Дунд болон их төрөлхтний oюун судлахуйн

8 – 37-р бадаг

Сэдлээ засаж, өмнөх сэдвийг сэргээх

Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг харцгаая, тэд бидний ойр дотны эсвэл танихгүй, баян эсвэл ядуу ямарч хүн байж болно, гэвч бид бүгдээрээ жаргал хүсдэг, зовлон хүсдэггүй. Үүнд хүрэх хамгийн сайн арга бол Номыг бүтээх. Бидэнд чөлөө, учрал бүрдсэн хүний бие байна, бид ёс зүй, Их хөлгөн, тарнийн сургаалыг багтаасан бүрэн гүйцэд сургаал, эрдэм төгс багш нартай учирсан байна. Иймд бид өөрийн бүхий л сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгаж, бүхий л сайн эрдэмд боловсорч, гэгээрэлд хүрэх Их хөлгөний сэдэл төрүүлэх хэрэгтэй.

Үүний үндэс суурь нь асарч хайрлах сэтгэл төлөвшүүлэх явдал. Энэ бол бид болон бусдын, янагуух хийгээд чанагуух аз жаргалын үндэс. Энэ бол биднийг гэгээрэлд хүргэх, хүн бүрт аз жаргал авчрах чадамж болох бодь сэтгэлийн үндэс. Иймд бид асарч хайрлах сэтгэлийг чадах чинээгээрээ төлөвшүүлэх хэрэгтэй.

“Би асрах сэтгэл төрүүлэх болтугай” гэх мэтээр зөвхөн үг төдийг хэлэхгүй байх хэрэгтэй. Бидний хийх ёстой зүйл бол түүнд хүрэх үе шатуудыг бодитойгоор бүтээх, түүнд суралцах явдал. Бид аргуудыг нь мэдэж, түүнийг бүтээн төлөвшүүлэх хэрэгтэй. Бурханы Ном нь бүхэлдээ Бурханы сургаал болох Ганжуурын нэг зуун боть, энэтхэг мэргэдийн түүнийг тайлбарласан хоёр зуун боть болох Данжуурт багтдаг. Сэтгэлийг сургаж, бидний хандлагыг цэвэрлэх зэрэглэсэн сургаал болох лам-римыг Төвдөд авчирсан хүн бол Атиша гэгээн. Түүний Бодь мөрийн зул (төвд. Лам-сгрон, санскр. Бодхипатхапрадита) зохиол нь Бодьсадвын 37 гарын авлага хэмээх энэ зохиолын эх сурвалж юм. Гучин долоон гарын авлага нь ойлгоход хялбар, богино хэмжээтэй учраас бид түүнийг цээжилж байнга уншин, утгыг тунгаан бүтээн, дадал болгох хэрэгтэй.

Зохиолыг одоо үргэлжлүүлэн тайлбарлая. Юуны түрүүнд бид өөрийн эрдэнэт хүний төрлийн чухлыг таньж мэдэн, түүний шимийг гаргах талаар бодох хэрэгтэй. Бид үхэн, энэ биеийг орхих нь гарцаагүй учир энэ насанд хүлэгдэхээс ухарч улмаар бас ирээдүйн төрлүүдэд хүлэгдэхээс ухрах хэрэгтэй.

Үүний тулд бид эхэлж үхэл ба мөнх бусын талаар, мөн үхэх үед бид гурван муу төрлийн нэгэнд төрж болох талаар бодох хэрэгтэй. Бид тамын амьтад, бирдийг хардаггүй байж болох ч амьтад, тэдний зовлонг мэднэ. Амьтадтай хэрхэн зүй бус харьцаж, цохиж зодож, ажилд ашиглаж, тэдэн дээр эм туршиж, мах бэлтгэлд зориулан нядалдагийг бид мэднэ. Бурханы шашинд тэднийг асарч хайрлах сэтгэл төлөвшүүлэхийг сургадаг. Зарим шашинд амьтны амь таслахыг мод огтолж унагах, жимс ногоо түүхтэй ялгаагүй мэт авч үздэг. Гэвч Бурханы шашинд энэ бол өөр. Бид амьтдын зовлонг няхуур харж, амьтны төрөлд хэрхэн хялбархан төрж болохыг авч үздэг.

Амьтны төрөлд төрөхөөс хэрхэн зайлсхийх арга замыг үзүүлсэн хүн бол төгс гэгээрсэн Бурхан. Тэрээр ямар үйлийг орхиж, ямар үйл хийх талаар зан байдлын шалтгаан ба үр дагаварын тухай сургаалыг сургасан. Бид Бурхан багшийн заасан, ямарч алдаа мадаггүй, аюулгүй, үр дүнтэй амьдралын зөм мөрийг санал болгодог тэрхүү төгс сургаалыг аль болох их судлахыг хичээх хэрэгтэй. Өчигдөр бидний ярилцаж байсанчлан Бурхан, Ном, Хувраг бол Аюулгүй зам мөрийн (Авралын) Гурван эрдэнэ юм. Зөвхөн энэ гурав хэзээ ч үл алдагдах баталгаатай, аюулгүй, тогтвортой амьдралын зөм мөрийг санал болгодог. Ертөнцийн тэнгэрүүдээс найзын хувиар тусламж хүсэхэд буруу зүйл үгүй боловч тэднээс аврал одуулах нь буруу.

Тайланд, Бирмийн сүм хийдэд суудаг хуврагуудыг авч үзье. Тэд дугандаа зөвхөн Бурхан багшийн дүрийг залдаг, өөр ямарч дүр байлгадаггүй. Энэ бол маш сайн. Төвд дугануудад Бурхан багшийн дүр байх боловч түүний зэрэгцээ олон янзын ер бусын сахиус байх жишээтэй. Японд зөвхөн багшийнхаа дүрийг залах ба Бурхан багшийн дүрийг бараг залдаггүй. Хэдийгээр Бурхан багш нь бидний багш нараас салшгүй нэг мөн чанартай, олон хэлбэрээр оршино гэдэг ч энэ бол өөр асуудал. Хамгийн гол зүйл бол бидний үлгэр дууриал авах гол орон нь Шагжамүни Бурхан багш байх явдал. Хүмүүс төвдүүд биднийг Бурхан багшаа мартсан, ердөө сахиусныхаа өмнө дамар дугаргадаг гэж хэлж, шүүмжилдэг. Энэ бол их аюултай. Иймд болгоомжтой байх хэрэгтэй. Гэвч энэ сэдвийн хувьд үүнийг хангалттай гэж бодож байна.

Хувраг эрдэний хувьд Тайланд, Бирмд хийдэг бүтээл бас маш сайн бүтээл. Хуврагуудад маш хүндэтгэйлтэй ханддаг, хар хүмүүс нь тэднийг дэмжиж, тэдэнд бадар өргөдөг. Энэ бол маш сайн. Ихэнх тохиолдолд хүмүүс Авралын ердөө хоёр эрдэнэ байна гэж үздэг. Бурхан эрдэнэ, Ном эрдэнэ. Хуврагийг чухал биш гэдэг. Тэд хуврагийг тооцохгүй байж болно гэж үздэг. Хүн бүр хувраг болох албагүй боловч бид өөрийн зан байдлыг анхааралтай нягталж үзээд хэрэв бидэнд тохирохоор бол хийдэд суух нь хамгийн сайн. Наад зах нь хуврагуудыг шүүмжилж муушаахгүй байх нь чухал. Бид зөвхөн өөрийгөө шинжиж, шүүмжлэх хэрэгтэй. Хувраг бол Бурхан багшийн сургаалыг илэрхийлэх, түүний үлгэр дууриал болох маш чухал орон. Бид өөрийн үйлийн үр, хэлж, хийж буй зүйлийнхээ талаар маш хянамгай байх хэрэгтэй.

Сөрөг үр дагаварт хүргэх зан байдлыг (нүглийг) тэвчих

(8) Тэсэшгүй бэрх муу заяаны зовлон бүхэн нь хилэнцэт үйлийн үр хэмээн чадагч бурхан бээр номлосон тул аминд тулавч хилэнцийн үйлийг хэзээ ч үл үйлдэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энгийн үгээр хэлбэл хэрэв бид сайн зүйл хийвэл түүнээс сайн үр дагавар гарна, хэрэв муу зүйл хийвэл түүнээс муу үр дагавар гарна. Энэ маш энгийн. Шалтгаантайгаа адилхан үр дагавар гарна. Энэ үнэн, цаашлаад багахан шалтгаанаас маш их үр дагаварыг хүртэж болно.

Улс орнуудад одоо үүсээд буй ямарваа муу нөхцөл байдлууд нь өнгөрсөнд хийсэн муу үр дагаварт хүргэх үйлдлүүдээс шалтгаалсан сөрөг хүчнээс бий болсон байдаг. Жишээ нь Төвдөд заримдаа ган болж, ургац алдана; заримдаа дайн тулаан, эзлэн түрэмгийлэл зэрэгт өртөнө. Энэ бүхэн бидний өмнө үйлдсэн сөрөг үр дагаварт хүргэх үйл болон бидний эерэг хүч багадсанаас шалтгаална. Хэрэв бид өнгөрсөнд бий болгосон ямарч эерэг хүчгүй бол одоо бид юу хийж байх нь хамаагүй тэр нь бидэнд сайн, эерэг нөхцөл бий болгохгүй. Иймд бид цаг үргэлж бусдад сайн сайхныг хүсэж байх хэрэгтэй. Тухайлбал, Хятадын хувьд бид тэдэнд зөвхөн сайн сайхныг хүснэ. Бид тэдэнд ямар нэг муу зүйл тохиолдохыг хүсэж болохгүй. Тэдний эдэлж буй зүйл тэдний үйлийн үр дагавар байх болно.

Сөрөг үр дагаварт хүргэх зан байдал нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагаас бий болох ба ийм байдлаар үйлдэл хийснээр бидэнд зовлон авчрахаас өөр зүйл авчрахгүй тийм л сөрөг хүчийг бий болгоно. Сөрөг үр дагаварт хүргэх үйлдэл нь бие, хэл, сэтгэлийн үйл байж болно. Биеэр үйлдэх үйлийн нэг жишээ нь амь таслах ба энэ нь хүнээс эхлээд хорхой шавьж хүртэл ямар нэг амьтны амь таслах үйл юм. Амь таслах нь маш сөрөг үйл бөгөөд бид үүнээс чадах хэрээрээ зайлсхийх хэрэгтэй.

Бүх хамаг амьтан бидний адил амьд байх, амь насаа хамгаалах адил эрхтэй. Хуруунд өргөс ороход бид “Өвдөж байна” гэдэг. Тэгвэл хүн бүр, хамаг амьтанд энэ адилхан. Ялангуяа амьтны амиар тахил өргөх нь маш муу. Зарим оронд үүнийг хийсээр байгаа. Дээр үед Киннаур, Спити болон Балбын зарим нутгуудад, бүр Төвдийн тодорхой дүүргүүдэд үүнийг хийдэг байсан. Тэндэхийн хүмүүс гаднаа надад, Далай ламд аврал одуулах боловч тэд амьтдаар тахил өргөдөг. Энэ бол маш муу. Энэрэн нигүүлсэх сэтгэлийн “Ум мани падмэ хум” тарнийг хэлээд тэнгэрүүдэд тахил өргөх нь үнэхээр, үнэхээр зохимжгүй.

Дараагийнх нь хулгай хийх. Энэ мөн адил маш сөрөг үйл. Зохисгүй бэлгийн харилцаа гэдэг нь өөр хүний гэр бүлтэй, эсвэл өөр хүний дотно харилцаатай хүнтэй харилцаанд орж, түүнийг буруу гэж харахгүй байх явдал. Түүүхэн зохиолуудыг аваад үзэхэд язгууртан гэр бүлүүдийн хоорондын зөрчил, тэмцэлийн ихэнх нь зохисгүй бэлгийн харилцаанаас болсон байдаг. Энэ маш их сөрөг үр дагаварт хүргэдэг.

Дараагийнх нь худал хэлэх. Энэ бас үнэхээр сөрөг үйл. Мэдээж хэн нэгний амь насыг хамгаалахын тулд худал хэлэх нь өөр хэрэг, гэвч бид үргэлж үнэнч шударга байх хэрэгтэй. Худал хэлэх нь ердөө зовлон авчирна. Бид хэн нэгэн бидний үнэнийг олж мэднэ хэмээн эмээж сууна. Энэ сэтгэлийг ямагт маш тавгүй байлгана, тийм биз дээ?

Дараагийнх нь хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлэн салгах хов. Бид хэн нэгний талаар муу зүйл сонсоод түүнийг тараадаг. Энэ маш хортой. Бид бусдыг үргэлж ойр байлгах хэрэгтэй. Хүмүүсийн хамтарч амьдарч, ажиллаж байгаа үед тэдний эв найрамдал харилцан итгэлцэл дээр суурилдаг. Жишээ нь хятад хүмүүсийг авч үзэхэд тэд хүн бүрийг нөхрөө гэж ярих боловч энэ нь зөвхөн ширээний ард яригдана. Түүнээс гараад тэд бие биетэйгээ нэг саван ч хуваахгүй. Энэ нь тэдэнд ердөө итгэл байдаггүйтэй холбоотой, тэд нэг нэгэндээ итгэдэггүй. Энэ нь бусдын хооронд муутгах, хов хэлэх үйлээс болдог. Иймд хов битгий хэлж байгаарай.

Дараагийнх нь бусдыг “гуйлгачин” гэх мэтээр дуудах ширүүн үг. Энэ нь бусдын сэтгэлийг хөнддөг. Энэ нь хэзээ ч баяр жаргал авчрахгүй. Чалчаа яриа гэдэг нь утгагүй зүйлс ярих явдал. Энэ бол ердөө л цаг үрдэг зүйл.

Дараа нь хомхой сэтгэл гэж бий. Хэн нэгэнд буй сайхан зүйлийг авахыг хүсэх ба бүхий л анхаарлаа түүнд хандуулан зөвхөн түүнийг авахыг хүснэ. Анхаарал болгоомжтой байхгүй бол бид хана мөргөж ч мэднэ шүү!

Дараагийнх нь хорлох сэтгэл. Энэ бол маш сөрөг сэтгэлийн үйл. Биднийг ямарч баяр баясгалангүй болгоно. Ихэнх тохиолдолд энэ нь бусдад гэм хор болдоггүй, харин бидэнд гэм хор болдог. Өс санах, бусдад гай зовлон хүсэх нь өөрт маш их хортой. Өсөрхөх сэтгэлээр бид асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Асуудлууд зөвхөн энэрэх, асрах сэтгэл, тэвчээрээр шийдэгдэнэ. Иймд хорсох сэтгэл хэзээ ч төрүүлэхгүй байх хэрэгтэй. Сүүлчийнх нь төөрөлдсөн, тэрс үзэл. Үнэн зүйлийг үгүйсгэх, худал, байхгүй зүйлийг бий болгох.

Амь таслахаас эхлээд төөрөлдсөн тэрс үзэл хүртэлх эдгээр арав нь арван сөрөг үр дагаварт хүргэх үйл (нүгэл) юм. Тэдгээрийн сул талыг харж, тэднийг үйлдэхээс зайлсхийх хэрэгтэй. Тэдний сул талыг харж, зориуд хүчин чармайлт гарган, хичээж амь таслах, худал хэлэх гэх мэтийг үйлдэхгүй байх нь бодит бүтээл болно. Хэдийгээр бид тэдгээрээс бүрэн зайлсхийж чадахгүй байсан ч чадах чинээгээрээ тэднийг багасгахыг хичээх хэрэгтэй. Энэ бүхэн нь аюулгүй зам мөрд орсонтой холбоотойгоор хийх дараагийн зүйл юм.

Ингээд дараа нь дунд төрөлхтөний сэдэлтэй холбоотой сургаалыг үзүүлсэн.

Гэтлэхүйд зорих

(9) Хамаг гурван ертөнцийн амгалан жаргалан нь өвсний шүүдэр мэт нэгэн хоромд эвдрэх жамтай тул хэзээ ч үл урвах нирвааны дээд амгаланг хичээнгүйлэн сонирхох нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Эгэл ертөнцийн гурван орны (дүрст, дүрсгүй, хүсэлт) алинд ч төрсөн байсан энэ нь ердөө шатаж байгаа байшингийн өөр өөр давхартай адил. Хаана ч байсан зовлон байна. Иймд бид ямар нэг аргаар түүнээс гарах хэрэгтэй. Хяналтгүйгээр дахин дахин төрөл авах үзэгдэл, самсара (сансар, орчлон) гэдэг нь төөрөгдөлтэй хавсарсан зовлонт цогцос бөгөөд энэ нь үйлийн үр, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагаас бий болдог. Хэдийгээр бид эрдэнэт хүний төрөл авсан ч үйлийн үр, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын хүчинд орвол ердөө улам их зовлон бий болгоно. Иймд бид эдгээр давтамж бүхий синдромоос (хам шинж, өвчин) ангижрахыг хичээх хэрэгтэй. Ертөнцийн аливаа таашаал нь туйлын төгс биш юм. Тэдгээр нь ердөө өнгөц төдий, түр зуурын шинжтэй. Бид муу, доод төрөлд хэзээ ч унаж болно.

Хэрэв бидний зовлон үйлийн үр болон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн хүчинд байх бидний өөрийн бие махбод болон сэтгэлийн цогцоос гардаг юм бол төөрөгдөл бүхий өөрийн энэхүү цогцоос хаашаа гарах вэ? Энэ талаар бодож үзээрэй. Хэрэв бидний өөрийн цогц нь зовлонгийн шинжтэй юм бол түүнээс бид хэрхэн гарах вэ?

Зовлонгийн эх сурвалж нь бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага бөгөөд голлох сэтгэл, хандлага нь шунал, уур хоёр юм. Энэ хоёр нь төөрөлдсөн үзэл болох өөрийн мөн чанараар оршихуй үзлийг баримтлах мунхагаас гарна. Өөрөөр хэлбэл үүний ерөндөг, эсрэг үзэл болох өөрийн мөн чанараар оршихуй хэмээх нь байхгүй гэдэг үзлийг төлөвшүүлэн түүнд өөрийгөө дасгаж, энэхүү зөв үзэлд бид хэдий чинээ ойртоно төдий хэрээр бидний мунхаг багасана.

Сэтгэл байх энэхүү мунхаг нь түр зуурын шинжтэй бөгөөд түүнийг арилгах боломжтой. Өөрийн мөн чанараар оршихуй үзлийг баримтлах мунхаг, өөрийн мөн чанараар оршихуй нь байхгүй гэдгийг ойлгох хоёр нь нэг оронд чиглэнэ. Иймд энэ хоёр үзлийн нэг нь бидэнд байхад нөгөө нь түүнтэй зэрэгцэн байх боломжгүй. Хоосон чанарыг таньсан билиг ухаан, ялгах ухамсар нь ийм байдлаар мунхагийн ерөндөг болно. Энэхүү ялгах ухамсараар бид уур болон шуналыг арилгаж, зовлонгоос ангижирна.

Зарим хүмүүс уур, дайсагнах сэтгэл болон шуналыг байгалаас заяасан байх ёстой зүйл, тэдгээр нь сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг гэдэг. Хэрэв хүнд ийм сэтгэл байхгүй бол түүнийг бараг амьд хүн биш гэдэг. Тэгвэл тодорхой, мэдэхүй нь сэтгэлийн мөн чанар хэмээн бид хүлээн зөвшөөрдөгийн адилаар тэдгээр сэтгэлүүдийг сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг гэвэл шунал болон дайсагнах тэдгээр сэтгэлүүд цаг үргэлж төрж байх хэрэгтэй болно. Гэвч бид уурыг дарж болдогийг бид мэднэ, тэр нь үргэлж төрсөөр байдаггүй. Иймд шунах, уурлах нь амьдралын нэг хэсэг, тэдгээр сэтгэл нь сэтгэлийн мөн чанар гэх нь буруу үзэл юм.

Бидэнд хоёр үнэнийг ойлгох ялгах ухамсар хэрэгтэй. Илүү гүнзгий түвшинд харвал бүх зүйл өөрийн мөн чанараар оршдоггүй боловч тогтсон үзлийн эгэл түвшинд бол шүтэн барилдлага ямарч алдаагүй юм. Энэ бол ялгах ухамсарын өндөр түвшний сургаал бөгөөд үүнийг ойлгохын тулд бид түүний суурь болгон сэтгэлийн ямар нэг алгасал (сэтгэл сарнил) зэргийг байхгүй болгох өндөр түвшний төвлөрөлд суралцах хэрэгтэй. Үүний тулд бид хуврагууд эсвэл гэргийтэн хүмүүст байх өндөр түвшний хувийн сахилга батад суралцах хэрэгтэй. Жишээ нь гэргийтэн хүмүүсийн сахих таван сахил гэж байх бөгөөд наад зах нь эдгээр тавыг сахих нь маш чухал. Иймд бид энэхүү гурван дээд суртгаалыг (сургаал, чадвар) бүтээх хэрэгтэй.

Бодь сэтгэл төлөвшүүлэх

(10) Эхлэл үгүй цагаас над дор энэрэлт эх болсон тэдгээр амьтад зовох бөгөөс гагц өөрөө амгалангаар юу хийх вэ? Тиймийн тул тоолшгүй амьтныг гэтэлгэх төгс бодийнсэтгэл төрүүлэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Орчлонд орших бүхий л хамаг амьтан бидний адил жаргал хүсдэг, зовлон хүсдэггүй. Тэдгээр хамаг амьтан нь тоолшгүй олон бөгөөд хэрэв бид зөвхөн өөрийн зорилгын талаар бодож бусдын зорилгыг үл хайхрах юм бол энэ өрөвдөлтэй, бас шударга бус. Бид өөрийгөө нэг талд нь тавиад бусдыг нөгөө талд нь тавьж үзэх хэрэгтэй. Бид бүгд жаргал хүсдэг, зовлон хүсдэггүй, харин ялгаа нь бид бол нэг, тэд бол тоолшгүй олон. Олны дотроос зөвхөн нэгийг онцгойлох нь шударга уу?

Бодьсадва нь зөвхөн бусдад сайн сайхныг хүсэж, түүний төлөө зүтгэдэг. Тэд гэрээрэлд хүрэх төдийгүй, зам мөрөөр явах явцдаа үргэлж баяртай байдаг. Тэд бусдын төлөө хэдий их зүйл хийнэ төдий чинээ өөрийн талаар бодохгүй байж, илүү их баяр жаргалтай болно. Энэ нь тэдэнд улам илүү их хичээх урам зориг өгнө. Хэрэв бид зөвхөн өөрийн зорилгын төлөө хичээж, бусдыг үл хайхарвал бидний хүртэх зүйл зовлон, сэтгэл ханамжгүй байдал, урам хугарах явдал байх болно. Ийм байдаг нь үнэхэээр сонин. Иймд бид хувиа хичээх байдлаа багасгаж, чадах чинээгээрээ бусдад тавих анхаарлаа нэмэгдүүлбэл өөрийгөө илүү аз жаргалтай байгааг мэдэх болно.

Бодьсадвын явдалд орохуй зохиолд дүрсэлсний адил хэрэв бид зөвхөн бусдын зорилгыг биелүүлэхийг зорьж байвал бид ямар төрөл авах, хаана төрөх талаар хэзээ ч санаа зовохгүй. Бид хаана ч байсан тэнд бусдад туслахыг хичээх болно. Нагаржуна гэгээн өөрийн Эрдэнийн эрх зохиолдоо үүнтэй ижил санааг илэрхийлсэн. Зөвхөн бусдын тусад хичээн, өөрийн зорилгыг умартах нь Бурханы хутагт хүрэх арга.

Бид өөрсдийгөө Их хөлгөнтөн гэдэг. Гэвч Богд Зонховын хэлсэнчлэн Их хөлгөнтөн байхын тулд бид Их хөлгөнтөний зан чанартай байх хэрэгтэй. Иймд бид бусдын тусад хичээх хэрэгтэй. Хэрэв бид тус болох арга хайвал, хэрэв бид бодь сэтгэл төлөвшүүлбэл юмс аяндаа хүн бүрт тустай болох болно. Иймд бид өөрийн чадах хэрээр Их хөлгөний сургаал, бүтээлийг дагах хэрэгтэй. Ойлгож байна уу?

Тэгвэл бодьсадва гэж хэн бэ? Миний өмнө тайлбарласан Бурхан гэдэг үгтэй адил “бодь” гэдгийг төвд хэлэнд “жанг” (бяанг) гэх ба энэ нь гэм бурууг арилгах гэсэн утгатай үг байдаг бол хоёрдахь үе нь “чүб” (чүб) буюу бүх сайн эрдэмд хүрэх гэсэн утгатай үг байдаг. Үнэндээ хоёр “бодь” (Bodhi) буюу хиргүй төлөв байх ба энд гарч буй төлөв нь Архадын төлөв бус харин илүү өндөр түвшин болох Бурханы гэгээрсэн төлөвийг илэрхийлнэ. “Садва” (sattva) гэдэг нь хамаг амьтны тусад энэхүү бодийн хиргүй дээд төлөв, гэгээрэлд хүрэхийг зорьсон сэтгэлтэй төрөлхтөнийг илэрхийлнэ.

Бидэнд энэхүү хоёр зорилго хамтдаа хэрэгтэй. Бид бусдад туслахын тулд тэдэнд хандсан зорилготой байх, түүнийг хийхийн тулд гэгээрэлд хүрэх ийм хоёр зорилготой байх хэрэгтэй. Энэ бол бодь сэтгэл бөгөөд үүнийг бид төлөвшүүлэх ёстой. Тэгвэл түүнийг хэрхэн төлөвшүүлэх вэ?

Өөрийг бусдаар арилжих

(11) Хамаг зовлон бүхэн гагц өөрийн амгаланг хүсэхээс гарах харин төгс гэгээрсэн Бурхадбусдад амгалан хүсэхээс төрөх тиймийн тул өөрийн амгаланг бусдын зовлонг авах сэтгэлээр үнэнхүү арилжих нь бодьсадвын нэг бүтээл мөн

Зөвхөн өөрийн амгаланг хүссэнээс зовлон бүхэн хэрхэн гарах вэ? Энэхүү хувиа хичээх хүсэл нь өөрийн хувиа хичээсэн зорилгыг биелүүлэхийн тулд олон сөрөг үр дагаварт хүргэх үйл хийхэд биднийг хөтөлнө. Үүний үр дүнд бид зовлон эдэлнэ. Харин Бурханы хутаг нь бусдад туслахаас гарна. Иймд бид хандлагаа сольж, өөрийн амгаланг хүсэж, бусдын зовлонг үл хайхрахын оронд өөрийгөө үл хайхран бусдад амгалан хүсэх хэрэгтэй.

Үүний тулд бид “авахуй ба өгөхүй” (тонлэн) буюу бусдын зовлонг авч тэдэнд өөрийн амгаланг өгөх бүтээлд суралцах хэрэгтэй. Үүнийг хийхэд тус болох маш сайн дүрслэл бий. Өөрийн баруун талдаа, өөрсдийгөө хувиа хичээсэн, зөвхөн өөрийн амгаланг эрдэг эгэл дүрээрээ, харин зүүн талдаа бүгд жаргал хүсэх тоолшгүй олон хамаг амьтныг дүрсэлнэ. Ингээд сэтгэлээ гэрч, шүүгч болгон “Хэн илүү чухал вэ, энэхүү хувиа хичээсэн хүн үү эсвэл бүхий л хамаг амьтан уу?” гэдгийг шүүнэ. Та аль талд нь орохыг хүсэж байна, тэрхүү хувиа хичээсэн хүний талд уу эсвэл бүгдээрээ адил амгалан хүртэх ёстой тэдгээр хамаг амьтаны талд уу? Энэ арга мөн Бодьсадвын явдалд орохуй зохиолд гардаг тэдгээр аргууд нь үнэхээр их тустай байдаг.

Бодьсадвын явдал: Хорлолыг тэвчих

(12) Хэн нэгэн бээр хомхой сэтгэлийн эрхээр хураасан эдлэлийгхулгайлах хийгээд хулгайлуулах дор түүнд бээр өөрийн бие, эд эдлэл, гурван цагийн буян бүхнийг зориулах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Ийнхүү бид бодь сэтгэл төрүүллээ. Гэвч гэгээрэлд хүрэхийн тулд бид бодьсадвын явдлаар явах хэрэгтэй. Хэрэв хэн нэг хүн биднээс хулгай хийвэл түүнд уурлах аюул бий. Гэвч хэрэв бид гэгээрэлд хүрэхээр бүтээл хийж, өөрийн бүх зүйлийг бусдад өргөсөн бол энэхүү хулгайч бидний эд зүйлийг аль хэдийн өөрийн болгосон байгаа. Үнэндээ тэр бүхэн түүнийх учир тэрээр одоо түүнийг авч байна. Иймд бид түүнд зөвхөн түүний авсан эдгээр зүйлүүдийг төдийгүй бүр өөрийн бие, гурван цагт хураасан эерэг үйл бүхнээ зориулах хэрэгтэй.

(13) Өөрт гэм алдаа өчүүхэн үгүй атал өрөөл бусад толгой таслах боловч энэрэн нигүүлслийн эрхээр түүний хилэнцийн үрийг өөрт авах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хэрэв бусад бидэнд гэм хүргэвэл бид тэдэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэн тэдний гэмийг өөртөө авах хэрэгтэй.

(14) Алин зарим нэгэн өөрийгэлдэв яруу бусаар хэдий бүхий газар орноор хэрэн муулавч асрахуйн сэтгэлээр түүний хариуд тэр хүмүүний эрдмийг өгүүлэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бусад биднийг муушаан хэлэх үед тэднийг хариу муушаан ямар нэг зүйл хэлэхгүй байх хэрэгтэй. Хариу ямар нэг муу зүйлийг хэзээ ч бүү хэл, харин Шантидэва гэгээний Бодьсадвын явадалд орохуй зохиолдоо үзүүлсний адил тэдний талаар зөвхөн сайхан сэтгэлийн үүднээс ярих хэрэгтэй.

(15) Хэн нэгэн бээр хурсан олны дунд гэмийг уудлан, асар муу үгийг өгүүлбээс түүнийг буяны садан багш хэмээн сүслэн мөргөх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хэн нэгэн биднийг бусдын өмнө гутаан, ичээвч хандлагыг цэвэрлэх (оюун судлахуйн) сургаалд үзүүлсний дагуу үйлдэх хэрэгтэй. Хэрэв бусад бидний гэмийг хэлбэл тэд үнэндээ бидний багш болно. Иймд бидний алдаа дутагдлыг хэлж өгсөн явдалд талархан тэдэнд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй.

(16) Өөрийн хүү мэт энхрийлэн асарсан нэгэн бээр өөрийг дайсан мэт үзэвч өвчинд энэлсэн үрээ асрах эх мэт үлэмж сэтгэлээр түүнийгасран хайрлах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Дэггүй хүүхдийг өвдөх үед хэдий тэр сахилгагүй ч эх нь түүнийг хайрласан хэвээр байдаг. Бид хамаг амьтныг ингэж үзэх хэрэгтэй юм.

(17) Өөртэй адил сацуу эсвэл дорд нэгэн амьтан бээр омог дээрэнгүйн эрхээр өөрийг доромжлон муушаавч өөрийн багшийн адилаар түүнийг оройдоо залан сүслэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бусад бидэндтэй өрсөлдөх үед энэ бас адилхан. Бид тэвчээрийг төлөвшүүлэх хэрэгтэй. Бодьсадвын явдалд орохуйд гардагчлан хэрэв бидэнд дайсан байхгүй бол бид тэвчээрийг төлөвшүүлж чадахгүй. Иймд хүлээцтэй хандлагаар хандах боломж олгох бухимдал төрүүлэх хэн нэгэн байх хэрэгтэй. Бид багшдаа эсвэл Бурханд хандаж тэвчээр төрүүлэх боломжгүй. Бидэнд түүнийг чиглүүлэх дайсан байх хэрэгтэй.

Жишээ нь миний хувьд, хэрэв хэн нэгэн Далай ламыг сонинд бичиж, эсвэл түүнийг сул дорой дүрвэгч гэх мэтээр хэлбэл хэрэв би бүтээлийг чин сэтгэлээсээ хийж буй бол би түүнд тэвчээр төрүүлэхийг хичээнэ.

Хэрэв бид энэ талаар сайтар бодож үзэх юм бол бидэнд дайсан байх хэрэгтэй, тийм байна биз? Хэрэв бид Их хөлгөнийг бүтээж буй бол бид тэвчээрт суралцаж, хэцүү нөхцөлүүдийг даван туулах хэрэгтэй. Дайсангүйгээр бид Их хөлгөнийг хэрхэн бүтээх вэ? Товчоор хэлбэл, өөрт болон бусдад хандах хандлагыг солиход бидэнд олон шалгуур, бэрхшээл, биднийг сорьсон нөхцөлүүд хэрэгтэй. Иймд дайсан эсвэл бухимдал, асуудал бий болгодог тэдгээр хүмүүс туйлаас чухал, бас ховор эрдэнэ мэт юм.

Ном бүтээхийг шаардах онцгой хоёр нөхцөл

(18) Ахуй амьдрал ядуу бөгөөд ямагт хүнд басамжлуулж хүчир хатуу өвчнөөр шаналах хийгээд ад зэтгэрээр хорлогдовч амьтан бүхний хилэнц, зовлонг өөртаван үл мохох нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Ном бүтээх шаардлага гардаг маш онцгой хоёр нөхцөл бий. Нэг нь өмнө хийсэн үйлээс шалтгаалан бид хэцүү, ядуу тарчиг гэх мэт нөхцөлд байж болно. Энэ тохиолдолд бид урам зориггүй болдог. Нөгөө нь маш тав тухтай, элбэг дэлбэг байх үе. Энэ үед бид омог бардам болдог.

Энэ хоёр нөхцөлийн аль алинд нь бид хянамгай байх хэрэгтэй. Жишээ нь, хүнд өвдөх үедээ хэрэв бид өөрийг бусдаар арилжих, авахуй ба өгөхүй бүтээлийг хийвэл бид өвчтэй байгаадаа баяртай болдог. Учир нь ийм бүтээлээр бид бусдын өвчин, зовлонг авахыг хүсдэг.

(19) Үргэлж сайнаар магтагдаж олон амьтан оройгоор бөхийх, (Эдийг сахигч) Бясман тэнгэрийн (Намсрай бурханы) адил эд эдлэл олох хэдий ч орчлонгийн цог учрал нь шим үгүйг таньж хэзээдомог үгүй орших нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энэ бол дараагийн, өөр нэг аюул бүхий нөхцөл. Хэрэв бид маш их сэтгэл хангалуун, бүх зүйл сайн байвал үүндээ бардамнан, залхуу, омогтой болно. Энэ нь бүтээлийг хязгаарладаг тул бид ийм орчлонгийн зол завшаан ямарч шимгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өслөх хийгээд тачаахыг хорих

(20) Өөрийн өслөх сэтгэлийг эс номхотговоос нэг гадаад дайсныг номхотговч, дахин өөр нэгэн гарах тул асрахуй хийгээд нигүүлсэхүйн цэргийн өмгөөр өөрийн сэтгэлийг номхотгох нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Уураас илүү дайсан гэж үгүй. Хэрэв бид Дэлхийн II дайны нөхцөлийг авч харвал энэ бүхэн нь ердөө уур, өс хонзонгоос эхэлсэн гэдгийг бид ойлгоно. Тэр үед баруун болон Орос хоёр холбоотон байсан бөгөөд хэдий тэд дайнд ялсан боловч өөрсдийн дайсагнах сэтгэлийг дараагүй! Тэдэнд одоо хэр нь энэхүү хор байгаа учир Зөвлөл Холбоот Улс барууныг өөрийн дайснаа гэдэг. Хэрэв ирээдүйд дахин дайн гарвал энэ нь мөн л уур, дайсагнах сэтгэлээс гарах болно. Хэрэв бид энх тайван, амар амгаланг хүсэж байвал тэр нь тэдгээр сөрөг хандлагуудыг арилгахгүйгээр хэзээ ч бий болохгүй. Энх тайван, амар амгалан нь зөвхөн асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бий болгосон тохиолдолд бий болно. Иймд бид дайсагнах сэтгэлийг дарахын тулд асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлээр тулалдах урлагт суралцах хэрэгтэй.

(21) Хүсэл өдөөх орон нь давст усны адил хэдий чинээ (түүнийг) эдэлнэ төдий хэрээр(түүгээр) цангах нь нэмэгдэх тул шунал тачаалыг ихэсгэхэд таваар бүхнийг учирсан даруйд тэвчих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бид юунд ч татагдсан байсан түүндээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Энэ нь давстай ус уух мэт байдаг. Эрдэнийн эрх зохиолд дүрсэлсний адил бидний цангаа хэзээ ч тайлагддаггүй. Нэг жишээ авч үзье. Маажууртай адил. Түүнийг маажихад сайхан болно. Гэвч бид тэрхүү сайхан мэдрэмжинд татагдан хэдий их маажна төдий чинээ улам муу болно. Хорсож, бүр цус гарч, халдвар орон асуудал бий болно. Түүний уг, үндсийг анагааснаар бидэнд түүнийг маажих хүсэл төрөхгүй болно.

Үлэмж бодь сэтгэл үүсгэх буюу хоосон чанарыг онох

(22) Юмс хэрхэн үзэгдэвч тэр нь сэтгэлээс гарах сэтгэл нь угаас сэтгэлийн туурвилаас тусдаа чанарт тул юмс хэрхэн оршихыг онож таньснаар үзэгдэх үзэгдэл, үзэх сэтгэлийг үнэнд үл баримтлах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энэ нь [янагуух эгэл үнэний хувьд өөрийн чанар бүхий үзэгдлүүд байх боловч чанагуух үнэний хувьд огт оршдоггүй гэсэн] Сватантрика үзлийн тайлбар мэт санагддаг боловч заавал тийм байх албагүй. Энд үзэгдэл нь “бидний сэтгэлээс гарна” гэж байгаа нь бидний сэтгэлээс шалтаалан бий болсон үйлийн үр нь тэр бүх үзэгдлийг бий болгодог гэсэн утгыг илэрхийлнэ. Сэтгэл нь угтаа өөрийн мөн чанараар оршдоггүй.

Хэрэв бид үүнийг ойлговол сэтгэлийг “энэ” бол хоосон чанарыг ойлгох сэтгэл, “тэр” бол энэхүү сэтгэлийн ойлгох орон болох хоосон чанар гэж үзэхгүй. Харин сэтгэлийг ердөө хиргүй, илэрхийлэл үгүй тэг чанар болох хоосон чанар буюу байх боломжгүй орших бүхий л хэлбэрүүд огт байдаггүй тэрхүү төлөвт уусгана.

(23) Сэтгэлд зохистойалив зүйлтэй учирваас хэдий тэр нь зун цагийн солонго адил сонин үзэсгэлэнтэй харагдавч түүнийг үнэнд үл үзэх бөгөөд шунал тачаалыг үл төрүүлэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хэдийгээр юмс солонго адил үзэсгэлэнтэй харагдавч тэдгээр нь өөрийн мөн чанараар оршдоггүй гэдгийг ойлгож, тэдэнд шунан хүлэгдэхгүй байх хэрэгтэй.

(24) Элдэв зовлон нь зүүдэнд үр ач үхэх адил бөгөөд эндүү ийм үзэгдэл бүхнийгүнэнд баримтлах нь тусгүй гарз тул үл зохилдох(муу) нөхцөл лүгээ учрахын цагт түүнийг эндүү хэмээн үзэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Иймд бид бүх зүйлийг хуурмаг үзэгдэл хэмээн харж, хэцүү нөхцөлүүдэд гутрахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь янагуух болон үлэмж бодь сэтгэл төрүүлэх тухай сургаалууд юм. Дараагийн бүтээл нь зургаан чанадад хүрэхүйн (зургаан барамид) бүтээл.

Зургаан чанадад хүрэхүй

(25) Гэгээрлийг хүсвээс биеэ ч өргөх хэрэгтэй болбоос гадаад эд зүйлийг өгүүлэхийн хэрэг юун? Тиймийн тул үйлийн(ач) үр горилох хийгээд хариу тус үл эрэлцэн өглөгийг өгөх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энэ бол өглөгийн чанадад хүрэх бүтээл.

(26) Ёс зүйн зарчим үгүйгээр өөрийн хэргийг ч бүтээж үл чадах аваас бусдын хэргийг бүтээнэ хэмээх нь инээдэм болох тул орчлонгийн элдэв санаа(дуршил)үгүйгээр ёс зүйн хувийн сахилга батыг сахих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Хамгийн чухал нь ёс зүйн хувийн сахилга бат бөгөөд тэр дундаа сөрөг үр дагаварт хүргэх үйлээс зайлсхийх сахилга баттай байх явдал юм. Түүнгүйгээр бид бусдад хэрхэн туслах вэ?

(27) Бодьсадва нь арвин их буянд зорих ба хорлол хүргэгч тэдгээр нь эрдэнийн гуу сан лугаа адил тул бүхэнд дайсагнах хийгээд эгдүүцэх үгүйгээр тэвчээрийг дадуулах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бидэнд маш их тэвчээр хэрэгтэй. Гэгээрэлд хүрэх эерэг хүч бий болгохыг хүсэж буй бодьсадвагийн хувьд бидний дайсан болох гэм хор хүргэх тэдгээр хүмүүс нь эрдэнэ мэт үнэт юм. Учир нь тэдний туслалцаатайгаар бид тэвчээрийг төлөвшүүлж чадна. Энэ нь гэгээрлийг авчрах эерэг хүчний харилцан үйлчлэлийг хүчтэй болгож, нэмэгдүүлнэ.

(28) Зөвхөн өөрийн тусыг бүтээгч шравака, пратекабудда нар боловч толгойдоо гарсан түймрийгунтраах мэт ихэд хичээхийг үзээд төөрөлдсөн хамаг амьтны тусад эрдэм бүхний эх сурвалж болсон хичээнгүйд суралцах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энэ нь эерэг үйлийг эрч хүчтэйгээр хичээнгүй хийх сэтгэлтэй холбоотой. Бага хөлгөний бүтээлчид өөрийн зорилгыг биелүүлэхийг тийнхүү хичээнгүйлдэг бол Их хөлгөнтөн бид бусдын тусад бүр илүү их хичээх хэрэгтэй юм.

(29) Амирлан оршихуйд баттайсуурилсан үлэмж үзлээр нисваанист хандлага, сэтгэлийг дарж чадахыг танин мэдээд дүрсгүй орны дөрвөн тэгш агуулахуйн бясалгалаас давах сэтгэлийн төвлөрөлд суралцах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энэ нь судрын сургаалын хүрээнд сэтгэлийн төвлөрөлийн чанадад хүрэх хандлагын тухай юм. Сэтгэлийн випашяана (үлэмж үзэхүй) төлөвт хүрэхийн тулд бид түүнийг барьж байх сэтгэлийн шамата (амирлангуй орших) төлөвт эхлээд хүрэх хэрэгтэй. Түүний дараа бид шамата болон випашяанаг хослуулан бүтээдэг.

(30) Билгүүн үгүйгээр бусад таван чанадаар төгс гэгээрлийн хутагт хүрч үл чадах тул уранарга төгөлдөр бөгөөд гурван орныг буруу үл үзэх Билгүүний чанадад хүрэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Эхний таван чанад болох зөвхөн аргын талаар бид гэгээрэлд хүрч чадахгүй. Бидэнд билиг билгүүний тал бас хэрэгтэй. Иймд бид арга ба билгүүнийг хослуулан төлөвшүүлэх хэрэгтэй. Эдгээр чанадад хүрэхүй дээр суурилан эерэг үйлийн гурван орон (үйлийн эзэн, тусагдахуун, үйл) нь бүгд өөрийн мөн чанараар хоосон гэдгийг онож таних ялгах ухамсар, билгүүн бидэнд хэрэгтэй.

Дараагийн бүтээл нь бодьсадвын өдөр тутмын бүтээлтэй холбогдоно.

Бодьсадвын өдөр тутмын бүтээл

(31) Өөрийн эндүүрлийг өөрөө эс шинжвээс номтны дүрээр ном бусыг үйлдэжболох тул үргэлжид өөрийн эндүүрлийг шинжин арилгах нь Бодьсадвын нэг бүтээл мөн.

Өөрөөр хэлбэл бид өдөр бүр өөрийн сэтгэл хөдлөл, хандлагыг шалгаж байх хэрэгтэй. Учир нь энд дурдсанчлан тэдгээр нь гадна талдаа зөв мэт харагдах боловч үнэндээ эрс буруу байх боломжтой байдаг.

(32) Нисваанисын эрхээр бодьсадва бусдын гэмийг дурдан өгүүлбээс өөрөө ямагт доройтох тул их хөлгөнд оршсон бодгалийн гэмийг үл өгүүлэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бусдын гэмийг хайхаас зайлсхийх хэрэгтэй. Бусад хүмүүс хэн болох, ямар эрдэмд хүрсэнийг бид мэдэж чадахгүй. Ялангуяа Их хөлгөний бүтээлчдийн хувьд бид бусдыг буруутгах бус зөвхөн тэдэнд туслах сэтгэлтэй байх хэрэгтэй.

(33) Олз, хүндлэлийн их багаар өвөр зуураа тэмцэлдвээс сонсох, санах хийгээд бясалгах нь доройтох тул өглөгийн эзэн, өмөг садан, өөр бусдын гэрт өмчлөн тачаахыг тэвчэх нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Өглөгийн эзэн, ураг садан зэргийн гэрт үргэлж байх нь гэм ихтэй. Бид өөрийн эрхгүй зөрчил, маргаан гэх мэт ярвигтай нөхцөлд хутгалдаж болох юм. Иймд тийм газарт хүлэгдэн тачаахаас зайлсхийх хэрэгтэй.

(34) Бусдын сэтгэлийг холтгон хямруулагч ширүүн үгээр бодьсадвын явдал ёс доройтох тул бусдын сэтгэлд үл зохилдох ширүүн үгийг тэвчих нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Уур бухимдлын үндэс нь өөрт тачаах сэтгэл юм. Гэвч энд уурыг онцлон, тэр нь ширүүн үг хэлэхэд хүргэдэг болох талаар дурдсан байна. Ийм хатуу ширүүн үг нь бидний эерэг хүчийг үгүй болгож бусдын сэтгэлийн тайван байдлыг алдагдуулан, гэм хор хүргэдэг.

(35) Нисваанист дадваас ерөндөгөөр буцаахад бэрх болох тул анхаарал, сэрэмж төрүүлэн ерөндөгийн мэсийг барьж тачаал тэргүүтэй нисваанисыгтөрсөн даруйд дарах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Шунал болон уур бухимдал төрөх даруйд түүнийг сөрөх анхаарал, сэрэмжийг бий болгох хэрэгтэй.

(36) Товчилбоос хаана явж, юуг үйлдэвч өөрийн сэтгэлийн ахуй үес ямар байна хэмээн үргэлжид дурьдал хийгээд сэрэмжийг агуулснаар бусдын тусад шамдах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Бодьсадвын явдалд орохуй зохиолд үзүүлсний адил бид өөрийн сэтгэл болон түүний төлөвийг байнга шалгах хэрэгтэй. Сэтгэлд төрж болох сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг тодорхой нэг сэтгэл хөдлөл, хандлагат дурьдал ашиглан тохирох ерөндөгийг шууд хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь бид Төвдийн хойд өндөрлөгт хүрэхээр явж буй бол буруу зүгт явахгүйн тулд маш их анхаарал, сэрэмжтэй байх хэрэгтэй болно. Бид зөв замыг анхааралтай сонгох ба хэрэв тэгэхгүй бол хялбархан төөрөх болно. Үүний адил бид сэтгэлийг ердөө хаашаа ч хамаагүй явуулахгүй байх хэрэгтэй.

(37) Энэ мэт хичээлээр бүтээсэн буян бүхнийг тоолшгүй олон амьтны зовлонг арилгахын тулд гурван орныг таньсанмашид ариун билгүүнээр гэгээрлийн хутагт зориулах нь бодьсадвын нэг бүтээл мөн.

Энд дурдаж буй бодьсадвын сүүлийн бүтээл нь энэ бүх үйлийн эерэг хүчийг хамаг амьтны тусад гэгээрэлд зориулах явдал. Үүгээр тус зохиолын гол сургаал гүйцэж байна. Дараагийн гуравдахь хэсэг нь төгсгөл хэсэг.

Төгсгөл

Судар, тарни, шастирт үзүүлсэн утга хийгээд дээд төрөлхтөн нарынайлдварыг даган барьж бодьсадвын энэхүү гучин долоон бүтээлийг бодьсадвын мөрд орогсдын тусад найруулав.

Зохиогч эдгээр сургаалаа олон эх сурвалжаас авч, энэхүү гучин долоон бүтээлд хураангуйлан буулгажээ.

Ухаан дорд бөгөөд эрдэм хомс тул олон мэргэдийн тааллыг баясгах утга уянга үгүй авч судар хийгээд дээдсийн сургаалд шүтсэн тул бодьсадвын бүтээл эдгээр нь эндүүрэггүй хэмээн сэтгэнэ.

Үүний дараа зохиогч алдаа байх аваас түүндээ хүлцэл эрсэн байна.

Тийн боловч бодьсадвын агуу их явдлууд нь оюун дорд миний мэтэд гүн бөгөөд ойлгоход бэрх тул харшлах хийгээд үл барилдах тэргүүтэй гэмийн чуулганыг дээдсүүд бээр хүлцэн соёрхно уу.

Ийнхүү төгсгөлийн зориулгыг тавьжээ.

Үүнээс хурах буянаар амьтан бүхэн үлэмжийн чанагуух хийгээд янагуух бодь сэтгэлээр сансар, нирвааны хязгаарт (аюулд) хэзээ ч үл орших Итгэлт Авалокитешвара лугаа адил тэгш болтугай.
Өөрийн хийгээд бусдын тусад эш, ухааныг өгүүлэгч багш, тойнхувраг Тогмэй бээр Нгүлчүгийн Ринчэн агуйд үүнийг найруулан зохиов.

Үүгээр Тогмэ Зангпогийн Бодьсадвын 37 гарын авлага төгсөж байна.

Top