Өглөг барамид: Данапарамита

Хүүхэд байхдаа ч бид найздаа тоглоомоо өг, чихрээ хуваа гэж хэлүүлдэг бол бүр нас биед хүрсэн үед ч бусдад өгөх гэдэг нь аяндаа эсвэл хялбар гарч ирдэг зүйл үргэлж биш байдаг. Хэрэв бид өөрийн нандин зүйлийг бусдад өгөх юм бол бидэнд таашаан баясах зүйл үлдэхгүй мэт санагддаг. Гэвч Бурхан багш өглөг өгөх нь зөвхөн бусдад шууд тус хүргэх төдийгүй бидэнд их баяр баясал, таашаал авчирдаг гайхамшигтай бүтээл хэмээсэн. Энэ өгүүлэлд чанадад хүрэх зургаан хандлага буюу барамидын эхний барамид болох өглөгийг авч үзье.

Удиртгал

Бидний “зургаан барамид” гэдгээр нь голлон мэдэх зургаан чанадад хүрэхүй нь өөртэйгөө ажилллах, бусдад боломжит хамгийн сайн аргаар туслах боломж олгодог сэтгэлийн төлөв юм. Эдгээр хандлагууд нь залхуу, уур гэх мэт амжилт гаргахад саад болдог голлох сэтгэл хөдлөлүүдийг шууд сөрдөг учир эдгээр нь хүн бүхэнд тустай. Бид тэдгээрийг “чанадад хүрэхүй” гэж нэрлэдгийн учир нь Бурханы шашинд хэрэв бид тэднийг бүрэн төлөвшүүлж чадвал тэдгээр нь биднийг асуудал, үл чадахуйн их далайн захад хүргэнэ гэж үздэг. Хэрэв бид бүх зовлонгоос чөлөөлөгдөх шийдвэр – магад гарах сэтгэл бүхий сэдэлтэй байвал тэдгээр нь биднийг амгалан, гэтлэхүйд хөтөлнө. Хэрэв бусдад хамгийн их тус болох үүднээс Бурханы хутагт хүрэх хүсэл – бодь сэтгэл бүхий сэдэлтэй байвал тэдгээр нь биднийг төгс гэгээрэлд хөтөлнө.
Чанадад хүрэх зургаан хандлага нь:

  • Өглөг
  • Шагшаабад (ёс зүйн хувийн сахилга бат)
  • Тэсвэр
  • Хичээнгүй
  • Бясалгал (төвлөрөл)
  • Билиг (ялгах ухаан)

Эдгээр зургаан барамидад бид бясалгалаар ч мөн өдөр тутмын амьдралын явцад ч суралцдаг. Биеийг чийрэгжүүлэх дасгал сургуулилалтын адил бид аливаа хийж байгаа зүйлдээ эдгээр сэтгэлийн төлөв байдлаар хэдий чинээ байнга оролцоно тэдгээр нь төдий чинээ хүчтэй болно. Улмаар тэдгээр нь бидний амьдралтай холбогдон өөрт болон бусдад хандах бидний хандлагын нэг хэсэг аяндаа болж ирнэ.

Өглөг

Өглөг бол бусдад хэрэг болж буй аливаа зүйлийг тэдэнд өгөхөд бэлэн байх хандлага юм. Энэ нь үнэндээ зарим шашинд байдагчлан ядуу байх нь өөрөө буян гэдэг мэт бүх зүйлээ бусдад өгөөд өөрөө ядуу хоосон хоцрох гэсэн утгатай биш. Энд өглөг гэдэг нь ямар нэг эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр, саадгүй өгөхөд бэлэн байх гэсэн утгатай бөгөөд хэзээ өгөх нь биднээс билиг ухааныг ашиглахыг шаардана. Бид хүн, амьтан хороох гэж байгаа хүнд “Би үнэхээр өглөгч. Май энэ бууг ав!” хэмээн буу өгдөггүй. Зохисгүй өглөгийн өөр нэг жишээ бол хэн нэгэнд мөнгө өгснөөр түүгээр мансууруулах зүйл худалдаж авч болох тохиолдол байж болно.

Өглөг өгөхийн тулд бид баян чинээлэг байх ёстой гэсэн үг биш; бид туйлын ядуу, өргөх зүйл юу ч үгүй байсан ч бид өгөх хүсэлтэй байж болно. Тийм үгүй бол ядуу хүмүүс өлгөлгийн сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх билээ? Тэгэхээр бид жаргаж буй сайхан нарыг харах бүрдээ бусад хүмүүс мөн адил үүнд баясан цэнгэхийг хүсэх өглөгийн сэтгэлийг төрүүлж болно. Мөн бид энэ адилаар сайхан байгаль, цаг агаар, амттай хоол гэх мэтийг ч өргөж болно. Энэ бүхэн бүгд өргөлд тооцогдоно! Бид зөвхөн өөрт байгаа зүйлүүд төдийгүй хэний ч биш зүйлүүдийг өргөж болдог. Бясалгал хийх үед бид бүхий л сайхан зүйлүүдийг бусдад өргөж байна гэж дүрсэлж болдог боловч хэрэв бидэнд өөр хэн нэгэнд тус болох ямар нэг зүйл үнэндээ байгаа тохиолдолд бид түүнийг тэдэнд өгч байна гэж төсөөлдөггүй. Бид бодитойгоор өгдөг!

Өглөг бол хэн нэгэнд ямар нэг зүйл өгөх, хуваалцахад бэлэн бус байх харамч нарийн сэтгэлийн эсрэг сэтгэл. Ийм харамч нарийн сэтгэлд хэрэв бид бусад хүмүүст аливаа зүйлийг өгснөөр өөрт юу ч үгүй хоцорно гэсэн сэтгэл гол төлөв дагалдаж байдаг. Гэвч эсрэгээрээ:

Хэрэв би бүх зүйлийг өөрт байлгах юм бол бусдад өгөх зүйл юу үлдэх билээ? – Төвөд зүйр үг

Хэт бишрэн баримтлагч болохгүй байхад анхаарах хэрэгтэй. Бусдад туслахаар хичээх хооронд бид өөрсдөө хооллож бас амрах хэрэгтэй. Өөрийг мөн асрах хэрэгтэй. Тэгэхээр өглөг гэж ярьж байгаа үед бид өөрт байгаа зүйлийг хуваалцах тухай илүүтэй ярьж байдаг. Маш гүнзгий түвшний бодьсадва нар бусдад туслахад өөрийн амьдралыг зориулдаг бол бидний түвшинд бид үүнийг бодитойгоор хийж чаддаггүй. Иймд бид өлсөж ядрах байдалд хүрэх хүртлээ бүх зүйлийг өгч хараахан болохгүй. Гэсэн хэдий ч бид бусдад туслахын тулд өөрийн биеийг зориулахад бэлэн байх нь зүйтэй юм. Энэ нь тухайлбал бусдад туслахын тулд хэцүү эсвэл бүр биеийн хүчний ажил хийж өгч туслах хэлбэрээр ч байж болно. Гар, хувцсаа бохир заваан болно гэж тээршээхгүй байх ёстой!

Өглөгт мөн бидний “буяны үндэс” гэж нэрлэдэг бидний бий болгосон аливаа эерэг хүчний эерэг чадамжуудыг хуваалцах явдал багтана. Би өөрийн амьдралаас жишээ татаж болох юм: өмнөх төрлүүддээ хийсэн эерэг үйлүүдээр бий болгосон эерэг чадамжийн үр дүнд би Энэтхэгт Бурханы шашны эрдэмтэн багш нартай уулзаж, тэднээс суралцаж, улмаар дэлхийн олон орноор уригдан явж олон гайхалтай хүмүүстэй эерэг харилцаа тогтоох болсон. Энэ нь эргээд бүр илүү их эерэг чадамж бий болгож байгаа бөгөөд бүтээлийнхээ хэсэг болгон би эдгээр “буяны үрээс” боловсрох зүйлийг зөвхөн өөртөө байлгах бус бусадтай хуваалцахыг хичээдэг. Тохиромжтой үед нь би бусад хүмүүст тэдгээр эрдэмтэн мэргэд болон өөр орон оронд байх эрдэм мэдлэгтэй, тусархаг бусад хүмүүстэй холбоо харилцаа тогтооход нь тусалж, тэднийг холбож өгдөг. Би их сургуульд эзэмшсэн боловсролоороо, Энэтхэгт хэдэн арван жил суралцаж, бясалгалаар суралцсан зүйлээ хуваалцахыг хичээдэг. Энэ бол буяны үндсээ хуваалцах гэдгийн гол утга: бусдад үүд, хаалгыг нээж өгөх.

Ерөнхийдөө бид дөрвөн төрлийн өглөгийн тухай ярьдаг:

  • Эд таваарын өглөг
  • Номын өглөг
  • Аймшиггүйн өглөг
  • Асрахуйн өглөг

Эдийн тусламж өгөх өглөг

Эдийн тусламж өгөх өглөг нь бидний эд зүйл, хоол хүнс, хувцас, мөнгө гэх мэт бидэнд байж болох бусад зүйлүүдтэй холбоотой. Үүнд тохиромжтой цагт, мөн нохойд яс хаяж өгч байгаа мэт бус, хүндэтгэлтэйгээр өгөх явдал бас багтана. Эдийн өглөг өгөхөд бид баян чинээлэг, их зүйл эзэмшдэг байх шаардлагагүй. Учир нь бид бидэнд байхгүй зүйлүүдийг ч бас өгч болдог. Энэ нь орчин цагийн Робин Хүүд адил гарч хулгай хийнэ гэсэн үг биш! Энд бид орчныг цэвэрлэснээр хүмүүс цэвэр орчинд сэтгэл баясах гэх мэт олон нийтэд хамаарах зүйлсийн талаар ярьж байгаа юм. Энэ бол бусдад өгөх нэг гайхалтай бэлэг. Мөн бид “Хамаг амьтан сайхан цаг агаарт баясан цэнгэх болтугай” гэх мэт аливаа таатай мэдрэмжүүдийг хуваалцаж бас болно.

Бид зөвхөн бодитой биет зүйлүүдийн үүднээс бодохгүй байх хэрэгтэй. Бид өөрийн цаг, хөдөлмөр, сонирхол, эрч хүч, урам гэх мэтийн үүднээс өөрийн биеийг бас өгч, зориулж болно. Энэ бүхэн бол эд таваарын өглөгийг өгөх аргууд юм.

Мэдээж хүмүүст хор, зэвсэг эсвэл өөрт болон бусдад гэм хүргэхэд ашиглаж болох ямар нэг зүйл өгөх нь зохисгүй.

Сургаал ном өгөх өглөг

Бурханы шашны нөхцөлд энэ нь Ном – Бурханы шашны сургаал өгөх тухай байх боловч үүнийг Бурханы шашны бус нөхцөлд бас бид хэрэглэж болно. Энэ нь зөвхөн сургаал заах, орчуулах, бичигт буулгах, хэвлэх эсвэл шашны боловсрол олгох төв байгуулах, түүнд ажиллах тухай бус хэрэв чадаж байвал, боломжтой үедээ хүмүүсийн асуултанд хариулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэргийг бас шаардана.

Сажа уламжлалд Номын бүтээлээсээ бусдад өргөдөг самадийн өргөл (төвлөрөл) гэж бас бий. Суралцаж, уншсан бүх зүйлүүдээ бусдад өргөж тэдэнд туслахад ашигладаг. Бид өөрсдийн олж авсан мэдлэг, итгэл үнэмшил, ёс суртахуун, билиг ухаан, төвлөрөл, сургаалын тайлбар энэ бүхнийг мөн адил бусдад өргөж тэдэнд туслахад ашигладаг. Эдгээр нь бүгдээрээ Номын өглөгийн бүлэгт багтах боловч мэдээж бид үүнийг өөрийн мэддэг ямар нэг тустай зүйлийг бусадтай хуваалцах гэдгээр бас тэлж болно.

Айдсаас хамгаалан өгөх өглөг

Энэ төрлийн өглөг нь бусдыг муу саар нөхцөлд байгаа үед туслахтай холбоотой. Үүнд нядалгаанд орох гэж буй амьтдыг аврах, торонд мөн хашаанд хашигдсан амьтдыг суллах багтана. Усанд унасан ялааг гаргах, хүн ба амьтдыг аагим халуун, тэсхим хүйтнээс хамгаалах – энэ бүхэн бол хамгаалж байгаа явдал. Хэрэв бидний өрөөнд нэг цох хорхой явж байвал түүнийг ердөө цонхоороо гаргаж хаядаггүй, харин таван давхраас газарт унахдаа гэмтэхгүй байхыг бодолцоно. Түүнд аймшиггүйн өглөг өгөх нь түүнийг гадагш болгоомжтой гаргаж тавих явдал юм. Бид түүнийг суултуур руу хийж, аз нь таарвал амьд гараг гэж ерөөгөөд усыг татдаггүй!

Энд бид бусдыг, бидний хүүхэд ч байсан эсвэл бүр агнуулах гэж буй амьтан байсан ч ялгаагүй тэднийг айсан үед нь тайвшруулах явдал багтана. Жишээ нь, нэг муур хулгана барьж авсан байвал бид хулганыг хамгаалах үүднээс түүнийг салгаж авахыг оролдож болно.

Тарнийн ёсонд айдсаас хамгаалан өгөх өглөг нь дараагийн өөр нэг тайлбартай байх бөгөөд энэ нь бусдад тэгш сэтгэлийг төрүүлэх явдал юм. Энэ нь бусдын хувьд биднээс айх ямар ч зүйл байхгүй байх явдал бөгөөд учир нь бид тэдэнд шунал хүсэл төрүүлэхгүй, уур болон өширхөх сэтгэлийн үүднээс тэднийг хүлээн авахаас татгалзах, эсвэл мэдлэг туршлагагүй байдлаасаа тэднийг үл хайхардаггүй юм. Бид хүн бүхэнд тэгш нээлттэй байх бөгөөд энэ бол бусдад өгөх үнэхээр гайхалтай бэлэг.

Асрал хайр өгөх өглөг

Тарнийн сургаал нь асрахуйн өглөг гэж нэрлэгддэг дөрөв дэх төрлийн өглөгийг авч үзнэ. Энэ нь хүн бүртэй ойр дотно болох бус харин хүн бүхнийг баяр жаргалтай байхыг хүсэх хүсэл байна. Асарч хайрлах сэтгэлийн тодорхойлолт нь бусад хүмүүсийг жаргал хийгээд жаргалын шалтгаантай байхыг хүсэх сэтгэл юм.

Хэрхэн зохистой өгөх нь

Чанадад хүрэхүйн хандлагуудыг тус бүрд нь бүтээж байх үед бусад таван хандлага тус бүртэй хослуулахыг оролддог. Өглөгийг бүтээхдээ:

  • Шагшаабадтай холбоотойгоор бид бүхий л буруу эсвэл зохисгүй далд сэдлүүдийг арилгана.
  • Тэвчээртэй холбоотойгоор бид тохиолдох аливаа хэцүү бэрхшээлүүдийг тэсвэрлэхээс татгалзахгүй.
  • Хичээнгүйтэй холбоотойгоор бид үүрэг, хариуцлага гэсэн сэтгэлээр өгөх бус харин түүнээс баяр хөөр авч өгнө.
  • Сэтгэлийн төвлөрөлтэй холбоотойгоор бид өгснөөр бий болсон эерэг хүчийг зориулахад төвлөрнө.
  • Билгүүнтэй холбоотойгоор бид өгч буй хүн (бид өөрсдөө), хүлээн авч буй хүн, өглөгийн зүйл нь бүгдээрээ ямар нэг өөрөө бүтсэн оршихуй үгүй гэж мэднэ. Тэдгээр нь бүгд бие биеэсээ шалтгаалж байх ба хүлээн авах хэн нэгэнгүй өгөгч хүн гэж байдаггүй.

Өглөг ба зохисгүй сэдэл

Бид аливаа нэг зүйлийг буруу өгч байгааг харуулах олон нөхцөлүүд байдаг бөгөөд бид тэр бүхнээс зайлсхийх хэрэгтэй. Бусдад сэтгэгдэл төрүүлэх гэсэн итгэлээр эсвэл өөрийг шашин номын хүн, гайхалтай хүн хэмээн үзэж бид өглөг өгч байж болно; эсвэл ямар нэг хариу хүлээж бүр ердөө нэг талархлын үг хүлээх зэргээр өглөг өгөх нь нийтлэг байдаг. Гэвч өглөг өгөх үед хариу ямар нэг зүйл, бүр нэг талархлын үг төдийгүй, тэдний нөхцөл байдал бодитойгоор сайжрах тухай өндөр хүлээлт хүлээж өгөх нь зохисгүй юм. Энэ нь гол төлөв тэдний үйлийн үрээс шалтгаална. Бид ямар нэг тусламж санал болгож болно, гэвч хариуд нь амжилт эсвэл талархал хүлээхүй байх нь зүйтэй.

Энэтхэгт, Дарамсалад нэг удаа борооны улирлын үеэр нэг хулгана ус зайлуулах хоолойн усанд унасан байсантай таарснаа би санаж байна. Түүнийг би гаргаж аваад хуурай газар дээр тавьж, хулгана ч тэгсхийн хэвтэж байтал нэг харцага нисэж ирээд түүний шүүрэн авч одсон. Хэдий бид туслахыг хүссэн ч бүх зүйл амьтан тус бүрийн үйлийн үрээс шалтгаалдаг. Бид хэн нэгэнд амжилтанд хүрэх бүхий л боломж, тусламжийг олгож болно, гэсэн хэдий ч тэдгээр нь нэг таагүй нөхцөл болчхож болно.

Хэрэв нэг сайн үр дүн гарвал бид нөгөө хүнд хандан сэтгэл ханаж буй байдал үзүүлж эсвэл тэдэнд хийж тусалсан, өгсөн зүйлүүдээ сануулж ердөө болохгүй. Бид бусдад туслах үедээ тэдэнд маш их тус хүргэж байгаа гэж бодох байдлаар тэднийг сул дорой гэж үзэж болохгүй. Үнэндээ тэд биднийг гэгээрэлд хүрч, хамаг амьтанд аль болох их тус хүргэх боломж олгох тэрхүү эерэг хүчийг бий болгох нөхцөл олгож, түүнийг хүлээн авч бидэнд тусалж байгаа юм.

Мөн гэм буруутай учир эсвэл үүрэгтэй гэсэн сэтгэлээр, эсвэл хэрэв хэн нэг өөр хүн хандив өргөснөөр бид бас адил эсвэл бүр илүү гарч өгье гэх сэтгэлээр өгөх нь зохисгүй.

Өглөг ба зохистой сэдэл

Өглөг өгч байгаа үед бидэнд байх цорын ганц бодол бол хүлээн авч байгаа хүний түр нэг хугацааны болон ашдын тус байх хэрэгтэй. Энэ нь “Тэгэлгүй яахав, би хамаг амьтанд туслахыг хүсэж байна” гэсэн нэг хийсвэр бодол биш байх ба бүр аяга таваг угаах болоход ч бид туслахаас төвөгшөөж чаддаггүй!

Мэдээж өглөг нь дараах аль аль байдлаар байж болно. Хэрэв бусад бидэнд тусалж өглөг өгөхийг хүсвэл бид бардам сэтгэл гарган урилга эсвэл бэлгийг хүлээн авахаас татгалзаж болохгүй. Олон хүмүүс хэн нэг хүн тэднийг оройн хоол гэх мэт ямар нэг зүйлээр дайлахыг хүсэх үед энэ мэт хариу өгдөг. Ингэснээр бид тэдний эерэг хүч бий болгох боломжийг нь байхгүй болгож байгаа юм.

Нэг удаа Сэркон Ринбүүчигийн хамтаар Италид явж байхад нэг хүн түүнээс асуулт асуухаар ирсэн юм. Тэгээд тэд явахдаа хаалганы дэргэд ширээн дээр нэг өргөл бүхий дугтуй үлдээсэн байсан. Сэркон Ринбүүчи надад хандаж “Энэ бол өглөгийн зохистой хэлбэр. Эдгээр хүмүүс хүрч ирж, биеэрээ өргөлийг өгснөөр лам хэн түүнийг өргөж байгааг мэдэж, талархан, тэдний талаар илүү сайн санаж байхыг хүссэнгүй” гэж чухалчлан тэмдэглэсэн юм. Чимээ шуугиангүй, нэрээ нууцлан, том үйл явдал болгохгүйгээр өгөх нь үргэлж илүү сайн байдаг. Ийм хүндэтгэлтэй, тааламжтай байдлаар өгөх нь хамгийн сайн.

Өглөг өгөхдөө бусдыг хүлээлгэх эсвэл тусалъя гээд, гэвч маргааш нь өгөх зэргээр хүлээлгэж болохгүй. Сэркон Ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламын багш нарын нэг байсан бөгөөд олон хүн түүнтэй уулзахаар ирдэг байлаа. Тэрбээр хүмүүс түүний өмнө мөргөл үйлдэхээр хүлээдэг байсныг тийм ч оновчтой биш, ер нь бага зэрэг дэмий гэж үздэгээ тэмдэглэн, “Энэ бүхэн миний цагийг үрдэг. Би тэдний мөргөл үйлдэхийг харах шаардлагагүй. Тэдний мөргөл өргөх нь миний тусад бус. Тэд түүнийг орж ирэхийнхээ өмнө хийснээр хэлэх зүйлээ шууд хэлэх боломжтой болно” гэдэг байсан. Багш нарт хадаг өргөх нь төвөд хүмүүсийн байнга хийдэг зүйл боловч үүнийг ямар нэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс хийхгүй байх хэрэгтэй. Мөргөл бол багшийн бус, харин бидний тусад хэрэгтэй байдгийг санах хэрэгтэй.

Биечлэн өгөх

Бид юу ч өгөхөөр шийдсэн байсан түүнийг өөрөө биечлэн өгөх нь чухал. Атиша гэгээний нэг туслах нь багшийнхаа өмнөөс бүх усан тахил зэрэг тахилуудыг нь тавьж өгөхийг хүсжээ. Гэтэл Атиша гэгээн “Би өөрөө эдгээрийг хийх нь маш чухал. Чи миний өмнөөс бас миний хоолыг идэж өгөх үү?” хэмээсэн байдаг. Боломжтой бол бид ийм зүйлүүдийг өөрсдөө биечлэн хийж байх хэрэгтэй.

Хэрэв бид ямар нэг зүйл өгөхөөр шийдсэн бол бид сэтгэлээ өөрчилж эсвэл дараа нь харамсаж, буцааж авч болохгүй. Нэгэнт бид ямар нэг зүйлийг өгсөн бол түүнийг бидний хүссэн хэлбэрээр хэрэглэхийг шахаж болохгүй; үүнд ялангуяа мөнгө өгөөд түүнийг хэрхэн зарцуулахыг шаардах тохиолдол хамаарна. Бид хэн нэгэнд зураг бэлэглээд дараа нь гэрт нь очоод түүнийг ханандаа өлгөөгүй байвал бид бага зэрэг сэтгэл гутардаг. Үнэндээ, бид ямар нэг зүйлийг өгсөн бол тэр нь аль хэдийн биднийх биш болсон байдаг.

Дарамсалад байдаг нэг хийдийн хоолны чанар муу, тэгээд лам нарын бие тийм сайнгүй байдаг байсныг би санаж байна. Ингээд хэдэн барууны хүмүүс мөнгө цуглуулж сайн хоол хүнс аваг гэж өглөө. Гэтэл тэд мөнгийг илүү том, сайн дуган барьж байсан түүндээ тоосго авахаар зарцуулчихлаа! Энэ нь үнэхээр олон хүмүүсийг бухимдуулж, хоол худалдаж авахад хэрэглэсэнгүй хэмээн бөөн асуудал болов. Үүний шийдэл нь хэрэв бид тэднийг илүү сайн хоол идэхийг хүссэн бол бид үнэндээ тэдэнд хоол худалдаж авч өгөх ёстой байж. Тэгсэн бол тэд түүнийг идэх байжээ! Иймд бид бага зэрэг ухаан гаргах ёстой байж. Гэвч бид тэдний идэх дуртай зүйлийг худалдаж авч өгөх хэрэгтэй. Хэдийгээр зарим барууны хүмүүс түүнийг зөвшөөрдөггүй байсан ч төвөдүүдийн хувьд энэ нь мах гэсэн үг. Тэдний хэзээ ч идэхгүй ямар нэг зүйл, тофү худалдаж авч өгөх нь үнэхээр зохимжгүй.

Хэдийгээр би Сэркон Ринбүүчитэй бараг өдөр бүр уулздаг байсан ч би үргэлж түүнд ямар нэг зүйл авч очдог байлаа. Хэсэг хугацааны дараа тэрбээр намайг загнаж, “Чи яагаад надад энэ бүх хадаг, хүжийг авчирч өгөөд байгаа юм бэ? Би энэ хогийг чинь хэрэглэхгүй!” гэж хэллээ. Тэр түүнийг хог гэсэн. “1000 хадгаар би юу хийх юм? Хэрэв чи ямар нэг зүйл авчрах гэж байгаа бол миний дуртай, хэрэглэж болох зүйл авчир” гэлээ. Би түүнийг бананд дуртай гэдгийг мэдэх учраас түүнд банан авчирч өгдөг болсон. Хэрэв бид бусдад ямар нэг зүйл өгөхийг хүсвэл бид ухаалаг байж бас тэдний дуртай зүйлийг өгөх нь зөв шүү. Тэдгээр лам нарт хүж хангалттай байдаг, үүнд итгэлтэй байж болно!

Энэ тал дээр мөн сайн чанарын зүйл авчрах нь чухал, өөрийн дургүй эсвэл хэрэглэхгүй тийм зүйл бус. Ямар нэг зүйл авахыг ердөө хүсдэггүй хүмүүс байдаг. Иймд бид “Нэг хүн надад үүнийг өгсөн юм. Би үүнийг огт хэрэглэхгүй болохоор үүнийг та авчих. Би үүнийг гаргаж хаямааргүй байна” гэж хэлж болох юм. Мөн өгөхөд зохисгүй зүйл гэж байна. Жишээ нь цагаан хоолтой хүнд хамбургер өгөх гэх мэт. Хэрэв хэн нэг хүн тодорхой хоолны дэглэм баримталж байгаа бол бид түүнийг дагна. Хоолны дэглэм хатуу барьж байгаа хүнд бид бялуу авчирч өгдөггүй!

Номын өглөг

Номын өглөгийн хувьд хэрэв хэн нэг хүн уур, шунал, омог, эсвэл ердөө дэмий сониуч сэдлээр бидэнтэй номын талаар мэтгэлцэхийг хүсэх юм бол бид тэдэнтэй мэтгэлцэж эсвэл тэдэнд Бурханы шашны ном бичвэр өгдөггүй. Зөвхөн хүлээн авах сонирхолтой тэдгээр хүмүүст Номын талаар ярьж, сургаал айлдана. Хэрэв тухайн хүн сонирхолгүй байвал түүнд сургаал айлдах, түүнтэй Номын талаар ярилцах нь зохисгүй. Үнэдээ энэ бол цаг үрсэн хэрэг бөгөөд ердөө л тэдний сөрөг сэтгэлийг, дургүйцлийг нэмэгдүүлнэ. Бид сонирхсон, суралцахыг хүсэж байгаа тэдгээр хүмүүст сургаал айлддаг.

Хэрэв сургаал айлдах бол тухайн хүний түвшинд тааруулан айлдана. Өөрийг хэр ухаалаг болохыг харуулах гэж аливаа сурсан зүйл, мэдлэгийн далайг бид тэдэн дээр асгаруулдаггүй. Бага зэрэг ойлголт өгөхөд тус болохгүй бол хэт гүнзгий сургаалыг бид заадаггүй. Заримдаа илүү гүнзгий сургаал зарим хүмүүсийг илүү хичээл зүтгэл гаргаж, түүнийг ойлгохыг оролдоход түлхэц өгч болох ба энэ нь бага зэрэг бардам хүмүүст бас тустай. Дээрхийн гэгээн Далай лам их сургуулийн профессор гэх мэт хүмүүст Бурханы сургаал ямар нарийн болохыг үзүүлэх үүднээс заримдаа маш ярвигтай аргаар сургаалыг заадаг. Энэ нь Бурханы шашин нь эртний эсвэл хоцрогдсон гэх ойлголтыг арилгахад тусалдаг.

Нэг удаа Сэркон Ринбүүчи Барууны нэг Номын төвөөөр зочилж тэд түүнээс Шантидэва гэгээний бүтээлээс түүний хоосон чанарын бүлгийг ердөө хоёр өдрийн хугацаанд тайлбарлаж өгөх хүсэлт тавьсныг би санаж байна. Тэр бол үнэндээ үнэхээр утгагүй! Зөвхөн тэр бүлгийг бүтэн судлахад нэг жил гаруй хугацаа шаардагддаг. Үг бүр нь ямар нарийн төвөгтэй болохыг харуулах үүднээс Ринбүүчи тус бүлгийн эхний хэдэн үгийг маш гүнзгий, нарийн түвшинд тайлбарлаж эхэлсэн. Түүний хэлж байгаа зүйлийг хэн ч ойлгоогүй бөгөөд энэ нь тус сургаал нь ердөө хоёр өдрийн Номын хөтөлбөрөөр зааж болох эсвэл ойлгож авч болох зүйл гэж бодох нь ямар бардам, ихэрхүү явдал болохыг харуулсан. Ингээд тэрбээр тайлбараа тэдний түвшинд буулган ирж, зохиолын нэг багахан хэсгийн ердөө нэг ерөнхий утгыг тайлбарласан юм.

Дээрхийн гэгээн Далай лам олон нийтэд сургаал айлдахдаа тэнд байгаа хүн бүрийн түвшинд бага зэрэг тааруулах боловч ихэнх тохиолдолд тэнд байлцаж байгаа ихэс лам, гэвш, хамба нарт хандан маш гүнзгий түвшинд сургаалыг айлддаг. Далай ламын мэдлэг маш гүнзгий учраас тэр түвшинд зааж харин тэдгээр лам хуврагууд өөрийн шавь нарт түүнийг илүү хялбар байдлаар тайлбарлах боломжтой юм. Ийм нөхцөлд багш нар хамгийн бага ерөнхий хуваагдагчид нь тохируулан заадаггүй. Учир нь өөр бусад хүмүүс тэдний түвшинд тохируулан зааж болно. Хамгийн өндөр түвшинд зааснаар үүнийг дараалуулан доош доош заах боломжтой ч гэж хэлж болно.

Эцэст нь зөвхөн хүсэлт гаргасан тэдгээр хүмүүст ном айлдах нь чухал. Хэрэв хэн нэгэнд сургаал хэрэгтэй биш боловч өдөржин чихэр нэхэх хүүхдийн адил ердөө шунал эсвэл дур хүслээр түүнийг хүсэж байгаа тохиолдолд сургаалыг айлдах нь зохимжгүй. Бид юуг, хэзээ, хэнд өгөх нь зохистой, зохисгүйг ялгахад билиг ухаанаа ашиглах хэрэгтэй. Трунгпа Ринбүүчи нэг сайхан хэллэг гаргаж ирсэн байдаг: “Тэнэг энэрэн нигүүлсэх.” Нэлээн ухаангүй хэрэг болох учраас бид хүн бүхэнд хүссэн зүйлийг нь хийж өгч тусалдаггүй! Бидний өглөг бидний билиг ухаантай хоршиж байх ёстой.

Дүгнэлт

Өглөг өгөх нь биднийг баян эсвэл их эд зүйлтэй байхыг шаарддаггүй. Бидний хаана байх эсвэл юу хийж байхаас хамаарахгүй бид өөрийн дуртай зүйл бүрийг – бидний амьсгалж байгаа цэвэр агаар, сэтгэлд тааламжтай жаргаж буй нар, бидний идэж буй сайхан хоол зэргийг сэтгэлээрээ хуваалцаж өглөгийн сэтгэлийг төлөвшүүлж эхэлж болно. Бидний сэтгэл баясаж буй зүйл бүхэнд бусад бас баясахыг хүсэх хүсэл нь бусдад хэрэгтэй байгаа зүйлийг бодитойгоор өгөх дараагийн үе шатын суурь болдог.

Хэрэв бид өгөх боломжтой байвал эд таваарын тусламж өгөх нь сайн хэрэг боловч бид өөрийн цаг хугацаа, хүч энергийг бас өгч болно. Хиргүй, баясах сэтгэлээр өгөх үед өглөг нь бидний өөрийн болон бусдын баяр баясгалан, сайн сайхны хүчирхэг хүч болдог.    

Top