Долдугаар хэсэгт сургаал: Хандлагын сургаалын хорин хоёр суртгаал
Сүүлийн бүлэг болох долдугаар бүлэг нь бидний хандлагыг цэвэрлэх хорин хоёр суралцах зүйлээс бүрдэнэ. Тэдгээрийг одоо авч үзье. Үнэндээ тэдгээр нь маш их тус болох зүйлүүд учраас жагсаалтыг зүгээр нэг дурдахгүй байхыг хичээе.
(1) Йог бүгдийг нэг үйлд.
Энэ нь юу ч хийсэн түүнийг бусдад туслах үүднээс хийх хэрэгтэй гэсэн үг. “Хооллосноороо би бие махбодын дотор байх тэдгээр бүх микрорганизмуудыг тэжээн тэтгэх болтугай” хэмээх хүсэл эрмэлзэлийг үүний нэг жишээ болгодог. Энэ жишээг хүмүүс нь шимэгч хорхойн халдвар олонтаа авдаг Энэтхэгт ихэнх тохиолдолд хэрэглэдэг. Хэдийгээр бид хооллох бүхий л хугацааны турш ийм сэтгэлийг төрүүлж чадахгүй ч гэсэн үүгээр эхэлж болно. Ийм учраас Нагаржуна гэгээний бичсэн “Энэхүү зоогийг би шунах, дурлах сэтгэлээр бус бусдад туслах эм болгон хүртэж байна” хэмээх зориулга ерөөл их тустай байдаг.
(2) Хилэнц бүгдийг нэг хорь.
Үүнийг бас хэд хэдэн янзаар тайлбарлаж болно. Нэг нь бидэнд байх тэр бүх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгахын тулд бид бусдын сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, зовлонг өөртөө авах нэг бүтээл, тонлэнг хэрэглэх явдал. Энэ нь бид бусдын уур, төөрөгдлийг авч өөрөө илүү их ууртай, илүү их төөрөгдөлд орох гэсэн үг биш. Харин бүх тонлэн бүтээлд сургадгийн адилаар бусдаас авсан зүйлээ өөртөө бодитой хадгалах бус тэдгээрийг даван туулах өөрийн чадвараа ашиглах, үнэндээ тэднийг даван туулах гэсэн үг юм.
Үүнийг харах өөр нэг тустай арга нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага гарч ирэх нь сайны шинж, учир нь далд байх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийг арилгахын тулд тэдгээр нь ил гарах ёстой гэж харах явдал. Иймд өөрт байх илэрч гардаггүй уур, далд зүйлүүдийг ил болгож, арилгахыг хүсэх хэрэгтэй. Энэ нь эхэлж бид сэтгэлийг тайван болгож, сарниж байгаа сэтгэлийг ажиглахыг хичээдэг шинэй бүтээлтэй адил юм. Ингэж ажигласнаар сэтгэлд илүү их замбараагүй бодлууд гарч ирж байгаа хэрэг бус ердөө бид түүнийг өмнө нь хэзээ ч анзаардаггүй байсан хэрэг. Үүний адилаар өөрийн хандлагыг цэвэрлэж, сургах бүтээл хийж, сэтгэлээ тайвшруулан сэтгэлээ үнэхээр ажиглаж эхлэх үед бид өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй маш их уур, дурлан хүлэгдэх сэтгэлийг олж мэднэ. Энэ нь бид энэ бүхнийг урд өмнө ойроос хэзээ ч анхаарал тавьж ажиглаж байгаагүй явдалтай холбоотой. Энэ бол маш сайн шинж.
(3) Буяны эхэнд, сүүлд хоёр үйлийг үйлд.
Тэрхүү хоёр үйл нь эхэнд нь бусдад туслах сэтгэл төрүүлж, төгсгөлд нь тэрхүү эерэг хүчийг зориулах явдал. Үүнийг мөн гэвш Бэн Кунгял, түүний хар, цагаан чулуугаар дүрсэлж болно. Өглөө сэрсэн тэр ашинд эсвэл ямар нэг хэцүү зүйл хийхийн өмнө бид үргэлж бусдыг эрхэмлэж, өөрийн хувийг хичээхгүй байх хүчтэй сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Ингээд өдрийн төгсгөлд бид хэр зэрэг байснаа шалгаж, өөрийн эерэг үр дагаварт хүргэх үйлээс бий болсон эерэг хүчийг зориулж, сөрөг үйлдлүүддээ харамсаж, тэдгээрийг ариусгахыг хичээх хэрэгтэй.
(4) Оюун судлахуйн анхааран авлагыг орхигдуулж бүү үйлд.
Энэ нь жаргал, зовлон аль нь ч тохиолдсон, сайн, муу ямарч нөхцөл үүссэн тэвчээртэй байж бусдад баяр жаргал өгч, тэдний зовлонг өөртөө авахыг хүссэн хэвээр байх тухай юм. Хэрэв алив бүгд сайн байвал бусдад туслах ямар нэг зүйл хийхгүйгээр бардамнан сайрхаж, өөртөө сэтгэл ханахгүй байх нь чухал. Хэрэв бидэнд хэцүү цаг үе тулгарсан бол гутарч, юу ч хийж чадахгүй нь гэж бодохгүй байх. Хэрэв бидэнд эд баялаг буй бол бусдад материаллаг туслалцаа үзүүлэхэд хэрэглэж болно. Хэрэв бидэнд эд уурс ер юу ч байхгүй бол наад зах нь дүрслэлээр өгөхүй ба авахуйн тонлэн бүтээлийг хийж болно. Үүнийг дээрх хоёр тохиолдлын алинд нь ч хэрэглэж болно.
(5) Аль алиныг амь лугаа холбон сахь.
Энэ нь бидний авсан ерөнхий сахил болон ялангуяа хандлагын арван найман тангараг, хорин хоёр суртгаалтай холбоотой. Бид үүнийг маш хүчтэй сахих хэрэгтэй бөгөөд бүр амь лугаа холбон сахь гэдэг. Бурханы шашны сахилуудыг авахаасаа өмнө тэднийг сахиж чадах эсэхээ шалгах нь чухал. Олон хүмүүс гүнзгий бүтээл рүү үсрэн орж, үүрэг нь юу болох талаар тодорхой мэдэхгүйгээр, тэдгээрийнг хийж чадах эсэхээ шалгахгүйгээр авшиг хүртдэг. Тэд бусад хүмүүс түүнийг хийж байгаа учраас хийхийг хүсэж, мөн “гүнзгий” түвшний бүтээлч болохыг хүсдэг.
Багшаас гүнзгий түвшний бүтээл хүсэхээсээ өмнө бид өөрийн зан төлөвийн талаар өөрөөсөө асуух хэрэгтэй. Би үнэхээр хувийн сахилга батыг баримталж чадах уу? Хийх ёстой үүргүүдээ биелүүлж чадах уу? Хэрэв тийм биш бол гүнзгий бүтээлийн эрх хүсэхгүй байх хэрэгтэй. Жишээ нь олон хүмүүс долоон хоногт нэг удаа Жанрайсигийн хурал хурдаг бөгөөд улмаар түүнээсээ залхаж, үргэлжлүүлэн хийх дур сонирхолгүй болдог. Гэвч лам багш нар ирж том авшиг хүртээх болоход бүр амьдралынхаа үлдсэн хугацааны туршид өдөр бүр урт хэмжээний уншлага бүтээл хийх үүрэгтэй байсан ч түүнийг авахаар яарна. Хэрэв бид долоон хоногт нэг удаа хийх зүйлээс түвэгшээж байгаа бол өдөр бүр түүнийг хийж яаж чадах вэ?
(6) Бэрхшээл хатуужлыг шамдлаар мэдэж үйлдсэнээр тэр гурав дор суралц.
Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хувиа хичээх бодол төрөх үеийн хамгийн эхний хэцүү зүйл бол түүний ерөндөгийг санах буюу сэтгэлийн тайван байдал алдагдуулж буй сэтгэл хөдлөлийг эхэлж таньж, түүнийг арилгах ерөндөг нь юу болохыг санах явдал. Хоёрдахь хэцүү зүйл нь тухайн ерөндөгийг хэрэглэх. Гуравдахь нь тухайн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагыг үргэлжлэн гаргахгүй байх үүднээс ерөндөгийг үргэлжлүүлэн санасаар байх. Өөрөөр хэлбэл бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын үргэлжлэлийг таслах явдал. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн жишээ нь уур, шунал; харин хувиа хичээх сэтгэл нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлага юм.
(7) Гурван зүйлийг бүрдүүл.
Эдгээр гурван зүйл нь хандлагын энэхүү суртгаалыг бүтээхэд бүрдэх ёстой гурван шалтгаан юм. Нэгдэх шалтгаан нь бидэнд сургаал зааж, үлгэрлэн дагуулах номын багштай учрах; хоёрдахь шалтгаан нь сургаалыг бодитой бүтээх; гуравдахь нь бүтээл хийх тааламжтай нөхцөл бүрдсэн байх. Таатай нөхцөл гэдэг нь энгийн хоол хүнс, орон байр зэрэгт сэтгэл хангалуун байж илүү их, сайныг хэрхэн олох талаар санаа тавихгүй байх явдал. Хэрэв бид хангалттай хэмжээний мөнгө олдог бол жишээ нь түүндээ сэтгэл ханаж өөрийн эрч хүчийг илүү ихийг олох хэрэгтэй гэх бодлоос илүүтэйгээр бусдад туслахад зарцуулж болно. Эхнийх нь ердөө өөрийн тухай бодож буй хэрэг юм.
(8) Тэдгээр гурвыг доройтуулж бүү үйлд.
Эхнийх нь багшийнхаа сайн чанарт бүрэн итгэл үзүүлж, түүний ачийг санах. Үүнийг “багшид сүсэглэхийг доройтуулах” гэж орчуулдаг бөгөөд энэ нь буруу утга санаа өгдөг. Энэ нь багшийн сайн чанарыг харж, түүнд бүрэн итгэл үзүүлж, багшийнхаа ачийг санах гэсэн утга илэрхийлдэг. Хэрэв бидэнд энэ бүхэн байвал түүнийг хүн бүр рүү тэлж болно. Бид бусад хүмүүст буй тэдгээр сайн чанарыг олж харан түүнд бүрэн итгэл үзүүлж, тэднийг түүгээр нь хүндэтгэх явдал. Мөн бид хэдийгээр бусад хүмүүс бидэнд шууд тус хүргээгүй ч тэдний ачийг санаж болно. Тэд ердөө тэдэнд туслах боломжийг бидэнд олгож байгаагаараа бидэнд тусалж байна.
Бодь сэтгэл төрүүлэхэд бидэнд саад болдог нэг зүйл бол бид бусдыг дорд үздэг явдал. Бид тэдний зөвхөн муу чанарыг харж, өөрийгөө тэднээс илүү сайн гэж бодно. Жишээ нь, хэрэв нэг эрдэмтэн эсвэл профессор маш их мэдлэгтэй боловч омог бардам бол түүний мэдлэг хэнд ч тус болохгүй, бусдад байтугай бүр өөрт нь тус болохгүй. Бардам сэтгэлээр бид бусад хүмүүсийн бодол, санааг үгүйсгэснээр бид бусдаас суралцаж чаддаггүй. Бид өөрийн санааг бүр буруу байсан ч бусдад тулгаж, бусдын зөвлөгөөг үгүйсгэнэ. Гэвч хэрэв бид төлөв даруу байж бусдыг сонсвол бид бүр их зүйл үзэж сураагүй хүмүүс, хүүхдүүдээс ч суралцаж болно. Хэрэв бид нөгөө хүнийхээ сайн талыг харвал, бүр хүүхэд ч хүртэл маш их утга учиртай зүйл хэлэхэд түүнийг үнэлэн хүлээж авна. Сайн чанаруудыг нь харах, ачийг нь санах нь бидэнд хүн бүрээс суралцах боломж олгоно. Үүний эсрэг нь бусад хүмүүсийн үгийг үл тоон үгүйсгэж өөрийн байр сууриа хамгаалахыг хүсэх явдал.
Хоёрдахь доройтуулж болохгүй зүйл нь бүтээл хийхэд дур сонирхолтой байх явдал бөгөөд ингэхдээ бусдыг эрхэмлэх үзэлд бид хүчээр сурч буй мэт, өөрөөр хэлбэл “Би үүнд суралцах ёстой, хэрэв үгүй бол би муу хүн болно!” гэсэн сэтгэлтэй байхгүй байх явдал. Хүмүүсийг ямар нэг зүйл хийхийг хүчлэхэд тэд эсэргүүцэн эсрэгээр нь үйлддэг. Гэвч хэрэв бид бусдыг эрхэмлэхийн сайн тал, хувиа хичээхийн сул талыг бодож үзвэл аяндаа бидэнд тухайн бүтээлийг хийх их хичээл зүтгэл төрж, түүнийг баяртайгаар хийхэд бэлэн байна.
Гуравдахь доройтуулж болохгүй зүйл нь энэхүү бүтээлийг доройтуулахгүй байхтай биднийг холбож өгдөг бүтээл, үүргээ тогтвортой, таслахгүй хийх явдал.
(9) Эдгээр гурвыг үл назгайруул.
Энэ нь тухайлбал бусдын талаар бодох, бусдад туслах гэх мэт бүтээлдээ бие, хэл, сэтгэлээ хичээл зүтгэл гарган зориулах тухай юм. Биеийн тухайд хэрэглэгддэг жишээ нь цаг үргэлж хөдлөн, тогтворгүй, сууж чадахгүй байх бус анхааралтай, биеэ хянаж суух явдал. Хэл ярианы хувьд өдрийн турш ердөө утга учиргүй зүйлийн талаар ярих бус харин түүнийг бусдад туслахад чиглүүлэх хэрэгтэй. Сэтгэл нь элдэв утга учиргүй бодлоор дүүрээгүй харин бусдад туслах бодлоор дүүрсэн байх. Бид бие, хэл, сэтгэлээр ямарч үйл хийж байсан тэр нь ямар нэг эерэг, эерэг үр дагаварт хүргэх зүйлтэй холбоотой байх нь чухал.
Та бүхний мэдэж байгаачлан төвд хүмүүс амьтны ертөнцөөс жишээ татах дуртай байдаг. Тэдний ярьдагаар хэрэв бид унтах бол ердөө үхрийн адилаар унтахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэд шууд газар хэвтээд л гүйцээ. Харин бид унтахыг өмнө Бурхан, Ном, Хурвагийн чуулганы аюулгүй зам мөрөө бататган, бодь сэтгэл төрүүлээд гурван удаа мөргөл үйлдэх хэрэгтэй. Хэрэв бид “Энэхүү зам мөрөөр явах эрч хүч авч, амрах үүднээс би унтаг” хэмээн эрмэлзэл төрүүлбэл бидний унтаж амрах үйл хүртэл гайхалтай сайн үйл болж болно. Хэрэв бид унтахын өмнө үдэш гурван удаа, өглөө гурван удаа мөргөл хийж сурсан бол, үүнийг өдөр тутмын бүтээл болгон хийхийг түлхүү зөвлөдөг, түүнийгээ ердөө нэг механик байдлаар бус зохих хандлагын үүднээс хийх нь чухал.
(10) Орныг алагчлахгүйгээр ариун үйлд.
Энэ нь өмнө дурдсан хандлагын арван найман тангаргийн зургаадахь санаа болох бүтээлдээ зөвхөн найз нөхдийн эсвэл гэр бүлийн нэг хүрээллийг бус хүн бүрийг багтаах тухай санаатай алил юм. Үүнд зөвхөн хүнээр хязгаарлагдахгүй амьтад бас багтана. Зарим хүмүүс муур нохойнд дуртай байж, тэдэнд үнэхээр гайхалтай сайхан хандах боловч тэр хандлагаа шавьж хорхойнд гаргадаггүй. Энэ бол алагчилж буй явдал. Бид өөрийн дуртай амьтандаа сайн хандаж, дургүй амьтандаа хүчтэй дургүйцдэг. Энэ бол алагчилж байгаа хэрэг.
Энэ нь мэдээж маш гүнзгий, хэцүү зүйл боловч бүх амьтдыг гэгээрэлд хүргэх гэдэг үүднээс бодож тэдгээр амьтад нь одоо авсан байгаа тухайн төрлөөрөө мөнх, өөрийн мөн чанараар байдаггүй төрөлхтөн гэдгийг ойлгох нь маш чухал. Хэн ч өөрийн мөн чанараараа хүн, жоом, эрэгтэй эсвэл эмэгтэй хүн биш. Бид бүгд эхлэл үгүй сэтгэлийн үргэлжлэлтэй, бид бүгд үйлийн үрээсээ шалтгаалан тоолшгүй олон төрөл авч байсан. Хэдийгээр бид бусдад янагуух түвшинд тэдний одоогийн авсан төрлийн үүднээс, хүн, нохой, жоом гэдгээр нь авч үзэж хандах хэрэгтэй ч илүү гүнзгий түвшинд тэд бүгдээрээ Бурханы чанартай гэж харах ёстой. Энэ төрөлхтөн өнгөрсөн төрөлд миний эх байсан байж болно, ирээдүйд бас ямарч төрөлхтөн болж болно. Ийм маягаар бид энэхүү бүтээлдээ бүхий л төрөлхтөнийг багтааж болно.
Бид бусдад туслах, бусдыг эрхэмлэх талаар бодох үедээ эхлэл үгүй сэтгэл, Бурханы чанар зэргийн талаар үргэлж бодож байх нь үнэхээр чухал. Эдгээр нь хамт явдаг. Ийм учраас бусдыг эрхэмлэж, хувиа хичээх сэтгэлийг даван туулах бүтээл нь бодь сэтгэл, тэгш сэтгэл, хүн бүрийг эх гэж харах сэтгэлийг төлөвшүүлэх үйл явцаар эхэлдэг байна. Энэ нь эргээд эхлэл үгүй сэтгэлтэй холбогдох ба энэ үүднээс хүн бүр ижил.
(11) Орон бүхэнд суртгаалыг дэлгэр хийгээд гүнзгий (үйлдэхийг) эрхэмлэ.
Энэ бол бидний хандлагыг цэвэрлэх нэг маш чухал зөвлөгөө юм. Хандлагаа өргөн хэмжээнд сургаж, цэвэрлэх гэдэгт бүхий л зүйл, зөвхөн амьд амьтан төдийгүй амьгүй зүйлд хандах хандлагыг ойлгоно. Энэ нь зөвхөн хүнд төдийгүй, асахгүй байгаа үед машинд, хоцорч ирсэн автобусанд уурлахаас зайлсхийх гэсэн утгатай. Зөвхөн хүмүүст төдийгүй зайрмаг, мөнгөнд бас дурлан хүлэгдэхээс зайлсхийх хэрэгтэй. Хандлагыг гүнзгий цэвэрлэх гэдэг нь суртгаалыг өнгөц төдий бус чин зүрхнээсээ авч үзэх гэсэн үг.
(12) (Ойр хэмээн) хойш тавих тэдгээр орныг тусад нь бясалга.
Энэ нь эдгээр бүтээлүүдийг гэр бүлийнхээ хүрээнд, эцэг эх, хамт амьдрах хүмүүстээ хандаж үйлдэхийг хичээх гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ бол маш чухал. Ихэнх хүмүүс бясалгал бүтээл хийж, хамаг амьтанд асрах сэтгэлийг төрүүлэхийг зорих боловч өөрийн эцэг эхтэй таарамжгүй харилцаатай байдаг! Үүнд, тухайлбал, ойр холбоотой тэдгээр хүмүүстэйгээ харилцахдаа бид хамгийн их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн бид хараад л татагдах эсвэл дургүйцэх тэдгээр хүмүүст хандаж бүтээл үйлдэх хэрэгтэй, учир нь бид тэдэнтэй маш хүчтэй үйлийн үрийн барилдлагатай байдаг.
(13) Нөхцөл бүрдэхээс шалтгаалж үл үйлд.
Юу ч болж байсан өөрийн хандлагатай ажиллах хэрэгтэй. Хэрэв бид бүтээл хийх таатай нөхцөл бий болохыг хүлээнэ гэвэл бид мөнхөд хүлээх болох байх. Нэгэн төвд их бүтээлч, хүмүүс бүх зүйл сайн үед номын царай гаргах боловч муу нөхцөл байдлуудад өөрийн жинхэнэ нүүр царайг харуулдаг хэмээсэн. Юмс түвэггүй явагдаж байгаа үед бүх зүйл сайхан, хялбар байна, харин юмс бэрхшээлтэй болох үед бид бүтээл рүүгээ хандахын оронд гутарч, гадуур гаран архи уудаг. Энэ бол бүтээл хийх сайн арга биш! Юмс хэрхэн явагдахаас үл шалтгаалан бид тууштай байх хэрэгтэй.
Нагаржуна гэгээний хэлсэнчлэн загасчин загас барьж гаргахтай адил биднийг орчлонгоос гаргах боломжгүй. Үүний адил загасыг уснаас гаргах мэт ихэс лам нар биднийг бидний хэцүү нөхцөлөөс татаж гаргаж чадахгүй. Тэд ердөө бидэнд тусалж, үлгэр дууриал үзүүлж чадна. Лам нар ид шид хэрэглэн гэнэт биднийг хувиа хичээх үзлээс чөлөөлж чадахгүй, үүрэг хариуцлага нь бидэнд бий. Бид өөрсдөө өөрийн хоёр хөл дээр зогсож өөрийн хандлагыг өөрчлөх хүчин чармайлтыг өөрсдөө гаргах ёстой. Хэрэв бид өөрийн хандлагыг өөрчлөх зүйл хийхгүй, зөвхөн багш бидэнд бүх зүйлийг хийж өгөхийг хүлээвэл ямарч өөрчлөлт гарахгүй.
(14) Өнөөдрөөс эхлэн бүтээ.
Энэ нь нэг багшийн хэлсэнчлэн орчлонгийн мэргэжлийн жуулчин байж, үүгээр түүгээр явж бүх зүйлийг үзэж харах зав бидэнд байна гэж битгий бод, юмсыг хойш бүү тавь, яг одоо хандлага дээрээ ажиллахыг хичээн, түүнийг цэвэрлэж, сургахад бүх хүчин чармайлтаа дайчлах шийдвэр гарган, бодь сэтгэл төрүүлж, гэгээрэлд хүрэх хэрэгтэй гэсэн үг.
Өөрийгөө ердөө түр зуур доод төрлийг орхиод байгаа, жоом, нохойн төрлөөс түр нэг амсхийгээд байгаа бөгөөд одоо энэ боломжийг ашиглах хэрэгтэй хэмээн бодох нь нилээд тустай гэдэг. Энэ талаар бодож үзэхэд их сонирхолтой байдаг. Энэ нь бидний нэн тэргүүний сонирхол бол Ном бөгөөд хувиа хичээх үзлийг ихэсгэх орчлонгийн үйл хэрэгт оролцохоос илүүтэйгээр хувиа хичээх үзлийг арилгахыг хичээх гэсэн утгатай юм. Нэг чухал зорилго нь ирээдүйн төрлүүдэд чиглэсэн байх явдал бөгөөд энэ нь маш хязгаарлагдмал аргаар зөвхөн энэ насанд бус ирээдүйн бүх төрлүүдэд энэхүү зам мөрөөр үргэлжлүүлэн явахыг баталгаатай болгох гэсэн утгатай.
Бид ирээдүйн төрлүүдийн талаар боддоггүй учир энэ бол их сонирхолтой санаа. Бидний ихэнх нь хойд төрөлд итгэдэггүй. Энэ насандаа бүтээл үйлдэж, түүнд үнэхээр сайн амжилт гаргахгүй байгаа мэт санагдвал бидний урам ихээр хугарна. Тарнийн сургаал үзэж эхлэхэд нэг насандаа гэгээрэлд хүрэх боломжтой гэдэг. Бид ирээдүйн төрлүүд гэдэг үүднээс бодохыг хүсэхгүй байгаа учир үүнд дуртай байдаг. Гэвч тарнийн бүтээлд орсон хүмүүсийн дийлэнх ихэнх нь нэг насандаа гэгээрэлд хүрдэггүй, энэ бол маш ховор. Хэдийгээр бид нэг насны амьдралдаа гэгээрэлд хүрэхийг хичээх боловч хэрэв бид энэ насандаа түүнд хүрч чадахгүй бол энэ боломжийг бүрмөсөн алдана гэж бодохоос зайлсхийх хэрэгтэй. “Би энэ насандаа гэгээрэлд хүрэхээр аль болох шаргуу зүтгэнэ” хэмээн бодох нь чухал. Гэвч хэрэв ийм зүйл тохиолдохгүй бол, энэ нь ихэнх тохиолдолд боломжгүй байдаг, олон төрөл дамжих урт хугацааны үүднээс бодох хэрэгтэй. Энэ нь хэрэв бид энэ насандаа гэгээрэлд хүрэхгүй бол түүгээр бүх зүйл дуусна гэсэн ердөө нэг удаа оролдоод болдог зүйл биш. Хэдийгээр бид хойд төрөлд итгэх баттай итгэл үнэмшилтэй биш байсан ч Бурханы шашин “хойд төрөл” гэдгээр юуг илэрхийлдэг болох талаар зөв ойлголттой болохыг хичээх хэрэгтэй. Энэ нь амар хялбар ойлголт биш гэдэг нь ойлгомжтой. Наад зах нь хойд төрөл гэдэг ойлголтонд нээлттэй байж энэ ойлголтонд илүү бодит аргаар дөхөхийг хичээх нь чухал. Түүнчлэн бид өөрөөсөө илүүтэйгээр бусдад гол анхаарлаа хандуулахыг хичээх хэрэгтэй.
(15) Буруу бүү ойлго.
Энэ нь бидний зайлсхийх хэрэгтэй зургаан буруу ойлголтыг жагсаан харуулна. Эхнийх нь буруу энэрэн нигүүлсэх сэтгэл. Сайхан хувцаслаад сөрөг үр дагаварт хүргэх үйл хийж байгаа хүмүүст энэрэн нигүүсэх сэтгэл төрүүлэхийн оронд муухан хувцастай үнэхээр эерэг үр дагаварт хүргэх үйл хийж байгаа бүтээлчийг өрөвдөн “Агуйд амьдрах энэ ядарсан бүтээлчид идэх зүйл юу ч алга” хэмээдэг. Мэдээж тэдэнд хоол хүнс өргөх нь маш чухал боловч үнэхээр асуудалтай хүмүүс бол хүн бүрийг хуурч мэхэлж яваа чинээлэг бизнесмэнүүд юм. Тэд бол өөртөө улам илүү их зовлон авчрах байдлаар үйл хийж буй хүмүүс. Бясалгагч бол өөртөө илүү их аз жаргал, эцэст нь төгс амгаланг авчрах тийм зүйлүүдийг хийж байна. Милбогдыг харсан чинээлэг эгч дүү гурвын тухай нэг түүх байдаг. Тэд Милбогдод “Таныг өрөвдөж байна” хэмээжээ. Харин Милбогд “Үгүй ээ, үнэндээ би та нарыг өрөвдөх ёстой, жинхэнэ энэрэн нигүүслийн орон бол би биш, та нар” хэмээн хариулжээ.
Буруу тэвчээр, хүлцэл бол бидэнд уурлаж буй бусдад тэвчээр гаргахын оронд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагын үүднээс, өөрийг эрхэмлэх үзлийн үүднээс тэвчээр гаргах явдал. Олон хүмүүс Ном сонсох, эсвэл бясалгал бүтээл хийн удаан хугацаагаар суухдаа тэвчээргүй байдаг боловч хэдэн цагаар загасчлан голын мөсөн дээр зогсохдоо маш их тэвчээр гаргадаг. Эсвэл тэд рок концерт үзэхээр хэдэн цагаар дугаарлан зогсохдоо тэвчээр гаргадаг. Энэ бол буруу тэвчээр.
Буруу санаа (дуршил) нь, жишээ нь, бидний гол санаа зорилго нь сэтгэлийн дотоод амгаланд чиглэхийн оронд мөнгө, таашаал хөөх гэх мэт ертөнцийн ашиг сонирхолд чиглэсэн байдаг.
Буруу амт нь сургаал номыг сонсох, санах, бясалгах гурваар амтлахын оронд сонин ховор эм тан, сонин этгээд секс, сонин хачин газар орон зэргийг амталж, таашааж үзэхийг хүсэх явдал.
Буруу сонирхол (эрмэлзэл) нь бусдыг ном бүтээл сонирхохыг дэмжихийн оронд бизнес хийж мөнгө олох зэрэгт сонирхохыг хөхүүлэх.
Сүүлийнх нь буруу сайшаан баясах. Энэ нь бусдын эерэг үйлд баясах бус харин өөрийн дайсан эсвэл бидний дургүй хэн нэгэнд асуудал, бэрхшээл тохиолдоход баясах явдал.
(16) Завсарлагагүй үйлд.
“Завсарлагагүй” гэдэг нь нэг өдөр бүтээлээ хийж, дараа өдөр нь хийхгүй байж болохгүй гэсэн утгыг илэрхийлнэ. Бүтээлийг тогтмол хийх хэрэгтэй. Хэрэв бид нэг бүтээлийг сайн хийж чадахгүй байвал өөр бүтээл рүү орохгүйгээр түүнийг том голын адилаар төсөөлж алгуур хийх нь маш чухал.
(17) Эрс шийдэмгий суралц.
Хэрэв бид өөрийг эрхэмлэх үзлийг даван туулахыг зорьж байгаа бол түүнийг шууд хий. Миний ээж надад “Эргэлзэх зүйлгүйгээр хий, тойруулж битгий хий” гэдэг байсан. Зүгээр л хий. Мөн дуртай, дургүй (сэтгэлээр) хийхгүй байх нь маш чухал. Цагаа дэмий үрэлгүйгээр хандлагыг өөрчлөх асуудлынхаа гол руу орох хэрэгтэй.
(18) Шинжлэх, шалгах хоёроор өөрийг чөлөөл.
Энэ нь хандлагаа үнэхээр өөрчилж чадсан эсэхээ харахын тулд бүхий л түвшинд анхаартай шалгаж үзэх тухай юм. Бид өөрийг эрхэмлэх сэтгэлийг ердөө хүчээр дарж байна уу эсвэл түүнийг үндсээр нь арилгасан байна уу гэдгийг харж, шалгах хэрэгтэй. Өөр нэг утга нь сургаалыг өнuөц төдий байдлаар шинжиж шалгахгүй байх. Хэрэв бид ерөнхийд нь мөн тодорхой нэг арга хэлбэрээр шалгаж үзвэл юу хийх хэрэгтэй талаар тодорхой ойлголтонд хүрнэ. Ингээд түүнийгээ ямар нэг эргэлзэх зүйлгүйгээр хийх хэрэгтэй.
(19) Хохиров хэмээн бүү бясалга.
Бүтээлийнхээ хүрээнд бид бүх зүйлээ сэтгэлээрээ бусдад өгөх боловч бодит амьдрал дээр хүмүүс түүнийг хүлээн авахаар ирэх үед бид хойш ухрах юм бол энэ нь хохирох вий хэмээх сэтгэл болно. Бусдад ямар нэг зүйл өгөх үедээ бид тухайн зүйл үнэндээ тэднийх, миний зүйл биш болсон гэх сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Энэтхэгт амьдарч байх үедээ би нэг жижигхэн цэцэрлэгт цэцэг тарьдаг байлаа. Ингээд бясалгалынхаа үеэр хүн бүрт цэцгээр өргөл өргөдөг байв. Тэндэхийн хүүхдүүд тэднийг түүж, гэрүүгээ аваад явчихдаг байлаа. Ингээд би өөрийгөө түүнд нилээд бухимдаж байгаа ажигласан. Энэ бол “хохиров” хэмээхийн утга юм.
Энэ суртгаалд багтах өөр нэг зүйл бол бусдад хийсэн сайн зүйлийнхээ талаар сануулах, эсвэл тэдэнд туслахад өөрийгөө хэрхэн зориулсан тухайгаа ярих гэх мэт хандлагууд юм. Энэ бол хохиров гэсэн сэтгэлээр бүтээл хийж буй явдал. Мөн 100,000 мөргөл хийсэн гэх мэтийг бусдад хэлэн өөрийн бүтээлээр бүү бардамна. Бид тэдгээр мөргөлийг хийснээр түүнээс эерэг хүч, чадамж бий болгох боловч түүнийг хийсэн хэмээн бусдад хэлснээр мэдээж илүү эерэг хүч бий болгохгүй. Хэрэв бид урт хугацааны бүтээлд суугаад түүнийхээ дараа хуучин найз нараа “өрөвдөлтэй орчлонгийн амьтад” хэмээн дорд үзэх маш зохисгүй. Өөрийгөө өрөвдөх эсвэл сагсуурахгүйгээр үнэн сэтгэлээсээ бүтээлийг үйлд.
(20) Олны дэргэд гутаан доромжловч уурлаж унтууцаж бүү үйлд.
Энэ нь өчүүхэн төдий өдөөн хатгалганд уурлаж, унтууцахгүй байх хэрэгтэй гэсэн утгатай юм. Бид доромжлолыг бүр олны өмнө авч сурах хэрэгтэй. Шантидэва гэгээн нэгэн сайхан сургаал хэлсэн. Тэрээр хэн нэгэн бидэн рүү хашгичиж байсан ч ердөө нохой мэт дуугарахгүй байх хэрэгтэй, удахгүй түүний бидэнд хэлэх муу үгс дуусч, уйдаж зогсох болно хэмээсэн. Гэвч энэ нь зөв сэдэлтэй байж, дараа нь хариугаа хэрхэн авах талаар бодохгүй байх явдал юм.
(21) Өчүүхэн шалтгаанд баярлаж бас бүү гунь.
Энэ нь багахан магтаалд баясах боловч хэн нэгэн хөмсөг зангидах төдийд гутрах мэтээр үргэлж өөрчлөгдөн, олон хувирч болохгүй гэсэн санаа юм. Хэрэв бид энэ мэтээр авирлавал бусад хүмүүс биднийг сэтгэл тогтворгүй гэж үзэх ба энэ нь бидний бусдад туслах чадварт саад болно. Шантидэва гэгээн энэ талаар нэгэн сайхан зөвлөгөөг өгсөн. Хүмүүстэй хэл амаа хялбар ололцож, дэмий зүйл ярьж өдрийг өнгөрөөхгүй боловч таг дуугүй битгий бай. Гэр бүлийн бусад гишүүд эсвэл хамт амьдарч буй хүмүүсээ үл анзаарах нь чанга хөгжим тоглоож саад болохоос илүү түвэгтэй байж болно. Уян хатан байх нь чухал бөгөөд ийм байдлаар бид зөвхөн богионо хугацаанд бус бүхий л амьдралынхаа туршид бүтээл үйлдэж чадна.
(22) Талархал тэргүүтнийг хүлээхийн тулд тусыг бүү үйлд.
Энэ нь өмнө дурдсаны адил талархал хүлээх, эсвэл бусдад хүргэсэн тусаа харуулах зэрэг хандлагуудтай холбоотой. Амьдралын түр зуурын шинжтэй найман зүйлээс зайлсхийхийг бид бас хичээх хэрэгтэй. Тэдгээрийг заримдаа ертөнцийн найман ном, нялхасын найман сэтгэл гэж бас нэрлэдэг. Тэдгээр найм нь хоёр хоёроороо эсрэг болох дөрвөн хосоос бүрдэнэ. Үүнд: жаргал хүсэх, зовлонг үл хүсэх; магтаал хүсэх, шүүмжлэл үл хүсэх; алдар нэр хүсэх, муу нэр үл хүсэх; ашиг хүсэх, гарз үл хүсэх.
Үүгээр долдугаар бүлэг гүйцэж байна.
Төгсгөлийн бадаг
Тус зохиолыг туурвисан гэвш Чэйкава (Чадхаава) зохиолыг дараах мөрөөр төгсгөсөн.
(Тэр мэтийг үйлдэж) цөвүүн цагийн таван цөвүүн дэвэрсэн үед муу шалтгаан бүхнийг гэгээрлийн мөрд урвуул.
Таван цөвүүний эхний цөвүүн нь насны хэмжээ бөгөөд тэр нь багасаж буй явдал. Үүнийг хэд хэдэн янзаар тайлбарлаж болох ба олон хүмүүс мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, осол аваарт орж, ДОХ зэргийн улмаас залуугаараа нас барж байгаа нь үүний нэг хэлбэр юм. Хүүхэд нас багасаж байгааг бид харж байна. Тэдний ихэнх нь арван гурав хүрэх үедээ аль хэдийн мансууруулах бодис хэрэглэж, сексийн харилцаанд орж, өмнөх үеийнхний нилээд том болох хүртлээ хийдэггүй байсан бүхий л зүйлүүдийг хийж үзэж байна. Энэ үүднээс насны хэмжээ, хүүхэд нас улам бүр багасаж байна.
Дараагийн цөвүүн нь нисваанис буюу сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагууд. Бүр эрэгтэй, эмэгтэй хувраг болсон хүмүүс ч маш хүчтэй уур, шунал, дурлан хүлэгдэл сэтгэлтэй, мэдлэг туршлагагүй (мунхаг) байна. Үзэл доройтох нь хар хүмүүс хуврагуудад хүндэтгэлгүй байгаагаар илэрнэ. Хүмүүс юунд ч хүндэтгэлгүй болсон нь үнэхээр үнэн. Бүр улс төр, шашны зүтгэлтнүүд хүртэл бүхий л ичгүүр сонжуургүй зүйлүүдэд оролцож байна.
Амьтан доройтох гэдэг нь өөрт анхаарал тавих чадвар нь муу болох гэсэн утгатай. Бид эрчим хүч, машин, компьютер зэргээс маш их хамааралтай болж, хэрэв багахан алдаа гарахад түүнийг даван туулж чадахгүй болсныг бид харж байна. Тавин жилийн өмнө бид компьютергүйгээр тун сайн амьдарч байсан. Одоо хүн бүр 2000 онд компьютеруудад гарсан асуудлуудын адил асуудлуудаас эмээж байна. Компьютерууд ажиллахгүй бол иргэншил ердөө нурна.
Тавдахь цөвүүн нь цагийн доройтол. Энэ нь байгалийн гамшиг олноор тохиолдох гэсэн утга илэрхийлнэ. Бид хүлэмжийн хийн нөлөө, том хэмжээний хар салхи, бусад байгалийн гамшгууд олноор тохиолдох болсныг харж байна. Энэ бол хэцүү бэрх нөхцөлүүдийг гэгээрэлд хүрэх ая таатай нөхцөл болгон хувиргах ийм төрлийн бүтээлүүд үнэхээр хэрэгтэй болж байгаа цаг үе юм.
Зохиол цааш ингэж үргэлжилнэ.
Энэхүү сургаалын увдис нь сэрлингпа ламаас ирсэн мөн.
Гол үндсэн сургаалууд нь бодь сэтгэлийн тухай сургаал гэх мэт эдгээр сэдэвтэй холбогдоно. Энэ нь үхэшгүй мөнхийг өгөх, Бурханы хутагт хөтлөх гэсэн утга бүхий рашаан гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ сургаал Атиша гэгээний багш, Суматра арлын Сэрлингпа багшаас уламжлан ирсэн бөгөөд Атиша гэгээн түүнийг багшаасаа уламжлан авч Төвдөд дэлгэрүүлсэн.
Зохиол ингэж төгсдөг.
Урьдын хийсэн үйлийн үр хийгээд суралцсаны үрд (энэхүү бүтээлийг) машид дээдлэн өөрийг эрхэмлэх сэтгэлийг номхруулах анхааран авлагыг зовох хийгээд доромжлолыг үл анхааран эрэлцэв. Одоо би үхэхэд харамсах зүйл үгүй.
Хэрэв бид өөрийгөө сургаж, өөрийг эрхэмлэх, өөрт эзлэгдэх хандлагаа сайтар цэвэрлэсэн бол бид тайван амгалан насан эцэслэж чадна. Учир нь бид ирээдүйн төрлүүддээ бусдад үргэлжлүүлэн тусалж чадах тэрхүү шалтгааныг бий болгосон. Дараагийн түвшин болох дунд түвшинд нь авч үзвэл бид сэтгэлийн амгалан төлөв байдалд, наад зах нь ямар нэг харамсах зүйлгүйгээр насан эцэслэж чадах юм. Ийм маягаар, бид ямарч нөхцөлд байсан өөрийг эрхэмлэх сэтгэлийг дарж, бодь сэтгэл төлөвшүүлэхийг хичээх нь чухал. Хэрэв бид бодит хандлагатай байж, зам мөрөөр явахад гарах бэрхшээлүүдийг мэдэж байвал тэдгээрийг энд үзүүлсэн олон аргаар даван туулахад анхаарах болно. Ийм аргаар бид урт хугацааны туршид алгуур ахиц гаргаж чадна.
Энэ бүхэн бол Дээрхийн Гэгээн Далай лам, Сэркон Ринбүүчи, гэвш Наваан Даргэй нарын олон багшаас олон удаа сонсож байсан Оюун судлахуйн долоон хэсэгт тайлбар юм. Үүнийг та бүхэнд хэлж өгөх боломж гарсан би маш их баяртай байна.
Асуулт
Хэрэв бид эдгээр сургаалын зарим нэг зүйлийг бүтээл болгон хийхээс эмээж байвал яах хэрэгтэй бол?
Юуны түрүүнд эдгээр сургаалууд маш гүнзгий сургаал бөгөөд эхлэн суралцагчдад зориулагдаагүй. Нэг санаа нь эдгээр сургаалыг бүтээж эхлэхийн өмнө өөрийг хэт доогуур үнэлэх байдлыг даван гарах би-гийн талаарх эрүүл зөв ойлголттой болох явдал. Гампопагийн Гэтлэхүйн эрдэнийн чимэг зохиолын дарааллыг харахад тэрээр зохиолоо Бурханы чанарын тухай сэдвээр эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы хутагт хүрэх боломж олгох бүхий л чанар, хүчин зүйлүүд бидэнд бий гэсэн ойлголтонд хүрэх нь эхлэх цэг. Энэ нь өөрийг доогуур үнэлэх байдлыг даван туулахад тусалдаг. Үүнгүйгээр гүнзгий бүтээлд орохгүй байхыг зөвлөдөг.
Бид эрүүл зөв би-гийн тухай ойлголт, хэт дөвийлгөсөн би-гийн тухай ойлголт хоёрыг хооронд нь ялгах хэрэгтэй. Бурханы шашинд бид эрүүл зөв би-гийн тухай ойлголтыг бус энэхүү хэт дөвийлгөсөн би-гийн тухай ойлголтыг арилгахыг хичээнэ. Өөрийн амьдрал, бүтээлд анхаарал тавих тэрхүү эрүүл зөв би-гийн үндсэн дээр үнэндээ бид өглөө босож, ажилдаа явж, бясалгал хийдэг. Ямар нэг эрүүл зөв би-гүйгээр бид энэ ертөнцийн үйл ажиллгаанд оролцож чадахгүй. Тэрхүү эрүүл зөв би-гүйгээр Номын бүтээл хийж чадахгүй. Учир нь эрүүл зөв би-гийн тухай ойлголтгүйгээр өөрөө бүтээл хийж, түүгээр ямар нэг үр дүнд хүрч чадна гэсэн ойлголт бидэнд төрөхгүй. Тэгвэл хэт дөвийлгөсөн би нь үүний гажсан хэлбэр юм. Бид тэрхүү эрүүл зөв би-г “Би энэ дэлхий дээрх хамгийн чухал хүн; би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой” хэмээн тусган хардаг. Энэ бол бидний арилгах ёстой тэр зүйл.
Бурханы шашин нь үргэлж төв зам мөр болдог. Бурханы шашны хамгийн алдартай лого бол төв зам мөр. Би-гийн хувьд төв зам мөр бол “Би ертөнцийн гол төв” гэсэн хэт дөвийлгөсөн би бус боловч “Би өөртөө анхаарал тавьж эсвэл нэг ч зүйл хийж чадахгүй” хэмээн хэт доогуур үнэлэн гутарсан, итгэл найдваргүй би-гийн аль аль нь биш, эрүүл зөв би юм. Энэхүү өөрийг хэт доогуур үнэлэх явдал нь өөрийг хэт дөвийлгөх би-гийн адил аюултай, хэртүүлсэн хэлбэр. Бид бүх зүйлийг бодитой мөнх зүйл эсвэл тэдгээрийг бүрэн үгүйсгэх тасархайн үзлийг баримтлах эдгээр хоёр хэтрүүлэх үзлээс зайлсхийх тухай үргэлж ярьдаг.
Эрүүл зөв би-гийн тухай үзэлтэй байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Хэрэв бидэнд эрүүл зөв би-гийн тухай ойлголт байхгүй бол шууд бүтээлд орох нь маш аюултай. Энэ нь сэтгэл зүйн жинхэнэ аюултай гэмтэл авчирч болно. Иймд эхлээд бид үнэхээр өөртөө анхаарал тавьж байгаа эсэхээ асуух байдлаар өөрийгөө бага зэрэг шалгаж үзэх хэрэгтэй. Хувиа хичээх байдлаар бус боловч өөрийн туулж эдэлж байгаа зүйл, өөрийн сэтгэл зэрэгт бид анхаарал тавьж байна уу, эсвэл өөртөө ердөө анхаарал тавихгүй, өөрийг хэт доогуур үнэлэх хандлагатай байна уу? Хэрэв бид өөрт анхаарал тавихгүй байвал сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийсэн ч хамаагүй гэж бодно. “Юу ч хамаагүй” гэх хандлага нь тэгш сэтгэлээр хандах хандлагаас ондоо. Бидэнд эрүүл зөв би-гийн тухай ойлголт бий болж эхлэх үед бид өөрийн амьдралд тодорхой үүрэг хариуцлага хүлээж, өөрийгөө, өөрийн сэтгэл, үйл ажиллагааг нухацтай авч үзнэ.
Ном үзэж бүтээл хийж эхлэхийн тулд өөрийг доогуур үнэлэх үнэлэмжийг бүрэн арилгах ёстой гэж би бодохгүй байна. Үүнийг бүрэн арилгах нь маш удаан, хэцүү үйл явц. Гэвч бид наад зах нь энэхүү сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагыг зовлон бэрхшээлийн уг сурвалж гэж харж чаддаг байх хэрэгтэй. Үүнийг зовлон, асуудал гэж харах хэрэгтэй; түүний шалтгааныг ойлгохыг оролдож, түүнийг даван туулахыг сэтгэлдээ үргэлж бодох байх хэрэгтэй. Үүнийг даван туулж болно гэсэн итгэл найдвар төрүүлэх ёстой. Үүнийг даван туулах үүднээс бид Бурханы шашны бүтээл үйлдэх болсон.
Сажийн ёсыг үндэслэсэн таван үндсэлэгчийн нэг болох Сонам Цэмо Номын үүдээр орохуй хэмээх нэгэн маш чухал бүтээл туурвисан. Тэрээр Гампопагийн цаг үед амьдарч байсан бөгөөд Номонд үнэхээр бодитой ороход бидэнд гурван зүйл шаардлагатай гэсэн. Эхнийх нь амьдралын асуудал, зовлонг таних; хоёрдахь нь түүнээс чөлөөлөгдөх шийдвэр гаргах; гуравдахь нь Номын тодорхой суурь мэдлэгтэй байх явдал. Өөрийн хүсэхгүй байгаа эдгээр зүйлийг арилгахад тус болох үндсэн арга, сургаал юу болохыг бид мэдэх хэрэгтэй. Түүнийг суурь болгож бид Номын бүтээлд бодитойгоор орж чадна. Учир нь бид асуудлуудаа таньж, тэднээс ангижрахыг хүсэж байна. Тэдгээрийг арилгахад ашиглаж болох аргууд юу болох талаар бид тодорхой ойлголттой учраас бид юунд орж байгаагаа мэдэж байдаг. Үгүй бол бид үүнд ямар учраас орно гэж?
Амьдралын зовлонг таньж, түүнээс ангижрахыг хүсэхэд бидэнд эрүү зөв би-гийн тухай ойлголт байх хэрэгтэй. Хэрэв бидэнд энэ байхгүй бол бид өөртөө анхаарал тавьж, өөрт тус болох арга замыг хайхгүй. Иймд хэрэв бидэнд Сажийн ёсны дээр дурдсан тэрхүү зохиолд дурдсан тэдгээр гурван шаардлага бүрдсэн бол энэ нь бид сургаал ном үзэх хангалттай эрүүл зөв би-гийн тухай ойлголттой байгааг харуулна.
Бид ямар нэг байдлаар өөрийн нөхцөлийг сайжруулахыг хичээнэ. Энэхүү өөрчлөлтийн үйл явц маш чухал. “Ямар нэг горил, хүлээлтгүйгээр бүтээлийг үйлд” хэмээн эх зохиолуудад гардаг. Энэ нь Номын бүтээл хийхдээ “би, би, би” гэсэн өөрийг хэт дөвийлгөх үзлээс зайлсхийх нь чухал гэсэн санааг илэрхийлнэ. Гэвч энэ нь эрүүл зөв би-гийн тухай ойлголтгүй, өөр нэг хэтрүүлэх үзэл рүү орж би юу ч хийж чадахгүй гэх явдал биш юм. “Бүтээл хийх явцад аливаа зүйл сайн, муу болох үед би тэдгээрт бухимдахгүй, харин гэгээрэлд хүрэхийг зорьж байгаа учир бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байхад хангалттай анхаарал тавина” гэж бодох хэрэгтэй. Эрүүл зөв би-гийн тухай ойлголтгүйгээр бид ямарч зорилгод, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх боломжгүй. Гол санаа нь эдгээр зорилгуудад хэт дөвийлгөсөн би-гийн тухай үзлээр зорихгүй байх явдал бөгөөд энэ нь ямарч зорилгод битгий зорь гэсэн үг биш. Хэрэв бид ямар нэг зүйлд зорихгүй бол бид юунд хүрч чадахгүй.