Бясалгалд шаардагдах сэтгэлийн хүчин зүйлүүд

Ажиглах бясалгал

Ерөнхийдөө бясалгал нь ажиглах бясалгах, тогтоох бясалгал гэсэн хоёр үе шаттай байна. Ажиглах бясалгалыг бид үе шаттайгаар эсвэл өөрт дадуулах гэж буй сэтгэлийн төлөвийг бий болгохдоо гаргаж ирж байсан ойлголтуудын адилаар учир шалтгааны үндэслэл дээр тулгуурлах гэсэн хоёр аргын аль алинаар нь хийнэ. Тухайлбал, энэрэн нигүүлсэх сэтгэлийн хувьд бид эхэлж өөрийн зовлонгийн талаар бодож дараа нь түүнээс ангижрах шийдвэр гаргана. Үүнийг суурь болгон бид өөрийг тойруулан асар олон амьтныг дүрсэлж садагнах, дайсагнах, үл хайхрах сэтгэлгүйгээр тэдгээр амьтан бүрд өөрийн зүрх сэтгэлийг тэлнэ. Ингээд эдгээр хамаг амьтан дээр анхаарлыг хандуулсан хэвээр бидний тэд бүгдтэй холбогдох холбоо, тэднээс хамаарах хамаарлыг санана.  

Ингээд ийнхүү анхаарал хандуулах зуур тэдний эдлэх бүхий л зовлонг санана. Тэд гол төлөв зовж, цөхөрсөн байх бөгөөд тэдний эдлэх аливаа баяр жаргал ердөө ч удаан үргэлжлэхгүй ба сэтгэл нь хэзээ ч бүрэн ханадаггүй. Тэд баяр жаргалтай байхыг хичээх боловч өөрсдийг баяр жаргалтай болгохыг хичээн хийх аливаа оролдлого нь, жишээ нь өөрийн харагдах байдлын талаар хийх зүйл эсвэл эд зүйлс хурааж хуримтлуулах зэрэг нь хэзээ ч санаснаар болдоггүй; тэдгээр нь ердөө илүү их асуудал авчирдаг. Бид бүгдээрээ адилхан нөхцөлтэй бөгөөд бидэнд хүн бүрийн тусламж хэрэгтэй, учир нь хэрэв хүн бүр дор бүрээ хувиа хичээх юм бол бид бүгдээрээ зовно гэдгийг бас өөрсөддөө сануулна.  

Ийм байдлаар бид өөрт энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх ба энэ үед бид эдгээр асар олон хамаг амьтныг бүхий л зовлонгоосоо ангижрахыг хүсэх хүсэл, тэдний асуудал бэрхшээлийг арилгахад туслах ямар нэг зүйл өөрөө хийхийг зорих сэтгэлээр тэдэн дээр анхаарлыг төвлөрүүлж байна.     

Ажиглах бясалгалаар бид энэхүү хамаг амьтан дээр энэрэн нигүүлсэх сэтгэлээр анхаарлыг үргэлжлүүлэн төвлөрүүлсээр байх боловч үүний зэрэгцээ энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх үүднээс авч үзсэн тэдгээр санаа, ойлголтуудыг бүгдийг ажиглах буюу ойлгож танина. Энэ үед бидний энэрэн нигүүлсэх сэтгэл нь бүдүүн хувьт шинжлэл болон “нарийн ажихуй” сэтгэлийн хүчин зүйлийг багтаасан байна. Эдгээрийн эхнийх буюу шинжлэлээр өөрийн сэтгэл тогтох орныг ерөнхийд нь шинжлэх буюу анзаарах ба энэ тохиолдолд амьтан зовж байна гэдгийг харах юм. Харин дараагийн ажиглахаар амьтны эдэлж буй зовлонгийн төрөл зүйлийн ялгамжааг нарийн ажиглана гэсэн үг. Ингээд энэ хоёр нөхөр сэтгэлээр  бид энэ бүх санаа, ойлголт бүрийг нэг нэгээр нь ажиглаж эсвэл тэднийг сэтгэлдээ дүрслэх бус харин тэдгээрийг илүү нарийн, гүнзгий нэг ойлголт, сэтгэлийн нэг төлөв болгон нэгтгэн ойлгож танина. Хэрэв тэдгээр санаа, ойлголтууд нь тодорхой бус, хүчгүй болж эхэлбэл тэдгээрийг дахин нэг нэгээр нь давтан санаж, бүдүүн шинжлэл, нарийн ажиглахуй, төвлөрөл бүхий энэрэн нигүүлсэх сэтгэлийг дахин төрүүлнэ.

Тогтоох бясалгал

Ажиглах бясалгалыг тогтоох бясалгалаар үргэлжлүүлнэ. Бид эдгээр тоо томшгүй олон амьтан дээр анхаарал хандуулан тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийг тэгш төрүүлэх боловч энэ удаа тэдгээрийн гаслан зовлонг бүдүүн хувьтай шинжлэн, нарийн хувьт ажиглалгүйгээр гагцхүү тэдний зовж бэрхшээж буй гэдгийг алдаа мадаггүйгээр сэтгэлдээ дурьдан агуулж байх юм.   

Энэ бол бясалгалын үйл явц; юмсыг хэрхэн холбож тэдгээрийг өөрийн зуршил болгох үйл явц. Бид бясалгалын нэг орон дээр анхаарлаа төвлөрүүлэх эсвэл сэтгэлийн нэг төлөв дээр тогтох, мөн энэ хоёрыг хослуулсан нэг төрлийн бясалгал эдгээрийн алины ч талаар ярьж байсан эдгээр үйл явц, ойлголт санаанууд бүгд адилхан байна.

Ажиглах болон тогтоох бясалгалыг хооронд нь ялгах

Дээрхийн гэгээн Далай лам ажиглах болон тогтоох бясалгалын ялгааг таны сэтгэлийн үйл ажиллагааны энергийн үүднээс тайлбарласан байдаг. Энэ бол тэдгээрийг ялгах маш нарийн, боловсронгуй арга юм. Ажиглах бясалгалаар таны анхаарлын энерги гадагш чиглэх ба энэ нь ямар нэг зүйлийг бүхий л нарийн хэсгүүдээр нь авч үзэх гэсэн утгатай байна. Тогтоох бясалгалаар таны анхаарлын энерги дотогш чиглэх ба энэ нь ажиглах бясалгалаар гарч ирсэн хамгийн гол санааг таньж барьсан  дурьдлаар тунгаахад анхаарна гэсэн утгатай. Энерги нь ажиглах бясалгалд гарах адилаар гадагш тарахгүй харин гол санаа уруугаа хураагдан чиглэнэ. 

Хэн нэгнийг энэрэн нигүүлсэх сэтгэлээр ажих үед энерги тэрхүү энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбогдох нарийн ойлголт бүрээр тарах болон тэрхүү энэрэн нигүүлсэх сэтгэлийг тогтоосноор энерги илүү ихээр хуримтлагдан төвлөрч ирэх хоёрын ялгааг ялгахад нарийн ур чадвар шаардагдана. Энэ чадвар бол сэтгэл тайван байснаар гарч ирэх түүний эерэг нөлөөллүүдийн нэг юм. Хэрэв та наад зах нь тодорхой хэмжээгээр толгойд эргэлдэх бүхий л чимээ шуугианыг (тасралтгүй ярьж, цаг үргэлж сэтгэгдлээ илэрхийлж, үргэлж iPod-оор дуу хөгжим сонсохыг) намжааж чадвал тэр үед та өөрийн энергийг мэдэрч эхэлж чадах ба өөрийн сэтгэлийн энергийг ямар төлөвт байгааг хэлж чадна. 

Өөрийн энергийг мэдэрч эхлэх хамгийн сайн арга бол энерги тань эмх замбараагүй эсвэл тайван байгаа эсэхийг ажиглах явдал. Жишээ нь, уур, айдас, сэтгэл зовнил, шунал эсвэл бардам сэтгэл гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орсноор таны сэтгэл тайван бус болсон эсэхийг илрүүлэх. Хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ хэрэв та хэвлий орчмоор чангарсан байдлыг мэдэрч байвал энэ нь таны энерги бага зэрэг хямарсны илэрхийлэл бөгөөд түүнд тодорхой нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн оролцоо байгаагийн маш тодорхой шинж юм. Та тухайн хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлэх, эсвэл түүнд ямар нэг зүйлийг итгүүлэхийг хичээж байж болно, эсвэл ямар нэг түрэмгийлэх хандлага гаргаж байж болно – эдгээрийн аль аль нь таны сэтгэлд сэтгэлийн тайван байдал алдагдуулах ямар нэг зүйл байгааг илэрхийлэх боломжтой. Нэгэнт та ямар нэг зүйл буруу байгааг таньсан бол энэ үед та өөрийн бодох үйл явцыг дахин эхлүүлэх боломжтой болно – нэг үгээр хэлбэл сэтгэлээ шинээр эхлүүлэн, харилцааныхаа цаана байх тэрхүү сэтгэл хөдлөлийг өөрчлөн илүү бусдад тустай сэтгэлийг оронд нь төрүүлнэ гэсэн үг. Ялангуяа хэн нэгэнтэй санал солилцож байгаа тохиолдолд та сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг илрүүлж чаддаг байх үнэхээр хэрэгтэй. 

Цаг хугацаа өнгөрч, бүтээлийг хийх хэрээр та ажиглах бясалгалын гадагш тарах энерги болон тогтох бясалгалын илүү нарийсч ирэх энергийг хангалттай ялгаж чадах хэмжээнд мэдрэмжтэй болно.

Төвлөрөл төлөвшүүлэхэд шаардагдах сэтгэлийн хүчин зүйлүүд

Төвлөрөл төлөвшүүлэхэд шаардлагтай сэтгэлийн хүчин зүйлүүд (сэтгэлээс гарагч сэтгэлүүд) нь ажиглах болон тогтоох бясалгалын аль алинд нь нийтлэг байна. Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй зохиолдоо тэдгээрийг ёс зүйн сахилга батыг төлөвшүүлэх үүднээс авч үзсэн байдаг. Юуны түрүүнд бид тэдгээр аргуудыг зан байдлын ил хэлбэр болох хэрхэн үйлдэл хийх, ярих хэв маягтаа төлөвшүүлээд дараа нь тэднийг сэтэлийнхээ үйл ажиллгаанд ашиглах хэрэгтэй. 

Энэхүү хоёр бясалгалын аль алинд нь бидэнд хэрэгтэй, бидний хэрэглэж болох хамгийн гол сэтгэлийн хүчин зүйл бол дурдал (санамсар) бөгөөд энэ нь тодорхой нэг сэтгэлийн төлөв эсвэл тодорхой нэг зан байдлыг хадгалж байх сэтгэлийн цавуу адил сэтгэлийн хүчин зүйл юм. Энэ бол “санах” гэдэг үгтэй ижил утгатай боловч энд өөрийн ой санамжинд буй мэдээллээс ямар нэг мэдээллийг гаргаж авах талаар ярьдаггүй. Энэ ийм биш. Энэ бол ямар нэг зүйлийг байлгаж байх; санах гэсэн утгатай. Анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйл болон сэтгэл түүнтэй хэрхэн холбогдож байгаа байдлыг хадгалж байх сэтгэлийн цавуу бидэнд хэрэгтэй. 

Дурдалыг хадгалан бясалгаж байх зуур бид сэтгэл дээр хяналт тавина. Нэг үгээр хэлбэл, бидний сэтгэлийн төлөв байдал сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон догшрохуй ба живэхүйн нөлөөнд орж байгаа эсэхийг мэдэх бүдүүн мэдэхүй сэтгэлийн хүчин зүйлийг энд бид ашиглана хэмээн Богд Зонхов тэмдэглэсэн байдаг. Тэрбээр нарийн ажихуйгаас илүүтэй бүдүүн мэдэхүйг онцолсон нь илэрхий байна. Нарийн ажихуй нь нарийн хэсгүүдийг ажиглахад оролцдог ба энэ үед бидний анхаарал анхаарлаа төвлөрүүлэх зүйл дээрээ ихэнх төлөв тогтохгүй болов уу. Бясалгалд төвлөрлийнхөө орныг алдаж анхаарал олон зүйлд сарниж, учир шалтгааны үндэслэлгүй бодит бус ойлголтонд хэт автсанаар сэтгэл хатуу хөшүүн, тайван бус болох том аюул байдаг. Энэ нь том асуудлыг бий болгоно. Мөн нөгөө талаараа та хэт тайван, цалгар назгай байхгүй байх хэрэгтэй; энэ нь ердөө тус болохгүй. 

Үүний дараа бидэнд мэдэмсэр хэрэгтэй болох ба энэ нь дохиоллын системтэй адил. Бясалгалын орныг алдаж байгааг мэдэх үед мэдэмсэр дохиоллыг ажиллуулж – ямар нэг зүйлийг засах хэрэгтэй болно. Ингээд бид анхаарлыг хүрэлцэхүй сэтгэлийн хүчин зүйлээр (51 сэтгэлээс гарагч сэтгэлд багтах хотолд одогч таван сэтгэлийн тавь дахь нь хүрэлцэхүй хэмээх сэтгэлээс гарагч сэтэл бөгөөд үүнийг сэтгэлийг оронтой нь учруулж үйлдэгч чанарт хэмээн тодорхойлдог) буцаан авчирна.    

Гарсан тохиолдолд засах шаардлагатай гэмүүд

Бидний арилгахыг хичээх хоёр гэм нь хоёр үндсэн ангилалд хуваагдана: “сэтгэл догшрохуй” ба “сэтгэл живэхүй.” Сэтгэл догшрохуй нь хүсэл эсвэл шуналын улмаас сэтгэл сарних явдал юм. Ихэнх уламжлалт зохиол бүтээлүүдэд догшрохуйг бэлгийн дур хүслийн үүднээс авч үзсэн байдаг ба учир нь тэр цаг үед бүтээл үйлддэг голлох хүмүүс нь эрэгтэй, эмэгтэй хуврагууд байсан бөгөөд тэдний хувьд бэлгийн дур хүслийг даван туулах нь гол асуудал байсан байж болох юм. Гэвч энэ нь хоол хүнс эсвэл дуу хөгжим гэх мэт юу ч байж болно. Сэтгэл сарних явдал нь мөн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, бодол эсвэл бүр дуу шуугиан болон бусад мэдрэхүйн нөлөө бүхий төлөв байдлуудаас шалтгаалсан байж болно. Сэтгэл сарнихыг “сэтгэл алгасрах” гэсэн илүү ерөнхий утгаар нэрлэх нь бий. 

Анхаарлыг төвлөрлийн орон эсвэл сэтгэлийн нэг төлөв дээр төвлөрүүлэхтэй холбоотой догшрохуйн хэд хэдэн түвшин байна.

  • Бүдүүн догшрохуй – та төвлөрлийн орноо бүрэн алдаж, бүхий л янз бүрийн зүйлийн талаар бодож эхэлнэ. Сэтгэлийн цавуу болох дурдал төвлөрлийн орноо бүрэн мартах хэмжээнд үнэхээр сул болсон байна.
  • Нарийн догшрохуй – та төвлөрлийн орноо бүрэн алдахгүй боловч төвлөрлийн орныг барихын зэрэгцээ түүний цаана сэтгэлд ямар нэг өөр зүйлийн талаар бодох бодол гүйж байна.  
  • Нарийнаас нарийн догшрохуй – төвлөрлийн орны цаана гүйх ийм бодлын урсгал танд байхгүй ч төвлөрлийн орныг орхиж, өөр зүйлийн талаар бодох нэг төрлийн хүсэл төрнө. Энэ нь сэтгэлийн баримтлал хэт чангарсан үед тохиолдох боломжтой.       

Живэхүй нь төвлөрлийн орны тодрох хувьтай холбоотой ба дүрслэх бясалгал хийж байгаа тохиолдолд энэ нь төвлөрлийн орны харагдах байдал байж болно, хэрэв энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт сэтгэлийн төлөв дээр бясалгаж байгаа бол тэр нь сэтгэлийн мэдрэхүй байж болно.

  • Бүдүүн живэхүй – таны сэтгэлийн “төвлөрлийн орныг ургуулах” хэмээх үүрэг нь суларснаар ямар нэг дүрслэл эсвэл сэтгэлийн төлөв, мэдрэхүйг ердөө гаргаж чадахгүй болно. Үүнийг бие болон сэтгэл хүндрэх “будангуйрал” хэмээх сэтгэлийн хүчин зүйл мөн нойронд автах бүр унтах гэсэн эдгээр хоёр сэтгэлийн хүчин зүйл дагалдаж болно.
  • Нарийн живэхүй – төвлөрлийн орон ургах боловч түүнийг барих сэтгэлийн баримтлалын хүч нь суларснаар хурц байдал үгүй болно. Энд бид зөвхөн дүрслэлийн нарийн хэсгүүд дээр төвлөрөх төвлөрлийн хурц байдал төдийгүй энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт төвлөрч байгаа сэтгэл нь бас төвлөрлөөс гарч болохыг ойлгоно. Та “асрал хайр, амар амгалан; хүн бүр амар амгалан байгаасай” гэсэн сэтгэл төрүүлэх ба энэ нь хүн бүрийг зовлон хийгээд зовлонгийн шалтаанаас ангид байхыг хүсэх хүсэл бүхий энэрэн нигүүлсэх сэтэлийн тодорхой төвлөрөл үгүй маш бүдэг сэтгэл байж болно. Бидний төрүүлэхийг хүсэж байгаа сэтгэлийн төлөвийн бүх нарийн хэсгүүд, онцлог талууд маш тодорхой байх ёстой – бүдэг, тодорхойгүй байж болохгүй.
  • Нарийнаас нарийн живэхүй – сэтгэлд төвлөрлийн орон ургах үед таны төвлөрөл хурц байх боловч түүнийг үргэлжлүүлэн хадгалах хүч суларснаар төвлөрөл хурц, тод, амьд мэт биш болно. Төвлөрөл агшин хором бүрд шинэ, сэргэг байх ёстой ба олон хонож хатан сайхан амтгүй болсон хуучин талхны адил болохгүй байх ёстой.

“Анхаарал сарних” гэж ярих үед энэ нь дээр дурдсан гэмүүдийн алинтай ч холбоотой байж болох учраас бид тэдгээрийн аль нь ч гарч ирсэн илрүүлэн таньж чаддаг байх хэрэгтэй. Эхлээд тухайлсан төвлөрлийн орон эсвэл сэтгэлийн төлөв дээр сэтгэлийг төвлөрүүлэн оршооно. Ингээд сэтгэлийн цавуу болох дурдлаар түүнийг барина. 

Энэ бол бясалгал амжилттай болох хамгийн чухал сэтгэлийн хүчин зүйл. Тогтоон барих боловч хэт чанга бас хэт сул биш байна. Жишээ нь, та хоолны дэглэм барьж байх үедээ талх, нарийн боовны мухлагийн хажуугаар өнгөрөн, цонхонд байрлуулсан амтат бялуунуудыг харсан ч та хоолны дэглэмээ барих ёстой учраас түүнийг баримтлан, дэглэмээ алдахгүй байснаар та мухлаг уруу орж шоколадтай бялуу худалдан авахгүйтэй адил. Эсвэл ширээнд сууж байгаа хүн бүрийг мөхөөлдсөөр дайлах үед та дэглэмээ барин түүнийг алдахгүйгээр “Үгүй ээ, баярлалаа, би хоолны дэглэм барьж байгаа” гэхтэй адил.   

Ингээд бид сэтгэл алгасарч байгаа эсэхийг илрүүлэх хэрэгтэй болно. “Төвлөрлийн оронд орших миний сэтгэлийн оршил болон төвлөрлийн орныг барих миний баримтлалд гэм байна уу? Тухайлсан төвлөрлийн орон эсвэл төвлөрөх сэтгэлийг сэтгэлд ургуулахад сэтгэлд ямар нэг эндүү буруу зүйл урган алгасарч байна уу?” Хэрэв бид ямар нэг гэм илрүүлбэл мэдэмсэр дотоод дохиоллыг ажиллуулснаар хүрэлцэхүй нь анхаарлыг буцаан авчирна. Үүний зэрэгцээ бид харуул манаач болох нэг “би” болон бясалгах нэг “би” байна хэмээн үзэх бодит байдалтай холбоогүй эндүү ойлголттой харуул манаач байж болохгүй. Аливааг хоёр үндсэн хэсэгт хувааж үзэх дуализмаас зайлсхийхийн тулд бид оршихуйн байх боломжгүй ийм хэлбэр нь хоосон (байхгүй) гэсэн – би-гийн  хоосон чанарын талаарх тодорхой ойлголттой байх хэрэгтэй болно.   

Бясалгалаар сурсан чадваруудыг өдөр тутмын амьдралд хэрэглэх нь

Тухайн нэг зүйл дээр дурдал, төвлөрөлтэйгөөр анхаарч байх чадвар нь бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйл. Ийм учраас бид бясалгалд суралцдаг: өөрийн төлөвшүүлж бий болгосон эерэг сайн зуршлуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чадах явдал. Жишээ нь, хэн нэгэнтэй ярилцаж, эсвэл тэднийг сонсож байх үед бид анхаарлаа түүнд хандуулах хэрэгтэй байдаг. Бид анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байх хэрэгтэй бөгөөд өдрийн хоолны талаар бодох эсвэл “Энэ хүн яриагаа хурдан дуусгаад, хурдан яваасай” гэх мэтээр сэтгэлдээ бодохгүй байх хэрэгтэй. Иймд хүмүүстэй харилцах бидний харилцаа, бидний ажил, сургууль зэрэг нь төвлөрлөх дадлага хийх хамгийн таатай нөхцөл болно.

Дөрвөн суурь

Бясалгалаар төвлөрөл төлөвшүүлэх үед бидэнд хэрэгтэй хоёр зүйл бол эрч хүч (гол төлөв “хичээнгүй” гэж нэрлэдэг) болон тэвчээр. Эрч хүч гэдэг бол ямар нэг эерэг зүйлд хүрэх хүчтэй, баатарлаг зориг, хүчин чармайлт юм. Харин тэвчээр бол шантарч эсвэл бухимдахгүйгээр бэрхшээл, хатуужлыг тэсэх чадвар. Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй зохиолдоо эрч хүчийг төлөвшүүлэхэд тус болох зургаан хүчин зүйлийг тайлбарлан үзүүлсэн байдаг. Тэдгээрийг бид (эрдэм бүтээхийн) дөрвөн суурь (хөл) ба хоёр хүч гэдгээр нь мэднэ. Эдгээрийг мэдэж, ашиглах нь тустай. 

Эхнийх нь бат итгэлтэй, бат эрмэлзэл. “Эрмэлзэл” гэдэг бол хүсэл гэдэг үгийн нэг хүчтэй хувилбар бөгөөд тус үгийг ямар нэг зорилгын ач тус болон түүнд хүрэхгүй байхын сул талд бат итгэсэн итгэл гэсэн утгаар тодорхойлдог. Иймд тухайн нэг зорилгод хүрэх эрмэлзэл бол гуйвшгүй мөн буцаах боломжгүй сэтгэл байна. Бурханы шашны бүтээлээр бидний хүрэхийг хүсдэг тэдээр олон янзын сэтгэлийн төлөвүүдийн талаар унших үед зохиолын бичлэгийн хэлбэр нь бараг ихэнх тохиолдолд тэдгээрт хүрэхийн ач тус болон хүрэхгүй байхын сул талыг тайлбарласан тайлбараар эхэлсэн байна. Эдгээрийг мэдэх нь чухал. Шантидэва гэгээн өөрийн бүтээлдээ бичлэгийн энэ хэв маягийг баримталсан байдаг бөгөөд эхний бүлэгт бодь сэтгэлийн талаар өгүүлдэг. Бидэнд энэхүү сэтгэлийн төлөвийн ач тусад итгэх итгэл төрж, энэ нь бидэнд эрч хүч өгч, түүнийг төлөвшүүлэхэд хичээл зүтгэл гаргах урам зориг төрүүлнэ. Ямар ч тохиолдолд шантрах сэтгэл төрөх үед хүрэхийг зорьж буй зүйлийнхээ ач тусыг өөртөө сануулах нь чухал. 

Дараагийнх нь өнө удаан хугацааны хичээнгүй туурвил, өөрт итгэх итгэл. “Өнө удаан хугацааны хичээнгүй туурвил” гэдэг нь бүтээлдээ тууштай, хичээл зүтгэлтэй байх гэсэн утгатай бөгөөд энэ нь зорьсон зорилгодоо хүрч чадах эсэхийг нягталж, түүнд хүрч чадна гэсэн итгэлтэй болсноор төрнө. Өөрт итгэх итгэлээр бид бүтээлийн явц өгсөж уруудаж, сайнтай, муутай байх ямар ч нөхцөлд өөрийг тууштай байлгана. Өгсөж, уруудах явдал бол аливаа үйл явцын бодит байдал. Зарим өдөр бүтээл амжилттай сайн байх боловч зарим өдөр тийм биш байна. Зарим өдөр бид шаргуу хичээнгүй байх боловч зарим өдөр бүтээл хийх хүсэл ердөө төрөхгүй. Гэвч хэрэв бид бүтээлийнхээ ач тусад бүрэн итгэлтэй, хэрэв бидэнд хөө хуяг мэт хэмээн тодорхойлогддог хичээнгүй байх юм бол бид “Энэ бол асуудал биш. Ийнхүү өгсөж уруудах нь тийм их хамаатай биш, би өдөр бүр тууштай бүтээлээ үргэлжлүүлсээр байх болно. Яваандаа зорилгодоо хүрнэ гэдгийг би мэдэж байгаа” гэнэ.  

Чамгүй хугацаанд хичээсний дараагаар бид алгуур явагдах ахицыг харж эхлэх ба энэ үед дараагийн суурийг төлөвшүүлнэ, энэ бол баясал юм. Бид ердөө нэг багахан ахицад сэтгэл ханадаггүй бөгөөд өөртөө сэтгэл хангалуун хандлагаар илүү цааш гүнзгийрүүлэх урам зориг дүүрэн байдаг. Үр дүнд нь бид илүү амгалан, жаргалтай болох нь ойлгомжтой. Учир нь энэ бүхний гол зорилго бол зовлонг арилгах. Сэтгэл сарних, хямрах, тайван байдал нь алдагдах нь багасах хэрээр бид мэдээж илүү амгалан, жаргалтай болно. Үүнийг ойлгосноор бид цааш үрэлжлүүлэн, илүү их ахиц гаргахыг үнэхээр их тэмүүлэх болно. 

Дөрөв дэх суурь нь амралт. Энэ нь ядарсан үед завсарлах гэсэн утгатай. Завсарлагыг залхуурах үүднээс бус харин өөрийг сэргээх үүднээс авна. Өөрийг хэт шахан эрч хүчээ барахаас илүү ихээр бидний хүчин чармайлтыг үгүй хийдэг зүйл байдаггүй. Өөрийг хэт шахах нь бие махбодын энергийг үнэхээр хямраадаг – агаарын бөмбөлөгийг хагарах хүртэл нь шахахтай адил. Бид өөрсдийгөө үнэлж дүгнэн, хэзээ амрах хэрэгтэйгээ тодорхойлж чаддаг байх хэрэгтэй – гэм буруутай мэт сэтгэлээр өөрт хандахгүй байх хэрэгтэй! Сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэх зүйл бус харин өөрийг амраахад тус болох ямар нэг зүйлийг сонгох нь зөв. Мэдээж энэ нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй зүйл байна. Эдгээр нь эрч хүч төлөвшүүлэх дөрвөн суурь юм.          

Хоёр хүч

Одоо хоёр хүчийг авч үзье. Эхнийх нь аясаар нь хүлээн авах. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд бидний бүтээх ёстой мөн арилгах ёстой зүйлүүдийг ая зөнд нь хүлээн авах гэсэн утгатай. Бид өөрсдийн нөхцөл байдлын бодит байдлыг ойлгон, жишээ нь, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг арилгах явцад оролцоотой гарах бэрхшээлүүдийг зөнгөөр нь хүлээн авна. Хэзээ хойно энэ бүхэн ямар хэцүү болохыг гайхахгүй байх үүднээс бид эхнээсээ бодит хандлагатай байх хэрэгтэй! 

Дээрхийн гэгээн Далай ламын байнга хэлдэгчлэн “Бурханы шашныг хялбар бөгөөд хурдан хэмээн тодорхойлох Бурханы шашны багш эсвэл өөр хэн нэгэн хүн байвал тухайн хүн болон түүний сэдэлд хянуур хандах хэрэгтэй. Учир нь энэ бол ердөө хялбар бөгөөд хурдан зүйл биш. Бид сэтгэлийн тайван байдалд алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдэд тэднийг эм уугаад арилгах адил хялбараар арилгах аргагүйгээр үнэхээр их дадсан байдаг.” Миний өөр нэг багш болох гэвш Наваан Даргей “Хэн нэгэн Бурханы шашны хялбар бөгөөд хурдан зам мөрд татагдаж байвал, энэ бол залхуугаас шалтгаалж буй хэрэг. Тэд үнэндээ шаардлагатай тэрхүү хэцүү зүйлүүдийг нь хийхийг хүсэхгүй байна” гэж үргэлж хэлдэг байсан.

Хоёр дахь хүч бол хяналт тавих. Энэ нь хяналттай байж, өөрийн хүрэхийг хүсэж буй зүйлдээ өөрийгөө дайчлах гэсэн утгатай. Залхуурах эсвэл өөр бусад сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орохоос илүүтэйгээр зорилгодоо хүрэх эрмэлзэл нь биднийг жолоодох зүйл болох ёстой. Бид өөртөө “Хүүхэд шиг бүү бай. Шийдвэр гаргаад, ердөө хий!” гэж хэлнэ.          

Ядарсан уу эсвэл залхуурч байна уу?

Ядарсан эсвэл залхуурч байгааг хэрхэн ялгах вэ хэмээн та гайхаж байж болно. Юуны өмнө, залхуурах өөр өөр төрлүүд байдаг. Жишээ нь, аар саар зүйлд сэтгэл татагдан залхуурах. Бид бясалгалаа хийх эсвэл уншиж судлах гэх мэт юу ч хийх байсан түүнийг хийхээс залхуурч, түүний оронд телевизийн хөтөлбөр үзэх эсвэл интернетэд холбогдох зэргээр өөр зүйлд сэтгэл татагдан залхуурна. Мөн, дараа нь хийнэ хэмээн хойш тавих залхуу гэж байна. Энэ үед та юмсыг хойшлуулж болно гэж үргэлж бодож байдаг. Дараагийнх нь, “Би үүнийг ердөө хийж чадахгүй юм байна” гэх шалтаг заах залхуу байна. 

Ядарсан үед бидэнд тухайн зүйлийг хийх хүсэл байсаар байдаг: “Би үүнийг хийхийг үнэхээр хүсэж байгаа боловч нойр маш их хүрч байгаа учраас түр нэг амраад эргэж түүндээ эрчтэй орьё” гэдэг. Энэ бол шалтаг хайж эсвэл анхаарал тавихгүй байгаа хэрэг биш. Залхуурахад үргэлжлүүлэхийг үнэхээр хүсэх ийм хүсэл байдаггүй.

Дүгнэлт

Бясалгах хялбар биш бөгөөд хэрэв хэн нэг хүн гайхалтай эрдэм чадалд хурдан хүрэх аргууд байдаг гэж зүтгэх юм бол бид түүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь ийм зүйл бараг байдаггүй.
Бясалгал нь бүрхэг эсвэл хийх зүйл нь тодорхойгүй биш, харин өөрсдийн сонссон, тунгаан бодож байсан сургаалуудыг гүнзгий ойлгох идэвхтэй үйл явц байх хэрэгтэй. Хэрэв бид ингэж чадвал сургаалууд өдөр өдрөөр, жил жилээр бидний сэтгэлд сууж, асуудлууд гарах эсвэл сөрөг сэтгэл хөдлөлүүд төрөх үед, эдгээр зүйлүүд тохиолдох учраас, бид тэднийг хүчин чармайлт гаргахгүйгээр шийдвэрлэж чаддаг болно.  

Top