Хичээнгүй барамид: Виряапарамита

Төвөд хүмүүс буян хийх нь зөрүүд илжгийг уул өөд хөтлөхтэй адил хэцүү байдаг бол муу үйл хийх нь уулын уруу үхэр чулуу өнхрүүлэхтэй адил хялбар гэдэг. Бид хэчнээн их тэвчээртэй, өглөгч, ухаантай байсан ч хэрэв бид залхуугаа дарж чадахгүй бол бид хэнд ч хэзээ ч тус хүргэж чадахгүй. Баатарлаг зориг, хичээнгүйгээр бид гэгээрэлд хүрч хамаг амьтанд туслах өөрийн урт аянд тулгарах аливаа дотоод болон гадаад тэмцэлтэй нүүр тулахад бэлэн дайчин баатар адил болдог.

Удиртгал

Чанадад хүрэхүйн зургаан хандлагын (барамид) дөрөв дэх нь хичээнгүй. Үүнийг эерэг үйлд эрч хүчтэй оролцож, түүнд хүчин чармайлт гаргах сэтгэлийн нэг төлөвөөр тодорхойлно. Гэвч энэ нь ердөө нэг зарим эерэг үйлээр хязгаарлагддаггүй үүнд буцаж няцахгүй байх баатарлаг зориг, ямар нэг эерэг зүйл хийн түүндээ сэтгэл баясах баяр баясал багтана.

Энэ бол өөрийн ажилдаа дургүй боловч үүрэгтэй, гэм буруутай, эсвэл албатай мэт хийсээр байх нэг үнэхээр шамдангуй хандлагатай байх явдал биш. Эсвэл ажлын хэнээтэй хүн адил өдөр бүр түүнийг бодох зүйлгүйгээр ердөө хийх тухай ч биш. Энэ нь ямар нэг зүйл хийхээр үнэхээр сэтгэл хөдөлж, түүнд маш их хүчин чармайлт гаргах боловч нэг долоон хоногийн дараа ядарч цуцан бууж өгдөг, бидний “түр хугацааны урам зорим” гэж нэрлэдэг тэр зүйл ч биш. Энд бид тогтвортой хадгалагдах хүчин чармайлт, урам зоригийн талаар ярьж байгаа бөгөөд ийм ч учраас түүнийг хичээнгүй гэж нэрлэдэг. Энэ нь тогтвортой байдгийн учир шалтгаан нь бид хийж байгаа зүйлдээ – бидний оролцож байгаа бүх эерэг үйлд сэтгэл баясаж байдаг явдал. Хичээнгүй нь баатарлаг зоригтой хосолж байвал залхуурах болон хойшлуулах байдлын хамгийн сайн ерөндөг болно.

Хөө хуяг мэт хичээнгүй

Хичээнгүйн гурван төрөл байх бөгөөд эхнийх нь хөө хуяг мэт хичээнгүй. Энэ нь тухайн нэг зүйл хэдий удаан үргэлжилж байсан ч эсвэл хэдий хэцүү болж байсан ч үргэлжлүүлсээр байх сэтгэл юм. Юу ч болж байсан бид залхуурч эсвэл шантардаггүй. Хэрэв бид Номын зам мөр нь үнэхээр, үнэхээр их урт хугацаа шаарддаг гэдгийг мэддэг, бусдад туслахын тулд тамд хүртэл очиход бэлэн сэтгэлтэй бол залхуурч эсвэл үүсч болох багахан асуудлаас шалтгаалан шантрах ямар ч боломжгүй. Бидэнд “Юу ч, юу ч намайг ганхуулахгүй” гэх хөө хуяг адил хандлага байдаг. Энэхүү баатарлаг зориг нь бидэнд тулгарах аливаа бэрхшээлээс биднийг хамгаалж байдаг. Учир нь бид юмс хэдий хэцүү эсвэл удаан үргэлжилсэн ч түүнийг хийнэ хэмээн аль хэдийн шийдсэн байдаг.   

Нэг талаараа гэгээрлийг хэдий чинээ удаан хугацаа шаардана гэж хүлээнэ төдий чинээ түүнд хурдан хүрдэг бол хэрэв түүнд шууд, хялбар хүрнэ гэж хүлээх юм бол тэр нь өнө удаан хугацаа шаардаж болно. Олон судар бичгүүдэд дурдсанаар, багш нарын айлдсанаар хэрэв бид гэгээрэлд хурдан, хялбар хүрэхээр зорьж байвал тэр нь үндсэндээ бидний хувиа хичээх үзэл, залхуугийн илрэл байна. Бид үр дүн хүлээх боловч бусдад туслахад цаг хугацаа зарцуулдаггүй. Бид ердөө гэгээрлийн сайхан амтыг хүсэж байдаг. Угтаа бол бид залхуурч байдаг! Бид түүнд шаардлагатай бэрх хөдөлмөрт цаг хугацаа, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Бид гэгээрлийг хямдруулж, хялбар авч болохоор хямд байхыг хүсдэг. Гэвч ийм төрлийн үнэ буулгах тохироо хэзээ ч амжилттай болохгүй.

“Бусдад тусалж эерэг хүч бий болгохын тулд би тоолшгүй галавт зүтгэнэ” гэх хандлага бүхий энэрэн нигүүлсэх сэтгэл бидэнд байгаа үед энэхүү баатарлаг зоригийн агуу цар хүрээ нь гэгээрэлд хамаагүй илүү хурдан хүрэхэд тусалдаг.

Буян номыг хураах хичээнгүй

Хичээнгүйн хоёр дахь төрөл нь гэгээрэлд хүрэхэд хэрэг болох эерэг хүч бий болгох эерэг үйлүүдэд оролцох хүчтэй хүчин чармайлт юм. Энэ нь бид мөргөл гэх мэт зэхэл бүтээлүүдийг хийхдээ залхуурахгүй төдийгүй Ном үзэж судлах, бясалгахад залхуурахгүй байх гэсэн утгатай. Бид энэ бүхнийг хийх хэрэгтэй бөгөөд тэдгээрийг хийхдээ сэтгэл баяртай байх нь чухал.

Амьтны тусыг үйлдэх хичээнгүй

Хичээнгүйн энэхүү гурав дахь төрөл нь шагшаабадын чанадад хүрэхүйн талаар ярилцаж байх үед гарсан шавийг хураах дөрвөн хураангуйн явдал болон 11 төрлийн хүнд туслахтай холбоотойгоор бусдын тусад гаргадаг хүчтэй хүчин чармайлт юм. Гэвч энэ нь тэдгээртэй яг нэг адил биш. Энд тэр нь энэхүү хичээнгүйтэй тохирох олон аргаар эдгээр төрлийн хүмүүст идэвхтэй туслах гэсэн утгатай. Тэр бүхнийг хийхдээ бусдад тусалж чадаж байна хэмээн үнэхээр баяртай сэтгэлээр таашаан хийдэг. Мөн тэвчээртэй холбоотойгоор бид гарч ирэх аливаа бэрхшээлийг тэсэж, ёс зүйн сахилга батаар бусдад бодитой туслахад саад болох тэдгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдээс зайлсхийнэ. Эндээс чанадад хүрэхүйн тэдгээр хандлагууд нэг нэгэнтэйгээ хэрхэн холбогдож байдаг нь тодорхой харагдаж байна.

Гурван төрлийн залхуу

Хичээнгүйд саад болж болох гурван төрлийн залхуу байна. Хичээнгүйг дадал болгон төлөвшүүлэхийн тулд бид залхууг дарах хэрэгтэй.

1. Хойш тавих залхуу

Бидний олонх нь юмсыг маргааш хэмээн хойшлуулах энэ төрлийн залхууг туулдаг. Үүнийг даван гарахын тулд бид үхэл, мөнх бусын талаар бодож, түүнийг бясалгах хэрэгтэй. Бид үхэх нь гарцаагүй мөн үхэл хэзээ ирэх нь болзоогүй бөгөөд үнэхээр гайхалтай олон зүйл хийх боломж олгодог энэхүү эрдэнэт хүний төрлийг олоход хэцүү гэдгийг ойлгох нь чухал.
Миний хэлэх дуртай “Үхэл хэзээ ч ирж болно. Тайван амар” гэдэг Зэн уламжлалын нэг хэллэг байдаг. Энэ үгийн утгыг сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Үхэл хэзээ ч ирж болох нь үнэн гэвч бид энэ талаар сэтгэл зовж, түгшин, хямрах юм бол бид ямар ч зүйлд хүрэхгүй. Бидэнд “Би бүх зүйлийг өнөөдөр хийх ёстой” гэсэн сэтгэл төрж, түүнийг хэт баримтлах нь тусгүй. Мэдээж бид бүгд нас эцэслэх бөгөөд энэ нь хэзээ ч ирж болох боловч хэрэв бид энэ амьдралаа ашиглахыг хүсвэл эдгээр хоёр үнэнийг тайван хүлээн авах ёстой. Хэрэв бид үхлээс үргэлж ихээр айх юм бол бидэнд үргэлж хангалттай цаг байхгүй мэт санагдана.

2. Муу ажил үйлдвэрт шунах залхуу

Хоёр дахь төрлийн залхуу нь аар саар зүйлүүдэд сэтгэл татагдах явдал бөгөөд үүнийг бидний олонх нь хялбар ойлгоно. Бид телевиз үзэж, найзуудтайгаа цуурхал, хов, спорт гэх мэтийн талаар ярьдаг. Эдгээрийг цаг үрсэн зүйл гэж үздэг бөгөөд энэ нь үнэндээ нэг төрлийн залхуу юм. Ердөө л: бясалгахаас телевизийн өмнө суух нь хамаагүй илүү хялбар байдаг. Тийм биз дээ?! Бид илүү утга учиртай боловч хэцүү байж болох зүйлүүдийг хийж, оролдохыг хүсэхгүй, залхуугаасаа болж эдгээр эгэл, орчлонгийн зүйлүүдэд татагддаг.

Энэ нь бид зарим үзвэр үйлчилгээ үзэж эсвэл амрахгүй гэсэн үг биш. Заримдаа хүчээ сэлбэхийн тулд бидэнд тэдгээр нь хэрэгтэй. Гол санаа нь тэр бүхэнд хэт автан залхуугаасаа болж хэтрүүлэхгүй байх явдал. Бид амралт аван, явган алхаж, телевизийн хөтөлбөр үзэж болох боловч тэдгээрт автахгүй байх хэрэгтэй. Хангалттай тэдгээрээс таашаал аваад хийж байсан илүү эерэг зүйлдээ бид эргэн ордог.

Сайхан зүйлд сэтгэл татагдах байдлыг даван гарах хамгийн сайн арга бол орчлонгийн аливаа амжилт бүтээл, үйл ажиллагаанаас авах таашаал, сэтгэл ханамж нь бидэнд ашдын баяр баясгалан хэзээ ч авчирдаггүйг санах явдал. Бид хэдэн кино үзсэн эсвэл алдартай хүмүүсийн талаар хэдий их зүйл ярьсан, эсвэл хэдий олон газраар аялсан байсан ч эдгээр нь бидэнд нэг унц ашдын амгалан авчрахгүй. Ашдын амгаланд хүрэх цорын ганц арга бол түүнд хөтлөх Номын аргуудад суралцах явдал. Бид бүх цагаа хаалганд бөмбөг өшиглөж оруулахад суралцахад зарцуулж болох боловч энэ нь хэзээ ч бидэнд илүү сайн төрөл авчрахгүй.

Иймд эндээс авах гол зүйл бол сэтгэл хэт татагдахгүй байх. Бид амрах үүднээс ямар нэг зүйл хийж болно, тэр бол зүгээр. Гэвч тэр үйл ажиллагаанд хэт дурлан, илүү эерэг ямар нэг зүйл хийхээс залхууран бүхий л хүчин чармайлтаа түүнд зарцуулах юм бол – тэр бол ердөө цаг үрж буй явдал. Ийм төрлийн залхуу нь эерэг зүйл хийн түүнээс үнэндээ баяр баясал авахад үнэхээр нэг том саад болдог.

3. Мятрах залхуу

Гурав дахь төрлийн залхуу нь тэдгээр зүйлүүд бидний хувьд ердөө хэтэрхий хэцүү, бид тэдгээрийг хэзээ ч хийж чадахгүй хэмээн шантардаг – чадамжгүй гэх эндүү ташаа ойлголт байна. “Би түүнийг бүр оролдож ч үзэхгүй – над мэтийн хүн үүнийг хийж яахин чадах вэ?” гэж бид хэр их боддог билээ? Гэгээрэл гэх мэт том зорилго нь хүрч боломгүй хэцүү мэт санагдаж болох боловч бүр оролдож үзэхгүй байх нь залхуурч буй нэг хэлбэр.

Үүнийг арилгахын тулд бидний хүрч чадах, бид бүхэнд байх олон өөр гайхалтай чанар, чадамжууд болох Бурханы чанараа санах хэрэгтэй. Хэрэв маш олон хүн өглөөнөөс үдэш болтол бохь эсвэл өөр юу байж болохыг хэн мэдэх билээ, зарж жаахан ашиг олохоор ажиллах чадамжтай байхад илүү ач холбогдолтой ямар нэг зүйлд хүрэхийн тулд бид түүнд цаг зарцуулж чадах нь гарцаагүй. Хэрэв бид 90 минут үргэлжлэх концертын тасалбар авахаар хэдэн цагаар дугаарлан зогсож чаддаг бол ашдын зорилго болох гэгээрэлд биднийг хөтлөх ямар нэг эерэг зүйл хийх бид чадамжгүй гэж хэзээ ч бодохгүй байх хэрэгтэй.

Зохилдох шалтгаан буяны өмөг чуулганыг хураах дөрөв (хичээнгүйг төлөвшүүлэх дөрвөн хүч)

Шантидэва гэгээн хичээнгүйг төлөвшүүлэхэд бидэнд тус болох дөрвөн хүчийг тайлбарлан үзүүлсэн.

1. Сүсгийн хүч

Номын сайн чанарууд, бидэнд үзүүлэх ач тусад сэтгэл итгэмжилснээр сургаалыг бүтээх хүчтэй эрмэлзэл төрнө.

2. Батдах хүч ба өөрт итгэх омог

Бидэнд өөртөө итгэх итгэл, Бурханы чанарын тухай ойлголтон дээр суурилсан буцалгүй эцэс туйлд нь хүргэх сэтгэл байх хэрэгтэй. Бид бүгдэд байх суурь чадамж – Бурханы чанарт үнэхээр итгэж байвал бидэнд Шантидэва гэгээний “омог” буюу “өөрт итгэх омог” гэж нэрлэсэн тэрхүү гайхалтай өөртөө итгэх итгэл аяндаа төрнө. Хэрэв бид өөртөө итгэлтэй байвал өөрийн хүчин чармайлтанд бат, тууштай байна. Юмс хэрхэн сайн, муу болж байсан ч бид баатарлаг зориг гарган хичээнэ.

3. Баясахын хүч

Гурав дахь хүч нь хийж байгаа зүйлдээ баясах. Өөрийн амьдралд хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, хангалуун байх тэр сэтгэл юм. Өөрийгөө хөгжүүлэх, бусдад туслахаар хийж байгаа зүйл бол хамгийн их сэтгэлд хүрдэг, өөрт сэтгэл ханамж төрүүлдэг зүйл юм.

4. Орхих хүч

Сүүлийн хүч бол хэзээ амрахаа мэдэх хүч. Бид хийж байсан зүйлдээ эргэж орж чадахгүй болохоор сөхрөн бууж өгөх хүртлээ өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй. Бид өөрийгөө шахах мөн өөрийг нялх хүүхэд мэтээр эрхлүүлэх хоёрын дундах нэг тэнцвэртэй аргыг олох нь зөв. Энэ санаа бол өөрийг бага зэрэг ядрах бүрд хэвтэж амрах хэрэгтэй гэж хэлж байгаа хэрэг биш!

Гэвч Дээрхийн гэгээн Далай ламын туслах багш асан Трижан Ринбүүчи бидний сэтгэл үнэхээр тааруу, маш сөрөг төлөвт байж, Номын ямар нэг арга бидэнд туслахгүй мэт санагдах үед хийх хамгийн сайн зүйл бол дуг хийх гэсэн байдаг. Сэрэх үед бидний сэтгэл ердөө дуг хийхийн өөрийнх нь мөн чанараар өөр болсон байна. Энэ бол маш бодит амьдралд нийцсэн зөвлөгөө.

Баатарлаг зориг төлөвшүүлэх дараагийн хоёр хүчин зүйл

Шантидэва гэгээн бидэнд тус болох дараагийн хоёр зүйлийг заан үзүүлсэн.

1. Хянан нягтлах ба хүлээн авах

Эхнийх нь өөрийн бүтээх хэрэгтэй зүйл, татгалзах хэрэгтэй зүйлийг цааргалахгүй хүлээн авах. Мөн бид түүнтэй холбоотой бэрхшээлүүдийг хүлээн авах хэрэгтэй. Энэ бүхэн нь санаа бүрийг, тэдгээрийг шийдвэрлэх өөрийн чадамжийг бодитойгоор шинжилж үзсэн явдал дээр суурилна. Энэ нь мөн бусдад туслах, гэгээрэлд хүрэхэд энэ эерэг үйл, мөн тэр эерэг үйл үнэндээ бидэнд хэрэгтэй хэмээн хүлээн зөвшөөрөх явдал.

Бид өөрийн чадвар мөн юу хэрэгтэйг мэдэж байгаа учраас түүнийг хүлээн авч, түүнийг хийх үүрэг хүлээдэг. Бид бодит бус хандлагатай байж болохгүй. Хэрэв бид 100 000 мөргөл хийхээр төлөвлөж байгаа бол түүнийг хялбар байхгүй гэдгийг мэдэж байх ёстой. Бидний хөл өвдөнө, алга хорсоно, бид ядрах нь гарцаагүй. Ингээд бид өөртөө түүний ач тусыг сануулна.

Бидний татгалзаж, болих хэрэгтэй зүйлийн хувьд? Эхэлж бид түүнийг хийх цаг гаргах хэрэгтэй бөгөөд ердөө цаг гаргахын тулд бусад зарим юмсыг хасаж багасгах нь – энэ нь аль хэдийн хангалттай хэцүү байж болно. Бид өөрсдөөсөө үнэнчээр “Би үүнийг хийж чадах уу?” гэж асуух хэрэгтэй. Тулгарах зүйлийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, түүнд баясал бүхий урам зоригтойгоор зүрх сэтгэлээ бид зориулдаг.

2. Эрхэндээ үйлдэх

Шантидэва гэгээний үзүүлсэн хоёр дахь санаа нь баатарлаг хичээнгүйг төлөвшүүлэхэд дээрхийг хүлээн авах бодит хандлагатай нэгэнт бид болсон бол бодитойгоор тэдгээрийг хэрэгжүүлэхэд эзэн болох явдал. Бид өмнөх адилаараа тухайлбал залхуурах байдлыг гаргадаггүй. Бид хүрэхийг хүсэж байгаа эерэг зүйлдээ өөрийгөө зориулахад эзэн болдог. Англи хэлэнд бидний хэлдэг адил бид “зүрх сэтгэлээ зориулдаг.”

Дүгнэлт

Номыг бүтээхийн ач тусад бүрэн итгэлтэй байж, түүнийг бүтээснээр гарах амгалан жаргалан юутай ч харьцуулшгүй болохыг ойлгох үед хичээнгүй аяндаа төрнө. Амьдралд юу ч тохиолдож байсан ч хэрэв бид хичээнгүй бүхий хүчтэй сэдэлтэй байвал баатар адил өөрийн зорилгод хүрнэ.

Хичээнгүй нь өөрийн зорилгод хүрэхийг хичээх үед бидний олонход тулгардаг хамгийн том саадуудын нэгийг даван гарахад тусалдаг: залхуурах. Энд үзүүлж байгаа аргууд нь зөвхөн гэгээрэлд хүрэх зам мөрөөр урагшлахад хэрэгтэй төдийгүй амьдралын туршийн орчлонгийн эгэл зорилгуудад ч бас тустай юм.

Top