Лам-рим хэмээх зэрэглэсэн зам мөрийн Тойм

Эрдэнэт хүний төрлийг үр дүнтэй ашиглах

Бид бүгдээрээ сэтгэлийн хамгийн боломжит дэвшил гаргах боломж бүхий эрдэнэт хүний бие, эрдэнэт хүний төрөл авсан байна. Бидэнд одоо байгаа хүний төрлөөс өөр гэгээрэлд хүрэх илүү сайн боломж байхгүй. Тэнгэрийн хаан Эсрэн тэнгэр болон төрсөн ч бидэнд тийм боломж гарахгүй!

Бидэнд одоо байгаагаас өөр илүү сайн нөхцөл байхгүй учраас түүнийг үр дүнтэй ашиглах бүх горимыг мэдэх нь чухал. Сэтгэлийн төлөвшилд ахиц гаргах хамгийн сайн арга бол өөртөө сайхан сэтгэлийг илүү ихээр төлөвшүүлэх явдал. Сайхан сэтгэлийн үндсэн дээр чинхүү бодь сэтгэлийг төлөвшүүлдэг. Энэ бол гэгээрэлд хүрэхийг хүссэн сэтгэл, өөрөөр хэлбэл хүн бүрт хамгийн оновчтой тусалж чадахын тулд өөрийн бүхий л сул талыг арилгаж, нөөц боломжоо бүрэн ашиглах хүсэл юм. Зүрх сэтгэлээ бусдад, гэгээрэлд хүрэхэд зориулах нь эрдэнэт хүний төрлийг хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа хэрэг.

Өмнөх төрөлд хийсэн эерэг үйлийн нөлөө энэ насны амжилтын шалтгааныг нөхцөлдүүлнэ

Маш олон өөр хүмүүс байдаг бөгөөд тэдний дунд дараа дараагийн төрлүүддээ таатай нөлөө үзүүлэх талаар боддог хүн үнэхээр ховор, гэгээрэлд хүрэх талаар боддог хүн бараг байдаггүй. Ихэнх хүмүүс зөвхөн энэ насандаа өөрөө жаргалтай байхыг боддог. Гэтэл хүн бүр аз жаргалтай байх, зовлон бэрхшээл, асуудалгүй байхыг хүсдэг гэдгээрээ бүгд ижил.

Энэ насны аз жаргалд хоёр төрлийн аз жаргал багтдаг. Нэг нь бие махбодын, нөгөө нь сэтгэлийн аз жаргал. Ихэнх хүмүүс анхаарлаа бие махбодоор эдлэх аз жаргалаар хязгаарладаг. Гэвч бүр бие махбодын аз жаргалыг бий болгохоор хичээн ажиллаж байгаа хэдий ч хэрхэн бий болгохоо бидний олонхи нь мэддэггүй. Жишээ нь хоол, хувцас, орон байр, нэр хүндийн төлөө нэг хэсэг нь хүн болон амьтны амь хөнөөдөг. Зарим нь хулгай, дээрэм хийдэг. Энэ бүхнийг эрүүл, сайн сайхан байхын төлөө хийдэг. Тэд хичээж байгаа боловч сайн сайхныг авчрах зөв аргыг үнэхээр мэддэггүй. Сайн сайхныг олж авах бус ердөө өөрсөддөө илүү их асуудлуудыг бий болгож байдаг юм.

Гэтэл нөгөө талаараа шударга амьдрахаар бизнес хийн, худалдаа, газар тариалан эрхлэн, боловсрол, урлагийн салбар зэрэгт зүтгэж байгаа хүмүүс байх бөгөөд тэднийг хоёр хэсэгт хувааж болно. Амжилттай байж хөрөнгө чинээтэй болж байгаа нэг хэсэг, амжилт, бүтээлгүй байгаа бас нэг хэсэг. Зарим нь яагаад амжилттай, зарим нь яагаад амжилтгүй байдаг вэ гэвэл энэ нь тэдний өмнөх төрлүүддээ бий болгосон үр, суулгасан ул мөрөөс шалтгаална. Өмнөх төрлүүддээ муу үр дагавартай үйл хийн маш их сөрөг ул мөр суулгасан хүмүүс энэ насандаа амжилт гаргадаггүй. Өмнөх төрлүүддээ сайн үр дүнтэй үйл хийн эерэг ул мөр суулгасан бол тэр нь энэ насандаа амжилттай, аз жаргалтай байх шалтгаан болдог.

Хэрэв та яагаад зарим хүмүүс амжилттай, зарим хүмүүс амжилтгүй байдгийг тайлбарласан энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байвал яг ижил байх ёстой зүйлд ялгаа байх ямарч шалтгаан байхгүй гэдэг талаас бодоод үз. Хэрэв хүмүүс ижил хэмжээний хүчин чармайлт, авьяас чадвар гарган ажиллаж байгаа бол тэд адилхан амжилт хүртэх ёстой. Зарим хүмүүс амжилт нь энэ насанд хийж байгаа аливаа ажил үйлсийн үр дүнгээс шалтгаалдаг гэж боддог. Жишээ нь одоо хийж байгаа бизнес, худалдаа гэх мэт. Гэтэл тэр бол бүхэлдээ амжилтын шалтгаан болохгүй. Амжилтын гол шалтгаан бол өмнөх төрлүүддээ хийсэн сайн үр дүнд хүргэх үйлийн ул мөр байдаг бөгөөд энэ насандаа хийж байгаа үйл ажиллагаа, ажил хөдөлмөр нь тэдгээр ул мөр боловсрон гарах нөхцөл болдог.

Үүнээс харвал амжилт нь шалтгаан, нөхцөл хоёроос шалтгаалж байна. Шалтгаан нь өмнөх төрлүүдээс, өмнөх төрлүүдэд бий болгосон ул мөрөөс шалтгаалж байдаг бол нөхцөл нь энэ насандаа гаргаж байгаа цаг хугацаа, хүчин чармайлт дээр суурилж гарч ирдэг. Энэ хоёр хоёулаа хамт байх ёстой.

Хойд төрлүүд чухал

Энэ насандаа хүн хэдий их элбэг хангалуун байж, тансаг бүхнийг эдэлж хэрэглэж байсан ч хураасан зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй юм шиг санагддаг. Нэг ч хүн “Надад одоо юм бүхэн хангалттай байна. Өөр илүү зүйл байх шаардлагагүй” гэж хэлдэггүй. Байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй, үргэлж илүү ихийг хүсдэг. Бүх амьдралынхаа туршид ажилладаг. Ажил нь хэзээ ч дуусдаггүй.

Энэ нь тариачин үр суулгаж, тариа ургуулан, хураах байдлаар жилийн бүх улирлын туршид хөдөлмөрлөдгийн адил үргэлжид давтагдах орчил болдог. Хавар нь тэрээр дахин тариалж энэхүү орчил дахин давтагдана. Энэ бол бид хэрхэн ажилласаар байдгийн жишээ юм.

Хэдийгээр бид энэ амьдралын ажил дуусна гэж боддоггүй ч гэсэн дуусах цаг үхэх үед ирэх нь ойлгомжтой. Энэ мөчид тэр нь баяр цэнгэлээр бус харуусал, гаслангаар дуусдаг.

Иймд зөвхөн энэ насны хоол, хувцас, нэр төрийн төлөө ажиллаж байгаа хүмүүс үнэхээр өөрсдийгөө хуурч байдаг юм. Учир нь тэд хэдийгээр бие махбодын тав тух эдэлж байж болох ч сэтгэлийн баяр баясгалан эдэлж чаддаггүй. Сэтгэлийн баяр баясгалангүй тохиолдолд тэд амьдралдаа сэтгэл дундуур үлдэж, маш их гунигтайгаар насан эцэслэдэг.

Иймд илүү удаан хугацаанд үргэлжлэх, сэтгэлд суурилсан баяр жаргалын төлөө ажиллахыг хичээх нь чухал. Бидний энэ насандаа эдэлж болох бие махбодын жаргал нь түр зуурынх юм. Хэрэв бид үнэхээр урт удаан хугацаанд үргэлжлэх баяр жаргалыг хүсэж байвал бид ирээдүйн төрлүүддээ анхаарах ёстой. Үүнийг бодолцож үзэх үед бид урт удаан үргэлжлэх баяр жаргалын төлөө ажиллаж чадна.

Хэрэв бид ирээдүйн төрлүүддээ баяр жаргалд хүрэхээр ажиллах юм бол энэ нь Номыг бүтээх зам мөрд орсон бүтээлч хүн гэдэг нь ямар утга санааг илэрхийлдэг болохыг тодорхойлох юм. Хэрэв бид энэ насны амьдрал, эвдэрч муудах жамтай зүйлүүдэд анхаарал тавьж байх юм бол ердөө нэг орчлонгийн, материаллаг хүн болно. Хэрэв ирээдүйн төрлүүддээ анхаарал хандуулж эхэлбэл бид шашин номын хүн болно.

Ирээдүйн төрлүүдэд баяр жаргал авчрах арга нь муу үр дагавртай үйлдлүүдийг хязгаарлах

Ирээдүйн төрлүүдэд баяр жаргал авчрах аргад Номын “сэргийлэх аргуудыг” хэрэглэх явдал багтдаг. Тодруулбал, өөрсдийгөө муу үр дагаварт хүргэдэг үйлдлүүдийг хийхээс сэргийлэх гэсэн үг. Арван муу үр дагаварт хүргэдэг үйлдэл байх ба гурав нь биеэр үйлдэх, дөрөв нь хэлний, гурав нь сэтгэлийн үйл байдаг. Эдгээр үйлдлийн аль нэгээр нь үйлдэл хийхээс өөрийгөө хянаж, хязгаарласнаар ирээдүйн төрлүүддээ баяр жаргал авчирна.

Хэрэв бид сайн үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийвэл энэ болон ирээдүйн төрлүүдэд сайн зүйлүүд гарах шалтгаан болох шашин номын бүтээл хийж эхэлж байна гэсэн үг. Ийм сайн үр дүнд хүргэх үйлүүдэд жишээ нь зориудаар хорхой шавьж эсвэл амьтны амь таслах, зориудаар хулгай хийх зэргээс гарах бүх сөрөг, муу талуудыг харах явдал багтдаг. Үүнд тэдгээрийн хор уршгийг нь таньж, амь таслах, хулгай хийх зэрэг үйлдлүүдийг хийхгүй байхаар шийдсэн шийдвэр багтана. Хүмүүс ийм шийдвэр гаргасан тохиолдолд тэд зөв, эерэг байдлаар үйлдэл хийж байгаа эсэхийг хянах зорилго бүхий цэрэг, цагдаа байх шаардлагагүй. Тэдний ёс зүй, ёс суртахууны ойлголт нь тэднийг сөрөг үр дагавартай байдлаар үйлдэл хийхээс сэргийлэх юм.

Хатуу ёс зүйг баримтлах нь бидэнд сэтгэл хангалуун нас эцэслэх боломж олгодог. Үгүй бол бид маш их харуусал, шаналалтай насан эцэслэж болох юм. Хэрэв бид ёс зүйтэй байх эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авбал үхэх цагт бидэнд санаа зовох зүйл байхгүй байх болно. Бид дахин хүний төрөлд төрөх, эсвэл Эсрэн тэнгэр гэх мэт тэнгэр болж тэнгэрийн оронд төрнө.

Бүхий л төрөлд гарсаар байх асуудлууд

Хэдий бид хүн болон төрсөн ч, бүр тэнгэрийн хаан болон төрсөн ч амьдралд асуудал байсаар байх болно. Бид хаана, ямар төрөл авснаас үл хамааран хянах боломжгүй дахин дахин гардаг асуудлууд байдаг. Тэгвэл сөрөг үр дагаварт хүргэдэг үйлдлээс сэргийлэх ёс зүйг сахиснаар бид ердөө муу төрөлд төрөхөөс зайлсхийдэг юм бол түүнийг дагахын ач тус гэж алга. Учир нь бид хаана, ямар төрөл авснаас үл хамааран асуудал байсаар байх болох нь.

Энэ нь бид энэ бүхнийг илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэйг харуулж байна. Жишээ нь хэрэв бид санскрит хэлэнд “шамата”, төвд хэлэнд “шинэй” гэж нэрлэдэг сэтгэлийн амирласан төлөв байдалд хүрч түүний үр дүнд дүрст болон дүрсгүй дээд түвшний ертөнцүүдийн нэгэнд тэнгэр болон төрж болно. Ингээд тэрхүү төрлийн бүхий л эрх баялгийг эдэлнэ. Гэвч эдгээр дээд түвшний ертөнцүүдийн аль нэгэнд төрсний онцгой ач тус гэж байдаггүй. Энэ нь ердөө л тэнгэр баганадсан өндөр барилгын дээд давхарт хүрээд түүнээс цааш явах газар, хийх зүйл байхгүй буцаж доош буухтай адил юм.

Бурханы сургаалд итгэмжлэх

Иймд бид ямарч төрөлд төрөх байсан өөрсдийн асуудлуудыг багасгаж, бүр түүнээс цааш явахыг хичээх хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд бид өөрсдийн асуудал, зовлонгийн үндсийг олж билиг ухаанаараа таслан, бодит байдал, уран зөгнөл хоёрыг тодорхой ялгадаг болох хэрэгтэй. Ингэж бид улмаар хоосон чанарыг ойлгодог ба энэ чанар нь юмсын байх боломжгүй тэрхүү орших байдал нь угтаа байдаггүй гэдэг утгыг илэрхийлдэг. Ийм бодит байдлын талаарх тодорхой ойлголт нь бидний алдаатай төсөөллүүдийг багасгаж, улмаар бидний ямарч төрөлд эдэлж болох бүхий л асуудал, зовлонгуудыг бүрэн арилгадаг. Энэ нь үргэлжид орших амар амгаланг авчирдаг ба үүнд бид хүрэх боломжтой юм.

Бурханы сургаалыг хадгалж байдаг сонгодог бүтээлүүдээс хоосон чанарын тухай сургаалуудыг бид судалж болно. Тэгвэл эдгээр бүтээлүүдэд багтсан хоосон чанар төдийгүй Бурхан багшийн хэлсэн бусад сургаалууд үнэн зөв гэдэгт бид хэрхэн итгэх вэ? Эдгээрийг үнэн зөв гэдэгт итгэх итгэл нь дүн шинжилгээ, логик учир шалтгааныг нь ойлгосон ойлголтон дээр бий болох ёстой. Жишээлбэл, хоосон чанарыг авч үзье. Хоосон чанарын үнэн зөв байдлыг бид логик тайлбараар батлан харуулж болно. Мөн бид төгс төвлөрөл, сэтгэлийн тайван, тогтуун байдлыг хэрхэн бий болгодог тухай сургаалыг тэрхүү сургаалыг хэрэгжүүлж, өөрсдөө тийм төлөвт хүрч баталж болно. Мөн бид тэдгээр бүтээлүүдийг хийснээр тэрхүү өндөр түвшний төвлөрөлтэй хамт төлөвшдөг далд мэдрэхүйгээ таньж болно. Бид үнэндээ Брухан багшийн заасан эдгээр олон ойлголтуудыг өөрсдийн бодит туршилтаар баталдаг.

Энэ мэтэчлэн Бурхан багшийн заасан, логик болон өөрийн туршилтаар баталж болох сургаалуудыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасны үндсэн дээр бид Бурхан багшийн сургаал бүхэлдээ үнэн зөв гэсэн итгэл үнэмшилд хүрдэг. Энэ итгэл үнэмшлээс бий болсон найдвараар Бурхан багшийн заасан ойлгоход хэцүү сургаалуудын үндэслэлтэй байдалд гүн бат итгэх итгэл төрдөг.

Жишээ нь Бурхан багш хэрэв бид эерэг үр дүнд хүргэх байдлаар үйлдэл хийвэл түүний үр дүнд бид хүн, эсвэл тэнгэр гэх мэт сайн төрлүүдийн нэгэнд төрнө, харин нөгөө талаараа сөрөг байдлаар үйлдэл хийвэл түүний үр дүнд там, бирд, адгуусны төрөл гардаг гэж хэлсэн. Зан байдлын шалтгаан, үр дүнгийн тухай эдгээр сургаалуудыг өөрийн туршлага, логикоор батлах, үндэслэл гаргахад хэцүү. Гэвч бид шашны нэр хүндтэй байдал, мухар сүсгийн үүднээс тэдгээрийг хүлээн авах шаардлагагүй юм. Учир нь хэрэв логик үндэслэл, туршилт нь Бурхан багшийн заасан төвлөрөл, хоосон чанарын тухай сургаалуудын үнэн зөв байдлыг харуулдаг бол Бурхан багшийн заасан зан байдал, түүний үр дүнгийн талаарх сургаалыг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой юм.

Эцэст нь бид Бурхан багшийн хоосон чанар, бодит байдал, юмсын байх боломжгүй тэрхүү орших байдал нь угтаа байдаггүй хэмээх сургаалын талаар маш анхааралтай бодох хэрэгтэй. Эдгээрийг зөв гэж таньсны үндсэн дээр бид Бурхан багшийн дараа дараагийн сургаалууд болох эерэг үйлдлийн үр дүн бол аз жаргал, сөрөг үйлдлийн үр дүн бол зовлон хэмээх сургаалуудыг авч үзэх шаардлагатай болно. Тэр үед бидэнд эдгээр сургаалууд бас зөв гэдэг итгэл үнэмшил төрж, үүний үндсэн дээр бид өөрсдийн зан байдлыг тэр дагуу тохируулах шийдвэрийг гаргадаг. Хэрэв бид аз жаргал, амар амгаланг хүсэж байвал түүнийг авчрах үйлдлийг хийх хэрэгтэй. Тухайлбал, сайн үр дүнд хүргэх, эерэг байдлаар үйлдэл хийх хэрэгтэй.

Магад гарах сэтгэл, бүх зовлонгоос ангижрах шийдвэр

Бидэнд одоо байгаа зам мөрөөр явах боломж бүхий маш сайн хүний төрлийн үндэс шалтгаан нь хаанаас ч бус, зүгээр нэг гарч ирээгүй гэдгийг маш сайн бодолцож үзэх хэрэгтэй. Энэ нь өмнөх олон төрөлдөө маш их эерэг хүч бий болгосны үр дүн юм. Бид маш ихээр эерэг, сайн үр дүнд хүргэх байдлаар үйлдэл хийсэн нь гарцаагүй бөгөөд тэр нь бидэнд одоо байгаа энэ боломж, төрлийг авчирсан. Иймд бид энэ боломжийг дэмий үрж болохгүй. Хэрэв бид хоол, хувцас, нэр хүнд, алдар нэр олох гэх мэт зөвхөн энэ насны амьдралд бүхнээ зориулж байвал энэ насаа дэмий үрж байгаа хэрэг болно. Хэрэв энэ нь бид бүгдийн цорын ганц санаа тавьж буй зүйл бол ийнхүү баригдсан байдлаас болж бид энэ насны хүлээснээс гарч чадахгүй.

Мөн Эсрэн тэнгэр гэх мэт тэнгэрийн төрөл бүхий хойдын төрлийн амар амгалангийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчилж байвал түүнд бас сул тал бий. Тэнгэрийн төрөлд онцгой их баяр жаргал эдэлдэг бөгөөд ямарч илэрхий зовлон бэрхшээлийг тухайн үедээ амсдаггүй. Харин нас эцэслэх үед бүхий л амьдрал нь ердөө зүүд байсан мэт санагдаж маш их айдас, гуниг төрдөг учраас үхэх үедээ ихээр харамсан шаналдаг. Иймд ийм төрлийг зорилго болгох нь бидний бүх асуудлуудыг шийдвэрлэх арга биш.

Цаашилбал, бидэнд байгаа энэхүү эрдэнэт хүний төрөл нь дуусах учраас түүнийг одоо бүрэн ашиглах ёстой. Төрөөд эцэст нь үхээгүй нэг ч хүн байхгүй. Үхэл бол бид бүхэнд зайлшгүй ирэх зүйл бөгөөд харин зөвхөн хэзээ гэдгийг нь бид мэддэггүй. Нэг ч хүн хэзээ үхэхээ тодорхой хэлж чадахгүй. Энэ бодит байдлын тухай бодож үзэх нь бидэнд одоо байгаа боломжоо амьд сэрүүн, эрүүл байгаа үедээ бүрэн ашиглах ухаарал өгдөг.

Ингээд бид зөвхөн энэ насандаа зориулж аливаад зүтгэх хүлээсээ багасгах хэрэгтэй. Ингэхдээ бид энэ насны бүхий л элэгдэж дуусах жамтай зүйлүүдэд өнө удаан орших мөн чанар ердөө байхгүй гэдгийг ухааран харах болно. Ингэж бид энэ насны амьдралын эд зүйлсэд хүлэгдэх сэтгэлээ багасгаж, ийнхүү хүлэгдэх сэтгэлээс шалтгаалдаг асуудлуудаа арилгах шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг “магад гарах сэтгэл” гэнэ.

Үүний адил бид ирээдүйн төрлүүдээ, бидний төрж болох бүхий л нөхцөлүүдийг харах хэрэгтэй. Ирээдүйн төрлүүддээ хүн болон тэнгэрийн төрөлд төрөн эдэлж болох эрх баялаг, баяр баясгалан нь бас асуудал дагуулсаар байдаг гэдгийг санах хэрэгтэй. Хэдий их чинээлэг байсан ч асуудлууд өөрийн эрхгүй гарсаар байдаг. Ийм учраас ирээдүйн төрлүүдийн тэрхүү зүйлүүдэд хүлэгдэн, баригдах нь бас бидний зогсоох ёстой зүйл юм. Ингэхдээ бид хоёр дахь түвшний шийдвэр гаргахыг оролддог. Тухайлбал, ирээдүйн төрлүүдийн хүлэгдэх сэтгэлийн улмаас бий болох асуудлуудыг арилгах шийдвэр юм.

Эдгээр хүлээснээс чөлөөлөгдөх хоёр шийдвэр байдаг. Нэг нь энэ насны асуудлуудаас чөлөөлөгдөх, нөгөө нь ирээдүйн бүх төрлүүдийн асуудлуудаас чөлөөлөгдөх шийдвэр.

Мөнх бус

Зам мөрийг бүтээгч хүн амьдрал дахь аливаа нөхцөл үргэлж нэг хэвийн тогтмол байдаггүй гэдгийг ойлгож санаж явдаг ба мөнх бус, үхлийг ч санаж явдаг. Мөн өөрийн асуудлууд, амьдралд тохиолддог бүхий л асуудлуудыг мэдэж, санаж явдаг. Энэ нь тухайн хүнд эдгээр асуудлуудаас зайлсхийх янз бүрийн арга хэмжээ авах сэдлийг өгч байдаг зүйл юм. Хэрэв мөнх бус, асуудал, үхлийг ердөө л мартсанаар бид түүнийг зайлуулж чаддаг бол үнэхээр сайхан байхсан. Гэвч үнэндээ ингэх боломжгүй. Бид үхнэ, бидний амьдралд асуудлууд байдаг гэдгийг хайхрахгүй орхисноор тэдгээр асуудлууд алга болдоггүй. Иймд өөрсдийн асуудлуудыг илүү сайн ойлгож, бодитойгоор нүүр тулж, тэдгээрийг багасгах арга хэрэглэх нь илүү дээр байдаг. Энэ бол зам мөрийн бүтээл юм.

Бурхан багш өөрөө ийм аргуудаа бусдад дамжуулж эхлэхдээ юмс нэг хэвээрээ тогтмол байдаггүй тухай, мөнх бусын тухай сургаалаа зааж эхэлсэн. Тэрээр мөнх бус чанарыг таньж мэдсэнээр үнэнийг эрж номын зам мөрд орсон. Мөн жанч халахдаа түүгээрээ ч мөнх бус чанарыг үзүүлэхийг зорьсон.

Хутагтын дөрвөн үнэн

Түүгээр зогсохгүй асуудлууд хаанаас ч юм гэнэт гарч ирдэггүй. Ямар нэг шалтгаангүйгээр бидэнд тохиолддоггүй. Харин бидний бүх асуудал, зовлон бэрхшээлүүд бодит шалтгаанаас бий болдог. Тухайлбал, тэр шалтгаан нь бидний барьж дийлдэггүй зан байдал, сэтгэл хямраадаг сэтгэлийн хөдлөлүүд, хандлагууд, өөрөөр хэлбэл бидний үйлийн үр (нөлөө), төөрөгдөл юм. Энэ бол бүхий л асуудлыг бий болгодог сэтгэлийг хямраадаг сэтгэл хөдлөл, хандлагуудын нөлөөнд орж үйлдэл хийх явдал юм.

Одоо бидний асуудлын эдгээр хоёр шалтгаанаас барьж дийлдэггүй зан байдлын үндэс нь сэтгэл хямраадаг сэтгэл хөдлөл, хандлагуудад байдаг гэдгийг бид харж байна. Хэрэв Бурханы шашны судар бичгүүдэд тайлбарласан байдаг 84,000 сэтгэл хямраадаг сэтгэл хөдлөлүүд, хандлагуудыг нягталж үзвэл тэд бүгдээрээ нэг эх сурвалжтай гэдгийг мэдэх болно. Тэрхүү ганц эх сурвалж нь юмсыг бий болж бодитой оршдог, тэдгээрийг тодорхойлох мөн чанар нь бодитойгоор оршдог гэж буруу танин мэдэх, мунхаг юм.

Гэвч бодитойгоор орших мөн чанар гэх зүйл бидэнд ч, бусад зүйлст ч байдаггүй боловч бид аливаа зүйлд бодитой мөн чанар байдаг эсвэл юмс бодитой оршдог мэтээр ойлгодог. Хэрэв бид ийм бодитой орших мөн чанар гэдэг нь байх боломжгүй зүйл гэдгийг ялгаж ойлгох юм бол энэ нь юмсыг өөрийн бодит мөн чанартай гэж ойлгох ойлголтыг багасгах ерөндөг болно.

Бий болж бодитой оршдог зүйл, түүнийг тодорхойлох бодит мөн чанар байдаггүй гэсэн ойлголтонд хүрэх үед түүнийг Хутагтын дөрвөн үнэний нэг, “сэтгэлийн зөв зам”, “зөв зам мөр” гэж авч үздэг. Энэ ойлголтыг хутагт мэргэдүүд үнэн, зөв, гэтлэхүй, гэгээрэлд хүргэх сэтгэлийн зөм мөр гэж үздэг юм.

Сэтгэлийн зөв зам мөртэй үед, тухайлбал, аливаа зүйлд бодит мөн чанар гэх зүйл байдаггүй гэдгийг танин мэдсэн үед бидэнд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага төрдөггүй. Учир нь эдгээр сэтгэлийн хөдлөл, хандлагууд нь юмсыг байх боломжгүй тийм байдлаар оршдог гэж итгэсэн, төсөөлсөн төсөөлөл дээр бий болдог. Ямар нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага байхгүй болоход бид үйлдлүүдийг өөрийн эрхгүйгээр хийдэггүй. Өөрийн эрхгүй байдлаар үйлдэл хийхгүй бол бид өөрсөддөө асуудал бий болгодоггүй. Бидэнд тохиолдож байгаа зүйлүүдэд ямар нэг асуудал гарахгүй байх тэрхүү сэтгэлийн төлөв байдлыг “зовлонг бүрэн зогсоох”, “зовлонгоос ангижрах үнэн” гэдэг юм.

Энэ бүгд бол хутагт нарын үнэн гэж үздэг дөрвөн бодит байдал – хутагтын дөрвөн үнэн юм. Эхний хоёр үнэн нь жинхэнэ асуудлууд болон тэдгээрийн шалтгаан болох барьж дийлдэггүй зан байдал ба сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудтай холбоотой. Харин сүүлийн хоёр үнэн нь гэтлэхтэй холбогддог бөгөөд бид бүх асуудлынхаа шалтааныг байхгүй болгох замаар тэдгээр асуудлуудыг зогсоохыг хүсдэг. Үүнийг хийхийн тулд бид сэтгэлийн зөв зам мөрийг төлөвшүүлэх хэрэгтэй. Хутагт нарын үнэн гэж үзүүлсэн эдгээр дөрвөн бодит байдлыг бид ингэж ойлгодог.

Бидэнд буй энэхүү эрдэнэт хүний төрлийн маш их тус бүхий нөөц боломжинд суурилан Хутагтын дөрвөн үнэнийг ойлгоход хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингэж чадвал бид энэхүү төрлийн нөөц боломжийг зөв зүйтэй ашиглаж буй хэрэг болно. Хэрэв бий болж бодитой оршдог нэг ч зүйл байдаггүй гэдгийг үргэлж, баттай санаж байх сэтгэлийн эерэг зуршилтай болвол бид бүх асуудлаа бүрэн зогсоох болно.

Энэрэн нигүүлсэх сэтгэл

Өөрөө бүх асуудлуудаа арилгах нь үнэхээр сайхан, гэвч энэ хангалттай биш. Учир нь би бол ганц хүн, харин бусад бол тоолохын аргагүй олон байна. Бид бусад төрөлхтөнүүд хэд байгааг тоолж үнэхээр чадахгүй, тэд бүгдэд асуудал бий, тэдэнд ямар нэг зовлон байдаг. Иймд зөвхөн өөрийн төлөө л зүтгэх нь зүй бус, бид хүн бүрт хэрэгтэй шийдлийг олох хэрэгтэй.

Эргэцүүлж сайн үзвэл бусад бүх төрөлхтөн бидэнд ямар их тус болж байсан нь тодорхой болдог. Үнэндээ тэдний бидэнд хүргэсэн тусаас илүү зүйл байдаггүй. Бурхадын тус, бусад төрөлхтөний тусыг авч үзвэл тэдгээр нь адилхан юм. Жишээ нь хэрэв бид зөгийн баланд дуртай бол бал хэрхэн бий болдогийг бодож үзэх хэрэгтэй. Балыг олон тооны зөгийний тусламжтайгаар гаргаж авдаг ба тэд үүнд их хөдөлмөр зарцуулдаг. Олон цэцэг дамжин нисэж, тоос цуглуулан, балаа үүрнийхээ сархиагт шахаж хураадаг. Хэрэв бид зөгийн бал идэн сайхан амтыг мэдэрнэ гэж найддаг бол бид эдгээр шавьжны хөдөлмөр, тусыг бодох ёстой. Үүний адил бидний зарим нь мах иддэг байж болох юм, тэгвэл бидэнд ядарч, сулдсан биеэ тордох үүднээс хооллох шаардлагатай болох үед энэ бүхэн хаанаас бий болдог талаар бодох хэрэгтэй. Энэ бол бидний биеийг тэжээж, хүч тамир өгөхөд биеэ өргөсөн амьтад юм.

Иймд нэгэнт бид өөрсдийн асуудлуудыг арилгах хүчтэй шийдвэр гаргасан бол энэ хандлагаа бид бусад руу хандуулах хэрэгтэй. Бид өөрсдийн асуудлуудаа арилгах шийдвэр гаргасны адил хүн бүрийг бас асуудлуудаасаа ангижрахыг хүсэх хэрэгтэй. Ийм хандлагыг “энэрэн нигүүлсэх сэтгэл” гэдэг.

Хэрэв бид өөрсдийн асуудлуудыг нухацтай авч үзээгүй, тэднийг хэрхэн арилгах талаар бодоогүй, тэдгээрийг арилгах шийдвэр гаргаагүй бол бусдын асуудлыг нухацтай авч үзнэ гэдэг үнэхээр хэцүү. Бид бусдыг бэрхшээлгүй байхыг хүсэх чин сэтгэл төрүүлж чадахгүй. Жишээ нь өөрийн эрдэм боловсролоо дээшлүүлэх явцдаа их бэрхшээл туулж өндөр албан тушаалд хүрсэн хүн бусдын тэрхүү асуудалд энэрэнгүй хандана. Ийм хүн бүх амьдралынхаа турш амар хялбар амьдралаар амьдарч, зовлон бэрхшээл туулна гэдэг юу болохыг ердөө мэдэхгүй хүнээс илүү сайн тэдгээр хүмүүст туслахад тохирох юм.

Бодь сэтгэл

Үүнчлэн бусдыг зовлонгүй байхыг хүсэх хандлагыг “энэрэн нигүүлсэх сэтгэл” гэдэг. Бусдыг амар амгалан, аз жаргалтай байхыг хүсэх хандлагыг “асрах сэтгэл” гэдэг. Хэрэв бид бусдыг амар амгалан, зовлонгүй байхыг хүсвэл, хэрэв бид хүн бүр бидэнд тусалж ирсэн учраас бид ямар нэг зүйл заавал хийх ёстой, зөвхөн нэг цаг зуурын түвшинд биш, харин бүх асуудлуудаасаа чөлөөлөгдөхөд нь туслах ёстой гэсэн шийдвэр гаргавал үүнийг, энэ үүрэг хариуцлагыг “хосгүй дээд шийдвэр” гэнэ.

Хэрэв бид ердөө өөртөө анхаарал тавьсан сэтгэлтэй байвал ямар нэг эрдэм төрөх, эсвэл Бурханы сайн чанаруудыг төлөвшүүлэх ямарч боломжгүй юм. Харин бид хувиа хичээх үзлийг хязгаарлаж, бусдын зовлонд анхаарал хандуулбал энэ нь бид бүхэн гэгээрсэн Бурхан болох эхлэл болно. Энэ бол өөртөө эд баялаг хураах үүднээс амь таслах, хулгай хийх гэх мэт үйлүүдийг хийх өөртөө анхаарсан хандлагаас өөр юм. Ийм буруу аргууд нь ердөө илүү их асуудлуудыг бий болгодог ба түүний үндэс нь бидний аминч үзэл билээ.

Шагжамүни Бурхан багш зөвхөн бусдын амар амгаланд анхаарал тавьсны үр дүнд сэтгэлийн маш тодорхой, бүрэн төлөвшсөн түвшин гэгээрэлд хүрч чадсан юм. Үнэндээ бүх цагийн бүх Бурхад бусдад анхаарал хандуулсны үндсэн дээр өөрсдийн дээд нөөц боломжоо эзэмших энэхүү төлөвт хүрсэн. Бодит байдлыг харвал, хэдийгээр бид “хүн бүрийг аз жаргалтай болгож, бүх зовлонгоос нь ангижруулах” хосгүй дээд шийдвэр гаргасан байж болох ч хэдий их хүсээд ч түүнийг хийх нөөц боломж бидэнд байхгүй байна. Зөвхөн Бурханд хүн бүрт асуудлаа даван туулж, аз жаргалд хүрэхэд нь тусалж чадах чадвар байдаг.

Иймд бусдад тус хүргэх тухайд зүрх сэтгэлээ бүрэн зориулж, түүнийг аль болох хамгийн сайн хийх үүднээс Бурханы гэгээрсэн төлөвт хүрэх шаардлагатай. Үүнийг “бодь сэтгэлийн эрхэм зорилго” гэдэг.

Ийм бодь сэтгэлийн эрхэм зорилго бүхий сэтгэлээр бид энгийн нэг өргөл, нэг цэцэг ч байж болно, өргөж байна гэж бодьё. Хэрэв өргөлийг өргөж буй санаа нь хүн бүрт тус болох, түүнийг хамгийн сайн хийж чадах боломж бүхий гэгээрэлд хүрэх тухай байвал тэрхүү энгийн үйлээс гарах эерэг үр дүн нь асар их болно. Үнэндээ бидний зорилго хүн бүрт тус хүргэх тухай байгаа тохиолдолд ач тус нь зорилготойгоо адил харьцаатай болдог. Энэ нь төрөлхтөн бүгдийн тоотой адил болох юм. Сэтгэлээ чин ариунаар ийнхүү зориулсны ач тус нь бүх ертөнцийг алт, эрдэнэсээр дүүргэж Бурханд өргөхөөс ч илүү байдаг. Бүр ертөнцийн бүхий л амьтныг хооллож ундаалснаас ердөө нэг хоромд бодь сэтгэлийн эрхэм зорилго бүхий сэтгэл төрүүлэхийн ач тус нь илүү байдаг.

Үүний логик учир шалтгааныг бид ертөнцийн хүн бүрийг хооллох нь тэдний өлсөж ундаасах зовлонг нэг удаа тайлна гэж хардаг. Тэд удалгүй дахин өлсөж, тэдний өлсөх зовлон үргэлжлэх болно. Хэрэв бид бодь сэтгэлийн эрхэм зорилгоор хүн бүрийн асуудлыг бүрмөсөн арилгахыг хүсвэл үүнийг хамгийн сайн хийх төлөв гэгээрэлд хүрэхэд өөрсдийгөө зориулна. Энэ нь зөвхөн хүн бүрийн өлсөж ундаасах зовлонг арилгах төдийгүй тэдний бүх асуудлыг бүрэн зогсоох чадварт хүргэдэг.

Төгсгөлийн үг

Иймд бодь сэтгэлийн эрхэм зорилгыг төлөвшүүлэх нэг алхам болгож нэг ч амьтныг хорлохгүй байх үүргийг хариуцлагатайгаар авах хэрэгтэй. Бусдад хор хүргэхийн сул, муу талыг харж тийм үйлдэл хийхгүй байхыг амлах нь маш чухал. Энэ бол үнэхээр магтвал зохих ёс суртахуун. Ямар ч хүнд хор хүргэхгүй гэсэн шийдвэртэй амлалт бол бид бүхний яг одоо авч хэрэгжүүлж болох зам мөрийн арга хэмжээ юм. Бид зам мөрийн бүтээлийг биднээс маш хол хөндий, өндөр түвшний зүйл гэж бодох шаардлагагүй.

Товчоор хэлбэл, зам мөрийг бүтээхэд ямар нэг ер бусын амьдралаар амьдрах шаардлага байхгүй. Түүхэнд зам мөрийн маш сайн бүтээл хийдэг байсан гэргийтэн хүмүүсийн тухай олон түүх байдаг. Эртний Энэтхэгийн маш өндөр эрдэмд хүрсэн 84 махасидда нарын намтарыг харахад тэдний дунд олон гэргийтэн хүмүүс багтсан байдаг.

Өөрийгөө өндөр настай гэж гутрах, эсвэл өндөр настай хүмүүс зам мөрийг бүтээж чадахгүй гэж бодох хэрэггүй. Хуучны түүхүүдийг харвал 80 насандаа зам мөрийн бүтээлд орсон Шрижати хэмээх гэргийтэн хүний жишээ байдаг. Тэрээр тэр төрөлдөө гэтлэхүйд, архадын түвшинд хүрч чадсан. Иймд оройтно гэж байхгүй.

Нөгөө талаараа хэрэв бид бага залуу байгаа бол хөнгөн хийсвэр хандаж болохгүй, харин зам мөрийн бүтээлдээ зоримог, шийдвэртэй байж, өөртөө байгаа бүхий л нөөц боломжоо ашиглах хэрэгтэй. Мөн энэхүү зам мөрийн эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр настай болохоороо хийж эхэлнэ гэж хойшлуулж болохгүй. Учир нь үхэл хэзээ ирэхийг мэдэх ямарч арга байхгүй. Цаашилбал өндөр нас гэдэг бол бидэнд гэнэт ирдэг мэт санагддаг зүйл. Ийнхүү өндөр нас ирэхэд амьдрал гэнэт өнгөрсөн мэт санагддаг.

Бидний хийж болох энгийн олон эерэг зүйлүүд байдаг. Зарим оронд шувуу хооллоход их хүчин чармайлт, мөнгө төгрөг зарцуулдаг хүмүүсийг би харж байсан. Тэд гэрийнхээ гадаа тусгай газар бэлдэж, өдөр бүрийн тэжээлд зориулан өдий төдий мөнгө зарцуулдаг. Үнэндээ тэд тэжээлийг таслахгүй байх үүднээс амралтаа ч авдаггүй. Энэ бол маш сайн бүтээл юм. Үүнийг харахад надад их сайхан санагддаг. Энэ бол үнэхээр бодьсадвын үйл юм. Мөргөл хийн Энэтхэг явж, шувуунуудад будаа тавьж өгөн, тагтаа шувууг талхаар хооллодог төвд хүмүүсийн жишээ бас бий. Энэ бол урт нас авчрах маш сайн нэг төрлийн бүтээл юм.

Ингээд энэ үдшийн яриагаа дүгнэвэл, гол санаа нь

  • Хүн бүрийн тусад цаг үргэлж ажиллах сайхан сэтгэлийг төлөвшүүлэх
  • Ямарч хүн, амьтныг хорлохгүй, асуудал, зовлон учруулахгүй байх явдал.

Эдгээр нь зам мөрийн бүтээлийн гол санаа юм. Өөрсдийн зүрх сэтгэлийг хиргүй, бодь сэтгэлийн эрхэм зорилгоор бусдын төлөө, гэгээрэлд хүрэхийн төлөө зориулж бидэнд байгаа энэхүү маш сайн хүний төрлийг бүрэн ашиглах хэрэгтэй. Ингэж бид сэтгэлийн маш тодорхой, бүрэн төлөвшсөн түвшин, бүрэн гэгээрсэн Бурханы хутагт хүрч чадна.

Top