Эхлэл түвшний сэдэл

Initial level motivation

Номын жинхэнэ хувилбарын гурван түвшний сэдэл

Лам-рим нь гурван түвшний сэдлийг үзүүлнэ:

  • Бага төрөлхтөн (Эхлэл түвшин) – зөвхөн бидний дараагийн төрөлд бус хойдын бүх төрөлдөө сайн төрлүүдийн аль нэгэнд төрөл авахыг баттай болгох үүднээс бид бодно.
  • Дунд төрөлхтөн (Дунд түвшин) – бидний сэдэл хяналтгүйгээр дахин дахин авах төрлүүдээс бүрэн чөлөөлөгдөх; гэтлэх (амгаланд хүрэх) хүсэл байна.
  • Их төрөлхтөн (Гүнзгий түвшин) – бид хамаг амьтныг хяналтгүйгээр дахин дахин авах төрлүүдээс чөлөөлөгдөхөд нь туслах үүднээс бүрэн гэгээрсэн Бурханы хутагт хүрэхийг зорино.

Эдгээр түвшин тус бүр дахин төрлийн тухай ойлголтон дээр суурилсан байгаа нь илэрхий байна. Гэвч бидний өмнө ярилцсаны адил эдгээр гурван түвшинд хамаарах арга тус бүрийг Номын хялбарчилсан хувилбарын түвшинд бас хэрэглэж болно. Эдгээр сэдлүүд нь ач холбогдлыг нь ердөө бууруулж үзэж болохгүй зүйлүүд юм. Учир нь хэрэв бид тэдгээрийг чин сэтгэлээсээ төлөвшүүлж чадах юм бол тэд үнэхээр онцгой зүйлүүд байдаг.

Эрдэнэт хүний төрлийн шимийг санан өөрийг өрөвдөх сэтгэлийг арилгах

Бага төрөлхтний сэдлээр бидний хамгийн түрүүнд ойлгох зүйл бол бидний одоо олж төрөөд буй “эрдэнэт хүний төрөл” гэж бидний нэрлэдэг зүйлийн үнэ цэнийг ойлгож мэдэх явдал. Бүр Номын хялбарчилсан хувилбарын хувьд ч энэ бол “би ядарч зовсон хүн” гэх сэтгэл болон түүнээс улбаалан гарах сэтгэл хямралыг арилгахад маш тустай байдаг. Бид бидэнд тохиолдож болох бүхий л таагүй, хэцүү нөхцөлүүдийг бодож үзсэнээр, тийм нөхцөлд бид одоо байхгүй байгаа нь хэчнээн сайн хэрэг болохыг ойлгон ухаардаг.

Уламжлалт тайлбарт урт жагсаалт бүхий маш аймшигтай нөхцөлүүдийг дурддаг бөгөөд тэдгээрийг энд нэг бүрчлэн дурдах шаардлагагүй, учир нь бид ерөнхийлөн ойлгож болно. Жишээ нь, бид дайны бүс эсвэл өлссөөр үхэлд хүрэх, үр хүүхдээ тэжээж чадахгүй байх өлсгөлөнд нэрвэгдсэн газар амьдраагүй байгаа нь хэчнээн завшаантай хэрэг болох талаар бодож болно. Бид хатуу чанга дэглэмтэй хаалттай нийгэмд амьдраагүй байгаа нь сайн хэрэг. Энд байгаа румын настай хүмүүст дараагийн жишээ илүү хялбар санагдах байх. Бид оюуны, бие махбодын эсвэл сэтгэл зүйн хөгжлийн хувьд ямар нэг хэцүү бэрхшээлгүй байгаа нь хэчнээн сайн хэрэг вэ? Мэдээж Бурханы шашны үүднээс бид хүн бүр гишгэж алахыг хүсдэг жоом болж төрөөгүй нь үнэхээр сайн хэрэг болох талаар бас бодож үзнэ.

Ийм байдлаар бодох маш олон жишээ байх бөгөөд хэрэв бид өөрсдийгөө бодитоор харах юм бол бидэнд ийм их эрх чөлөө байгаа нь үнэхээр завшаантай хэрэг. Дээрх бүх бэрхшээлээс хэдий ангид байгаа ч бид эдгээр эрх чөлөөг жишээ нь Альцхаймерын өвчнөөр хэзээ ч алдаж болно гэдгийг мөн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр эдийн засгийн хямрал ихээхэн хурдацтай явагдаж байгаа бөгөөд юмс одоо байгаагаасаа илүү муудаж болно. Бидний байгаа нөхцөл байдлыг тодорхойлоход хэрэглэгддэг үг нь үнэндээ “чөлөө” гэдэг үг байдаг. Энэ нь маш муу нөхцөлөөс ердөө түр завсарлах гэсэн утгатай. Энэ чөлөө хэзээ ч дуусаж болно.

Эдгээр эрх чөлөөний зэрэгцээ бид бидний амьдралыг баяжуулж байдаг олон хүчин зүйлийг мөн харах хэрэгтэй. Жишээ нь, бидний ихэнх нь харьцангуй эрүүл байна. Мэдээж, бид өвдөж болно, гэвч энэ мөчид бид эрүүл саруул аж төрж байна. Бурхан багш эдгээр сургаалыг зааж, тэдгээр нь уламжлагдан дамжсаар бидний үед хүрч ирсэн. Сургаал ном сонсож болох олон багш, үзэж судлах олон ном бүтээлүүд байна. Бидэнд олон олон боломжууд илэрхий байна. Ийм нөхцөлд бид бидэнд байгаа энэхүү чөлөө, учралыг танин мэдэж, бид хэчнээн зол завшаантай болохыг үнэхээр гүн ойлгон ухаарах хэрэгтэй.

Видео: Гэвш Лхакдор — “Захиас”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Үхэл мөнх бусыг санаснаар эрдэнэт хүний төрлийн шимийг авах

Бага төрөлхтний ойлголтын дараагийн нэг зүйл нь бидний энэхүү эрдэнэт хүний төрөл мөнх үргэлжлэхгүй гэдгийг үнэндээ ойлгох явдал. Энэ нь амьдралын явцад нөхцөл байдлууд өөрчлөгдөж байдаг тэрхүү бодит үнэнээр хязгаарлагдахгүй, үнэндээ бид бүгд эцэст нь нас эцэслэх тухай юм. Ийм учраас үхэл, мөнх бусын талаар бясалгах олон бясалгалууд байдаг. Олон хүмүүс, олон нийгэм энэхүү ихэнх тохиолдолд цээртэй сэдэв болдог үхэл, мөнх бусын талаар ярихгүй байхыг хичээдэг. Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ үхэх энэхүү бодит үнэнийг бид үнэхээр хүлээн зөвшөөрдөггүй. Үүнд бидний хайртай хүмүүс, бидний мэдэх хүн бүр бид өөрсдөө багтана. Энэ бол бодит байдал.

Бид магадтай үхнэ гэдгийг батлах олон шалтгаан бий. Өмнө амьдарч байсан хүн бүр нас эцэслэсэн байхад яагаад бид тэднээс онцгой эсвэл өөр байна гэж? Мөнх бусыг үзүүлэх хамгийн гол шалтгаан бол төрсөн явдал, иймд хэрэв бид төрсөн бол үхнэ. Бие цогцос нь хэврэг зүйл байх бөгөөд нас ахих хэрээр элэгдэж муудна. Бидний боддогийн адил хүчтэй зүйл байдаггүй, маш амархан гэмтэж, доройтно. Бид үүнийг учир шалтгааны үүднээс ухаарч ойлгох хэрэгтэй бөгөөд ингэснээр энэ нь алгуур бидний сэтгэлийн түвшинд хүрч ирнэ.

Бид үхэх нь магадтай гэсэн энэ үнэний дараах хоёр дахь үнэн зүйл нь хэзээ гэдгийг бид ердөө мэдэхгүй байх явдал. Нас эцэслэхийн тулд бид өтөлж эсвэл өвдөх шаардлага байхгүй; залуу, эрүүл саруул олон хүмүүс өндөр настай эсвэл өвчтэй хүнээс хамаагүй өмнө нас эцэслэх нь байдаг. Саяхан нэг том онгоцны осол болсон, гэвч онгоцонд сууж явсан хүмүүсийн хэн нь ч ийм осол болно гэж бодоогүй л байсан. Бид хэзээ ч автобусанд мөргүүлж болно. 54 настай, эв эрүүл биетэй байсан миний нэг дотны найз ердөө хоёр долоон хоногийн өмнө гэнэт зүрхний шигдээсээр нас барсан.

Бид хэзээ ч үхэж болно гэдгийг батлах үнэхээр олон шалтгаан бий. Үхэл биднийг ажлаа дуусгах эсвэл хооллож дуусах эсвэл юу ч хийж байсан түүнийг дуусгахыг хүлээхгүй. Бид үхэлд “Хүлээж байгаарай, би ердөө үүнийг дуусгаад орхиё” гэж хэлж болохгүй. Үхэл ирэх цаг болоход тэр ирж, бидний амьдрал төгсдөг. Бидний амьдрах цаг дуусах үед түүнийг сунгахад бидний хийж чадах зүйл их байдаггүй. Та хахууль өгч болохгүй. Бид амьсгалын аппаратын тусламжтайгаар бие махбодыг дэмнэж болох боловч энэ бүхний эцэст тодорхой хугацаа өнгөрөхөд насан эцэслэх байтал ийн ургамал адил төлөвт байхын утга учир юу байх билээ?

Үхэл, мөнх бустай холбоотой гурав дахь гол зүйл нь үхэл ирэх цагт юу бидэнд тус болохыг шинжилж үзэх явдал. Бид мөнгө хөрөнгө, гэр бүл, найз нөхдөө авч явж чадахгүй. Үхэх цагт бунхан бариулж өөрийгөө тэнд тавиулсан ч үнэндээ бид түүнийг ч авч явж чадахгүй. Бурханы шашны үүднээс, үхэх цагт бидэнд туслах зүйл бол үнэндээ сэтгэлийн үргэлжлэлдээ хураасан эерэг зуршил юм гэж үздэг.

Бид маш их эерэг зүйл хийж, бусдад тусалж эсвэл уур, хувиа хичээх сэтгэл гэх мэт сэтгэлүүдийг багасгахтай холбоотой шашны зам мөрдөө ихээхэн ахиц дэвшил гаргасан байж болно. Эдгээр нь бидний сэтгэлийн үргэлжлэлд гүнзгий нөлөө үзүүлнэ. Номын хялбарчилсан утгын хувьд тэр үед бид харамсахгүй байж, ялангуяа бид хайртай хүмүүсээ асарч халамжилж эсвэл илүү өргөн хүрээнд нийгэмд хувь нэмэр оруулсан бол бид үр бүтээлтэй, эерэг амьдралаар амьдарчээ гэсэн сэтгэл бидэнд төрнө. “Би сайн, үр бүтээлтэй амьдралаар амьдарчээ” гэсэн бодол, сэтгэл төрснөөр сэтгэл тайван амгалан байна.

Номын жинхэнэ утгын хувьд бид бидний сэтгэлийн үргэлжлэл дэх эдгээр эерэг зуршил, хандлага, ул мөр нь бидний хойдын төрлүүдэд үргэлжилнэ гэсэн итгэлтэйгээр насан эцэслэж болно. Бид “Хойдын төрлүүддээ би эрдэнэт хүний төрөлд төрнө. Би маш эерэг дотоод мэдрэмжтэй хүүхэд болж төрнө” гэсэн сэтгэлтэйгээр насан эцэслэнэ. Бид үүнийг хүүхдүүдээс харж болно. Зарим хүүхэд бүр бага байхаасаа үргэлж уйлж, уурладаг байхад нөгөө нэг хэсэг нь тайван, бусдад элэгсэг хандаж байдаг. Энэ бол тэдний өмнөх төрөлдөө суулгасан эерэг зуршлын үр дүн юм. Нас эцэслэх үед сэтгэл тайван байх нь маш их тустай. Банкан дахь бидний мөнгө бидэнд ямар ч тав тух өгөхгүй. Учир нь үхэх цагт тэр нь ердөө компьютерын дэлгэцэн дээрх тоо болно.

Үхэл, мөнх бусын бясалгал

Ийм учраас өнөөдөр бидний амьдралын сүүлийн өдөр хэмээн дүрслэх мөнх бусын бясалгал байдаг. Бид өөрөөсөө, хэзээ ч үхэхэд бэлэн байгаа эсэхээ асууна. Хэрэв би өнөөдөр үхэх бол амьдралаа хэрхэн авч явсан талаар харамсах зүйл надад байна уу? Үүний гол санаа бол мэдээж сэтгэл санаагаар хямрах бус харин энэхүү эрдэнэт хүний төрлийн шимийг авах, бидэнд одоо байгаа бүхий л боломжуудыг ашиглах хүсэл эрмэлзэл төрүүлэх явдал. Энэ бол энэхүү бясалгалын үндсэн зорилго. Би ердөө өдөр өдрөөр насыг элээх төдийгүй хором хормоор үхэл уруу ойртож байдаг. Нэг өдөр өнгөрөхөд, бидний амьдрах хугацаа нэг өдрөөр хорогдоно. Цаг хугацаа өнгөрөн одож байхад бид хэдий хугацаа үлдсэн талаар юу ч бодохгүй байдаг. Ийм учраас бид амьдралаа маш сайн ашиглаж, цагийг ердөө үрэхгүй байхыг хүснэ. Амьдралаа үнэхээр үрсэн байх бөгөөд илүү их зүйлд хүрч болох байсныг ойлгосон сэтгэлээр нас эцэслэх нь нас эцэслэх үеийн сэтгэлийн маш муу төлөв.

Бид “Би өөрийн боломжийг дэмий алдахгүй” гэсэн сэтгэлийн төлөв байдлыг нэг тэнцвэртэй байдлаар бий болгох хэрэгтэй. Айдас дунд амьдрах, хэзээ нэг ажилгүй, эсвэл бясалгал хийхгүй болох вий хэмээн үргэлж айж, хэт их тэр бүхэнд автахаас бид зайлсхийх ёстой. Бид амрах, хэрэв шаардлагатай бол завсарлага авч, дараа үргэлжлүүлэн хийх хүч чадал авч байх хэрэгтэй. Миний дуртай Зэн Бурханы шашны нэг хэллэг бол: “Үхэл хэзээ ч ирж болно. Тайван бай” гэдэг хэллэг. Хэрэв та энэ талаар бодож үзэх юм бол энэ үнэхээр их утга санаа илэрхийлж байдаг. Тийм, бид хэзээ ч үхэж болно, гэвч түүнд сэтгэл зовох, хэт автах нь асуудлыг илүү хүндрүүлнэ.

Гол утга санаа бол бидний авч төрсөн энэхүү эрдэнэт хүний төрлийн шимийг гаргах, гэвч ингэхдээ үүнийг тэнцвэртэй байдлаар хийх явдал. Шаардлагатай үед амарна, хэрэв их ядраагүй, ердөө залхуурч байгаа бол өөртөө үнэнч байна. Сэдлээ сэтгэлдээ санаж байхыг хичээх хэрэгтэй.

Мэдээж, үхлийг санах бясалгалыг Номын хялбарчилсан болон жинхэнэ утгын аль аль хувилбарт харгалзуулан хийж болно. Жишээ нь, хийлгүй үлдээсэн зүйлүүд байгаа бол, хэн нэгэн хүнд түүнийг хайрлаж хүндэлдэг мөн тэдний хийсэн бүх зүйлд талархаж байдгаа илэрхийлэх, эсвэл хэн нэгнээс уучлал гуйх, эвлэрэх, бүү хүлээ. Тэр хүн маргааш энд байхгүй байж болно, бид маргааш энд байхгүй байж болно. Энэ бол үхлийг санаснаар бидний ойлгож мэдэх Номын хялбарчилсан хувилбарын утга санаа юм. Энэ нь ямар ч түвшинд маш чухал, үнэхээр тустай; үхлийг битгий үгүйсгэ, харин түүнд бэлд. Бид бүр өөрийн үхэл, оршуулах ёслолыг ч дүрсэлж болно. Энэ нь бидэнд илүү бодит байж болох юм. Зөвхөн тэр талаар байнга бодож, гутарч, хэт хямрахгүй байхад анхаарах хэрэгтэй!

Нас эцэслэснээр авч болох хойдын муу төрлийн зовлонг санах

Ингээд үхсэний дараа юу болох талаар бодож үзсэнээр цааш үргэлжлүүлнэ. Энд бидний авч болох хамгийн муу төрөл болон түүнийг хэрхэн чин сэтгэлээс авч үзэх талаар тайлбарлан хүргэе. Бурханы шашны тайлбарт бидний энэхүү хүний төрлөөс доогуур төрөл болох амьтны төрлийг үзүүлээд зогсохгүй бидний үнэндээ харж чаддаггүй төрлүүдийг бас авч үздэг учраас энэ ердөө хялбар биш.

Амьтны төрлийг авч үзэх үед үүнд бүхий л төрлийн шавьж, загас гэх мэт бүх төрөл зүйл багтдаг гэдгийн санах хэрэгтэй. Тэр бүх айдас, зовлон бүхий амьтны төрөлд төрвөл хэчнээн бэрх хэцүү байхыг харуулсан олон жишээ байдаг. Амьтны төрлийн тухай бодох үед бид том орд харшид хумсаа арчлуулан амьдрах пудель нохойны амьдралыг төсөөлдөггүй. Харин ихэнх хүмүүсийн дургүй жоом, харх, амьдаараа том амьтанд идүүлэх загас, хорхой шавьж, мэдээж хүний хүнсний хэрэгцээнд үржүүлэн нядалдаг тэдгээр амьтдын талаар бодно.

Ирээдүйд гарах ийм хэтийн төлөвүүдтэй холбогдон гарах сэтгэл хөдлөлийг “айх” гэж орчуулдаг боловч би үүнийг хамгийн зөв тохирсон үг гэдэгт эргэлздэг, учир нь энэ нь бидэнд хийж чадах зүйл байхгүй мэт итгэл найдваргүй нөхцөл байдлыг илэрхийлнэ. Гэвч бид үүнээс зайлсхийх ямар нэг зүйл хийж болдог учраас үнэхээр түүнийг тохиолдохгүй байхыг маш хүчтэй хүсэх гэсэн утгатай “үл хүсэх” гэдэг үгийг би илүүд үздэг.

Жишээ нь, бид үнэхээр ач холбогдолгүй нэг бизнес уулзалтанд явах ёстой болсон гэж бодъё. Бид түүнд оролцохыг хүсэхгүй. Энэ нь үнэхээр уйтай, таагүй байх боловч бид түүнд оролцохоос айж байгаа хэрэг биш. Энэ бол бидний төрүүлэх ёстой сэтгэл хөдлөл юм. Бид хэзээ ч орхиж болох энэхүү эрдэнэт хүний төрлөө дараагийн төрөлдөө жоом болж төрөхгүй байхад ашиглахыг үнэхээр хүснэ. Жоом болж төрвөл үнэхээр таагүй бөгөөд бид ийм зүйл болохыг хүсэхгүй учраас түүнээс зайлсхийх ямар нэг зүйл хийх ёстой.

Номын жинхэнэ утгын хувьд бид зөвхөн амьтан, шавьж хорхойн төрлийн тухай бус бирд, тамын төрлийн тухай ярина. Бид эдгээрийг багтааж ярихаас ичихгүй байх хэрэгтэй; эдгээр тайлбаруудыг ердөө далдалж нуух нь Бурханы шашны хувьд шударга биш. Харин бид ямар нэг шинэ, бидний үзэл бодлоос өөр зүйлийг шинжилж судлахад бэлэн нээлттэй сэтгэлтэй байж “Би үүнийг үнэхээр ойлгохгүй байна” гэж хэлж болно.

Хүний бус төрлийг хэрхэн ойлгох вэ?

Үүнийг бид сэтгэлийн үйл ажиллагааны тухайд, өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг мэдэрч туулах нэг агшин бүртэй холбон ойлгож болно. Агшин бүрд бидэнд нэг оюуны голограм бий болох бөгөөд энэ нь ямар нэг зүйлийг харах, мэдэх, эсвэл бодох зэрэг нь чухам ямар үйл явц болохыг хэлж байгаа юм. Ямар нэг зүйлийг туулж, амсах агшин бүрийг баяр эсвэл гунигийн тодорхой мэдрэмж дагалдана. Энэ нь үнэндээ биднийг компьютероос ялгаж өгдөг тэр зүйл мэт санагддаг. Компьютерт мэдээлэл хадгалагдах бөгөөд тэдгээрийг боловсруулах ба нэг үгээр хэлбэл, компьютер тэдгээрийг мэддэг. Гэвч компьютер баяр эсвэл гунигийг мэдрэхгүй, тэрхүү мэдээллээ үнэндээ амсаж мэдэрдэггүй. Бидэнд байх баяр, гунигийн мэдрэмж нь туулж амсах гэдгийг тодорхойлох тэр зүйл бөгөөд баяр, гунигийн хүрээ нь дэндүү олон янз. Бидний эдэлж туулж чадах тэрхүү хүрээний хэмжээ нь бидний техникийн хүчин чадлаас; өөрөөр хэлбэл бид ямар төрлийн биетэй байгаагаас шалтгаална.

Үүнийг зөвхөн баяр, гунигийн хувьд бус харин бидний янз бүрийн мэдрэхүй тус бүрийн хувьд ойлгож болно. Зарим хүмүүс бусдаасаа илүү холыг харж, зарим хүмүүс бусдаасаа илүү сайн сонсож, зарим хүмүүс бусдаасаа илүү халуун, хүйтэнд тэсвэртэй байж чаддаг. Амьтдын хувьд, нохой биднээс өөр төрлийн биетэй тиймээс өөр техник хангамжтай учраас хүний чаддагаас илүү өндөр давтамжийг сонсож чаддаг. Бүргэд нь бид хүний нүдээр харж чадахаас илүү холыг бүргэдийн нүдээр харж чадна. Хэрэв энэ нь олон өөр мэдрэхүйн хувьд ийм байдаг бол яагаад баяр, гунигийн мэдрэмжийн хүрээнд бас ийм байж болохгүй гэж?

Хэдийгээр өвдөлт болон таашаал нь баяр болон гунигтай яг адил биш ч гэсэн бид тэдгээрийг энэ ярианд багтааж болно. Баяр, гунигийг сэтгэлээр мэдэрдэг бол таашаал, зовуурь нь, юутай ч англи хэлэн дэх тэдгээр үгийн утга нь, ихэвчлэн бие махбодтой холбоотой байдаг. Хүний техникийн хүчин чадлын хувьд, бие махбодын зовуурь хэтэрхий хүчтэй болох үед бид ухаан алдана. Сэтгэлийн зовуурийн хувьд, бид хүчтэй цохилтонд орж, бие махбод шууд унтарч болно.

Харин таашаал нь их сонирхолтой байдаг. Хэрэв загатнааг ажиглах юм бол тэр нь үнэндээ чигжүү таашаал байна. Тэр нь огтоос хүндүүр бус харин үнэн хэрэгтээ хэтэрхий таашаалтай байх учраас бид зөн совингоороо түүнийг маажиж үгүй хийдэг. Энэ бол загатнааг таашаалтай холбож, хүчтэй загатнуур бүхий ужиг арьсны өвчнийг шийдэх арга юм. Ялангуяа маажуур нь эрсдэл бүхий үед зөвхөн тайван байж, түүнд баясан таашаахыг хичээх нь маш гүнзгий, маш хэцүү бүтээл болно. Гэвч энэ бол боломжтой. Ямар ч тохиолдолд, хэрэв бид сексийн таашаалын үүднээс бодож үзэх юм бол, тэр нь хэдий их хүчтэй байх тусам төдий чинээ бид түүнийг хурдан дарах үүднээс хурдан оргилд нь хүргэж дур тавихыг хүсдэг.

Энэ мэт хүн бидэнд байх энэхүү текникийн хүчин чадал нь баяр, гуниг, таашаал, зовуурийн тэрхүү нийт цар хүрээний зөвхөн тодорхой нэг хэсгийг амсаж хүртэж чаддаг болохыг бид харж байна. Бид бас амьтад харах, сонсох гэх мэт мэдрэхүйн өөр өөр хүрээнд биднээс илүү хүртэж чаддаг болох талаар авч үзсэн. Иймд хөндүүр, таашаал, баяр, гунигийн тэрхүү хүрээнээс илүү ихийг амсаж хүртэх чадвартай өөр төрлийн техникийн хүчин чадал логикийн хувьд байж болохоор байна. Яагаад болохгүй гэж?

Нэг наснаас нөгөө насанд үргэлжлэх үргэлжлэлийн хувьд яригддаг тэр зүйл бол энэхүү сэтгэлийн үйл ажиллагаа юм. Үүнд хамгийн хүчтэй зовлон болон хөндүүрээс эхлээд хамгийн супер хүчтэй таашаал болон баяр жаргал хүртэлх тэрхүү хүрээг бүхэлд нь амсаж, хүртэж чадахгүй байх ямар нэг шалтгаан байхгүй. Энэ бол ердөө төрөл тутамдаа бидний авч байгаа тэрхүү техникийн хүчин чадлын асуудал юм. Энэ нь Бурханы шашинд дүрслэн үзүүлдэг бидний харж чаддаггүй тэдгээр төрлүүдийг авч үзэх, наад зах нь шинэ эсвэл өөрийн үзэл баримтлалаас өөр зүйлүүдийг хүлээн авахуйц нээлттэй сэтгэлтэй байхад ч хангалттай, учир шалтгааны үндэслэлтэй арга юм. Бид амёбыг харж чаддаггүй боловч шинжлэх ухааны дэвшил болох микроскопоор харж тэднийг амьд организм гэж хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй адил бид бирдийг харж чадахгүй байж болох ч сэтгэлийн хөгжил дэвшилд хүрснээр энэ нь боломжтой болж болно.

Номын хялбарчилсан хувилбар нь бусад бүх төрлийг хүний аливааг мэдэрч туулах хэлбэрүүд болгож үздэг. Жишээ нь, хэн нэг хүний сэтгэл санааны хэм нь алдагдсан, үнэхээр тайван бус байж болох бөгөөд энэ нь тухайн хүн тамд амьдарч байгаа мэт байна. Энэ нь бидэнд тухайн хүнийг ойлгож хайрлах, цаашид тэр хүн тийм байхгүй байхыг хүсэх сэтгэл төрөхөд тусалж болно. Энэ нь Номын хялбарчилсан утгын түвшинд хүчин төгөлдөр ойлголт болно. Харин, Номын жинхэнэ утгын хувьд бид зөвхөн хүний туулж мэдрэх мэдрэмжүүдийг яриад зогсохгүй сэтгэлийн үргэлжлэлтэй байх гэдэг үүднээс өөрийн болон бусдын туулж мэдрэх мэдрэмжүүдийг авч үздэг. Энэхүү сэтгэл нь баяр, гуниг, таашаал, зовуурийн алинаар ч дагалдаж болно. Бид мэдээж ирээдүйд хязгаарлагдмал, зөвхөн хамгийн хөндүүр мэдрэмжүүдийг туулах тийм суурьтай байхыг хүсэхгүй. Энэ бол ойлгомжтой.

Үүнээс зайлсхийх арга байдаг уу? Энэ бол чухал асуулт! Нэгдүгээрт, эдгээр доод төрлүүдээс зайлсхийх боломж өгөх тодорхой эерэг зүг чигийг амьдралдаа гаргах ёстой. Үнэндээ энэ нь зөвхөн түүнд хүргэх бус биднийг гэтлэхүй, гэгээрэлд бас хөтөлнө.

Амьдралдаа аюулгүй зам мөр гаргах: Аврал одуулах

Сонсоход “Бурхан минь, намайг авраач!” хэмээн аврагч Бурхан багшид хандаж буй мэт хэт идэвхгүй, буруу ойлголт төрүүлэхүйц санагддаг “аврал” гэдэг хэллэгт би тийм их дуртай биш. Бид идэвхгүй бус харин маш идэвхтэй зүйлийн тухай ярьж байгаа. Би үүнийг амьдралдаа “аюулгүй зам мөр” гаргах гэдгээр тайлбарладаг; хэрэв бид энэ зам мөрөөр явбал, бид өөрсдийгөө доод муу төрөлд төрөхөөс, хяналтгүй дахин дахин гарах төрлүүдээс, мөн бусдад аль болох их тусалж чадахгүй байх байдлаас хамгаалж чадна.

Бурхан багшийн сургаал гэж гол төлөв орчуулагддаг “Дхарма” (Ном) гэдэг үг нь үнэндээ хамгаалах арга гэсэн утгатай үг байна. Энэ нь ирээдүйд гарах асуудал, зовлонгоос зайлсхийх, хамгаалахын тулд өөрийн нэг хэсэг болгодог нэг зүйл юм. Бид муу төрөл, дахин төрөл, бусдад бүрэн тусалж чадахгүй байх гэсэн эдгээр гурван асуудлаас зайлсхийх үүднээс тэдгээр аргуудыг амьдралдаа хэрэгжүүлдэг.

Бурхан багшийн үзүүлсэн тэрхүү зам мөр нь чухам юу юм бэ? Тэрхүү зам мөр бол үнэндээ Бурхан багшийн өөрийнх нь хүрсэн, бүх тотгор, сул тал, төөрөгдөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг бүрэн арилгасан байдал юм. Үүний зэрэгцээ Бурхан багш сэтгэлд байх бүх эерэг чадамжуудыг төлөвшүүлж чадсан. Энэ бол бидний ярьж буй зам мөр. Энэ бол үнэндээ Бурхан, Ном, Хувраг гэсэн ховор, чухаг Гурван эрдэнийн аврал гэдгийн илэрхийлдэг зүйл. Ном гэдэг нь үнэндээ Бурхан багшийн хүрсэн, бид ч гэсэн хэрхэн түүнд хүрч болох тухай түүний заасан зүйл. Бурхан бол үүнд бүрэн хүрсэн хэн нэгнийг илэрхийлнэ. Хувраг бол сүм хийдийн эсвэл Бурханы шашны төвүүдийн хүмүүс бус харин хийд хүрээг ерөнхийд нь илэрхийлнэ. Үнэндээ бүр энэ ч үнэхээр бидний аюулгүй зам мөр, аврал биш юм. Гурван эрдэнийн нэг болох Хувраг нь Бурханы бүрэн хүрсэн тэр зүйлийн тал хэсэгт хүрээд байгаа өндөр эрдэмтэй хутагтуудыг илэрхийлнэ.

Угтаа энэ бол бидний хамгийн эхэнд хийх хэрэгтэй зүйл юм. Бид зам мөрийг амьдралдаа чин сэтгэлээсээ гаргах ёстой; тэр бол бидний хичээн зүтгэх тэр зүйл. Бид Бурхан багшийн хүрсэн зүйлд Бурхан багшийн бүрэн гүйцэд хийсэн, Хуврагийн талд нь хүртэл хийгээд байгаа тэр аргаар хүрэхээр хичээн зүтгэдэг. Амьдралдаа энэхүү зам мөрийг гаргах нь бүхий л түвшинд гайхалтай их өөрчлөлтөнд хүргэдэг. Учир нь бидний амьдрал утга учиртай, зүг чигтэй болдог. Бид өөрсдийн сул талыг арилгаж, нөөц чадамжиндаа хүрэхээр өөртэйгөө ажилладаг. Хэрэв бид үүнийг хийж чадвал “Амьдралын утга учир юу болохыг би мэдэхгүй. Би энд юу хийж байгаагаа мэдэхгүй байна; амьдрал үнэхээр утгагүй” гэж бодохгүй учраас тэр үед сэтгэл зүйн хувьд илүү их баяр жаргалтай болно. Ийм байдлаар бодох нь маш таагүй сэтгэлийн төлөв байдал бөгөөд хүмүүст ийн бодогдох үед энэ нь тэдний амьдрал мөнгө тойрон эргэлдэж байгаа гэсэн утгатай байдаг. Улиг болсон нэг үнэн бол “мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй.”

Сөрөг зан байдлаас зайлсхийх

Ингээд бид амьдралдаа ийм аюулгүй зам мөртэй боллоо. Үүн дээр суурилсан, муу төрлөөс зайлсхийх тэр арга нь юу байх вэ? Арга нь бие, хэл, сэтгэлээрээ сөрөг байдлаар үйлдэл хийхээс зайлсхийх. Энэ нь бид уур, шунал, мэдлэг туршлагагүй байдал, атаархал, омог гэх мэт урт жагсаалт бүхий сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж тэдгээр гурвын аль нэгнийг үйлдэхгүй байхыг хичээх гэсэн үг. Одоо бидэнд байгаа энэхүү эрдэнэт хүний төрлийн ач тусыг гаргах хамгийн сайн арга бол эхлэл түвшинд сөрөг байдлаар үйлдэл хийж, ярьж, бодохоос зайлсхийх явдал юм.

Гэвч бид үүнийг Бурханы шашны хүрээнд хийх хэрэгтэй. Ерөнхийдөө бүх шашин амь таслах, хулгай хийх гэх мэт сөрөг үйлдэл хийхгүй байхыг сургадаг. Гэвч Бурханы шашны ялгарах онцлог нь энэ бол хууль дүрэм биш байх явдал. Бурханы шашны ёс зүй нь “Хуулийг дага, үгүй бол та шийтгүүлнэ” гэх адилаар хууль дүрмийг дагах явдал дээр суурилдаггүй. Иргэний шүүхийн хувьд шийтгэлээс зугтах үүднээс бид хахууль өгч эсвэл сайн өмгөөлөгч хөлсөлж болно. Мөн хэрэв бид хуулийг дагавал сайн хүн, хэрэв үгүй бол муу, гэмт хэрэгтэн болохтой адил биш. Дагаж биелүүлэх нь Бурханы шашны ёс зүйн суурь биш.

Эерэг зан байдалд идэвхийлэн оролцох

Бурханы шашинд эерэг зан байдал гэдгээр юуг илэрхийлдгийг мэдэх нь чухал. Бид үүнийг сөрөг зан байдлын үүднээс харж мэдэх боломжтой. Жишээ нь, амьтны амь таслахын нэг хэлбэр нь ан хийх байж болно. Тэгвэл хэрэв бид хэзээ ч ан хийж байгаагүй, ан хийхийг сонирхдоггүй байсан бол тэрхүү ан хийхгүй байгаа байдал нь хэдийгээр сайн зүйл байсан ч эерэг үйлд тооцогдохгүй. Эерэг үйл гэдэг нь шумуулыг алахаар цохихыг хүсэх үед түүнийг хүссэнийхээ дагуу хийхгүй байхыг хэлнэ. Хэрэв бид түүнийг үйлдэх юм бол бид ердөө л би, би, би гэж бодон уураар түүнийг хийж байдгийг ойлгох хэрэгтэй. Дээр нь, хэрэв бид шумуулыг алах юм бол энэ нь өөрийн дургүй ямар ч зүйлийг ердөө алах байдлаар шийдвэрлэх, оролдох нэг хүчтэй зуршлыг бий болгоно гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Иймд шумаалыг цохихын оронд түүнийг аягаар даран авч гадагш гаргах гэх мэт түүнийг шийдвэрлэх тайван аргын олох хэрэгтэй. Эерэг үйл бол өөр нэг амьтныг алахыг үнэхээр хүсэх үед түүнийг хийхгүй байх явдал. Шалтгаан, үр дагаврыг нь ойлгож байгаа учраас бид түүнийг үйлддэггүй. Ийм төрлийн эерэг үйл нь бидний сэтгэлд маш хүчтэй эерэг чадамжийг бий болгодог.

Шумуулыг алахгүй байгаад зогсохгүй харин түүнийг хооллох эерэг үйлийн бүр хүчтэй түвшингүүд байдаг. Бид түүнд өөрийн цуснаас бага зэрэг амсуулж болно. Тэгээд ч бидэнд их бий шүү дээ. Миний уулзаж байсан үүнийг хийж чаддаг хэд хэдэн хүн бий. Ан хийдэггүй гэдэг нь бидний бодож байгаа шиг тийм хүчтэй эерэг үйл байдаггүй.

Бурханы шашны ёс зүйн суурь нь зан байдлын шалтгаан ба үр дагаврыг ойлгох явдал болох нь

Бурханы шашинд ёс зүйн үндсэн суурь нь тодорхой байдлаар үйлдэл хийх нь тодорхой төрлийн үр дагавар гаргадаг гэдгийг ойлгох, юу гэм хортой, юу тустай болохыг ялгах явдал байдаг. Жишээ нь, хэрэв бид сөрөг, гэм хортой байдлаар үйлдэл хийвэл энэ нь бидний сэтгэлд зовлонтой эсвэл тайван бус төлөв байдлыг бий болгоно. Бидний суурь төөрөгдлийн улмаас бид ийм байдлаар үйлдэл хийдэг. Юуны түрүүнд бид сөрөг, гэм хортой байдлаар үйлдэл хийх нь үнэндээ мансууруулах эсвэл согтууруулах зүйлээс хамааралтай болохын адил өөрт гэм хортой гэдгийг мэдэхгүй байж болно. Мөн түүнчлэн, бид байнга мансуурсан эсвэл согтсон байх үед өөрийн асуудлаас зайлсхийж чадна гэж буруу бодож болно.

Зан байдлын ёс зүйн үндэс суурийг ойлгосноор бид муу учраас бус харин бид төөрөлдсөн учраас сөрөг байдлаар үйлдэл хийдэг гэдгийг ойлгодог. Бусдууд сөрөг байдлаар үйлдэл хийх үед энэ нь тэд муу, шийтгүүлэх ёстой учраас бус тэд төөрөлдсөн, сэтгэлийн тайван байдал нь алдагдсанаас болдог. Тэд, бидний тэдэнд төөрөгдлөө арилгахад нь туслахыг хүсэх бидний энэрэн нигүүлсэх сэтгэлийн орон болно. Тийм, хэрэв тэд бусдад үргэлжлүүлэн хор хүргэсээр байх магадлал байвал бид тэднийг хорих хэрэгтэй болох байх. Гэвч үүнийг өөр ойлголтоор хийх хэрэгтэй. Бид тэднийг шийтгэж эсвэл тэдэнд гэм хор учруулах шаардлагагүй харин нэг үгээр хэлбэл тэдэнд туслах хэрэгтэй. Тэд мөнхөд үргэжлэх сэтгэлийн нэг үргэлжлэлтэй учраас хэрэв бид ямар нэг байдлаар тэднийг одоо засан сайжруулахыг оролдохгүй бол тэд цаашид ердөө маш сөрөг байдлаар үргэлжлүүлэн үйлдэл хийсээр байх болно.

Гэвч энэхүү эхлэл түвшинд бид голлон өөр дээрээ анхаарч Номын хялбарчилсан хувилбарын хувьд энэ насанд, Номын жинхэнэ утгын хувьд ирээдүйн бүх төрлүүдэд гарах муу нөхцөлүүдийн аль алинаас нь зайлсхийхийг хүснэ. Энэ түвшинд, энэ бол бид хэрхэн аюулгүй зам мөрийг олж энэхүү эрдэнэт хүний төрлийг ашигладаг явдал юм. Бидэнд ийм хүний төрлүүд хэрэгтэй, учир нь гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд урт удаан хугацаа шаардагдана. Номын хялбарчилсан утга нь Номын жинхэнэ утгын өмнөх шат болдогтой адил энэхүү бага төрөлхтний түвшнийг бид дунд болон их төрөлхтний түвшний өмнөх шат гэж харж болно.

Дүгнэлт

Энэхүү бага төрөлхтний сэдэл нь бидэнд одоо буй энэ гайхалтай эрдэнэт хүний төрөл ямар чухал болохыг танихаас эхэлнэ. Бидэнд энэ бие байна, бидэнд боломжууд байна, түүний дээр бидэнд хүний оюун ухаан байна; хэрэв бид өөрийн сэтгэл, ухаанаа ашиглая гэвэл бидэнд хүрч чадахгүй зүйл гэж бараг байхгүй.

Бидэнд одоо байгаа энэ гайхалтай нөхцөл мөнх үргэлжлэхгүй, учир нь мөнх үргэлжилдэг зүйл гэж үгүй. Бид хэдий баян чинээлэг эсвэл алдартай эсвэл олон найзтай эсвэл хүч тэнхээтэй биетэй байх нь хамаагүй бид насан эцэслэнэ. Үүнийг зогсоох нэг ч зүйл байхгүй төдийгүй үхэл хэзээ ирэхийг мэдэх арга үгүй. Хэрэв бид үхлийг ойлгож ухаарвал тэр үед орчлонгийн амьдралаар амьдрах боломжгүй болно гэж ярьдаг.

Энэ амьдрал хэврэг бөгөөд хэзээ ч дуусаж болно гэдгийг ойлгох үед бид үхсэний дараа юу болох талаар бодож эхэлнэ. Бидний төрж болох, олонх нь маш аймшигтай, үнэхээр олон төрөл байдаг учраас бид амьдралдаа аюулгүй зам мөр гаргадаг.

Энэ аюулгүй зам мөр нь биднийг ирээдүйд бидэнд зовлон авчрах сөрөг үйлүүдээс зайлсхийж, ирээдүйд баяр жаргал авчрах эерэг үйлүүдийг үйлдэхэд чиглүүлдэг. Ингэж бид өөрийгөө ирээдүйд үргэлж илүү сайн төрөлд төрөх явдлыг баттай болгодог.

Top