Бага төрөлхтний oюун судлахуйн

1 – 7-р бадаг

Ариун дагшин газар хүрэлцэн ирсэн энэхүү боломжийг ашиглах

Миний өчигдөр хэлсэнчлэн бид энд, Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн, мөн олон гэгээрсэн төрөлхтөнүүд саатан морилж байсан энэ онцгой газар цуглаад байна. Жишээ нь Нагаржуна гэгээн, түүний хоёр шавь болон өөр олон төвд хүмүүс энд Бод Гаяад амьдарч байсан. Мөн Санггэй-ешэй Кам нутгаас ирж, нутгийн хийдийнхээ хамба болж байлаа. Өөр олон хүмүүс олон өөр газраас ирж энэ газрын адиститээр эрдэм олныг төрүүлж байжээ. Энэ бол энэ газрын онцлог юм. Иймд хэрэв бид энд байх хугацаандаа хүчтэй, зөв сэдэл төрүүлж, ерөөлийг хүчтэй тавьж, хичээнгүйлэн бүтээлийг зөв үйлдвээс бид маш их эерэг хүч бий болгож чадна.

Ялангуяа Төвдөөс ирсэн хүмүүсийн хувьд хэдийгээр тэнд нөхцөл байдал хэцүү байгаа ч та бүхэн энэ ариун газар ирсэн боломжоо ашиглан аль болох их эерэг хүч хуримтлуулахыг хичээх хэрэгтэй. Энд байгаа бид бүгд үнэхээр их завшаантай байна. Дэлхий дахинаараа маш их төөрөгдөлд орж, шунал, дайсагнах сэтгэл газар авч байгаа ийм цаг үед Бурхан багшийн энэрэн нигүүлсэх, асрах сэтгэл зэргийн тухай сургаал сонсох боломж гарч байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг. Хэдийгээр дэлхий дахинаа маш их эд баялгийг бий болгосон ч мөнгөөр үхэх, өтлөх, өвдөх гэх мэт асуудлуудыг арилгах ямарч боломж байхгүй. Зовлон бэрхшээл нь сэтгэлтэй холбоотойгоор гарч ирдэг учраас эд баялаг гэх мэт гадаад нөхцөлүүд сэтгэлийн зовлонг арилгаж чадахгүй. Иймд оюун санааны, шашны аргуудыг хэрэглэх нь маш чухал бөгөөд та бүхэн Бурханы шашныг ийнхүү сонирхож байгаа тань үнэхээр сайн хэрэг.

Бидний дунд байгаа олон барууны хүмүүсийг харцгаая. Тэд Бурханы шашныг үнэхээр сонирхон энд ирсэн байна. Тэд бясалгал хийн, ерөөл уншиж, бүтээл хийдэг бөгөөд нилээдгүй зүйлийг бас мэднэ. Тэдний Бурханы шашныг сонирхох болсон нь сургаалыг логик, учир шалтгааны үүднээс авч үзсэн явдал дээр суурилдаг. Бурханы сургаалыг хүлээн авахаасаа өмнө тэд эхэлж сайтар шинжилсэн. Тэдний жишээгээр харахад Бод Гаяагийн адил ийм ариун газар бидний байгаа нь маш ховор, чухал боломж гэдгийг харж болно. Энд бидэнд гэгээрсэн Бурхадын бүхий л агуу үйл, чанаруудыг сануулдаг. Эерэг зан байдал, сэтгэл төрөхөд үнэхээр таатай нөлөөтэй ийм газар байх нь маш ховор учраас бид энд аль болох их эерэг хүч бий болгохыг хичээх хэрэгтэй. Энд хэдий их эерэг үйл хийнэ төдий чинээ их эерэг хүч бий болно. Ийм онцгой газар байснаар ямарч газраас илүүтэйгээр их эерэг хүч бий болдог. Ойлгож байна уу?

Төвд зочдод өгөх зөвлөгөө

Энд байх хугацаандаа хэдийгээр та бүхэн хориглогдоогүй бараа бүтээгдэхүүн зарж байгаа ч үнэнч байх хэрэгтэй. Худалдаанаасаа тодорхой ашиг олж болох боловч шударга бус эсвэл шуналын сэтгэлтэй байж болохгүй. Мөн гороо хийж байхдаа дэмий ярих, хэрэггүй бодолд автахгүй, харин анхаарал, хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Энд тэндгүй газар цаас, хог хаях, хаа сайгүй бие засахгүй байх хэрэгтэй. Хэрэв та бүхэн зөвхөн бие засах газар хэрэглэхээр дугаарлан зогсох тохиолдолд нилээн удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болж магадгүй учраас өөр газар явах шаардлага гарч болно. Тийм тохиолдолд аль болох цэвэрхэн байхыг хичээх хэрэгтэй. Төвд бол хүйтэн орон. Харин Энэтхэг бол нам дор газар учир нөхцөл байдал өөр. Иймд орчноо бохирдуулж болохгүй. Хянамгай, хариуцлагатай байгаарай.

Мөн таван гишүүнээр мөргөх, сунаж мөргөх байдлаар мөргөл хийх маш сайн боловч тэдгээрийг зөв хийх хэрэгтэй. Мөргөхдөө гарын алгыг тэнийлгэн, алгаар нь газарт хүргэж байгаарай. Зул өргөх хэрэгтэй. Ийм зүйлүүдийг хийх хэрэгтэй шүү. Ингэвэл маш сайн байх болно. Ерөөл уншиж, бясалгал үйлдэж байх хэрэгтэй. Хэдийгээр эдгээр нь төвлөрөх бясалгал биш ч гэсэн маш сайн ул мөр үлдээнэ. Хамгийн чухал зүйл бол хиргүй цэвэр сэдэлтэй байх явдал. Иймд бид өөрийн сэтгэл, аливааг хийж буй сэдлээ шинжих хэрэгтэй. Энэ бол маш чухал. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг аль болох багасгах хэрэгтэй.

Хамгийн чухал хийх ёстой зүйл бол бусдыг чухал, өөрийг чухал биш гэж үзэх хандлагыг төрүүлэх явдал. Энэ бол Их хөлгөний гол мөн чанар. Сайхан сэтгэлтэй байгаарай. Эерэг үйл ажиллагаатай, асарч хайрлах, халуун дотно, сайхан сэтгэлтэй байх нь гол санаа юм. Номын гадаад үйл ажиллагаанд омог бардам сэтгэлээр, өрсөлдөх сэтгэлээр, эсвэл дайсагнах үүднээс оролцож байвал энэ нь ердөө сөрөг үйлийн үрд хүргэнэ. Иймд бидний хийж буй зүйл, түүнийг хийж буй шалтгаан нь маш чухал, хариуцлагатай юм. Бид сэдлээ үргэлж шалгаж, засаж байх хэрэгтэй.

Сэдэл

Ийм онцгой, ариун дагшин газар байхдаа бид чадах чинээгээрээ гэгээрлийн сэдэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Бурхан багшийн бодь сэтгэл төрүүлсэн жишээнүүдийг цаг ямагт санаж чадах чинээгээрээ тэдгээрийг даган дуурайхыг хичээх хэрэгтэй. Ийм ариун дагшин газар сайхан сэтгэл төрүүлэн, өндөр түвшний сэдэлтэй байвал тэр нь үнэхээр их тустай байдаг. Ойлгож байна уу?

Бодьсадвын явдалд орохуй бүтээлд гардагчлан уурыг ердөө төрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Тэнд өгүүлснээр уураас илүү их эерэг хүчийг үгүй хийдэг зүйл байдаггүй. Иймд ямарч үед бусдад бухимдан уурлахгүй байхыг хичээгээрэй. Бүдүүлэг авир байдал гаргахгүй байхаар сэтгэлээ захирч, сургахыг хичээгээрэй. Бусдын үйл ажиллагаа, хүрсэн амжилтанд атаархахын оронд энд байгаа хүн бүрийн эерэг үйлд баясан, тэдгээрийг сайшаагаарай. Долоон гишүүнт ерөөлийг уншиж, илэрхийлж буй санаануудыг бодож тунгаагаарай. Өөрийн чадах хэрээр эерэг хүч бий болгохыг хичээгээрэй. Ойлгож байна уу? Хэрэв бид энд хамтаар багахан эерэг хүч бий болговол тэр нь бидний амьдралд маш их тус болно, тийм үү?

Одоо ингээд сургаалыг сонсох тухайд бодь сэтгэл төрүүлээрэй. Бидний сонсох сургаал бол Тогмэй-зангпогийн Бодьсадвын гучин долоон гарын авлага (бүтээл) зохиол юм. Энэ нь эхлэл, гол сургаал, төгсгөл гэсэн гурван хэсэгтэй. Гол сургаал нь Лам-рим буюу “Бодь мөрийн зэрэг” сургаалд үзүүлсний адил сэдлийн гурван түвшинд хуваагдана. Эхнийх нь бага төрөлхтөний сэдэл.

Эрдэнэт хүний төрөл

(1) Олдохуйяа бэрх чөлөө, учралын сал онгоцноо (хүний төрөл) суусан энэ үед ашид гарах орчлонгийн зовлонгийн далайгаас өвөр хийгээд бусдыг гэтэлгэхийн тулд мятралгүй өдөр шөнөдсонсох, санах, бясалгах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Ном бол амгалан бус сэтгэлийг амгалан, номхон бус сэтгэлийг номхон болгох аргын тогтолцоо юм. Бид бүгд жаргал хүсэж, зовлонг хүсдэггүйгээрээ адилхан, харин Ном үүнийг бидэнд өгдөг зүйл. Гэвч хүмүүс Номыг хэрхэн бүтээхийг мэддэггүй. Хэрэв бид өөрийн хүн биеийг авч үзвэл хэдийгээр түүнийг ердөө эцэг эхийн үр удам гэдэг үүднээс харж болох боловч түүнийг илүү гүнзгий харвал чөлөө, учрал бүрдсэн төрөл зүйл болохыг ойлгоно. Чөлөө гэдэг нь Ном бүтээх эрх чөлөө гэсэн үг. Өөрсдийгөө харах хэрэгтэй. Бидэнд энд ирж Ном бүтээх эрх чөлөө байна, тийм биз? Бид дүлий бус, сургаал сонсох боломжийг хязгаарлах эрхтэн дутуу биш байна. Бүтэээл хийх бүхий л таатай нөхцөлүүд бүрдсэн, ямар нэг зохисгүй нөхцөл энд алга. Бидэнд үнэндээ найман чөлөө, арван учрал бүрдсэн байна.

Дэлхий дээр олон хүмүүс хүний төрөлд төрсөн боловч цөөн хүмүүст Ном бүтээх бие даасан байдал, эрх чөлөө байна. Иймд бид ийм ховор боломжтой учирсан үнэхээр завшаантай хүмүүс. Бурхан багшийн жишээг даган түүнийг үйлийг үргэлжлүүлж буй номын багш нар бас энэ дэлхий дээр байна. Бидний эдэлж буй энэ бүх завшаан бүхий үр дагавар нь өмнө нь ийм адил шалтгаануудыг хийсний үр юм. Өөрөөр хэлбэл бидэнд одоо байгаа энэхүү сайн завшаан нь бидний өмнө үйлдсэн эерэг шалтгааны үр дүн. Иймд ирээдүйд дахин ийм боломж, ийм чухал суурь (бие) авахын тулд бид одоо түүний эерэг шалтгааныг бий болгох хэрэгтэй.

Хэрэв бид уур, шунал, мунхаг сэтгэлгүйгээр үйлдэл хийвэл ирээдүйд эрдэнэт хүний төрөлд төрөх эерэг шалтгааныг бий болгоход хэцүү биш. Гэвч үнэндээ бид ийм байдлаар үйлдэл хийх нь ховор байдаг тул чадах хэрээрээ энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Хэзээ ч бүү шантарч, чадахгүй гэж бодоорой. Аль болох чадах хэрээрээ эерэг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийхийг хичээгээрэй.

Эерэг, номхон сэтгэл нь дэлгүүрээс худалдан авч, эсвэл тариан талбайд тарьж, эсвэл банкнаас зээлж болдог зүйл биш. Энэ нь зөвхөн сэтгэлийг сургах бодит бүтээлийн үр дүнд бий болно. Бясалгалын туршлага олж авах болон тогтвортой ойлголттой болохын тулд бид бүтээл хийх хэрэгтэй. Үүний тулд урьдын их мэргэд, багш нарын жишээг дагах хэрэгтэй.

Төвдөд анх Нингма ёсны их багш нар гарч, дараа нь Атиша гэгээн залран, Гаадамбын ёс дэлгэрч, Сажийн ёсны их багш нар болон Марпа, Милбогд, Гаржүд ёсны Гампопа нар гарсан. Тэд бүгд асар их хүчин чармайлт гарган, маш их бэрхшээл туулж гэгээрэлд хүрсэн. Тэдний жишээг дагах эсэх нь зөвхөн биднээс шалтгаална. Бид өөрийгөө шалган “Сүүлийн тав, арав, арван таван жилд сэтгэлийн төлөвшилдөө би ямар ахиц гаргав?” хэмээн асуух хэрэгтэй. Хэрэв бид үнэхээр багахан ч болов ахиц гаргасан байвал энэ нь бидэнд урам өгнө. Омог бардам гэх мэт сэтгэл төрүүлэлгүй, харин тав, арван жилд багахан ахиц гардгийг ойлговол богино хугацааны хичээл чармайлтаас бид шантрахгүй.

Үндсэн бүтээл бол сургаалыг сонсох, санах, бясалгах. Гэвч сургаал сонсох, судлах явцад бид үргэлж тэдгээрт хандаж буй хандлагаа шалгаж байх хэрэгтэй. Сонссон зүйлээ шууд бүтээн дадал болгох хэрэгтэй. Сонсох, санах, бясалгах гурвыг хооронд нь салгахгүйгээр, аль нэгийг нь дутаахгүйгээр бүтээх хэрэгтэй.

Эрдэнэт хүний төрлийн шимийг гаргах зохист нөхцөлүүд

(2) Ураг садангийн зүгт шунан тачаах нь өөрийг ус мэт хөлбөрүүлэх уршигт дайсны зүгт уурлан хилэгнэх нь гал мэт дүрэлзэх авах, гээхийг умартах мунхагийн эрхээрхаранхуйд автах аавын нутгийг орхин одох нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Аавын нутгийг орхин одох нь хамгийн зүйтэй юм. Гэвч хэрэв орхин яваагүй эсвэл чадахгүй байвал нутаг усандаа хэт дурлан, мөн түүнтэй холбоотойгоор уур бухимдал төрүүлэхгүй байх хэрэгтэй. Өөрийн мөн чанараар бодитой орших нутаг орон байгаа мэт санан түүндээ дурлан хүлэгдэж эсвэл нутаг орныхоо дайсан болох тэдгээр улс амьтанд дайсагнах сэтгэл төрүүлэн “Энэ бол миний нутаг, миний гэр бүл” гэж бодохгүй байх нь чухал. Дурлан хүлэгдэх сэтгэл, бухимдах сэтгэл нь сөрөг үр дагаварт хүргэх зан байдлыг бий болгодог бөгөөд сөрөг хүч, зовлон бий болгоно. Энэ хоёр түвэг удагч сэтгэл нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын дундах голлох хоёр сэтгэл бөгөөд аль аль нь бодит байдлыг мэдэхгүй байх явдлаас (мунхагаас) гардаг.

Хэдийгээр бид нутгаа орхин гарсан ч өөр нутагт очин шинэ найз нөхөдтэй болж, улмаар дурлан хүлэгдэх сэтгэл, уур зэргийг тэнд мөн төрүүлэх нь зохисгүй юм. Энэ сайн хэрэг биш. Хамгийн чухал нь дурлан хүлэгдэх сэтгэл, уур зэргийг арилгах явдал бөгөөд тэдгээрийг бусдад туслахыг хүсэх хандлагаар солих явдал. Бидний сэтгэл татагддаг, дурлан хүлэгддэг хүмүүсийн зан байдалд гэнэт багахан өөрчлөлт гарвал бид тэдэнд дургүй болно. Хэрэв бидэнд тэдгээр хүмүүст туслах гэсэн асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл байвал хэдий тэд муу, буруу зан байдал гаргасан ч бид тэднийг амгалантай, жаргалтай байхыг хүссэн хэвээр байна. Иймд бид өөрийн дурлан хүлэгдэх сэтгэлээ бусдад тус болох хандлагаар солих хэрэгтэй.

Бидний ихэнх нь нутгаа орхин энд ирсэн боловч хэрэв бид дурлан хүлэгдэх сэтгэл, уур бухимдлыг төрүүлсэн хэвээр байвал үүнээс гайхалтай, ер бусын зүйл юу ч гарахгүй. Бид тэднийг арилгах хэрэгтэй.

(3) Алив мугуйд орноос(хүн ба юмс) өөрийг чөлөөлснөөр нисваанис саарч алгасангуй (санаа огцом, самуурамтгай) үгүйгээр буяны сэтгэл аяндаа арвидах ухаан цэлмэснээрном дор итгэл төрөх аглагийг шүтэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хэрэв бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг тэдгээр хүмүүсээс хол байвал толгой дүүрэн бодолгүй болж бид эерэг үр дагаварт хүргэх үйл ажиллагаанд аяндаа орно. Иймд буйд, нам гүм газар амьдрах нь хамгийн их тустай. Гэвч аглагт бясалгахын тулд бид сургаалыг сонсох, санах бүтээлийг хангалттай хийсэн, шунал, уур бухимдал үгүй байх хэрэгтэй.

Ийнхүү бид эрдэнэт хүний төрөл авсан бол түүнийг зөв зохистой ашиглан, энэхүү боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Учир нь энэ бол мөнх бус. Мөрийн гурван эрхэм зохиолд гардагчлан бид энэ насны амьдралд голлон санаа тавьж түүнд баригдах байдлыг зогсоох хэрэгтэй. Хэрэв бид ирээдүйн төрлүүддээ гол анхаарлаа хандуулбал энэ насны амьдралын аливаа зүйлүүд бас сайн байх болно. Хэрэв өөрийн бүхий л анхаарлыг зөвхөн энэ насны амьдралд хандуулбал энэ нь ирээдүйн төрлүүдэд ямарч тус болохгүй. Иймд бид зөвхөн энэ насны амьдралын үйл ажиллагаанд оролцох бус ирээдүйн төрлүүдээ сайжруулахыг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд мөнх бусын талаар бодох хэрэгтэй болно.

Мөнх бус

(4) Өнө удаан ханилсан садан хийгээд нөхдөөс нэг нэгээр хагацах өчнөөн зовж хураасан эд эдлэлээ орхих зочин сэтгэл түр буудалласанбиеийг орхин одох зөвхөн энэ насанд шүтэхийг хорих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Дэлхийн түүхийг авч үзвэл гурван төрлийн дотор үйлийн эрхээр төрсөн тэдгээр төрөлхтөний дотроос мөнх амьдарсан нэг ч төрөлхтөн байхгүй. Өнгөрсөн үеийн алдартай газрууд болох Атиша нарын нэр алдар түгэж байсан Наландарын хийдийг харцгаая. Одоо ердөө туурь үлдсэн байна. Энэ нь бидэнд мөнх бусыг харуулах тустай юм. Төвдийн эртний уламжлал зэргийг авч үзье. Тухайн үеийн нөхцөлүүд өнгөрч одсон. Тэдгээр нь мөнх бус, одоо байхгүй болсон байна. Зуун жилийн дараа гэхэд бидний хэн нь ч амьд байхгүй нь мэдээж хэрэг. Тодорхой, мэдэхүй бүхий бидний сэтгэл л үргэлжилнэ, урьд болон хойд төрөл мэдээж байна. Гэвч бидний урьд төрлүүддээ бий болгосон шалтгааны үр дүн болох одоо эдэлж туулж буй зүйлүүд, эд баялаг, амжилт энэ бүхэн нь үргэлжлэхгүй. Хэдий бид өөрийн гэр бүлийнхэн зэрэг бусад хүмүүстэй ойр дотно байсан ч бид бүгд хагацан салж, өөр өөрийн замаар явж одно. Эерэг хүч бий болгосон тэдгээр хүмүүс нь баяр жаргал эдлэх бол эерэг хүч бий болгоогүй хүмүүс нь түүнийг эдлэхгүй. Нарийн энерги, сэтгэл дээр суурилан нэрлэсэн “би”-гийн үргэлжлэл үргэлжлэх учир бид одоо хийж буй үйлийнхээ үр жимсийг хүртэнэ. Иймд бидний одоо хийж буй зүйл маш чухал.

Үхэх үед бид бүгд ганцаараа явна. Бүр Далай лам ч хүртэл үхэх цаг болоход тэрээр ганцаараа л явах болно. Мао Зэдун үхэхэд тэрээр ганцаараа л явсан. Түүний гэргий Цзян Цин, түүний ард түмэн түүнтэй хамт яваагүй. Түүний амьд ахуй үеийн алдар нэр түүнд ердөө тус болоогүй. Дараа нь юу болсоныг бид бүхэн мэднэ. Бүр Махатма Ганди гэх мэт агуу хүмүүс хүртэл ганцаараа явсан. Тэрээр өөрийн эд зүйлс, шаахай, дугуй хэлбэр бүхий нүдний шилээ орхих хэрэгтэй болсон. Энэ бүхнийг бид түүний дурсгалын хөшөөнөөс харж болно; тэрээр юу ч авч яваагүй. Гадаад эд зүйлс, найз нөхөд, гэр бүл, юу ч бидэнд тус болохгүй, бүр бидний эцэг эхээс авсан бие махбод хүртэл тус болохгүй. Гунтан Ринбүүчигийн хэлсэнчлэн бид бүгд юу ч үгүй ганцаар явах ёстой болно.

Төвд хүмүүс биднийг хар, өөрсдийгөө хар. Хэдий бид ийм хэцүү цаг үед байгаа ч хүний төрөл авсан байна. Үхэх цаг болох бид дахин хүний төрөл авна гэсэн баталгаа байхгүй. Хэрэв хүний төрөл авсан энэ үед ямар нэг ахиц гаргахгүй бол дараа нь хүний төрлөөс өөр төрөлд бид юу хийж чадах билээ. Мэдээж, бид одоо хоол хүнс идэх ёстой. Төгс төвлөрөлд байдаг дээд төрөлхөн биш бол бид бүгд биет хоол идэх шаардлагатай. Иймд бид мэдээж хүнс тариалж, энэ насны амьдралд хэрэгтэй зүйлүүдийг хийх хэрэгтэй. Гэвч бид зөвхөн энэ талаар бодож түүнд баригдахгүй байх хэрэгтэй. Бид цаг хугацааныхаа магадгүй 30%-ийг энэ насны амьдралд, 70% -ийг ирээдүйн төрөлдөө зориулах хэрэгтэй, 50/50 байвал бүр сайн. Гол санаа нь зөвхөн энэ насны амьдралд бүрэн татагдан орохгүй байх явдал юм.

Зохист нөхрийг шүтэх

(5) Нөхөрлөвөөс гурван хор улам арвидах сонсох, санах, бясалгахынүйл доройтох асрахуй хийгээд нигүүлсэхүй үгүй болох саар муу нөхрийг тэвчих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бид ирээдүйн төрлүүдийнхээ талаар илүүтэй бодох хэрэгтэй бөгөөд үүний тулд сайн нөхөд хэрэгтэй. Тэд бидэнд маш их нөлөөлдөг учир чухал. Бид сургаал сонсож, тэднийг санаж байх нь нилээд ховор ч сайн нөхдийн үлгэр дууриал бидэнд илүү нөлөөлнө.

Өөртэйгээ адил хандлагатай нөхөдтэй байх нь чухал. Яагаад? Учир нь энэхүү бадагт гарч байгаачлан муу, уруу татагч нөхөд нь бидэнд муугаар нөлөөлж болох учраас тэдэнтэй харилцаа холбоогүй байх хэрэгтэй. Гэвч бид тэдэнд асрах сэтгэлийг төрүүлэн тэдэнд сайн сайхныг хүсэж байх хэрэгтэй. Ердөө тэдний сөрөг нөлөөнөөс хол байх хэрэгтэй юм.

(6) Шүтсэнээр гэм барагдах, эрдэм шинийн саран мэт арвидах буяны садан түүнийг өөрийн биеэс илүү эрхэмлэн барих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хэрэв бид эерэг сэтгэлтэй нөхөд, номын багштай ойр байвал тэд бидэнд хамгийн сайн нөлөө үзүүлнэ. Мэдээж бид өөрт тохирох багштай байх хэрэгтэй боловч тухайн багш нь бидний сэтгэлд нийцсэн, эрдэм мэдлэгтэй хүн байх хэрэгтэй. Төвд хүмүүс бидний дунд алдар нэртэй хойд дүрийн лам нар олон байдаг. Гэвч тэд эрдэм боловсрол бүрэн дүүрэн эзэмшсэн байх хэрэгтэй, үгүй бол энэ нь ямарч утгагүй болно. Иймд бид түлкү гэсэн цол хэргэмийг нь хойш тавьж түүний эрдэм боловсролыг шалгаж үзэх хэрэгтэй. Сайн эрдэм боловсрол эзэмшсэн тохиолдолд багш болно.

Гэвч олон түлкү нар үнэндээ эрдэмтэй ихэс лам нар байдаггүй. Тэдэнд их хэмжээний өв хөрөнгө, эд баялаг байх боловч эрдэм боловсрол эзэмшээгүй байдаг. Мөнгө, нэр, алдар хэн нэгнийг эрдэмт ихэс лам болгохгүй. Иймд бид тэдний бодит мэдлэг, боловсрол зэргийг харах хэрэгтэй. Ингэж анхааралтай шалгаж судлах нь үнэхээр чухал. Бурхан багш, Богд Зонхов мөн адил ингэж зөвлөсөн.

Багш, шавийн хоорондын эрүүл харилцаа туйлаас чухал. Наропа, Тилопа нарын адил хэрэв багшийн эрдэм бүрдсэн бол шавь нь түүнд бүрэн итгэж, түүний хэлсэн юу бүгдийг хийж болно. Тилопа багш нь Наропад үсэр гэвэл тэрээр татгалзах зүйлгүйгээр түүнийг хийдэг байв. Гэвч хэрэв бидний багш Тилопа зэрэг номт мэргэдийн түвшинд хүрээгүй бол бид хэн нэг хүний хэлсэн зүйлийг хийгээд байж болохгүй. Хэн нэг ухаангүй хүн бидэнд явж очоод суврага дээрээс үсэр гэж хэлсэний төдийд бид үсэрдэггүй биз дээ?

Эхлэн суралцагч бидний хувьд хамгийн гол зүйл бол хувийн сахилга батыг чанад сахих явдал. Үүн дээр бидний бусад зүйл суурилна. Төвд хүмүүс бидний бүтээл хийх арга хамгийн сайн арга. Бид ёс зүйн суурь зарчимтай, түүний дээр бидэнд Их хөлгөний асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл бий. Түүний оройд тарнийн бүтээл, түүний дөрвөн ёс бүгд бий. Үнэндээ төвд хүмүүс бид Бурхан багшийн сургаалыг бүтээх зам мөрийг бүхэлд нь бүтээдэг цорын ганц Бурханы шашинтнууд бөгөөд үүнийг нэг хүн бүгдийг нь бүтээх боломжтой байдаг.

Тайланд, Бирм, Шри-Ланка улсад жишээ нь зөвхөн хувийн сахилга батыг баримталж, Их хөлгөн болон тарнийн ёсыг бүтээдэггүй. Япон, Солонгос зэрэг Их хөлгөний ёстой өөр хэд хэдэн оронд тарнийн ёс байх боловч зөвхөн крияа, чаряа, йога гэсэн эхний гурван ёс дэлгэрсэн. Дөрөвдэх ёс болох ануттарайога ёс дэлгэрээгүй. Зарим газар хоосон чанарын үзэл байх боловч тэр нь Төв үзлийн зөвхөн Читтамарта эсвэл Йогачара-Сватантрика үзэл байдаг. Зарим газар Их хөлгөний ёс дэлгэрсэн боловч ёс зүйн суурь сургаал байдаггүй, зарим газар нь энэ хоёр сургаалгүйгээр зөвхөн тарнийн сургаалыг бүтээхийг оролддог. Нэг хүнд зориулсан, бүх зам мөрийг бүтээх бүрэн бүтээл зөвхөн төвдүүд бидэнд байна. Бид өөрсдөө, хүн бүр үүнийг бүтээдэг байх хэрэгтэй байна.

Аюулгүй зам мөр (Аврал)

(7) Өөрөө ч бас орчлонгийн гянданд машидхүлэгдсэн ертөнцийн тэнгэр хэнийг авран чадах тиймийн тул хуурмаггүй авралын орон чухаг гурван эрдэнээс өвч сэтгэлээр аврал эрэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Ингээд бид аюулгүй зам мөрд орох буюу аврал одуулах хэрэгтэй болох бөгөөд ингэхдээ Гурван эрдэнийн сайн чанаруудыг санана. Бурханыг төвд хэлээр Санггэй (сангс-ргйас) гэдэг. “Санг” гэдэг нь арилгах хэрэгтэй бүх зүйлийг арилгах, гэм бүгдийг арилгах, “гэй” гэдэг нь бүх сайн чанарыг эзэмших гэсэн утгыг илэрхийлнэ. “Дарма” (Ном) гэдэг санскрит үг нь таагүй зүйлээс хүнийг хойш татах гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Номыг дагаснаар бид зовлонгүй байх нь.

Үнэндээ Ном эрдэнэ нь зовлонгоос ангижрах болон зовлонгоос ангижрах сэтгэлийн зам мөр үнэн гэсэн хоёр үнэнтэй холбогдоно. Сэтгэлээс түр зуурын тэдгээр хир толбыг арилгаж, хоосон чанарын хиргүй орчилд уусгах нь зовлонг хорих (зовлонгоос ангижрах) үнэн юм. Хоосон чанарыг шууд онож таньсан сэтгэлийн зам мөр нь зовлонгоос ангижрах, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх сэтгэлийн үнэн зам мөр юм. Энэ хоёр үнэн нь Ном эрдэнэ болно.

Хоосон чанарыг шууд таньж мэдсэн Арья буюу хутагт нар нь Хувраг эрдэнэ болно. Эдгээр нь Аюулгүй зам мөрийн (авралын) Гурван эрдэнэ юм. Бурхан нь эмч, Ном нь эм буюу эдгээх арга болох сэтгэлийн зам мөр ба эдгэрсэн төлөв болох зовлон үгүй төлөв, харин Хувраг нь зам мөрд туслах сувилагч адил.

Бид бүгдээрээ зовлон болон багахан ч гэсэн тав тухгүй байдалд дургүй, түүнээс ангижрахыг хүсдэг. Энэ бүхнээс ангижирсан төлөв байдал, түүнийг бүрмөсөн арилгах арга хоёр нь Ном эрдэнэ болно. Энэ үйл явцад бидэнд багш хэрэгтэй. Тэр нь Бурхан эрдэнэ. Бидэнд туслах нөхөд хэрэгтэй, тэр нь Хувраг эрдэнэ. Цаашлаад бид аюулгүй зам мөрийг үзүүлэх эдгээр орнууд биднийг хамгаалж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Мөн зовлонгоос эмээж, түүнээс ангижрахыг эрмэлзэж байх ёстой. Эдгээр нь амьдралдаа авралын аюулгүй зам мөр бий болгох шалтгаан болно.

Бурхан багш зовлонгийн шалтгааныг арилгах арга замыг зааж өгсөнөөр зовлонг бүрэн зогсоох боломжтой болсон тул тэрээр аюулгүй зам мөрийн (авралын) орон болно. Бид Бурхан багшийн сургаалтай учирсан тул түүний заасан аюулгүй зам мөрийг амьдралдаа дагах хэрэгтэй. Бид бүхий л зовлонгоо арилгасан өөрийн ирээдүйн төлөв, ирээдүйн гэгээрлийн зам мөрд ордог, түүндээ аврал одуулдаг. Мөн бид Гурван эрдэнийн заасан биднийг тэрхүү төлөвт хүргэх тэр зам мөрд ордог, түүнд шалтгаант авралыг одуулдаг. Иймд та бүхэн бүгдээрээ амьдралын аюулгүй зам мөрд орж, аврал одуулаарай.

Top