтээлийг зөв хийвэл, би болон би-г эрхэмлэх сэтгэлийг бүрэн арилгаж, бүтээлчийг хамаг амьтанд гайхамшигтай, ашид үргэлжлэх тус хүргэх гэгээрэлд хурдан хүргэдэг.