Хүн ба амьтнаас өөр амьдралын хэлбэр бүхий төрлийг ойлгох
Ихэнх тохиолдолд алгасдаг нэг сэдэв бол гурван доод төрөл (там, бирд, адгуус) буюу “гурван хүнд төрөл” хэмээн миний нэрлэхийг илүүд үздэг тэдгээр төрлүүдийн зовлонгийн тухай сэдэв байдаг. Төвөд хэллэгт үнэндээ “гурван муу төрөл” гэсэн байдаг боловч “муу” гэдэг нь бага зэрэг хатуу санагддаг учраас би тэдгээрийг илүү хүнд гэж нэрлэдэг. Эдгээр төрлүүдийг “доод” гэсэн утга бүхий үг бол байдаггүй.
Зарим хүмүүс тэдгээр хамгийн муу төрлүүдийн, үнэндээ тэдгээр зургаан төрлийн (Номын) хялбарчилсан хувилбарыг гаргах дуртай байдаг. Бид хүн болон амьтан гэж байгааг хүлээн зөвшөөрөх ба зарим хүмүүс лус савдаг гэж байна хэмээн хүлээн зөвшөөрч болно. Гэвч тэдгээрээс бусад амьдралын хэлбэрүүд бага зэрэг хэцүү. Номын хялбарчилсан хувилбарын хувьд тэдгээр төрлүүд нь үнэндээ хүний сэтгэл зүй, сэтгэлийн төлөв байдлын талаар ярьж байдаг хэмээдэг. Сургаалын нэг тал нь хэрэв тэдгээр төрөлд төрсний дараа хүний төрөлд төрвөл тэрхүү хүний төрөлд өмнөх төрлөөс нь үлдсэн (бие, сэтгэлээр туулах) зарим үлдэц байна гэдэг. Тэгэхээр, үнэндээ хүний туулж байгаа зүйлд түүнтэй төстэй зүйл байна. Гэвч энэ бол Номын жинхэнэ утгын зургаан төрөл биш.
Номын жинхэнэ утгад бүх зүйл эхлэл үгүй, төгсгөл үгүй нэг сэтгэлийн үргэлжлэл дээр суурилна. Хэрэв дүрс, дуу, хүрэлцэхүй, амгалан, зовлон гэх мэтийн үүднээс үзэж туулж байгаа зүйлийг шинжилж үзвэл бидний туулж эдэлж байгаа зүйл, сонирхол, үл сонирхох, анхаарал, үл анхаарах энэ бүгдэд нөлөөлөх, тэдгээрийг будах олон өөр хязгаар байгааг бид харна. Тэдгээр хязгаар тус бүрийн хувьд бид туйлаас сонирхсоноос эхлээд туйлаас эс сонирхсон хүртэл, туйлаас анхаарснаас эхлээд туйлаас эс анхаарсан хүртэл, туйлаас уурласнаас эхлээд туйлаас уур үгүй хүртэлх нэг бүхэл хүрээний тухай ярьж байдаг. Бид бүх зүйлийг энэ адил нэг хүрээнд туулж, мэдэрнэ.
Энэ нь жишээ нь харааны хувьд гэрлийн нэг бүхэл цар хүрээ байх ба хүний нүдээр бид тэр хүрээний тодорхой нэг хэсгийг харж чадна. Бид хэт ягаан гэрлийг харж чадахгүй, гэвч бид тэдгээрийг харахын тулд механик хэрэгсэл хэрэглэх ёстой болно. Гэвч шар шувууны нүд жишээ нь харанхуйд харах гэх мэт бидний чадахгүй тийм харааг хүртэж чадна.
Нохойны чихний эрхтний хувьд тэд хүний чихээр сонсож чадахгүй илүү өндөр давтамжийн чимээг сонсож чадна. Нохойны үнэрлэх эрхтэн хүний үнэрлэх эрхтнээс хамаагүй илүү мэдрэмжтэй. Энэ зүйлүүд нэлээд ойлгомжтой. Хүний биеийн эрхтэн мэдрэхүйн мэдээллийн хүрээний тодорхой нэг хувийг хүртдэг нь бидний хил хязгаараас цааш гарах тэдгээр хувь хэмжээг бусад (төрөлтөн) хүртэх боломжгүй гэсэн үг биш. Ердөө, бид хэт ягаан туяаг харж чаддаггүй нь хэт ягаан туяа байдаггүй гэсэн үг биш. Энэ нь ердөө өөр өөр техник хангамж (эрхтэн) шаардана.
Хүн бидний мэдрэх хязгаараас цааш гарах зовуурь, таашаалын түвшингүүд
Бидний сэтгэлийн үргэлжлэл нь тухайн нэг төрлийн биетэй холбогдох тодорхой нэг л төрлийн эрхтэн авахаар хязгаарлагддаггүй ба бидний сэтгэлийн үйл ажиллагаа дээрх мэдрэхүйн хүрээнүүдийн аль ч хэсэгт, юуг ч хүлээн авах чадвартай байна. Хэрэв дүрс, дуу, үнэрийн гэх мэт эдгээр хүрээнүүдийн хувьд энэ нь үнэн бол таашаал, зовуурь, жаргал, зовлонгийн хүрээний хувьд яагаад энэ нь үнэн биш байх ямар нэг шалтгаан байна уу? Хүн бидний бие махбодын хүрэлцэхүйн мэдрэхүйн хувьд тухайн өвчин хөндүүр хэт хүчтэй болох үед бид автоматаар унтарч, ухаангүй болно. Энэ нь түүнээс илүү хэмжээний өвчин зовууриуд байдаггүй гэсэн үг биш; энэ нь ердөө бидний эрхтэн махбод тэдгээрийг хүлээн авах чадамжгүй явдал. Энэ бие нь ажиллагаа нь зогсох нэг аюулгүйн механизмтай.
Бид мөн тус хүрээний өөр нэг тал, таашаалын талаар ярьж болно. Хэрэв объектив байдлаар шинжилж үзвэл, таашаал тодорхой нэг түвшинд хүрэхэд түүнийг үгүй хийх эсвэл зогсоох нэг механизм бидэнд бас байна. Жишээ нь бэлгийн таашаалыг авч үзвэл, тэр нь тодорхой нэг түвшинд хүрэх үед бид түүнийг дур тавихаар дуусгана. Загатнах нь мөн адил зүйл, энэ нь зовуурьтай биш, үнэндээ маш хүчтэй таашаал. Түүнийг маажиж үгүй болгох ёстой болдог тийм таашаал бүхий зүйл.
Энэ үнэндээ наргиа биш! Хэдэн жилийн турш би нэг ужиг загатнаатай явсан. Миний хуйх, дух удаан хугацаагаар хүчтэй загатнадаг байсан. Эмч нар шалтгаан нь юу болохыг тогтоож чадахгүй байв. Түүнтэйгээ дасан зохицох цорын ганц арга зам нь түүнийг таашаал хэмээн таньж, ердөө тайвшран, түүнд баясах явдал байв. Хэдийгээр үүнд асар их хэмжээний дурдал, төвлөрөл шаардагддаг ч хэрэв түүнийг хийж чадвал ердөө зүгээр, тэр загатнаа надад саад болдоггүй байв. Гэвч ихэнхдээ, хэрэв биднийг шумуул хазвал тэр нь дэндүү их байх бөгөөд бид тэр мэдрэмжийг байхгүй болгох шаардлагатай болно. Бие махбод автоматаар түүнийг зогсоохыг хичээнэ.
Энэ шинжлэлээс, зовуурийн хүрээнд илүү ихийг, таашаалын хүрээнд илүү ихийг хүлээн авч туулах амьд амьтны эрхтэн яагаад байж болохгүй гэж гэсэн асуулт гарна. Яагаад болохгүй гэж? Байж болохгүй гэсэн ямар ч логик шалтгаан байхгүй. Жаргал, зовлонгийн сэтгэлийн хүрээний хувьд энэ мөн адил. Үүнийг бид зовуурь болон таашаалтай хольж болохгүй. Жаргал эсвэл зовлон нь бие махбод эсвэл сэтгэлийн ямар ч төрлийн мэдрэхүйтэй дагалдаж болно. Бид хүчтэй массажны өвдөлтийг таатайгаар туулж болно. Учир нь тэр нь булчинг суллаж байдаг. Хэдий өвдсөн ч бид баяртай байна. Хэдийгээр эдгээр хослол нь төстэй ч жаргал, зовлон хоёр нь зовуурь, таашаал хоёроос өөр хэмжээс (параметр). Яагаад? Хэрэв бид үнэхээр амгалан бус (зовлонтой) байвал сэтгэлийн хямралд хүрнэ. Хэрэв үнэхээр их сэтгэлийн хямралд орвол бид юу хийх вэ? Өөрийгөө хорлоно. Тэгэхээр, бидний бие эрхтэнд хэр зэрэг их зовлон бид авч чадах хязгаар байна. Иймд, хүн төрөлтөн бидний дааж чадахаас цааш гарах илүү их зовлон, илүү их жаргал тэрхүү хүрээн дээр яагаад байж болохгүй гэж?
Хэрэв тус хүрээний цааших хэмжээг сэтгэлийн үйл ажиллагаагаар хүртэх боломжтой нь үнэн бол түүнтэй холбоотой тэдгээрийг хүртэж чадах зохих бие, эрхтэн байна. Бидний сэтгэлийн үргэлжлэлүүд нь тус хүрээнүүдийн ямар ч хувийг амсаж туулах мөн тэдгээрийг хүртэх зохих бие, эрхтнийг гаргах чадамжтай. Миний өмнө хэлсэнчлэн ердөө хүн бидний эрхтэн туйлын их зовуурь эсвэл таашаал амсаж эдэлж чаддаггүй нь өөр бусад бие эрхтэн орших боломжгүй эсвэл оршдоггүй гэж батлахгүй. Бодит байдал дээр тэдгээр төрлүүд, тэдгээрийн орчин (орон) оршдог уу? Мэдээж – тэдгээр нь бидний хүний төрөл оршдог тэр л адил бодит байдал дээр оршино. Энэ нь ердөө бид тэдгээрийг хүртэж чаддаггүй гэсэн үг.
Бусад төрлүүдийг нухацтай авч үзэх нь
Би энэ бүхнийг өөрийн ойлголтын үүднээс тайлбарлаж байна. Би өөр хүн ингэж тайлбарлаж байгааг сонсоогүй, гэвч энэ нь надад ойлгомжтой, тэдгээр бусад төрлүүдийг илүү чин сэтгэлээсээ авч үзэхэд тусалдаг. Энэ нь ойлгож болохуйц, учир нь би сэтгэлийн үйл ажиллагааны үргэлжлэл болон түүний дүрс, дуу, таашаал, зовуурь, жаргал, зовлон зэргийн нийт хүрээ бүгдийг амсах чадамжтай талыг авч үзэж байгаа. Ингээд бидний сэтгэлийн үргэлжлэл нь эдгээр мэдрэхүйн хүрээнүүдийн тэдгээр туйлуудыг хүртэж, тэсэж чадах зохих бие махбод, эрхтэнтэй байх хэрэгтэй болно. Ийм ойлголттойгоор зургаан төрлийн амьтны бясалгал нь асар их зовуурийг дүрслэхэд зөвхөн “төсөөлөл” ашиглахгүй болно. Бид тэдний оршихуй, тэдгээрийг амсаж туулах бидний боломжийг чин сэтгэлээсээ авч үзэх хэрэгтэй.
Үүнийг би эдгээр төрлүүдийг ойлгох нэг тустай арга хэмээн найдаж байна. Тэдний оршихуйг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь үнэхээр аврал одуулсны, аюулгүй зүгт орсны үр нөлөө байна. Хэрэв бид Бурхан багш юмсыг буруу ойлгоогүй, түүний хэлсэн бүх зүйл бусдад зовлонг даван туулахад туслах бүрэн утгатай, хэрэгцээгүй зүйл бус гэж үнэхээр итгэж байвал энэ нь бид сургаалд заасан бүх зүйлийг чин сэтгэлээс авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Хэрэв бид ямар нэг зүйлийг ойлгохгүй байвал тэр нь юу гэсэн утгатай болох талаар олж мэдэхийг хичээнэ. Бурхан багш тэдгээр бусад төрлүүдийн талаар заахдаа тэдгээрийг ердөө бэлэг тэмдэг байдлаар заагаагүй. Сургаалын Номын жинхэнэ утгын бага төрөлхтний хувьд бид тэдгээр төрлүүдэд төрөхийг хүсэхгүй байгаа тул тэднийг үнэхээр чин сэтгэлээсээ авч үзэх ёстой. Олон зүйл, хувь сэтгэлийн үйл ажиллагаа бүр мөнхөд үргэлжилнэ гэх ойлголтоос шалтгаална. Энэ нь тийм таатай бус ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй зүйл гэдгийг би мэдэж байна.
Сайн төрөлд төрөх шалтгааныг бий болгох (хураах)
Хэдийгээр бид түүний нарийн талууд руу орохгүй ч үүгээр үйлийн үрийн тухай яриагаа эхэлье. Түүнийг бид практик түвшинд авч үзэх болно. Би өөрөөрөө жишээ авъя, учир нь би аль хэдийн энэ сэдвийг хэрхэн ойлгож байсан талаар бага зэрэг ярьсан ба бага төрөлхтний сургаал хэцүү! Би энэ үнэхээр том Ном сургаалын цахим хуудсын үйл ажиллагааг явуулж байгаа ба миний сэдлийн нэг хэсэг нь үүнийг ирээдүйд уншиж болох тэдгээр хүмүүсийн тусад боловч миний сэдлийн нөгөө нэг хэсэг нь өөрийн тусад гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь хэрэв би үүнд хангалттай хүчин чармайлт гаргавал, хэрэв надад дахин хүн болж төрөх хангалттай хувь тохиовол би ирээдүйн төрлүүддээ хүүхэд наснаасаа үүнд татагдана гэж бодож байгаа. Тэгэхээр би надад маш бага наснаасаа Номонд татагдахад туслах ямар нэг зүйл хийх замаар ирээдүйн төрлүүддээ бэлтгэхийг хичээж байна.
Би дараагийн нэг эрдэнэт хүний төрөл авах үедээ Номтой хурдан холбогдох шалтгаануудыг бий болгож байв ч үнэндээ би тэрхүү эрдэнэт хүний төрлийг өөрийг нь авах шалтгаануудыг бүтээж байна уу? Би өөрийгөө хуураад байна уу? Би ердөө бага төрөлхтний Номын хябарчилсан хувилбарыг хийгээд байна уу? Бид гурван төрөлхтний зам мөрийн туршид үргэлж өөрсдийгөө шалгаж байх ёстой. Бид зарим хэсгийг нь орхигдуулаад байна уу? Тэдгээр гурван төрөлхтний аль ч төрөлхтний хүн байсан тэр нь бидний амьдралд хандах бүхэл хандлагат нөлөөлж байх нэг зүйл байх хэрэгтэй.
Сайн төрлийн шалтгаанууд: Ёс зүйн хувийн сахилга бат
Сургаалууд эрдэнэт хүний төрөлд төрөх шалтгаанууд юу болохыг маш тодорхой үзүүлсэн. Голлох шалтгаан нь ёс зүйн хувийн сахилга бат, сөрөг байдлаар үйл үйлдэхийг хорих. Энэ нь мөн бясалгал, бусдад туслах гэх мэт эерэг үйл ажиллагаануудад оролцохыг илэрхийлнэ. Энд бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэхгүй байх тухайд голлон ярилцах ба арван сөрөг үйлийг багтаасан нэг жагсаалт байна. Эдгээр нь хамгийн гол үйлүүд боловч тэдгээрээс өөр олон үйлүүд мэдээж бий. Тэдгээр арав нь:
- Амьтны амь таслах
- Эс өгснийг авах
- Буруу хурьцах
- Худал хэлэх
- Хов ярих
- Ширүүн үг хэлэх
- Чалчаа үг ярих
- Хомхой сэтгэл
- Хорлох сэтгэл
- Буруу үзэл
Эдгээр үйлүүдээс бид хэр чин үнэнээр зайлсхийх хэрэгтэй вэ? Бид хэзээ ч ямар нэг сөрөг зүйл огт үйлдэхгүй, өөсрдийгөө ариун явдалтан байх ёстой мэт төсөөлөн хэт хөшүүн, тэдгээрийг улайран баримтлагч байх талаар яриагүй байна. Бид тийм түвшинд хараахан хүрээгүй байна. Гэвч бид хийж байгаа зүйлээ ажиглан сөрөг байдлаар үйлдэл хийж эхлэх үед түүнийг анзаарч, тухайлбал тэр нь “надад” амгалан үгүй, зовлон авчирна гэх байдлаар түүний сөрөг үр дагаврыг таньж чадах чадвар төлөвшүүлэх хэрэгтэй. Бусдад үзүүлэх нөлөө нь юу байх баталгаа байхгүй боловч ирээдүйд бидэнд үзүүлэх нөлөө нь зовлон байна гэдэг нь баттай. Бид үүнийг хүсэхгүй учраас сөрөг байдлаар үйлдэл хийхээс зайлсхийлнэ.
Сөрөг үйлээс үл зайлсхийх байдлыг юу зогсоох вэ? Үнэндээ, хэрэв бид амгалан үгүй, зовлон нь сөрөг байдлаар үйл үйлдсэнээр гардаг бөгөөд бидний одоо эдэлж байгаа амгалан үгүй, зовлон, шаналал нь өмнө нь сөрөг байдлаар үйлдэл үйлдсэнээс гарч буй гэдэгт гүнзгий түвшинд итгэл төрүүлээгүй бол бид түүнд санаа тавихгүй. Гэвч хэрэв бид тэдгээр бэрхшээлүүдийг үргэлжлүүлэн эдлэхийг хүсэхгүй бол ямар нэг дараа дараагийн сөрөг зан байдлыг хорино. Бид сөрөг зан байдал ба зовлон, эерэг зан байдал ба амгалан хоёрын хоорондын шалтгаант хамааралд итгэх хэрэгтэй болно. Энэ тийм хялбар биш, гэвч энэхүү итгэл үнэхээр бага төрөлхтний хүн болохын гол хүчин зүйл. Мэдээж хэдий бид түүнд итгэлтэй байсан ч залхуурах гэх мэт зүйлүүд байсаар байна. Гэвч энэ бол өөр сэдэв.
Үйлийн үрийн тухай сургаалын хүчин төгөлдөр байдал
Зохиол бүтээлүүдэд тайлбарласанчлан үйлийн үрийн талаарх хүчин төгөлдөр дүгнэлт бүхий ойлголт, итгэл олж авах арга нь зохиогчийн эрдэмд итгэх. Өөрөөр хэлбэл, бид төвлөрөл, хоосон чанарын талаарх ойлголт төлөвшүүлэх тухай Бурхан багшийн заасан зүйлийг дагаж баримтлах үед тэр нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг багасгана. Бид өөрсдийн туршлагаас ч тэр нь үр дүнтэй болохыг харж байдаг. Бид үнэндээ тэдгээр сургаалууд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг зогсоож буйг мэдсэн туршлагаасаа ойлголт авдаг. Хэрэв Бурхан багшийн заасан эдгээр зүйлүүд үнэн бөгөөд Бурхан багш гэгээрэлд хүрч, сургаалаа айлдсан нь түүний бусдад туслах хүсэл, энэрэн нигүүлсэх сэтгэл байсан бол түүнд үйлийн үрийн тухайд бидэнд худал хэлэх шалтгаан байхгүй. Иймд бид Бурхан багшийг мэдээллийн хүчин төгөлдөр эх сурвалж хэмээн тооцож, тийнхүү тэрээр үйлийн үрийн талаарх хүчин төгөлдөр мэдээллийн эх сурвалж гэж дүгнэнэ.
Та нарын хувьд ямар байгааг би мэдэхгүй байна, гэвч миний бие энд үзүүлсэн логикийг ойлгож байсан ч тэр нь надад маш гүнзгий нэг түвшинд үнэхээр итгэл төрүүлдэггүй. Би бага зэрэг илүү сайн ойлгохыг хүсдэг. Тэгснээр тэр нь уламжлалт эх зохиолуудын тайлбарын үүднээс түүнийг ойлгоход тусална. Логик дээр суурилсан энгийн дүгнэлтээр бид зовлон нь сөрөг зан байдлаас гарч байгааг баталж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Үүнийг эх зохиолууд дээр маш тодорхой өгүүлсэн нь бий. Гэвч бид үйлийн үр хэрхэн явагддагийг шууд эсвэл хүртэхүйгээр дангаар нь харж чадахгүй учраас энэ нь бид сөрөг зан байдал, зовлон хоёрын хоорондын холбоог хичээн ойлгох, илүү их мэдээлэл олж авах үүднээс гүнзгий шинжилж судлах хэрэгтэй гэсэн үг. Тэдгээрийг бид хэрхэн холбож болох вэ? Дээрхийн гэгээн Далай лам бид үүнд шинжлэх ухааны эрдэмтэд адил хандах хэрэгтэй гэдэг.
Сөрөг зан байдал болон зовлон хоорондын шалтгаант холбоо
Энэтхэгийн Бурханы шашны өөр өөр сургуулиудад өөр өөр хувилбараар байх Абидармын сургаалууд бий. Хинаяна уламжлалын Вайбашика ёсны Васубанду гэгээний нэг зохиол байх бол Асанга гэгээний Их хөлгөний ёсны хувилбар байна. Мөн Ануруда гэгээний Теравада хувилбар байх ба энэ нь мөн Хинаяна ёсонд хамаарна. Эдгээр судар бичгийн уламжлалууд тус бүрд үзүүлсэн сөрөг зан байдлыг судлан үзэхэд түүнийг хэрхэн тодорхойлсон байна вэ?
Энэ тал дээр бид уламжлалаар хуваагдахгүй байх хандлагыг баримталж, өөр өөр шинжлэл тус бүрийн тухайн сэдвийг илүү ойлгомжтой болгосон тэдгээр онцлогуудыг авч үзнэ. Тэдгээр нь хоорондоо зөрчилддөггүй. Тэд тус бүрд үргэлж сөрөг зан байдалтай дагалдах нөхөр сэтгэлүүдийн (сэтгэлээс гарсан сэтгэлүүд – сэтгэл хөдлөл) жагсаалтыг олж харна. Тэдгээр нөхөр сэтгэлүүдийг авч үзэх үед бид тэдгээр нь сэтгэлийн амгалан төлөв байна уу эсвэл сэтгэлийн амгалан бус төлөв байна уу гэдгийг ялгаж харж чадна.
Сөрөг зан байдлыг дагуулж байдаг нөхөр сэтгэлүүд
Сөрөг зан байдалтай дагалдаж байдаг нөхөр (сэтгэлээс гарсан) сэтгэлүүдийн жагсаалтын гол онцлогийн заримыг дурдвал бид юуны тухай ярьж байгаа талаар илүү тодорхой дүр зураг харагдана. Бид зөвхөн сөрөг үйл тэдгээрийн талаар яриагүй харин тэдгээртэй дагалдах тэрхүү бодит сэтгэлийн төлөвийг авч үзэж байна. Өөрөөр хэлбэл, юу тухайн нэг үйлдлийг сөрөг болгодог вэ? Сөрөг байж болох ч зовлон бий болгодог зүйл нь ердөө тэрхүү үйлдэл байдаггүй. Түүнтэй холбоотой олон нөхөр сэтгэлүүд бас байна.
Дагалдах зарим нөхөр сэтгэлээс дурдвал:
- Үнэлэмж үгүй – эерэг чанарууд эсвэл тэдгээрийг эзэмшсэн хүмүүсийг үл хүндлэх. Бид үүнийг ойлгож болно, бид хууль дүрэм эсвэл ямар нэг эерэг зүйлийг, эсвэл сайн зүйл хийж байгаа хүмүүсийг хүндэтгэдэггүй хүмүүсийг харж байдаг; тэд эдгээрийн алиныг ч мэдээж үнэлдэггүй.
- Эрээ цээр үгүй – ичгүүр сонжуургүй эсвэл илэрхий сөрөг байхыг үл хорих. Энэ нь үнэндээ “Миний юу хийх нь хамаагүй” гэсэн үг. Энэ сэтгэлийн амгалан төлөв үү эсвэл амгалан бус төлөв үү? Хэрэв бидэнд ийм төрлийн хандлага байх юм бол бид маш амгалан үгүй хүмүүс байж болно.
- Гэнэн (мунхаг) – бүдүүн зовлон болон амгалан үгүй нь сөрөг байдлаар үйл үйлдсэнээс гарахыг мэддэггүй эсвэл хүлээн зөвшөөрдөггүй. Бид хүссэнээрээ сөрөг байдлаар үйлдэл үйлдэж болох ба үр дагавар гэж байхгүй гэж бодно.
- Шунах эсвэл дайсагнах – эдгээр нь ил байх албагүй. Бид маш их хүсэн тэмүүлсэн үед тэр нь тийм их амгалан сэтгэлийн төлөв байдаггүй, мөн бид маш их ууртай, өслөх үед ч амгалан байдаггүйг бид мэднэ. “Би үүнгүйгээр амьдарч чадахгүй!”, “Би чамайг үзэн ядаж байна!” гэх эдгээр нь тийм амгалан сэтгэлийн төлөвүүд биш.
- Өөрийг эрхэмлэх сэтгэл зүйн чанар үгүй – өөрөөр бахархах сэтгэл үгүй, өөрийн үнэлэмж доогуур. Энэ мөн социологийн ухаанд байна. Хэрэв та хэн нэгэнд түүнийг сайн биш хэмээн хэлж, тэдэнд өөрөөр бахархах сэтгэл эсвэл өөрийг эрхэмлэх дотоод чанар төлөвшүүлэх боломж олгохгүй бол тэд өөрсдийгөө үнэлэхгүй байгаагаас тэдэнд өөрсдийн амь насанд хүрэх сэтгэл төрж болно. Тэд хэнд ч хэрэггүй хүмүүс хэмээн итгэнэ. Хавчигдсан тэдгээр хүмүүст хийж болох хамгийн муу зүйл нь тэдний өөрийг эрхэмлэх сэтгэлийг авч хаях. Бидэнд бахархах сэтгэл байхгүй үед өөрийг үнэ цэнэгүй гэж бодохыг ойлгоход тийм хэцүү биш бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд амар амгалан сэтгэлийн төлөв байдал биш байна.
- Бидний үйлдэл бусад гишүүдийн нэр хүндэд хэрхэн нөлөөлөхийг анхаарахгүй байх – хэрэв бид тааруухан үйлдэл хийвэл тэр нь бидний гэр бүл, манай хүрээлэл, хүйс, нийгмийн бүлэг зэргийн нэр хүндэд нөлөөлнө гэж бодох энэ нь их ази маягийн сэтгэлгээ байж болно. Бид эдгээрийн алинд ч анхаарал хандуулахгүй байвал энэ хандлага сөрөг байдлаар үйл үйлдэх явдалтай дагалдана.
- Тайван бус – Анурудагийн гаргаж тавьсан өөр нэг сэтгэл нь өөртөө сэтгэл хангалуун, амгалан байхын эсрэг сэтгэл. Бидний сэтгэлийн төлөв байдал тайван биш, цухалдуу байна. Сөрөг зан байдалтай байгаа үед бид санаа амар байдаггүй.
Хэрэв бид сөрөг зан байдалтай дагалдаж болох эдгээр өөр өөр төрлийн нөхөр сэтгэлүүдийн талаар мэдэж байвал ерөнхийдөө эдгээр нөхөр сэтгэлүүдээр тодорхойлогддог сөрөг зан байдал болон амгалан үгүй байдлын хоорондын холбоог илүү тодорхой харна. Хэдий би үүнээс (сөрөг зан байдлаас) амгалан үгүй байдал гарахыг логикийн хувьд дүгнэж чадахгүй байгаа ч дээрх холбоо түүнийг илүү ойлгомжтой болгож байна. Ингээд би тэдгээр зохиол бүтээл дээр дурдсан зүйл рүү эргэн хандаж Бурхан багш тэрхүү харилцан холбооны талаарх мэдээллийн хүчин төгөлдөр эх сурвалж болох тухайд илүү итгэл төрүүлэх болсон.
Эерэг зан байдалтай дагалдах нөхөр сэтгэлүүд
Амар амгалантай холбогдох түүний холбоог харах үүднээс эерэг төрлийн зан байдалтай дагалдаж болох нөхөр сэтгэлүүийг одоо авч үзье. Абидармын гурван өөр эх сурвалжаас мэдээллийг нэгтгэх үед энэ нь дээрх жагсаалтаас илүү урт болж байна. Үүнд:
- Бодит зүйлд итгэх итгэл – амгалан нь сөрөг зан байдлыг хорихоос гарна, амгалан үгүй нь сөрөг зан байдал болон бодит байдлаар батлагдаж буй ямар нэг зүйлд итгэдэггүй мугуйд, сөргөх сэтгэлээс гарна гэдэгт итгэх итгэл. Ямар нэг үнэн зүйлийг тайлбарлан үзүүлэхэд бид түүнд итгэдэг.
- Өөрийн зан байдлын өөрт болон бусдад үзүүлэх үр дагаварт анхаарах
- Тохирох мэдрэмж – өөрийн тухайд сэтгэл өндөр байх, тэгснээр жишээ нь бусдад гэм хүргэхээс сэргийлж чадна. Өөрийг хянах таатай сэтгэл нь өөрийг хянаж чадахгүй байх тэр сэтгэлээс илүү амгалан сэтгэлийн төлөв байдал. Энэ нь бид бүрэн цадсан байгаа үед нэг илүү зүсэм бялуу байх тохиолдолд бид ямар ч хяналтгүй байж түүнийг идэх явдал. Ингээд дотор эвгүйрч “Хэт цадчихлаа, бие сайнгүй байна” хэмээн өөртөө сэтгэл дундуур болно. Хэрэв бид тэр илүү зүсэм бялууг идэхээс өөрийгөө хорьж чадсан бол бид үнэндээ өөртөө нэлээд сэтгэл хангалуун байж, “Тийм ээ! Би өөрийгөө хянаж чадсан, гахай адил байсангүй!” гэх байсан.
- Амарлингуй – тогтворгүй, бүүдгэр (хурц биш) байдал үгүй сэтгэлийн төлөв. Сөрөг байдлаар үйлдэл хийж, хэн нэгэн рүү хашхичихыг цээрлэх үед бидний сэтгэл хаа сайгүй сарнихгүй. Юу хийж байгаагаа мэдэхгүй тийм хурц бус байхгүй. Сэтгэл саруул, тодорхой байж бид юу хийж байгаагаа мэднэ.
- Үнэлэх, хүндэтгэх сэтгэл – сайн чанар бүхий хүмүүс болон эерэг чанарыг нийтэд нь бишрэх, хүндлэх.
- Эрээ цээр – юу хийж байгаагаа анхаарч тэгснээр сөрөг байдлаар үйл үйлдэхгүй.
- Ангид – илэрхийлэхийг хүсээгүй үзэл бодол, ямар нэг утгагүй зүйл хэлэх, эсвэл хашхичих, ямар нэг сөрөг зүйл хийхэд автахгүй байх.
- Дайсагнал үгүй
- Хүчирхийлэл (хөнөөл) үгүй
- Баатарлаг хүч – эерэг байдлаар үйл үйлдэхэд хүчтэй, хичээнгүйү байх. Энэ нь хэдий хэцүү байсан ч тэрхүү сүүлийн зүсэм бялууг идэхгүй байх гэсэн утгатай. Бид түүнийг авч иддэггүй!
Энэ бүхэн бидэнд нэг сэтгэлийн амгалан төлөв байдлын нэг амтыг өгнө, тэгнэ биз?
Ануруда гэгээн дараа дараагийн нөхөр сэтгэлүүдийг дурдсан. Үүнд:
- Сэтгэлийн тэнцвэр – хэт дурших эсвэл дургүйцэх хоёроос ангид сэтгэл зүйн боловсрол, тогтвор.
- Дурдал – тодорхой нэг сэтгэлийн төлөв байдлыг алдахгүй хадгалах сэтгэлийн цавуу.
- Тайван байдал
- Цог – сэтгэл будангуй эсвэл нойрмог байхын эсрэг .
- Уян – гөжүүд, омгийн эсрэг, энэ нь уян хатан бус байдлыг арилгана. Жишээ нь, “Таны сэтгэлийг хөндсөн ч хамаагүй, ямар муухай хувцас өмссөнийг тань би хэлэх ёстой” гэх байж болно. Энэ бол гөжүүд, омог дээрэнгүй байдал. Үүний эсрэг нь уян хатан.
- Зорьсон зүйлээ хийхэд бэлэн – тустай ямар нэг зүйлд өөрийгөө зориулах, зохицоход бэлэн. Энэ нь сэтгэл болон сэтгэл зүйн хаалттай байхын эсрэг. “Хэдий бохир ч усан дотор байгаа ялааг түүнээс гаргахын тулд суултуур дотор гараа дүрэхэд би бэлэн байна. Тэр тухайд намайг хориглох ямар нэг сэтгэлийн хаалт надад байхгүй” гэх мэт хийх ёстой юу ч байсан түүнийг хийхэд бид бэлэн байх. Энэ бол бидний ярьж байгаа зүйл. Бидэнд сэтгэл болон сэтгэл зүйн хаалтууд байхгүй байгаа үед бид илүү амгалан сэтгэлийн төлөв байдалтай байна. Хэрэв бидэнд тийм хаалтууд байвал бид айдас, түгшүүртэй байх ба энэ нь сэтгэлийн амгалан төлөв байдал биш. Хэрэв бид зорьсон зүйлээ хийх сэтгэлийн бэлэн байдалтай байвал “Суултуур бохир байхын юу нь тийм том асуудал гэж? Дараа нь би гараа угааж болно. Тэр ялаа илүү чухал” хэмээнэ.
Сэтгэлийн хаалтын өөр нэг жишээ нь хэн нэг хүн усанд автаж, бид хиймэл амьсгалын тусламж үзүүлэх шаардлагатай болоход тухайн хүнтэй ижил хүйсний хүн эсвэл түүнийг таагүй зүйл гэх мэт үзэж болно. Хэрэв бидэнд хиймэл амьсгал хийх тухайд ямар нэг сэтгэлийн хаалт байвал тэр нь тухайн хүнд туслахыг хязгаарлана. Хэрэв бидэнд тийм хаалт байхгүй бол бид шууд тусламж үзүүлнэ. Энэ бол шаардлагатай хэнд ч хиймэл амьсгал хийхэд бэлэн, зохицох чадвар. Сүүлийн хоёр нөхөр сэтгэлийг дурдвал:
- Чадна гэх сэтгэл – өөртөө итгэлгүй байхыг эсрэг.
- Шударга байдал – шударга, хуурамч бус, өөрт байхгүй чанаруудыг байгаа мэт дүр эсгэхгүй, өөрийн сул чанаруудыг нуухгүй байх.
Хэрэв бид тайван, өөртөө итгэлтэй, зохицох чадвартай, сэтгэлийн ямар нэг хаалтгүй, хийж байгаа зүйлээ анхаардаг, юмыг үнэлж хүндэлдэг бол бид гарцаагүй сэтгэлийн амгалан төлөв байдалтай байна. Үүнд итгэл төрснөөр, сөрөг зан байдал амгалан бусд хөтлөх бол эерэг зан байдал амгаланд хөтөлнө гэсэн үйлийн үрийн хамгийн суурь хуулинд бид илүү их итгэлтэй болно. Энэ шалтгаант холбоо нь Бурхан багш бүх зүйлийг бүтээгээд, ийм хууль гаргасан мэт биш. Цаашлаад амар амгалан нь эерэг үйл хийсний шагнал, амгалан бус нь сөрөг байдлаар үйл үйлдсэний шийтгэл биш. Бид бидэнд буй зан байдлын төрөл болон амгалан, амгалан бусыг эдлэх тэдгээрийн хоорондын холбоог илүү учир шалтгаанаас шалтгаалсан хэв маягаар ойлгох хэрэгтэй.
Бидний зан байдлын үр нөлөө, хандлага, түүнээс гарч болох зүйлийн нөөц чадамж нь ирээдүйн төрлүүдэд дамжих тэрхүү механизмыг ойлгох үед бид энэ насанд биеэ авч явж байгаа байдал ирээдүйн төрлүүдэд бидний эдэлж туулах зүйлд нөлөөлнө гэдгийг харна.
Бага төрөлхтний сэдлийн талаарх дүгнэлт
Бага төрөлхтний хүн үнэндээ болох нь тийм бага амжилт биш болохыг бид харж байна. Энэ амжилтаар бид бидний сэтгэлийн үргэлжлэл төгсгөл үгүй төрлөөс төрөл дамжина гэдэгт бүрэн итгэлтэй болно. Бид одоо бидний биеэ авч явж байгаа хэв маяг бидний ирээдүйд туулах зүйлүүдэд нөлөөлнө гэсэн бүрэн итгэлтэй болсон. Бид хөнөөх зөн совинтой махчин амьтан, ороо нь орсон нохой адил ердөө төрөлх зан үйлэндээ захирагддаггүй тийм эрдэнэт хүний төрөлд төрснөө мэдэж байгаа. Бидэнд юу тустай, юу гэм хортойг ялгаж тэр дагуу үйлдэл хийх чадвар бүхий хүний оюун ухаан байна. Бид мөн энэ боломж мөнхөд үргэлжлэхгүй, нас эцэслэх үед түүнийг бид алдана гэдгийг ч мэдэж байгаа.
Нас эцэслээд дараа нь бид үргэлжлэн оршино. Бид сөрөг зан байдал дээр суурилсан юу тустай, юу гэм хортой гэдгийг ялгах чадамжгүй амьдралын хэлбэрт төрж, өөрийн эрхгүй сөрөг байдлаар дахин дахин үйлдлүүдийг хийж болно. Энэ нь дараа дараагийн амгалан үгүй, зовлонг бий болгоно. Харин түүний оронд бид хорихуйн үнэн, сэтгэлийн үнэн зөм мөрийг заасан аюулгүй зам мөр буюу бүх зовлон түүний шалтгааныг арилгах зам мөрд орж болно. Иймд бид эрдэнэт хүний төрөлд үргэлжлүүлэн төрөхийг баттай болгох ёстой.
Хэдий бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, үл мэдэх зэргийг арилгахыг зорьж байгаа ч бидний сэтгэлийн үргэлжлэлд тэдгээрийн хандлагууд байсаар байна. Хэдий бид тэдгээрийн бүрэн хорихуйд зорьж байгаа ч, энэ түвшинд бид шунал, уур зэргийг бүрэн арилгаж чадахгүй ч бидний авч болох энэ эхний үе шат байна. Энэ үе шат нь, жишээ нь, уур бухимдал, хэн нэгэн рүү хашхичих сэтгэл төрөх үед бид юу тустай, юу тусгүйг ялгаж тэр нь амгалан бусыг эдлэх нэг шалтгаан болно гэж харах явдал. Ийнхүү бид түүнийг үйлдэхийг хорино.
Энэ бол бага төрөлхтний түвшний хүний сэтгэлийн суурь цар хүрээ. Хэрэв бид үүн дээр эрдэнэт хүний төрөлд төрөх нөхцөлийг бүрдүүлэх өөр бусад шалтгаануудыг нэмэхийг хүсвэл олон эх зохиолууд дээр дурдсан байдагчлан өглөгч, тэвчээртэй, хичээнгүй гэх мэт байх хэрэгтэй. Мөн Номын багш болон Номтой нэг хүчтэй холбоотой байх нь энэ бүхэн боловсрон гарах, эрдэнэт хүний төрөл авах хангалттай завшаан тохиох үед тэдгээр нь дахин боловсрох хандлагыг бий болгоно.
Мөн бидэнд ерөөл бий. Энэ нь эерэг хүчийг (буяныг) зориулах тухай бөгөөд түүнийг бид эрдэнэт хүний төрөл авах энэ зорилгод чиглүүлэхийг хүснэ. Ийм ерөөлүүд олон байх ба жишээ нь, “Төрөл бүхэндээ үнэхээр ариун багш лугаа учирч, төөрч хагацалгүй номын цогийг төгс эдлэх болтугай” хэмээсэн байдаг. Энэ нь тэдгээр нь хэрхэн нийцэж байгаа нь.
Хэрэв бид энэ насандаа бага төрөлхтний хүн үнэхээр болбол бид Бурханы шашны зам мөрдөө асар их ахицыг гаргана. Үүнийг бид нэг аар саар, хялбар зүйл мэт бодохгүй байх хэрэгтэй. Учир нь бид энд жинхэнэ зүрх сэтгэлээрээ ойлгосон ойлголт, чин сэтгэлийн итгэл үнэмшлийн тухай ярьж байна. Энэ бол том амжилт бөгөөд өмнө ярьсанчлан бид үнэхээр ийм байна уу эсвэл өөрсдөөрөө тоглоод байна уу гэдгийг шүүж, дүгнэх гол гэрч нь бид өөрсдөө.
Дүгнэлт
Өөр өөр төрлүүдийн (тэнгэр, асур, там, бирд) талаарх санааг нэг уран зөгнөл мэт болгон үл ойшоох хялбар боловч хэрэв бид Бурханы шашны зам мөрдөө ахиц гаргая гэж байгаа бол тэдгээрийг чин сэтгэлээсээ авч үзэх нь чухал. Биднээс илүүг харж, биднээс илүү сайн сонсож чаддаг төрөлхтөн байна гэдгийг ойлгохын тулд бид ойлгоход хялбар учир шалтгааныг хэрэглэж болох ба бидний мэдэрдгээс илүү их таашаал мэдэрч чаддаг, бидний мэдэрдгээс илүү их зовуурь мэдэрч чадах төрөлхтөн байхгүй гэх шалтгаан үгүй.
Хэрэв бид үүнийг ойлгож, мөн үйлийн үрийн тухай сургаал хүчин төгөлдөр гэдэгт итгэл төрүүлбэл сөрөг үйлээс аяндаа зайлхийх нь гарцаагүй. Зөвхөн үүгээр зогсохгүй бидэнд амар амгалан, ирээдүйн сайн төрлүүдийг авчрах эерэг үйлүүдийг мөн дуршин үйлдэнэ.