Лам-римын гол ойлголтуудыг сэргээн санах
Лам-рим сургаал нь гурван төрөлхтний сургаалд хуваагдах бөгөөд тэдгээр нь тус бүрдээ гэгээрэлд хүргэх зам мөр болох сэтгэлийн өөр өөр төлөвийн сургаалтай. Энэ бүтцийг XI зууны Энэтхэгийн их мэргэн Атиша гэгээн анх томьёолсон бөгөөд тэрээр Энэтхэгээс Төвөдөд Ном хоёр дахь удаагаа дэлгэрэхэд гол хувь нэмэр оруулсан. Атиша гэгээн тус сургаалаа Гэгээрэлд хүргэх бодь мөрийн зул (Санс. Bodhipatha-pradipa) бүтээлдээ үзүүлсэн.
Гаадамбын ёс Атиша гэгээнтэй холбогдох ба цаг хугацааны явцад түүнийг Богд Зонхов дахин ангилан шинэтгэснээр Гэлүгийн ёс бий болсон. Гаадабмын ёс нь бусад уламжлалуудад мөн нөлөөлсөн байдаг. Үүнийг ложон буюу оюун судлахуйн сургаалыг бүх уламжлалд өргөн заах байх бөгөөд тэр нь Гаадамбын ёсноос эхтэй байдгаас харж болно. Гаадамбын ёсны нөлөөний өөр нэг жишээ нь Гампопа гэгээнтэй холбогдоно. Гаржүд ёсны олон уламжлалууд Гампопа гэгээнээс эхтэй бөгөөд тэрээр Гаадамба, Махамудра сургаалын урсгалыг холбосон эрдэмт мэргэн хэмээн хүндлэгддэг.
Атиша гэгээн лам-рим сургаалынхаа энэхүү хэв маягийн санааг Шантидэва гэгээний Бодисадвын явдалд орохуй (I.4) зохиолын нэг бадгаас авсан бөгөөд тус бадагт:
Эл чөлөө учрал үүнийг олохуйяа машид бэрхтэй
Энгүй амьтны тусыг бүтээх чадлыг эрхшээсэн тул
Эдүгээ хэрэв энд л эс бүтээвээс
Эцэс хойшдоо үүн лүгээ учирна гэж хаана байх?
хэмээсэн байдаг.
Атиша гэгээний дэлгэрүүлснээр “Энгүй амьтан” гэдэг нь гурван төрөлхтний сургаалын гурван түвшний хүмүүсийг илэрхийлж байгаа юм.
Бага төрөлхтний сургаал нь багшийг шүтэх (номын багштай тогтоох эрүүл харилцаа), эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус, гурван муу төрлийн зовлон, аврал буюу аюулгүй зам мөр, Бурхан, Ном, Хуврагийн чанар, үйлийн үр болон сөрөг зан байдлаас зайлсхийх тухай сэдвүүдийг хамарна.
Дунд төрөлхтний сургаал нь гурван сайн төрлийн зовлон, орчлонгийн буюу хяналтгүй дахин дахин гарах төрлийн зовлонгийн тухай өгүүлнэ. Үүнд мөн сөрөг сэтгэл хөдлөл буюу Хутагтын дөрвөн үнэний утгын хүрээн дэх нөхөр сэтгэлүүд (сэтгэлээс гарах сэтгэлүүд) болон зовлонгийн үнэн (жинхэнэ) шалтгааны тайлбар багтана. Мөн 12 шүтэн барилдлагын нарийвчилсан тайлбар болон бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь Хутагтын дөрвөн үнэний эхний үнэн болох Зовлонгийн үнэнийг хэрхэн төрүүлдэг талаар өгүүлнэ. Түүний дараа орчлонгоос гэтэлж, гэтлэхүйд хүрэх арга болох ёс зүйн сахилга бат (шагшаабад), төвлөрөл, ялгах ухааныг (билиг) багтаасан гурван суртгаалын тайлбар орж ирнэ. Мөн энэхүү дунд төрөлхтний сургаалд ёс зүйн сахилга батад хамаарах хуврагийн болон гэргийтний сахилын тайлбар багтах ба эдгээр нь бүгд магад гарах сэтгэлийн (зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл) хүрээнд багтах дунд төрөлхтний сэдэл болно.
Их төрөлхтний сургаалд бодь сэтгэлийг төлөвшүүлэх олон аргууд орно. Цаглашгүй тэгш сэтгэлийн суурин дээр эхэлж хүн бүрийг өөрийн эх гэж мэдэх зэргээр бясалгах 7 хэсэгт шалтгаан ба үрийн бясалгал (Уг үрийн долоон увдисын үүднээс оюунаа судлах) гэж бий. Өөр нэг арга нь өгөхүй, авахуйн “тонлэн” бүтээлийг багтаасан өөрт болон бусдад хандах хандлагыг тэгшитгэж, солих (Өөр хийгээд өрөөлийг арилжихуйн үүднээс оюунаа судлах) арга. Богд Зонхов бодь сэтгэл төрүүлэх энэхүү хоёр аргыг нэгтгэсэн 11 хэсэгтэй бясалгалын дарааллыг үзүүлсэн. Мөн бодисадвын сахил авах болон тэдгээр сахилын талаарх тайлбар бий. Тайван, амарлисан сэтгэлийн төлөв болох шаматхагаар дамжуулж чанадад хүрэх сэтгэлийн тогтвортой байдал буюу төвлөрлд хэрхэн хүрэх тухай маш дэлгэрэнгүй тайлбар бүхий зургаан чанадын хандлагын (зургаан барамид) бүтээл мөн энд багтана. Мөн чанадын ялгах ухааны (чанадын билгүүн) тайлбарыг онцгой ойлгох чадвар бүхий сэтгэлийн төлөв болох випашянаг хэрхэн төрүүлэх тухай сургаалын үүднээс үзүүлсэн байдаг. Эдгээр нь бүгд их төрөлхтний түвшний сургаалд хамарна.
Энэхүү товч тоймоос хэрэв бид сургаалыг судар болон тарнийн сургаалын үүднээс ангилж үзвэл тэдгээр нь бүгд судрын сургаалын ангилалд багтах маш их судлах зүйлийг лам-рим сургаал багтааж байдгийг харж байна. Энэ бүх сэдвийн талаарх тодорхой түвшний гүн ойлголт нь Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалуудын санал нэгддэг тэр цэг болох тарнийн сургаал түүний төгс зэхэл болно.