Зургаан чанадад хүрэхүйн тойм: Зургаан барамид

​Зургаан чанадад хүрэх хандлага нь гэтлэхүй болон гэгээрэлд чиглүүлэх сэтгэлийн төлөвүүд юм. Бидний хамгийн том сэтгэлийн саад тотгорын зарим хэсэг болох уур, шунал, атаа, залхуурал зэргийн ерөндгийн хувьд – тэдгээр зургаан хандлага нь хоорондоо хоршин амьдралын бидэнд дэлгэх бүхий л зүйлийг даван туулах боломж олгоно. Эдгээр хандлагуудыг төлөвшүүлснээр аажмаар боловч гарцаагүй бид өөрт болон бусдад дээд тусыг хүргэх өөрийн бүрэн чадамжинд хүрч чадна.

Бурхан багш хэрэв бид амьдралын аливаа сайн зорилгодоо хүрэхийг хүсэж байвал өөрт төлөвшүүлэх шаардлагатай болох зургаан чухал сэтгэлийн төлөвийг заан үзүүлсэн. Тэдгээрийг ихэвчлэн “чанадад хүрэхүй” (англ. perfections) гэж орчуулдаг. Учир нь Бурхан багшийн адилаар тэднийг чанадад нь хүргэснээр бид ч мөн адил гэтлэхүй, гэгээрэлд хүрч чадах юм. Би тэдний санскрит нэр болох парамита (мон. барамид) гэдэг үгэнд тохируулан тэднийг “чанадад хүрэх хандлагууд” (англ. far-reaching attitudes) гэж нэрлэхийг илүүд үздэг. Учир нь бид тэдгээрийн тусламжтайгаар зовлонгийн далайг гатлан цаад эрэгт нь хүрч чадна.

Эдгээр зургаан сэтгэлийн төлөвийг бид ердөө нэг сайхан жагсаалт мэтээр сэтгэлдээ хадгалдаггүй. Харин тэдгээр нь хооронд нь хоршуулан өдөр тутмынхаа амьдралд тохиолдох асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэглэх хэрэгтэй сэтгэлийн төлөвүүд юм. Лам-рим (бодь мөрийн зэрэг) сургаалд дурдагддаг гурван түвшний сэдэлтэй холбон тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа одоо төлөвшүүлэх нь асар их тустай. Тухайлбал:

  • Бидэнд асуудлуудаас зайлсхийх, тэдгээрийг шийдвэрлэх боломж олгоно.
  • Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, сэтгэлийн төлөвийг арилгахад тусална.
  • Бидэнд бусдад хамгийн сайн тус хүргэх хүч өгнө.

Хэрэв бид эдгээр эерэг хандлагуудыг төлөвшүүлэхээр суралцах гэж байгаа бол тэднээс нэг эсвэл хэд хэдийг сэтгэлдээ санах хэрэгтэй. Энэ нь бидэнд тэдгээрийг цааш илүү үр дүнтэй төлөвшүүлэхээр зүтгэх хүчтэй түлхэх хүч өгнө.

Top