Бясалгал нь сонсох, тэр талаар бодох тунгаах, дараа нь түүн дээр бясалгах гэсэн гурван хэсэгтэй үйл явцын нэг хэсэг болохыг бид авч үзэцгээсэн. Энэхүү гурав дахь үе шат болох бясалгал нь сургаалыг өөрийн амьдралтай хэрхэн холбох тухай бөгөөд энэ нь үнэндээ давталтаар бий болдог үйл явц байна. Бид үндсэндээ сэтгэлийн эерэг төлөвийг түүнийг олон дахин давтан зуршил болгох байдлаар бий болгодог.
Бид сургаалыг сонсож, түүнээс “Энэ бол Бурхан багшийн нэг сургаал” хэмээн ялган таньж, түүнд итгэлтэй байх билиг ухаан олж авна. Мөн бид сургаалыг ямар нэг баталгаагүй боловч түүнд үнэн гэж итгэх байдлаар авч үздэг тухай ярилцсан; бид бүх сургаалыг заавал ойлгох шаардлагагүй боловч бидний сэдэл, сонирхлын үүднээс бид өөрөөр түүнийг батлах хүртэл сургаалыг үнэн хэмээн ямар нэг баталгаагүйгээр итгэнэ. Гэвч наад зах нь тухайн зүйлийг үнэн хэмээн ямар нэг баталгаагүйгээр итгэх нээлттэй сэтгэлтэй байж, үнэхээр үнэн эсэхийг мэдэхийн тулд түүнийг шалгах шийдвэр гаргах нь чухал. Мөн бид түүнийг витамин адил тустай хэмээн итгэх ёстой. “Намайг үнэндээ алах нь уу шалгаж үзье” гэж та хор уудаггүй, харин витаминыг тэр мэтээр шалгаж үздэг. Иймд олон хүн тийнхүү хэлдэг учраас сургаалыг ашиг тустай хэмээн үзэж өөрийнхөө хувьд шалган үзэж болно.
Сургаалын талаар бодох үед бид “бодсоноор төрөх билиг ухаан” гэж нэрлэгдэх үйл явцын төгсгөлд хүрэхийн тулд сургаалыг шинжилж шалгаж байдаг. Эндээс бид Бурхан багшийн заасан зүйл үнэн бөгөөд энэ нь үнэхээр ач тустай, бидний хүрэхийг хүсэж буй зүйл бол үнэндээ хүрэх боломжтой, сургаалыг бид ойлгосон гэсэн бүрэн итгэлтэй болдог. Олон хүмүүсийн адилаар хэрэв дээрх үе шатыг орхигдуулах юм бол хэсэг хугацааны дараа тэд “тээнэгэлзэл” буюу өөрөөр хэлбэл энэ бүхэн үнэхээр боломжтой эсэхийг сайн мэдэхгүй байх эргэлзэлд хүрнэ. Ингээд бууж өгдөг.
Гэтлэхүй гэж юу вэ?
Гэтлэхүй (амгаланд хүрэх), гэгээрэл, тэдгээрт хүрэх аргын тухай унших үед гэтэлнэ гэдэг чухам юу гэсэн үг болохыг зөв ойлгох үнэхээр хэрэгтэй. Гэгээрнэ гэдэг үнэндээ юу гэсэн үг вэ? Түүний дараа юу болдог вэ? Сургаалуудад Бурхан бол бараг бүх зүйлийг нэгэн зэрэг, зөв мэдэх илт мэдэлтэй гэж гардаг. Бурхан төрөлхтөн бүрийг тэгш авч үзэх бөгөөд тус бүртэй өв тэгш харилцаж чадна. Ийм учраас Бурхан амьтан бүхэнд хамгийн сайн аргаар тусыг хүргэдэг.
Энэ үнэхээр боломжтой зүйл үү эсвэл ердөө үлгэр домог уу? Хэрэв бид үүнийг үнэмшилгүй гэж бодож байвал түүнд хүрэхийг хичээхийн хэрэг юу билээ? Хэрэв бид түүнийг үлгэр домог гэж бодож байвал мэдээж бид түүнд хүрэх боломжтой гэж бодохгүй. Бид Бурханы шашинд яригдах тэдгээр зорилгуудыг нухацтай авч үзэн мөн өөрийн сэдлийг шалгаж үзэх ёстой.
Бидний зорилго юу вэ?
“Сэдэл” гэдэг энэ үг Бурханы шашинд маш тодорхой утгатай байна. Бид “Сэдлээ бататгах, сэдлээ засах, төрүүлэх” гэж байнга ярих ба энэ нь хоёр хэсэгтэй. Нэг нь зорилго – бидэнд байх зорилго, нөгөө нь түүний цаана байх тухайн зорилгод хүрэхэд биднийг хөтлөх сэтгэл хөдлөл эсвэл мэдрэмж байна. Англи хэлэнд сэдэл гэдэг үг хоёр дахь хэсгийг буюу биднийг ямар нэг зүйл хийхэд хөтлөх сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн утгатай үг байдаг.
Бурханы шашны сургаал буюу “Ном”-ыг бүтээж байгаа олон хүмүүсийн хувьд хэрэв бид чин үнэнээр харвал бид үнэхээр ердөө энэ насны амьдралыг илүү хялбар, илүү баяр жаргалтай болгох зорилготой байдаг. Энэ байж болно – энэ бол миний нэрлэдэг “Номын жинхэнэ” бус харин “Номын хялбарчилсан” хувилбар юм. Энэ бол эхний үе шат. Номын жинхэнэ утгын хувьд бид илүү сайн төрөл, ялангуяа хүний эрдэнэт төрлийг төрөл тутамдаа авах тухайд хичээн суралцдаг. Гэвч хэрэв та дахин төрөлд итгэдэггүй бол хэрхэн чин сэтгэлээс сайн төрөлд төрөхийг зорих билээ? Дахин төрлийг ойлгохын тулд бид дахин төрөх гэж юу болох, сэтгэлийн үргэлжлэх чанар, би-гийн мөн чанар зэргийг ойлгох хэрэгтэй болно. Үнэндээ сайн төрөлд төрөхийг зорих нь зөвхөн Бурханы шашны зорилго биш. Христийн болон бусад шашнууд бас үүнд зорьдог; Христийн шашны хувьд, энэ бол мөнхийн улсад төрөх явдал.
Дараагийн зорилго бол хяналтгүй дахин дахин гарах төрлөөс чөлөөлөгдөн гэтлэх явдал. Хиндү шашны зорилго бас ийм байна. Ингээд бид Бурханы шашин энэхүү гэтлэхүй гэдгээр юуг илэрхийлдэг болохыг ойлгох, түүнд хүрэх ямар арга байдгийг мэдэх ёстой. Үүний дараа мэдээж туйлын зорилго болох Бурханы гэгээрсэн төлөвт хүрэх – энэ бол зөвхөн Бурханы шашинд байна.
Үе шатаар
Бурханы шашны сургаалыг авч үзэх үед бид тэдгээр нь үе шаттай байгааг хардаг. Нэг ойлголтын араас дараагийн ойлголт төрөх ба бид үүнийг хүндэтгэх нь чухал. Учир нь бид ямар нэг суурьгүйгээр “Би Бурхан болж хамаг амьтанд туслахыг хүсэж байна” гэж хэлэх нь ердөө ямар ч утгагүй үгс болох юм. Бид үнэхээр энэ ертөнц дээрх хорхой шавьж бүрийг гэтлэхүй, гэгээрэлд хүргэхийг зорьж байна уу? Магадгүй, үгүй. Үүнд үнэндээ зорьж, түүнийг үнэхээр хийх нь бараг итгэхийн аргагүй цар хүрээтэй сэтгэлийг шаардах бөгөөд үүнийг бид алгуур бий болгох ёстой болно. Бид үүнийг ямар нэг зүйлийг шалгах дөрвөн шалгуур үзэл (баримтлал) буюу “дөрвөн аксиом” гэж миний орчуулдаг тэр зүйлээр сургаал тус бүрийг шалгах байдлаар хийх ба ингэхдээ бид Номын хамгийн суурь үзэл ойлголтоос эхэлнэ.
Дөрвөн аксиомыг хэрэглэх жишээ болгон үхэл ба мөнх бусын талаар тунгаан, бясалгаж үзье. Үүнийг би бага зэрэг өөрийгөө бодох шалтгаанаар сонгож байна. Учир нь сайн найз маань өнгөрсөн долоон хоногт өөд болсон юм. Юутай ч, тэдгээр дөрвөн аксиом (батлах шаардлагагүй илэрхий үнэн) нь:
- Харилцан хамаарлын аксиом – бидний төрүүлэхийг зорьж байгаа сэтгэлийн төлөв байдал буюу үхэхийг мэдэж байх (санах) нь юунаас хамаарах вэ?
- Үүргийн аксиом – энэхүү сэтгэлийн төлөвт хүрсэн тохиолдолд энэ нь ямар үүрэгтэй, үүний ач тус эсвэл сул тал нь юу байх вэ?
- Учир шалтгааны аксиом – тухайн сургаалын үнэн эсэхийг тодорхойлох үүднээс түүнийг шалгаснаар энэ нь Бурхан багшийн сургаалын бусад сургаалыг мөн адил батлан харуулах уу? Сургаал нь учир шалтгааны үндэслэлтэй юу? Сургаалыг дагаснаар түүнд тусгасан үр дүн гарах уу?
- Мөн чанарын аксиом – үхэл нь юмсын мөн чанарын нэг жишээ мөн үү? Хүн бүр үхэх ёстой болох уу?
Бидний хийх зүйл бол жишээ нь үхлийн тухай гэх мэт тодорхой нэг сургаалыг авч бидэнд хэдий их хугацаа шаардагдана төдий хугацаагаар эдгээр дөрвөн аксиомын үүднээс шинжилж үзэх явдал юм. Үүн дээр арван минут, түүн дээр хорин минут зарцуулах ёстой гэсэн дүрэм журам байхгүй. Гэвч хэтэрхий хурдан хийхгүй байх нь сайн, учир нь энэ үед таны анхаарал хандуулж буй зүйл ойлгогдохгүй өнгөрч болно. Тухайн зүйлийг тунгаан, түүнтэй үнэхээр ажиллах сайхан байдаг.
Бүрэн гүйцэд ойлголтонд хүрэх
Гол нь бид тухайн сэдвийг ойлгосон гэсэн итгэлтэй болохыг хүсэх ба энэ үед бид юмс ямар байх талаар гайхан эргэлзэж эргэж, буцаж холбирдоггүй. Ийм учраас Төвөдөд сургалтын мэтгэлцээний арга байх бөгөөд энэ нь бидний ойлголтыг асуултаар шалгах нөхцөлийг бүрдүүлдэг. Хүн бүр үүнийг хийх ёстой – та ангид хойгуур, чимээгүй суун үлдэх боломжгүй. Нэг тал нь тухайн нэг зүйлийг батлан илэрхийлэх ба мэтгэлцэгч тал түүнийг хүлээн зөвшөөрч эсвэл үгүйсгэнэ. Энэ бүхний гол санаа бол зөв хариултыг олох бус харин тухайн сэдвийн талаарх өөрийн ойлголтыг эргэлзээгүй болгох явдал юм. Энэ бол маш сайн арга, учир нь нөгөө тал бидний бодол ойлголтыг бидний өөрийн сорьж чадахаас хамаагүй илүүтэйгээр сорьдог. Мэтгэлцээний үеэр маш их хэмжээний энерги гарах бөгөөд тухайн хүнийг өөртэй нь зөрчилдүүлэх үед түүнийг хөгжилтэй гэж үзэх ба энэ үеэр ихээр хөгжин инээцгээдэг. Энэ нь нөхөрсөг уур амьсгалтай байх бөгөөд хүн бүр хөгжин баясна.
Суралцах ийм төрлийн хэв маягийн өөр нэг ач тус нь та хэн ч байсан ямар нэг үед өөртэйгөө зөрчилсдөн ямар нэг зүйл хэлэх бөгөөд энэ нь бардам зан, өөрийг чухалчлах сэтгэлийг дарахад сайн байдаг. Энэ нь мөн бүрэг ичимхий занг багасгана – та мэдээж цугласан олны өмнө мэтгэлцэхэд бүрэг ичимхий байж болохгүй нь ойлгомжтой.
Бид мэтгэлцээнийг “Тэр бол мэдлэг, оюуны зүйл; би дотоод мэдрэмжийн талыг сонирхох бөгөөд ердөө бясалгахыг хүсэж байна” хэмээн түүнийг орхигдуулж болохгүй. Мэтгэлцээн бясалгахад тус болох бөгөөд энэ бол түүний гол зорилго. Мэтгэлцээний дараа танд ямар нэг эргэлзээ төрөхгүй бөгөөд өөрийн ойлголтыг баттай болгож, тэрхүү ойлголтын хувьд бүрэн итгэлтэйгээр бясалгах боломжтой болно. Үгүй бол таны бясалгал тийм бат тогтвортой байж чадахгүй. Мэдээж та бүхэн энд нэг нэгэнтэйгээ албан ёсоор мэтгэлцэх боломжгүй байж болох ч ямар нэг бардам зан эсвэл түрэмгийлэх байдалгүйгээр, мөн тухайн хүнийг өөр уруугаа довтолж байна гэж бодож, өөрийг хамгаалах сэтгэлгүйгээр сургаалын талаар ярилцвал маш сайн.
Бурханы шашинд байх өөр хоёр хэллэг нь “тухайн нэг зүйлийг үнэн гэж итгэх”, “баттай сэтгэл” гэх хэллэгүүд байна. Бид ямар нэг буруу зүйлийг үнэн гэж итгэж болно, иймд бид зөв ойлголт төрүүлээгүй атлаа зөв ойлголттой болсон гэсэн дүгнэлтэнд хүрэхгүй байх үүднээс сургаалыг шалгахдаа хянамгай байх ёстой. Баттай сэтгэл гэдэг бол бидэнд төрсөн ойлголтыг юу ч эвдэж чадахгүй байх тийм итгэл бөгөөд энэ бол үнэндээ бидний төлөвшүүлэх хэрэгтэй зүйл.
Хийсээр байх
Энэ бүхэн нь муйхар, шинэ өөр зүйлийг хүлээж авдаггүй араншинд хүргэн гажуудаж болно. Бидэнд буруу ойлголт төрж, хэн ч биднийг засаж чадахгүй тийм мугуйд болж болно – энэ бол “буруу үзэл” гэж орчуулагддаг тэр зүйл. Бид ямар нэг буруу зүйлийг баримтлах бөгөөд өөр ондоо зүйл хэлэх гэсэн хэн нэгэн уру дайран, дайсагнах хэмжээнд тухайн зүйлийг муйхарлан баримтална.
Бурхан болох хүртэл бид юмсыг улам илүү гүнзгийрүүлэн ойлгохыг хичээнэ. Иймд бидэнд “Бурхан болох хүртэл та үргэлж илүү гүнзгийрүүлэн, үргэлж илүү өндөр эрдэмд хүрэх учраас өөрийн ойлголтын түвшин, эрдмийн түвшиндээ хэзээ ч сэтгэл ханаж болохгүй” гэдэг. Хэдий бидэнд зөв ойлголт байгаа боловч энэ нь хамгийн гүн ойлголт биш байж болно. Дээрхийн гэгээн Далай ламын багш нарын нэг Трижан Ринбүүчи “Би лам-рим чэн-мог (Богд Зонховын Бодь мөрийн зэрэг – том хэмжээний гол сургаал) зуун удаа уншсан бөгөөд унших бүрдээ өөр өөр, илүү гүнзгий ойлголтуудыг авч байсан” гэж хэлдэг байсан. Энэ бол хэдий зөв ойлголт эхэндээ авсан ч хэрхэн бид үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхийн нэг сайн жишээ юм.
Үхэл, мөнх бусын бясалгал
Одоо бид үхэл, мөнх бусын бясалгалын хувьд тэдгээр дөрвөн зүйлийг авч үзэж болох бөгөөд энэ нь тэдгээр нь юуг илэрхийлэх, тэднийг хэрхэн хэрэглэх тухай нэг жишээ болж болно. Мэдээж бид үүнийг үхэл, мөнх бус болон үхэл, мөнх бусын бясалгалын талаарх сургаалыг сонссоны дараа хийнэ. Үхэл, мөнх бустай холбоотой бидний анхаарч авч үзэх гурван зүйл байна. Үүнд:
- Магадтай үхэх
- Хэзээ үхэх нь болзоогүй
- Үхэхийн цагт Номоос бусад юу ч эс тус болох.
Бид бүгд үхнэ. Энэ бол магадтай – би, та, бидний мэдэх болон бусад бүх хүн. Үхэл хэзээ ирэхийг бид мэдэхгүй хийгээд үхэхийн цагт сэтгэлийн үргэлжлэлдээ бий болгож өөрийн нэг хэсэг болгосон эерэг зуршлаас өөр юу ч тус болохгүй.
Үхэх нь магадтай, гэвч энэ юунаас хамаарах вэ (харилцан хамаарлын аксиом)? Үүнийг бид хэд хэдэн түвшинд шинжилж үзэж болно. Нэгдүгээрт, үхэл амьдралаас шалтгаална. Амьд байснаар үхнэ. Өдөр өдрөөр нас ахих ба хүч тэнхээтэй байсан бидний бие сул дорой болно. Үхэл мөн бидний биеэс шалтгаалах бөгөөд бие нь өвдөж болно, машинд мөргүүлж болно гэх мэт.
Яагаад үхэхийг дурдан санадаг вэ?
Энэхүү харилцан хамаарлын аксиомтой холбоотой нэг гүнзгий түвшинд, үхэл, мөнх бусын бясалгалын өмнө бидний ойлгох хэрэгтэй болдог зүйл бол бидэнд буй энэхүү гайхалтай эрдэнэт хүний төрөл юм. Үхэхийг санах нь бидний энэхүү эрдэнэт хүний төрлийн ач тусыг одоо гаргахыг өдөөх зорилготой. Хэрэв бид өөрийн амьдрал, өөртэйгөө ажиллах боломжтой байгаагийн үнэ цэнийг ойлгохгүй бол бид амьдралаа үрж байгаа талаар үнэндээ тийм их бодохгүй. Хүмүүсийн олонх нь “Би амьд мэнд байгаа бөгөөд би өөрийн бие, сэтгэлийг ямар нэг эерэг зүйлд хүрэхэд ашиглаж болно” гэж ойлгодоггүй, зүгээр амьдралаа үрдэг. Иймд үхэхийг санах нь үнэндээ амьдралыг мэдэхээс шалтгаална.
Бид өөрт энэхүү эрдэнэт хүний төрөл байгааг, амьд байгааг үнэндээ ашиглаж чадах боломжийг хаах муу нөхцөлүүдээс ангид байгаагаа танин мэднэ. Бид харсан хүн бүрийн дэвсэж алахыг хүсдэг жоом болж төрөөгүй байна. Том загасанд амьдаараа идүүлэх жижиг төрлийн загас болж төрөөгүй байна. Бид ялаа болж төрөөгүй байна. Хэрэв бид ялаа болж төрсөн бол юу хийж, юу бүтээж чадах байсан бэ, энэ талаар бод. Ихийг бүтээхгүй, бид бүхий л амьдралаа ялгадас, хогонд хоргодож өнгөрөөх байсан!
Иймд, үхэхийг санахын зорилго (үүргийн аксиом) бол ердөө “Хэчнээн аймаар юм бэ! Би үхэх нь магадтай!” гэж бодож хямрах биш. Энэ бол гол санаа биш. Үүрэг нь бидэнд одоо байгаа энэхүү үнэт цагийг ашиглахыг хүсэх хүсэл төрүүлэх явдал бөгөөд учир нь бид үүнийг хэзээ дуусахыг үнэхээр мэдэхгүй. Цоо эрүүл, тийм өндөр настай биш миний найз өнгөрсөн долоон хоногт нас барсантай адил. Тэр тамхи татаж, архи уудаггүй, түүнд цусны даралт гэж байгаагүй, тэрээр дасгал их хийдэг, маш олон цагаар бясалгал, бүтээл хийдэг хүн байсан. Тэгээд өнгөрсөн долоо хоногт, өглөө шүршүүрт орж байгаад зүрхний шигдээс болж нас барсан. Ердөө энэ мэт.
Бид энэхүү эрдэнэт хүний төрлийг хэзээ орхих нь ердөө тодорхойгүй бөгөөд үхэл ихэвчлэн нэлээн гэнэт ирдэг. Үхэхийн тулд бид өтлөх бас өвдөх шаардлагагүй. Үхэхийг санахын гол зорилго бол залхуурах болон бүх зүйлийг маргааш гэж үргэлж хойшлуулах, хойш тавих залхууг арилгах явдал. Сая нас барсан миний найз Алан маш тодорхой жишээ харуулсан. Түүний ээж маш өндөр настай, эрүүл мэнд нь тааруу хүн байдаг байсан. Тэр ээждээ эрүүл мэнд, санхүүгийнх нь хувьд туслахыг үнэхээр хүсдэг байв. Тэгээд тэр амралтын өдрүүдээр түүнд туслахаар үргэлж явна – худалдааг нь хийж өгөх гэх мэт. Тэрээр ээжийгээ өнгөрөхөөр тэтгэвэртээ гарч хамгийн эхлээд нэг жилийн Базарсадын ариуслын бүтээл, дараа нь зарим нэг уртын даяан хийнэ гэж ярьдаг байсан. Энэ бол түүний санаа байсан.
Миний хэлсэнчлэн тэр маш олон цагаар бясалгал хийдэг хүн байсан боловч ээждээ туслах, түүнийг хэрэгцээтэй зүйлээр хангахад бэлэн байхыг хүсдэг байсан учраас уртын даяанд ердөө явдаггүй, ажлаа хийдэг байсан. Тэр ээждээ туслахаар ажилласаар байх нь дээр байсан уу эсвэл өөртөө байгаа боломжийг ердөө ашиглан даяанд явж бусад хүмүүсээр ээжийгээ асруулах нь дээр байсан уу? Ном яахыг зөвлөх байсан бол? Үхэл, мөнх бусын тухай сургаал биднээс юу хийхийг шаарддаг вэ? Энэ тохиолдолд би юу хийх байсан бол гэж бодож үзэх нь их сайн.
Богино хугацааны даяан хийн хажуугаар нь ээждээ туслах нэг санаа байж болох юм. Даяан нь заавал бүтэн өдрийн үйл ажиллагаа байх шаардлагагүй – бид өглөө нэг тун, орой нэг тун хийж, өдрийн цагаар шаардлагатай зүйлүүддээ анхаарал тавьж болно. Даяан хийх сайн боловч сургаалд хамаг амьтны ачийг хариулах, ялангуяа бидэнд үнэндээ амьдрал өгсөн эхийнхээ ачийг хариулахыг чухал хэмээн үргэлж гардаг. Хэрэв эцэг эхээ асарч байгаа бол “Ээж, аав эрт нас эцэслэсэн болоосой, ажил хийхээс дургүй хүрч байна, тэтгэвэрт гармаар байна” гэсэн дургүйцсэн сэтгэлгүйгээр тэднийг асарч байгаа бол та маш их буян хураана. Хэрэв бид эцэг эхдээ санаа зовох шаардлагагүй бол мэдээж бид өөрийн амьдралыг аль болох их ашиглах хэрэгтэй.
Ихэнх тохиолдолд төвөд лам нар Барууны шавь нарыг тийм их нухацтай авч үздэггүй. Учир нь бидний олонх нь Номонд үнэхээр сүсэглэж, бүхнээ зориулан, ихэнх төвөдүүдийн адилаар түүний үнэ цэнийг үнэхээр ойлгодоггүй. Барууныхан “Би өнөөдөр ядарч байна, энэ номонд би дараагийн удаа сууя” гэсэн нэлээн амгалан хандлагатай байдаг. Гэвч хэрэв бид үнэхээр чин сэтгэлтэй, үхэл мөнх бус болон бидэнд байгаа энэхүү эрдэнэт хүний төрлийн чухлыг ойлгож байвал бие ямар байхаас шалтгаалахгүй бид ном тавьж байгаа өдөр бүр түүнд сууна.
Үхэл ойртож байна: Тайван амар!
Бидний эрдэнэт хүний амьдрал дуусна. Бид хэзээ гэдгийг мэдэхгүй. Зүрхний шигдээсээр бид шүршүүртээ нас эцэслэж болно; бид автобусанд мөргүүлж болно. Иймд бид амьдралаа үрэхиийг хүсэхгүй. Үхэхийг санах нь залхуурахыг арилгахад тусалж, өөрт байгаа бүх боломжийг бүрэн ашиглах боломж олгодог. Гэвч ингэхдээ хэт ачаалал, дарамт авч, түгшин шаналахгүй байх нь чухал. Ихэнх тохиолдолд бид чухал биш, аар саар зүйлд ихээр шаналан, дарамтанд ордог бөгөөд Номонд бас хатуу чанга болдог. Бид бүтээлдээ чин сэтгэлээсээ боловч тайван амгалан байдлаар хандах хэрэгтэй – гэвч энэ бол залхуурах гэсэн үг биш. Эерэг зуршлуудыг бий болгох үед үхэл нь асуудал, зовлон биш болно, учир нь та тэдгээр эерэг зуршлууд танд тус болно гэдгийг мэдэж байдаг.
Үхэл бол амьдралын учир шалтгааны үндэстэй төгсгөл
Ингээд бид сургаалууд Бурхан багшийн заасан зүйлтэй уялдаж байгаа эсэхийг учир шалтгааны үүднээс гаргаж тавьдаг (учир шалтгааны аксиом). Ингэхийн тулд бид нэлээд олон сургаал ном сонссон эсвэл түүнийг мэдэх үүднээс олон тооны Бурханы шашны ном уншсан байх хэрэгтэй. Бурханы шашны олон сургаал мөнх бусын талаар авч үзсэн байдаг учраас энэ нь Бурхан багшийн заасан зүйлтэй уялдана.
Сургаал учир шалтгааны үндэслэлтэй юу? Тийм, бид өдөр өдрөөр үхэл уруу ойртдог. Тодорхой нэг цаг болоход үйл явдал дуусна. Үхэл гарцаагүй ирнэ, учир нь үхэл ирэхэд түүнийг буцаах ямар ч нөхцөл боломж байдаггүй. Амьдрах хугацаа өдөр өдрөөр, минут минутаар, секунд секундээр хорогдох ба түүнийг уртасгах боломжгүй. Үүнийг үнэндээ ойлгож ухаарах нь маш чухал зүйл бөгөөд энэ үед бид ердөө айхгүй, харин тайван амгалан байдлаар, чин сэтгэлээсээ түүнийг авч үзнэ. Амьд ахуйдаа Номыг бүтээх зав цаггүй байсан ч бид үхэх л болно. Урьд амьдарч байсан хүн бүхэн нас эцэслээд байгаа.
Ач тустай үр дагавар
Үр дагавар нь ямар байх вэ? Хэрэв бид үхэл ирнэ, мөн бидэнд энэхүү эрдэнэт хүний төрөл байна гэж үнэхээр бодож байвал тэр нь бидний залхуурах байдлыг багасгаж, бидэнд буй бүх боломжийг ашиглахад хүргэнэ. Бид өөрийн туршлагаас үүнийг ач тустай байгааг харах болно.
Юмсын мөн чанартай холбоотой дөрөв дэх аксиом бол бүхий л амьд зүйлийн мөн чанар бол үхэх явдал гэсэн аксиом байна. Энэ бол юмсын орших хэв маяг, энэ бол бодит байдал, энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр бидний хийж чадах зүйл үгүй.
Энэ жишээгээр бид бидний өөрийн туршлагатай холбоотойгоор сургаалуудыг шинжилж үзэхэд эдгээр дөрвөн аксиомыг хэрхэн ашиглаж болохыг харж байна. Сургаалыг ийнхүү шинжлэх нь үргэлжлэн явагдах үйл явц бөгөөд сургаалд 100% итгэлтэй болж, тэдгээрийг өөрийн амьдралтай холбоход ихээхэн хүч хөдөлмөр шаардагдана. Оюуны хувьд итгэл төрөх хялбар боловч сэтгэл зүйн хувьд итгэж үнэмших маш хүнд. Мөн бие, сэтгэл хоёр өөр – жишээ нь найзынхаа нас барсан явдалд би сэтгэл, сэтгэл хөдлөлийн хувьд тайван байж чадаж байгаа боловч бие махбодын хувьд эрч хүч маш сул байх жишээтэй.
Ийнхүү физик түвшинд уй гашуу төрнө. Учир нь “Хүн бүр нас эцэслэдэг” гэдгийг бие махбодын түвшинд мэдрэх хэцүү байдаг байна. Сэтгэлийн түвшинд уй гашуу үе үе төрөх ба энэ бол аяндаа гарах мэдрэмж. Бид Бурхад биш; бид гэтэлсэн төрөлхтөнүүд биш. Бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг бүхий л сэтгэл хөдлөл эсвэл зовлонгоос хараахан ангижраагүй байна. Гэвч энэ бол бидний зорьж буй зүйл.
Дүгнэлт
Нэгэнт бид гэтлэхүй, гэгээрэл гэж юу болохыг үнэхээр мэдсэн үед бид өөрийн зорилгыг тодорхойлж болно. Үнэхээр юунд хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойлсноор тэнд хүрэх үе шатаа тооцоолж болно. Энэхүү дөрвөн аксиом нь хийж байгаа зүйлдээ итгэлтэй болоход бидэнд туслах үүднээс чухал. Үхэл, мөнх бусыг бясалгаж, бид бүгд нас эцэслэх боловч хэзээ гэдгийг үнэндээ мэдэхгүй гэдгийг ойлгох үед энэ нь үнэхээр чухал тэдгээр зүйлийг хийх түлхэцийг бидэнд өгнө. Үхэхийг санаж байх нь биднийг залхуурал эсвэл сэтгэл санааны хямралын эрхэнд автах боломжгүй болгож бидэнд маш гайхалтай өөрчлөлтийг авчирдаг.