Шагшаабад барамид (Ёс зүйн хувийн сахилга бат): Шилапарамита

Сахилга бат. Энэ үг зарим нэгэнд хичээлийн дараа ангид үлдээх, эсвэл заримын хувьд тодорхой зүйлүүдийг хязгаарласан хоолны дэглэмийг санагдуулж болно. Бурханы шашинд ёс зүйн хувийн сахилга бат нь өөрийн зан байдлын өөрт болон бусдад нөлөөлөх нөлөөллийг мэдэж байх боломжийг олгодог. Ёс зүйн хувийн сахилга батыг дагах нь биднийг ямар нэг зүйлээр хязгаарлах бус харин бидэнд өөрт болон бидний эргэн тойронд байгаа хүмүүст хамгийн сайн тус хүргэх эрх чөлөөг бидэнд олгодог.

Удиртгал

Чанадад хүрэхүйн зургаан хандлагын (барамидын) хоёр дахь нь шагшаабад буюу ёс зүйн хувийн сахилга бат. Энэ бол хөгжим тоглож сурах эсвэл спортын төрлөөр амжилт гаргахад хэрэгтэй болдог тэр төрлийн сахилга бат биш, харин энэ бол бидний ёс зүйтэй холбоотой зүйл. Энэ нь мөн бусдыг цагдан сэргийлэх, нохойгоо сургах, эсвэл армид хүмүүсийг захирах тухай биш. Бид зөвхөн өөрийн сахилга батыг авч үзэх бөгөөд үүнд гурван төрөл байна.

Сөрөг үйлүүдээс зайлсхийх

Ёс зүйн хувийн сахилга батын эхний төрөл нь өөрийн хэрхэн үйлдэл хийх, ярих, бодохтой холбоотойгоор сөрөг үйлдэл хийхээс зайлсхийх явдал юм. Энэ нь ерөнхийдөө амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх зэрэг арван сөрөг үйлийг хийхээс зайлсхийх, хэрэв бид номын бүтээлд саад болох зан байдлаас зайлсхийхтэй холбоотой сахил авсан байдаг бол тэдгээр сахилыг сахих гэсэн утгатай.

Тодорхой сөрөг зан байдлуудаас зайлсхийх тухай ярьж байгаа тохиолдолд үүнд хоёр төрөл байна. Нэг нь амьтны амь таслах, хулгай хийх зэрэг ойлгоход хялбар мөн чанарын хувьд сөрөг үйлдлүүд байна. Харин үйлдэл нь өөрөө сөрөг биш байж болох ч Бурхан багш тодорхой хүмүүсийн хувьд эсвэл тодорхой цагт зайлсхийж байх нь зүйтэй үйлдлүүдийг зааж өгсөн. Жишээ нь эрэгтэй, эмэгтэй хуврагуудыг шөнийн цагаар хооллохоос зайсхийхийг сургасан байдаг бол энэ нь хүн бүрд хамаарахгүй. Энэ нь хэрэв бид бидний бясалгадаг цаг болох үдэш болон өглөөний цагаар сэтгэлээ хурц, тодорхой байлгахыг хүсвэл шөнийн цагаар хооллохгүй байх нь илүү сайн байдагтай холбоотойгоор гарсан байдаг. Өөр нэг жишээ гэвэл эрэгтэй, эмэгтэй хуврагийн хувьд үсээ ургуулахгүй байхыг зөвлөдөг. Учир нь энэ нь өөрийн гадаад төрхөд хандуулах анхаарлыг нэмэгдүүлэх мөн өдөр тутам түүнийг арчлахад цаг хугацаа үрэх шаардлагатай болдогтой холбоотой байна! Мэдээж энэ зөвлөгөө бол хүн бүрд зориулсан зөвлөгөө бус зөвхөн эрэгтэй, эмэгтэй хуврагуудад өгсөн зөвлөгөө.

Эерэг үйлүүдэд оролцох

Ёс зүйн хувийн сахилга батын хоёр дахь төрөл нь гэгээрэлд хүрэхэд бидэнд хэрэг болох эерэг хүчийг бий болгох эерэг, сайн үйлүүдийг хийх явдал. Энэ нь сургаал ном сонсож, номонд суралцах, тунгаах, бясалгах, мөн мөргөл хийх, тахил өргөх гэх мэт тарнийн бүтээлийн зэхэл бүтээл болох бумшуудыг (ngondro) хийх гэсэн утгатай.

Дахин хэлэхэд ёс зүйн хувийн сахилга бат нь бодит зан байдал гэхээс илүү сэтгэлийн төлөв байдал юм. Энэ нь бидний сэтгэлээс гарах сахилга бат бөгөөд бидний үйл байдлыг – эерэг зүйлүүдийг үйлдэж, сөрөг, зохисгүй зан байдлаас зайлсхийхийг магадалж, бидний зан байдлын хэв маягийг тодорхойлж байдаг. Ийм сахилга батгүй бол бид ямар ч хяналтгүй байж, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд хялбар орно.

Ёс зүйн хувийн сахилга бат нь хуран мэдэхүй (ялгахуй) болон билиг (ялгах ухаан) дээр суурилна. Сөрөг байдлаар үйлдэл хийхээс зайлсхийхийн тулд бид сөрөг байдлаар үйлдэл хийхийн сул талыг ялган мэдэж, түүнд итгэлтэй, шийдвэр төгс байдаг. Эерэг үйлд оролцохдоо бид бясалгал болон зэхэл бүтээлүүд зэргийг хийхийн ач тусыг мэдэж байх бөгөөд үүгээр бид хэрхэн үйлдэл хийхээ тодорхойлох ба түүнд бүрэн итгэлтэй байна.

Бусдын тусад хичээх

Ёс зүйн хувийн сахилга батын гурав дахь төрөл нь бусдад бодитойгоор туслах, түүнд зорих явдал. Энд бид бусдад туслах болон туслахыг хүсэхгүй эсвэл хэн нэгэнд онцгойлон дургүй учраас туслахгүй байхаас зайлсхийхийн ач тусыг ялган мэдэж байдаг.

Бусдад туслахтай холбоотой олон тал хандлагууд байх боловч ерөнхийлж авч үзвэл “шавийг хураах дөрвөн хураангуйн явдал” (бусдын үндсийг боловсруулан үйлдэгч дөрвөн хураангуй) гэж нэрлэдэг тэдгээр зүйлд оролцохдоо сахилга батыг баримтлах явдал. Өөрөөр хэлбэл бид бусад биднийг илүүтэй хүлээн авч сонсох тийм байдлаар үйлдэл хийснээр тэдэнд дараа дараагийн зүйлийг заах боломжтой болно.

Дөрвөн хураангуй нь:

  1. Өглөг өгөх
  2. Яруу өгүүлэх (эелдэг ярих)
  3. Тусыг хүргэх (бусдыг зорилгод нь хөтлөх)
  4. Утга зохилдох (эдгээр зорилгуудтай үргэлж зохилдож байх).

Чанадад хүрэхүйн зургаан хандлагын сургаалд бидний туслах, ач тус хүргэхэд хичээнгүйлэх шаардлагатай 11 төрлийн хүнийг онцгойлон дурдсан байдаг. Бид үүнийг ердөө нэг жагсаалт төдий бус харин тэдэнтэй учрах үед тэднийг үл хайхрахгүйгээр үнэндээ тэдгээр хүмүүст туслах тухай маш онцгой сургаал болгон авч үзэх хэрэгтэй.

  1. Бусдын ажилд болон зовлонтой амьтанд туслах
  2. Арга дор сохорсон нугуудад туслах
  3. Тус хүргэснээр (хүргэсэнд) туслах
  4. Аюулд нэрвэгдсэн нүгүүдэд туслах
  5. Гаслангаар нэрвэгдсэн нүгүүдэд туслах
  6. Хоосорсон, орон гэргүй нүгүүдэд туслах
  7. Оюун зохилдохыг хүсэгч (бидэнд сэтгэл шунасан) нүгүүдэд туслах
  8. Тусыг нь хүргэж чадах нугуудад хүслийнх нь аясаар туслах
  9. Үнэн мөрд оршихыг хүсэгч нүгүүдэд туслах
  10. Буруу мөрд орсон нугуудад туслах
  11. Рид хувилгаанаар туслах (шаардлагатай нугуудад тийнхүү туслах).

Шантидэва гэгээн шагшаабадын (ёс зүйн хувийн сахилга батын) талаар

Шантидэва гэгээн өөрийн Бодисадвын явдалд орохуй зохиолынхоо хоёр бүлэгт ёс зүйн сахилга батыг авч үзсэн байдаг. Эхний бүлэг нь “Сэрэмжлэхүй” (анхаарал бүхий хандлага) бөгөөд энэ нь өөрийн зан байдлын үзүүлэх нөлөөнд анхаарал тавьж, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орохгүй байх ёс зүйн сахилга батын суурь болно. Бид бусад хүмүүс мөн адил сэтгэл зүрхтэй бөгөөд хэрэв бид сөрөг байдлаар үйлдэл хийвэл тэдний сэтгэлийг хөндөнө гэдгийг анхааралтай авч үздэг. Бид өөрийн зан байдлын ирээдүйд бидэнд үзүүлэх нөлөөнд анхаарал тавина. Энэ бүхэн нь ёс зүйн хувийн сахилга батын суурийг бий болгоно. Хэрэв бид үнэндээ бусдын сэтгэлийг хөндөх эсвэл өөрийн ирээдүйд анхаарал тавихгүй байвал бидэнд ёс зүйтэй байдлаар үйлдэл хийх ямар нэг шаардалага байхгүй мэт санагдана.

Олон хэлэнд энэхүү анхаарал бүхий хандлага нь орчуулахад маш хэцүү хэллэг байдаг. Үүнд анхаарал халамж багтах бөгөөд иймд бид өөрийн хэрхэн үйлдэл хийхэд болгоомжтой байж, түүнтэй холбоотойгоор өөрийн зан байдлын өөрт болон бусдад үзүүлэх нөлөөг нухацтай авч үздэг.

Шантидэва гэгээний тухайн сэдэвт зориулсан хоёр дахь бүлэг нь дурдал (санамсар), мэдэмсэртэй холбогддог. Дурдал нь сэтгэлийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлд автахгүй байлгах сахилга бат дээр барьж байх сэтгэлийн төлөв юм. Энэ нь жишээ нь бид хоолны дэглэм барьж байх үедээ нарийн боовны мухлагийн дэргэдүүр явж дуртай бялуугаа харах тохиолдолд түүнийг очиж авахгүй байж чадах тийм сахилга батыг баримтлах сэтгэлийн цавуу адил юм. Бид хоолны дэглэмээ зөрчдөггүй: “Шунах сэтгэл, дур хүслийнхээ нөлөөнд орж бялууг худалдаж авч идэхгүй” гэнэ. Энэ бол дурдлын үр дүн бөгөөд ёс зүйн сахилга батад маш чухал. Харин мэдэмсрээр бид хоолны дэглэмээсээ гажиж эхлэн “За яах вэ, нэг жаахан бялуу идчихэж болох юм!” гэх үеийг ажиглана. Ингээд бидний мэдэмсэр дотоод дохиоллыг ажиллуулснаар бид түүнээс буцаж өөрийн хяналтандаа эргэж ирнэ. Бид эдгээр зүйлүүдийг анхаарч байх хэрэгтэй юм. Дурдал болон мэдэмсэр нь ёс зүйн сахилга батын тулгуур болно. Тэдгээр нь сахилга батаа хадгалж чадахад хэрэглэгдэх хэрэгсэл бөгөөд дараа нь бид түүнийг төвлөрөл төлөвшүүлэхэд ашигладаг.

Ингээд Шантидэва гэгээн дурдлыг төлөвшүүлж, хадгалахад тустай гурван хүчин зүйлийг онцлон тэмдэглэсэн.

  • Номын багштайгаа ойр байх. Хэрэв бид тийнхүү байх боломжгүй бол өөрийгөө тэдний дэргэд байна гэж бодож болно. Хэрэв бид багшийнхаа дэргэд байгаа бол тэднийг хүндэтгэн бодлогогүй эсвэл сөрөг байдлаар үйлдэл хийдэггүй. “Багшийнхаа дэргэд би ийм байдлаар үйлдэл хийж эсвэл ийм зүйл хэлэх билүү?” гэж бодвол их сайн. Хэрэв бид тэгэхгүй л юм бол Шантидэва гэгээний бидэнд зөвлөсний дагуу “мод мэт оршиж үйлд.” Ердөө түүнийг бүү үйлд. Энэ нь биднийг дурдалтай байхад тусалдаг – мэдээж хэрэв бид багштайгаа оройн хоол идэж байгаа бол бялууг хурдан хурдан идэж эсвэл хэн нэгэн рүү уурлаж хашхичихгүй.
  • Багшийн заавар, зөвлөгөөг дагах. Дурдалтай байхад туслах үүднээс зөвлөсөн зүйлүүдийг санаж байхыг хичээх.
  • Дурдалгүй байснаар гарах үр дагавруудаас эмээх. Энэ бол бид айж байгаа хэрэг биш, харин өөрийн нэр төр, үнэ цэнийн үүднээс дурдалгүй байснаар гарах үр дагавруудыг амсахыг хүсэхгүй байгаа явдал. Бид уур, шунал гэх мэт сэтгэлийн нөлөөнд орж үйлдэл хийхийг хүсэхгүй хэмжээнд өөрийн талаар хангалттай эерэг бодолтой байна.    

Дээрхийн зэрэгцээ бид өөрийн багшаас бишрэн сүрдэх сэтгэл төрүүлэх хэрэгтэй. “Сүрдэх” гэдэг нь нэг хэцүү үг. Энэ нь бид багшаасаа айх гэсэн үг биш – биднийг загнах гэж буй мэтээр. Сүрдэх гэдэг нь бид номын багшаа болон Бурханы шашныг ихээр хүндэтгэх бөгөөд бидний сөрөг зан байдал тэдний нэр хүндэд таагүй нөлөө үзүүлэхээс ихээр сэрэмжлэх гэсэн утгыг илэрхийлнэ. Биднээс болж хүмүүс “Энэ багшийн шавь нар ийм байдлаар үйлдэл хийдэг байх нь” эсвэл “Тэд чинь Бурханы шашинтан биз дээ?! Гэвч архи уун, хэрүүл маргаан хийж, уурлаж бухимдаж байх юм” гэж бодвол хэчнээн таагүй байх вэ гэж эмээдэг. Сүрдэх, хүндэтгэх сэтгэлээр бид дурдалтай байж, ёс зүйн сахилга батыг баримтлан үйлдэл хийдэг.

Дүгнэлт

Бид бүгдээрээ сахилга бат нь амьдралд урагшилж, хөгжил дэвшил гаргахад үнэхээр чухал элемент гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Үсэг үзэх, шалгалтанд бэлтгэх, эсвэл жин хасах гэх мэт юу ч байсан – сахилга батгүй бол ямар нэг үр дүнд хүрэхэд маш хэцүү.

Энэ нь зам мөрөөр урагшлан ахиц гаргах үүднээс өөрийн зан байдлын хувьд сахилга батыг сахих хэрэгтэй байдаг Бурханы шашны бүтээлд мөн адил байна. Хэрэв бид өөрт болон бусдад анхаарал тавьж байвал ёс зүйн хувийн сахилга бат нь амьдралд нийцэхгүй нэг санаа биш харин энгийн, ойлгоход хялбар зүйл байна. Эерэг зан байдлыг хянамгайлан төлөвшүүлж, бусдад гэм хүргэхээс аль чадахаараа хичээснээр бид илүү амар жаргалтай өнөөдөр, илүү амар жаргалтай маргаашийн суурь, шалтгааныг бий болгоно.    

Top