Хутагтын дөрвөн үнэн энгийн үгээр
Би Халапа хотод дахин ирж байгаадаа баяртай байна. Энэ үдэш ярина уу хэмээн хүссэн сэдэв бол үйлийн үр. Мэдээж Бурханы шашны зарим сэдвийг судалж үзэх үед яагаад бид үүнийг судлахыг хүсэх болсон, үүний ач холбогдол юу болох, энэ нь Бурханы шашны нийт ойлголтын хүрээнд хэрхэн зохицох талаар тодорхой ойлголттой байх нь чухал. Бурхан багш хүн бүрийн мэдрэхүй, амьдралд туулж эдэлдэг зүйл, амьдралд юу болдог тухай голлон ярьсан байдаг. Бид бүгдийн, хүн бүрийн туулж эдэлдэг хамгийн гол зүйл юу вэ? Энэ бол бид заримдаа гунигтай, заримдаа баяртай байдаг явдал. Энэ бол бидний амьдралыг туулах хэлбэр, тийм биз дээ?
Заримдаа гунигтай, заримдаа баяртай байх тэр нөхцөлийг шинжиж үзэх үед бид түүнтэй холбоотой маш их асуудал байгааг олж мэднэ. Бидний гунигтай байгаа үе, тэр бол мэдээж зовлон. Хэн ч гунигтай байхыг хүсэхгүй, тийм биз дээ? Бид нэг найзаа явах гэх мэтийг харж, эсвэл таагүй үгс гэх мэт зүйлийг сонсож мөн олон янзын зүйлийг олон янзын сэтгэл хөдлөлөөр бодож гуниглаж болно. Гэвч заримдаа бидэнд гуниг төрөх боловч тэр нь үнэндээ бидний харж эсвэл сонсож эсвэл бидний эргэн тойронд болж буй зүйлтэй ямар ч холбоогүй мэт санагддаг. Энэ бол нэг асуудал, тийм биш гэж үү?
Тэгвэл баяр жаргалын хувьд? Заримдаа бид баяртай байдаг, тийм биз дээ? Бид юмсыг харж, юмсыг сонсож, хайртай хүмүүсээ сонсож, мөн хэн нэгэнтэй өнгөрүүлсэн сайхан цагаа дурсах гэх мэт ямар нэг зүйлийн тухай бодож баяртай байдаг. Гэвч илүү гүнзгий харвал бидний эдлэх энэ баяр жаргал нь бас түүнтэй холбоотой тодорхой асуудалтай байгааг бид олж мэднэ. Юуны өмнө, энэ нь мөнх үргэлжилдэггүй, түүнийг хэр зэрэг удаан үргэлжлэхийг бид мэддэггүй. Мөн энэ нь хэзээ ч хангалттай санагддаггүй. Бид нэг халбага хоол идээд баяртай байж болох ч тэр нь хангалттай байдаггүй – бид илүү, илүү, илүү ихийг идэхийг хүсдэг. Энэ үнэхээр маш сонирхолтой асуулт – тухайн зүйлээс үнэндээ таашаал авахын тулд бид хэр зэрэг ихийг идэх ёстой вэ? Энэ талаар бодоод үз. Өөр нэг гэм нь, энэ баяр жаргалын өөр нэг сул тал нь бид дараа нь юу болохыг мэддэггүй. Дараагийн минутад бид үргэлжлүүлэн баяртай байж болно эсвэл гуниглаж болно. Энэ нь өөрчлөгдөж болдог учраас энэ баяр жаргалд баталгаа байдаггүй.
Жаргал болон гунигийг авч үзэх ийм төрлийн ухаарал эсвэл дүн шинжилгээ нь үнэндээ зөвхөн Бурханы шашинд байдаг зүйл биш. Гэвч Бурхан багшийн заасан, Бурхан багшийн ойлгосон зүйл бол нэг илүү гүн асуудал буюу зовлон байсан. Тэрбээр хүн бүрийн амьдралын энэхүү сайн, муу ээлжлэх нөхцөлүүд буюу дахин дахин өгсөж уруудах тэр баяр, гунигийг харж, ийнхүү тохиолдож байгаагийн учир шалтгаан нь өөрөө бидний туулж байгаа хором бүрийн нэг хэсэг болохыг ойлгосон. Өөрөөр хэлбэл баяр, гунигийн ийм өгсөж уруудах мэдрэмжээр юмсыг туулж мэдрэх байдал нь тэрхүү таагүй нөхцөлийг үргэлжлүүлэх шалтгаан болдог байна.
Ингээд Бурхан багш хором бүрд байх, энэхүү таагүй нөхцөлийг үргэлжлүүлэх тэр шалтгаан нь юу болохыг харж, энэ бол бодит байдлын талаарх төөрөгдөл юм байна гэдгийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл бид хэрхэн оршдог, хүн бүр хэрхэн оршлог, дэлхий ертөнц хэрхэн оршдог талаарх төөрөгдөл.
Энэ нь бусад олон хүмүүсийн хэлсэн зүйлээс нэлээн өөөр байлаа. Зарим нь, жишээлбэл, бидний туулах баяр, гуниг ээлжилж байдаг явдал нь гол төлөв шагнал, шийтгэл байдаг гэж үзэж байв: хууль ёсыг дагасан эсвэл хууль ёсыг дагаагүйтэй холбоотой. Олон багш нарын үзэж байснаар баяр эсвэл гунигийг мэдрэх гол хүчин зүйл бол баримтлах, эс баримтлах явдал байв. Гэвч Бурхан багш: тийм биш, энэ бол тэрхүү шалтгаан биш гэж хэлсэн. Жинхэнэ шалтгаан нь бол бидний төөрөгдөл; энэ бол баримтлах, эс баримтлах тухай асуудал биш, энэ бол амьдралын талаар төөрөлдсөн төөрөгдөл гэж хэлсэн. Бурхан багш цааш нь энэхүү төөрөгдөл бол амьдралд заавал байх түүний хэсэг, салшгүй холбоотой зүйл биш. Тэр нь заавал тэнд байх албагүй: энэ бол арилгаж болох, бүрэн арилгаж, тэгснээр хэзээ ч дахин гарч ирэхгүй болж болох зүйл. Ингээд тэрбээр түүнийг хийх арга зам бол юмсыг туулж мэдрэх байдлаа өөрчлөх явдал гэж хэлсэн.
Тэрхүү төөрөгдлийг арилгах нь хэн нэг хүнээс өөрт зориулан түүнийг арилгаж өгөхийг хүсэх асуудал биш, харин энэ бол үндсэндээ өөрийн хандлага, бодит байдлын талаарх өөрийн ойлголтыг өөрчлөх тухай асуудал. Хэрэв бид буруу ойлголтоо зөв ойлголтоор сольж, тэр зөв ойлголтоо цаг үргэлж хадгалах юм бол тэр үед бид бидэнд тэрхүү тасралтгүй ээлжлэх баяр, гуниг байхгүй байж болох, бид тэр тасралтгүй ээлжлэх баяр, гунигийг үргэлжлүүлэхгүй байж болохыг мэдэх болно. Тэгэхээр Бурхан багшийн сургаалын үндсэн суурь сургаалыг маш энгийн үгээр тайлбарлахад ийм байна.
Үйлийн үр нь зан байдлын шалтгаан ба үр дагаврыг авч үздэг болох нь
Үйлийн үрийн тухай ярих үед, үйлийн үр нь хэрхэн, ямар учраас бид баяр болон гуниг ээлжлэн эдэлдэг тухай үндсэн тайлбар байна – энэ бол үйлийн үрийн авч үздэг зүйл. Өөрөөр хэлбэл, бидний төөрөгдөл энэхүү баяр, гуниг ээлжлэх явц, таатай, таагүй мэдрэмжүүдийг хэрхэн бий болгодог вэ? Өөрөөр хэлбэл, энэ нь шалтгаан ба үр дагаврыг авч үзэх ба энд яригдаж буй шалтгаан ба үр дагаврын асуудал нь үнэхээр том цогц сэдэв байна. Бурхан багшийн хэлсэнчлэн, савтай ус нь эхний дуслаар дүүрдэггүй бас сүүлийн дуслаар дүүрдэггүй; харин бүх дуслуудын нийлбэрээр дүүрдэг. Үүний адил, бидний амьдралд туулж эдэлж байгаа зүйл зөвхөн нэг шалтгааны үр дүн бус – шалтгаан нь энэ агшны өмнө эсвэл хэдэн галавын өмнө бидний хийсэн нэг зүйл байдаггүй. Энэ бол тоолшгүй олон шалтгаан бүхий хүчин зүйл, нөхцөлийн үр дүн байна.
Энэ нь шинжлэх ухааны үзэл баримтлалтай нэлээд нийцдэг. Учир нь үүний илэрхийлж байгаа зүйл нь үйл явдлууд тус тусдаа болдоггүй, харин үнэндээ бүх зүйл харилцан хамааралтай байдаг гэсэн санаа байдаг. Ердөө маш энгийн нэг жишээ авч үзвэл, хэрэв испани хүмүүс Америк тивд ирээгүй бол бид бүгд энд энэ өрөөнд энэ лекцийг сонсож суухгүй байсан, тийм биз дээ? Тэр бол бидний энд байгаагийн нэг шалтгаан. Үүнтэй адил бидний одоо эсвэл аль ч агшинд туулж, эдлэх зүйлд хувь нэмэр оруулах шууд болон шууд бус маш олон өөр шалтгаанууд байна.
Гэвч үйлийн үр нь голлон бидний сэтгэлтэй холбоотой шалтгааныг тайлбарлана. Бидний туулж эдэлж байгаа зүйлд хувь нэмэр оруулах – физик шалтгаанууд, жишээ нь, цаг агаар гэх мэт – бусад олон шалтгаанууд байна. Бидэнд нөлөөлөх олон зүйл зөвхөн бидний сэтгэлээс төдийгүй бусдын сэтгэлээс шалтгаалдаг. Бидэнд нөлөөлөх олон янзын бодлого гаргах улс төрчдийг авч үзэх юм бол тэдний шийдвэрт бас тодорхой төөрөгдөл байж болно, тийм биз дээ?
Үйлийн үр нь итгэл үнэмшлийн талаар ярьдаггүй, энэ нь хувь тавилан, заяа төөрөг гэх мэт зүйлийн талаар ч ярьдаггүй, харин бид юмсыг хэрхэн амсаж мэдэрдэг, бидний хандлага бидний амьдралд туулж, эдлэх зүйлд хэрхэн нөлөөлдгийг авч үздэг. Үйлийн үр гэдэг үг нь зан байдлын шалтгаан ба үр дагаварт оролцох бүх зүйлийг илэрхийлэх маш ерөнхий утгаар хэрэглэгддэг; өөрөөр хэлбэл, бидний зан байдал, хандлагаас гарах шалтгаан ба үр дагаврын харилцааг илэрхийлнэ. “Үйлийн үр” нь зан байдлын шалтгаан ба үр дагаврын тухай сэдвийг бүхэлд нь ерөнхийлөн эсвэл тэрхүү нийт үйл явцын маш тодорхой нэг талыг илэрхийлж болно. Иймд хэрэв бид үйлийн үрийн механизмыг ойлгохыг хүсвэл түүнийг илүү тодорхой, нарийвчлан үзэх шаардлагатай болно.
Өөр өөр үзэл баримтлалын тогтолцоонуудын үйлийн үрийг тайлбарлах тайлбарууд
Бурханы шашны хүрээн дэх илүү нарийн тайлбарыг авч үзэх үед бид ердөө ганц тайлбараар тайлбарладаггүй болохыг маш хурдан олж мэдэх болно. Зарим Барууны хүмүүс үүнийг бага зэрэг хэцүү гэж үздэг. Гэвч хэрэв бидэнд ямар нэг асуудал эсвэл нөхцөл байдал үүсвэл бид түүнийг өөр өөрсдийн үзэл бодлоос шалтгаалан хэд хэдэн өөр байдлаар тайлбарлаж болно. Баруунд бид тэгдэг, бид юмсыг нийгмийн талаас, сэтгэл зүйн талаас, эдийн засгийн талаас нь тайлбарладаг – энэ бол гайхах зүйл биш. Ийм олон талын тайлбарууд нь үнэндээ юу болж байгааг илүү бүрэн дүүрэн ойлгоход тусалдаг. Юу болж байгааг тайлбарлах эдгээр арга тус бүр тодорхой нэг үзэл баримтлалын тогтолцоон дээр суурилсан байна – сэтгэл судлалын онол, үзэл баримтлалын тогтолцоо, улс төр, эдийн засгийн онол, үзэл баримтлалын тогтолцоо гэх мэт. Бурханы шашинд үүнтэй адил зүйл байх бөгөөд ийм учраас үйлийн үр хэрхэн явагддаг тухай өөр өөр гүн ухааны тогтсон тааллуудын (үзэл баримтлалуудын) хэд хэдэн тайлбар байгааг бид олж хардаг. Баруунд бидэнд, сэтгэл судлал гэх мэт нэг шинжлэх ухааны дотор ийм зүйл бас байна – сэтгэл судлалын ухааны Фрейдийн үзэл баримтлалын тайлбар, Юнгийн сэтгэл судлалын үзэл баримтлалын тайлбар байж болно; социалист эсвэл капиталист үзэл баримтлалаар юмсыг тайлбарлаж болно. Бурханы шашинд бид бас ийм зүйлийг олж харах бөгөөд эдгээр өөр өөр үзэл баримтлалыг авч үзэх нь үнэндээ тустай байдаг, учир нь тэдгээр нь бидэнд үйлийн үр хэрхэн явагддаг талаарх өөр өөр ойлголтыг өгнө. Бидний зорилгын хувьд эдгээр өөр өөр үзэл баримтлалын талаар нарийвчлан үзэх нь бус харин хэд хэдэн үзэл баримтлал байдаг гэдгийг мэдэх нь чухал.
Энэ нь мэдээж бидний туулж амсаж байгаа зүйлийн хувьд юу болж байдгийг тайлбарлах Барууны үзэл баримтлал бас байж болно гэсэн шууд бус утгыг бас илэрхийлнэ.
Үйлийн үр нь өдөөх хүч болох сэтгэлийн хүчин зүйл (сэтгэлээс гарсан сэтгэл) болох нь
Үйлийн үрийг тодорхой нэг зүйл, нэг юм болгон ярих үед – хэрэв бид түүнийг тайлбарлах нэг үзэл баримтлалыг дагаж байвал энэ нь – нэг сэтгэлээс гарсан сэтгэл (сэтгэлийн хүчин зүйл) байна. “Сэтгэлээс гарсан сэтгэл” гэдгээр юуг илэрхийлдэг вэ? Сэтгэлээс гарсан сэтгэл (сэтгэлийн хүчин зүйл) гэдэг нь ямар нэг зүйлийг мэдэх нэг хэлбэр. Нэг жишээ авъя: бид хэн нэг хүнийг хараад, түүн уруу явж очдог. Энэ үйл явцад олон сэтгэлийн хүчин зүйл оролцсон байна. Тэдгээр нь тэр хүнийг бид хэрхэн мэдэж байгаагийн олон өөр талууд юм. Тэдгээрийн зарим нь тэр хүнийг өөр хэн нэг хүнээс, эсвэл хананаас ялгах гэх мэт маш энгийн хүчин зүйл байна. Сонирхол – энэ бол тухайн хүнийг харах үед гарах тэр хүнийг мэдэх нэг хэлбэр. Тэнд мөн төвлөрөл байж болно, олон янзын сэтгэл хөдлөл байж болно. Энэ бүхэн бол сэтгэлээс гарсан сэтгэлүүд (сэтгэлийн хүчин зүйлүүд) бөгөөд тэдгээр нь тухайн хүнийг харж, түүн уруу очих тэр агшинд хоорондоо холбогдож байдаг.
Тэгвэл үйлийн үр сэтгэлийн ямар хүчин зүйл болох вэ? Үйлийн үр нь биднийг тухайн хүн уруу хөтлөх сэтгэлээс гарсан сэтгэл; энэ бол тухайн хүнийг хараад түүн уруу очихтой хамт гарч ирэх түлхэх хүч. Мэдээж сэтгэхүй (сэтгэлийн орны ерөнхий байдал уруу өөрийн эрхгүй хөдөлгөж, шаардаж, өдөөгч үйлт) /санаа/ гэх мэт сэтгэлээс гарсан өөр сэтгэл байж болно. Бид тухайн хүнд юу хийх санаатай байна вэ? Бид түүнийг тэвэрч эсвэл түүний нүүр өөд цохих санаатай байж болно. Өөр олон сэтгэлийн хүчин зүйл оролцсон байх бөгөөд харин үйлийн үр бол ердөө тухайн хүнийг харж, түүн уруу очих үед түүнийг тэврэх эсвэл цохих үйл уруу татах тэрхүү сэтгэлийн хүчний түлхэх өдөөлт юм. Мөн тэрхүү сэтгэлийн өдөөх хүч нь зөвхөн тэврэх эсвэл цохих гэх мэт бие махбодын үйл байдаггүйг санаарай. Ямар нэг зүйлийн талаар бодох сэтгэлийн өдөөх хүч бас байж болно; энэ бол зөвхөн бие махбодын хувьд ямар нэг зүйл хийх, хэлэхийн хувьд биш. Бид ямар нэг зүйл бодож, ямар нэг зүйл хэлж, ямар нэг зүйл биеэрээ хийж байсан ч – энэ бүхэнд тодорхой нэг төрлийн сэтгэлийн өдөөх хүч оролцсон байна.
Үйлийн үрийн зан байдлын үр нөлөө
Бурханы шашин нь шинжлэх ухааны адил шалтгаан ба үр дагаврын талаар маш их зүйлийг зааж сургадаг. Хэрэв үйлийн үрээр татагдсан бол– бидний аливааг хийх, аливааг хэлэх, аливааг бодох нь – энэ өдөөх хүчээр хийгдсэн бол нэг үр дагавар гарна. Мэдээж хэдийгээр бусдад нөлөө үзүүлдэг ч үйлийн үр нь зан байдлын тэрхүү бусдад үзүүлэх үр дагаврын талаар их ярьдаггүй. Учир нь бидний бусдад хийж байгаа зүйлийн тэдэнд үзүүлэх нөлөө нь тухайн тэр хүнээс маш их хэмжээгээр шалтгаалдаг. Бидний бусад хүнд хийж байгаа зүйлийн түүнд үзүүлэх зарим нөлөө нь зөвхөн бие махбодын хүчин зүйлийн нөлөөтэй байж болно: та хэн нэгнийг цохисноор арьс нь хөхөрч болно. Энэ бол ердөө физик шалтгаан ба үр дагавар; энд үйлийн үрийн тухай яригдахгүй. Харин бидний тэдэнд хэлсэн эсвэл хийсэн зүйлийг тэр хүн хэрхэн туулж мэдрэхийн хувьд тэр нь тухайн хүнд ямар нөлөө үзүүлэх нь тэр хүнээсээ хамаарна, тийм биз дээ? Бид хэн нэг хүнд жишээлбэл маш таагүй зүйл хэлэхэд тэр хүний сэтгэл маш их өвдөж болно; тэр маш их бухимдаж болно. Гэвч тэд бас биднийг ухаангүй тэнэг гэж бодон бидний хэлсэн үгэнд итгэхгүй, биднийг тоохгүй байж болно. Эсвэл бүр бидний хэлснийг сонсохгүй, бүр биднийг буруу сонсож болно. Жишээ нь, тэдний сэтгэл ямар нэг өөр зүйлд эзлэгдсэн байж болно. Ийнхүү бид бүр тухайн хүний сэтгэлийг үнэхээр өвтгөх санаатай байсан ч үнэндээ тийм зүйл болно гэсэн баталгаа байдаггүй – гэвч мэдээж Бурханы шашин нь бидэнд хэн нэгэнд гэм хор хүргэхгүй байхыг заана. Харин дээрх тохиолдолд тэнд үйлийн үр оролцоогүй байна.
Ямар нэг зүйлийн үйлийн үрийн үр дагаврын талаар ярих үед энэ нь бидний эдгээр үйлийн үрийн өдөөх хүчээр өөрийн мэдэлгүй, өөрийн эрхгүй үйлдэл хийсний үр дүнг өөрсдөө эдлэх тэр үр дагавар юм.
Бидэнд нөлөөлөх үр дагавар нь юу байх вэ? Үр дагаврын нэг нь – энэ бол Барууны шинжлэх ухааны хэлэх зүйлтэй маш адил – бид өөрсдийгөө тодорхой нэг байдлаар бодох, тодорхой нэг байдлаар ярих, тодорхой нэг байдлаар үйлдэл хийхэд сургаж, тэр нь тийм зан байдлыг дахин дахин давтах хандлагыг бий болгоно. Тухайн үйлдлийг давтах хандлага болон тэр үйлдлийг давтах потециалын үр дүнд – хэдийгээр энэ талаар дэлгэрүүлж ярих шаардлагагүй ч потециал болон хандлага хоёр нь ялгаатай – тэдгээрийн үр дүнд, бид тэрхүү үйлдлийг давтахыг хүснэ.
Энэ хандлага эсвэл потенциал үнэндээ юуг бий болгодог вэ? Хандлага нь нэг хүсэх мэдрэмж бий болгоно – жишээ нь, тан уруу очихыг хүсэх, таныг тэврэхийг хүсэх, эсвэл тан уруу очиж ямар нэг таагүй зүйл хэлэхийг хүсэх. Ингээд түүнийг хийхийг хүсэх үед мэдээж бидэнд түүнийг хийх эсвэл хийхгүй байх сонголт байна. Гэвч хэрэв бид түүнийг хийхээр шийдсэн, эсвэл түүнийг хийх гэж буй эсвэл үгүй талаар бүр бодоогүй бол бид түүнийг хийх ба дараагийн үе шат нь үйлийн үр гарч ирэх тэр үе. Үйлийн үр нь өдөөх хүч, түлхэц, өөрийн эрхгүй байдал, түүгээр бид үйлдлийг бодитой хийнэ.
Эдгээр хандлагуудаас гардаг өөр олон зүйл бий. Нэг нь бидний туулж амсах зүйлийн агуулга. “Агуулга” гэдэг бол маш том үг; бага зэрэг илүү тодруулах ёстой болов уу гэж би бодож байна. Энэ нь жишээлбэл, энэ хүнтэй уулзах, тэр хүнтэй уулзахгүй байх тухай юм. Үүнд мөн хүмүүсийн бидэнд хэрхэн хандах хэв маяг багтана. Илүү ойлгомжтой байх үүднээс түүнийг хэрхэн илэрхийлэхдээ бид нэлээн анхааралтай хандах ёстой. Бидний үйлийн үр нөгөө хүн бидэн уруу хашхичих шалтгаан болдоггүй – тэд хүмүүс уруу хашхичих ёстой болох тэр хандлагынхаа үр дүнд бидэн уруу хашхичдаг. Гэвч бидний өөрийн үйлийн үр нь нөгөө хүний бидэн уруу хашхичих явдлыг туулж эдлэх үүргийг хүлээнэ.
Энэ бол мэдээж ойлгоход хялбар зүйл биш, гэвч үүнийг ойлгох тодорхой ойлголтонд хүрэх нэг арга бол жишээлж ойлгох. Хэрэв нэг нярай (хүүхэд) живхэндээ шээж, баасан бол тэр л түүнийг эдэлнэ. Хэн нэгэн түүнийг солих эсэх асуудлыг түр хойш нь тавья. Асуудлын гол нь хэрэв та асуудал үүсгэсэн бол та түүнийгээ эдлэх ёстой болно. Бид өөрсдөө амьдралд асуудлууд бий болгож, амьдрал үргэлжлэх хэрээр улам их асуудалд орсоор байдаг; ер нь бол иймэрхүү байдлаар явагдана. Илүү тодруулбал, бид бусдад тодорхой нэг байдлаар үйлдэл үзүүлбэл бусад бидэнд тэр адил үйлдэл үзүүлэхийг бид туулж эдэлнэ. Гэвч үүнтэй холбоотой үйлийн үрийн өөр нэг маш чухал зарчим бол үр дүн нь тэр даруй гарахгүй байх явдал. Бид хэн нэгэнтэй маш эелдэг, зөөлөн ярьж байсан ч тухайн хүн бидэн уруу маш ширүүнээр, уурлан хашхичсаар байж болно.
Аливаа зүйлээс нэг үр дүн гарахад маш, маш урт хугацаа шаардагдах ба тэдгээрийн үр дүн нь нэг насны амьдралд гарахгүй байж болдог нь үйлийн үрийг үнэхээр сайн ойлгоход дахин төрлийн ойлголт шаардлагатай болдог тэр учир шалтгаан юм. Үнэндээ, ихэнх тохиолдолд тэдгээрийн үр дүн нэг насны амьдралд гардаггүй. Барууны хүмүүсийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх үнэндээ амаргүй. Зарим хүмүүсийн хувьд энэ нь Бурханы шашин “Энэ насандаа сайн бай, дараа төрөлдөө та түүний үрийг тэнгэрийн төрөлд эдэлнэ; муу бай, дараа төрөлдөө та түүний үрийг тамын төрөлд эдэлнэ” гэж хэлж байгаа мэт сонсогддог.
Үүнийг бид үнэхээр сайтар шинжилж үзэх ёстой: Бурханы шашин нь нэг зүйлийн талаар ярьж байна уу, эсвэл тэр нь өөр зүйл үү? Энэ бол тийм хялбар сэдэв биш, энэ бол маш хэцүү сэдэв, учир нь үйлийн үрийн шалтгаан, үр дагаврыг үнэхээр ойлгохын тулд бид дахин төрлийг ойлгох хэрэгтэй болдог – Бурханы шашны биш зарим дахин төрлийн ойлголтыг бус харин Бурханы шашны дахин төрлийн ойлголтыг ойлгох хэрэгтэй болдог. Үйлийн үрийн шалтгааныг үйлдэж байгаа нь хэн юм, түүнийг үр дагаврыг эдэлж амсаж байгаа нь хэн юм? Шагнаж эсвэл шийтгэж болох нэг “би” гэж байдаг уу?
Гэвч; дахин төрлийн асуудал, хэн түүнийг эдэлдэг тухай асуудлыг түр хойш нь тавья, миний өмнө нь дурдсанчлан Бурханы шашин нь хууль дүрмийг дагах, үгүй дээр суурилсан шагнах, шийтгэх тогтолцооны тухай ярьдаггүй. Бурханы шашин нь энэ нас бол нэг төрлийн тест бөгөөд тэр тестийн хариуг бид дараа төрөлдөө авдаг гэж ярьдаггүй. Энэ бол ердөө аливаа зүйлийн үр дүн гарахад урт удаан хугацаа шаардагддаг гэж хэлж байгаа юм. Үүнийг бид байгаль орчны хувьд харж болно. Бид тодорхой байдлаар үйлдэл хийн тэр нь бидний энэ насны амьдралд хэсэг үр дагавар үзүүлэх боловч ирээдүйн үеийнхний төрөл тутамд бүр илүү их үр дагавар үзүүлнэ. Тэр бол үүнтэй төстэй зүйл юм.
Жаргал, зовлон
Үйлийн үрийн боловсролын өөр нэг хэмжүүр нь – өөрөөр хэлбэл, эдгээр үйлийн үрийн үйлдлээс гарах үр дагаврын өөр нэг хэмжүүр нь – энэ лекцийн эхэнд ярьж байсан зүйлтэй холбоотой, энэ бол баяр, гунигийн хэмжүүр юм. Тодорхой үйлдүүдийг давтсанаар бид тодорхой нэг зүйл бидэнд тохиолдох тэрхүү тохиолдлыг туулж эдэлнэ – хүмүүс бидэнд тодорхой байдлаар үйлдэл үзүүлнэ, эсвэл энэ нь хадан цохион оройгоос бидний толгой дээр чулуу унах явдал байж болно. Бид эдгээр зүйлийг баяртайгаар эсвэл зовлонтойгоор туулж эдэлдэг. Үүнийг бодоод үз. Жоомон дээр гишгэхээрээ баярладаг зарим хүмүүс байна – би ийм муухай зүйлтэй таарч байсан! Бусад нь жоомон дээр гишгэх үед дотор нь эвгүйрч, тэдэнд маш таагүй санагддаг. Зарим хүмүүс, хэн нэг хүн тэдэн уруу хашхичих, эсвэл тэднийг цохих үед маш их гутарч, шаналдаг бол бусад хүмүүс баяртай байж “Тийм, би нүгэлтэн; би ердөө сайн хүн биш; би муу хүн; над уруу хашхичиж, намайг цохиж байхад таарна” гэдэг.
Та бүхэн энэ хэллэгийг мэдэх байх, үүнийг би Мексикээс гаралтай гэж боддог, эсвэл хэн нэгэн хүн үүнийг ердөө зохиож би түүнд итгэсэн байж болно, гэвч үүнд: “Хэрэв манай нөхөр намайг цохих юм бол энэ нь тэр надад үнэхээр хайртай гэсэн үг; хэрэв тэр намайг цохидоггүй бол тэр надад анхаарал тавьдаггүй гэсэн үг” гэж гардаг.
Энэ баяр эсвэл гуниг нь бараг нэг өөр төрлийн хэмжүүр мэт санагдаж байна, тийм үү? Нэг хэмжүүр нь юу байх вэ гэвэл бидний өөрийн эрхгүй дахин дахин хийх зүйл, бидний туулж эдэлж байгаа зүйл, бидэнд тохиолдож байгаа зүйлүүд байна – энэ бол нэг хэмжүүр; нөгөө нэг хэмжүүр нь бид түүнийг үнэндээ хэрхэн туулах байдал буюу баяр эсвэл гуниг байна. Бидний туулах эдгээр зүйлүүд, эдгээр хоёр хэмжүүр нь хоёулаа өнгөрсөнд үйлдсэн үйлийн үр бүхий үйлийн боловсрол юм, гэвч өөр өөр үйлээс боловсорно. Хэрэв бид зөвхөн баяр, гунигийн хэмжүүрийг нь авч харвал энэ нь маш ерөнхий хэмжүүр байна. Энэ нь бид сөрөг эсвэл эерэг байдлаар үйлдлийг үйлдсэн эсэхээс шалтгаалдаг. Хэрэв бид сөрөг байдлаар үйлдэл үйлдсэн бол үр дүн нь зовлон, гуниг эдлэх үр дагавар байна; хэрэв бид эерэг байдлаар үйлдэл үйлдсэн бол түүний үр дүн нь баяр, жаргал эдлэх үр дагавар байна.
Эерэг болон сөрөг зан байдал
Ингээд эерэг болон сөрөг гэдгээр Бурханы шашин юу илэрхийлдгийг судалж үзэхэд үнэхээр сонирхолтой байдаг. Мэдээж үүнийг тайлбарлах хэд хэдэн тайлбар байна. Гэвч бидний ярилцсанчлан бид тухайн нэг үйлийн нөгөө хүнд үзүүлэх нөлөөний мөн чанарыг үнэхээр тодорхойлох боломжгүй. Учир нь үр нөлөө нь ямар ч байж болно: түүнд оролцох үнэхээр олон бусад хүчин зүйлүүд байдаг. Ийм учраас эерэг, сөрөг нь бидний тухайн үйлдлийг хийх сэтгэлийн төлөв байдалтай холбогдоно. Хэрэв бидний үйлдэл шунал, эсвэл дур хүсэл, эсвэл уур, эсвэл мэдлэг туршлагагүй байдал дээр суурилсан бол энэ нь сөрөг үйл байна. Харин бидний үйлдэл уур, шунал, дур хүсэл, мэдлэг туршлагагүй байдал дээр суурилаагүй бол энэ нь эерэг үйл байна. Мэдээж үүнээс цаашлан, хэрэв тухайн үйл асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, өглөг зэрэг дээр суурилсан бол бас эерэг үйл болно.
Мөн өөр хүчин зүйлүүд бас байна. Тухайн үйлийг эерэг эсвэл сөрөг болгох бусад хүчин зүйлүүдийг авч үзэх маш сонирхолтой байдаг. Нэг хүчин зүйл нь ёс зүйн эсвэл ёс суртахууны өөрийн үнэлэмж юм. Энэ нь бидний өөрийн имиж, өөрийг хүндэтгэх хүндэтгэлтэй холбоотой. Хэрэв бид өөрийгөө хүндэтгэдэггүй бол өөрийн зан байдлын өөрт нөлөөлөх нөлөөг анхаарахгүй. Энэ бол “юу ч хийсэн болно” гэсэн хандлага. Ийм өөрийг доогуур үнэлэх сэтгэлээр бид сөрөг байдлаар үйлдэл хийдэг. Өөрөөр хэлбэл, хэрэв би өөрийн талаар эерэгээр боддог, хэрэв би өөрийгөө хүн гэдэг үүднээс хүндэлдэг бол би ухаангүй байдлаар үйлдэл хийхгүй. Өөрийн нэр хүндээ унагахыг хүсэхгүй учраас би ухаангүй, түрэмгий байдлаар үйлдэл хийхгүй – би өөрийн талаар, өөрийн хийж чадах зүйлийн талаар маш өндөр бодолтой байдаг. Энэ бол бидний энд ярилцаж байгаа хүчин зүйл: ёс зүйн өөрийн үнэлэмжтэй байх эсвэл ёс зүйн өөрийн үнэлэмжгүй байх. Энэ бол эерэг эсвэл сөрөг байдлаар үйлдэл хийхийг тодорхойлох маш, маш чухал хүчин зүйл юм.
Өөр нэг хүчин зүйл бол бидний зан байдал бусдад хэрхэн нөлөөлөх нөлөөг авч үзэх явдал. Бид энд юуны тухай ярьж байна вэ? Хэрэв бид таагүй байдлаар үйлдэл хийвэл энэ нь миний гэр бүлийг хэрхэн харуулах вэ? Манай улс орныг хэрхэн харуулах вэ? Хэрэв би тааламжгүй байдлаар үйлдэл хийвэл мексик хүмүүсийн талаар хүмүүс юу гэж бодох бол? Хэрэв бид Бурханы шашинтан атлаа гадуур гарч, архи уун согтуурч, зодоон цохион хийвэл энэ нь Бурханы шашин болон Бурханы шашинтнуудыг хэрхэн илэрхийлэх вэ? Бид гэр бүлээ, өөрийн бүлгийг – тэр нь шашин, улс орон, хот юу ч байсан хангалттай хүндэлдэг учир – өөрийн зан байдлын нөлөөний талаар, бидний зан байдал бусдыг хэрхэн тусган харуулах талаар санаа тавьсны үндсэн дээр бид сөрөг байдлаар үйлдэл хийхээс зайлсхийдэг; хэрэв бидэнд энэ зүйл байхгүй бол бид сөрөг байдлаар үйлдэл хийнэ. Энэ бол Бурханы шашинд байдаг ер бусын гайхалтай ойлголт юм. Гол хүчин зүйл нь юу вэ? Өөрийг хүндэтгэх, өөрийн нэр хүндийг эрхэмлэх, нийгмийн бүлгээ хүндэтгэх.
Энэ нь бидэнд алан хядах үйл ажиллагааг шийдвэрлэх явцад анхаарч үзэх хэрэгтэй хүчин зүйлүүдийг тооцоход томоохон ойлголт, ухаарал өгдөг. Хэрэв та нэг хүний, мөн түүний нийгмийн бүлгийн амьдралыг үнэхээр таагүй мэт болгож, тэдний талаар таагүй зүйлүүдийг бодох байдлаар тэдний өөрийн үнэлэмжийг үгүй болговол тэдэнд тэдний юу хийх нь тэдэнд хамаагүй мэт санагдана. Хэрэв тэдэнд өөрийн үнэ цэнэ эсвэл тэдний нийгмийн бүлгийн үнэ цэнэ гэх мэдрэмж байхгүй бол яагаад гарч, сөрөг байдлаар үйлдэл хийж болохгүй гэж? Тэдэнд алдах зүйл юу ч байхгүй. Энэ бол ялангуяа дэлхийн хэмжээн дэх асуудал бүхий нөхцөлүүдэд бусадтай хэрхэн харилцахын хувьд санаж байхад тустай зүйл гэж би боддог. Хэн нэгний нэр хүнд эсвэл тэдний нийгмийн бүлгийн үнэ цэнийг хэзээ ч үгүй хийхгүй байх нь чухал.
Эдгээр нь тухайн нэг үйлийг сөрөг эсвэл эерэг болгох тэр зүйлд оролцож байдаг сэтэлийн хүчин зүйлийн зарим нь юм. Мөн үүнд бидний бусдад хандан гаргах зан байдал, үйлдлийн тэдэнд үзүүлэх нөлөөг нухацтай авч үзэх гэх мэт зүйл бас орно. Энэ нь бусдыг бодох эсвэл анхаарах сэтгэлтэй байх гэсэн утгатай – би үүнийг “бусдын сэтгэлийг бодох хандлага” гэж нэрлэдэг. Заримдаа бид маш анзааргагүй байж, би танд юу гэж ч хэлж болно, энэ хамаагүй гэж боддог. Надад таны сэтгэл үнэхээр хамаагүй гэнэ. Энэ үед бидэнд бусдын сэтгэлийг бодох хандлага байхгүй байна.
Хэрэв бид шунал, уур, өөрийг үнэлэхгүй байх, бидний хийж байгаа зүйл бусдыг хэрхэн тусган харуулах талаар бодохгүй, бусдын сэтгэлийг бодохгүй, бидний хийж байгаа зүйл бусдад болон өөрт нөлөө үзүүлэх талаар бодохгүй байх – ийм төрлийн сэтгэлийн хүчин зүйлүүдээр үйлдлийг хийх юм бол – үүний үр дүн юу байх вэ? Зовлон. Гэвч энэ зовлон бол шийтгэл биш.
Бид энэ талаар үнэхээр сайн бодох хэрэгтэй. Ийм сөрөг хүчин зүйл бүхий сэтгэлийн төлөв байдал нь үнэндээ таатай сэтгэлийн төлөв байж чадах уу, энэ нь бидэнд үнэхээр баяр жаргалын мэдрэмж бий болгох уу? Эсвэл энэ нь зөвхөн зовлон бий болгох уу? Хэрэв бид үүнийг дахин дахин бодож үзэх юм бол тэр сэтгэлийн төлөв байдал нь, тэр сөрөг сэтгэлийн төлөв байдал нь зовлон эдлэхэд хүргэнэ, харин бид түүний эсрэг сэтгэлийн төлөв байдалтай; шунал, уур гэх мэт тэдгээр зүйл байхгүй сэтгэлийн төлөв байдалтай байвал тэр нь баяр жаргал бий болгоно гэдэг нь үнэндээ ойлгомжтой болно. Ийм учраас эерэг болон сөрөг – гэсэн ийм ерөнхий ангилал байх бөгөөд тэдгээр нь бидний эдлэх жаргал, зовлонгийн шалтгаан болно.
Мөн бидний хийдэг тодорхой төрлийн үйлдлүүд байна: хэн нэгэн уруу хашхичих, эсвэл хэн нэгэнд эелдэг хандах гэх мэт үйлдлүүд байх бөгөөд эдгээр нь бас тухайн зан байдлыг дахин дахин давтах хандлагууд тогтоход өөрийн нөлөөтэй байх бөгөөд хандлагууд нь бусад бидэнд тийм байдлаар хандах нөхцөл болно.
Бидний үйлийн үр бүхий зан байдлын өөр нэг үр дагавар нь – гэвч энэ талаар энд нарийн ярих шаардлагагүй – бид ямар төрөлд төрөхтэй холбогдоно: бид нохой, жоом, хүний гэх мэт эгэл бие, сэтгэлтэй төрнө. Бидэнд тохиолдох тодорхой зүйлүүдийг эдлэх, тодорхой байдлаар үйлдэл хийдэг байх нөхцөл болж өгөх ямар бие, сэтгэлтэй болж бид төрөх вэ? Үүнд олон өөр нарийн зүйлүүд байх бөгөөд энэ удиртгал сэдвийн хүрээнд би хамгийн ерөнхий зарчмуудыг нь багтаахыг хүслээ.
Хувь тавилан уу эсвэл чөлөөт хүсэл үү?
Ингээд нэг талаараа бид тодорхой зан байдлын төрлүүдийг давтах ба бидэнд юмс тохиолдоно; нөгөө талаараа энэ бүхнийг туулах явцад баяр, гуниг ээлжлэх ба заримдаа тэдгээр нь бидний зан байдалтай ердөө таарахгүй байгаа мэт санагдана. Энэ бүхэн цаг үргэлж сайнтай, муутай байх ба бид дараа юу болохыг мэддэггүй. Мэдээж бидэнд тохиолдож байгаа зүйл бол зөвхөн надаас, миний үйлийн үрээс шалтгаалахгүй. Энэ нь энэ ертөнц дээр байгаа хүн бүр, тэдний үйлийн үрээс шалтгаалан болж байгаа зүйл, тэдний хийж байгаа мөн гараг эрхэсийн дотоодод болж буй зүйл – түүнийг бүрдүүлэгч махбодууд: цаг агаар, газар хөдлөлт гэх мэт зүйлээр бас нөлөөлөгдөнө. Ийм учраас дараа нь бид юу туулж эдлэхийг урьдаас хэлэх маш хэцүү – үүнд нөлөөлөх хүчин зүйл нь ердөө маш нарийн төвөгтэй бөгөөд үнэндээ Бурхан багш үүнийг, ойлгоход хамгийн хэцүү зүйл гэж хэлсэн байдаг.
Үнэхээр олон хүн үйлийн үрийн талаар үүнийг их асуудаг тул энэ тал дээр бид нэлээн тодорхой байх ёстой – энэ нь тавилан уу эсвэл чөлөөт хүсэл үү? Энэ хоёрын аль нь ч зөв биш, хоёулаа хэтрүүлсэн ойлголт. Хувь тавилан гэдэг нь ихэвчлэн хэн нэг өөр хүн бидний юу хийх эсвэл юу эдэлж туулахыг тодорхойлсон гэсэн утгыг илэрхийлнэ – зарим нэг гадны, тэнгэрийн биет гэх мэт. Бурханы шашин нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй; хэн нэг өөр хүн бидний юу хийхийг шийдэж, бид түүний бидэнд зориулан бичсэн зүйлийг гүйцэтгэдэг биш юм.
Харин чөлөөт хүсэл нь хэн нэг хүн зоогийн газар хоолны цэс барин сууж, тэндээс юу захиалахаа шийдэхтэй бага зэрэг адил ойлголт. Амьдрал бол тийм биш. Амьдралыг тийм гэж төсөөлөхийг Бурханы шашин буруу, энэ бол төөрөлдсөн хэрэг гэж үзнэ. Амьдралаас тусдаа, үйл явдлаас тусдаа, одоо болж байгаа бүх зүйлийн гадна байж амьдралыг хоолны цэс адил харж түүнээс сонголт хийж чадах – тусдаа “би” гэж байдаг мэт санагдаж, мэдрэгдэж болно. Би гэдэг нь аль хэдийн тэнд байсан бөгөөд бид ердөө товчлуур дарахад тэр бүхэн нь бараа зардаг автомат машинаас гарч ирэхтэй адил амьдралаас тусдаа, эсвэл үйл явдлаас тусдаа “би” гэж байхгүй ба бидэнд тохиолдох зүйлс цэсэн дээр байх зүйлүүд адил сонгож болохуйц оршдоггүй. Энэ бол үйл явдлууд автомат машин дотор байх чихэр шиг оршиж, та хүсэж байгаагаа тэндээс сонгохтой адил явдал биш; товчлуур дараад, мөнгөө хийснээр тэр нь өөрт тань ирэх. Амьдрал ийм биш биз дээ? “Өнөөдөр би баяр эдэлнэ, хүн бүр надад сайхан хандана” гэж бид өмнө нь шийдээд, мөнгөө амьдралын машинд хийснээр бидний сонгосон зүйл гарч ирдэг, ийм биш. Энэ бол чөлөөт хүсэл, тийм биз дээ? Энэ бол бидэнд юу тохиолдох, бид юу хийхийг шийдэх чөлөөт хүсэл. Гэвч бидэнд юу тохиолдох нь хувь тавилан эсвэл чөлөөт хүсэл гэсэн энэ хоёр туйлаас илүү гүн нарийн зүйл байна.
Төөрөгдөл үйлийн үрийн эх сурвалж болох нь
Лекцийн эхэнд бид Бурханы шашны хамгийн гол онцлог нь Бурхан багш энэхүү бидний тасталтгүй эдэлж туулах зовлон, жаргал болон бидний үнэхээр хүсдэггүй, бидний ямар ч хяналтгүйгээр бидэнд тохиолддог тэр бүх зүйлийн шалтгааныг заасан явдал болох талаар ярилцсан. Энэ шалтгаан нь бидний аливааг туулж эдлэх хором бүрийн хэсэг байж, тэрхүү хам шинжийн тасралтгүй үргэлжлэх шалтгаан болдог – энэ шалтгаан бол төөрөгдөл. Түүгээр зогсохгүй хэрэв бид төөрөгдлийн нөлөөгөөр үйлдлийг хийвэл – тэр нь сөрөг эсвэл эерэг үйл байсан ч – энэ нь “байнгын зуршил” гэж нэрлэх – үргэлж төөрөгдлийн нөлөөгөөр үйлдэл хийх зуршил гэдэг - тэр зүйлийг батжуулаж, ингэснээр бид агшин хором бүрд төөрөгдлийн нөлөөгөөр үйлдлийг үргэлжлүүлэн хийсээр байх болно.
Энэ төөрөгдөл нь юу юм бэ? Энэ бол Бурханы шашны маш гүнзгий сэдэв; гэвч үүнийг маш энгийн байдлаар илэрхийлбэл, бидний ярьж байгаа төөрөгдөл бол би хэрхэн оршдог, та хэрхэн оршдог, хүн бүр хэрхэн оршдог тухай юм. Жишээ нь, бид би бол ертөнцийн гол төв; би бол хамгийн чухал хүн; би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой: үргэлж миний зөв байна; хүмүүс үргэлж надад цаг гаргаж байх ёстой гэж боддог. Бид энэ хандлагыг өөрийн гар утасны тухайд харж болно: бидэнд, би хэзээ ч хэн уруу ч утасдаж, тэднийг юу ч хийж байсан ч хамаагүй тэдэнд саад болж болох ба тэд надад цаг гаргах хэрэгтэй, учир нь миний хэлэх гэж байгаа зүйл бол тэдний хийж байж болох ямар ч зүйлээс хамаагүй илүү чухал гэж бодогддог. Энэ төөрөгдөл дээр суурилан бид бусдад сөрөг байдлаар үйлдэл хийж – тэдэн уруу хашхичиж, тэдэнд ширүүн ханддаг – тэд миний хүсэж байгаа зүйлийг хийхгүй эсвэл миний дургүй зүйлийг хийж байдаг учраас тэр мэтээр ханддаг. Тэд миний хүсэж байгаа зүйлийг хийх хэрэгтэй, учир нь мэдээж миний хүсэж байгаа зүйл тэдний хүсэж байгаа зүйлээс илүү чухал. Эсвэл үүнтэй адил төөрөгдөл дээр суурилсан, тэдэнд таалагдах хүслийн үүднээс бид хэн нэгэнд зориулан ямар нэг зүйл хийж, тэдэнд эелдэг ханддаг. Би тэднийг өөртэйгөө байхад баяртай байхыг хүснэ. Би хэн нэгэнд ямар нэг зүйл хийж өгөхдөө өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдрэх, би тэдэнд хэрэгтэй гэж мэдрэх үүднээс жишээ нь охиндоо хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх, гэр орноо хэрхэн авч явах талаар хэлдэг. Энэ нь тустай биш гэж үү? Охин бидний зөвлөгөө, тусламжийг хүсэх эсэх нь хамаагүй, би бол хамгийн чухал хүн гэж бодох ба хэрэгтэй хүн байхыг хүсэж, мэдээж би түүний хүүхдүүдийг хэрхэн өсгөхийг түүнээс илүү мэдэх учраас охин үүнийг надаас сонсох хэрэгтэй гэж боддог.
Ийм төөрөгдөл байх ба энэ нь эерэг, сөрөг зан байдлын аль алины цаана байна. Бид энэ төөрөгдлөөс шалтгаалж тэрхүү сайн, муу ээлжлэх циклийг үргэлжлүүлсээр байдаг. Иймд үүнийг хэрхэн арилгахыг шинжилж үзэх ёстой.
Төөрөгдлийг арилгах
Эдгээр үйлийн үр бүхий хандлага, зуршлууд, ялангуяа тэдгээр хандлагууд хэрхэн боловсордог механизмыг авч үзэх үед энэ бүхэн нь бидний эдлэх тэрхүү ээлжлэн байх жаргал, зовлонд хандах бидний хандлагатай холбоотой байдаг. Бидний эдлэх жаргал, зовлонг дагалдах сэтгэлийн хоёр хүчин зүйл байх бөгөөд тэдгээр нь энд маш чухал. Эхнийхийг “шунахуй” гэнэ. Жаргал эдлэх үед бид түүнээс хагацахгүй байхыг хүсэн шунана – энэ нь маш хүчтэй хүсэл төрнө гэсэн үг. Хэн нэгэнтэй байж, таатай сайхан байх үед “Битгий яв, надтай хамт байгаач, энд илүү удаан хугацаагаар байж болох уу” гэх ийм төрлийн зүйл байна. Эсвэл шоколадтай бялуу идэн сэтгэл таатай, баяртай байвал бид тэр баяр жаргалаас салахгүй байхыг хүснэ. Ийм учраас бид дахин, дахин, дахин, бүр дахин иддэг, тийм биз дээ? Энэ бол шунахуй. Ингээд зовлон эдлэх үед бид аль болох түүнээс хурдан хагацахад шунана. Эдгээрийн аль алины цаана хоёр дахь сэтгэлийн хүчин зүйл (сэтэлээс гарсан сэтгэл) – өөрийн туулж эдэлж байгаа зүйлтэй холбогдуулсан “би”-г, маш тодорхой дүр бүхий “би”-г илэрхийлэх нэг хүчтэй хандлага байна. Би баяр жаргалтай байж, надад жаргал өгөх юу ч байсан улам бүр ихийг хүртэж, түүнээс хагацахгүй байх ёстой. Би, надад таалагдахгүй зүйлээс хурдан хагацах ёстой. Таны хэлж байгаа зүйлд би дургүй байна, тиймээс та чимээгүй бай, үгүй бол би хашхична шүү гэдэг.
Амьдралд ээлжлэх тэрхүү жаргал, зовлонг ийм шунах сэтгэлээр, тухайн болж буй зүйлтэй холбоотой маш хүчтэй тодорхой дүр бүхий “би”-гийн илэрхийллээр туулах үед – угтаа энэ нь төөрөгдөл дээр суурилсан байдаг – энэ нь тэдгээр үйлийн үр бүхий хандлага боловсрох шалтгаан болдог. Ийм маягаар бид ээлжлэн эдлэх өөрийн жаргал, зовлонг үргэлжлүүлж, өмнөх бүхий л зан байдлаа давтсаар байдаг, учир нь энэ нь тэдгээр хандлагаас боловсрон гардаг. Хамгийн үнэхээр таагүй нь энэ төөрөгдөл жаргал, зовлонгийн агшин хором бүрд тэдэнтэй хамт байдаг явдал. Ингээд энэ нь мөн адил төөрөгдөл дагалдах жаргал, зовлонгийн дараа дараагийн агшны шалтгаан болно. Бидний одоо эдэлж байгаа төөрөгдөл нь түүний өмнө жаргал, зовлон туулахдаа эдэлж байсан төөрөгдлийг үр дагавар юм.
Энэхүү хяналтгүй дахин дахин гарах цикл, өөрөө өөрийгөө үргэлжлүүлэх шалтгаан болдог энэ цикл – энэ бол Бурханы шашны “самсара” (орчлон, сансар) гэж нэрлэдэг зүйл. Хэрэв бид энэ төөрөгдлөөс гарвал тэр үед үйлийн үрийн тэрхүү тогтолцоо задарч, бид орчлонгоос чөлөөлөгдөнө, гэтэлнэ. Хэрэв бид төөргөдлийг зөв ойлголтоор соливол – энэ юу гэсэн үг болох талаар бүгдийг дэлгэрэнгүй ярихгүйгээр ердөө нэг ерөнхий санаа өгье – хэрэв бид төөргөдлийг зөв ойлголтоор соливол энэхүү “би” гэх тодорхой дүр бүхий илэрхийллийн суурь байхгүй болно – “би үүнийг биш түүнийг авах ёстой” гэх суурь байхгүй болно. Шунахуй байхгүй болно, ингэхээр тэдгээр хандлага, зуршлуудыг идэвхжүүлэх зүйл байхгүй болно. Хэрэв тэдгээр хандлага, зуршлуудыг идэвхжүүлэх зүйл юу ч байхгүй бол танд хандлага, зуршлууд байсаар байна гэж хэлэх боломжгүй.
Өөр нэг жишээ авъя. Үлэг гүрвэл харах хандлагатай байтал үлэг гүрвэл мөхсөнөөр ширэнгэн ойд явах үед үлэг гүрвэл харах хандлага байхгүй болно, тэгнэ биз дээ? Өмнө нь ийм хандлага байдаг байсан: ширэнгэн ойд явахдаа би үргэлж үлэг гүрвэл хардаг байсан. Одоо үлэг гүрвэл гэж байхгүй болсон, тийм учраас үлэг гүрвэл харах хандлага байхаа больсон. Энэ жишээгээр, тухайн нэг хандлага боловсрон гарах шалтгаан байхгүй бол – нэг үлэг гүрвэл харах хандлага боловсрох шалтгаан болох үлэг гүрвэл таны өмнө гарч ирэхгүй бол – хэрэв тэрхүү хандлагыг идэвхжүүлэх зүйл юу ч байхгүй бол тэр хандлага танд байхгүй болно. Хандлага байхгүй болсноор үйлийн үр бүхий хандлагууд боловсрохгүй болж бид жаргал, зовлон ээлжлэн амсахгүй ба мэдээж тэдгээртэй хамт ямар нэг төөрөгдөл эдлэхгүй болно, энэ ч бас байхгүй болно.
Ийм маягаар бид энэхүү орчлонгийн нөхцөл байдлаас чөлөөлөгддөг. Бид энэхүү таагүй, баталгаагүй жаргал, зовлон ээлжлэх байдлыг эдлэхгүй болж харин оронд нь – төөрөгдөлтэй холилдоогүй, “би тоглоомонд хожсон, энэ миний шагнал байна” гэх баяр жаргалаас өөр, маш тогтвортой, маш өөр төрлийн, маш өөр чанартай баяр жаргалыг эдэлнэ. Энэ бол хэцүү нөхцөл байдлаас харах үед төрдөгтэй адил тийм нэг төрлийн баяр баясал юм. Үнэхээр тохирох жишээ биш хэдий ч юун тухай ярьж байгааг тодруулах нэг энгийн жишээ гэвэл өмсөж байсан бариу гутлаа өдрийн төгсгөлд тайлах үед бидэнд мэдрэгдэх тэр мэдрэмж байх болов уу – энэ бол тэр зовуураас чөлөөлөгдөж буй баярт сэтгэл уужрал юм.
Мөн гэтэлж, чөлөөлөгдсөнөөр бид үйлийн үрийн тэдгээр өөрийн эрхгүй өдөөх хүчинд татагдаж тодорхой нэг байдлаар үйлдэл хийж, тодорхой зүйлүүдийг туулж, эдлэхгүй болно. Харин бид гэтлэхүйгээс цааш Бурханы хутагт хүрэхээр зорьж байгаа бол биднийг ямар нэг үйлэнд татах зүйл нь энэрэн нигүүлсэх сэтгэл – бусдыг зовлон болон тэрхүү зовлонгийн шалтгаанаас нь ангижруулах хүсэл байна.
Төгсгөлийн үг
Энэ бол үйлийн үртэй холбоотой зарим зарчмуудын талаарх ерөнхий удиртгал ойлголт юм. Хэлж, тайлбарлах маш, маш их зүйл бий. Тэдгээрийн зарим нь тодорхой хэсэг ерөнхий зарчмуудаар тайлбарлагддаг, жишээ нь ийм төрлийн үйл нь тийм төрлийн үр гаргана, хэрэв энэ хүчин зүйл байвал үр нь хүчтэй, хэрэв байхгүй бол – хэрэв та ямар нэг зүйлийг санаатайгаар бус санамсаргүй хийвэл – үр нөлөө нь өөр байна гэх мэт. Нарийвчилсан олон зүйл бий.
Мөн энэ мөчид үнэндээ ямар үйлийн үр боловсрохыг зарчмаар ерөнхийлөх маш хэцүү, учир нь энэ нь бидний эргэн тойронд болж буй бүх зүйлээр нөлөөлөгдөж байдаг. Одоо бидэнд юу тохиолдохыг ерөнхий зарчмаар ерөнхийлөх боломжгүй, учир нь одоо болж байгаа зүйл одоо болж байгаа бүх зүйлээр нөлөөлөгдөж байдаг. Таны зам дээр гаргасан ослыг авч үзвэл, юу энэ бүхэнд хүргэсэн байх вэ? Энэ бол тэр зам дээрх хүн бүрийн өөр өөрийнх нь зүгээс татсан, замын хөдөлгөөний нөхцөл, цаг агаар, замын нөхцөлийн нөлөө бүхий үйлийн үр юм. Одоо боловсорч байгаа тэрхүү осол болж буй явдал нь олон зүйлийн нөлөөгөөр бий болдог.
Хэрэв энэ сэдвийг сонирхож үзэх юм бол, энэ нь түүний маш олон талуудыг авч үзэх үнэхээр өргөн хүрээтэй байдаг. Үйлийн үрийн талаар бид хэдий их судална, тэр нь үйлийн үрийн эрхэнд байх явдлыг даван гарахад төдий чинээ тустай байх бөгөөд ингэснээр бид зөвхөн өөрийг орчлонгийн зовлонгоос гэтэлгэх төдийгүй бусдад мөн адил тусалж чадах илүү сайн нөхцөлийг бий болгоно гэж би боддог.
Асуулт байна уу?
Асуултууд
Ийм нөхцөлд гэм буруу бол зургийн гадна байна, тийм үү? Энэ нь гэм буруутай ердөө холбоогүй, тийм биз дээ?
Зөв. Үйлийн үрийн тухай Бурханы шашны тайлбар нь гэм буруутай ямар ч холбоогүй байдаг. Гэм буруу нь маш хүчтэй тодорхой дүр бүхий “би”-г тусдаа нэг зүйл, өөрийн хийсэн зүйлийг өөр нэг тусдаа зүйл хэмээн, ширээний теннисний бөмбөгнүүд адил энэ мэт байдлаар бодсон бодол дээр суурилдаг. Ингээд бид “би” гэх зүйлийг маш муу, мөн “миний хийсэн юм” гэх зүйлийг маш муу гэж итгэдэг. Мөн тодорхой дүр бүхий мэт санагдах энэ хоёр зүйлийг үнэлж дүгнэн, тэдгээрийг баримталсаар байдаг – энэ бол гэм буруу гэдэг тэр зүйл. Энэ нь гэрээсээ хогоо ердөө гаргаж хаяхгүй гэртээ байлгах хэр нь түүнийг ямар муухай зүйл болох, ямар муухай үнэртэй, ямар бохир юм хэмээн байлгасаар байхтай адил.
Энэ бүхэн маш ойлгомжтой, маш логиктой санагдаж байна. Тэр тогтолцоог мөн төөрөгдлийг хэрхэн арилгах, өдөөх хүч, хандлага, энэ бүх зүйлийг ойлгож байна. Гэвч эдгээрийг ойлгосон энэ ойлголт яг одоо бидний туулах зүйл эсвэл өөрийн эрхгүй үйлдэл хийхэд түлхэх тэр хүчийг арилгахад хангалттай биш гэж би бодож байна.
Зөв. Тийм, ийм учраас бид юуны түрүүнд ёс зүйн өөрийн хяналтыг дадал болгох хэрэгтэй болдог. Санаж байна уу, “Чи өнөөдөр ямар зохимжгүй хувцаслаа вэ” гэж хэлэхийг хүсэх болон түүнийг бодитой хэлэх хоёрын хооронд нэг бага зэрэг зааг байдаг гэж бид ярьсан. Хэрэв бид тэр орон зайг барьж чадвал, энэ хүнд түүнийг зохимжгүй хувцасласан байна гэж хэлбэл ямар үр дагавар гарах талаар бодож шийдвэр гаргаж чадна. Хэрэв бид үүнийг хэлэхэд үр өгөөжтэй зүйл биш гэж харвал түүнийг хэлэхгүй. Ёс зүйн сахилга бат, өөрийн хяналт – үүгээр бид эхэлдэг.
Мөн бид ямар нэг зүйл хийхийг хүсэх үед надад ямар сэтгэл хөдлөл төрж байна гэдгийг шинжиж болно. Тухайн зүйлийг хийхийг хүсэж байгаа миний хүсэл шунал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл дээр суурилсан байна уу, үгүй юу? Уур бухимдал дээр суурилсан; мэдлэг туршлагагүй байдал дээр суурилсан байна уу? Хувцас чинь зохимжгүй байна гэж хэлэх нь тэр хүнд нөлөөлөхгүй гэж би бодож байна уу? Эсвэл тухайн нэг зүйлийг хийхийг хүсэх миний хүсэл ач санах гэх мэт илүү эерэг зүйл дээр суурилсан байна уу? Ийм учраас сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл эсвэл хандлагын тодорхойлолт маш их тустай байдаг: сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл бол тухайн сэтгэл төрсөн үед бид сэтгэлийн тайван байдал, өөрийн хяналтыг алдахад хүрдэг тийм сэтгэлийн төлөв байдал юм.
Сэтгэлийн тайван байдал алдагдсаныг мэдэж болно: бидний зүрх бага зэрэг хүчтэй цохилж; бид бага зэрэг тайван биш байна. Иймд бид би ямар нэг зүйлийг бардам сэтгэлээр хэлж байна уу гэх мэт ийм нарийн зүйлүүдийг жишээ нь ажиглахыг оролдож болно. Жишээ нь, хэн нэг хүн “Би үүнийг ойлгохгүй байна” гэхэд та “Тийм үү, харин би бол ойлгож байна!” гэнэ. Үүний цаана бага зэрэг тайван бус байдал, бардам, ихэрхүү сэтгэл байна. Энэ бол таны эрж хайх зүйл.
Гэвч бодит байдлыг ойлгох буюу хоосон чанарыг ойлгох зэрэг нь маш, маш хэцүү бөгөөд бүр түүнийг ойлгосон ч бид түүнд дасаж, цаг үргэлж түүнийг санаж байх ёстой болдог. Ийм учраас бид сөрөг байдлаар үйлдэл хийхгүй байх үүднээс энэ бүхнийг ёс зүйн хувийн сахилга бат сахихаас эхлүүлдэг.
Би бага зэрэг төөрөлдчихлөө. Энэхүү жаргал, зовлон ээлжлэх байдлыг, эдгээр хэлбэлзлийг үргэлжлүүлдэг хоёр сэтгэл хөдлөл байдаг гэж таныг хэлсэн гэж би бодож байна. Нэгийг нь шунахуй гэж та хэлсэн, нөгөө нэг нь юу байсан билээ?
Миний тайлбарлаж байсан зүйл бол үйлийн үр бүхий хандлагыг идэвхжүүлдэг хоёр хүчин зүйлийн тухай байсан – энэ нь арван хоёр шүтэн барилдлагын сургаалтай холбогдоно. Нэг нь шунахуй, нөгөө нь – би хялбарчлан тайлбарлаж байсан – үнэндээ бол түүнийг “эзний хандлага эсвэл сэтгэл хөдлөл” гэж нэрлэдэг ба энэ нь таван өөр боломж бүхий нэг бүлэг зүйл. Энэ бол үр дагаврыг эзэмших тэр зүйл бөгөөд хамгийн онцгой нэг хандлага нь бидний туулж эдэлж байгаа зүйл, эргэн тойронд болж байгаа зүйлээр нэг тодорхой дүр бүхий “би”-г илэрхийлэх явдал.
Энэ тодорхой дүр бүхий “би”-г илэрхийлэх явдал нь ямар нэг зүйлтэй холбоотой юу? Тэнд төөрөгдөл байгаа гэдэг нь, бид түүнийг анхааран авч арилгах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Гэвч чухам юунд бид төөрөлдөөд байгаа юм, юуг юутай андуураад байгаа юм бэ?
Энэ бол хялбар байдлаар хариулахад амаргүй асуулт. Бид үзэгдэх чанар байдал бүхий янагуух “би” буюу орших “би”-г оршдоггүй, хуурамч “би”-тэй андуурдаг. Бидний хийдэг зүйл бол орших тэрхүү “би”-г байх боломжгүй байдлаар оршдог гэж төсөөлдөг, энэ нь нэг хэтрүүлэл байдаг. Байхгүй зүйлийг нэмдэг. Жишээ нь: би жаргалтай эсвэл гунигтай байна. Энэ бол та гунигтай байгаа хэрэг биш; би гунигтай байгаа хэрэг. Жаргал эсвэл зовлон байгаа үед бид түүнийг би жаргалтай байна гэдэг үүднээс авч үздэг. Энэ бол та эсвэл өөр хэн нэгэн жаргалтай байгаа гэсэн үг биш – би жаргалтай байгаа гэсэн үг. Энэ “би” гэдэг бол оршдог, үзэгдэх чанар байдал бүхий, янагуух “би.”
Энэ янагуух “би”-г харуулах нэг жишээ авъя. Бид нэг кино үзэх бөгөөд киноны нэр нь “Салхитай хамт одсон нь.” Кинонд нэг баяр жаргалтай үзэгдэл гарч, дараа нь нэг гунигтай үзэгдэл, дараа нь өөр нэг баяр жаргалтай үзэгдэл гарч байна гэж бодъё. Тэгэхээр, энэ юу гэсэн үг вэ? Энэ баяр жаргалтай үзэгдэл бол “Салхитай хамт одсон нь” киноны нэг үзэгдэл бөгөөд тэр гунигтай үзэгдэл нь “Салхитай хамт одсон нь” киноны өөр нэг үзэгдэл. “Салхитай хамт одсон нь” гэдэг нь бид нэг зүйлийг үзэгдэх чанар байдлаар нь, баяр жаргалтай болон гунигтай бүх үзэгдлүүдийн хамт хэрхэн нэрлэж байгаа нь. Гэвч “Салхитай хамт одсон нь” гэдэг нь ердөө нэг нэр. Гэвч “Салхитай хамт одсон нь” гэдэг талаар ярих үед бид ердөө энэ нэрийн талаар ярьдаггүй. Бид тэрхүү бодит киноны тухай – тэр нэрийн илэрхийлэх зүйлийн тухай ярьдаг. Энэ бол янагуух байдлаар оршиж байгаа кино: энэ бол оршдог. Кино бол тэдгээр үзэгдэл тус бүрээс тусдаа ямар нэг зүйл биш – тэдгээр үзэгдлүүдээс тусдаа, бие даасан кино нь хуурамч кино болно. Энэ бол оршихгүй. Янагуух байдлаар (үзэгдэх чанар байдлаараа) орших кино бол ердөө үзэгдлүүд дээр суурилж нэрлэгдэж байгаа зүйл.
Үүний адил бидний амьдралд баяр жаргалтай мөчүүд байна, гуниг зовлонтой гэх мэт мөчүүд байх бөгөөд тэр бүхнийг бид хэрхэн авч үздэг вэ? Бид түүнийг “би” – янагуух “би” гэж авч үзэх ба энэ бол оршдог: энэ бол та биш, энэ бол “би.” Үүнтэй адил тэр кино бол “Салхитай хамт одсон нь”, тэр кино бол “Оддын дайн” биш. Гэвч жаргал, зовлон эдлэх мөчүүдээс тусдаа, тэдгээр мөчүүдийг эдлэх “би” гэж байхгүй. Энэ бол нэг хуурамч “би”, оршдоггүй “би” болно. Ингээд “би” бол ердөө нэг үг; “би” нь амьдралын тэдгээр зүйлүүдийг туулах мөчүүд дээр суурилсан, түүнийг илэрхийлэх зөвхөн нэг үг.
Төөрөгдөл нь энэ биеийн дотор байх, үүн дотор орших, түүнтэй ямар нэг байдлаар холбоотой, товчлууруудыг дарж байх нэг тусдаа “би” байдаг ба тэр “би” нь хөл өвдөхийг туулж мэдэж, би зовж байна, тэр миний сэтгэлд нийцэхгүй байна гэдэг хэмээн бодох явдал болов уу. Энэ нь бие гэж нэрлэгдэх тэрхүү харь зүйлийн дотор болох тэр бүх тохиолдож байгаа зүйлүүдээс тусдаа “би” гэж байх мэт бодох явдал. Энэ тусдаа “би” – энэ хуурамч “би”-г янагуух орших “би”-тэй андуурч, янагуух “би”-г тэр хуурамч “би”-гээр тодорхойлсноор бидэнд “Би энэ зовлонгоос, энэ өвчин хөндүүрээс, энэ биеийн хөндүүрлэлээс эдлэх зовлонгоос салах ёстой ” гэсэн шунахуй бүхий мэдрэмж төрдөг. Хэрэв бидэнд тусдаа орших “би”-гийн талаар ийм буруу ойлголт байхгүй бол энэ нь бид зүгээр тэнд байж, тэр өвдөлтийг мэдэрч сууна гэсэн үг мэдээж биш. Хэрэв бидний хөл галд орвол бид мэдээж хөлөө галаас татаж авна, гэвч түүний ард байх “би”-гийн тухай ойлголт нь нэлээд өөр байна. Айж сандрах зүйл байхгүй.
Гэвч хуурамч “би” болон янагуух “би” хоёрыг харьцуулан ойлгох энэ ойлголт бол маш нарийн төвөгтэй, гүн гүнзгий ойлголт. Үүнийг энд ингээд орхиё. Энэ үдшийн хувьд энд хүрээд, зориулга ерөөлөөр өндөрлөе. Ийнхүү бодоцгооё: энэ бүхнээс авсан аливаа ойлголт, аливаа эерэг хүч бүхэн улам, улам гүнзгийрч, улам улам батжиж, хамаг амьтны тусад гэгээрлийн хутагт хүрэх шалтгаан болох болтугай.