Хойдын төрлүүддээ анхаарах сэтгэл төрүүлэх

Нэг төрлөөс нөгөө төрөлд дамжих “би” гэх тогтсон мөн чанар үгүй

Шинжлэлийн өмнө дурдсан санаанууд болон цааш ярилцаж болох дараа дараагийн санаанууд дээр суурилан бид бидэнд эхлэл үгүй олон урд төрөл байсан мөн төгсгөл үгүй олон ирээдүйн төрлүүд байгаа гэдгийг улмаар хүлээн зөвшөөрнө. Бидний сэтгэлийн үргэлжлэлүүд эхлэл үгүй байсан мөн төгсгөл үгүй байна. Иймд лам-рим сургаалын хойдын сайн төрөл, дахин төрлөөс гэтлэхүй, гэгээрэл гэсэн гурван зорилгын аль нэгэнд хүрэхийн тулд хэдий тэдгээр нь асар их хугацаа, асар олон төрөл шаардах ч өөрсдийн сэтгэлийн үргэлжлэлээс Хутагтын дөрвөн үнэний төөрөлдсөн (зовлонт) талыг бүрмөсөн арилгаж, түүн дээр ариусгах талыг нь төлөвшүүлэх замаар тэдгээрт хүрэх хэрэгтэй болно.   

Биет түвшиндээ, амьдралын хэлбэр (хүн, амьтны төрөл) болон амьдрал, мөн төрөл болгонд гарах бидний сэтгэлийн үйл ажиллагааны чадварын хэлбэрүүд нь мэдээж өөр өөр байна. Жишээ нь, өт хорхойн хувьд сэтгэлийн үйл ажиллагаа нь хүний тархины үйл ажиллагаа болон чадамжтай адил хүчтэй байхгүй нь илэрхий. Өөр өөр амьдралын хэлбэрүүдтэй холбоотой зуршлуудын олон өөр хэлбэрүүд нь үйлийн үрийн нөлөөгөөр гарна, жишээ нь бид баярлах үедээ сүүлээ шарвах гэх мэт. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний төрүүлж байсан зан байдлын хэлбэрийн нөлөө болон тэдгээр үйлдлүүдийн дараа үлдсэн үйлийн нөлөөгөөр гарна. Ийм учраас “би” гэх байнгын, тогтсон мөн чанар байхгүй.  

Мөн чанар нь энэ тохиолдолд бидэнд байгаа тухайн нэг авсан төрлийг тодорхойлно. Энэ нь хувь хүнээс өөр. Бид ямар төрөл авснаас үл хамааран үргэлж өөрийн хувь хүнийг хадгална: Би чи болохгүй. Гэвч мексик хүн, герман хүн, хүн, тахиа, эр, эм гэх мэт байнгын, тогтсон мөн чанар байхгүй. Иймд бид ямар ч төрлийн амьдралын хэлбэрт төрлийг туулж болно; энэ нь бүгд бид хэрхэн үйл үйлдэхээс шалтгаална. Гэвч бидний хувь тус бүрийн сэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ. 

Эрдэнэт хүний төрлийн тусыг гаргах    

Одоо бидэнд энэхүү эрдэнэт хүний төрөл байна. Бид тахиа биш байна. Бид өлсөж цангаагүй байна. Бидний ихэнх нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй биш байна. Бид Бурханы шашин байхгүй, эсвэл түүнийг хориглосон, эсвэл тэр нь хууль бус тийм нөхцөл байдалд байхгүй байна. Бага төрөлхтний сургаалд эрдэнэт хүний төрөл дээр бясалгах бясалгал байх ба энэ нь бид энэ насандаа юу болж болох эсвэл юу эдэлж туулж болох байсан асар олон бусад боломж байсныг бодож үзэх тохиолдолд л утга учиртай болно. Бидэнд байгаа тэдгээр бүх төрлийн үйлийн үрийн нөөц боломж байгаа энэ үед, миний багш нарын нэг Гэвш Наваан Даргейн хэлдэг байсанчлан бид өөсрдийгөө доод төрлүүдээс түр нэг богино хугацаагаар амралтанд ирээд байгаа, одоо амралтын хугацаа бараг дуусаж байгаа гэх байдлаар бодох нь хамгийн сайн. Тэгэхээр, бид энэ богино хугацааны амралтанд байх үедээ өөрсдийн цагийг ердөө хүний төрлийн орны зураг авч, өөр юу ч хийхгүй өнгөрөөж болохгүй. Бид энэхүү хосгүй эрдэнэт хүний төрөл авсныхаа хэргийг бүрэн гаргах хэрэгтэй. 

Хүний төрөл авсны хамгийн том ач тус нь юу вэ? Бидний оюун ухаан. Бидэнд юуг бүтээвэл тустай, юунаас зайлсхийх нь сайн болохыг хэлж өгөх ялгах ухаан, билгүүн байна. Зөвхөн хүний төрлөөр бид энэ төрлийн ялгах ухааныг олж авна. Үхэл нэгэн агшинд ирнэ, гэвч хэрэв бидэнд нас эцэслэсний дараа дараагийн төрөл байна гэсэн итгэл байхгүй бол үхэх үед тэр нь бүхний төгсгөл байна. Зүгээр, бүх зүйл дуусна. Энэ тохиолдолд үхлийн талаар ойлголттой байх тийм чухал биш. 

Үхлийн талаарх мэдлэг ба түүний дараа гарч болох төрлийн магадлал

Бидэнд эрдэнэт хүний төрлийн энэхүү гайхалтай боломж байгаа хийгээд хэзээ гэдгийг мэдэхгүй ч тэр нь гарцаагүй барагдах тэрхүү бодит байдлыг бид маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Нас эцэслэсний дараа, дараагийн амьдрал үргэлжилнэ, асуулт нь, тэгвэл яах вэ? Хэрэв эхлэл үгүй, төгсгөл үгүй сэтгэлийн үргэлжлэлийн үүднээс авч үзэх юм бол энэ насны амьдралын амьдарсан хугацаа маш, маш богино. Хэдийгээр эрдэмтэд хэдэн жил болоод л бодлоо өөрчлөөд байж болох ч, наад зах нь их тэсрэлтээс эхлээд галав юүлэх хүртэлх орчлон ертөнцийн үргэлжлэх хугацаатай харьцуулахад энэ насны үргэлжлэх хугацаа юу ч биш. Энэ үнэхээр богино. Бодоод үзэхэд, энэхүү эрдэнэт хүний төрлийн дараа түүнээс илүү их хугацаа байгаа бөгөөд энэ үед зөвхөн энэ насны амьдралын богино хугацаанд анхаарал тавихаас түүний дараа үргэлжлэх илүү урт хугацааны талаар илүү их санаа тавих нь утга учиртай болно. Мэдээж, энэ насны амьдралын үлдсэн хэсэг нь ирээдүйн нэг хэсэг бөгөөд бид мөн түүнд тодорхой анхаарал тавих ёстой. Гэвч энэхүү бага төрөлхтний сургаалын бүхэл санаа нь өөрсдийн гол анхаарал, сонирхлыг ирээдүйн төрлүүдэд чиглүүлэх байна. 

Одоо бид Номын жинхэнэ утгыг ойлгож эхэлж байна. Хэрэв бид дахин төрөлд үнэхээр итгэж байвал тэр үед бид энэ бүхнийг нухацтай авч үзэх хэрэгтэй болно. Хэрэв бид үүнийг нухацтай авч үзэж байвал тэр үед одоогийн энэ хүний төрлийн чухал нь агуу том болж ирнэ. Бидэнд өөрийн нөхцөлийг сайжруулахад шамдах ийм боломж, чөлөө (чөлөө, учрал) байгаа нь ямар гайхамшигтай вэ? Хэрэв бид энэхүү эрдэнэт хүний төрлийн чухлыг үнэхээр ойлгож байвал тэр үед бид ирээдүйгээс юу хүсэх вэ? Бид энэ төрлийг олон удаа авахыг хүснэ. 

Аврал (аюулгүй зүг) илүү сайн төрөл авах арга болох нь 

Хэрэв бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганы аюулгүй зүгт явбал өөрсдийн хараахан хүрээгүй байгаа өөрийн сэтгэлийн үргэлжлэл дэх зовлонг үнэн хорихуй болон үнэн зам мөрийн сэтгэлийн зүгт явна гэсэн үг. Хэдийгээр бид тэдгээрт хараахан хүрээгүй байгаа ч хэрэв бид тэрхүү зүгт явбал тэр нь биднийг бидний эмээж буй тэдгээр муу төрлүүдээс хамгаална. Тэрхүү зам мөрөөр үнэндээ явж, үнэн хорихуй, үнэн зам мөрийн сэтгэлд хүрэх тэдгээр зорилгод хүрэхэд бидэнд эрдэнэт хүний төрөл дахин, дахин хэрэгтэй болохыг бид ойлгоно. Магадлал нь, бид үнэн хорихуй, үнэн зам мөрийн сэтгэлд энэ насандаа хүрэхгүй л болов уу. Тэгэхээр бид эрдэнэт хүний төрлийг үргэлжлүүлэн авахыг магадтай болгох ёстой. Ийм маягаар бид тэрхүү аюулгүй зүгт явсаар байж чадна. 

Арьяа төлөвт хүрэх

Лам-рим сургаалд бид хүн эсвэл нэг тэнгэрийн төрөл бүхий сайн заяанд төрөхийг зорино хэмээн гардаг. Хэрэв хүний төрөл нь үнэхээр чухал юм бол ямар учраас түүнд ийнхүү өгүүлэв? Энэ нь Майдар гэгээний Илтэд онохуйн чимэг (Санс. Abhisamayalamkara) хэмээх бүтээл гарах нэг маш нарийн санаатай холбогдоно. Энд 20 Хувраг бүхий нэг жагсаалтыг үзүүлсэн ба үүнд хувраг нь арьяа хуврагийг илэрхийлнэ. Үнэн зам мөрийн сэтгэлээр үнэн хорихуйд хүргэх сэтгэлийн олон түвшин байх бөгөөд түүнийг бид мөн “үзэхүйн мөр” гэнэ. Үзэхүйн мөрийн сэтгэл нь Хутагтын дөрвөн үнэний 16 ялгамжааг томьёололгүйгээр шууд таньсан сэтгэл байна. Өөрөөр хэлбэл, бид арьяа төлөвт олон өөр түвшний төвлөрсөн сэтгэлээр хүрэх бөгөөд ийнхүү 20 Хувраг нь хоосон чанарыг шууд таньсан ухаан (үнэнийг илт оносон билиг) бүхий төвлөрлийн өөр өөр түвшнээрээ ялгарах 20 төрлийн Арьяаг илэрхийлнэ.   

Төвлөрлийн эдгээр түвшнүүдийн дотор өөр өөр дхяна (dhyanas) байх ба эдгээр нь сэтгэлийн төвлөрлийн маш гүнзгий түвшний хэлбэрүүд. Эдгээр өөр өөр түвшнүүд нь тэнгэрийн орны өөр өөр түвшнүүдтэй холбогдоно. Хэрэв бид эдгээр сэтгэлийн төвлөрлийн төлөвүүдийн аль нэгд хэт татагдвал бид түүнтэй холбогдох тэнгэрийн оронд төрөх ба тэрхүү түвшний сэтгэлийн төвлөрөлд дахин хүрэх хүчтэй авьяастай төрнө. Иймд хэрэв бид эдгээр тэнгэрийн орны аль нэгд төрвөл тухайн тэнгэрийн орны олгох сэтгэлийн төвлөрлийн түвшинг төлөвшүүлэх нь зарчмын хувьд боломжтой. Ийм үүднээс бид сайн төрлийг хүн болон тэнгэрийн төрлөөр тайлбарлана. Энэ нь тэнгэрүүд зөвхөн таатай бүхнийг эдэлж, амар жаргалтай байдагтай холбоотой биш! 

Гол санаа бол аюулгүй зүг хэмээн ярьж байгаа үед бид арьяа төлөв болон түүнээс цааших төлөвт зорьж байдаг явдал. Бид үнэн хорихуй, үнэн зам мөрийн сэтгэлд хүрэхийг зорих ба тэдгээрт тэнгэрийн төрлөөс хүрэх нь зарчмын хувьд боломжтой учир түүнийг энд (сайн төрөлд) багтаана. Гэвч арьяа төлөвт хүрэх хамгийн хялбар, хамгийн таатай нөхцөл нь эрдэнэт хүний төрөл учраас бид түүнд үнэндээ зорьж байдаг. Сайн төрөлд төрөхийн гол зорилго нь Бурханы шашны бус уламжлалын диваажинд очих зорилго огтоос биш. Бурханы шашны сайн төрөлд төрөх зорилго бол гэтлэхүй, гэгээрэлд хүргэх суурь, нөхцөлийг үргэлжлүүлэн авах явдал.       

Үйлийн үр: Сөрөг зан байдлаас зайлсхийх 

Дараагийн алхам нь бид хойдын төрлүүддээ хүний төрлийг чухам хэрхэн авах талаар бодох. Энэ нь үйлийн үрийн тухай ярианд хөтөлнө. Учир нь эрдэнэт хүний төрөлд үнэхээр баттай төрөхийн тулд бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэхийг хорьж, түүний оронд эерэг байдлаар үйлдэл үйлдэж эхлэх хэрэгтэй. Бид ирээдүйд эрдэнэт хүний төрөл авахыг үнэхээр сонирхож байв ч сөрөг байдлаар үйлдэл үйлдэхийг зогсоохыг хүсэхгүй байг! Тэгэхээр бид одоо сөрөг зан байдал зовлон авчирдаг бол эерэг зан байдал амар амгалан болж боловсрох тэрхүү үнэнд итгэх итгэл төрүүлэх хэрэгтэй болно. 

Та учрыг өөрөөсөө асууж байв уу? Тэгэхээр, хэрэв бид сөрөг байдлаар үйлдэл үйлдэх нь биднийг амгалангүй, гаслан, зовлонтой болгоно гэж үнэхээр итгэж байвал тэр үед бид сөрөг байдлаар үйл үйлдэхгүй гэж хэлэх гэсэн юм. Бид мэдээж түүнд итгэхгүй. Хэрэв бидэнд итгэл төрвөл, тэр үед бид зовлон болон жаргал нь олон төрөл дамжин боловсрох үйл явц болгох тэр механизмыг бас ойлгох хэрэгтэй болно. Бидний сөрөг үйлүүд болон тэдгээрээс боловсрох үрийн хооронд ихэвчлэн урт хугацаа байх бөгөөд энэ нь төгсгөл үгүй сэтгэлийн үргэлжлэлийн тухай сэдэвтэй холбогдоно. 

Дүгнэлт 

Эрдэнэт хүний төрөлд бидэнд чөлөө, учралууд (нөхцөл) бүрдсэн нь эргэлзээгүй. Бид оюун ухаантай, мэдээлэл авах нөхцөлтэй, өөрсдийн сонголтыг чөлөөтэй хийх боломжтой. Гэвч энэ үнэндээ мөнх үргэлжлэхгүй. Бидэнд байгаа энэ хүний төрөл хугацаанаасаа өмнө ямар ч агшинд дуусаж болох нэг богино, таатай амралттай адил.    

Бид нас эцэслэнэ, мөн бидний сэтгэлийн үргэлжлэл үргэлжилнэ гэдгийг үнэхээр ойлгож байгаа үед өөрийн ирээдүйн төрлүүдийн талаар бодохоос өөр сонголт бидэнд байхгүй. Бидний ихэнх нь зөвхөн өөрсдийн ирээдүйн өтөл насанд зориулан үнэхээр чармайж ажилладаг, тэгвэл яагаад бид өөрсдийн хойдын төрлүүдийн талаар бодож болохгүй гэж? 

Top