Хутагтын хоёр дахь үнэн: Зовлонгийн үнэн шалтгаан

Хутагтын эхний үнэнээр бүгдэд адил байдаг үнэн зовлонг гаргадаг. Эдгээр зовлонг эцэслэн төгсгөе хэмээн санаж байвал тэдгээрийн үнэн шалтгааныг зөв таних хэрэгтэй. Бид бүхний үнэн бэрхшээл бол зовлон, дутуу хагас, түрхэн зуурын жаргал цэнгэл нь тааварлахын аргагүйгээр цаг үргэлжид ээлжлэн, тэрчлэн тийнхүү өөрчлөгдөхийн шалтгааныг бид бүтээгээд байдаг төдий бус юм. Үүнээс ч бэрх нь, өөрийн эрх үгүйгээр энэхүү хязгаарлагдмал бие, сэтгэлийг тасралтгүй авснаар эцэс төгсгөлгүй өгсөж, уруудахыг үүдээд байдаг юм. “Толгойгүй байсан бол толгой өвдөнө гэж байхгүйсэн!” гэдэгтэй л адил. Энэ хэдий хоржоонтой сонсогдовч үүнд үнэний хувь бий юм. Бурхан багш толгойн өвчний үнэн шалтгааныг олоод зогсохгүй, байнга өвдөж байдаг толгойн тасралтгүй оршихуйн шалтгааныг олсон нь гайхамшигтай. Тэрбээр шалтгаан ба үр дагаврын жам ёс, тэрчлэн бодит байдлыг үл таньсан мунхаг бол үнэн шалтгаан хэмээн айлджээ.

Хэрхэн оршдогоо үл мэдэх нь

21 дүгээр зууны эхэн энэ үед хуурамч мэдээлэл өргөн тархаж, “үнэний хувилбар” гэгдэх зүйлсэд итгэх хүн олон. Хэдэн мянган жилийн тэртээ Бурхан зовлон бүхний шалтгаан нь “мунхаг” хэмээн нэрлэдэг үл танихуй хэмээн олж мэдсэн нь үнэндээ тэсрэлт байсан юм. Энэ бол интернэт гэж юу болохыг таньж мэдэхгүй байхыг хэлсэнгүй. Харин энэ бол бидний үйлийн урт удаан хугацааны үр дагаварт төөрөлдөн, үл таньж мэдэхүй, түүний уг нь бодит байдлыг, ялангуяа бид хэрхэн оршдогийг үл таних эндүүрэл юм. Энэхүү эндүүрэлт үзлээ дээдийн үнэн хэмээн итгэж үнэмших нь байдлыг улам дордуулна.

Илүү нарийвчлан харъя. Хэн бүхний толгойд “би, би, би” гэдэг дуу хоолой байнга дуулдана. Үүнээс үүдээд бие, сэтгэлээс ангид тусдаа, тэр дуу хоолойг гаргаад байгаа “би” хэмээхийг олж болно гэж шууд л итгэдэг. Ийнхүү толгой дотроо “надад” ийм юм тохиолдлоо хэмээн гомдоллох бүрт, “би” одоо ингэнэ тэгнэ хэмээн санах бүрт түүний төлөө сэтгэл зовниод байдаг “би” хэмээх нь бие даан оршиж байна хэмээх эндүү итгэл үнэмшил улам батжиж байдаг. Бид оршин байгаа нь зайлшгүй, Бурхан үүнийг үгүйсгээгүй юм. Харин бид оршин байгаа мэт санагдаж байгаа шигээр бид оршдоггүй нь асуудал юм. Үүнийг үл таньж мэдснээс бодит байдлын энэ нэгэн хувилбарт баттай итгэж, тэр чигээрээ төрөөлдчихөөд байгаа юм. 

Top