Бясалгалын гол шинж чанар

Бясалгал бол зөвхөн Бурханы шашинд байдаг бус өөр олон уламжлал, ёс заншилд байдаг зүйл. Бясалгалын олон онцлог талууд Энэтхэгийн бүх уламжлалд байдаг учраас энэ удаа бясалгалыг Бурханы шашинд хэрхэн авч үздэг талаар ярилцъя.  

Видео: Кандро Ринбүүчи — “Бясалгал цаг үрсэн зүйл үү?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Бясалгал гэж юу вэ?

“Бясалгал” гэдэг үг нь зуршил болгох гэсэн утгатай. Төвөд хэлэнд түүнийг “гом (sgom)” гэх ба энэ нь эерэг зуршил бий болгох гэсэн утгыг илэрхийлнэ. Харин санскрит гарал үг болох “бхавана” нь ямар нэг зүйлийг бий болгох, учруулах гэсэн утга илэрхийлдэг. Бидэнд тодорхой нэг төрлийн эерэг сэтгэлийн төлөв, хандлага байх бөгөөд бид түүнийг бодитой үйл болгох, өөрөөр хэлбэл өөрийн бодох, амьдрах хэв маягийг тэрхүү сэтгэлийн төлөвөөр үнэндээ дамжуулах явдал юм. Ямар уламжлалын дагуу бясалгалыг хийхээс шалтгаалан тэдгээр нь тус бүрдээ ямар зуршил бий болгох, түүний шалтгаан, зорилгыг тодорхойлж өгнө. Харин Энэтхэгийн бүх уламжлалд бясалгал нь гурван хэсэгтэй байна. Үүнд: эхэнд нь сонсох, дараа нь бодож тунгаах, түүний дараа бясалгах

Сургаалыг сонсох

Энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх эерэг зуршил төрүүлэхийг бид хүсэж байгаа гэж бодъё. Энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэх эсвэл өөрт одоо байгаа энэрэн нигүүлсэх сэтгэлийн төрөх хэмжээг нэмэгдүүлэхийг хүсвэл эхлээд бид тухайн сэдвээр сургаал сонсох хэрэгтэй болно. Эртний Энэтхэгт сургаалуудыг бичигт буулгадаггүй, амаар дамжуулан уламжлуулдаг байв. Ийнхүү  бясалгалд суралцах гэж буй хүн эхэлж сургаалыг сонсох хэрэгтэй болдог байжээ. Ийм учраас эхний үе шатыг “сонсох” гэдэг байна.     

Орчин үед бид мэдээж сургаалуудын талаар унших боломжтой болсон – бидэнд тэднийг үнэндээ биечлэн хэлж өгөх шаардлагагүй – эдгээр нь зарчмын хувьд хоорондоо тийм их ялгаатай биш. Эртний тэрхүү цаг үед бүх зүйлийг цээжлэх ёстой болдог байсан бөгөөд сонсогчийн хувьд сонсож байгаа сургаалыг алдаа мадаггүй гэсэн итгэлтэй байх хэрэгтэй болдог байв. Сургаалыг цээжилсэн хүн түүнийг зөв цээжлээгүй байж болно. Тэнд алдаа гарч болох бөгөөд ийм тохиолдолд тэр бол жинхэнэ асуудал болно.   

Билиг ухаан (ялгах ухаан)

Сургаалыг сонсож байх үед “сонссоноос төрөх билиг” гэж нэрлэгдэх зүйлийг төлөвшүүлэх хэрэгтэй болно. “Шэраб” (санскр. пражна) гэдэг төвөд үгийг гол төлөв “билиг” (англ. wisdom) гэж орчуулдаг боловч “билиг” (англ. wisdom) гэдэг үг нь их бүрхэг утгатай санагддаг; нарийн тодорхой утга илэрхийлдэггүй. Хэрэв нэг хэсэг хүн “билиг” гэдэг үгийг сонсвол (“wisdom” гэдэг үгийг хэлж байна) тэнд байх хүн тус бүрд тэр нь юу гэсэн үг болох талаар өөр өөр ойлголт төрнө. Иймд “билиг” (англ. wisdom) гэдэг үг үнэндээ “шэраб” гэдэг үгийг нарийн ойлгоход бидэнд тийм их тус болдоггүй. Ийм учраас “шэраб” гэдэг үгийг би “ялгах ухаан” (англ. discriminating awareness) гэж орчуулахыг илүүд үздэг юм.  

Ялгах ухаан нь түүний өмнөх сэтгэлийн хүчин зүйл болох, миний “ялгахуй” (хуран мэдэхүй, англ. distinguishing) гэж орчуулдаг хүчин зүйл дээр суурилна. Ихэнх хүмүүс энэ хэллэгийг “танихуй” (англ. recognition) гэж орчуулдаг боловч “танихуй” гэдэг нь мөн адил тийм тодорхой утга илэрхийлдэггүй. “Таних” гэдэг бол тухайн зүйлийг өмнө мэддэг байсан бөгөөд түүнийг дахин таних гэсэн утгыг илэрхийлэх ба энэ бол тийм сайн тохирох утга биш. “Ялгах” гэдэг нь ямар нэг зүйлийг “энэ” хэмээн, “энэ зүйл биш” бусад зүйлээс ялган тодорхойлохыг хэлнэ. Ямар нэг зүйлийг мэдэх үед тэдгээр нь бидний таних тодорхой, өөрийн гэсэн шинж чанартэй эсвэл ялгагдах шинж тэмдэгтэй байдаг учраас бид “энэ” зүйлийг “энэ зүйл биш” юмсаас эсвэл “энэ”-ийг “тэр”-нээс ялгаж чаддаг. Энгийн нэг жишээ гэвэл нярай хүүхэд “өлссөн”, “өлсөөгүй” байхыг хооронд нь ялгаж чаддаг. Нярай хүүхдүүдэд бие махбодын эдгээр хоёр мэдрэхүйг илэрхийлэх үг мөн “өлссөн”, “өлсөөгүй” байх гэдэг ойлголтуудыг гүнзгий ойлгох шаардлага үнэндээ байхгүй. Гэвч энэ хоёр нь тус бүрдээ өөрийн гэсэн тодорхой шинж чанартай тухайлбал бие махбодын онцгой төрөл бүхий мэдрэхүй учраас тэдгээрийн хоорондын ялгааг ялгаж чаддаг. 

Ялгах ухаан нь тэрхүү ялгахуйд “Энэ бол гарцаагүй энэ зүйл мөн тэр зүйл биш” гэсэн эргэлзээгүй байх хүчин зүйлийг нэмж өгдөг. Энэ нь сургаал сонсох эсвэл сургаалын талаар унших үед бидэнд зайлшгүй хэрэг болох зүйл. “Энэ бол худал ташаа сургаал бус; энэ бол жинхэнэ сургаал нь мөн” гэж мэдэх итгэл бидэнд хэрэгтэй. Судар бичвэрүүдийг ойлгоход хялбар биш байдаг учраас “энэ бол жинхэнэ сургаал нь мөн” гэж мэдэх үнэндээ маш хэцүү байдаг. Ихэнхдээ бид тэдгээрийг тайлбарласан ном эсвэл багшид хандах хэрэгтэй болдог. Гэвч тухайн нэг багшийг итгэж болох, жинхэнэ багш мөн гэж хэрхэн мэдэх вэ? Хэн нэг хүн Бурханы шашны тухай эсвэл асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай зааж байж болох ч тэр хүн үнэндээ Бурханы шашны сургадаг зүйлтэй зөрчилдөх зүйлийг хэлж өгч байж болно. Бид ялгах ухааныг ашиглан бидний сонсож эсвэл уншиж байгаа сургаал уншиж, сонсвол зохих тэрхүү сургаал мөн гэсэн итгэлтэй болох хэрэгтэй; тэдгээрийг жинхэнэ сургаал мөн гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.

Тухайн нэг сургаал Бурханы шашны хүчин төгөлдөр сургаал мөн болохыг харуулах тодорхой хүчин зүйлүүд тухайн сургаалд байх хэрэгтэй. Зохиогч эсвэл сургаалыг дамжуулж байгаа хүнийг шинжилж үзсэнээр тухайн хүн нь зохих эрдэм боловсролтой багш мөн байна гэж тодорхойлж болох тийм хэн нэгэн байх хэрэгтэй. Үүнийг тодорхойлохын тулд бид бусад хүмүүсээс асуух хэрэгтэй. Жишээ нь: “Энэ хүн олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм боловсролтой багштай юу, багштайгаа ямар харилцаатай байдаг вэ?” Энэ хүний багш тодорхой нэг дамжлагат хамаарагддаг уу? Эдгээр нь судалж үзэх ёстой чухал асуултууд юм. Бид ердөө нэг алдартай хүн бичсэн гэсэн шалтгаанаар өөрт тааралдсан дурын нэг номыг сонгон авахгүй байх хэрэгтэй, баталгаатай эх сурвалжтай эсэхийг шалгана. Энэ нь хэн нэгний тавьж буй лекцийг сонсоход мөн адил байна.

Сургаалын агуулгыг тодорхойлоход ялгах ухааныг ашиглах нь

Түүнээс гадна Бурханы шашны сургаал тус бүр нь тухайн сургаалын гүн ухааны нэг сургуульд хамаарах хам утгатай байна. Тус сургаал нь ямар сургуульд хамаарах хам утгатай байгааг мэдэх нь чухал. Учир нь Бурханы шашны өөр өөр сургуулиуд жишээ нь “үйлийн үр” гэх мэт нэг нэр томьёог харилцан адилгүй тайлбарладаг. Түүнчлэн тухайн нэг сургуулийн үйлийн үрийн тухай тэдгээр сургаалууд нь тус сургуулийн тайлбарлан үзүүлдэг, жишээ нь танин мэдэхүйн сургаал гэх мэт Номын бусад холбогдох сэдвүүдийн тайлбартай тохирч байна. Бид тухайн сургаал ямар сургуулийн сургаалд хамрагдахыг мэдэж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр бид өөрсдийн сонссон тэдгээр бусад сургаалтай тэднийг холбох боломжтой болно. 

Үгийг ямар агуулгын хүрээнд хэрэглэж байгааг мэдэх нь өдөр тутмын ярианд ч чухал. Жишээ нь та “бон” гэдэг үгийг сонсож болно. Энэ бол Төвөдийн Бурханы шашны өмнө дэлгэрч байсан ёсны нэр. Гэвч франц хэлэнд “бон” гэдэг нь “сайн” гэсэн утгатай үг байдаг. Хэрэв та ямар хэлний нөхцөлд хэрэглэж байгааг нь мэдээгүй бол “бон” гэдэг үгийг сонсоод та будилж болно. Тухайн хүн франц хэлний бон гэдгийн тухай ярьж байна уу эсвэл үүнийг төвөд хэлний нөхцөлд хэрэглэж байна уу гэнэ. Ямар хэлэнд хэрэглэж байгааг нь мэдэхгүйгээр зөвхөн үгийн сонсогдох дуу авианд найдах нь танд буруу ойлголт төрөхөд хүргэж болно. 

Хам утгыг мэдэх нь Бурханы шашны үг хэллэгийн хувьд илүү их чухал байдаг. Жишээ нь Энэтхэгийн Бурханы шашны сургуулиудын нэгэнд нь нэг маягаар, нөгөөд нь өөрөөр тайлбарласан байх хоосон чанарын тухай та судалж байж болно. Бүр Энэтхэгийн Бурханы шашны гүн ухааны нэг сургуулийн дотор, төвөд сургуулиуд тус бүрдээ хоосон чанарыг маш өөр өөр маягаар тайлбарласан байдаг.

Нэг сэдвийн талаар ийм олон өөр тайлбар байгаа нь Бурханы шашныг судалж буй Барууны хүмүүсийн хувьд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг болдог. Орчин үед, ялангуяа интернеттэй холбоотойгоор, бид Азийн Бурханы шашны бүх уламжлалуудын талаар олж мэдэх боломжтой болсон нь энэ бүгдийн дунд хангалттай төөрөлдөх нөхцөл болж байна. Түүгээр зогсохгүй бүр нэг улсын Бурханы шашны уламжлалын дотор, жишээ нь Төвөдийн Бурханы шашны уламжлалд, олон өөр өөр хувилбар, өөр өөр тайлбарууд байдаг. 

Үүнийг би тайлбарлая. Бид нэг багшаас үйлийн үрийн тухай дэлгэрэнгүй тайлбар сонсож байна гэж бодъё. Суралцаж байгаа зүйлийнхээ талаар будилахгүй байх үүднээс тухайн багшийн баримталж байгаа сургуулийн тайлбараас бусад бүх сургуулиудад байх тайлбарыг тусгаарлах хэрэгтэй. Жишээ нь: бид Хиндү шашны бус Бурханы шашны тайлбарыг судалж байгаа гэж мэдэх хэрэгтэй. Бурханы шашны тайлбарууд дотроос Пали Теравада уламжлал бус харин Энэтхэгийн санскрит уламжлалуудын нэгийг, Энэтхэгийн санскрит уламжлалын дотроос Читтаматра үзлийг бус Вайбашика үзлийг, цаашилбал Вайбашика үзлийн Гаржүд ёсны тайлбарыг бус Гэлүг ёсны тайлбарыг судалж байна гэнэ. Бид судалж байгаа зүйлийнхээ хам утгыг нарийн мэдэж байх хэрэгтэй. Учир нь үйлийн үрийн талаарх өөр өөр тайлбарууд нь гүн ухааныхаа үзлийн хам утгаас шалтгаалан нэлээн ялгаатай байдаг. Хэрэв бид Номын нэг сэдвийн Гэлүг ёсны тайлбарыг Гаржүд ёсны үзлээр авч үзэхийг оролдох юм бол үнэхээр будилна. Хэрэв бүх тайлбаруудыг хооронд нь хольж нэг том ойлголт болгохыг оролдвол бүр илүү их будилж төөрөлдөнө. 

Миний багш нарын нэг Гэвш Наваан Даргей Барууны хүмүүсийн талаар маш ухаалаг нэг зүйлийг тэмдэглэн хэлсэн байдаг. Тэрбээр “Барууны хүмүүс та бүхэн аль алиныг нь сайн ойлгоогүй хоёр зүйлээ харьцуулахыг үргэлж оролддог. Эцэст нь та бүхэн ердөө л улам ихээр төөрөлдөж хоцордог” гэсэн юм. Үүнээс бидний суралцах хэрэгтэй зүйл бол өөр өөр сургуулиудыг хооронд нь харьцуулж болох боловч үүнийг нэг сургуулийг нь маш сайн мэдсэний үндсэн хийх нь зөв. Нэгэнт та тэрхүү нэг сургуулийг маш сайн мэдсэн бол бусад сургуулиудыг авч үзэн тэдгээрийн хоорондох ялгааг нь ойлгож болно, гэвч түүнээс өмнө бол биш. 

Ингээд хэрэв бид үйлийн үр, эсвэл хоосон чанар гэх мэт Бурханы шашны ямар нэг сэдвийн талаар бясалгахыг хүсэж байгаа бол сонсохоос төрөх билиг ухааныг төрүүлэх хэрэгтэй. Энэ нь дараах зүйлийг зөв мэдэж, түүнд итгэлтэй байх гэсэн утгатай. Үүнд:

  • Сургаалд дурдагдсан үгс, өөр бусад үг бус.
  • Сургаалыг хүргэж байгаа хүн нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээллийн баталгаатай эх сурвалж байх, хүлээн зөвшөөрөгдөөгүй хэн нэгэн бус.
  • Сургууль нь тухайн тайлбарын хамаарагдах гүн ухааны сургууль байх, өөр бусад сургууль биш.
  • Сонсохоос төрөх билиг ухаан бидэнд төрсөн бол бид дараагийн үе шат уруу ороход бэлэн болсон байна.

Сонссон  зүйлийг тунгаах

Дараагийн үе шат бол тунгаан бодсоноос төрөх билиг ухааныг олох. “Тунгаах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энд тунгаах гэдэг нь ямар нэг зүйлийн утгыг ойлгохыг оролдох гэсэн утга илэрхийлнэ. Тэгвэл ямар нэг зүйлийг “ойлгох” гэдэг нь юу гэсэн үг вэ? “Ойлгох” эсвэл “утгыг ухаарах” гэж ихэвчлэн орчуулагдах төвөд үгийн утгыг “ямар нэг зүйлийг зөв, эргэлзээгүй мэдэх” гэж тодорхойлсон байдаг.     

Ташрамд хэлэхэд, сэтгэл болон сэтгэлийн үйл ажиллагааг тодорхойлоход хэрэглэгддэг санскрит болон төвөд үгсийн ихэнх нь Барууны хэлэнд бидний хэрэглэдэг үгнүүдтэй харьцуулахад нэлээн өөр утгатай байдаг. Ийм учраас тухайн ази эх хэлүүдийг сурч, тэдгээр үгсийн тус хэлний нөхцөл дэх утгыг мэдэх нь маш их тустай. Энэ нь ердөө толь бичгийн орчуулгыг унших төдий бус үнэндээ тухайн хэл, үгсийн тодорхойлолт зэргийг судална гэсэн үг. Хэрэв та ийнхүү суралцвал Бурханы шашны сургаалуудыг ойлгох нэг маш хүчтэй зэвсэгтэй болно.

Сургаалд гарах үгсийг ойлгох

“Ойлгох” гэдэг энэ үг сургаалыг сонсохтой холбоотой бас хэрэглэгдэж болно. Энэ нөхцөлд тэр нь “Би таныг тэдгээр үгсийг хэлсэн гэж ойлгосон” гэх мэт өгүүлбэрүүд дээр харагдана. Хэрэв энэ өгүүлбэрийн өргөлт нь “та” гэдэг үгэн дээр байвал энэ нь та тэдгээр үгсийг хэлсэн гэдэгт бид эргэлзээгүй байгаа санааг илэрхийлнэ. Бид тэдгээр үгсийг та хэлээгүй эсвэл өөр хэн нэг хүн хэлсэн гэж бодохгүй. Бид таныг тэдгээр зүйлийг хэлэхийг сонссон, бидний сонсголд ямар нэг буруу зүйл байхгүй гэсэн итгэлтэй байна.     

Хэрэв өгүүлбэрийн өргөлт “тэдгээр үгс” гэдэг дээр байвал “Би таныг тэдгээр үгсийг хэлсэн гэж ойлгосон” гэдэг нь өөр нэг утгатай болж болно: “Би таны хэлсэн тэдгээр үгсийг ойлгосон. Би таны хэлсэн тэдгээр үг хэллэгийн цаадах утгыг бүрэн ойлгоогүй байж болно – энэ бол өөр үйл явц; гэвч би таныг энэ үг, энэ хэллэг, энэ өгүүлбэрийг хэлсэн гэж зөв ойлгосон” гэсэн утга илэрхийлж болно. Бид хэлсэн үгийг зөв сонссон гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Бид бусад хүмүүс тэр үгийг бидний сонссоны адил сонссон гэсэн итгэлтэй болох үүднээс тэднээс лавлаж болно. Хэрэв бичлэг байвал түүнийг сонсож болно. Хэрэв чанга яригчийн дуу болон бичлэг тод байвал бид тэдгээр үгсийг зөв сонссон гэсэн итгэлтэй болж болно. Хэрэв тэдгээр нь тод биш байвал бид бусад хүмүүсээс тусламж авч тэдний сонссон зүйлийг өөрсдийн сонссон зүйлтэй харьцуулан шалгаж болно. Энэ бол сургаалыг бичлэгээр сонсож байгаа үед үнэндээ маш чухал юм. Ийнхүү сонссоноос төрөх билиг ухааныг ашиглаж бид тухайн үгс ямар үг болохыг зөв, эргэлзээгүй ойлгосон гэж тогтооно.

Үгийн утгыг ойлгох

Тунгаах буюу ойлголтонд хүрэх гурван-хэсэгт үйл явцын энэхүү хоёр дахь шат нь үгсийн утгыг ойлгох гэсэн утгатай бөгөөд мэдээж энэ бол зайлшгүй хэрэгтэй. Хэрэв бид ямар нэг зүйлийг эерэг зуршил болгон төлөвшүүлэх гэж байгаа бол бид зөвхөн тэдгээр үгсийг ямар үг болохыг төдийгүй утгыг нь мэдэх хэрэгтэй. Жишээ нь зарим хүмүүс уншлага нь ямар утгатай болох талаар үнэндээ ямар ч ойлголтгүйгээр тэднийг төвөд хэл дээр уншдаг. Хэрэв та наад зах нь тэдгээр үгс ямар утгатай болохыг мэдэхгүй бол хэрхэн ямар нэг зүйлийг эерэг зуршил болгон төлөвшүүлэх билээ? 

Төвөдийн Бурханы шашны олонх багш нар уншлага, бүтээлүүдийг төвөд хэл дээр уншихыг зөвлөж байгаатай та таарах болно. Мэдээж олон зууны уламжлалтай зан үйлд оролцохын ач тус бий: танд тухайн нэг уламжлалд хамаарагдах сэтгэгдэл төрж, олон өөр орны, өөр хэл соёлтой хүмүүс нэг зүйлийг хурж, унших байгаа нь таатай байж болно. Гэвч хэрэв бид төвөд хэл дээр байгаа тэдгээр зүйлийн утгыг мэдэхгүй бол төвөд хэл дээр уншлагыг унших нь тухайн үгсийн илэрхийлэх эерэг зуршлыг төлөвшүүлэхэд бидэнд туслахгүй. Иймд бид утгыг нь ойлгох хэрэгтэй бөгөөд утга нь зөв, эргэлзээгүй байх хэрэгтэй. Энэ бол билиг ухааныг ямар нэг зүйлийн илэрхийлсэн утгыг түүний илэрхийлээгүй утгаас ялгахад ашиглаж байгаа явдал юм. Тухайн үг үнэндээ юу гэсэн утгатай болохыг эргэлзээгүй ойлгох ойлголтонд хүрэхийн тулд түүнийг бид нэгтгэн дүгнэх, логик учир шалтгаанд тулгуурлан шинжлэх замаар хийнэ.    

Сургаалын үгийн утганд итгэмжлэх

Эргэлзээгүй ойлголтонд хүрэх тухай энэ санаа нь нэг маш хэцүү сэдвийг хөндөнө: ямар нэг зүйлийн үнэн эсэхэд бид үнэндээ хэрхэн итгэдэг вэ? Мэдрэхүйгээр мэдэх боломжгүй, ил үзэгдэхгүй ямар нэгэн зүйлд итгэхэд бид логик учир шалтгааны үндэслэлд найдах хэрэгтэй болно. Гэвч логик учир шалтгаанаар нотлон харуулсан ч тэрхүү учир шалтгааны үндэслэлээр батлагдаж буй зүйлд итгэдэггүй хүмүүс байсаар байдаг. Зарим тохиолдолд тэд тухайн зүйл хэдий логик учир шалтгааны үндэслэлтэй байсан ч түүнд итгэхийг хүсдэггүй. Хэрэв бид тэдний адил бол энэ нь Ном үзэж судлахад багагүй саад болно. 

Гэвч энд өөрсдийгөө логик учир шалтгааны үндэслэлийг хүлээн зөвшөөрдөг гэж авч үзье. Ингээд шинжлэх, учир шалтгааныг гаргаж ирэх үйл явцыг ойлох үүднээс мөнх бусын тухай ойлголтыг нэг жишээ болгон авъя. Бидний баталж ойлгохыг хүсэж байгаа зүйл бол шалтгаан, нөхцөлийн улмаас бий болсон ямар ч зүйл алгуур эвдэрч сарнин, үгүй болно гэх ойлголт. Компьютер, машин, бидний бие, эсвэл хүмүүс хооронд тогтоосон харилцаа гэх мэт юуны ч тухай бид ярьж байсан тухайн зүйл нь шалтгаан, нөхцөл дээр суурилан бүтэж бий болсон байдаг. Нэгэнт тэдгээр шалтгаан, нөхцөлүүд нь хором тутамд шинэчлэгдэн шинэ хэвээр байдаггүй учраас тэдгээрээс бий болж, тэдгээрээс хамаарч оршиж байгаа тэр бүтээгдэхүүн нь аажмаар эвдэрч сарнина. 

Таны худалдаж аваад, дараа нь эвдэрч хаягдсан ямар нэг зүйлийн жишээг авч үзэж болно; жишээ нь яваандаа эвдэрч муудсан таны худалдаж авсан нэг шинэ машин, ургаж боловсроод улмаар хагдарч хатсан цэцэг, жимс байж болно. Энэ хуульд хамаарахгүй зүйл гэж байхгүй. Үйлдвэрлэгдэж, бүтээгдсэн боловч ердөө эвдэрч хэмхрэлгүй, мөнх оршсон зүйлийн жишээ байхгүй. Хэрэв бүтээгдсэн бол – өмнө нь оршиж байгаагүй гэсэн утгаар – тэр зүйл эвдэрч сарнина. Яагаад? Шинээр бий болж байгаа зүйл зөвхөн шалтгаан, нөхцөлөөс хамаарч бий болдог. Гэвч тухайн зүйл бий болмогц түүний бий болох суурь болсон шалтгаан, нөхцөлүүд өөрчлөгдсөн байдаг. Учир нь тэдгээр шалтгаан, нөхцөлүүд нь бас өөр шалтгаант хүчин зүйлүүдээс хамааран бий болсон байдаг. Ийм учраас тэдгээр нь тухайн зүйл дараа дараагийн мөчид үргэлжлэн орших тулгуур болохоо больсон байна. Өөрөөр хэлбэл шалтгаан нөхцөлүүд нь байхгүй болох үед тэдгээр дээр тулгуурлан бий болсон ямар ч зүйл эвдэрч сарнина. Тухайн зүйлийн анх бий болох үеийн төлөв байдлыг үргэлжлүүлэн хадгалах тэдгээр тулгуур хүчин зүйлүүд нь байхгүй болсон учир тэр зүйл эвдэрч сарнина. Мөн өөр бусад шалтгаан нөхцөлүүд түүнд нөлөөлөх учраас түүний төлөв байдал өөрчлөгдөнө. 

Өөр нэг жишээ бол гэр бүл, найз нөхдийн хэлхээ холбоо. Хэн нэгэнтэй тогтоох харилцаа олон шалтгаан, нөхцөлөөс хамаарч бий болно. Жишээ нь, би нэг тодорхой насан дээр ирж, нөгөө хүн тодорхой нэг насанд хүрч, миний амьдралд энэ зүйл тохиолдож, нөгөө хүний амьдралд тэр зүйл тохиолдож, энэ нэг зүйл нийгэмд тохиолдож байсан байна. Энэ бүх хүчин зүйл биднийг уулзан учирч, хэлхээ холбоо тогтоох суурь болсон. Гэвч тэдгээр нөхцөлүүд тэр хэвээр үргэлжлээгүй; цаг үргэлж өөрчлөгдөж байсан. Бидний нас ахиж, бидний амьдралд олон өөр зүйлүүд тохиолдсон. Хэдийгээр бид удаан хугацаанд хамт байсан ч бидний хэн нэг нь нэгнээсээ өмнө нас эцэслэнэ. Бидний хэлхээ холбооны шалтгаан нөхцөлүүдээс хамаарах хамаарлын улмаас тэр хэлхээ холбоо нь үргэлж өөрчлөгдсөөр байх бөгөөд мөнх үргэлжлэхгүй. Энэ нь логик учир шалтгааны үндэслэлээр гарч ирсэн дүгнэлт байтал бид энэ бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. 

Өөр нэг жишээ бол бид нэг комьютер худалдаж аваад түүнийг хэзээ ч эвдрэхгүй, үргэлж сайн ажилласаар байна гэж боддог, гэвч тийм байдаггүй. Яагаад тэр эвдрэх болов? Түүнийг угсарч хийсэн учраас эвдэрсэн. Эвдэрч эсвэл ажиллахгүй болох үед гарсан зүйл бол үнэндээ түүний ажиллагаа дуусах ердөө нөхцөл юм. Түүний эвдрэх жинхэнэ шалтгаан бол түүнийг угсарч хийсэн явдал. Энэ нь “Энэ хүний нас барсан шалтгаан нь юу вэ гэхэд түүний нас барсан шалтгаан бол түүний төрсөн явдал” гэж хэлэхтэй адил юм. Ийм нэг хошин яриа байдаг: “Амьдралын тодорхойлолт юу вэ? Энэ бол 100% үхэх эрсдэлтэй бэлгийн замын халдварт өвчин” гэсэн байдаг. Харамсалтай нь энэ бол үнэн! Мөнх бус гэх мэт сэдвийн талаар бодох үед хэдий бид логик учир шалтгааны үүднээс бодсон байсан ч ихэнх тохиолдолд бид түүнийг ердөө хүлээн зөвшөөрдөггүй. Бид сургаалд дурдагдаж байгаа зүйлд итгэхийг хүсдэггүй. Бид үхэл мөнх бусыг амьдралын бодит үнэн гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Ийм учраас бид тухайн сэдвийг гүнзгий ойлгохын тулд тэдгээр логик учир шалтааны үндэслэлүүдийг дахин дахин тунгаан бодох хэрэгтэй байдаг. 

Тийнхүү бодох явцад бид “сонссоноос төрөх билиг” гэх тэр нэг “ойлголт”-д хүрдэг. Бид үгсийн утгыг зөв ойлгох ба түүнд эргэлзээгүй байна. Өөрөөр хэлбэл бид логик учир шалтгааны үүднээс бодож үзэж түүний илэрхийлээгүй зүйлүүдийг тодорхойлон гаргадаг. “Мөнх бус гэдэг нь миний комьютер эвдэрч магадгүй гэсэн утгатай бус. Энэ бол тодорхой нэг хугацаанд тэр гарцаагүй эвдэрнэ гэсэн утгатай.” Ийнхүү бид “бүтэж бий болсон бүхэн эвдэрч сарнина” гэсэн энэ үнэнд баттай итгэсэн ч, итгээгүй ч, наад зах нь бид мөнх бус гэдэг нь юу гэсэн утгатай болохыг зөв ойлгож авна.

Сонссон сургаалыг үнэн, ач тустай хэмээн сэтгэл итгэмжлэх

Үүний дараа бидний сонссон үгийн утга төдийгүй, тэдгээрийн илэрхийлж буй зүйл үнэн гэж бид итгэх хэрэгтэй болно. Бидний авч үзэж буй мөнх бусын жишээн дээр: бид тухайн үг хэллэгийн утгыг ойлгож болох ч, түүний илэрхийлэх зүйлийг үнэндээ үнэн гэж хүлээн зөвшөөрч байна уу? Бид үнэхээр итгэж байна уу? Хэрэв бид мөнх бусын талаар үргэлжлүүлэн сайтар бодож үзэх юм бол түүнд хамаарахгүй нэг ч зүйлийг үнэндээ олж чадахгүй бөгөөд мөнх бус бол нэг чухал тулгуур хууль болохыг хүлээн зөвшөөрнө. Бодох үйл явц нь дараах байдлаар байна: “Би нас эцэслэх нь гарцаагүй. Биднээс өмнө төрсөн хүн бүр нас эцэслэсэн байна. Төрсөн боловч нас эцэслээгүй хүний жишээ нэг ч байхгүй. Иймд би нас эцэслэхгүй гэж бодох ямар нэг шалтгаан байна уу? Ийм шалтгаан байхгүй байна.”      

Хэрэв бид тодорхой нэгэн цагт нас эцэслэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байвал бид энэ амьдралаа аль болох утга учиртай болгохыг хичээнэ. Зуурдын үхэл туулсан хүн ихэнх тохиолдолд “Би амьд байна, амьд байх үлдсэн хугацаагаа аль болох утга учиртай болгохыг хүсэж байна” гэдэг. Гэвч бид нас эцэслэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, амьдралынхаа үлдсэн хугацааг ашиглах бодол төрүүлэхийн тулд заавал зуурдын үхэл туулахыг хүлээх шаардлагагүй. 

Бодож тунгаах явцад эхэлж бид утгыг алдаагүй зөв ойлгоно. Дараа нь түүнийг үнэн гэсэн итгэлтэй болно. Гуравдугаарт бид түүнийг сайн эзэмшин, амьдралд оролцох өөрийн хэв маягийн нэг хэсэг болгох нь надад тустай байх болно гэсэн итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. 

Утгыг ойлгох, үнэн гэж хүлээн зөвшөөрөх, тус болно гэсэн итгэлтэй болох – энэ бүхэн нь тунгаан бодохоос төрөх билгийг төрүүлэх үйл явцын хэсэг юм. Энэ бол маш чухал үйл явц бөгөөд үүнд нэлээд хугацаа шаардагдана. Бид тайван нам гүм байдалд суун, сонссон эсвэл уншсан сургаалынхаа талаар гүнзгийрүүлэн бодох хэрэгтэй. Ингэхгүйгээр хэрэв бид жишээлбэл, мөнх бусыг бясалгахыг оролдох юм бол юу хийх талаар ямар ч ойлголтгүй, ердөө л суух болно. Бид “орчноо мэдэхгүй болох” гэж хэлдэг тэр зүйл болох сэтгэл санаа уймран сэтгэл тодорхойгүй болох тэр байдалд орж, түүнийг бясалгал гэж бодно. Энэ бол огтоос бясалгал биш. Тэгвэл бясалгал гэж юу вэ?

Видео: Гэвш Лхакдор — “Мэдлэг болон ухааны ялгаа”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Бясалгалын гурван төрөл

Сургаалыг сонсож, тэдгээрийг тунгаан бодсоноор бид энэ хоёр үйл явцтай холбоотой билгүүдийг төрүүлдэгтэй адил бясалгал нь “бясалгалаас төрөх билиг”-ийг төрүүлнэ. Энэ билиг болон сайн төвлөрсөн сэтгэлээр бид өөрийн төлөвшүүлэхийг зорьж буй сэтгэлийн эерэг төлөвийг төлөвшүүлж, түүнийг сэтгэлийн бусад бүх төлөвөөс эргэлзээгүй зөв ялгаж чадна. Энэхүү билгийг төрүүлэхийн тулд бид зорьж буй сэтгэлийн энэ төлөвөө сэтгэлдээ дахин дахин төрүүлж, өөрт хэвшүүлэх замаар төрүүлнэ. Энэ үйл явцыг баримталдаг бясалгалын олон өөр төрлүүд байдаг боловч энэ удаа тэдгээрээс хамгийн нийтлэг хэрэглэгддэг гурван төрлийг авч үзье.

Анхаарыг төвлөрүүлэх

Энэ бясалгалын төрөл нь сэтгэлийг төвлөрлийн нэг орон дээр төвлөрүүлэхтэй холбоотой. Бид ямар ч төрлийн зүйл дээр анхаарлыг төвлөрүүлж болох бөгөөд бидний төлөвшүүлэхийг зорьж байгаа зүйл бол нэг зүйл дээр төвлөрөх. Бид амьсгалыг авч, гаргах тэр мэдрэмж дээр, эсвэл Бурханы дүр дүрсэлж түүн дээрээ, эсвэл сэтгэлийн мөн чанар эдгээрийн алин дээр ч төвлөрч байсан энэ үед бид тодорхой нэг зүйл дээр төвлөрч байдаг. Ташрамд хэлэхэд энэ гурав нь Төвөдийн Бурханы шашинд төвлөрөл төлөвшүүлэхэд хамгийн нийтлэг хэрэглэгддэг төвлөрлийн орнууд юм. 

Энэ төрлийн бясалгалын нэг чухал хувилбар нь нэг орон дээр төвлөрөх боловч түүн дээр төвлөрөхийн зэрэгцээ тэрхүү орныг жишээ нь мөнх бус гэх мэтээр тодорхойлохыг оролдох явдал. Тус орон дээр ийм шинжлэлээр төвлөрснөөр тухайн орон үнэндээ мөнх бус гэдгийг үнэхээр гүнзгий ойлгодог. Энэ нь ямар нэг зүйлийг мөнх мэт санан түүнд шунах сэтгэлийг даван гарахад маш тустай байна. 

Өөр нэг жишээ гэвэл: Та хэн нэгэнтэй найз нөхдийн эсвэл илүү ойр дотно харилцаатай байх тохиолдолд тухайн хүн тань руу утсаар ярихгүй эсвэл тантай уулзахгүй байвал та бухимдана. Энэ жишээний хувьд та “Би бол найзынхаа амьдралд байх цорын ганц хүн биш. Түүний амьдралд надаас гадна өөр хүмүүс бий. Иймд тэр зөвхөн надад цаг гаргаж, өөр хэн нэгэнд цаг гаргахгүй гэж хүлээх нь зүйд нийцэхгүй” гэх энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгох хэрэгтэй. Үүгээр та “Би бол найзынхаа амьдралд байх цорын ганц хүн” гэх ямар нэг байх боломжгүй зүйлийг төсөөлсөн нэг уран зөгнөлийг сөрж байгаа юм. Ингээд хэрэв танд найз тань тантай хамт хангалттай хугацааг өнгөрүүлэхгүй байна гэсэн бухимдал төрөх юм бол тэр үед “Түүний амьдралд оролцоотой надаас гадна өөр олон хүн, юмс бий” гэх ойлголтоор түүн дээр анхаарал төвлөрүүлэхийг хичээгээрэй. 

Бясалгалын тухай ярьж байгаа үед бид ямар нэг төрлийн нууцлаг, ид шид бүхий үйл явцын тухай ярьдаггүй; бид уран зөгнөлийн ертөнцөд ордоггүй. Харин бясалгал нь бидний амьдралд тохиолдох зовлон, бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэх, бодит амьдралд үнэхээр нийцсэн аргуудыг шаардаж байдаг.

Эхний энэ бясалгал нь төвлөрлийн орон дээр ердөө төвлөрлөөр эсвэл найз дээрээ төвлөрч бодсон дээрх жишээний адил тодорхой нэг ойлголтоор төвлөрөх явдал юм.

Сэтгэлийн төлөв бий болгох  

Хоёр дахь нь асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт тодорхой нэг сэтгэлийн төлөв төрүүлж тэрхүү сэтгэл дээрээ төвлөрөх бясалгал байна. Гол зүйл нь энэхүү асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хандан төрүүлэхийг зорьж буй тэрхүү орон биш; гол зүйл бол сэтгэл, мэдрэмж төрүүлэх явдал.    

Дуршил бий болгох

Гурав дахь бясалгал нь тухайн нэг бясалгалын орон дээр түүнтэй холбоотой нэг зорилгод хүрэх дуршил бүхий сэтгэлээр төвлөрөх бясалгал байна; жишээ нь хараахан хүрээгүй байгаа өөрийн гэгээрэл дээр “Би үүнд хүрнэ” гэсэн дурших сэтгэлээр төвлөрнө. Үүнийг “бодь сэтгэлийн бясалгал” гэдэг. Зарим тохиолдолд “сэрсэн сэтгэл” гэж орчуулагддаг бодь сэтгэл дээр бясалгаж байгаа үед бидний төвлөрөх зүйл нь гэгээрэл ерөнхийдөө ч биш, Бурхан багшийн хүрсэн тэрхүү гэгээрэл ч биш, харин бидний өөрийн гэгээрэл байдаг. Бид хараахан гэгээрээгүй байгаа ч, түүнд хүрч болно – өөрийн Бурханы-чанар бүхий чадамж, шаргуу хөдөлмөр дээр суурилан гэгээрэлд хүрч болно гэсэн итгэлтэй байна. Энэхүү гурав дахь бясалгалаар бид ирээдүйн нэг зорилго дээрээ түүнд хүрнэ гэсэн хүчтэй сэтгэлээр төвлөрдөг.

Эдгээр гурван бясалгал өдөр тутмын амьдралд  

Эдгээр гурван төрлийн бясалгал нь бидний өдөр тутмын амьдралдаа бий болгохыг хүсэх эерэг хэвшлүүдийг төлөвшүүлэхэд бидэнд тусална. Бясалгал нь амьдралтай холбоогүй, ач холбогдолгүй зүйл биш байх нь маш чухал. Бясалгал бол аливаа зүйлээс зугтах нэг хэлбэр, тоглоом наадам, сонирхол биш. Энэ бол бидний амьдралдаа бий болгон, өдөр тутам ашиглаж байхыг хүсэх чанаруудыг төлөвшүүлэхэд туслах нэг арга. 

Дээр дурдсан жишээнүүдийг ашиглан эдээр гурван аргыг бид хэрхэн хэрэглэхийг харцгаая. Төвлөрлийн нэг орон дээр төвлөрөх эхний бясалгалыг хийх үед бид сэтгэлийг тайвшруулж, түүний төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд суралцана. Бид зөвхөн хийж буй ажил дээрээ төдийгүй бусадтай ярилцаж байх үедээ төвлөрөхөд суралцдаг. Бид тухайн хүн болон түүний хэлж байгаа зүйл дээр төвлөрч сэтгэлдээ өөр бусад зүйлийн талаар бодохгүй байхыг хүснэ. Тухайн хүний ярьж байгаа зүйлийг “Ямар утгагүй юм бэ” эсвэл “Яриагаа хурдан дуусгаасай” гэх мэтээр шүүмжлэн, ямар нэг байдлаар сэтгэлдээ санал бодлоо илэрхийлэхгүйгээр сонсохыг хүснэ. Сэтгэлийн бүхий л ийм яриаг бид намжаахыг зорино. Бид тухайн хүн, түүний хэлж буй зүйл дээр төвлөрөхийн зэрэгцээ “Энэ хүн бол надад байдгийн адил сэтгэл, мэдрэхүйтэй хүн; би ярьж байхдаа бусад хүмүүс намайг сонсохыг хүсдэгийн адил түүнийг ярьж байгаа үед түүнд анхаарал хандуулахыг тэр хүснэ” гэх бодлыг төрүүлнэ. Энэ бол төвлөрөх бясалгалаар бидний суралцах зүйл.          

Бидэнд байх асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг өдөр тутмын амьдралдаа илүү их төрүүлдэг байх үүднээс бид хоёр дахь бясалгал болох сэтгэлийг төлөв бий болгох бясалгалыг ашиглаж болно. Хаана ч байсан, хэнтэй ч байсан хамаг амьтныг жаргалтай байхыг хүсэх – асрах сэтгэлийг бид төрүүлэхийг хичээнэ. Асрал хайр гэдэг бол хүн бүрд чиглэсэн асрал байна: автобусанд яваа хүн бүр, метронд яваа хүн бүр, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүр, дэлгүүр яваа хүн бүр, бүх амьтан, хорхой шавьж – бүгд. Энэ бол хүн бүрд хүндлэл үзүүлнэ гэсэн үг. Хүн бүр жаргал хүсэж, зовлон хүсдэггүйгээрээ адил. Хамаг амьтан бүгд, бүр ялаа ч хүртэл жаргалтай байх тэгш эрхтэй!  

Эцэст нь бид бясалгалыг “Би нэг зорилгод хүрэхээр хичээж байна. Өөрийн сул талуудыг багасгахыг оролдож байна. Сайн чанарууд төлөвшүүлэхээр оролдож байна. Гэтлэхүй, гэгээрэлд хүрэхийг хичээж байна” гэсэн амьдралынхаа туршид тээж явах нэг хүсэл эрмэлзэл төрүүлэхэд ашиглана. Тэр хүсэл эрмэлзэл нь зөвхөн бясалгалын суудал дээр сууж байх түр нэг хугацаанд бус бидний амьдралд бүхэлд нь уусан орсон байна.  

Сэтгэлийн төлөв бий болгох тухайд өгсөн Богд Зонховын зөвлөгөө

Төвөдийн их эрдэмт мэргэн Богд Зонхов эдгээр бясалгалуудтай холбоотой бидний мэдэх хэрэгтэй зүйлсийг тухайлбал, сэтгэлийн нэг эерэг төлөвийг бясалгалын суурь болгон хэрхэн төрүүлэхийг маш сайн тайлбарлан үзүүлсэн байдаг.

Төвлөрч байгаа зүйлээ мэдэх

Юуны өмнө бид бидний төвлөрч буй зүйл чухам юу болохыг мэдэх хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг жишээ болгон авч үзье. Энэрэн нигүүлсэх сэтгэл дээр төвлөрөх үед бид бусдын зовлон дээр төвлөрч байдаг. Энэ нь одоо хараахан хүрээгүй байгаа өөрийн гэгээрэл дээр төвлөрөх бодь сэтгэлээс нэлээн өөр юм. Зарим хүмүүс үнэндээ энэрэн нигүүлсэх сэтгэл дээр төвлөрч байгаа үедээ өөрсдийгөө бодь сэтгэл дээр төвлөрч байна гэж боддог; энэрэн нигүүлсэх сэтгэл бол бодь сэтгэлийн суурь, гэвч энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэл хоёр бол нэг зүйл биш.

Түүний бүх талуудыг мэдэх

Төвлөрлийн орноо зөв тодорхойлсны дараа – бусдын зовлон нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн төвлөрлийн гол орон байх энэ тохиолдолд – дараа нь бид тэрхүү төвлөрлийн орны бүх шинж талуудыг мэдэх хэрэгтэй болно. Ингээд бид хүн бүрийн туулах зовлонгийн олон тал шинж эсвэл төрлүүдийг шинжилж үзнэ. Үүнд: зовлон, эгэл жаргал, өөрийн эрхгүй гарах үйлийн үрийн нөлөөнд байх явдал, мөн хяналтгүй дахин дахин гарах төрлийн зовлон эдгээр багтана. Бид ажилгүй болохын бэрхшээл, зовлон гэх мэт ердөө нэг хэсэг хүмүүсийн туулах, нийтэд хамаарахгүй нэг төрлийн зовлон дээр төвлөрдөггүй. Их нигүүлсэхүй сэтгэлийн хувьд бид амьтан болон хүний нийтээр эдлэх зовлонгийн бүх тал шинжүүдийг авч үзнэ.

Сэтгэл түүнтэй хэрхэн холбогдохыг мэдэх

Дараа нь бид сэтгэл тухайн оронтой хэрхэн холбогдохыг мэдэх хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэлийн хувьд, бид хамаг амьтны тэр бүх зовлон үгүй болж, дахин гарахгүй байхыг хүсэх сэтгэлээр тэдгээр зовлон дээр төвлөрч байдаг. Энэ бол “Ямар аймшигтай юм бэ” гэх хандлага биш. Дахин хэлэхэд энэ сэтгэл бол бодь сэтгэлээс маш өөр. Бодь сэтгэлээр бид өөрийн хараахан хүрээгүй байгаа гэгээрэл дээр төвлөрөх ба энэхүү сэтгэлтэй “Би түүнд хүрч, тийнхүү хүрснээр бусдад тус хүргэнэ” гэсэн үзэл санаагаар бид холбогдож байдаг. Энэ бол бусдын зовлонд энэрэн нигүүлсэх сэтгэлээр хэрхэн хандахаас маш өөр юм.   

Түүнийг төлөвшүүлэхэд юу тустайг мэдэх

Ингээд бид энэхүү сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэхэд юу бидэнд тус болохыг мэдэх хэрэгтэй болно. Бидний авч үзэж байгаа жишээний хувьд: энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдын зовлонд хандаж байгаатай адил үзэл санаа, мэдрэмжээр өөрийн зовлонд хандах хандлага дээр тулгуурлана. Үүнийг гол төлөв “магад гарах сэтгэл” гэж орчуулдаг “гэтлэх шийдвэр” гэдэг. Энэ нь өөрийн зовлонг авч үзэх ба тэрхүү зовлон болон түүний шалтгаанаас ангижрахаар шийдсэн шийдвэр байна. Зовлонгийн шалтгаанаас ангижрахыг хүсэх гэдэг нь уурлах гэх мэт биднийг зовлонтой байдалд хүргэдэг тэдгээр зан байдлыг арилгахад бэлэн байх гэсэн утгатай юм. Хэрэв бид өөрийн зовлонг арилгах шийдвэрийг үнэхээр төрүүлж чадвал тэр нь тэрхүү хандлага, тэрхүү хүслийг өөрт хандан төрүүлж байгаагийн адил хүчтэйгээр бусдад чиглүүлж чадах суурь болно.         

Түүнийг төлөвшүүлэхэд юу саад болохыг мэдэх

Мөн бид энэхүү сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэхэд юу саад болохыг мэдэх хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэхэд саад болох зүйл нь бусдыг, тэдний зовлонг чин сэтгэлээс авч үзэхгүй байх явдал. Үүнийг сөрөхийн тулд бид “Хүн бүхэн жаргалыг хүсдэг. Хэн ч зовлон хүсдэггүй. Зовлонгоос ангижрахыг хүсэх миний эсвэл чиний хүсэлд ямар ч ялгаа үгүй. Бид бүгд адил. Надад байдгийн адил хүн бүхэнд сэтгэл, мэдрэмж бий. Миний зовлон намайг хэдий их зовоодгийн адил зовлонтой хүн бүрийн зовлон тэднийг тэр адил зовооно. Би зовлонгүй байхыг хүсдэгийн адил тэд бас зовлонгүй байхыг хүснэ” гэж бодох хэрэгтэй. Ингэж бид бусдыг ойлгох, тэднийг хүндэтгэх сэтгэлийг төрүүлдэг. Хэрэв бидэнд тэднийг ойлгох, хүндэтгэх ийм сэтгэл байхгүй бол энэрэн нигүүлсэх сэтгэлийг чин сэтгэлээс төрүүлэх бидний оролдлого бэрхшээлтэй болно.

Түүнийг юунд ашиглахыг мэдэх

Богд Зонхов, нэгэнт бид тус сэтгэлийн төлөвийг төлөвшүүлсэн бол түүнийг юунд ашиглахыг мэдэх хэрэгтэй хэмээсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг юунд хэрэглэх вэ? Би энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүллээ, одоо яах хэрэгтэй вэ? Энэ нь бусадтай ажиллахад надад тусална; тэдний тусад хичээн хөдөлмөрлөхөд надад тусална; энэ нь миний туйлын зорилго болох гэгээрэлд хүрэхэд надад түлхэц өгч ингэснээр би бусдад бодитой тус хүргэх боломжтой болно. Одоо тэдэнд туслахад надад саад болж байгаа зүйл бол миний хязгаарлагдмал чадавх бөгөөд би өөрийн чадамжийн хязгаарлагдмал байдлыг арилгахыг маш их хүсэж байна гэнэ.

Тэр нь юуг арилгахыг мэдэх

Бидний мэдэх хэрэгтэй дараагийн зүйл: Энэхүү сэтгэлийн төлөв нь юуг арилгах вэ? Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдыг үл хайхрах хөндий хүйтэн сэтгэлийг арилгана. Энэ нь бусдад туслахыг хүсэхгүй байх залхууг арилгах, өөртэйгөө ажиллахыг хүсэхгүй байх залхууг даван туулахад надад тусална. Энэхүү хүйтэн хөндий сэтгэлийг арилгаснаар би бусдад илүү их тусалж чадна. Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх, түүн дээр бясалгах эдгээр элементүүдийг мэдэж байвал тус бясалгалыг зөв хийж байгаа гэсэн бүрэн итгэлтэй болж чадна; бид юу хийж байгаагаа, ямар учраас түүнийг хийж байгаагаа зөв мэдэх болно. Бид энэхүү бясалгалд ороход зөв бэлтгэгдсэн байна. Үгүй бол энэ нь усан сангийн гүн ус руу үсэрч орох боловч хэрхэн сэлэх талаар ямар ч ойлголтгүй байхтай адил болно. Хэрэв бид ердөө “За, суугаад бясалгая” гэх ба юу хийх ёстойгоо мэдэхгүй байвал бид ямар нэг сайн үр дүнд хүрэхгүй нь лавтай.

Top