Жаргал, зовлонд автан өгсөж уруудах нь
Бидний эдэлж амсдаг зовлон бэрхшээл олон янз. Амьдралд гонсойн цөхөрч, дарагдана. Аз жаргалтай амьдралыг цогцлоохыг ихэд хичээх ч хүссэнээр болохгүй байх нь олонтаа. Салж сарних, бусдад муучлуулан шүүмжлүүлэх, өвдөж шаналах, ажил төрлөө алдах зэрэг огт хүсээгүй зүйлстэй учирна. Энэ бүхнээс хэдий зугатавч салж хагацна гэж үгүй. Ингээд заримдаа сэтгэл санаагаар унаж гутарна, заримдаа тоомсорлохгүйг хичээх ч ингэлээ гээд дээрдэнэ гэж үгүй. Бүр л зовлонтой болно.
Заримдаа жаргаж цэнгэх ч тэр жаргал нь түрхэн зуурдын байдаг бэрхшээл бий. Энэхүү жаргалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй ба үргэлжид л илүүг хүснэ. Үнэн хэрэг дээрээ тэрхүү “илүү” – гийн хойноос хөөцөлдөхөд асар их цаг хугацаа, эрч хүчийг зарцуулна. Өөрийнхөө зургийг нийгмийн сүлжээнд тавих үеийн сэтгэлээ л зөвхөн бодоод үзээрэй. Хэн нэгний “эрхий хуруугаа гозойлгосныг” харах бүртээ аз жаргалын даавар допамин багахан хэмжээгээр ялгарах ч хэр удаан үргэлжилдэг вэ? Удаж төдөлгүй л ахиад хэн нэг нь эрхий хуруугаа гозойлгосон эсэхийг харах гэж яардаг бус уу? Тэгээд санаснаар олон хүний саналыг авахгүй бол тун тавгүй болдоггүй гэж үү? Энэ бол зовлон биш гэж үү?
Зовж, жаргах энэ бие, сэтгэлийг бид эцэс төгсгөлгүй авдаг
Амьдрал нэг дээшилж, нэг доошлон, заримдаа жаргалтай сайхан байх ч, заримдаа уйтгарлаж гуниглан шанална. Бид ихэнхдээ л “Амьдрал ийм л байдаг” гэж хэлээд үүнээс цааш нарийн харахыг хүсэхгүй. Тэгвэл дараагийн эгшинд ямар байхыг ч мэдэхгүй ийм амьдралыг бид үнэхээр хүсэж байгаа билүү? Харин Бурхан багш гүн гүнзгий шинжлэн харж, энэ бүхний үндсэн суурь бэрхшээлийг олсон нь ихэд завшаантай хэрэг мөн. Үнэн бэрхшээл зовлон бол бидний авч төрсөн энэ бие, сэтгэл юм. Энэ бие, сэтгэл бол өгсөж, уруудан, зовж жаргахын суурь бөгөөд тэр бүхнийг яг л соронз адил татдаг. Ингээд цааш гүнзгийрүүлэн ажиглабал үнэн зовлон бол энэ бие, сэтгэлийг авснаар зөвхөн одоо эсвэл ирэх долоо хоногт бус харин энэ нас дуустал өгсөж, уруудахыг эцэс төгсгөлгүй үүдсээр байдаг юм. Үүгээр ч зогсохгүй, Бурхан багшийн айлдсанчлан, зөвхөн энэ насны зовлонг үүддэг юм бус, тэрчлэн дараа хойчийн төрлүүдийг ч үүдэж байдаг юм. Дараа төрөл гэдгийг хараахан ойлгоогүй, хүлээн зөвшөөрдөггүй байлаа ч дараа дараагийн үеийнхээ зовлон бэрхшээлийг үүддэгийг харж болно. Өнөөгийн уур амьсгалын хямралыг ажвал, хэдий бид энэ гариг дээр байхгүй болсон ч бидний үйлдлээс үүдсэн бэрхшээл үргэлжилсээр байна гэдгийг тодорхой харж болно.
Тэгэхээр энэ бие, сэтгэлийг авахын жинхэнэ бэрхшээл юу байна вэ? Тэдгээр нь ихэд хязгаарлагдмал байдаг нь бэрхшээл мөн. Бие махбод өвдөж шанална, нас явахын хамтаар доройтно гэдэг нь хэмжээ хязгаартай гэсэн үг. Савтай сүү гашилж муудна, гэхдээ сүү яг хэзээ муудах нь тодорхойгүй байдаг нь бүр ч хэцүү. Бидний энэ биеийн хугацаа хэзээ дуусах нь тодорхойгүй. Энэ биетэй байгаа цагт түүнийг асран тэтгэх гэж хичнээн их цаг зарцуулах ёстой болдгийг саная. Угааж цэвэрлэх, хувцаслах, хооллож ундлах, бие засуулах, дасгал хөдөлгөөн хийлгэх, амраах унтуулах, тэрчлэн гэмтэж бэртэх, өвдөхийн цагт асарч сувилах хэрэгтэй болно. Энэ бүхэн зугаатай сайхан гэж үү? Бурханы шашны Энэтхэгийн нэгэн их багшийн онож айлдсанчлан, бид энэ биеийнхээ боол нь юм.
Бидний сэтгэл оюун, сэтгэлийн элдэв хөдөлгөөн, хуран мэдэл мөн хязгаартай. Сэтгэл оюуныг судалж суралцах хэрэгтэй ба хэдий тэгсэн ч бидэнд ойлгож ухаарахгүй зүйл асар их. Юмсыг бид бүрэн бүтнээр нь харж чадахгүй, жишээлэхэд, дэлхийн дулаарал, хуурамч оюун ухаан, робот, дуураймал виртуал орчин зэргийн үр дагавар юу болохыг мэдэх нь битгий хэл өөрийн өдөр тутмын амьдралд юу болж байгааг ч харахгүй. Үүнээс ч долоон дор нь, хөгшрөхийн хамтаар бие махбодын адил сэтгэл санаа доройтож, дөнгөж саяхны зүйлийг мартагнаж, оюун ухаан удааширч, амархан төөрөлдөж будилна.
Үүн дээрээс нэмээд, амархан гомдож, амархан баярлаж хөөрөх тул тодорхой бодож сэтгэж ч чадахгүй. Гэвч энэ бүхний үнэн бэрхшээл бол энэ хязгаартай бие махбод, сэтгэл оюун, хуран мэдэл нь эцэс төгсгөлгүйгээр тэдгээрийг үүдэж, тийнхүү ахин дахин авч төрнө.
Зовлонгийн үнэний дөрвөн ёсыг энэ биеийн гэмээр харуулах нь
Бурхан багш зовлонгийн үнэнийг энэ биеийн дөрвөн зүйлээр үлгэрлэн айлджээ. Үүнд:
- Эхэнд нь, энэ бие мөнх бус. Бие эрүүл энх, сайн сайхан байна гэтэл өчүүхэн зүйлээс бие махбодын тэнцвэр алдагдаж, өвчин эмгэгээр шанална. Энэ бие ямар эмзэг хэврэг болохыг, өчүүхэн зүйлээс гэмтэж бэртэн, өвддөгийг хараарай. Энэ бүхний цаана бид эгшин хором бүрээр үхэлд ойртож байдаг. Өөрийн биеийг үргэлж эрүүл энх, хүч чадалтай байлгана, хөгширсөн ч залуудаа идэж ууж, хийж байсан бүхнээ өөрчлөхгүй хэмээн санадаг. Энэ бол өөрийгөө л хуурсан хэрэг бөгөөд хөгшрөхгүй залуу байх гэж хичээх нь санаа зовнил, дарамтыг үүдэхээс цаашгүй.
- Хоёрт нь, энэ бие зовлонгийн мөн чанартай. Үнэртэн, будаг шунх түрхэн эсвэл булчинг нь хөгжүүлснээр энэ биеэ үзэсгэлэнтэй сайхан харагдуулбал жаргалтай байна хэмээн бид санана. Гэвч үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хэдий хичээвч тэгтэл гоо үзэсгэлэнтэй бус байна эсвэл гоо үзэсгэлэнгээ алдаж байна хэмээн санаа зовнино. Хэдий их будаг шунх, булчин шөрмөс өөртөө нэмлээ гээд эсвэл хичнээн эрүүл хоол хүнс хэрэглэлээ гээд ялгаагүй энэ биеийн зовлон бол өвдөх, өтлөх, гэмтэж бэртэх юм.
- Гуравт нь, энэ биеийг угааж арчихгүй бол муухай үнэртэнэ, шүд амаа сойздож цэвэрлэхгүй бол амьсгаа таагүй үнэртэй болно, биеэс гарах ялгадас өмхий самхай. Амандаа хэдэнтээ зажилсан хоолоо гаргаж ирээд хэн нэгэнд өгвөл үүнийг идэж болохуйц цэвэр гэж санах хүн бий юу? Тэгэхээр “би” хэмээн нэрлэж буй бодгал нь энэ биенээс салангид тусдаа “сайхан бие” хэмээх төсөөллийн ертөнцөд амьдарч болдоггүй нь зовлон. Элдэв гэм бүхий энэ л биеийг арчлан асрахаас хаашаа ч зайлахгүй тул зовлонгоос гэтлэх, бусдад туслахдаа хэрэг тусыг нь гаргахад шамдах хэрэгтэй юм.
- Дөрөвт нь, бодит амьдралд бусдууд бидний биеийг харахгүйгээр биднийг харах аргагүй. Видео тоглоом тоглох үедээ бусдад харагдах өөрийн цахим дүрийг бүтээж болох ч “бодит ертөнцөд” уулзаж байгаа хүмүүс бидний биеийг л байгаагаар нь харна шүү дээ. Хэдий 60 настай хэрнээ өөрийгөө 20-той юм шиг харагдаж байна гэж санавч биднийг хараад 60 настай хүний л биеийг харна. Үүнийг ухаарч, хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийгөө хууран мэхэлсэн хэрэг болох бөгөөд насандаа тохирохгүй аашилж аяглах бэрхшээл гарна.
Дүгнэлт
Энэ цувиралт, хязгаарлагдмал бие мөнх бус, зовлонт, түүнээс салах аргагүй, бид дуртай ч дургүй ч бусдууд бидний биеийг л харах зэрэг нь үнэн зовлонгийн жишээ мөн. Энэ адилын биетэй байх нь зовлон мөн ч Бурханы айлдсанчлан үнэн зовлон бол төрлөөс төрөлд энэ адилын биеийг тасралтгүй авснаар зовлон бэрхшээл, үл ханах жаргал цэнгэлийн эцэс төгсгөлгүй тойрогт эргэлдэх явдал гэдгийг ухаарах ёстой юм. Та үүнийг хүсч байна гэж үү?