Чанадад хүрэхүйн ялгах ухаан буюу бидний “пражнапарамита” гэдгээр нь илүү мэдэх билиг барамид нь зургаан барамидын хамгийн сүүлийнх юм. Үүгээр бид гэгээрэлд хүрч хамаг амьтанд бүрэн туслахын тулд бидний мэдэх хэрэгтэй бүх зүйлийн хамгийн нарийн хэсэг, мөн чанарыг баттай, алдаагүй бүрэн ялгаж, шинжлэн мэддэг. Юмсыг зөв таньдаг чанадад хүрэхүйн ялгах ухааны гурван ялгал байна. Үүнд:
1. Үнэмлэхүйг онох билиг – бодит байдлын туйлын мөн чанар, тухайлбал бүхий л үзэгдлийн өөрөө бүтэж орших нь хоосон мөн чанарыг утгат ухагдахуунаар эсвэл илт таньсан ухаан.
2. Янагуухыг онох билиг – ухааны таван оронд мэргэжсэн ухаан: урлахуйн ухаан, тэжээхүйн ухаан, дуун ухаан, учир шалтгааны ухаан ба Бурханы шашны нийт сургаал, тэр дундаа эрдэм төрүүлэх үе шатууд хийгээд тэдгээрт хүрэх арга болон шинжийн тухай дотоод ухаан.
3. Амьтны тусыг үйлдэхийг онох билиг – шагшаабад, хичээнгүй, бясалгал барамидын үед яригдсан тэдгээр 11 төрлийн хүмүүст туслах ухаан.
Билиг барамидаар бид дараах зүйлүүдийг зөв, эргэлзээгүй ялгаж мэднэ. Үүнд:
- Бидний хүрэхээр зорьж буй эерэг зорилгууд
- Тэдгээрт хүрэхийн ач тус
- Тэдгээрт хүрэхгүй байхын сул тал
- Тэдгээр зорилгод хүрэх хамгийн үр дүнтэй аргууд
- Тэдгээр аргуудыг хэрхэн зохистой дадал болгох
- Тулгарч болох саадууд
- Тэдгээр саадаас зайлсхийх, даван гарах аргууд
Чанадад хүрэхүйн ялгах ухаанаар төрөх зөв ойлголтгүй бол бид юунд, ямар учраас зорьж буй, түүнд хэрхэн хүрэх, хүрснээр юу хийх талаар мэдэхгүй, харанхуйгаар Бурханы шашны аргуудыг бүтээж байх болно. Бид өөрсдийн бүтээлийг хувиа хичээсэн, буруу сэдлээр хиртүүлэн, тэдгээрийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагаар бохирдуулж, амжилт гаргах боломжоо түүгээр эрсдэлд оруулна.
Чанадад хүрэхүйн ялгах ухаан (билиг барамид) нь өглөг, ёс зүйн хувийн сахилга бат, тэвчээр, хичээнгүй, сэтгэлийн төвлөрөл гэсэн бусад таван чанадад хүрэхүйн хандлагуудыг зохистой бүтээхэд маш чухал. Энэхүү билиг барамидаар бид дараах зүйлийг зөв, эргэлзээгүй ялгана. Үүнд:
- Хэнд, юу өгөх нь зохистой, зохисгүйг, цаашлаад бидний өөрийн болон өглөгийг авч буй хүн, өгч буй зүйлийн хоосон чанар; түүнийг мэдсэнээр бид бусдад тустай тэр зүйлийг омог эсвэл шунал, ямар нэг харамсалгүйгээр өгнө
- Өөрт болон бусдад юу тустай, юу хортойг, цаашлаад орчлонгийн зовлон болон нирвааны амгалангийн сул тал; үүгээр бид өөрийн хувийн зорилгыг гүйцээх үүднээс бус зөвхөн бусдын тусад ёс зүйн хувийн сахилга батыг цэвэр ариунаар сахина
- Үл тэвчихийн гэм болон тэвчихийн ач тус; үүгээр бид бусдад туслахыг оролдох үед тэднээс үзүүлэх сөрөг, дайсагнасан хариу үйлдлүүдийг мөн Номын бүтээлд гарах бүхий л бэрхшээлүүдийг уур төрүүлэхгүйгээр асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр хүлцэж чадна
- Шашны бүтээлийн зорилгод бид ямар учраас зорьж буй, бидний бүтээж буй аргууд тэдгээр зорилгод биднийг хэрхэн хүргэх; үүнийг мэдсэнээр бид залхууралгүйгээр, эсвэл шантарч, замынхаа дундаас буцахгүйгээр бүтээлээ үргэлжлүүлнэ
- Юу бодит байдал, юу байх боломжгүй оршихуйн төсөөлөл болох; бодит байдлын жинхэнэ мөн чанар дээр тогтсон сэтгэлийн тогтвор бүхий төвлөрөл нь биднийг гэтлэхүй, гэгээрэлд хүргэнэ. Цаашлаад өөрийн зорилгыг ялган мэдсэнээр бясалгалаар төрсөн аливаа амгалан нь бусдад туслах биднийг зорилгыг сааруулдаггүй.
Арван барамид
Чанадад хүрэхүйн арван хандлагыг жагсааж үзвэл сүүлийн дөрвөн хандлага нь чанадад хүрэхүйн ялгах ухааны төрлүүд байна. Үүнд:
- Чанадад хүрэхүйн мэргэн арга – Номыг бүтээх дотоод болон амьтны гэтлэхүй, гэгээрэлд туслах гадаад хамгийн мэргэн аргыг авч үзэх онцгой ялгах ухаан.
- Чанадад хүрэхүйн ерөөл – бүх төрөлдөө бодь сэтгэлээс үл хагацах, амьтны тусаас үйл уйсахыг ерөөх онцгой нэг ялгах ухаан.
- Чанадад хүрэхүйн хүч – ажиглах болон тогтоох бясалгалаар чанадад хүрэхүйн ялгах ухааныг тэлэх мөн шунал гэх мэт саадыг тэвчих онцгой нэг ялгах ухаан.
- Чанадад хүрэхүйн билиг билгүүн – бүхий л үзэгдлийн хоосон чанарын зөв ойлголтыг сэтгэлтэйгээ бүрэн нийлүүлснээр бүхий зүйлийн талаарх янагуух болон үнэмэхүй үнэнийг нэгэн зэрэг таних ухаан.
Дүгнэлт
Чанадад хүрэхүйн ялгах ухаанаар бид өөрсдийн хийж байгаа аливаа бүтээлийн ач тус болон бүтээлээр арилгах ёстой тэдгээр зүйлүүдийг үргэлжлүүлсээр байхын сул талыг тодорхой, эргэлзээгүй ялгаж таньдаг. Энэхүү баттай ойлголт, итгэл үнэмшил дээр суурилсан; асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлийн гуйвшгүй сэдлийн хүч бүхий бидний бүтээж буй аливаа Номын бүтээл нь гэгээрэл, хамаг амьтанд аль болох их ач тус хүргэх чадварт хүрэх үр дүнтэй бүтээл болно.