Зэхэл бүтээлүүд ба бодь сэтгэлд суралцах

1, 2-р хэсэгт сургаал

Өнөөдөр надад долоон бүлэгт Ложон бүтээлийг тайлбарлана уу гэсэн хүсэлт ирлээ. Ихэнх хүмүүс “Ложон” гэдгийг “сэтгэлийг сургах” (оюун судлахуй) гэж орчуулдаг. Энэ бол тийм сайн орчуулга биш. Учир нь ихэнх хүмүүст “сэтгэлийг сургах” гэдэг нь оюун ухааны үйл ажиллагаа мэт санагддана. Ло гэдэг нь “хандлага”, жонг гэдэг нь сөрөг үр дагаварт хүргэх хандлагуудыг арилгаж, эерэг хандлагуудыг бий болгох гэдэг үүднээс цэвэрлэх ба сургах гэсэн утгатай. Ийм учраас Ложон бүтээлийн гол зорилго бол сэтгэл зүрхийг сөрөг хандагаас нь цэвэрлэж тэдгээрийн оронд эерэг хандлагат сургах явдал. Өмнө нь би сүүлийн бүлгүүдээс илүүтэйгээр эхний бүлгүүдийг онцгойлон авч тайлбарладаг байсан бол энэ удаа харин эсрэгээр нь сүүлийн гурван бүлгийг тайлбарлахад илүү их цаг зориулъя гэж бодож байна. Мэдээж ямар нэг бүтээл зохиолыг дундаас нь эхлэх нь тохиромжгүй учраас эхний бүлгүүдийг товч яръя. Ингэхдээ зарим харьцангуй хэцүү талууд дээр нь анхаарч ярилцъя.

Ложон бүтээлүүд Энэтхэгээс Төвдөд Атиша гэгээн болон Гаадамбын уламжлалаар дамжин орж ирж, Төвдийн Бурханы шашны дөрвөн уламжлал тус бүрт уламжлагдан үлджээ. Үнэндээ энэ бол эдгээр уламжлалуудыг нэгтгэж байдаг бүтээлүүдийн нэг. Эдгээр урсгал сургуулиудын бага зэрэг харилцан адилгүй тайлбар хийдэг бүлэг нь хоосон чанарын бүлэг. Урсгал сургууль тус бүр тухайн бүтээлийн хоосон чанарын талаарх мөрүүдийг өөрийн үзлээр тайлбарладаг.

Атиша гэгээн Ложон сургаалын уламжлалыг өөрийн багш Дармаракшитагаас хүртжээ. Дармаракшита нь Тэсэн хүрд зохиолыг туурвисан. Түүнээс ойролцоогоор нэг зууны дараа Оюун судлахуйн долоон хэсэгт сургаал Гаадамба гэвш Чэйкава (Чадхаава) бичсэн. Энэхүү сургаалын хоёр янзын уламжлал нь түүний шавь болох гэвш Лхадингпагаас эхлэлтэй бөгөөд нэг нь Бодьсадвын гучин долоон гарын авлагыг зохиогч Тогмэй-зангпод уламжлалн ирсэн бөгөөд түүнийг Гаржүд, Саж, Нингма ёсныхон баримтлах болсон бол нөгөө уламжлал нь бараг гурван зууны дараа Богд Зонховт дамжин ирснээр түүнийг Гэлүг урсгалынхан баримтлах болжээ. Энэ хоёр дамжлагад байх эх зохиолын хэд хэдэн мөр хоорондоо бичлэгийн ялгаатай, нэг нь нөгөө дамжлагын эх зохиолд байхгүй зарим мөрийг багтаасан байдаг. Бүр дамжлага тус бүрийн дотор тухайн зохиолын олон өөр хувилбар байх бөгөөд дээрхийн адил ялгаа бас бий. Дээрхийн Гэгээн Далай лам, ялангуяа Ложон гэх мэт сэдвүүдийн хувьд ийм тохиолдлууд гардаг, гэвч тэдгээр хувилбарууд дахь ялгаа нь тийм их биш, гол санаа нь бүгд адилхан гэж хэлдэг. Миний энд тайлбарлаж буй хувилбар бол Тогмэй-зангпогийн хувилбар бөгөөд гэвш Наваан Даргэйгийн зарим санаагаар дэлгэрүүлсэн Сэркон Ринбүүчигийн тайлбарыг баримталж байгаа юм шүү.

Нэгдүгээр хэсэгт сургаал: Зэхэл бүтээл

Их нигүүлсэнгүй сэтгэлд мөргөм үү. Эхэнд нь зэхэл бүтээлд суралц. 

Долоон бүлгийн эхнийх нь зэхэл бүтээлүүд. Тэдгээр нь бүх Их хөлгөний сургаалын суурь болох ерөнхий зэхэл бүтээлүүд юм. Тэдгээрийг нэрлэвэл, үүнд эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус, мөн “аврал” гэж гол төлөв нэрлэгдэх эдгээр гурван сэдэв багтана. Би “аврал” гэдэг үгийг бага зэрэг идэвхгүй утга илэрхийлдэг хэллэг гэж үздэг. Бид ердөө Бурхан, Ном, Хуврагийн чуулганд хандаж “Намайг аварна уу!” гэдэггүй. Харин “аврал” бол Бурхан, Ном, Хуврагийн чуулганы заасан аюулгүй, эерэг зүгт өөрийн амьдралыг хандуулах сэтгэлийн идэвхтэй төлөв юм. Мөн зан байдал түүний шалтгаан болон үр дагаварын талаарх үйлийн үрийн тухай сургаал үүнд багтана. Дараа нь хянах боломжгүй дахин дахин гарах амьдралын нөхцөлүүдтэй холбогдох, тэр дундаа дахин төрөлтэй холбогдох орчлонгийн зовлонгийн тухай сургаал үүнд бас багтана. Өөрийн эрхгүй гарах зан байдал буюу үйлийн үрийн боловсролд хөтөлдөг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын нөлөөнд орсноор бид өөрт энэ болон ирээдүйн төрлүүдэд дахин дахин гарах асуудлуудыг бий болгодог.

Зэхэл бүтээлийн хамгийн чухал зүйл бол тэдгээр нь дараа дараачийн бүх сургаалуудын суурь болох амьдралд хандах маш онцгой хандлагыг тэтгэдэг. Бид энэ насны үнэт боломжууддаа талархах ба тэдгээр боломжуудыг мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг ойлгодог. Иймд бид одоогийн энэхүү таатай нөхцөлүүдийг өөрийн асуудлууд, тэдгээрийн шалтгаан, түүнээс үүдэх төөрөгдөл, зовлонгоос ангижрахад ашиглах хэрэгтэй. Тэрхүү зам мөрд орохын тулд ямар нэг зүйл бодитойгоор хийхгүйгээр ердөө ерөөл хэлэх бус харин зан байдал түүний шалтгаан ба үр дагаварыг авч үзэж ажиллах шаардлагатай. Бид ердөө орчлонг өөрийн хувьд бага зэрэг илүү сайхан болгохыг хичээх бус, тухайлбал, үнэнийг хэлэхэд, бидний олонхийн сонирхдог тэр зүйл биш юм. Бидэнд илүү том зорилго, тухайлбал өөрсдийн бүхий л сул тал, бэрхшээл, төөрөгдлийг бүрэн арилгахад хэдэн насны амьдрал хэрэгтэй байсан ч хамаагүй ирээдүйн төрөл бүрийг тэр замаар урагшлах нэг алхам болгож сайжруулах явдал.

Бидний ихэнхийн хувьд энэ үнэхээр хэцүү. Нэг зүйлийг хэлэхэд бидний олонхи нь дахин төрлөөс бүрэн гэтлэх гэдэг үүднээс байтугай дараа төрөл гэдэг үүднээс ч үнэндээ боддоггүй. Хэрэв бид дахин төрөлд итгэдэггүй бол түүнээс чөлөөлөгдөхийг зорих нь боломжтой юу? Хэрэв бид дахин төрөлд итгэдэггүй бол гэгээрэлд хүрч улмаар бусдад мөн адил хянах боломжгүй дахин дахин гарах төрлөөсөө чөлөөлөгдөхөд нь туслахыг хүсэх боломжтой юу? Хэрэв бидэнд дахин төрлийн талаарх гүн гүнзгий ойлголт байхгүй бол энэ тийм хялбар биш.

Барууны хүмүүсийн хувьд энэ тал дээр бид яах хэрэгтэй талаар асуувал юуны түрүүнд Бурханы шашны тайлбараар дахин төрөл гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгохыг хичээх хэрэгтэй гэж би хэлнэ. Хэдийгээр бидний сэдэл үнэндээ энэ насны амьдралыг сайжруулахад чиглэсэн байдаг ч бид наад зах нь дахин төрлийн талаарх ойлголтонд нээлттэй байж, дахин төрөл, дахин төрлөөс гэтлэх, бусдад дахин төрлийг зогсооход нь туслах үүднээс бодож болно. Бид энэ талаарх Бурханы шашны нарийн боловсронгуй тайлбар, түүнийг ойлгох нь чухал хийгээд ойлгоход хялбар биш зэргийг хүлээн зөвшөөрч, зөв ойлголтонд хүртэл тухайн сэдвийг судлах, бясалгах дур сонирхолтой байх хэрэгтэй.

Энэ бүхнийг хэлж байгаа учир нь Ложон сургаал маш гүнзгий сургаал юм. Энэ бол эхлэн суралцагчийн судлах сургаал ердөө биш! Жишээ нь, үхэх цаг ирэхэд бид тамын төрлүүдийн аль нэгэнд төрөл авахыг ерөөх тухай сургаал гэж бий. Үүнийг ойлгоход нилээд хэцүү, тийм биз дээ? Ямарч байдлаар Ном сургаалд хандахдаа одоогийн өөрийн байгаа төлөвшлийн түвшинд үнэнч, зам мөрийн талаар маш сайн бодит ойлголттой байж, өөрийн түвшнийг илүү гүнзгий мэтээр харуулахгүй байх нь чухал. Энэ зохиол бүхий л жоомыг гэгээрэлд хүргэхийг үнэхээр хүсэх хандлагын тухай юм. Бидний ихэнх нь мэдээж энэ түвшинд хүрээгүй. Бидний ойлголтын түвшин ямар хэмжээнд байх нь хамаагүй бид Ложон сургаал нь маш гүнзгий, маш өргөн хүрээтэй бүтээл болохыг ойлгохыг үнэхээр хичээх ёстой. Энэ бол маш урт удаан хугацаа шаарддаг бүтээл. Бид одоо түүнийг бүтээж эхлэн түүнээс тодорхой үр дүн хүртэж болно. Гэвч тус бүтээлийн үр дүн алгуур гардаг тул тухайн бүтээлийг цааш судлах хэрээр бид тодорхой ойлголтууд дээр дахин дахин буцан ирж тэднийг илүү гүнзгийрүүлнэ гэсэн хэтийн бодолтой байх хэрэгтэй.

Энэ эх зохиолын хүрээнд бид зэхэл бүтээлүүдийг ердөө нэг удаа хийдэггүй. Тэдгээр нь ердөө нэг удаа уншиж үзэх зүйл биш бөгөөд дараа нь бид илүү сонирхолтой зүйлүүдийг авч үздэг. Тухайн зохиол нь бодь сэтгэлийг бодитой төлөвшүүлсэн хүмүүст хандаж бичигдсэн. Бодь сэтгэл гэдэг бол өөсрдийн хараахан хүрээгүй өөрийн гэгээрэлд зорьсон сэтгэл бөгөөд үнэндээ үүнд хүрэх боломж олгох Бурханы чанар бидэнд байдаг. Бодь сэтгэл нь хоёр зорилгод чиглэнэ. Эхнийх нь гэгээрэлд хүрэх, хоёрдахь нь түүгээрээ хамаг амьтанд туслах. Хэдийгээр энэ хоёр зорилгын дараалал нь эх зохиолуудад ийм дараалалтай байдаг боловч тэднийг бүтээх дараалал нь үүний эсрэг байдаг. Гол зорилго бол бусдад туслах, учир нь бид энэрэн нигүүсэх, бусдад анхаарал тавих сэтгэлээр бүрэн өдөөгдөж, тэдэнд зовлонгоосоо ангижрахад нь туслах ёстой гэдэг. Хэдийгээр бид одоо өөрийн чадах хамгийн сайн хэмжээнд туслахыг хичээж болох боловч үнэхээр бодитой сайн туслахын тулд бид өөрийн сул талыг арилгаж, бүх нөөц чадамжиндаа хүрэх хэрэгтэй. Бид тэдэнд бүрэн дүүрэн тусалж чадахын тулд Бурхан болох ёстой. Ийнхүү Бурханы хутагт хүрэх эрмэлзэл нь дараа нь буюу бусдад туслах эхний эрмэлзлээс төрнө.

Бусдад тусалж чадах эрдэнэт хүний төрөл авах нь үнэхээр гайхалтай хэрэг. Гэвч энэ нь мөнх бус! Бид насан эцэслэнэ, гэвч хэзээ гэдгийг нь мэдэхгүй. Энэ бол таагүй хэрэг! Энэ нь биднийг альцхаймерын өвчнөөр өвдөх, бүр сэтгэлээ ашиглаж чадахгүй болж насан эцэслэхээсээ өмнө аль болох ихээр бусдад туслахыг хичээхэд хөтөлнө. Бусдад туслахын тулд бид жинхэнэ аюулгүй зам мөрд орох, өөрөөр хэлбэл Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулж, сөрөг үр дагаварт хүргэх зан байдлаас зайлсхийх ёстой. Эдгээр сул талуудыг харгалзахын зэрэгцээ бид орчлонгийн түр зуурын таашаалд шунахгүй, эсвэл асуудал бэрхшээлүүдэд зовнихгүй байх гэдэг үүднээс орчлонгийн төрлийн тэдгээр урхинаас ерөнхийд нь зайлсхийх ёстой. Бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлдөө баригдах бус харин бусдад туслахыг хичээх гэдэг нь маш тодорхой байна. Ийнхүү энд үзүүлж буй зэхэл бүтээлийг бодь сэтгэлийн ойлголтын хүрээнд ойлгох ётой.

Хоёрдугаар хэсэгт сургаал: Бодь сэтгэлд бодитой суралцах

Хоёрдугаар бүлэг нь бодь сэтгэлд бодитой суралцах тухай өгүүлнэ. Энэ нь үнэмлэхүй бодь сэтгэл, янагуух бодь сэтгэл гэсэн хоёр хэсэгтэй.

Үзэгдэл бүгд зүүд мэт хэмээхийг тунгаа. Танин мэдэх нь гарах үгүйн мөн чанарыг олж хар. Ерөндөг тэр нь өөрийг чөлөөлөх. Мөрийн уг чанар нь бүхнийг багтаах сууринд орших. Бясалгалын завсарт илбийн хүн мэт үйлд. 

Үнэмлэхүй бодь сэтгэл гэдэг нь хоосон чанар, бодит байдалд зорьсон сэтгэл юм. Гэгээрэлд хүрэхийн тулд бид сул тал, асуудлуудаас бий болдог тэрхүү төөрөгдөл, түүнд зуршсан зуршлыг арилгах бодит байдлыг ойлгох хэрэгтэй. Хоосон чанар гэдэг нь юмсын байх боломжгүй орших тэрхүү байдал байдаггүй гэдгийг илэрхийлнэ. Энэтхэгийн олон онолууд, төвдийн Бурханы шашны олон урсгал сургуулиуд “байх боломжгүй орших байдал” гэдгийг бага зэрэг харилцан адилгүй тайлбарладаг. Гэвч энэхүү зохиолыг хэрхэн өөр өөрөөр тайлбарласан байдаг нь чухал биш, хамгийн чухал нь бусдад туслахдаа байх боломжгүй орших байдлыг тусгахгүй байх явдал. Ялангуяа, бусдад туслахыг оролдохдоо ийм төрлийн бүтээл хийж буй үнэхээр гайхалтай бодит би энд байна, харин миний тус хүргэж буй өрөвдөлтэй, ядарсан бодит та тэнд байна гэж бодохгүй байх хэрэгтэй. Эсвэл, ядарсан бодитой орших би, тэнд бодитой байх таны зовлонд хэрхэн тусалж чадах вэ гэх мэт. Энэ бол бас байх боломжгүй орших байдал. Бид харилцан хамааралтай. Бид ганц ганцаар тусгаарлагдан оршдог төрөлхтөнүүд биш. Бид бие биедээ харилцан нөлөөлдөг, бид бие биедээ тусалж чадна.

Өөр нэг байх боломжгүй орших байдал нь бид маш хүчтэй учраас хүн бүрийн асуудлыг хормын төдийд арилгаж чадна гэх сэтгэл. Энэ бас боломжгүй юм. Бусад хүмүүс асуудлуудаа шийдвэрлэхийн тулд тэдний асуудлуудын шалтгаан болох төөрөгдлөө өөрсдөө арилгах хэрэгтэй. Төөрөгдлийг арилгахын тулд бид бодит байдлыг ойлгох ёстой, хэн ч бодит байдлыг өөр бусдад зориулан ойлгох боломжгүй. Бид аргыг нь зааж, бусдын амьдралыг бага зэрэг хялбар болохыг хичээж болно, гэвч тэд бодит байдлыг өөрсдөө ойлгох ёстой. Үнэмлэхүй бодь сэтгэлийн гол утга бол бусдад туслахыг хичээхдээ бид бодит хандлагатай байх хэрэгтэй тухай юм.

Хоёрдугаар бүлгийн хоёрдахь ойлголт бол янагуух бодь сэтгэлийн тухай.

Өгөх, авахыг хийн дээр хөлөглөж тэдгээр бүгдэд ээлжлэн суралц. 

Энэ мөрүүд нь өгөхүй ба авахуйн тонлэн бясалгал хийх үе шаттай холбоотой. Бидэнд энэ талаар дэлгэрүүлж ярих цаг байхгүй боловч тонлэн бол туйлын гүнзгий бүтээл бөгөөд түүнийг үнэн сэтгэлээсээ хийхэд хэцүү. Тоглоом маягаар хийхэд амархан боловч бусдын зовлонг чин сэтгэлээсээ өөр дээрээ авах, түүнийг бодитойгоор амсах нь маш гүнзгий бүтээл болно. Үүнд өвдөлт, хөндүүрийн мөн чанарын талаарх жинхэнэ ойлголт шаардагдана. Хэрэв бид зовуурь, шаналлын мөн чанар түүний сэтгэлтэй холбогдох холбоог сайтар ойлгоогүй бол бид хэн нэгний хорт хавдар, түүний өвдөлтийг өөртөө авахаас эмээнэ. Ийм учраас бодит байдлын мөн чанар, сэтгэлийн мөн чанарыг ойлгох нь үнэхээр чухал гэж би боддог. Бусдыг асуудал, зовлонгүй байхыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэл төрснөөр бид тэдгээр зовлонг өөртөө авахыг хүсэх ба энэ нь тэдгээр зовлонг өөрөө туулахад бэлэн байх гэсэн үг.

Энэ нь бид тэдний зовлонг авч хаях гэсэн утгатай бус харин бид түүнийг өөрөөрөө дамжуулах ёстой. Бид өөрсдөө түүнийг биеэрээ туулах хэрэгтэй. Юуны түрүүнд энэ нь бусад хүмүүсийн зовлонг харж шаналахаас халшрахгүй байх гэсэн утгатай. Хорт хавдраар өвдөх эсвэл альцхаймерын өвчнөөр шаналах нь харамсалтай. Энэ үнэхээр хэцүү харамсалтай! Гэвч ийм бүтээл хийхийн тулд, тэр бүхнээс сэтгэлээ хуяглаж хамгаалах нь бүтээлийн гол санаа ердөө биш. Бид тухайн хүний өвчин, шаналлыг мэдэрч, сэтгэлийн суурь мөн чанарын түвшинд зовлон, шаналал нь ердөө долгион юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Сэтгэлийн суурь түвшин нь цэвэр ариун мэдрэхүй бөгөөд баяр баясгалан, амгалан жаргалан нь түүний мөн чанар юм. Үүний үндсэн дээр бид бусад төрөлхтөнд баяр баясгалан өгч чаддаг байна. Гэвч хоосон чанарын бодит ойлголтгүй, махамудра бүтээлд сайтар суралцахгүйгээр тонлэн бүтээлийг бүрэн хийх маш хэцүү. Энэ нь хүмүүсийн тонлэн бүтээл хийх зоригийг мохоож буй хэрэг биш учир нь энэ бүтээл бол түүнийг хийж эхлэх эхний түвшингүүддээ ч маш их тустай. Гэвч бодитойгоор үйлдэж, зовлонг сэтгэлийн амгалан мөн чанарт уусгаад, буцааж сурах нь маш гүнзгий бүтээл. Энэ бүтээлийг ингэж хийдэг. Хэрэв бид үүнийг ингэж харвал энэ нь үнэндээ өөрт туслах үүднээс хийдэг махамудра бүтээл болно.

Тэгвэл энэ нь бусдад хэрхэн тус болох вэ? Хүн бүр өөрийн үйлийн үртэй, ийм бид хэрхэн бусдын үйлийн үрийг тонлэн бүтээлээр авах вэ? Үйлийн үр боловсроход нөхцөлүүд бүрдэх шаардлагатай бөгөөд бидний хийж чадах зүйл бол бусад хүмүүсийн үйлийн үр илүү түргэн, өөр хэлбэрээр боловсроход тус болох сайн нөхцөлүүдийг хангаж өгөх явдал. Хэрэв тухайн нэг хүн өвчнөөр өвдөж байгаа бол түүний тэр өвчнөөр өвдөх үйлийн үр нь түүгээр боловсорч байна гэсэн үг. Гэвч хэрэв тэр өвчин эмчлэгдэх өвчин байж, тухайн хүнд эдгэрэх үйлийн үр байгаа тохиолдолд л өвчин эдгэрнэ. Иймд бидний хийж чадах зүйл бол тэдний эерэг үйлийн хүч боловсрох боломж бүхий тодорхой нөхцөл бий болгох явдал.

Жишээ нь, Манал бурханы бүтээл хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Манал бурхан бол тэнгэр биш. Бидний өвчнийг өөрийн хүчээр биднээс салгаж чадахгүй. Харин тахил бэлдэж, бүтээлийг нь үйлдсэнээр бидний өвчин үргэлжилсээр байх шалтгаан болж буй муу үйлийн үр бага болж боловсрох нөхцөлийг бий болгоно. Манал бурхантай холбоотойгоор бидэнд зориг эрмэлзэл төрж байгаа нь бид үнэндээ өөрийн тод гэрлийн сэтгэлээс урам зориг авч байгаа явдал. Энэхүү зориг эрмэлзлийг ихэнх тохиолдолд “адис” гэж орчуулдаг. “Манал бурхан, намайг адилслан соёрх!” гэдэг. Бидний бусдад туслахын тулд эдгэрэх гэсэн хүчтэй сэдэл нь бидний муу үйлийн үр маш бага хэмжээтэй болон боловсорч, сайн үйлийн үр наашлан гарч ирж боловсрох нөхцөлийг бий болгоно. Манал бурханаар илэрхийлэгдэх бидэнд байх тэр тод гэрлийн сэтгэлээс гарах зориг эрмэлзлийн хүч нь энэ бүх үйл явц явагдах боломжийг олгоно.

Тонлэн бүтээлийн хувьд бас адилхан. Энэ нь цаад хүний муу үйлийн үр бага болж, сайн үйлийн үр нь түргэн боловсрох нөхцөлийг бүрдүүлэх явдал. Бидний тод гэрлийн сэтгэл тэдэнд урам зориг өгөх ба хүлээн авч буй хүн энэ талаар мэдэх шаардлага байхгүй, үнэндээ энэ талаар мэдэхгүй байх нь сайн байдаг. Тэрхүү зовлонг авч, мэдэрч, түүнийг тод гэрлийн сэтгэлийн ариун сууринд зөнд нь шингээхэд Бурханы шашны Их хөлгөний ямарч бүтээлд байдгийн адил бодь сэтгэлийн маш их хүч, багшийн адис шаардлагатай. Иймд тонлэн бүтээлийг хийхийн өмнө мэдээж бид бодь сэтгэлийг маш хүчтэй төрүүлэх бүх үе шатыг дамжих хэрэгтэй. Энэ бол маш чухал. Мэдээж бусдын асуудлыг өөртөө авах талаар бодоход хүртэл бидэнд тодорхой асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл байх хэрэгтэй. Гэвч илүү гүнзгий түвшиндээ зөвхөн бусдын асуудлыг авахад бэлэн байх асрал нигүүлсэлтэй байх төдийгүй тод гэрлийн сэтгэлийн түвшиндээ хүрч чаддаг байх ёстой. Өмнө хэлсэнчлэн энэ бол маш, маш гүнзгий бүтээл.

Тонлэн бүтээлийн дараагийн нэг зүйл бол энэ бүтээл нь үнэмлэхүй бодь сэтгэл буюу хоосон чанарын ойлголтон дээр суурилдаг явдал. Хэрэв бид бодитой орших би гэдэг үүднээс бодож байвал бусдын зовлонг авахаас эмээнэ. Энэ бүтээлийг чин сэтгэлийн түвшинд хийхэд саад болдог би гэх тэр хүчтэй сэтгэлийг байхгүй болгох нь маш чухал. Бид бусдын зовлонг өөртөө авч, түүнийг бодитойгоор туулах ба түүнийг даван туулж чадах ёстой. Энэ бол гол зүйл. Бидэнд хоосон чанарын ойлголт байна, бидэнд махамудра бүтээлээр тэрхүү зовлонг тод гэрлийн сэтгэлд уусгах тодорхой суурь чадвар байна. Бид ердөө тэрхүү зовлонг авч дотроо байлгадаггүй. Тод гэрлийн сэтгэлийн амгаланг хүртэж түүнийг бусдад өгдөг.

Бид бусдын зовлонг хэрхэн бодитой туулах вэ? Энэ бол бусдын зовлонг авч, өөрөө туулах хүчтэй хүсэл бөгөөд энэ нь бидний өөрийн муу үйлийн үр зовлон болон боловсрох шалтгаан болно. Бид тэрхүү муу үйлийн үрийг боловсруулж дуусгах үүднээс энэ бүхнийг хийхийг хүсдэг. Энэ бол тонлэн бүтээлийг бүтээхэд хэрэгтэй өөр нэг түвшин. Энэ бүхэн бол бид бусдын сэндвичийг авч өөрөө идэхтэй адил бусдын зовлонг авах явдал биш. Энэ илүү нарийн. Бүх зүйл нөхцөл шалтгааны үүднээс явагдана.

Миний багш Сэркон Ринбүүчи хүн бүрт таагүй санагддаг нэг жишээг байнга татдаг байсан. Тэрээр нэг хүний маш айхтар гэмтэл, өвчнийг өөртөө авч түүгээрээ нас эцэслэсэн нэг том ламын тухай жишээг ярьдаг байлаа. Тэрээр тонлэн сургаалыг заах бүртээ түүнийг дэлгэрэнгүй ярьдаг байв. Түүний гол санаа нь өөрөө үхэхэд ч бэлэн байх тийм чин сэтгэлээр бусдын зовлонг авах хэрэгтэй гэсэн санаа юм. Ингээд бид түүнээс, Ринбүүчи, таны мэт ийм хүмүүс нохойны зовлонг аваад тэгээд нас эцэслэх юм бол харамсалтай хэрэг биш үү гэхэд тэрээр хэрэв нэг сансрын нисгэгч сансарт амь эрсдвэл тэр нисгэгч баатар болж хүн бүр, ард түмэн, засгийн газар нь нисгэгчийн гэр бүлийг асарч тэтгэнэ, түүний адилаар хэрэв багш нь тонлэн бүтээлийг хийж насан эцэслэвэл багш нь өөрөө энэ бүтээлийн явцад өөрийн энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлийн хүчээр гэгээрэлд хүрч эсвэл бүр маш ойртох ба мөн өөрийн адиститээр шавь нараа асран тэтгэнэ хэмээн хариулсан.

Үнэхээр гайхалтай нь миний багш үүнийг ийм олон удаа ярьж, дараа нь түүнийг бодитой өөрөө хийсэн явдал. Тэрээр тонлэн бүтээл хийж нас эцэслэсэн юм. Дээрхийн Гэгээн Далай ламын амь насанд ноцтой саад байгааг Сэркон Ринбүүчи харжээ. Тэрээр өөрийн ахмад шавь нарынхаа нэгэнд Дээрхийн Гэгээний насанд гарч буй энэ саадыг өөрөө авбал их сайн болох юм гэж хэлж байжээ.

Би түүнээс ердөө хэдхэн долоон хоногийн өмнө Сэркон Ринбүүчийг эмчид үзүүлэхэд түүний эрүүл мэнд маш сайн гарсан. Гэтэл нэг өдөр Ринбүүчи Энэтхэгийн Спити гэдэг Гималай нуруу орчмын нэг буйд газар ном тавьж дуусгаад нэг айлд очихоор явсан. Тэрээр замдаа өргөл өргөхөөр нэг хийдэд буудаллахад тэндэхийн нэг хувраг түүнийг тэнд үлдээч гэсэнд тэрээр татгалзаад хэрэв надтай дахин уулзахыг хүсвэл миний очихоор явж байгаа айлд хүрч ирэх хэрэгтэй болох нь гээд явжээ. Тэр айлд өөрийн байнга хийдэг дэлгэрэнгүй оройн бүтээлээ хийгээд шавиа өрөөндөө дуудсан гэдэг. Ринбүүчи өөрийн унтах үеийн байдлаас өөр байдлаар суусан байсан бөгөөд нэг бүтээл хийж эхэлж. Тэр нь тонлэн бүтээл байсан нь илэрхий байсан бөгөөд багш маань тэнд нас эцэслэсэн юм.

Энэ үнэхээр ер бусын явдал байсан. Учир нь тэр үед, яг тэр цагт Дээрхийн Гэгээн Женев рүү онгоцоор нисэж явсан бөгөөд тэр үед Ясир Арафат мөн Женев рүү нисэж явжээ. Албаны хүмүүс террорист үйл ажиллагааны талаар санаа зовж байсан бөгөөд Дээрхийн Гэгээний аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэж байлаа. Ринбүүчийг бүтээлээ хийж байхад Арафат нисэж явсан бөгөөд тэрээр бодлоо өөрчилж Женевт буулгүйгээр буцсан. Сэркон Ринбүүчигийн хийсэн зүйлээр Дээрхийн Гэгээний амь насанд тулгарсан энэ том саад ердөө нэг багахан зүйл болж боловсорсон. Дээрхийн Гэгээнийг буух үед онгоцны буудал дээр бага зэрэг будилах зүйл гарч, мөн түүний сууж явсан машины жолооч замаасаа төөрч, машинд нь бага зэрэг гэмтэл гарсан. Дээрхийн Гэгээнд учирсан саад ердөө ийм болсон. Сэркон Ринбүүчигийн хийсэн зүйлээр тэрхүү муу үйлийн үр Дээрхийн Гэгээнд маш бага болж боловсрон, өөрийн үйлийн үрийг наашлан гарч боловсрох нөхцөлийг бий болгож, тэрээр нас эцэслэсэн. Ринбүүчи 69 настай байсан. Энэ бол тийм их өндөр нас биш. Гэвч түүний хийж чадах хамгийн том хувь нэмэр бол Дээрхийн Гэгээний нас урт байх нөхцөлийг бүрдүүлэх явдал гэж Ринбүүчи бодсон байх. Үүгээрээ тэр өөрийн шавь нарт маш их зориг эрмэлзэл өгсөн. Би Ринбүүчийг ийм зүйл болно гэдгийг үнэндээ олон жилийн өмнөөс мэдэж байсан байх гэж боддог. Учир нь түүнийг далд мэдрэхүйтэй гэдгийг би мэддэг байсан. Түүнтэй хамт байхдаа би хэд хэдэн удаа тийм зүйл анзаарсан юм.

Хэрэв бидэнд хүчтэй үйлийн үрийн барилдлага байвал тонлэн бүтээл ийм байдлаар нөлөөлнө. Мэдээж бид гэр бүлийн гишүүд, ойр дотны найзуудтайгаа үйлийн үрийн барилдлагатай. Сэркон Ринбүүчи Дээрхийн Гэгээн Далай ламтай ийм хүчтэй барилдлагатай бөгөөд түүнд хүүхэд байхаас нь эхлэн ном зааж ирсэн. Хамгийн чухал зүйл бол хэдийгээр бид өөрийн гэр бүлийн хэн нэгний өвчин зовуурь багасах нөхцөлийг бий болгохыг зорьж байсан ч бид тухайн өвчин зовлонг туулж мэдрэх зоригтой байх хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд бид тонлэн бүтээлийг өөрөө өвчтэй байх үедээ хийдэг. Ингэхдээ бид адилхан өвчнөөр өвдөж буй хүн бүрийн өвчнийг өөртөө авъя гэж бодно. Ийнхүү хэдийгээр бид өөрийн өвчин түүнээс үүдэх зовуурийг туулж, эдэлж байсан ч бусдын өвчин эдгэрч арилахгүй байж болно. Харин бид далай тэнгисийг дүрслэн, өвчин зовуурь бол ердөө далай тэнгисийн гадаргуу дээрх давалгаа адил бөгөөд тэр нь далайн гүнд нөлөөлдөггүйтэй адилаар дүрслэх махамудра бүтээлийн аргаар өөрийн өвчин зовуурь, сэтгэлийн шаналалтайгаа ажиллаж болно.

Хэрэв бид өөрийн ханиадыг эдгээх үүднээс бусдын ханиадыг авах зорилгоор тонлэн бүтээлийг хийвэл энэ нь үр дүнд хүргэхгүй. Хэдийгээр бид бүр санаандгүй бодсон байлаа ч энэ нь үр дүнд хүрэхгүй байх гол шалтгаан болсоор байна. Бүтээл бол цэвэр энэрэн нигүүлсэх сэтгэл дээр суурилсан байх ёстой. Ихэнх тохиолдолд бүтээл үр дүнтэй болдоггүй. Учир нь бидэнд тухайн хүмүүстэй холбоотой хангалттай хүч бүхий үйлийн үрийн барилдлага байдаггүй. Ийм учраас “Бүх төрөлдөө хамаг амьтны зовлонг арилгах болтугай” хэмээх ерөөл их чухал бөгөөд энэ нь ийм төрлийн бүтээлүүд үр дүнтэй болох барилдлага бий болгоно.

Энэ бүтээлийн зорилго юу вэ? Энэ бүтээлийн зорилго бол нэг түвшиндээ мэдээж бусдад туслах. Гэвч ихэнх тохиолдолд энэ нь үр дүнгүй болдог. Иймд дараагийн зорилго бол энэ нь бидэнд гэгээрэлд хүрэхэд тусална. Яаж? Энэ нь бодь сэтгэлийг багтаадаг учир гэгээрэлд хүрэх арга болох ёстой. Гэгээрэлд хүрэхэд бидэнд тус болох зүйл бол өөрийгөө эрхэмлэх “Таны асуудал надад хамаагүй!” гэх сэтгэлийг даван туулах зориг, хүн бүрийн асуудалд туслахад бэлэн байх сэтгэлийг төлөвшүүлэх явдал. Бодьсадва, Бурханы хувиар бид хүн бүрийн хамгийн хэцүү, хамгийн муухай асуудлуудад бодитойгоор оролцоход бэлэн байх ёстой болно. Энэ нь бидний “Би тэр бүхэнд оролцмооргүй байна. Би гараа бохирдуулахыг хүсэхгүй байна. Би өндөр настнуудын асрамжийн газар очиж альцхаймерын өвчнөөр шаналж буй хүмүүстэй ажиллахыг хүсэхгүй байна. Учир нь энэ үнэхээр хүнд, гунигтай санагддаг. Би түүнийг дийлж чадахгүй” гэх өөрийгөө эрхэмлэх хандлагыг даван туулахад тусална. Бид өөрийгөө эрхэмлэх хандлагын цаана байх маш том, хүчтэй би гэх сэтгэлийг даван туулах ёстой.

Та бүхэн тонлэн бүтээлийг хийхдээ юу дүрсэлж сурсныг би мэдэхгүй байна. Сэркон Ринбүүчи, Дээрхийн Гэгээн Далай лам нарын заадаг дүрслэл бол үнэхээр аймаар бас маш хүчтэй. Энэ бүтээлийг хийдэг бүх уламжлалууд үүнийг амьсгалтай холбож хийхийг зөвлөдөг. Бусдыг асуудал болон асуудлуудынхаа шалтгаанаас ангижрахыг хүсэх энэрэн нигүүлсэх сэтгэл биднийг амьсгал авах үед тодорхой нэг байдлаар бидэн рүү орж байна хэмээн төсөөлнө. Тэдэнд жаргал болон жаргалын шалтгааныг хүсэх асрах сэтгэлийг бид тэдэнд юу хэрэгтэй байгаа түүний хэлбэрээр тэдэн рүү илгээнэ. Гэвч Ринбүүчи болон Дээрхийн Гэгээн нарын заадаг энэхүү гүнзгий аргын хувьд ердөө хар өнгийн гэрэл бидэн рүү орж буйгаар дүрсэлдэггүй; бид бохир бодис, машины өтгөн тос, бохир хог хаягдал бидэн рүү орж байна хэмээн дүрсэлж, түүгээр өөрийгөө бохир болгохыг хүсэхгүй байх сэтгэлийг даван туулна. Энэ бол эхний шат. Дараа нь бид тэрхүү бодит зовлон хүний өтгөн шингэн, бөөлжис, цусны хэлбэрээр бидэн рүү орж байна гэж дүрслэнэ. Энэ нь “Тэнд нэг хүн машинд дайруулан зам дээр хэвтэж байна. Би харахыг хүсэхгүй байна. Энэ эвгүй, муухай” гэх сэтгэлийг арилгахад тусална.

Үүнийг даван туулахын тулд бид өтгөн шингэн, бөөлжис гэх мэт айдас хүйдэс багатай зүйлтэй ажиллахад бэлэн байхаас эхлэх хэрэгтэй. Ийм төрлийн бүтээл маш хүчтэй байдаг. Ингээд бид тэдгээр зовлонг аалз, хилэнцэт хорхой, жоом, могой, харх гэх мэт өөрийн хамгийн их айж болох зүйлийн хэлбэрээр бидэн рүү орж байна гэж төсөөлнө. Амьсгал авахад орж, бидний зүрхэнд хүрч очиж байна гэж дүрслэнэ. Ингээд бид “Би ийм зүйл хиймээргүй байна!” гэх хүчтэй би гэх сэтгэлтэйгээ ажиллах ёстой болно. Ийм учраас би тонлэн бүтээлийг маш гүнзгий бүтээл гэж хэлж байгаа юм. Тод гэрлийн сэтгэлийн түвшинд үнэхээр хүрэхийн тулд бид эдэлж туулахыг хүсэхгүй байгаа тэрхүү бусдын өвчин шаналал, түүнээс эмээх сэтгэл зэргээс гадна өөрийн бүх айдас, өөрийгөө хамгаалах сэтгэлийг арилгах хэрэгтэй.

Энэ бүтээл нь бүр эхний үе шатандаа ч маш их тустай байж болно. Учир нь энэ нь бусдын асуудлуудыг үнэхээр авахад бидэнд тусална. Энэ бол эхний алхам. Чин сэтгэлээсээ авах. Тэдгээр асуудлуудыг авснаар бид тэднийг өөрийн асуудал мэт шийдвэрлэнэ. Жишээ нь, өвөл гудамжинд өлсөж, даарч байгаа орон гэргүй, ажилгүй, өвдөж зовсон хүнийг авч үзэх хэрэгтэй. Бид тэр байдлыг дүрсэлж, зовлонг нь мэдрэх хэрэгтэй. Бид түүнийг шийдвэрлэх ямар нэг шийдэл олохыг оролдох хэрэгтэй. Бидний найзууд асуудал зовлонгоо яривал түүнийг чин сэтгэлээсээ хүлээн авах хэрэгтэй. Ердөө ийм түвшинд бүтээлийг хийх нь маш тустай боловч түүнийг цорын ганц түвшин гэж битгий бодоорой. Илүү олон гүнзгий түвшингүүд бий.

Бусдын зовлонг өөртөө авахдаа өөрийгөө золиослогч болж “Бурхан багшийн алдрын төлөө би хүн бүрийн зовлонг өөртөө авъя” хэмээн хэртүүлэхгүй байхад мөн анхаарах ёстой. Энэ бол энэ бүтээлийг хийх арга ердөө биш. Бүхий л зовлонг өөртөө авах нь гэгээрэлд хүрэх зам мөр гэж бодохгүй байх нь чухал. Энэ бол бас Бурханы шашны арга биш. Түүнчлэн өөртөө гутрах үүднээс “Би маш муу хүн. Би бусдын зовлонг авч зовох хэрэгтэй. Би үүнийг хүртэх ёстой” хэмээн бусдын зовлонг өөртөө авахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Энэ бүтээл нь бидэнд хүн төрөлхтөний зовлонг өөртөө авсан Есүсийн дүрийг санагдуулж болох юм. Есүс мэдээж тэрхүү зовлон, айдсыг өөрөө туулахад бэлэн байсан. Гэвч Бурханы шашны ойлголтын хувьд хэн ч энэ ертөнцийн бүх зовлонг арилгаж чадахгүй. Хэдийгээр бид бусдын зовлонг туулснаар тэдгээр амьтад зовлон үгүй болох болтугай хэмээх сэтгэлийг төлөвшүүлдэг ч далдын хүч ашиглан хүн бүрийн асуудлыг шийдвэрлэнэ гэх сэтгэл рүү өөрсдийгөө оруулахгүй байх нь маш чухал. Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол тэдний сөрөг үйлийн үр бага болж, эерэг үйлийн үр нь түргэн боловсрох нөхцөл бий болгох явдал. Зорилго нь бусдын зовлонг өөртөө авч өөрийгөө шийтгэх бус. Гол санаа нь бусдад туслах, бүр Косово, Босни, Руанда улсын ард түмэнд тохиолдож байгаатай адил хамгийн хэцүү нөхцөлүүдэд ч бусдад туслах зориг төлөвшүүлэх тухай юм.

Үүний дараа, бясалгалаас бусад үед, өдөр тутмын амьдралдаа бид юу хийх талаар дурджээ.

Тэрхүү гурван орны гурван хор (авахуй) гурван буяны үндэс (өгөхүй) явдал бүгдийн үг тэдгээрт суралц.

Гурван орон гэдэг нь бидний гуа сайхан, гуа бус, алинч биш гэж үздэг тэдгээр хүмүүс бөгөөд гурван хор нь тачаануй, урин (уур), мунхаг гурав юм. Бид гуа сайхан гэж үзсэн хэн нэгэнд тачаах, гуа бус гэж үзэх хэн нэгэнд дургүйцэх, алин ч биш гэж үзсэн хэн нэгний талаар аливааг үл мэдэн үл хайхрах үед эдгээр гурваар зовж буй бусад хүн бүрийн тэрхүү гурван хорт хандлагыг өөртөө авч байна хэмээн дүрсэлнэ. Ингээд тэдэнд тачаал үгүй, урин үгүй, мунхаг үгүй гурван буяны үндсийг өгнө. Ингэхдээ бид тэдгээр орнуудтай холбоотой өөрийн асуудлыг шийдвэрлэнэ. Үүндээ бид “Бусдын хамаг зовлон надад боловсорч, миний амгалан бүхэн тэдэнд боловсрох болтугай” гэх мэт ерөөлийг хамтатгаж болно.

Авахуй дор өөрөөс эхлэх дарааллыг баримтал. 

Хэрэв бид тодорхой асуудлын улмаас зовж шаналж байгаа бол бусдын тэр адил зовлонг авах аргыг хэрэглэхээс өмнө эхэлж өөрийн зовлонг хүлээн зөвшөөрч түүнийг шийдвэрлэж сурах хэрэгтэй. Ийм учраас бүтээлийг өөрөөсөө эхлэх дарааллаар хийдэг. Хэрэв бид өөрийн асуудалтай нүүр тулж чадахгүй бол бусдын асуудалтай ажиллахдаа түүнийг өөрийн асуудлаас зугтах нэг арга болгож болох юм.

Top