Өөрийн чадамжийг мэдэх
Энэ бүх зүйлд үнэндээ хүрэх боломжтой эсэх, надад үүнд хүрэх чадамж бий эсэх талаар бид хараахан ихийг яриагүй байгаа. Энэ нь бид бүгдэд байх Бурхан болон өөрчлөгдөх боломж олгох хүчин зүйлүүдийг илэрхийлэх Бурханы-чанар гэдэг зүйлийн тухай яриа уруу хөтөлнө. Энэ нь голлон сэтгэлийн шинж чанарыг авч үздэг.
Бид юмсыг ойлгох чадамжтай юу? Тийм. Бид ямар нэг зүйлийг үргэлж мэдсэн хэвээр байх чадамжтай юу? Бид ямар нэг зүйлийг тодорхой хугацааны турш мэдэж байх чадамжтай тул тэрхүү хугацааг уртасгах боломжтой юу? Тийм. Бид түүнийг бясалгалын аргууд болон тэдгээрт суралцаж дасах байдлаар уртасгаж болох боловч маш энгийнээр хэлбэл үр дүн нь бидний сонирхол, сэдлээс шалтгаална. Энэ нь бидэнд чухал, ач холбогдолтой байх ёстой.
Энэ нь дэлгүүр явахдаа хэдэн төгрөгтэй байгаагаа мэдэж байхтай адил, учир нь та түүнээс илүү гарган худалдан авалт хийх боломжгүй. Бусад үед, та гэртээ сууж байгаа тохиолдолд таны халаасанд хэдэн төгрөг байх нь ямар ч ялгаагүй. Энэ нь хамаагүй бөгөөд та түүнийг анхаарахгүй. Үүний адил, сургаалын талаар бодох үед тэдгээр нь бидэнд ач холбогдолтой байх хэрэгтэй. Тэдгээр нь бидэнд хамаатай байхын тулд бид тэдний үүрэг, яагаад бидэнд чухал болохыг ойлгох хэрэгтэй. Үүнийг бид өөрийн биед болон өөрт тохиолдох, өөрийн туулж эдлэх зүйлүүдэд анхаарал тавих “асрах хандлага” гэж нэрлэгдэх тэр суурь сэтгэлийн төлөвөөр авч үзэж болно.
Өөрийг асрах
Энэхүү асрах хандлага нь бусдад чиглэсэн үед бид түүний үүргийг илүү хялбар ойлгож болох юм. Хэрэв би бусдын талаар санаа тавьдаггүй бол миний юу хийх эсвэл хэлэх, эсвэл тэд түүнд дуртай эсвэл дургүй байх нь үнэндээ хамаагүй байна. Хэрэв би тэднийг чухал гэж авч үзэж байвал өөрийн зан байдал тэдэнд хэрхэн нөлөөлөх талаар санаа тавина. Бид ийм санаа тавих сэтгэлийг мөн өөртөө зориулан төлөвшүүлэх хэрэгтэй. Хэрэв би бүхий л цаг хугацаагаа үрж, өөрийн эрдэнэт хүний төрлийн хэргийг гаргахгүй байвал нэгэн цагт би энэ их боломжийг алдсандаа ихэд харамсан насан эцэслэх болно.
Үүнийг бид өдөр тутмын амьдралын энгийн зүйлүүдэд бас чиглүүлж болно. Би хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх, ажлаа хэрхэн хийхдээ анхаарч болно; би бие болон сэтгэлийн эрүүл мэнд, сайн сайхандаа анхаарч болно. Энэ нь сургаалыг өөрт чухал гэж үзэх ийм төрлийн хандлагатай холбогдоно. Сургаалыг сэтгэлдээ санаж байснаар яваандаа, тэдгээрийг хэдий цаг үргэлж санахгүй ч, ямар ч атугай өдрийн ихэнх хугацаанд санаж чаддаг болно. Бясалгал бол сургаалыг өөртөө олон дахин сануулж, дадлага хийн давтсанаар тэдгээрийг санахыг хичээх шаардлагагүй, сэтгэлээс аяндаа төрөх түүний хэсэг болгох арга юм.
Хэрэв бид эдгээр ойлголтонд хүрч чадна гэсэн итгэлтэй байвал бид түүнийг хийхэд бүх зүрх сэтгэлээ зориулна. Хэрэв бид тийм итгэлгүй бол гараа дэвж дэлэн нисэхийг оролдохтой адил: яагаад бид ийнхүү өөртөө төвөг удна гэж? Эхэндээ бид гэтлэхүй, гэгээрэл гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мэдэхгүй байж болох ч бид үүнийг ойлгох, ойлгоход хүчин чармайлт гаргах урт хугацааны зорилготой байхын зэрэгцээ үхэхийг санаж байх нь өөрийн амьдралыг үрэхгүй байхад хичээхэд тусална.
Энэрэн нигүүлсэх сэтгэлийн бясалгал
Одоо бид үйл явцын гурав дахь үе шат болох бясалгалыг авч үзэхэд бэлэн боллоо. Энэхүү сэдвийг танилцуулах нэг арга болгон Төвөдийн Бурханы шашны их мастер Богд Зонхов нэг маш тустай зөвлөгөөг өгсөн байдаг. Тэрбээр Судар, тарнийн бүтээл үйлдэхтэй холбоотой захих захиас бүтээлдээ бясалгахын тулд бид “бидний хүрэхийг хичээх сэтгэлийн төлөвийн шалтгаан юу болохыг мэд”-эх хэрэгтэй хэмээсэн байдаг. Иймд, жишээ нь, хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхийг хүсэж байгаа бол юу түүний төлөвшлийн шалтгаан болохыг мэдэх хэрэгтэй.
Энэ бол харилцан хамаарлын аксиом – бусдыг зовлон болон зовлонгийн шалтгаангүй байхыг хүсэх сэтгэл (Бурханы шашинд байх энэрэн нигүүлсэх сэтгэлийн тодорхойлолт) төлөвшүүлэхийн тулд бид тэдгээр хамаг амьтантай харилцан хамааралтай гэдгийг таних хэрэгтэй болно. Үгүй бол бидэнд тэднийг анхаарах сэтгэл ердөө төрөхгүй. Иймд бид бидний оршихуй бүхэлдээ хүн бүрийн – бидний хүнсийг үйлдэвлэдэг, зам тавьдаг гэх мэт тэдгээр хүмүүсийн шаргуу хөдөлмөр, ач тусаас хэрхэн хамаардгийг авч үзнэ. Бидний амьдралыг боломжтой болгоход тэдний хийсэн бүх зүйлийг санаснаар бид талархах, хүндэтгэх сэтгэлийг төрүүлнэ. Чин сэтгэлээс, гүн талархах үед энэ нь тэднийг ихэд эрхэмлэн, хэрэв тэдэнд ямар нэг таагүй зүйл тохиолдвол сэтгэл зовох ийм элгэн дотно сэтгэлийг аяндаа төрүүлнэ. Энэ нь асрах сэтгэлд хөтөлнө: тэднийг амгалан хийгээд амгалангийн шалтгаантай байхыг хүсэх сэтгэл. Харин тэд амгалан үгүй, олон зовлонгоор зовж байвал бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлнэ. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь энэ бүх үе шатыг зохистой дарааллаар дагаснаар төлөвшинө.
Энэрэн нигүүлсэх сэтгэл нь мөн магад гарах сэтгэлээс шалтгаалах ба энэ нь өөрийн зовлонг таньж, түүнээс чөлөөлөгдөх шийдвэрт хүрэх ба хамаг амьтан мөн адил зовлонтой байх төдийгүй түүнээс чөлөөлөгдөх адилхан хүсэлтэй байхыг танина гэсэн үг. Магад гарах сэтгэл нь зовлонгоос ангижрах тэр шийдвэр чухамхүү мөн юм. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдын зовлонд чиглэсэн тэр адил шийдвэр болохын хувьд эхэлж мэдээж өөрт чиглэсэн тийм шийдвэр төрүүлэхээс шалтгаалах нь ойлгомжтой.
Иймд хэрэв бид бясалгалаар энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэхийг хүсэж байгаа бол харилцан хамаарлын энэ ойлголт үнэхээр чухал. Учир нь хэдийгээр бид олон удаагийн дадлага, давтлагаар яваандаа үүнийг шууд төрүүлж сурах ч эхлээд бид түүнийг өөрөө чин сэтгэлээсээ мэдрэх тэр түвшинд хүрэх үе шатуудыг дамжих хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг үнэндээ бясалгахын тулд бид тэдгээр үе шатууд, энэрэн нигүүлсэх сэтгэл төрөх тэдгээр шалтгаануудыг мэдэх хэрэгтэй.
Богд Зонхов цааш нь, бид мөн “шинж чанарыг нь мэд”-эх хэрэгтэй гэсэн бөгөөд энэ нь хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх гэж байгаа бол зовлонгийн бүхий л өөр өөр тал хандлагууд, зовлонгийн шалтгааны өөр өөр тал хандлагуудыг мэдэх хэрэгтэй, хэрэв бид хамаг амьтныг тэр бүхнээс ангижрахыг хүсэж байгаа бол, гэсэн утгатай юм. Энэ бол тэдэнд ердөө ажил эсвэл ямар нэг сайхан идэх зүйл олоход нь туслах тухай биш – бид хяналтгүй дахин дахин гарах төрлийн (самсара, орчлонгийн) түгээмэл хуран үйлдэхүйн зовлон, орчлонгийн оршихуйг бий болгож, түүний үргэлжлэх шалтгаан болдог бодит байдлын талаар үл мэдэх явдал, түүний хамгийн суурь төөрөгдлийн тухай ярьж байна. Асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бясалгахын тулд та ердөө суугаад “Би хамаг амьтныг асарч хайрлана, хэчнээн сайхан байх вэ” хэмээн боддоггүй. Энэ бол маш бүрхэг – бидний төрүүлэхийг хүсэж байгаа сэтгэлийн төлөвүүд бол маш нарийн тодорхой. Бидний төлөвшүүлэхийг оролдож байгаа сэтгэлийн төлөвийг тодорхойлох боломж олгох бүх зүйлийг Богд Зонхов дурдсан байдаг.
Ингээд тухайн нэг сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэхийг оролдох үед бид юун дээр анхаарал хандуулахыг мэдэх нь маш чухал. Сэтгэлд юу тодорч байх хэрэгтэй вэ? Энэрэн нигүүлсэх сэтгэлийн хувьд бид бусад амьтан болон тэдний зовлонд анхаарал хандуулна. Энэ үед энэ нь зүгээр нэг энэрэн нигүүлсэх сэтгэл бус хамаг амьтанд тэгш чиглэсэн “их нигүүслэхүй” байна. Маш олон амьтан байх ба – энэ бол үнэхээр хамаг амьтан байна. Энэ бол “Би энэ ертөнц дээрх хорхой шавьж бүрд тусална” гэсэн итгэхийн аргагүй асар өргөн цар хүрээтэй бодол байна. Энд бид үйлийн үрээсээ шалтгаалан шавьжны төрөл аваад байгаа бие даасан сэтгэлийн үргэлжлэл бүрийн тухай ярьж байна. Энэ нь тэд үргэлж шавьж байна гэсэн үг биш – бид, энэ төрөлдөө шавьж байгаа харин өмнөх төрөлдөө миний эх байсан тэр нэг төрөлхтнийг амгаланд хүргэнэ. Мөн өмнөх төрөлдөө өт хорхой байсан байж болох энэ насныхаа эхийг амгаланд хүргэх юм.
Хамаг амьтан тус бүрийг дүрслэх нь тийм хялбар биш байх боловч Бурханы шашны Их хөлгөний ёсны асар өргөн цар хүрээ бүхий сэтгэлийн бүтээлийн хувьд бүтээл хийхдээ бид өөрийг тойрон олон тооны хүмүүс байгаагаар, тэдний тус бүрийн зовлонг арилгаж байгаагаар дүрслэхийг оролддог. Их хөлгөний ёсны олон олон судрын эхэнд хэдэн арван зуун сая амьтан сургаалыг сонсож байгаагаар дүрсэлсэн байдаг ба энэ нь тэрхүү цар хүрээг илтгэнэ.
Хамаг амьтанд тэгш чиглэсэн ийм төрлийн түгээмэл энэрэн нигүүлсэх сэтгэл бол үнэндээ итгэхийн аргагүй зүйл. Үүний суурь нь сэтгэлээ бусад бүгдэд нээх тэгш сэтгэл байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг зөв бясалгахын тулд бид энэ бүх зүйлийг мэдэх хэрэгтэй.
Мөн сэтгэл нь анхаарлаа хандуулж байгаа тэр зүйлтэйгээ хэрхэн холбогдохыг бид мэдэх хэрэгтэй. Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэлийг бясалгаж байгаа бол бидэнд хамаг амьтныг зовлон үгүй, зовлонгийн шалтгаан үгүй байхыг хүсэх хүсэл байна. Энэ бол хэн нэг хүн тэдэнд туслахаар гарч ирэх эсвэл зовлон нь ердөө алга болохыг хүсэх бус харин бид өөрсдөө тэдэнд түүнийг арилгахад нь туслахыг хичээх явдал юм.
Богд Зонхов цааш нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхэд юу бидэнд тустай, юу бидэнд гэм хортой байхыг бид мэдэх ёстой хэмээн тэмдэглэсэн. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхэд юу тустай байхыг төдийгүй үнэндээ бусдыг зовлон үгүй болгох боломжтой гэсэн итгэлтэй байхад юу туйлаас чухал байх вэ? Хэрэв бид үүнийг боломжтой гэж бодохгүй байвал ямар учраас бид түүнийг хүсэж, түүний тулд хичээнэ гэж? Үүний суурь нь би өөрийн зовлонг арилгаж, бусдад өөрийн зовлонгоо арилгахад тусалж чадна гэсэн итгэл байна. Үүний тулд бид, бид ямар чадамжтай болох, Бурхан ямар чадамжтай болох талаар бодит ойлголттой байх хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэхэд гэм болох зүйл бол зөвхөн өөрт анхаарах, хувиа хичээх сэтгэл төдийгүй мөн зориг дутмаг, өөртөө итгэлгүй байдал байна. Эцэст нь, Бурхан багш, хөлд орсон өргөсийг авах адилаар зовлонг арилгах боломжгүй хэмээсэн. Бурхан зөвхөн аргыг үзүүлэх ба хийх зүйлийг бусад өөрсдөө хийнэ. Бурханы хийж чадахгүй зүйлийг бид яахан болно хэмээн хүлээж болох билээ?
Товчилбол, хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт аливаа нэг сэтгэлийг төрүүлэх тодорхой заалтуудыг ойлгохгүй байвал бид тийм их хол явахгүй. Ийм маягаар бид бясалгал гэдэг ямар нарийн, тодорхой зүйл болохыг ойлгон мэдэж болно; үүнийг бид бүр нэг “сэтгэлийн шинжлэх ухаан” гэж нэрлэж ч болно.
Бясалгалын хооронд
Богд Зонхов бясалгалын хооронд гарах хугацаа бас маш чухал болохыг тэмдэглэсэн. Тэрбээр бясалгал хийж байгаа сэдэвтэйгээ холбогдох олон янзын зохиол уншихыг зөвлөсөн. Нэг талаараа энэ нь бидний хийж байгаа зүйл Бурхан багшийн сургасан зүйл мөн гэдгийг бататгах ба нөгөө талаараа их бүтээлчдийн хүрсэн эрдмийн талаар унших нь бидэнд урам зориг өгдөг. Түүнчлэн Богд Зонхов ариуслын бүтээлээр эерэг хүч, буян хурааж, сөрөг хүч болох нүгэл хилэнцийг арилгах хэрэгтэй хэмээсэн.
Буруу ойлголт төрүүлдэг мэт надад санагддаг “буян” (англ. merit) гэдэг үгийн оронд би “эерэг хүч” гэдэг үгийг хэрэглэдэг. Буян гэдэг нь та оноо цуглуулаад хэрэв нэг зуу болбол түрүүлэх мэт сонсогддог. Бидний хийдэг зүйл бол гар утасны адил, үнэндээ юмс үр дүнтэй явагдах хангалттай хэмжээний хүч энерги авах тийм эерэг цэнэг хуримтлуулах явдал юм. Сэтгэлийнхээ хувьд бид бас юу ч ойлгож чадахгүй байгаа мэт санагдах тэрхүү сэтгэлийн саад тотгорыг арилгахад тустай ариусгах бүтээлүүдийг ашиглах хэрэгтэй. Мөн бас сэтгэл хөдлөлийн саад тотгор байж болно. Эерэг хүч хуримтлуулж, олон янзын ариусгах бүтээл хийх нь бидэнд эдгээр саад тотгоруудыг арилгах боломж олгох ба ингэснээр бидэнд эрдэм, ойлголтууд төрж болно.
Бодит амьдралд энэ нь юу гэсэн үг вэ? Бодит амьдралын түвшинд энэ нь: бид ямар нэг зүйлийг ойлгохыг оролдох үед, бүр бидний ажил дээр ч гардаг, түүнийг ойлгож чадахгүй бол завсарлага авна. Явж ямар нэг байдлаар бусдад тус болох ямар нэг зүйл хийхийг оролдоно. Ингээд эргэж ирэх үед таны сэтгэл ихэвчлэн илүү эерэг болсон, та урамтай байх бөгөөд өөрт сэтгэл гонсойхоос илүүтэй өөрийг үнэлэх таны үнэлэмж бас илүү өндөр болсон байна. Ийм үед бид ихэвчлэн юмсыг илүү сайн ойлгож чаддаг. Иймд бидний хэн байхаас хамаарахгүй бидний оролцож болох бусдад тустай ямар нэг үйл ажиллагаа заавал байна. Энэ нь хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх, эргэж тойрох хүн багатай өвчтэй байгаа хамаатан садан хэн нэгэн настай хүнийг эргэх гэх мэт юу ч байж болно. Ямар нэг эерэг зүйл хийх нь маш чухал. Хэдийгээр бидний хийж болох олон зан үйлийн бүтээл байдаг ч бодит амьдралын бүтээл хамаагүй илүү хүчтэй байдаг.
Өөрийн ахицыг шалгах
Бидний ихэнх нь бидний ахицыг шалгах багшгүй байдаг боловч ложон буюу оюун судлахуйн сургаалуудад бид бол өөрийн хамгийн сайн гэрч гэж гардаг. Бид сайн төвлөрч чадаж байгаа эсэх, эсвэл бидэнд сэтгэл алгасрал их байгаа эсэхийг бид өөрөөсөө асуух хэрэгтэй – өөр хэн ч үүнийг бидэнд дүгнэн хэлж өгч чадахгүй! Бүх сургаал, бүтээлүүд биднийг өөрөө өөрийнхөө сэтгэлийн төлөв байдлыг сайжруулах, өөртэйгөө ажиллахад чиглүүлэх зорилготой байдаг. Иймд бид бол өөрийнхөө үнэхээр их уурласаар байгаа эсвэл илүү бага уурлах болсон эсэхийг шалгах хамгийн сайн шүүгч юм.
Бидний санах ёстой зарчим бол амьдрал үргэлж сайнтай муутай байх бөгөөд ахиц хэзээ ч эгц шугаман өсөлттэй байдаггүй явдал. Гэтэлсэн төрөлхтөн болох хүртэл энэ бүхэн үргэлж ийнхүү өгсөж, уруудсаар байх болно. Хэдий бид бүр олон жилээр бүтээл дадлага хийн ер нь бол уурладаггүй болсон байсан ч заримдаа бидэнд уурлах тохиолдол гарсаар байна. Гэвч энэ бол шантарч, мохох шалтгаан биш. Нэг талаараа бид өөрийгөө сайжруулах үүднээс хичээн мэрийх ёстой боловч нөгөө талаараа өөрийгөө шийтгэх эсвэл алдаа гарсан тохиолдолд өөрийг гэм буруутай мэт санахгүй байх ёстой. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн гаргасан ахицыг хэмжихийн тулд ердөө нэг долоон хоногоор биш таван жилийн үечлэлээр харах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Хэрэв бид таван жилийн өмнө асуудлыг хэрхэн шийддэг байсныг өнөөдрийнхтэй харьцуулах юм бол бид өөрийн гаргасан ахицыг тодорхой харж чадна.
Дүгнэлт
Бясалгахад тусгай газар байх шаардлагагүй, ердөө харьцангуй чимээ багатай, цэвэрхэн ямар нэг газар байхад болно, гэвч бүр ийм боломж байхгүй байж ч болно. Миний нэг найз ээжтэйгээ нэг жижигхэн орон сууцанд амьдардаг байсан. Ердөө нэг өрөө байх бөгөөд тэнд ээжийнх нь радио, зурагт хоёр байна. Түүний ээж түүнийг бясалгах гэх мэт зүйл хийхэд дургүйцдэг байсан. Түүний ганц боломж нь ариун цэврийнхээ өрөөнд сууж байхдаа бясалгах явдал байв. Тэр бол түүний өдөр бүр бүтээлээ хийдэг газар байсан бөгөөд энэ нь болж байсан. Танд лаа эсвэл хүж хэрэггүй – тэд бол ердөө “эд зүйлс.” Хамгийн гол зүйл бол сэтгэлтэйгээ ажиллах явдал, бясалгал бол сэтгэлийн нэг тодорхой төлөвийг дадуулж бүтээх явдал бөгөөд үүнийг хаана ч, хэзээ ч хийж болох зүйл. Зарим сэтгэлийн төлөвийг метро эсвэл автобусанд явж байх үед төлөвшүүлэх бүр илүү хялбар байж болно. Тэвчээр төлөвшүүлэхийг хүсэн хүн бүр жаргал хүсэх ба зовлон хүсдэггүй гэж харахыг оролдон өрөөндөө ганцаараа суун дүрслэхээс илүү түүнийг хийж болох хүн ихтэй автобуснаас өөр сайхан газар гэж юу байх билээ?
Бясалгал бүтээлийн хувьд нэг чухал зүйл бол тасралгүйгээр өдөр бүр түүнийг хийх явдал. Та шүдээ угаах эсвэл бие засахаа мартдаггүйн адил бясалгахыг бас мартахгүй байх хэрэгтэй. Өдөрт түүнд ердөө таван минут зарцуулдаг байсан ч бид түүнийг амьдралынхаа нэг салшгүй хэсэг болгож болно. Энэ нь нэг зовлонтой зүйл байх албагүй, харин ч амьдралд тайван тогтвортой байдал нэмэх зүйл болж болно – тухайн өдөр ямар ч байж болох ч та тасралтгүй байдлыг хангах энэ цагийг үргэлж өөртөө гаргах хэрэгтэй.