Зовлонгийн үнэн болон зовлонгийн үнэн шалтгаан
Бурхан багш айлдахдаа, хэдийгээр амьдралд учрах хэн бүхний зовлон бэрхшээл янз бүр ч зовлонгийн үнэн бол ахин дахин учрах зовлон бэрхшээлийг бид тасралтгүй бүтээдэг явдал юм хэмээжээ. Зовлон, таашаалыг ахин дахин ээлжлэн эдэлж, өөрийн эрхээр бус нэг дээшлэн, нэг доошлохыг ч үргэлжид бүтээнэ, мөн төрөл бүхэндээ энэхүү хязгаарлагдмал бие, сэтгэлийг тасралтгүй авснаар сэтгэл өгсөж, уруудахыг ч үүднэ. Энэ бүхнийг бүтээгээд буйн үнэн шалтгаан нь өөрийн сэтгэлд агуулагдаж байдгийг Бурхан мөн сургажээ.
Үйлийн өөрт болон бусдад ирэх үр дагаврыг, тэрчлэн би, бусад, юмс үзэгдэл хэрхэн оршдог болохыг бидний сэтгэл эндүүрэн, хуурмаг бодит байдлыг гүжирдэн тулгадаг байна. Өөрөө бүтсэн, бие даасан “би” хэмээх оршино хэмээн бид эндүүрэн бодно. Мөн сэтгэлийг ч толгой доторхи бие даасан зүйл хэмээн эндүүрэн санаад, толгой доторхи дуу хоолой сэтгэлийнх мэт санагдах тул өөрийгөө түүнтэй нэгэн гэж санана, эсвэл юмсыг ухаарч ойлгох, бодож санахын тулд ашигладаг тусдаа зүйл мэтээр санана. Эдгээр гүжирдлэгийн аль нь ч бодит байдалтай нийцэхгүй гэдгийг бид таньж мэддэггүй ба үүнээс ч долоон дор нь бодит байдалтай нийцнэ хэмээн итгэдэг явдал юм.
“Хэн ч намайг хайрладаггүй, би хэнд ч хэрэггүй” хэмээн бодож өөрийгөө өрөвдөж байсан удаа танд бий юу? Эс бөгөөс “Би чадахгүй, надад ахдаж байна” хэмээн санаж, ихэд хямарч байв уу? Эдгээр нь жаргалтай сэтгэл оюун мөн үү? Үгүй гэдэг нь илт байна. Өөрийгөө хөөрхийлөн өрөвдөж, баяр цэнгэлгүй байгаагаас гарч чадахгүй хэрнээ бас салахыг хүснэ. Тэгвэл эдгээрийг бид хэрхэн харж байна вэ гэдэгт асуудал байгаа юм. Зовлонг тод зураасан хүрээтэй, бие даасан хар бараан үүлээр дүрслээд, тэр нь тод зураасан хүрээтэй, бие даасан “би”-г нөмөрсөн байгаагаар зурсан буддаг ном шиг санагдаж байна. Тийм л юм шиг санагдаж байгаа учраас энэхүү хуурмаг үзэгдэл нь бодит байдалтай нийцэж байна хэмээн итгээд өөрийг тань хайрлах хэн нэгэнд шунаж, эс хайрлах хэн нэгэнд уурлан хорсох тэргүүтэн нисванисыг төрүүлнэ. Улмаар эдгээр нисванисаас үүдэн хэн нэгнийг өөртэйгөө хамт байж, хайрлахыг муйхраар шаардах үйлийг бүтээнэ. Хэдий тэд шаардлагыг хүлээн авсан ч түрхэн зуур эдлэх жаргал нь хэзээд хангалттай байхгүй тул илүү ихийг шаардан, зовлонг үүднэ.
Энэ л тойрог дотор бидний сэтгэл ихэд төөрөлдөн, бүрхэг бүүдгэр байдаг. Тодорхой бодож сэтгэж чадахгүй, өөрийн эрхээр бус элдвийг үйлдэнэ. Тэгвэл энэ төөрөгдөл сэтгэлийн уг мөн чанар мөн үү? Энэ асуултад хариулахын тулд Бурханы шашинд “сэтгэл” гэж юуг хэлдгийг мэдэх шаардлагатай. Сэтгэл бол бидний толгойд байгаа биеэ даасан “зүйл” бус, харин сэтгэлийн үйл ажиллагааг хэлж байна. Бодгал нэг бүрийн юмсыг амсаж эдлэх сэтгэлийн субъектив үйл ажиллагаа юм. Өөр өөр зүйлсийг өөр өөр нөхцөл байдалд амсаж эдлэхдээ тасралтгүй өөрчлөгдөж байдаг ч түүний янагуухи мөн чанар өөрчлөгддөггүй. Тэрчлэн чанагуухи мөн чанар нь ч өөрчлөгддөггүй буюу үнэн бүтэж орших зэрэг боломжгүй оршихуй түүнд үгүй юм.
Сэтгэл хэрхэн оршдог болохыг гүжирдэн санадаг олон боломжгүй оршихуй бий. Жишээ нь, сэтгэл бол “би” хэмээгч жинхэнээр оршдог бодгалтай нэгэн, эсвэл “би”-гээс тусдаа үнэн бүтэж оршино хэмээн үздэг. Эдгээр эндүү үзлийн аль нь ч сэтгэлийн уг мөн чанартай нийцэхгүй буюу тэдгээр нь эндүүрэл төдий тул эдгээр хуурмаг үзэлд суурилсан сэтгэлийн төлөв бүхэн сэтгэлийн уг мөн чанар бус юм. Сэтгэлийн энэ төлөвт “би”-д барих, “би”- энхрийлэх тэргүүтэй нисванис, тэдгээрээс үүдэх нүгэл хилэнцэт үйлүүд багтана. Эдгээрийн аль нь ч сэтгэлийн уг мөн чанар бус бөгөөд тэрхүү мөн чанарыг эндүүрснээс үүдсэн тул тэрхүү эндүүрлийг зөв үзэлд урвуулснаар тэдгээрээс үүрд ангижирна. Асрал хайр, энэрэл нигүүлсэл тэргүүтэн буянт сайн сэтгэлүүд эсрэгээрээ сэтгэлийн уг мөн чанарыг эндүүрсэн гүжирдлэгээс үүддэггүй юм. Энэхүү асар том ялгааны улмаас зөв үзэл төрснөөр буянт сайн сэтгэлийг урвуулна гэж үгүй.
Тэгэхээр зовлонг үнэн хорихуй бол сэтгэл оюуныг хорино гэсэн үг бус. Бидний сэтгэл асрал хайр, энэрэл нигүүлсэл, зөв ухаарал зэрэг сайн эрдмийн хамтаар төрлөөс төрөлд үргэлжилнэ. Тэгвэл үл танин мэдэхүй, нисванис, үйлийн эрхээр хязгаарлагдмал бие, сэтгэлийг ахин дахин, өөрийн эрхгүй авдаг төрлийг л хорьж зогсоодог юм.
Үнэн хорихуйн дөрвөн зүйл
Хутагтын гурав дахь үнэн, хорихуйн үнэнд дөрвөн зүйл бий. Үүнд:
- Эхэнд, энэ бол зовлон бүхнийг эцэс төгсгөлгүй үүддэг үнэн шалтгааныг үнэн хорихуй юм. Ямар ч зовлон байлаа гэсэн аяндаа л барагдана, учир нь шалтгаан, нөхцөлөөс үүдэн гарсан бүхэн мөнх бус буюу эцэстээ эвдэрнэ. Гэтэл “Үнэн хорихуй” гэдэг бол энэ адилын зовлон ахин хэзээд гарахгүй гэсэн үг. Сэтгэлийн уг мөн чанар хиргүй ариун буюу үнэн шалтгаан бүхнээр буртаглагдаагүй гэдгийг ухаарснаар үнэн зовлон эцэс төгсгөлгүй урган гарахаас ангижирч чадахгүй гэдэг эндүүрлийг арилгана.
- Хоёрт нь, үнэн хорихуй бол амгалан мөн. Учир нь, сэтгэлийн нисванис бүхэн амарлина. Үүгээр өвчин намдаах хүчтэй эм уугаад юуг ч үл мэдрэх лүгээ адил, нэгэн үзүүрт сэтгэлд тэгш оршсоноор зовлон бүхнийг үнэн хорино гэдэг эндүүрлийг арилгана. Өвчин зовлонгүй ийм төлөвт хэдий удаан оршсон ч зовлонгийн үнэн шалтгааныг арилгахгүй. Энэ бол зөвхөн түр зуурын завсарлага л гэсэн үг. Тогтоол төвлөрөл төгсөж, эмийн үйлчилгээ дуусахад зовлон эргэн ирнэ.
- Гуравт нь, үнэн хорихуй бол дээд хутаг мөн. Энэ бол ертөнцийн ямар ч эрдмээс дээд эрдэм юм. Ямар ч төгс төгөлдөр виртуал ертөнцийг бүтээгээд түүндээ хоргодлоо гэсэн үнэн зовлон, тэдгээрийн үнэн шалтгаанаас хаана ч нуугдаж чадахгүй. “Бодит ертөнц” гэдэг бидний ертөнцийн зовлон бэрхшээл хаашаа ч арилж одохгүй.
- Дөрөвт нь, үнэн хорихуй бол үнэн зовлон, тэдгээрийн үнэн шалтгаанаас магадтай тонилохуй мөн бөгөөд энэ нь хагас дутуу юм уу, түр зуур гарч буй хэрэг бус юм. Би, бусад, хамаг юмс хэрхэн оршдогийг үл таних эндүүрлийн авъяас, үр хөрөнгө ихэд баттай гүн суусан байдаг тул ийнхүү магадтай тонилох нь хувь хувиар, зэргэмж зэргэмжээр явагдах ч тэдгээртэй ахин учрахгүйгээр бүрэн ангижирч болно. Учир нь тэдгээр нь сэтгэлийн уг мөн чанар бус юм. Сэтгэлийн уг мөн чанар нь хиргүй ариун тул тэдгээр нь түрхэн зуурын хир буртаг төдий билээ.
Дүгнэлт
Зовлонгийн үнэн нь шалтгааны үнэнээс үргэлжид үүдэн гарч байдгийг үүрд амарлиулж болох байтал тэдгээрийг багасган бууруулснаар эсвэл түрхэн зуур дарснаар сэтгэл амрахын учир юу билээ? Тэдгээрийг үүрд амарлиулахад шамдангаа хүчийг нь бууруулж, хэмжээг нь багасгахад ахиц гаргаж болох ч Бурхан багш хэн бүхэн үнэн хорихуйд хүрч болно хэмээн айлдсан юм. Тэгвэл түүнээс багад зорих хэрэг юу байна вэ?