Гуравдугаар хэсэгт сургаал: Муу шалтгаан бүнийг гэгээрлийн мөрд урвуулах
Гуравдахь санаа нь муу шалтгаануудыг гэгээрлийн зам мөрд урвуулах тухай. Энэ нь хэд хэдэн хэсэгт хуваагдана. Санаагаар урвуулах, ажил үйлдвэрээр урвуулах гэж байна.
Санаагаар урвуулах нь бидний зан байдал (явдал), бодит байдлыг харах үзлийн цаана байх ойлголттой холбоотой. Эхэлж бидний зан байдлын (явдал) цаана байх ойлголтыг авч үздэг.
орон хийгээд суугчид нь хилэнцээр дүүрэхийн цагт муу шалтгаан бүхнийг гэгээрлийн мөрд урвуулагтун, үүний тулд нэг л зүйлийг уршгийн үндэс хэмээн үлдэн хөөж хамаг амьтанд их асрахуй сэтгэл төрүүлэх дор бясалга.
Явдлын (зан байдлын) талаар би их дэлгэрүүлж ярихгүй боловч бидний асуудал бэрхшээлүүд өөрийгөө эрхэмлэх үзлээс харин бүхий л эерэг чанар бүхэн бусдын эрхэмлэх сэтгэлээс гардагийг ойлгох нь чухал. Иймд өөрийг эрхэмлэх тэр нэг зүйлийг бидний зовлонгийн үндэс хэмээн үлдэн хөөж, арилгах хэрэгтэй. Бусдыг эрхэмлэхийн ач тусыг ухаарч хамаг амьтанд их асрахуй сэтгэл төрүүлэн бясалгах хэрэгтэй. Ингээд зовлон гарах үед түүнийг өөрийг эрхэмлэх, би-д барих үзлийн буруу гэж харахыг хичээх хэрэгтэй. Өөрийг эрхэмлэх, би-д барих үзэл гэдгийг бид хэрхэн ойлгох вэ? Нэг жишээ авъя. Учир нь бидэнд тийнхүү маш их асуудал бий болгодог тэр зүйлийг тодорхойлох нь үнэхээр чухал.
Бид нэг айлд хоолонд уригдаж, тэд бидний дургүй хоолыг хийсэн байна гэж бодъё. Бидэнд хэцүү, таагүй байв. Энэ бол сөрөг нөхцөл. Үүнийг бид гэгээрлийн зам мөрөөр урагшлахад бидэнд тус болох эерэг нөхцөл болгож хэрхэн хувиргах вэ? Энэ бол бидний ярилцаж буй зүйл. Энд юу буруутай вэ? Яагаад бидэнд хэцүү зүйл тохиолдов? Хэрэв бид бидний дургүй хоолыг хийсэн энэ муухай хүний талаар бодож, бүх бурууг тэр хүнд тохож эхэлбэл асуудал нь бид зөвхөн өөрийн тухай бодож байгаа явдал. Биднийг хоолоор дайлахыг үнэхээр хүссэн нөгөө хүний талаар бид бодохгүй байна. Биднийг урьсан хүн бидний дургүй зүйлийг хийх санаатай байгаагүй, энэ нь бид зөвхөн өөрийн тухай, “би юунд дуртай”, “би юу хүсэж байна”, надад хэцүү, зовлонтой байна гэх мэтийг бодож байгаатай холбоотой. Иймд ийм нөхцөл байдлуудад бидний хийхийг хичээх зүйл бол энэхүү байдлыг ашиглан өөрт, өөрийн хүсэж буй зүйлд бүрэн эзлэгдэх хандлагаа сөрөхийг оролдох явдал.
Энэ үйл явц нь тонлэн бүтээлтэй нилээд төстэй байгааг харж болно. Тонлэн бүтээлийн нилээн хурц дүрслэлүүдийн хувьд бидний ихэнх нь тэдгээр ялгадас, бөөлжсийг өөртөө авахаас өөрийн эрхгүй татгалзана. Энэ нь мэдээж хүчтэй өөрийгөө эрхэмлэх үзэлтэй холбоотой. Бид бохир муухай болохыг хүсдэггүй. Бид бохир зүйл, зовлон бэрхшээлд дургүй байх сэтгэлийг даван туулж, тэдгээрийг бодитой туулах хэрэгтэй. Үүний адил тухайн хүний оройн хоолонд зориулан бидэнд өгч буй зүйл бидэнд таалагдахгүй байгааг том зүйл болгохгүй байх хэрэгтэй. Бид бусдад баяр баясгалан өгөхийг хүсэж байгаа учраас амтгүй тэр зүйлийг идэх зовлонг зүгээр авах хэрэгтэй. Мэдээж тодорхой онцгой тохиолдлууд байна. Жишээ нь бидэнд харшил өгдөг хоол хүнс. Бид хэт шүтэн байдлаар тэдгээрийг баримтлах шаардлагагүй. Зөвхөн өөрийн талаар бодож, “Намайг хордуулах гэж байна! Өвтгөх гэж байна!” гэх мэтээр бодож бухимдахгүйгээр нөгөө хүнээ бодолцон уучлалт гуйх олон арга бий.
Сөрөг нөхцөл байдлуудыг эерэг болгон өөрчлөх өөр нэг арга бол бидний сөрөг үйлийн үр боловсорч дуусч байна гэж харах явдал. Гэгээрэлд хүрэхийн тулд бид сөрөг үйлийн үрийг дуусгах хэрэгтэй бөгөөд түүнийг үүгээр дуусгая гэх явдал. Энэ нь шүдний эмчид очихтой адил. Эмчид очин таван удаа бага багаар өрөмдлүүлснээс нэг дор бүрэн өрөмдүүлж дуусгах нь дээр. Одоо бүх зүйлийн гүйцээн, дуусгах хэрэгтэй.
Бусдын зовлонг өөртөө авах талаар бодох үед энэ нь анхаарлыг зөвхөн “өөрийгөө өрөвдөх” бодлоос хөндийрүүлнэ. Энэ бодол нь мөн өөрийг эрхэмлэх үзэл юм. Бидний зорьж буй зүйл бол бага насны хүүхэд нь ханиад хүрэх үед “Хүүхдийнхээ оронд би өөрөө ханиад хүрсэн болоосой. Учир нь би түүнийг илүү сайн туулж чадна” гэх эх хүний сэтгэлийн жишээтэй адил зүйл юм. Хэрэв бид ханиад хүрсэн хэн нэгнийг асрах гэж буй бол бид өөрөө ханиад хүрэхэд бэлэн байх хэрэгтэй. Хэрэв бид үүнд сэтгэл зовж байвал үр дүнд хүрэхгүй. Тереза эх түүнтэй хамт ажиллахаар ирсэн хүмүүст ингэж хэлдэг байжээ. Тэрээр уяман өвчнөөр өвдсөн хүмүүст туслахын тулд уяман өвчин тусахад бэлэн байх ёстой гэдэг байв. Хэрэв бид уяман өвчин тусахаас эмээж байгаа бол тэр талаар мартах хэрэгтэй. Үнэндээ хэдий их бид эмээнэ төдий чинээ өвчин халдах магадлал ихэснэ гэдэг. Энэ бол бага зэрэг хэтрүүлж буй хэрэг. Хэрэв бид ямар нэг зүйл бүтэмжгүй болох вий гэж эмээж байвал түүндээ түгшиж улмаар тухайн зүйл бүтэмжгүй болно.
эндүүрсэн үзэгдлийг бурханы дөрвөн лагшинд үзэх хоосон чанар нь зүйрлэшгүй сахиус.
Хэцүү, бэрхшээлтэй нөхцөлүүдийг үзлээр эерэг нөхцөлд урвуулж бас болно. Тухайлбал, хоосон чанар буюу бодит байдлыг үзэх үзлээр. Төвдийн Бурханы шашны өөр өөр урсгал сургаалиуд хоосон чанарыг хэрхэн тайлбарладгаас шалтгаалсан энэ мөрийг тайлбарласан олон өөр тайлбар байдаг. Гэвч ямарч урсгал сургууль зовлон байхгүй гэж заадаггүй гэж би бодож байна. Харин бид зовлонг шалтгаан, нөхцөлөөс бий болдог гэж харах хэрэгтэй. Энэ бол бусад мэдрэмжийн нэг адил сэтгэлийн л мэдрэмж. Тийм том асуудал биш. Мэдээж үүнд хоосон чанарыг ашиглах хэмжээний ойлголт шаардлагатай.
Ингэж бид хэцүү бэрхшээлтэй нөхцөлүүдийг санаагаар урвуулна.
Эрхэм дээд арга нь дөрвөн үйлийг багтаах. (Иймээс) юу тохиолдовч түүнийг нэн түргэн бясалгалд ав.
Муу шалтгааныг ажил үйлдвэрээр урвуулах нь дөрвөн үйл буюу дөрвөн аргыг багтаана. Эхнийх нь “чуулганыг (буян) хураах”. Энэ нь бага зэрэг буруу ойлголт төрүүлэх орчуулга. Марк цуглуулах мэт буяны оноо цуглуулж хангалттай ихийг цуглуулбал шагнал хүртэх гэж буй биш. Тухайн үгийн утга нь үнэндээ эерэг ул мөр, эерэг хүчний харилцан үйлчлэлийг сайжруулах гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, эерэг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийж, өөрийн эерэг чанарыг ашигласнаар бид сөрөг нөхцөл байдлыг эерэг болгон өөрчилж чадна. Гэмтэл осол гэх мэт сөрөг нөхцөл бий болоход айж, шаналснаас түүнийг гэмтэж бэртсэн бусад хүмүүст туслах боломж болгон ашиглаж болно. Ийнхүү энэ нь илүү их эерэг хүчийг бий болгон тухайн нөхцөлийг өөрчлөх тухай юм.
Хоёрдахь арга нь сөрөг үйлийн ул мөр, хүчийг арилгах. Жишээ нь хэрэв бид сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийж хэн нэгэнд гэм хор хүргэсэн бол дараа нь бид өөрийгөө гэм буруутайд тооцож болно. Энэ нөхцөлийг ариусгах бүтээл хийн эерэг болгож болно. Өөрийгөө гэм буруутайд үзэхээс илүүтэйгээр бид алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь би “муу хүн” гэсэн утгатай бус харин ийм байдлаар үйлдэл хийсэндээ харамсаж байна гэсэн утга санааг илэрхийлнэ. Түүнийг давтахгүй байхыг хичээж, өөрийн амьдралын аюулгүй, эерэг зам мөрийг бататган тус үйлийг саармагжуулах үүднээс зарим эерэг зүйлийг хийнэ.
Гурав, дөрөвдэх арга нь барууны хүмүүсийн хувьд ойлгоход бага зэрэг хэцүү. Гуравдахь нь өөрт илүү их зовлон учруулахаар бүднэрт (ад зэтгэр) балин өгөх арга. Үүнийг ихэнх тохиолдолд “Надад бүр илүү их хорлол хүргэнэ үү” гэсэн утгаар тайлбарладаг. Дөрөвдэх нь Номын сахиуснаас тусламж хүсэх.
Эхэлж бүднэрт балин өгөх бүтээлийг авч үзье. Миний найз, номын багш хийдэг Цүлтрим Аллионегийн Бурханы шашны жодын бүтээл дээр үндэслэн боловсруулсан нэг сайхан бүтээл бий. Тэрээр энэ бүтээлээ “адыг хооллох” гэж нэрлэсэн. Бид үнэхээр ядарч зүдрэн, сэтгэлээр унаж, бүх зүйл бүтэмжгүй болж байна гэж бодъё. Энэ бүхнийг ямар нэг ад зэтгэрээс болсон гэж төсөөлье. Бидний дотор нэг зэтгэр байх бөгөөд тэр нь тодорхой нэг хэлбэртэй. Түүнийг бидний төсөөлөлд буух ямар нэг хэлбэрээр төсөөлөхийг оролдоно. Ингээд тэр зэтгэр гадагш гарч ирэн бидний өмнө суух үед түүнээс юу хүсэж байгааг нь асууна. Зэтгэр бидэнд “Хүмүүс түүнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна; Хүмүүсийг түүнийг хайрлахыг хүсэж байна” гэх мэтээр хүсэж буй зүйлээ хэлнэ. Биднээс хүсэж байгаа зүйл нь юу ч байж болно. Жишээ нь, “Тэрээр эрүүл мэнд хүснэ; Залуужихыг хүснэ.” Эдгээр нь биднээс салахгүй байгаа тэдгээр зэтгэрүүд юм. Ингээд тэр зэтгэрийг хооллон хүссэн зүйлийг нь өгнө. “Чи хайр хүссэн, би чамайг хайрлая. Чи эрч хүч хүссэн, залуу нас хүссэн. Би тэдгээрийг чамд өгье” гэнэ. Энэ бол маш хүчтэй, үнэхээр тустай бүтээл. Зэтгэрийн хүслийг хангахад тэрээр холдон явдаг гэж олон хүмүүс үздэг. Хэдийгээр олон эх зохиолуудад бид ад зэтгэрийг бидэнд улам их гэм хор хүргэхийг хүсэмжилдэг гэж гардаг боловч тэднийг ийм маягаар хооллох нь бас маш үр дүнтэй. Энэ нь бидний өөрийн дотоодод үгүйлэгдэж, дутагдаж байдаг зүйл байдгийг харуулдаг. Бид тэдгээрийг хангахын тулд өөрийн дотоод эрч хүчийг ашиглаж болно.
Ямарч бүтээлийн хувьд түүнийг эхлэх болон дуусгах хэв маяг маш чухал. Компьютерийн програмыг эхлүүлэх, түүнээс гарахтай адил түүнийг зөв хийх ёстой. Үгүй бол компьютер эвдэрнэ. Түүний адилаар хүчтэй сэтгэл хөдлөлүүдтэй ажиллах бясалгал бүтээл хийх үед түүнийг тайван алгуур эхлүүлж, дуусгах ёстой. Үгүй бол бид бас гэмтэнэ. Ийнхүү бясалгалыг эхлүүлж, дуусгахдаа хамраар орж байгаа амьсгалыг мэдрэх эсвэл амьсгалах үеийн хэвлийн тэлэлт, агшилтыг мэдрэх байдлаар амьсгал дээрээ төвлөрөх хэрэгтэй. Энэ нь биднийг өөрийн бие болон биеийн төвтэй холбодог бөгөөд хэрэв бид маш сөрөг эсвэл айдас хүйдэс бүхий сэтгэлийн хөдөлгөөнтэй ажиллах гэж буй бол энэ үнэхээр тустай. Хэрэв бүтээлийг онцгой хүчтэй сэтгэлтэй ажиллах үүднээс хийх гэж байгаа бол хэвлийн хөдөлгөөн дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү тохиромжтой. Учир нь энэ нь хүйн хүрдэний хамгийн ойр орчмын хэсэг, биеийн төв юм. Баруунд бид түүнийг биеийн татах хүчний төв гэж нэрлэдэг. Иймд биднийг илүү их суурьтай болгоно.
Энэ үнэхээр сонирхолтой дасгал юм. Эдгээр сургаалуудыг илүү гүнзгий судалж үзэх нь чухал гэж би боддог. Хэдийгээр тэдгээрийг өнгөц харахад жигтэй санагдаж болох ч хэрэв бид аюулгүй зам мөрд орсон, Номонд аврал одуулсан бол үүнд ямар нэг утга учиртай зүйл бий гэдэгт итгэлтэй байж болно. Энэ нь ердөө нэг төвд мухар сүсгийн зүйл биш. Энэ бол “Би бусад хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байна, амжилттай байхыг хүсэж байна; Хайрлуулахыг хүсэж байна” гэх мэт сэтгэлд хэт автах үед хийж болох зүйл. Түүнийг маш үр дүнтэй өөрчлөхөд хэрэглэж болох зүйл.
Дөрөвдэх арга нь илүү их зовлон бэрхшээл бий болгож өөрийг эрхэмлэх үзлийг арилгах Номын сахиусны адис хүсэмжлэх арга. Сахиуст хандах арай энгийн арга бол бидний эерэг үйлийн ул мөр боловсорч, амжилттай сайн байхад тусламж хүсэх үүднээс тахил өргөх явдал. Энэ бол Номын сахиуст хандах хамгийн сайн арга биш. Учир нь эерэг үйлийн хүч боловсорч дуусахад бид ердөө сөрөг үйлийн хүчтэйгээ үлдэх болно. Номын сахиуст хандах илүү сайн арга бол олон янзын хурал хурж, тахил өргөн муу үйлийн хүч бага болж боловсороход нөлөөлөх явдал. Ингэснээр том хэмжээний саад тотгорууд илүү бага хэмжээтэй болж боловсорсноор бид өөрийн эерэг хүчтэйгээ үлдэж юмс амжилттай сайн болох юм.
Энэ бүтээл хэрхэн нөлөөлдөг талаар нэг жишээ яръя. Би Сэркон Ринбүүчигийн хамтаар түүний орчуулагчийг хийн олон орноор явдаг байлаа. Замд гарахын өмнө тэрээр үргэлж сахиусны хурал хурна. Ингээд аялалын эхэнд үргэлж нэг зүйл бүтэлгүй болох ба энэ нь аар саар зүйл байна. Нэг удаа бид онгоцны буудал орохоор Патханкотоос Дэли явах шөнийн вагонд захиалга өглөө. Гэтэл бидэнд гуравдугаар зэрэглэлийн вагонд ариун цэврийн өрөөний дэргэд ердөө хоёр суудал олдов. Ингээд Ринбүүчи бид хоёр нэг нэг суудал дээр нь унтаж, нөгөө хоёр төвд туслах нь шалан дээр унтах болов. Тэр бол нэг төрлийн муу нөхцөл. Гэвч тийм сүйдтэй зүйл байсангүй. Бага зэрэг муухай үнэртэж, тав тухгүй байлаа. Харин саад тотгорууд боловсорч дууссан. Аялалын бусад хугацаанд бүх зүйл сайн байсан.
Номын сахиусанд хандаж хүсэх гол зүйл бол “надад асуудал, бэрхшээл бий болгож, сөрөг үйлийн хүчийг боловсруулж дуусгаач, би түүнийг даван туулж чадна” гэх явдал. Боловсорч байгаа зүйлийг туулахад бэлэн байх нь бидний асуудал зовлон сулрахад нөлөөлж, улмаар саад тотгор дуусна. Хэрэв юмс их муу болж байвал бүр илүү их муу болсноор түүнийг бүрмөсөн дуусгах хэрэгтэй. Бид тэнгэр, эсвэл сахиус, эсвэл Бурханд хандаж эдгээр зүйлийг бидэнд өгөхийг хүсдэггүй, харин бидний хүсэл, ерөөл бидний үйлийн үр боловсрох нөхцөлийг бий болгоно. Энэ нилээд бодитой юм.
Дөрөвдүгээр хэсэгт сургаал: Нэгэн насандаа бүтээлийг хураангуйлах
Дөрөвдэх санаа нь нэг насандаа бүтээлийг таван хүчээр хураангуйлах тухай юм. Үүнийг энэ насандаа мөн үхэх үедээ хийж болно. Энэ бас нилээд бодитой.
Товчилбоос, сургаалын шим нь таван хүч.
Энэ насны амьдралдаа бид өдөр бүр эхний хүч болох зөв сэтгэхүйг төрүүлж болно. Өглөө сэрээд “Би хамаг амьтанд туслах болтугай; хамаг амьтанд бүрэн туслахын тулд гэгээрлийн хутагт хүрэх болтугай” хэмээн хүсэл эрмэлзлээ тодорхойлох хэрэгтэй. Энэ нь зөвхөн сэрэх үед төдийгүй хэцүү нөхцөлтэй нүүр тулсан ямарч үед чухал. Жишээ нь, хүүхдүүд хашгаралдан шуугилдаж, бид тэднийг чимээгүй болгохоор өрөө рүү орох гэж байна гэж бодъё. “Би уурлаж бухимдахгүй, тэдний маргааныг зогсоохын тулд эелдэг байдлаар тэдэнд хандъя” гэсэн эрмэлзэл төрүүлж болно. Гэвч үүнийг зөвхөн өөрийн сэтгэлийг тайван байлгах үүднээс бус тэдгээр хүүхдүүдэд үнэхээр туслах сэдлээр хийх ёстой. Дэлгүүр явахын өмнө бид зөвхөн хэрэгтэй зүйлээ авах шийдвэр гаргаж, тухайн үеийн дур хүслээс болж чихэр, жигнэмэг авахгүй байх нь чухал.
Хоёрдахь хүч нь цагаан хөрөнгөний хүч. Энэ нь бидний эерэг хүчний харилцан үйлчлэлийг сайжруулах, сөрөг хүчийг багасгах, арилгахтай холбоотой. Аливаа зүйл сайн явагдаж байгаа нь бидний өмнөх эерэг үйлүүдийн үр дүн, тэднээс үлдсэн эерэг хүч, чадамж. Юмс тааруу байх нь бидний өмнө үйлдсэн сөрөг үйл, тэднээс үлдсэн сөрөг чадамжаас болж байгаа юм. Бидний бэрхшээл зовлонгийн үр нь бидний сөрөг зан байдал бөгөөд бид тэр үрийг арилгаж, түүний оронд сайн эерэг зан байдлын үр бий болгохыг хичээх хэрэгтэй.
Гуравдахь хүч нь дадлагын хүч. Юу ч хийж байсан тухайн нөхцөлийг бусдын талаар санаа тавих эерэг зуршил бий болгоход ашиглахыг хичээх хэрэгтэй. Үүнд хооллох гэх мэт ямар нэг саармаг үйл орно. Хэрэв бид хооллож байгаа бол хүч тэнхээтэй байж бусдад туслах үүднээс идэх хэрэгтэй. Бүр эрт унтах, кино үзэхдээ түүнийг бусдад туслах энерги, эрч хүч бий болгох үүднээс амрах байдлаар хийж байна гэж бодоорой. Ийм байдлаар бүр амралт хүртэл маш эерэг үйл болж болно. Мэдээж бид үүнд үнэн сэтгэлээсээ хандах ёстой бөгөөд “Би энэ том савтай мөхөөлдсийг идсэнээр бусдад туслах болно” гэхгүй юм. Энэ бол ердөө бүх мөхөөлдсийг идэх шалтаг. Хийж буй аливаа зүйлээ бусдын тусад хийх үүднээс бодож байгаарай.
Дөрөвдэх хүч нь “арилгах” хүч. Энэ нь шунал, тачаангуй, уур гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд сэтгэлд бий болмогц муур ширээн дээр гарч ирж бидний хоолноос идэх гэхэд түүнийг түргэн болиулдгийн адил аль болох хурдан тэднийг дарахыг хичээх хэрэгтэй. Тэр даруй хөөн холдуулах хэрэгтэй. Төвд хүмүүс сургаалуудыг тайлбарлахдаа ийм маягаар амьтдаар дүрслэх дуртай байдаг. Энэ нь ч нилээд тустай байдаг.
Тавдахь хүч нь ерөөл. Тухайлбал өөрийн бүтээлийг гүйцээх ерөөл тавих. Энэ нь “Эзэн тэнгэр минь, би үүнийг хийж чадах болтугай” гэсэн утгатай бус харин түүнийг хийх хүчтэй хүсэл эрмэлзлэлтэй байх тухай юм. Өөрийн өөрийгөө эрхэмлэх, хувиа хичээх үзэлд дургүйцэн, түүнээс салахыг хүсэх байдал бас илэрнэ. Энэ нь ялаа бидний толгой дээгүүр эргэлдэхэд бид түүнд үнэхээр бухимдан өрөөнөөс гарахыг хүсдэгтэй адил. Хувиа хичээх байдалд хэдий их дургүйцэн түүнээс татгалзана төдий хэрээр тэр байдал багасна.
Өдрийн төгсгөлд уншиж болох нэг ерөөл бий. Энэ нь “Бодь сэтгэлээс хэзээ ч үл хагацах болтугай” хэмээх ерөөл юм. Миний багш Сэркон Ринбүүчи маш гайхалтай нэг зөвлөгөө өгсөн. Тэрээр “Лам багшаасаа өөрийгөө өвчин зовлонгүй эсвэл ажил үйлс тань бүтэмжтэй байх талаар залбирахыг хүсэхгүй байх хэрэгтэй. Багшаасаа хүсэх хамгийн сайн ерөөл бол өөрт тань аль болох хурдан бодь сэтгэл төрөх тухай ерөөл хүсэх явдал. Мэдээж энэ бол зөвхөн багшийнхаа сэтгэлийг татах гэсэн бус үнэн сэтгэлээсээ хүссэн хүсэлт байх ёстой” гэж хэлсэн. Бид өөрийн хүсэж буй ертөнцийн аливаа зүйлст ерөөл тавих зуршилтай байдаг учраас ийм ерөөл үнэхээр чухал.
Сэтгэл нь төрөл дамжих их хөлгөний увдис нь таван хүч тэдгээр болох ба түүнд явдал мөрийг эрхэмлэгтүн.
Үхэх үед бид энэхүү таван хүчийг бас ашиглаж болно. Ямар нэг сэтгэлийн төлөв байдалгүйгээр сэтгэлийг шууд Бурханы оронд илгээх хүчтэй арга хэрэглэхээс илүү энэ таван хүчийг ашиглах нь хамгийн сайн пова буюу төрөл авах арга болно. Хэрэв хийж буй зүйлийнхээ талаар ямарч ойлголтгүй байвал бидний сэдэл ердөө өнгөц төдий болно.
Эхний хүч нь сэтгэхүй буюу эрмэлзлийн (шидэх) хүч. Үхэх үед сэтгэлдээ байлгах хамгийн сайн зүйл бол “Би бодь сэтгэлийг улам хүчтэй төлөвшүүлж, энэхүү бүтээлийг ирээдүйн бүхий л төрлүүддээ хийснээр бусдад тус хүргэх болтугай” хэмээх хүсэл эрмэлзэл (дуршил) юм. Үхэх үед ийм эрмэлзэлтэй байх нь маш чухал. Пова гэж юу болохыг санаж байна уу? Сэтгэлээ бид юунд чиглүүлэхийг хүсэж байна вэ? Бид диваажинд очихыг хүсдэггүй. Энэ бол Бурханы шашин биш. Бидний хийхийг зорьдог зүйл бол сэтгэлээ гэгээрэлд хүргэх.
Цагаан хөрөнгөний хүч нь үхэхээс өмнө бүх зүйлээ бусдад өгсөнөөр бидэнд мөнгө, эд зүйл, бүр биедээ хүлэгдэх зүйлгүй болох явдал. Энэ бол үнэхээр нилээд чухал. Хүмүүсийг үхэх үед тэдний эд хөрөнгөтэй холбоотой маш таагүй зүйлүүд тохиолддог. Ард нь үлдэж байгаа хүмүүс ихэнх тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг нь булаалддаг бөгөөд энэ нь маш их асуудал үүсгэдэг. Тэд бидний “нандин” зүйлүүдийг тэдэнд хэрэггүй учраас гаргаж хаяна. Ийм зүйлүүдийг үхэхээсээ өмнө шийдэх нь сайн. Бүгдийг нь гэр бүлийн хүмүүс эсвэл ядуу зүдүү хүмүүст өгөх хэрэгтэй. Энэ нь биднийг явсны ард бүх зүйлийг хогийн саванд хийж хаяхаас илүү дээр.
Мөн өөрийн биед хүлэгдэх сэтгэлийг даван туулах нь чухал. Энэ тийм хялбар биш. Ийм үүднээс хийдэг олон хүчтэй бүтээлүүд бий. Жишээ нь, хэрэв тухайн уламжлалын дагуу газарт нутаглуулдаг бол “Үүнийг идэж, сайн хооллоно гэж найдаж байна” хэмээн өөрийн биеийг өт хорхойнд өргөх хэрэгтэй. Төвд хүмүүс маш аймар дүрслэл хийдэг. Тэд хэрэв биедээ их хүлэгдвээс бид өөрийн ялзарч буй бие дээр мөлхөн түүнийг идэх тэдгээр өтнүүдийн нэг болж төрнө гэж дүрсэлдэг. Энэ үнэхээр муухай, иймд биедээ хүлэгдэж шунахгүй байхыг хичээгээрэй.
Дадлагын хүч бол бодь сэтгэл дээр дахин дахин бясалгасны үр дүнд үхэх үед сэтгэл илүү нарийн болох хэрээр бодь сэтгэл, гэгээрэл дээр төвлөрсөн хэвээр байх тухай юм.
Бид үүнийг ханьцашгүй дээд тарнийн сургаал бас мөн гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Гэгээрэл гэдэг нь Бурханы чанарт, тод гэрлийн сэтгэлд бүрэн хүрэх гэсэн үг. Ханьцашгүй дээд, ануттарайога тарнийн дагуу үхэх үед бид өөрийн бүдүүн буюу танин мэдэхүйн сэтгэлийг нарийнаас нарийн тод гэрлийн сэтгэлд уусах явцыг мэдэхийг хичээх хэрэгтэй гэдэг. Үхэх дохио мэдэгдсэний дараа явагдах энэ үйл явц дээр төвлөрөхийг оролдох хэрэгтэй. Энэ хоёр бол ижил зүйл. Тарнийн бүтээлийн хувьд, бясалгал хийх болон үхэх үед бодь сэтгэлийн бүтээлийн үүднээс тод гэрлийн сэтгэл дээр төвлөрөх нь маш чухал байдаг. Бусдад туслах үүднээс сэтгэлийн энэхүү хэлбэрт хүрч, түүн дээр төвлөрөх сэдлээр энэ бүхнийг хийнэ.
Үхэх үед “арилгах” хүч нь өөрийн бие махбодыг эрхэмлэх хандлагатай холбогдоно. Үхэх цагт хадан дээрээс нисэн одох шувууны адилаар эргэж харалгүйгээр үхэх хэрэгтэй гэдэг. Үхэхийн өмнө өнгөрсөнд хийсэн өөрийн сөрөг үйл, сөрөг хандлагуудыг жигшин сахилаа сэргээж, өөртөө авшиг хүртээхийг хичээгээрэй. Энэ тийм хэцүү биш. Бага зэрэг ухаантай байгаа үедээ бид наад зах нь бодьсадвын сахилаа бататгаж болно.
Сүүлийнх нь ерөөлийн хүч. Энэ бол нилээд хэцүү. Учир нь энэ нь бусдын зовлонг авах үүднээс тамд төрөх, бодь сэтгэлээс салахгүй байх ерөөл юм. Бид үүнийг хэрхэн чин сэтгэлээсээ хийх вэ? Гэвч Номын сахиуснаас өөрийн сөрөг чадамжийг боловсорч дуусах нөхцөл бий болгох тусламж хүсдэгийн адил бид өөрийн сөрөг чадамжийг дуусган түүнийг даван гарахыг бид хүснэ. Хэрэв бид там эсвэл амьтны төрөлд төрөх үйлийн үртэй бол түүнийг бодь сэтгэлээр туулж өнгөрүүлснээр гэгээрэлд хүрэх зам мөрөө үргэлжлүүлэх нь илүү сайн гэсэн сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй.
Одоо энэ маш чухал. Ямар учраас тамын төрөлд очихыг хүсдэг бэ? Энэ нь бид муу хүн учраас тийш явж байгаа биш юм. Тамын төрөлд төрөх хүсэл нь бусдад хамгийн их тус хүргэх сэтгэлээр өдөөгдөнө. Бусдад хамгийн ихээр туслахын тулд бид тэдгээр үйлийн үрийн саад тотгоруудыг арилгах хэрэгтэй. Иймд бид тэдгээрийг туулж дуусгах ёстой. Муу төрлийн тэдгээр нөхцөлүүдээс эмээж, зайлсхийхийн оронд тэдгээр муу үйлийн үрийг дуусгах нь тустай гэдэг үүднээс тэднийг таатай угтан авах хэрэгтэй.
Бид мөн “Энэ бүхэн тамд төрөх ёстой тэдгээр амьтан бүрт тусыг хүргэх болтугай” гэсэн хүсэл эрмэлзэл төрүүлж болно. Ийнхүү бид зөвхөн өөрийн талаар боддоггүй. Өмнө Номын сахиусны талаар тайлбарласны адил тэрхүү эерэг сэдлийн улмаас сөрөг үйлийн үр бага болж боловсроно. Хүчтэй бодь сэтгэлийн үрээр тамд төрөх төрөл нь бөмбөг ойхтой адил болно гэж ярьдаг. Бид тамын төрөлд хэдэн хором болоод гарна. Үүгээр тэрхүү муу үйлийн үр боловсорч дуусна. Мэдээж энэ нь “Би үнэхээр эдгээр саад тотгоруудаас ангижирч бусдад илүү их туслахыг хүсэж байна” гэсэн чин сэтгэл бүхий сэдэл байгаа тохиолдолд тийм үр дүнд хүрнэ. Хэрэв зовлонгоос эмээх үүднээс тамын төрөлд удаан байхыг хүсэхгүй байгаа бол мэдээж бүтээл үр дүнтэй болохгүй.
Зарим хүмүүс тамын тухай ойлглтыг Бурханы шашны бус өөр шашны ойлголттой холбож, тэдгээр шашны хүрээнд өөрт тохиолдсон зарим бэрхшээлийн улмаас Бурханы шашин дахь тамын тухай ойлголтыг сонсохыг хүсдэггүй. Энэ бол Бурханы шашныг дутуу харж буй явдал. Тамыг ойлгох нэг хэлбэр нь хүн бидний хувьд мэдрэхүйн эрхтэнүүд нь тухайн хүртэж буй орныхоо талаарх мэдээллийг бүрэн хүлээн авах чадварын хувьд хязгаарлагдамал байдгийг харгалзаж үзэх явдал. Бид зөвхөн үзэгдэх гэрлийг хүлээн авдаг ба жишээ нь хэт ягаан, хэт улаан гэрлийг хүлээн авч чаддаггүй. Бид нохойны сонсож, үнэрлэж чаддаг тийм нарийн дуу, үнэрийг сонсож, үнэрлэж чаддаггүй. Үүний адил бидний бие махбодын хүртэхүйн чадамжийн боловсруулж чадах хэмжээнээс илүү хэмжээний таашаал болон шаналал зовуурь байх боломжтой. Тодорхой нэг түвшний шаналал зовууриас цааш хэтрэн гарсан зовуурь амсахад биед тодорхой нэг үйл явц явагдаж бид ухаан алддана. Харин тамын төрлийн амьтан бол өвчин зовуурийн хамгийн хүчтэй хэмжээг ухаан алдахгүйгээр бүрэн амсах мэдрэхүйн чадвар бүхий бие махбодтой байх болов уу. Энэ байх боломжтой зүйл гэж надад санагддаг.
Гэвч хэрэв бид тамын төрөлд төрөхөөс эмээж байвал энэ бүтээлийг мэдээж хийж болохгүй. Бурхан багш сургаалдаа үүнийг маш тодорхой үзүүлсэн. Тэрээр анхан шатны түвшний бодьсадва дээд шатны түвшний бодьсадвагийн бүтээлийг хийхийг оролдож болохгүй гэсэн. Үнэг арслангийн харайх газар харайж чадахгүй. Энэ бүтээлүүд маш хэцүү, гүнзгий. Гэвч эдгээр таван хүчний хувьд, мэдээж бид үхэх үед бодь сэтгэл дээр төвлөрөхийг оролдож чадна. Хүлэгдэх, уягдах сэтгэл бий болгохгүйн үүднээс өөрийн эд зүйлийг тарааж өгөх хэрэгтэй. Бид юмсыг ардаа эмх замбараагүй үлдээх шаардлагагүй. Бүх зүйлийг эмх цэгцтэй болгоод харамсах, дутуу орхисон зүйлгүй үхэх хэрэгтэй.