Бид том хотуудад, жижиг суурин эсвэл хөдөө гэх мэт хаана ч амьдарч байсан, бид бүгд бидний орчин үеийн энэ нийгэмд асуудлуудтай тулгарч байгаа. Ихэнх хүмүүс үүнийг “дарамт” (стресс) гэдэг үгээр илэрхийлэх болов уу. Мэдээлэл, кино, телевизийн суваг, хөгжим, олон нийтийн сүлжээний мэдээлэл, цахим зурвас, цахим бүтээгдэхүүнүүд гэх мэтээр эдгээр нь – улам илүү шууд хүртээмжтэй болох хэрээр бид илүү, илүү ихийг хүснэ. Тэдгээр нь өнгөн талдаа бидний амьдралыг сайжруулж байгаа мэт санагдаж болох боловч бидний амьдралыг илүү ярвигтай, дарамттай болгож байдаг, ялангуяа үнэхээр олон сонголтууд байх тохиолдолд. Бид мэдээнд, эсвэл цахим шуудан эсвэл цахим зурваст байх гэх мэт ямар нэг зүйлээс хоцрохгүй байхыг хүснэ. Бид үлдэж хоцрохгүй байхаас эмээнэ. Бид телевизийн шоу гэх мэт нэг зүйл сонгосон байсан ч, бид үзэхгүй хоцорсон байх ямар нэг илүү сайн зүйл байх болов уу гэсэн эргэлзээнд автсан байна.
Бид нийгэмд харьяалагдахыг, найзуудын бүлэгт багтахыг хүснэ; бид олон нийтийн сүлжээнд нийтэлсэн аливаа зүйлдээ “таалагдсан” гэсэн сэтгэгдэл авахыг хүснэ, ингэснээр бидэнд бусад биднийг хүлээн зөвшөөрч байгаа сэтгэгдэл төрнө. Бид тайван бус байж, өөрийн нийтэлсэн зүйлд илэрхийлсэн “таалагдсан” гэсэн сэтгэгдлийн тоо эсвэл өөрсдийн унших интернэтэд байршсан мэдээллийн хэмжээнд сэтгэл ердөө ханамжтай байдаггүй. Бидний гар утсанд бидэнд нэг зурвас ирлээ гэсэн мэдэгдэл ирэх үед, эсвэл бид дараагийн “таалагдсан” гэсэн сэтгэгдэл хүлээн авсан эсэхийг харахаар Нүүр номынхоо хуудсыг шалгах, эсвэл байнга мэдээ үзэж, сонсож, унших байдлаар мэдээг дахин харах үедээ ямар нэг шинэ зүйл тохиолдсон эсэхийг хүлээн сэтгэл хөдөлдөг. Бид ямар нэг зүйлээс хоцрохыг хүсэхгүй байх ба энэ нь бидний сэтгэлд хүрэхгүй, бид бүр илүү ихийг хүснэ.
Нөгөө талаар, бид өөрийн эргэн тойрны нөхцөлд хэт дарагдах үед өөрийн гар утсыг нээн, метрогоор явах эсвэл алхаж явахдаа хөгжим сонсох байдлаар түүнээс хөндийрөхийг хичээнэ. Бид өөрийн эргэн тойрны зүйлсийн бодит байдлын талаар бодохгүй байхыг хичээн, өөрийн хувийн виртуал (бодит бус технологийн түвшинд орших) ертөнцөд орно. Мөн бид үргэлж бидний сэтгэлийг хөгжөөж байх өөрийн эрхгүй төрөх тэр хэрэгцээг мэдэрч байдаг. Нэг талаар, бид амгалан, тайван байдлыг хүсэх боловч нөгөө талаар, бид мэдээлэл, дуу хөгжим зэрэг байхгүй байхаас эмээнэ. Бид гадна ертөнцийн дарамтаас ангид байхыг зорих ба ингээд бид түүнийг орхин, цахим виртуал ертөнцөд орно. Гэвч бүр тэнд, бид олон нийтийн сүлжээн дэх “найзууд”-тайгаа хамт байх, тэднээс сайшаал хүлээхийг эрэлцэнэ, гэвч бид хэзээ ч өөрт болон өөрийн бусадтай харилцах харилцаанд итгэлтэй байдаггүй. Гэвч, гар утсаа хэрэглэж эхлэх нь түүний шийдэл болох уу?
Бид эдгээр зуршсан хэв маягаасаа гарч чадахгүй байх үед туулж мэдрэх тэр зовлонг таньж, түүний эх сурвалжийг тодорхойлох хэрэгтэй. Ингээд бид энэ зовлонгийн эх сурвалжийг арилгах аргуудыг мэдэж, тэдгээр нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байх дээр суурилан тэдгээрээс гарах шийдвэрийг төрүүлэх хэрэгтэй. Гэвч бид юмсыг анзаарахгүй байж, бодохгүйгээр үйлдэл хийн эрч хүчгүй байх мэт, ямар нэг зүйл ердөө мэдрэхгүй байхыг хүсэхгүй; бид баяр жаргалтай байхыг хүснэ. Амар амгалан (аз жаргал) гэдэг бол зөвхөн зовлонгүй байх явдал биш; энэ нь зовлонгүй байх тэр саармаг (завсрын) төлөвийн дээр нэмэгдэх нэг зүйл байна.