Бурханы шашинд суралцахын учир

Бурханы шашны хүрээнд бясалгалын тухай авч үзэх үед бид нэлээн тодорхой зүйлийн талаар ярьж байдаг. Орчин үед бид “бясалгал” гэдэг үгийг олонтаа сонсох болсон бөгөөд үүний учир нь түүний нэр хүнд нэлээн сайн, олон хүмүүс түүнийг амарч тайвшрах зэрэгт туслах тусламж болгон ашиглаж байгаа явдал юм. Гэвч бодитойгоор бясалгал хийх болох үед ихэнх хүмүүс юу хийх тухайд ямар ч ойлголтгүй байдаг. Суугаад, чимээгүй байх хэрэгтэй гэсэн энэ санаа байна: гэвч дараа нь юу хийх билээ? Ердөө амьсгал дээрээ анхаарч, сайхан бодол бодохоос илүү зүйл байдаг уу?

Санскрит хэлэн дэх бясалгал гэдэг үг нь ямар нэг зүйлийг үнэндээ бодит байдал болгох гэсэн утгатай байна. Төвөд хэлэнд үүнийг тодорхой зуршил бий болгох гэсэн утгатай үгээр орчуулсан байна. Нэг зуршил бий болгох үед бид ямар нэг зүйлийг өөрийн хэсэг болгодог бөгөөд энэ бол бясалгалаар бидний хийхийг хичээдэг чухам тэр зүйл юм. Бид өөртөө хэрэгтэй нэг өөрчлөлтийг бий болгохыг хүснэ. Бидний юуны түрүүнд асуух хэрэгтэй асуулт бол, яагаад бид өөрчлөхийг хүсэж байна вэ? Ер нь бол бид өөрийн амьдралыг хөтөлж байгаа хэв маяг, эсвэл бидэнд төрөх сэтгэл, эсвэл бусад хүмүүстэй харилцаж байгаа бидний харилцаа эсвэл ажил зэрэгтээ сэтгэл хангалуун байдаггүй. Энэ жагсаалт цааш үргэлжлэх боловч бидний ихэнхийн хувьд байх тэр нэг зорилго бол амьдралаа дээшлүүлэх.

Асуудлуудаас зугтахын оронд тэдгээрийг шийдвэрлэх

Энэ бол чухал асуудал: түүнийг би өөрчилж, сайжруулахыг хүсэж байна. Гэвч энэ бол бид бясалгалаараа нэгэн уран зөгнөлийн орон уруу зугтан очихыг хүсэх явдал биш; хар тамхи, архи гэх мэт үүнийг хийхэд хэрэглэж болох олон өөр хэрэгслүүд байна. Бүхэл өдрийн турш хөгжим сонссоноор бид ямар нэг зүйлийн тухай бодох шаардлагагүй болно. Ийм зүйлүүдийн нөлөөнд байх үед ихэнх тохиолдолд бидний асуудал тийм хүчтэй биш эсвэл жинхэнэ биш мэт санагддаг. Гэвч үнэндээ бид асуудлуудыг шийдвэрлэж сураагүй учраас тэдгээр нь үргэлж буцаж ирсээр байна. Олон хүмүүс бясалгалыг мансууруулах бодис мэтээр хэрэглэдэг, гэвч энэ бол их удаан хугацааны тус үзүүлэхгүй. Бид хонх, дамар цохиж болох ч – Бурханы шашны Диснейланд мэт – гэвч энэ бол үнэндээ бидэнд ямар ч өөрчлөлт оруулахгүй: энэ бол ердөө нэг зугтаж буй хэрэг.

Гэвч хэрэв бид бясалгалыг Бурханы шашны уламжлалд үзүүлсэн аргын дагуу хийх юм бол бид өөрийн асуудлаас зугтахыг оролдохгүй харин түүнийг шийдвэрлэж, даван гарахыг хичээнэ. Энэ хялбар биш учраас үнэндээ энэ нь маш зоригтой хэрэг бөгөөд ихээхэн хүчин чармайлт шаардана. Мөн энэ нь заавал нэг таатай зүйл байх албагүй гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Бид үүнийг хэцүү, булчин шөрмөс өвтгөх хэдий ч илүү хүчтэй, эрүүл болох үүднээс тэдгээр бэрхшээлийг тэсвэрлэн гарахад бэлэн сэтгэлээр хийдэг биеийн тамирын дасгалтай адилтгаж болно.   

Энэ нь бясалгал хийх үед адил байх бөгөөд энэ үед бид биетэйгээ бус харин сэтгэлтэйгээ ажиллаж байдаг. Тулааны урлаг зэрэгт байдгийн адил бясалгалыг биеийн хөдөлгөөнтэй хослуулах Бурханы шашны зарим хэлбэрүүд байх боловч энэ нь Төвөдийн уламжлалд байдаггүй. Биеийг чийрэгжүүлэхэд буруу зүйл байхгүй, үнэндээ энэ бол маш хэрэгтэй; гэвч энд бидний анхаарч байгаа зүйл бол сэтгэл, зөвхөн бидний оюун ухаан бус харин бидний сэтгэл хөдлөл, зүрх сэтгэл. Бурханы шашны их мэргэд Бурханы шашны бүтээлийг хийж эхлэх үед хамгийн чухал зүйл нь сэтгэлийг сургах явдал бөгөөд үүний учир нь бидний үйлдэл, зан байдал, бусадтай харилцах харилцаа нь бүхэлдээ бидний сэтгэлийн төлөв байдлаар захирагдана хэмээн онцлон тэмдэглэсэн явдал байдаг.    

Өөрийг үнэнч шударгаар харах

Бидний амьдралд хүндрэл бэрхшээлүүд байгааг бид ойлгож, түүний эх сурвалж нь бидний өөрийн сэтгэлд байх нэгэн сэтгэл ханамжгүй байдал болохыг бид олж мэднэ. Хэрэв бид өөрийгөө үнэхээр үнэнч шударгаар ажиж үзэх юм бол бидэнд уураас эхлээд шунал, хувиа хичээх сэтгэл, атаархал, тачаал, бардам зан, мэдлэг туршлагагүй байдал гэх мэтээр тэрхүү жагсаалт үргэлжлэх сэтгэлийн тайван байдал алдагдуулах олон сэтгэл хөдлөл байгааг бид олж харна. Хэрэв бид илүү гүнзгий ажиглавал амьдрал ямар учир утгатай болох талаар төөрөлдсөн, тодорхой нэг айдас байгааг харна. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд бидний сэтгэлийн төлөв байдалд давамгай нөлөө үзүүлж, өөрт болон бусдад асуудал бий болгох байдлаар бусадтай харилцах, ярих, биеэ авч явахад хүргэдэг мэт санагддаг. Бүр ганцаараа байх үед ч бидний сэтгэл ихэвчлэн тавгүй байж, бүхий л төрлийн сэтгэлийн тайван байдал алдагдуулах бодлуудыг бодож байдаг. Энгийн үгээр хэлбэл, бид үнэндээ баяр жаргалтай байдаггүй. 

Бясалгал бол энэ нөхцөл байдалд өөрчлөлт гаргахад туслах зорилготой. Энэ бол ердөө ямар нэг эм хэрэглэснээр ямар ч зүйлийн талаар бодохгүй болох гэсэн утга санаатай биш. Бүр хэдий зарим хүмүүс бясалгалыг ийм байдлаар авч үздэг ч энэ бол шийдэл биш. Тэд хэрэв та ердөө сууж, нүдээ аниад, бүх сэтгэл зовоосон асуудлуудын талаар бодохоо зогсоовол ямар нэг байдлаар тэдний асуудлууд алга болно гэж боддог. Энэ нь тийм үр дүнд хүргэхгүй. Харин бид өөрийн асуудлуудыг идвэхтэйгээр үр дүнтэй шийдвэрлэх хэрэгтэй.  

Жинхэнэ дайсныг тодорхойлох

Бурханы шашны зохиолуудад бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг бидний жинхэнэ дайсан гэж дүрслэх маш хүчтэй илэрхийлэл олонтаа тааралддаг. Ингэхдээ тэдгээрийг бидний айж, мэгдэх нэг төрлийн мангас болгож үзүүлдэггүй. Харин бид түүнийг бидний ажиллах ёстой зүйл гэж үзнэ. Эдгээр асуудал үүсгэгчтэй “Надад энэ бүх асуудал, бэрхшээлийг удах чамаас би залхаж байна. Одоо чиний цаг дууссан” хэмээн ярилцах Бурханы шашны үнэхээр сайхан бүтээлүүд байдаг. Ингээд бид ханцуй шамлан сууж, сэтгэлээ өөрчлөхийг оролдоно. Энэ бол бясалгал гэдэг үнэндээ юу болох тэр зүйл юм. 

Өөрөөр хэлбэл, бясалгал бол сайн зуршлуудыг бий болгож, муу зуршлуудыг өөрчлөхөд суралцахад хэрэглэх нэг арга. Эдгээр нь бидний бодох, бидэнд төрөх сэтгэл, аливаа зүйлд сэтгэл хөдлөлийн хувьд хариу үйлдэл үзүүлэх бидний хэв маягийн зуршил юм. Үүнд дадлага сургалт мөн давталт – энэ бол шинжлэх ухааны арга – шаардлагатай. Спортоор хичээллэх, эсвэл хөгжим тоглох, бүжиг бүжиглэж сурах үед бидэнд санагддаг адил эхэндээ энэ нь нэлээн хиймэл мэт бидэнд санагдана. Гэвч бид ямар нэг зүйлд суралцаж ирэх үед тэр нь биднээс аяндаа гарах зүйл болдог. Энэ нь бидний сэтгэл, сэтгэл хөдлөл, мэдрэмжтэйгээ холбоотой хийх зүйлд бас адилхан байна.

Өөрчлөлт боломжтой юу?

Одоо нэг том асуулт гарч ирнэ. Бид үнэхээр өөрчлөгдөж чадах уу? Үнэндээ, өөрийгөө өөрчлөхөөр ажиллахын тулд эхлээд бид энэ бол үнэхээр боломжтой гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Бид хүмүүсийн “Энэ бол миний байж байгаа байдал, ингээд дууссан; үүнийг өөрчлөх ямар нэг зүйл би хийж чадахгүй учраас ийнхүү амьдрах ёстой болох нь” эсвэл “Би ууртай хүн, би муу авиртай, энэ бол миний байж байгаа байдал” гэж хэлэхтэй гол төлөв таардаг. Хэрэв бид ямар нэг зүйлийг үнэхээр хүчтэй илэрхийлэх юм бол тэр үед энэ нь аяндаа л өөрчлөхөд хэцүү болно. 

Бид өөрийгөө үнэнч шударгаар харах хэрэгтэй. Яагаад бид өөрийгөө тодорхой зүйлүүдээр илэрхийлдэг юм бол? Хэрэв бид үнэхээр нэг ууртай хүн байсан бол бид цаг үргэлж уурлаж байх ёстой биш үү? Бид бусдыг буруутгаж бас болно: миний ээж, аав үүнийг эсвэл түүнийг хийсэн учраас би уурлаж байна гэнэ. Энэ бол үнэхээр тус болохгүй. Хэрэв бид илүү дотогш харах юм бол бид тэдгээр сэтгэл хөдлөлүүд угтаа хаанаас гарч байгааг олж харж болно. Хэдийгээр бид өөртөө өдөр бүр “Битгий уурла, битгий шуна, битгий хувиа хичээ” гэж хэлж байсан ч тэдгээрийг зогсоох маш хэцүү байдаг, тийм биз дээ? Иймд бид өөрийн сэтгэл хөдлөлийн хэв маягийг өөрчлөх боломж олгох нэг аргыг хайх ёстой болно.

Бидний хандлага бүх зүйлд нөлөөлөх нь

Бурханы шашин нь бидний сэтгэл хөдлөлийн төлөв байдлын цаана байх зүйл бол бидний “хандлага” гэж нэрлэх тэр нэг зүйл байна гэдэг. Ажлаасаа халагдсан гэж бодъё. Үүнийг бид нэг том сүйрэл гэж харан, маш их уурлаж, сэтгэл санааны хямралд орж болно. Яагаад? Учир нь бид тэр үед түүнийг энэ дэлхий дээр тохиолдож болох хамгийн муу зүйл гэж боддог.   

Бид ажилгүй болсон – энэ бол болсон хэрэг явдал. Бид үүнийг өөрчилж чадахгүй. Бидний өөрчилж чадах зүйл бол тэр ажлыг алдсан явдлыг авч үзэх хэлбэр бөгөөд энэ бол хандлага гэдгээр илэрхийлэгдэх тэр зүйл. Ингээд бид түүнийг өөрөөр харахыг оролдож үзэж болно – одоо би хүүхдүүдтэйгээ илүү их хугацааг өнгөрүүлэхээр болж байна гэх эсвэл ажлаа солих талаар бодож болно. Яах вэ, энэ нь мөнгө санхүүгийн хувьд бидэнд ямар нэг тустай биш байж болох ч наад зах нь бид тэр талаар сэтгэл их зовохгүй байх юм. Тэгэхээр юмсыг хэрхэн авч үзэх нь бидний сэтгэл санаа, мэдрэхүйд нөлөөлдөг учраас энэ нь бидний бясалгалдаа анхаарч авч үзэх зүйл. 

Миний хамгийн сайн найз өнгөрсөн долоо хоногт өөд болсон. Энэ их харамсалтай. Би их харамсаж байгаа – энэ бол эрүүл зүйл; үүнд буруу зүйл байхгүй. Мэдээж түүний өнгөрсөн явдалд би баяртай байхгүй! Тэгвэл энд би сэтгэлийн төлөв байдалтайгаа хэрхэн ажиллаж болох вэ? Түүнийг нас барахаас нэг долоо хоногийн өмнө би түүнтэй утсаар яръя гэж бодож байсан боловч тэгсхээд амжаагүй. Тэр цоо эрүүл, шүршүүрт орох гэж яваад зүрхний шигдээс болж шүршүүрийнхээ өрөөнд өнгөрсөн байсан. Ийм юм болно гэж хэн ч санаагүй, энэ бол маш гэнэтийн явдал байсан. Мэдээж, би долоо хоногийн өмнө бодож байснаараа түүнтэй яриагүйдээ маш ихээр харамсаж болно, эсвэл түүнийг нас барах гэж байгааг мэдсэн бол түүнд хэлэх байсан зүйлүүдийн талаар бодож өөртөө нэлээд бухимдаж болно. Ингэж бодох нь миний сэтгэл санааг улам бүр муутгах үр дагаварт л хүргэнэ.

Харин түүний оронд би бидний хамт өнгөрүүлсэн сайхан мөчүүдийг, хэчнээн их гайхалтай зүйлүүдийг бид бие биетэйгээ хуваалцсаныг – бид 35 жил найзалсан – ийм гайхалтай хүнийг маш дотно мэддэг байсан нь хэчнээн их нэр төрийн хэрэг болох талаар бодно. Тэр миний мэдэх Барууны хүмүүсийн дундаас магадгүй хамгийн чин сэтгэлтэй, жинхэнэ Номын хүн байсан байх. Би түүнийг миний өөрийн бүтээлийг бүр илүү хүчтэй хийхэд надад үлгэр дуурайл үзүүлсэн хүн гэж боддог. Өөрийнхөө гэр бүлийн хүнийг асарч халамжилж байгаатай нь адил хэрэв би бас тийнхүү асарч халамжилвал тэр маш их баярлахыг би мэддэг байсан учраас би тэгсээр ирсэн.   

Энэ бол бясалгалын үр дүн. Та ид шид эсвэл ямар нэг ер бусын зүйл хүртдэггүй. Таны хүртэх зүйл бол танд бэрхшээл тохиолдож, та сөрөг, гуниг гутрал бүхий сэтгэлийн төлөв байдалд орох үед та юуны түрүүнд хэрэв үүнийг үргэлжлүүлсээр байвал юмс ердөө илүү муу болно гэдгийг мэдэх хангалттай ойлголттой болох явдал. Бид ийм хэцүү нөхцөлүүдийг ойлгох илүү сайн аргыг ойлгож, хангалттай дадлага хийснээр бид юмсыг харах хэв маягаа бүрэн өөрчилж чадна. Өөрийн найзыг алдах үед надад тулгарсны адил бидэнд уйтгар гуниг төрсөөр байж болох ч бид тодорхой баяр баясал нэмэх, уйтгар гунигийг зөөллөх бодол санаануудыг хамтатгаж чадна.


Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Бурханы шашинд суралцахын учир”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Өөрийн чадамжинд итгэх

Ингээд бид өөрөөсөө асууна, бид юмсыг харах хэв маягаа өөрчилж чадах уу? Хариулт нь, тийм. Хүүхэд байхдаа үнэхээр сонирхолтой, гайхалтай хэмээн үзэж байсан зүйлүүдийг одоо харахад тийм сонирхолтой биш, нэлээд гэнэн, оновчгүй санагддаг. Нас биед хүрэх хэрээр бидний хандлага ихээр өөрчлөгдсөн. Хэрэв бид үүнийг цааш бас өөрчлөх боломжтой гэсэн итгэлтэй болох юм бол тэр үед бид түүнийг хийх зарим аргад бодитоор суралцах ёстой болно. Үүнд гурван үе шат байна:  

  • Зөв мэдээлэл авах – бид сонсох, унших, судлах замаар юу илүү их тустай зуршил болохыг судлах хэрэгэтй. Энэ үе шат бол бид заавал түүнийг ойлгох шаардлагатай гэсэн утгатай бус харин түүнийг Бурханы шашны нэг арга гэж ялган мэдэх явдал юм.
  • Утгыг тунгаан бодох – өөрийн олж авсан мэдээллийг авч үзэн, өөр өөр өнцгөөс дүгнэн бодох хэрэгтэй. Ингэснээр бид түүнийг ойлгоно. Бидний үзэж судалж байгаа энэ бүхэн үнэн бөгөөд ердөө хэрэггүй зүйл бус гэсэн ойлголтонд бид хүрэх ёстой. Мөн бид энэ нь бидэнд тустай бөгөөд түүнийг өөрийн өдөр тутмын амьдралтай холбож чадна гэсэн итгэлтэй болох хэрэгтэй.
  • Бясалгах – ингээд бид суралцаж, ойлгосон зүйлээ илүү их тустай зуршил болгох үүднээс бясалгаж эхлэхэд бэлэн болно.

Зөв мэдээлэл ба утгыг тунгаах

Зөв мэдээлэл авах нь бидний бодож байгаачлан хялбар биш. Бурханы шашны жинхэнэ аргыг заана гэж зүтгэх үнэхээр олон хүмүүс байдаг; гэвч хэн нэг хүн нэг ном бичиж, түүнийгээ хэвлүүлэх нь тухайн номын агуулга зөв гэсэн үг биш. Мөн сургаал тавьж байгаа нэг багш маш алдартай эсвэл бусдыг татах чадвартай байгаа нь тэдний зааж буй зүйл зөв байна гэсэн үг биш. Гитлер бусдыг татах маш их чадвартай, алдартай байсан ч түүний сургаж байсан зүйл илэрхий зөв биш байсан.
Иймд Бурханы шашинд өөрийн оюун ухааныг ашиглахыг онцлон тэмдэглэдэг. Бид амьтнаас юугаараа ялгаатай вэ? Амьтанд олон зүйлийг зааж сургаж болно, гэвч бидэнд байх тэднээс илүү зүйл бол оюун ухаан. Бид юу тустай, юу тусгүйг ялгаж чадна. Хэдий бид тухайн нэг зүйлийг эхлээд ойлгохгүй байсан ч юмсыг шийдвэрлэхийн тулд бид өөрийн оюун ухааныг ашигладаг. Энэ бол сургаал номыг сонсох эсвэл уншиж судалж байх үед бидний хийх хэрэгтэй тэр зүйл. 

Бурхан багшийн сургасан бүх зүйл бусдад тус болох зорилготой. Хэдий тийм ч бид түүний заасан зүйлүүд тустай зүйл байна уу эсвэл үгүй юу гэдгийг өөрсдөө шалгаж үзэж болно. Ингэхийн тулд бид урт хугацаанд гарах үр нөлөөг нь харах хэрэгтэй, учир нь богино хугацаанд гарах нөлөө нь тийм таатай зүйл биш байж болно. Энэ нь хорт хавдрын химийн эмчилгээний адил туулж эдлэхэд таатай биш боловч урт хугацааны явцад ач тусаа өгдөг зарим эмийн эмчилгээтэй адил. 

Хэрэв бид сургаалыг шалган үзэж, өөрийн амьдрал, туулж эдлэх зүйлүүдтэй холбон үзэх эдгээр зүйлийг хийгээгүй бол бид түүнийг үнэндээ хэрхэн бясалгах билээ? Энэ бол ямар нэг зүйлийг бидэнд хэрэгтэй эсэхийг бодохгүйгээр худалдаж авах, эсвэл үнэндээ сайн эсэхийг нь бодохгүйгээр ямар нэг зүйл хүсэхтэй адил.

Албан ёсны бясалгал

Мэдээж, тодорхой нэг сургаалын талаар бодох үйл явц маш чухал бөгөөд зарим хүмүүс үүнийг бясалгалын нэг хэлбэр гэж аль хэдийн нэрлэсэн байж болно. Гэвч бидний албан ёсоор “бясалгал” гэж нэрлэж болох зүйл бол энэхүү илүү тустай сэтгэлийн төлөв байдлыг өөрийн амьдрал, оршихуйн хэв маягтайгаа холбох үйл явц юм. Энэ нь хоёр үе шаттай:

  • Ажиглах бясалгал – эхний энэ үе шатыг гол төлөв “шинжлэх бясалгал” гэж нэрлэх ба энд бид тухайн нэг зүйл дээр түүний бүхий л хэсгүүд, тулгуур хүчин зүйлүүдийг нарийвчлан ялгах нэг дэвшилтэд хандлагаар анхаарлаа хандуулдаг.          
  • Тогтоох бясалгал – хоёр дахь үе шат нь бид бүх нарийн зүйлүүдийг нь идэвхтэй ялган үзэхгүйгээр, өөрийн шинжлэлийн гол дүгнэлтийг түүнд хандах өөрийн хандлага болгон илүү нягт байдлаар тухайн зүйл дээр анхаарлаа хандуулна.

Олон хүмүүс бясалгаж эхлэх үедээ амьсгал дээрээ төвлөрөхөд сурацдаг. Бид сэтгэлийг тогтоон, амьсгал авч, гаргах үйл явц дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ хялбар юм шиг санагдаж болно, гэвч үнэндээ хийхэд маш хэцүү. Амьсгал дээр төвлөрөх үед бид юу хийхийг хичээдэг вэ? Нэгдүгээрт, бид бүхий л төрлийн сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийн бидэнд төрүүлж байдаг тэдгээр толгойд эргэлдэх бодлуудыг намжаахыг хичээнэ. Энэ нь дуу бичлэгийн арын шуугианыг арилгахтай адил. Гэвч үүний хажуугаар бид амьсгалын талаар сонссон, тунгаан бодсон, ойлгож мэдсэн тодорхой ойлголтоор түүн дээр анхаарлаа төвлөрүүлж болно. Энэ бол ажиглах, тогтоох бясалгал гарч ирэх хэсэг. Жишээ нь, бид амьсгалыг мөнх бусыг харуулах нэг жишээ гэж үзэж болно: энэ нь цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Эсвэл бид амьсгалаас тусдаа “би” гэж байхгүй гэсэн энэ ойлголтыг авч үзэж болно – тэгвэл, хэн энд амьсгалж байгаа юм бэ? Гэвч ийм шинжлэл нь түүнийг эхлэн суралцагчдын хувьд илүү их ярвигтай болгож болно.          

Эхлэх илүү тохиромжтой цэг нь мөн л өөрийг авч үзэх байж болно. Бид ажил, амьдралаас эхлээд нийгмээс ерөнхийд нь шалтгаалах маш их дарамтан доор үргэлж байдаг – ингээд бидний сэтгэл үргэлж зовнил, сэтгэл зовоосон бодлуудаар дүүрэн байна. Тайван байх хэцүү! Иймд бидний хувьд ердөө илүү тайван, ул суурьтай байж сурах нь маш их тустай байна. Хэдийгээр энэ нь бидний асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй ч энэ бол эхний эерэг алхам. Амьсгал дээрээ анхаарснаар бид өөрийн бие махбодын бодит байдалтай холбогдож чадна – “Би амьд байна!” Амьсгал бол түүний маш сайн нэг илэрхийлэл, учир нь энэ нь биднийг үхэх хүртэл үргэлжилдэг. Амьдрал хэдий хэцүү байж болох ч, амьсгал үргэлж тэнд байж байдаг. Хэрэв бид түүнийг илүүтэйгээр мэдэрч чадаж байвал энэ нь бидэнд амьдрал үргэлжилж байгааг ойлгоход тусална; юу ч болж байсан амьдрал үргэлжилж байгааг. Тухайлбал, миний найз өөд болох үед би амьдрал үргэлжилж байгаа гэдгийг ойлгож байсан. Энэ ч хүртэл бидэнд тустай.      

Ингээд, бидэнд энэ мэдээлэл байна, бид энэ талаар бодож, үүнийг ойлгон, энэ бол утга учиртай зүйл гэсэн итгэлтэй боллоо. Амьдрал үргэлжилж байгааг харж, өөрийн бие махбодтой илүү холбогдож, цочирдсон, хямарсан бодол сэтгэлийн дунд бүрэн төөрөхгүй байх нь тустай биш гэж үү? Тийм, энэ тустай. Би амьсгал дээрээ төвлөрч, түүнийг мэдэрч чадаж байна уу? Тийм, бүр хийж байгаа зүйлээ ердөө нэг, хоёр секунд завсарлахад бид өөрийн амьсгалыг анзаарч чадна: энэ нь үргэлж тэнд байж байдаг. Иймд бидэнд бүр маш гүнзгий, нарийн түвшний ойлголт байх шаардлагагүй. Мэдээж, ойлголт хэдий гүнзгий болох тусам төдий чинээ сайн ч, энэ бол эхлэл түвшинд хангалттай.  

Бясалгах үйл явц

Анхаарлыг дагалдах сэтгэлийн төлөвүүд болох хоёр төрлийн сэтгэлийн хүчин зүйл (сэтгэлээс гарсан сэтгэл, нөхөр сэтгэл) сэтгэлд бүрдэх энэ үеэр бид амьсгал дээр анхаарал тогтоох үйл явцыг ойлгоно. Тэдгээр хоёр сэтгэлийн хүчин зүйл нь:

  • Бүдүүн мэдэхүй – ямар нэг зүйлийг тойм түвшинд тэмдэглэх  
  • Нарийн ажихуй – ямар нэг зүйлийг маш нарийвчилсан түвшинд ойлгох.

Эдгээр хоёр сэтгэлийн төлөвийн хоорондын ялгааг тайлбарлахад хэрэглэгддэг уламжлалт жишээ нь зурсан зургийг бид хэрхэн хардаг жишээ юм. Бүдүүн мэдэхүйгээр бид түүнийг нэг зураг, магадгүй тэнд байх зарим хүмүүсийг тэмдэглэнэ. Үүнийг мэдэхдээ сэтгэл түүнийг илэрхийлж харуулахгүй, ердөө хараад мэдэж байгаа мэт санагдана. Үүнийг бид “ойлгох” гэж маш ерөнхий байдлаар нэрлэж болно. Харин нарийн ажихуйгаар бид зургийг илүү нарийн харж, тодорхой онцлог шинжтэй энэ, эсвэл тэр хүний зураг байна гэж ойлгоно. 

Энэ бол бидний амьсгал дээрээ анхаарах үед хийдэг тэр зүйл. Бид амьсгал бол цаг үргэлж үргэлжилсээр байх нэг зүйл гэдгийг тэмдэглэн ойлгох ба тэр нь хамраар орж гарч байгааг нарийвчлан ажиглана. Юу ч болж байсан хэрэв би амьд байх тохиолдолд амьсгал нь үргэлжилсээр байх бөгөөд энэ үүднээсээ тэр нь тасралтгүй, тогтвортой бас нөлөөлөх чанартай байна. Энэ бол бидний идэвхтэй ажиглаж байгаа зүйл учраас үүнийг бид “ажиглах бясалгал” гэж нэрлэдэг. Бид түүнийг шинжилж дүгнээгүй харин тодорхой нэг байдлаар, тодорхой өнцгөөс түүнийг харж, ойлгож байна. 

Хоёр дахь үе шат болох тогтоох бясалгалд бид ийм маягаар идэвхтэй ажиглах шаардлагагүй , бид түүнийг ердөө л мэддэг. Ямар нэг зүйлийг идэвхтэй ажиглах болон түүнийг ердөө мэдэх хоёр нь нэлээн өөр сэтгэлийн төлөв юм. Бид бясалгаж түүний үр дүнд илүү ултай суурьтай, сэтгэл илүү тогтвортой, айдас түгшүүргүй болно. Энэ нь дахин дахин, хэрэв боломжтой бол өдөр бүр – оролдож дадуулсны үр дүнд бий болдог.  

Дадал, чадвараа өдөр тутмын амьдралд хэрэглэх

Ялангуяа, тухайлбал уурлаж бухимдсан үед бид энэ аргыг санахыг хичээнэ. Мэдээж энэ бол хэцүү, бид өмнө нь биеийн тамирын дасгалын жишээ авч үзсэн, гэвч тус ойлголт алгуур яваандаа, цаг үргэлж түүнийг мэдэж байх тийм байдлаар бидэнд хэвшил болно. Амьдрал үргэлжилж байгааг бид үргэлж мэдэж байх бөгөөд нэлээн гүнзгий түвшний хувьд, юу ч болж байсан, тэр бол асуудал биш байна. Энэ нь бидний амьдралыг харах хэв маягийг өөрчлөх нэг зуршил болох хэмжээнд бид түүнийг гүнзгий мэдэж байдаг. Энэ бол бясалгалын үр дүн. Хэрэв бид үүнийг мартсан байвал амьсгал дээрээ дахин төвлөрч, түүнийг эргэн санаж, өөрийг сэргээж чадна. Бидний хийдэг зүйл бол өдөр тутмын амьдралыг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой өөрийн сэтгэлийн төлөв байдалд бодит өөрчлөлт гаргах явдал. Энэ бол өөрийн асуудлуудаас зугтаж нэг зөгнөлт оронд очих бус харин өөрийн сэтгэл болон сэтгэл хөдлөлийн төлөв байдал, бидний өөрсдийн байх нөхцөлүүдийг сайжруулж чадах үүднээс бидний дагаж мөрдөх идэвхтэй үйл явц юм. 

Бидний саяын ярилцсан зүйлийг сэтгэл судлалын нэг маш нарийн арга гэж үзэж бас болно. Үүнийг ингэж үзэж болох боловч бид энэ бол Бурханы шашны авч үздэг бүх зүйл – ердөө сэтгэл судлалын өөр нэг төрөл гэж бодохгүй байхад анхаарах хэрэгтэй. Бурханы шашин бол үүнээс илүү, бүр илүү өргөн хүрээтэй зүйл. Бурханы шашинд бид үүнээс илүү цааш – гэгээрэлд, амьтан бүрд туслахыг зорьдог – гэвч бид энэхүү маш чухал эхний шатыг заавал дамжих хэрэгтэй.

Дүгнэлт

Өдөржин хөгжим сонсохоос эсвэл өөрийг үргэлж завгүй байлгахаас эхлээд бүх зүйлийг мартах үүднээс согтох, архи уух зэргээр өөрийн асуудлаас зүгээр зугтахыг хичээх үнэхээр амархан. Эдгээр түр зуурын аргууд нь хэзээ ч тийм их тустай байдаггүй бөгөөд асуудал өөрөө үргэлж дахин гарч ирсээр байна. Номыг үнэхээр тунгаан бодож, дараа нь түүн дээр бясалгаснаар бид өөрийгөө, бусдыг мөн бидний эдэлж туулах зүйлүүдийг харах хэв маягаа бүрэн өөрчилж чадна. Энэ нь бидний асуудлуудыг бүгдийг тэр даруй хэзээ ч арилгахгүй ч бидэнд тэднийг шийдвэрлэх хангалттай хүч өгөх мэдлэгтэйгээр тэдэнтэй нүүр тулах боломж олгоно. 

Top