Номын жинхэнэ утгын хувилбарын өмнө хялбарчилсан хувилбарыг үзэх шаардлага
Бодисадвын зам мөрд суралцаж байх үед бид өөрийн хувиа хичээх сэтгэлийг дарж, ердөө бусдын төлөө санаа тавих сэтгэлийг төрүүлэхийг хичээж байдаг. Гэвч нисванисаас (муу сэтгэл) гэтэлсэн төрөлхтөн болох архад болох хүртэл бид өөрийн бүх сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ялахгүй. Тэр болтол бидэнд хувиа хичээх тодорхой түвшний сэтгэл байна, эргэлзэх зүйлгүй. Гэвч үүнд гэм буруутай мэт санах шаардлагагүй, учир нь бид ядаж л хичээж байгаа. Тэдгээрийг багасгаж, бусдыг тэргүүнд тавихыг хичээж байгаа. Тэгэхээр бид бодисадвын зам мөрд бодит байдлаар хандах хэрэгтэй.
Бид мөн зөвхөн энэ насны амьдралд анхаардаг сэтгэлийг хойдын төрлүүд, гэтлэхүй, гэгээрлийн талаар анхаардаг сэтгэлээр солихоор чармайж байгаа. Энэ насны амьдралын зүйлүүдэд ямар ч анхаарал тавихгүй гэж бодох нь бодит бус. Иймд Номын хялбарчилсан хувилбар, Номын жинхэнэ утга гэж ярих үед тэдгээр нь зөрчилдсөн, нэг нэгээ үгүйсгэсэн байдаггүй. Тэдгээрийн хооронд нэг үргэлжлэл байна.
Барууныхан бидний хувьд энэ насны амьдрал нь тэг дугаар байх ба түүн дээр бид лам-римын нэг, хоёр, гурав дугаарын зэргүүдийг (үе шатууд) төлөвшүүлж болно. Энэ нь тэгш сэтгэлийг тэг үе шат болгож түүн дээр бодь сэтгэлийн долоон хэсэгт шалтгаан ба үрийн бясалгалыг хийдэгтэй адил. Яагаад бидэнд энэ тэг дугаарын үе шат хэрэгтэй вэ? Бидний олонх нь өөр дээрээ ажиллаж, энэ насны амьдралаа сайжруулахыг хүртэл хичээдэггүй олон хүмүүсийг мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Тэдэнд зөвлөгөө үнэхээр хэрэгтэй байсан ч түүний ч талаар бодож үзээгүй байж болох ба энд Номын хялбарчилсан хувилбарыг үзэхийг бүр дурдахын ч хэрэггүй. Тэгэхээр бидэнд Номын энэ хялбарчилсан хувилбар хэрэгтэй бөгөөд өөрт санаа тавихын эсрэг бусдад санаа тавих сэтгэлийн адил зөвхөн энэ насны амьдралд голлон санаа тавих сэтгэлийг алгуур багасгаж хойдын төрлүүддээ санаа тавих сэтгэлийг нэмэгдүүлэхийг хичээнэ. Гэвч энэ насны амьдралд тавих тодорхой сэтгэл үргэлж байсаар байх ба Дээрхийн гэгээн Далай ламын хэлсэнчлэн “50:50” буюу бид энэ насны амьдрал дээр 50%, хойд төрлүүд болон түүний дараагийн зүйлүүд дээр 50% анхаарна гэсэн үг.
Номын жинхэнэ утга: Бидний сэтгэлийн үргэлжлэл Хутагтын дөрвөн үнэний орших газар болох нь
Номын жинхэнэ утгыг авч үзэх үед бид зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг хорихын үнэн, түүнд хүрэх зам мөрийн сэтгэлийн үнэн болох Хутагтын дөрвөн үнэнийг эргэн авч үзнэ. Хутагтын дөрвөн үнэний орших газар юу вэ? Орших газар нь хувь хүний сэтгэлийн үргэлжлэл.
Зовлон нь сэтгэлийн үргэлжлэл дээр гарах ёстой. Зовлонгийн гурав дахь хэлбэр нь хяналтгүй дахин дахин гарах таван цогцс, төрөл тутамтай холбогддог бөгөөд тэр нь бидний сэтгэлийн үргэлжлэлийг бүрдүүлнэ. Тэдгээр нь эхний хоёр зовлон болох зовлонгийн зовлон (амгалан үгүй), урвах зовлонгийн (бидний эгэл амгалан жаргал) суурь болох ба эдгээр нь бидний сэтгэлийн үргэлжлэл дээрх бидний туулах зүйлүүд.
Таван цогцсын тухай ярих үед бид ерөнхийдөө бие болон сэтгэлийн тухай ярьж байдаг; илүү тодруулбал, бидний хүртэхүйн (нүд, чих, хамар, хэл, биеийн) болон дотоод сэтгэлийн мэдрэхүй болох бидний аливааг амсан туулах агшин бүрийг бүрдүүлэх бидний хүртэж буй зүйлүүд, бүх нөхөр сэтгэлүүд буюу сэтгэл хөдлөл, мэдрэхүй, хандлага зэргүүд болно. Эдгээр нь бодит байдлын талаарх төөрөгдлөөс гарах ба агшин бүрд гарах төөрөгдөлтэй холилдсоор хэрэв бид ямар нэг зүйл хийхгүй бол төөрөгдлийг улам цааш үргэлжлүүлсээр байх болно.
Зовлонгийн үнэн шалтгаан нь шалтгаан ба үр дагаврын талаарх, бид болон бусад хэрхэн оршдог талаарх төөрөгдөл. Төөрөгдөл нь мэдээж сэтгэлийн үргэлжлэлийн хэсэг болж гарч ирнэ. Бид зан байдлын шалтгаан ба үр дагаврын талаар төөрөлдсөн эсвэл ердөө түүний талаар мэдэхгүй байгаа үед сөрөг байдлаар үйл үйлдэнэ. Бид бодит байдлын талаар мэдэхгүй байгаа үед сөрөг эсвэл эерэг аль аль байдлаар үйл үйлдэх ба хоёулаа төөрөгдөлтэй холилдсон байна. Энэ төөрөгдөл буюу үл мэдэх явдал нь сөрөг сэтгэл хөдлөлүүдийг авчрах ба бид өөрийн эрхгүй тэдгээрийн эрхээр үйлдэл хийж түүний үр дүнд илүү их зовлонг гаргадаг. Үүнээс бид зовлонгийн жинхэнэ шалтгаан нь (таван) цогцст агуулагдах ба түүний агшин бүр нь бидний аливааг амсаж туулах түүний үргэлжлэлийг бүрдүүлэх тэр зүйл болдгийг харж байна.
Энд шалтгаан ба үр дагаврын хамаарал гэж гарч байна. Зовлонгийн шалтгаанууд нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд ба тэдгээрийн эрхээр өөрийн эрхгүй үйл үйлдэх ба үр дагавар нь, жишээ нь дараагийн агшинд гарч ирэх зовлон. Зовлонг туулж байгаа нь, жишээ нь амгалан үгүй байдал эсвэл эгэл буюу сэтгэл үл хангах, түр зуурын амгалан нь тухайн агшны бидний цогцсын нэг хэсэг байдаг. Ийнхүү Хутагтын нэг, хоёр дахь үнэн болох зовлонгийн үнэн болон түүний үнэн шалтгаан хоёр нь хоёулаа нэг сэтгэлийн үргэлжлэл дээр гарах ба Хутагтын дөрвөн үнэний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг (зовлонт) талыг бүрдүүлнэ.
Тэгвэл Хутагтын дөрвөн үнэний ариусгах тал нь дараагийн хоёр үнэн байна. Бид үнэн зам мөрийн сэтгэл буюу энгийнээр хэлбэл бодит байдлын талаарх ойлголтыг төлөвшүүлдэг. Энэ нь мөн аливааг амсаж туулах хором бүрийг бүрдүүлэх цогцсын хэсэг болж нэг сэтгэлийн үргэлжлэл дээр гарна. Үр дүн нь бодит хорихуйн үнэн өөрөө биш ба учир нь сэтгэлийн үргэлжлэл нь тэдгээр асуудлуудаар үнэндээ ердөө хиртээгүй байдаг. Гэвч зам мөрийн сэтгэлийн үнэний үр нь хорихуйн үнэнд хүрэх боловч тэр нь хорихуйн үнэн өөрөө биш байна. Энэ бол нэг жижиг ойлголтын ялгаа.
Товчоор хэлбэл, дөрвөн үнэний орших газар ба суурь нь, агуулга нь шалтаан ба үрийн холбоогоор холбогдох, агшин агшны дараалалтай бие даасан нэг сэтгэлийн үргэлжлэл байна. Үүнийг өөрийн аливааг амсаж туулах явдалтай холбоход тийм хэцүү биш. Жишээ нь, хэрэв бид хөлөө ширээнд цохивол түүний араас өвдөлт мэдрэх агшин гарч ирнэ. Эдгээр хоёр агшны агуулга (бүрдэл) нь холбоотой бөгөөд бидний хувь тус бүрийн аливааг амсаж туулах үргэлжлэл дээр явагдана.
Шалтгаан ба үр дагаврын холбооны цаг хугацааны хязгаар
Ингээд бид шалтгаан ба үр дагаврын холбооны үргэлжлэх хязгаар нь ямар байх вэ хэмээн асууж болох юм. Шалтгаан ба түүний үр дагавар хоёрын хооронд хэр их зай, хугацаа байж болох вэ? Тэгэхээр, бид бидний ердийн аж амьдралд шалтгаан болох үйл ба түүний үр дагаврын хооронд багагүй зайг харж байдаг. Жишээ нь, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулаад хэдэн жилийн дараа их ашиг олж болно эсвэл их мөнгө алдаж болно. Энэ нь хөрөнгө оруулсны дараагийн агшинд мөнгө олж эсвэл алдах мэт биш. Энэ нь хөлөө юманд цохиод тэр даруй өвчин мэдрэхтэй адил биш. Тэгэхээр, хязгаар бий юу? Үнэндээ энэ бол зан байдлын шалтгаан ба түүний үр дагавар хоорондын хугацаанд хязгаар байхгүй гэсэн үйлийн үрийн хуулиудын нэг. Хэзээ нэг цагт, хэрэв бид түүнийг ариусгахгүй л бол, бидний хийсэн үйлийн үр дагавар гарна.
Энэ нь аяндаа сэтгэлийн үргэлжлэл зөвхөн энэ насаар хязгаарлагддаг уу, эсвэл цааш өмнө, хойш аль аль талдаа үргэлжлэл бий юу гэх сэдэв рүү хөтөлнө. Мэдээж сэтгэлд эргэлзээ төрнө, учир нь эрдэмтэд ч энэ насны амьдрал эхэлж мөн дуусаж байгаа тэр агшныг нарийн тодорхойлж, сонгож чадахгүй байгаа. Үр хөндөлт болон жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний асуудал бүхэлдээ амьдрал хэзээ эхэлдэг талаар сонирхож байдаг. Нас эцэслэхийн хувьд, бидний уураг тархи ажиллахаа зогсох үед бид нас эцэслэдэг үү эсвэл зүрх ажиллахгүй болох үед үү? Эрдэмтэд үүний аль алин дээр санал нэгдэж чадахгүй байна. Тэгвэл, биднийг нас эцэслэх үед тэнгэрт эсвэл тамд төрөх нэг ирээдүйн амьдрал байх уу? Тэр нь төгсгөл үү, эсвэл түүнээс цааш үргэлжлэх үү? Ихэнх шашныг харахад тэнгэр болон там гэж гарцаагүй байх ба бид ихэвчлэн тэдгээрийн нэгд эсвэл нөгөөд төгсгөлгүйгээр үүрд үлдэнэ гэдэг. Энэ үед, сэтгэлийн үргэлжлэл нь хэзээ эхэлдэг вэ гэсэн асуулт үлдэнэ. Тодорхой нэг хугацаанд бий болсон уу эсвэл үгүй юу?
Шалтгаан ба үр дагаврын хоосон чанар
Энэ нь шалтгаан ба үр дагаврын хоосон чанарын тухай сэдвийг дагуулна. Ямар нэг үр дагавар ямар ч шалгаангүйгээр гарах боломжтой юу? Тэр нь өөрөө өөрөөсөө гардаг уу? Хэрхэн бий болдог вэ? Бурханы шашинд шалтгаан ба үр дагаврын хоосон чанарыг шинжилсэн нэг маш нарийн шинжлэл байдаг. Жишээ нь, хэрэв юмс юунаас ч үүсээгүй бол хэзээ ч, юу ч болж болно. Хэрэв бидэнд тохиолдож байгаа зүйлд ямар ч утга байдаггүй бол бүр хөлөө ширээнд цохиж тэр нь өвчин мэдрэх шалтгаан болох тэр хоёрын шалтгаан, үр дагаврын холбоо үнэн болох албагүй байх байсан.
Шинжлэлийн өөр нэг санаа нь шалтгаан гарах үед үр дагавар нь аль хэдийн байсан эсэх. Өөрөөр хэлбэл, хэрэв юм өөрөө өөрөөсөө гарсан бол бүх зүйл урьдаас тодорхойлогдсон байх болно. Бүх зүйл аль хэдийн бэлэн ба тэр нь ердөө тэдгээрийн гарч ирэх тухай асуудал болно. Хэрэв энэ үнэн байсан бол юмс мөнх бус, агшнаас агшинд өөрчлөгдөж, тухайн агшны өмнө гарсан зүйлээр нөлөөлөгдөж байдаг гэх зэрэг нь утгагүй болно. Бүх зүйл аль хэдийн бэлэн байсан бөгөөд ердөө гарч ирж эсвэл үгүй болж буй асуудал болно, бүх зүйл өмнө нь нэг зэрэг бий болсон мэт. Тэгвэл цаг хугацаа гэх зүйл байхгүй болно. Урьдаас тодорхойлогдсон гэдэг нь өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд нэг дор болно гэсэн үг.
Мөн бид шүтэн барилдлагын үүднээс шинжилж болно. Хэрэв тодорхой үзэгдлийг авч үзэн түүнийг түүний өмнө болсон зүйлээс шалтгаалсан гэж харах юм бол бид түүнийг үр дагавар гэнэ. Хэрэв бид түүнийг түүний дараа болох зүйлтэй нь холбож харах юм бол түүнийг бид шалтгаан гэнэ. Ямар нэг зүйл шалтгаан эсвэл үр дагавар болж орших нь үргэлжлэлтэй холбогдоно. Миний өнөөдрийг туулж байгаа нь миний өчигдрийг туулсны үр дагавар бөгөөд миний маргаашийг туулахын шалтгаан. Бие даан шалтгаан эсвэл үр дагавар болж, өөрөөсөө оршдог нэг ч зүйл байхгүй бөгөөд зөвхөн тухайн зүйлийн өмнө болсон эсвэл дараа болох зүйлтэй холбоотой байна. Эцэст нь, өмнөх зүйлийнхээ үр дагавар болох нас эцэслэх агшин нь дараагийн зүйлийнхээ шалтгаан болохгүй байх нэг зүйл байх боломжтой юу? Шалтгаан ба үр дагаврын хоосон чанарын шинжлэл нь энэ ойлголтон дээр тулж ирнэ.
Товчоор хэлбэл, Номын зам мөрөө үргэлжлүүлэх боломж бүхий эрдэнэт хүний төрлүүдэд үргэлжлүүлэн төрөхийг баттай болгох үүднээс бүтээлд шамдах бага төрөлхтний хүн байхын тулд бид дахин төрөлд итгэдэг байх хэрэгтэй болно. Үүний тулд бид эхлэл үгүй, төгсгөл үгүй сэтгэлийн үргэлжлэл, түүний үйл явц шалтгаан ба үр дагаврын үүднээс хэрхэн явагддаг талаар ойлголттой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зовлон болон түүний шалтгаануудыг бүрэн арилгахын тулд бид тэдгээр шалтгаанууд зөвхөн энэ насанд бус эхлэл үгүй цагаас хэрхэн хураагдан бий болсныг харах хэрэгтэй. Үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлд хүрэхийн тулд бид тэдгээрийн орших газар, тухайлбал сэтгэлийн үргэлжлэл дээр ажиллах хэрэгтэй; гэтлэхүй, гэгээрэлд хүрэх нь маш урт хугацаа, маш их хүчин чармайлт шаардах тул энэ үйл явцыг бид асар олон төрлүүдийн үүднээс ойлгох хэрэгтэй болно.
Дүгнэлт
Хэрэв бид дахин төрөлд итгэдэггүй бол Номын жинхэнэ утгыг судлах нь тийм их ач холбогдолтой биш. Лам-рим сургаал нь дахин төрлүүдийг хүлээн зөвшөөрч, түүн дээр суурилна. Энэ бүхнийг ойлгохын тулд сэтгэлийн мөн чанарыг судалж, мэдэх нь чухал.
Шалтгаан ба үр дагавар болон сэтгэлийн үйл явц өдөр тутмын амьдралд хэрхэн явагддаг хэлбэрийг харах үед бид бидний сэтгэлийн үргэлжлэл зөвхөн эхлэл үгүй төдийгүй бас төгсгөл үгүй гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Үүнд итгэх итгэл нь биднийг ирээдүйн төрлүүд болон тэдгээрт зориулан одоо юу хийж болох талаар бодоход хүргэнэ.
Эдгээр сэдвүүдийг ойлгоход маш хэцүү, гэвч тэдгээр нь лам-рим сургаалын гурван зорилго нь хүрэх боломжтой, бид тэдгээрт өөрсдөө хүрч чадна гэх итгэлд хүрэх зам мөр. Нэгэнт бидэнд итгэл төрсөн бол тэр үед биднийг тэдгээр зорилгуудад хүрэхэд бодитойгоор шамдах чиглүүлэх тэрхүү сэтгэл зүйн хүчийг төлөвшүүлж болно.