Уур бухимдал: Нисванисыг шийдвэрлэх нь

39:38
Уур бухимдал бол бидний аюул бүхий гэж бодсон эсвэл дургүй байх хүн ба юмст чиглэсэн хүчтэй дургүйцэл юм. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг нэг сэтгэл хөдлөл болохын хувьд энэ нь бидний сэтгэлийн амгаланг алдагдуулснаар бид өөрийн хяналтыг алдана. Гэвч тэвчээр төлөвшүүлэх олон янзын бүтээл, аргад суралцсанаар бид уур бухимдлаас зайлсхийн илүү тайван амгалан амьдарч болно.

Амьдрал дахь асуудлууд

Энэ үдэш бидний ярилцах сэдэв бол сэтгэл хөдлөлтэй ажиллах, уур бухимдлыг хэрхэн даван туулах тухай. Энэ сэдвээр ярилцах болсон шалтгаан бол бидний бараг ихэнх нь бид амьдралдаа тодорхой нэг асуудалтай байдаг гэж үзсэн явдал гэж би бодож байна. Бид аз жаргалтай байхыг хүсдэг. Бид зовлон бэрхшээлийг хүсдэггүй боловч цаг үргэлж олон өөр асуудлуудтай тулгарах ёстой болдог. Заримдаа бид сэтгэл санааны хямралд орно; бид бэрхшээлүүдтэй тулгарч, ажил, нийгмийн байр суурь, амьдрал, гэр бүлийн нөхцөлдөө сэтгэл дундуур байна. Бид хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байх асуудалтай тулгарна. Бид амжилттай байхыг хүснэ. Бид гэр бүл, бизнестээ зөвхөн сайн зүйл тохиолдохыг хүснэ. Гэвч үргэлж тийм байдаггүй. Ийм асуудлууд байх үед бид баяр жаргалтай байдаггүй. Заримдаа бидний хүсдэггүй, жишээ  нь, нас ахиж өвдөх, ядрах, сонсгол, хараа муудах гэх мэт зүйлүүд тохиолдоно. Эргэлзээгүй, хэн ч тэдгээрийг хүсэхгүй.  

Бидний ажил хөдөлмөрт асуудлууд гарна. Заримдаа ажил сайнгүй явагдаж, ашиг орлого муудаж, алдагдал хүлээнэ. Энэ бол ойлгомжтой бидний хүсдэггүй зүйл боловч ийм зүйл ямар ч болов тохиолддог. Заридаа муу зүйл тохиолдоно, бид өөрсдийгөө гэмтээнэ, осолд орно, өвдөнө. Энэ бүх зүйл бидэнд асуудал болон тулгарсаар байдаг. 

Энэ бүхний зэрэгцээ бид сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн олон асуудлуудтай тулгардаг. Эдгээр нь бидний бусдад хэлж, энэ талаар ярилцах дургүй зүйл байж болно. Гэвч бид дотроо, үр хүүхдүүдээсээ хүлээж буй хүлээлт, санаа зовж буй асуудлууд зэрэг бидний тайван байдлыг алдагдуулж маш их зовлон бий болгодог тодорхой зүйлүүд бий гэж үздэг. Энэ бүхэн бол бидний “хянах боломжгүй дахин дахин гарах асуудлууд, нөхцөлүүд” (Скрт. самсара (сансар, орчлон)) гэж үздэг зүйл юм.

Хяналтгүй дахин дахин гарах асуудлууд нь орчлон (самсара)

 Миний олсон мэргэжил, боловсрол бол орчуулагч. Орчуулагч хүний хувиар би олон орноор явж орчуулга хийн, Бурханы шашны талаар лекц уншиж байсан. Бурханы шашны талаар маш их буруу ойлголт байдгийг би олж мэдсэн. Энэхүү буруу ойлголтын ихэнх хэсэг нь тухайн нэг эх үг хэллэг, утгыг орчуулахдаа сонгосон хэрэглэсэн англи үгнүүдээс шалтгаалсан юм шиг санагддаг. Эдгээр үгнүүдийн олонхи нь өнгөрсөнд зуунд Викториан шашин номлолын үед гарсан бөгөөд тэдгээр нь Ази хэлэн дэх тухайн үгийн эх утга санаанаас өөр хүчтэй утга санаатай байдаг. Жишээ нь бид асуудлуудын талаар ярьж байна. Үүнийг ихэвчлэн “зовлон” (Англи, suffering) гэж орчуулдаг. Хэрэв бид зовлон гэж ярьвал олон хүмүүс Бурханы шашныг маш гутранги үзэл баримтлалтай, хүн бүрийн амьдралыг зовлонгоор дүүрэн байдаг гэж үздэг шашин хэмээн ойлгоно. Энэ нь бид аз жаргалтай байх эрхгүй гэж буй мэт санагдаж болно. Хэрэв бид ая тухтай амьдардаг, баян чинээлэг хэн нэгэн хүнд “Таны амьдрал зовлонгоор дүүрэн” гэж хэлбэл тэрээр хүчтэй эсэргүүцнэ. Тэрээр маргаж, “Юу гэсэн үг вэ? Надад видео камер байна, сайн машин, сайхан нэг бүл байна. Би зовоогүй байна” гэж хэлнэ. 

Тэдний хариулт маш хүнд үг болох зовлон гэдэг үгтэй холбоотой. Хэрэв бид Бурханы шашны тэрхүү ойлголтыг “асуудал” хэмээн орчуулж, хэн нэгэнд хандан “Та хэн ч байсан, хэдий чинээлэг, хэдэн ч хүүхэдтэй байсан ялгаагүй хүн бүрийн амьдралд тодорхой асуудлууд байдаг” гэж хэлбэл харин үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрөх юм. Ийм учраас би Бурханы шашны Төвд ёсны эдгээр тайлбаруудыг бидний байнга хэрэглэдэг үг хэллэгүүдээс арай өөрөөр хэлж байвал дээр болов уу гэж боддог. 

Орчлон гэдэг бол хянах боломжгүй дахин дахин гарах асуудлууд. Энэ нь бидний хянаж чадахгүй, дахин дахин гарсаар байх нөхцөлүүд бөгөөд тухайлбал, байнга сэтгэл дундуур, сэтгэл зовж, түгших явдал юм. Тэгвэл эдгээрийн “жинхэнэ (үнэн) шалтгаан” юу вэ? Бурхан багш бидний нүүр тулдаг “жинхэнэ (үнэн) асуудлууд” байдаг төдийгүй тэдгээрт шалтгаан байх ба бүр тэднийг зогсоох боломжтой гэж хэлсэн. Тэднийг зогсоох, тэднийг “бүрэн (үнэн) арилгах” арга нь “сэтгэлийн зөв зам мөр”-ийг төлөвшүүлэх, тэдгээрийн шалтгааныг арилгах аргуудыг ойлгох гэсэн утгатай “үнэн зам мөр”-ийг дагах гэжээ. Хэрэв шалтгааныг нь арилгавал асуудлууд байхгүй болно.

Асуудлуудын уг үндэс: Хатуу тогтоосон тодорхойлолт баримтлах

Бидний амьдралд тохиолдох эдгээр хянах боломжгүй дахин дахин гарах асуудлуудын жинхэнэ шалтгаан бол бидний бодит байдлыг мэдэхгүй байх явдал. Бид өөрсдийгөө үнэхээр хэн болох, бусад үнэхээр хэн болох, амьдралын утга учир юу болох, энэ ертөнцөд үнэхээр юу болж байгааг мэддэггүй. Би мунхаг гэдэг үгнээс илүүтэйгээр “мэдэхгүй байх” гэдэг үгийг гол төлөв хэрэглэдэг. Мунхаг гэдэг нь та бол юм ойлгодоггүй, тэнэг гэж хэлж байгаа мэт сонсогддог. Тийм биш, бид ердөө л мэдэхгүй байна. Бид үүнийг мэдэхгүй байгаа болохоор түүнийгээ сэтгэл зүйн түвшиндээ айдсаар мэдэрдэг. Энэхүү айдсаас болж бид нэг хатуу тогтоосон тодорхойлолт баримтлах хандлагатай болдог. Тухайлбал, нэг төрлийн “би”, “Би хэн болох, хэрхэн оршдогоо мэдэхгүй, иймээс энэ талаар зөв эсвэл уран сэтгэлмж ч байж болох нэг зүйлээс барьж аван түүнийгээ би гээд, энэ бол жинхэнэ би” гэдэг.         

Бид эцэг байх гэсэн нэг ойлголтыг баримталж, жишээлбэл, “Энэ бол би, би эцэг, энэ гэр бүл дотор хүндлэгдэж байх ёстой. Миний хүүхдүүд надад тодорхой хүндлэл бүхий, дуулгавартай хандах ёстой” гэдэг. Хэрэв бидний амьдрал дахь бүхий л чиг хандлага эцэг гэдэгт чиглэвэл энэ нь мэдээж биднийг зарим бэрхшээлд оруулна. Учир нь хэрэв хүүхдүүд нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал энэ үед асуудал гарна. Биднийг албан ажил дээрээ байгаа үед хүмүүс биднийг “эцэг”, эсвэл тэр адил түвшний хүндлэл хүлээх хэн нэгэн гэж харахгүй. Энэ нь бас сэтгэлд маш нийцгүй байж болно. Би гэр бүлдээ захирагч нь байтал ажил дээр бусад хүмүүс намайг дорд үзэн, өөрсдийгөө надаас дээгүүр үзэн, би тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой болбол яах вэ? Хэрэв бид эцэг гэдэгтээ хэт баригдан, хүндлэл шаардах юм бол ажил дээр бусад хүмүүс бидэнд тэр адил хандахгүй бол бидэнд үнэхээр хэцүү байх болно.      

Бид өөрсдийгөө амжилттай сайн бизнесмен гэж тодорхойлж болно. “Би бол амжилттай сайн бизнесмен. Энэ бол би, би ийм байх ёстой” гэдэг. Гэвч бидний бизнес бүтэлгүй болж эсвэл ашиг орлого муудвл бид маш их цочирддог. Зарим нь хэрэв бизнес нь бүтэлгүй болбол  амиа хорлож, эсвэл өөрсдийн хадгалж байсан тэрхүү хүчтэй өөрийн тодорхойлолтгүйгээр амьдрал үргэлжлэхийг харж чадахгүй учраас бүхий л буруу зөрүү зүйлүүдийг хийдэг. 

Эсвэл бид өөрийгөө эр хүний хүч чадал бүрдсэн гэж тодорхойлдог. “Энэ бол би, би эр хүний хүч чадал бүрдсэн, сайхан, дур булаам залуу” гэдэг. Гэвч нас ахиж, бид эр хүний хүч чадлаа алдах үед энэ нь бидэнд үнэхээр хэцүү байдаг. Зарим хүмүүс хэрэв энэ нь тэдний өөрийгөө тодорхойлох тодорхойлолт бол үнэхээр их цочирддог. Тэд амьдралын бүхий л зүйл өөрчлөгдөж, энэхүү өөрийн тодорхойлолт түр зуурынх гэдгийг харахыг хүсдэггүй.   

Бид өөрсдийгөө уламжлалаа баримтладаг хүн гэж үзэн бүх зүйл улалмжлалын дагуу явагдах ёстой хэмээн бодож бас болно. Нийгэм өөрчлөгдөж, бидний өөрийгөө тодорхойлох тэрхүү уламжлалыг залуус дагахгүй бол бид маш их бухимдаж, сэтгэл шархладаг. Биднийг хүмүүжүүлсэн уламжлал, өөрийн хятад зан заншлыг дагахгүйгээр энэ дэлхийд хэрхэн оршихыг бид үнэхээр төсөөлж чаддаггүй. 

Эсрэгээрээ залуу хүний хувьд бид өөрийгөө орчин үеийн хүн гэж тодорхойлдог. “Би орчин үеийн хүн. Надад эдгээр уламжлалт үнэт зүйлүүд хэрэггүй” гэдэг. Хэрэв бид үүнийг маш хүчтэй баримталж байвал бидний эцэг эх биднээс уламжлалт үнэт зүйлсээ дагах, тэдэнтэй уламжлалт байдлаар харилцахыг шаардаж эхлэх ба энэ үед бид орчин үеийн залуу хүн гэдгээрээ маш их бухимдан, сөргөлдөнө. Бид үүнийгээ илэрхийлэхгүй боловч дотроо өөрийгөө орчин үеийн хүн гэдгээрээ тодорхойлон Хятадын шинэ жилийн баяраар эцэг эх дээрээ очих шаардлагагүй; бидэнд энэ бүх уламжлалт зүйлүүд хэрэггүй гэж бодно. Ингээд бидэнд эргээд олон олон асуудлууд гарч ирнэ. 

Бид өөрсдийгөө мөн ажил мэргэжлээрээ тодорхойлж болно. Хэрэв бидний эрхлэж байсан ажил бүтэлгүй болбол бид өөрсдийгөө зөвхөн тухайн ажиллаж байсан мэргэжлээрээ тодорхойлж, уян хатан байдаггүй. Өмнө хийж байсан ажлаа хийж чадахгүй болох үедээ өөрийнхөө ертөнцийг дууссан гэж боддог. Бид өөр ажил мэргэжилд орох боломжтой, заавал нэг мэргэжлээр ажиллах албагүй гэдгийг ойлгодоггүй. 

Бид эдгээр олон өөр тодорхойлолтуудыг өөртөө баталгаатай, эрсдэлгүй сэтгэгдэл төрүүлэх үүднээс баримталдаг. Бид би хэн болох, ямар дүрэм журам баримталдаг, амьдралдаа юу хүсэж байгаатай холбоотой зарим ойлголтуудыг баримталдаг. Бид түүнийгээ хөдлөшгүй, тогтвортой зүйл бөгөөд тэр бол би гэж үзэх хандлагатай байдаг. Өөрийн талаарх ийм ойлголтон дээр суурилан гарч ирдэг зүйл нь өөрийн дүр төрх бөгөөд энэхүү тодорхойлолтыг хадгалахаар бид сэтгэлийн тайван байдал алдагдуулах олон янзын сэтгэл хөдлөлийг гаргадаг. Ийнхүү бид тэрхүү өөрийн тодорхойлолтондоо итгэлгүй байж, түүнийгээ баталж харуулах ёстой мэт санадаг. 

Жишээ нь “Би энэ гэр бүлийн эцэг” гэж бодох үед ердөө би энэ гэр бүлийн эцэг гэж бодох нь хангалтгүй байдаг бөгөөд түүнийгээ бас батлах ёстой болдог. Бид гэр бүлээ захирч байгаагаа баталаж, хүн бүр бидэнд бөхөлзөж байхыг магадлах ёстой. Учир нь бид хүн бүрт өөрийгөө эцэг хэвэээрээ байгаа гэдгээ батлах ёстой. Үүнийг зөвхөн өөрөө мэдэж байхад хангалттай бус. Хэрэв энэ тодорхойлолтонд халдаж буй мэт санагдвал бид түүнийг маш их эсэргүүцэж, ямар нэг зүйлийг батлахын тулд маш ширүүн, түрэмгий байдал гаргадаг. “Би өөрөө хэн гэдгээ харуулах ёстой. Би одоо ч гэсэн хүч чадалтай, сайхан байна” гээд гарч өөр эхнэр авах, эсвэл өөрийнхөө хэн болохыг харуулахаар залуу эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэдэг. Энэ бол бид хэрхэн оршиж байгаа байдал юм.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд

Татагдах ба шунан тэмүүлэх

Сэтгэлийн тайван байдал алдагдуулаг сэтгэл хөдлөл, хандлагууд нь тухайн нэг өөрийн тодорхойлолтыг хадгалах, батлахыг хичээх үед бий болдог сэтгэлийн төлөв байдал юм. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь хэд хэдэн төрөл байж болно. Жишээ нь анхаарал татах, шунан тэмүүлэх. Шунан тэмүүлэх сэтгэл нь өөрийн тодорхойлолтыг бататгах үүднээс өөртөө болон эргэн тойрондоо ямар нэг зүйл байлгах хэрэгтэй болох үед гарна. Жишээ нь, хэрэв миний тодорхойлолт гэр бүлийн тэргүүн, өрхийн толгойлогч гэгдэж байвал “Би хүндлэл хүлээх ёстой. Хүүхдүүдээ шинэ жилээр ирүүлж байх ёстой, миний хэлсэн үгэнд тэд орж байх ёстой” гэж бодож болно. Яагаад ч юм, хэрэв би хангалттай хүндлэл хүлээвэл тэр нь надад баталгаатай, эрсдэлгүй сэтгэл төрүүлэх мэт санагддаг. Мэдээж би тийм хүндлэл хүртэхгүй бол сэтгэл хөндүүрлэж, маш их бухимдал төрж болно. 

Мөн би өөрийгөө азтай хүн гэж тодорхойлж болно. “Үргэлж надад сайн зүйл тохиолдож, би азтай байх ёстой, би маджонг (тоглоом) тоглож үргэлж хожиж байх ёстой” гэдэг. Хэрэв энэ нь миний тодорхойлолт бол маджонг болон бусад өөр мөрийтэй тоглоом тоглон хожиж байвал бүх зүйл хэвийн сайн байгаа мэт санагддаг. Эсвэл зөнч хүмүүс дээр очиж, эсвэл өөрийгөө сайн байгаа, амжилттай байгаа гэж өөртөө баталгаажуулах хариулт авахаар Бурханы шашны хийдүүдэд мэргийн савх орхиж төлөг буулгадаг. Бизнестээ амжилттай байна гэж бодохуйц өөрийн бизнесийн чадвартаа ямарч итгэлгүй байж үргэлж шинжийг нь үзүүлж, тэнгэрээр илүү нарийн шинжүүлж эсвэл итгэлтэй санагдах хэнээс ч хамаагүй асуух хэрэгтэй болдог бөгөөд үүнийг үргэлж өөрийн эрхгүй хийж байх хэрэгтэй болдог.   

Мөн “Би өөрийн бизнесийн эрх бүхий хүн. Надад эрх мэдэл хэрэгтэй. Эрх мэдэл надад бүх зүйл зөв явагдаж байгаа сэтгэгдэл төрүүлнэ” гэж бодож болно. Энэ хандлага нь сэтгэл зүйтэй холбоотой хэд хэдэн өөр итгэл үнэмшлээс гарч болно. Энэ нь би эрх мэдэлтэй хүн, эсвэл би үнэхээр эрх мэдэлтэй биш боловч надад тийм эрх мэдэл хэрэгтэй байна гэсэн сэтгэл дээр суурилж болно. Ингээд бидэнд “Хэрэв би албан газрынхаа хүн бүрийг өөрийн үгэнд ордог, миний хүссэнээр бүхнийг хийдэг болговол санаа зовох зүйлгүй болох” гэм санагддаг. Эсвэл хэрэв бид гэртээ үйлчлэгчтэй бол өөрийгөө эрх мэдэлтэй хүн гэдгийг харуулахын тулд би үргэлж тэд бүх зүйлийг миний хүссэнээр хийх ёстой гэсэн бодолд байнга татагдаж, ердөө л тэдэнд хэн тэднийг захирч байгааг харуулах үүднээс бүр хийх шаардлагагүй зүйлийг хийхийг шаардаж эхэлж болно. 

Бид бас анхаарал татахыг хичээж болно. Залуу хүний хувьд бид “Миний тодорхойлолт бол би орчин үеийн загвараар хувцасладаг; хэрэв би хамгийн сүүлийн үеийн загвар, кино, CD болон загварын сэтгүүлүүд дээрх сүүлийн үеийн зүйлийг дагавал тэр нь миний өөрийн тодорхойлолтыг баталгаажуулна” гэж бодож болно.
Биднийг санаа зовох зүйлгүй болгох хангалттай мөнгө, хангалттай эд эдлэл, эрх мэдэл, анхаарал, хайр халамж гэх мэт бидний анхаарлаа хандуулж, авахыг хүсэх олон зүйл, олон арга бий. Гэвч тэдгээр нь биднийг санаа зовох зүйлгүй болгодоггүй. Хэрэв үнэхээр тийм байдаг байсан бол тодорхой нэг хэмжээнд ирээд бид хангалттай боллоо, сэтгэл ханалаа гэх байсан байх. Гэвч бид бидэнд хангалттай байна гэж хэзээ ч боддоггүй, үргэлж илүү ихийг хүсэж, хэрэв түүнийгээ авч чадахгүй бол бухимддаг. Уур бухимдал үнэхээр олон шалтгаанаар төрдөг.

Дургүйцэх, дайсагнах

Бодитой мэт санагдах тухайн өөрийн тодорхойлолтыг батлахыг оролдоход хэрэглэдэг өөр нэг механизм нь дургүйцэл, дайсагнал, уур хилэн юм. “Хэрэв миний тодорхойлолтонд заналхийлсэн, миний дургүй зарим зүйлийг өөрөөсөө холдуулж чадвал тэр нь намайг айх, санаа зовох зүйлгүй болгоно” гэж боддог. Ингээд хэрэв би өөрийгөө өөрийн улс төрийн үзэл, өөрийн үндэс, эсвэл соёлоороо тодорхойлдог бол ердөө хэн нэг өөр үзэл бодолтой, өөр үндэстэн, өөр шашинтныг өөрөөсөө холдуулбал тэр нь намайг айх, санаа зовох зүйлгүй болгоно. Хэрэв манай үйлчлэгч юмсыг миний хүссэнээс өөрөөр хийж байвал, ажлын газрынхан юмсыг миний хүссэнээс арай өөрөөр хийж байвал “Би түүнийг засаж, өөрчилбөл би айх, зовох зүйлгүй болно” гэж боддог. Би бичиг баримтаа ширээн дээрээ тодорхой нэг байдлаар тавих дуртай, харин нөгөө ажилтан тэднийг өөрөөр тавьдаг. Яагаад ч юм бид үүнээс сүрддэг. “Хэрэв би тэднийг өөрийнхөөрөө байлгавал тэр нь намайг айх, зовох зүйлгүй болгоно.” Энэ нь юуг өөрчлөх юм бэ? Бид ийм байдлаар өөрийнхөө сүрдэж байгаа бүх зүйлийг өөрөөсөө холдуулахыг хичээж бусдад өөрийн дургүйцлийг чиглүүлдэг. 

Хэрэв бид өөрийн тодорхойлолтыг үргэлж миний зөв байдаг гэдгээр тодорхойлбол хэн нэг хүн бидэнтэй зөрж, биднийг шүүмжилбэл бид өөрийгөө ихэд хамгаалж, сөргөлдөж, уурлаж бухимддаг. Тухайн хүний шүүмжлэлийг талархан хүлээн авч өөрөө өөрийгөө хөгжүүлж, бүр тэдний шүүмжлэл шударга бус байсан ч сул дорой эсвэл гэм буруутай болохгүйгээр энэ боломжийг ашиглан өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийж байгаа эсэхээ шалгахын оронд бид тухайн хүн рүү дайрч, ширүүн үгээр буруушааж эсвэл тухайн хүнтэй ярилцахгүй, түүнийг үл тоох байдлаар сөргөлдөхгүйгээр хэрэгтэй. Бид сүрдэж, айсан учраас ийм байдлаар үйлдэл хийдэг. Тэр хүн үргэлж зөв байдаг “намайг” эсэргүүцсэн учраас тэрхүү бодит “би”-гээ хамгаалахын тулд бид тэр хүнийг эсэргүүцдэг.

Хаалттай мэдлэг туршлагагүй байх  

Өөр нэг араншин бол хаалттай мэдлэг туршлагагүй байх явдал. “Хэрэв ямар нэг зүйл тулгарч, бидний өөрийн тодорхойлолтонд заналхийлбэл бид юу ч болоогүй юм шиг дүр үзүүлдэг.” Бидний гэр бүл, ажлын хүрээнд асуудал, бэрхшээл бий болоход бид гэртээ юу ч болоогүй мэт, ямарч сэтгэлийн хөдөлгөөнгүй ирдэг. Бид тэдгээрийг ярилцахыг хүсдэггүй, ямарч асуудал байхгүй мэт дүр эсгэж, телевиз үздэг. Үүнийг хаалттай мэдлэг туршлагагүй хандлага гэдэг. Хүүхдүүд өөрсдийн асуудлаа ярих гэвэл тэднийг ердөө цааш түлхдэг. “Миний тодорхойлолт бол манай гэр бүл ямарч асуудалгүй, манай гэр бүл өв тэгш; бид уламжлалт үнэт зүйлээ баримтлаж байгаа. Асуудал байна гэж, тайван байдал, зөв зохистой байдлыг яаж алдагдуулж болох вэ?” гэдэг. Асуудлыг шийдэх ганц арга бол юу ч болоогүй мэт байх гэж бид үздэг. Ийм хандлагыг хаалттай мэдлэг туршлагагүй байдал гэдэг.

Бидний сэтгэлд бий болдог импульс нь үйлийн үрийн илрэл

Ийм сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд үүссэний дараа сэтгэлд олон өөр импульсууд бий болно. Үүнийг бид үйлийн үр гэдэг. “Үйлийн үр (карма)” гэдэг бол хувь тавилан, заяа төөрөг гэсэн үг биш. Харамсалтай нь олон хүн үүнийг ийм утгатай гэж боддог. Хэрэв хэн нэгний бизнес бүтэлгүй болбол, хэн нэгэн машинд мөргүүлбэл, бид “Одоо яахав дээ, үйлийн үр нь” гэдэг. Энэ бол бараг “Тэнгэрийн гэсгээл” гэж байгаатай адил юм. 

Үйлийн үрийн тухай ярихдаа бид тэнгэрийн гэсгээл ч юм уу, хувь тавилангийн талаар ярьдаггүй. Бид импульсын талаар, сэтгэлд бий болдог үйл хийхэд түлхдэг олон янзын импульсын талаар ярьдаг. Тухайлбал, сэтгэлд бизнесийн нэг шийдвэр гаргахад түлхэх импульс бий болох ба тухайн шийдвэр нь муу шийдвэр болох жишээтэй. Эсвэл хүүхдүүддээ өөртөө хүндлэл үзүүлэхийг шаардах импульс. Эсвэл ажилчид руугаа тэдний аргаар бус өөрийнх нь арга барилаар аливааг хийх ёстой гэж хашгичих импульс. Гэртээ юу ч болоогүй мэт дүр эсгэн ирж, хэнийг ч сонсолгүй телевиз үзэх гэсэн өөр нэг импульс сэтгэлд төрж болно. Ийм төрлийн импульс, үйлийн үр сэтгэлд бий болж, бид тэдгээрийг үйлдсэнээр тэр нь хяналтгүйгээр дахин дахин гарах асуудлуудыг бий болгодог. Энэ бол тэр бүхэн хэрхэн явагддаг механизм юм.   

Бид ажил албан тушаал, эсвэл гэр бүлийн асуудлаар үргэлж санаа зовох асуудалтай байж болно. “Би амжилттай байж, амжилттай байснаараа эцэг эхээ баярлуулж, эсвэл нийгэмдээ таашаагдах ёстой” гэж өөрийгөө тодорхойлсны үндсэн дээр бид санаа зовох байдлаа үгүйсгэж тэр тодорхойлолтоо хамгаалахыг хичээдэг. Бид шинэ зүйлийг хүлээн авдаггүй, сэтгэлээ нээдэггүй болдог. Ингээд бидний гэр бүл, эсвэл ажил албанд янз бүрийн бэрхшээл тохиолдож байж болох ч эдгээр нь далд байж, хүн бүр сайхан царай гаргадаг. Гэвч дотроо энэ бүх санаа зовоосон асуудлууд, дарамтууд байсаар хожим нь ихэнх тохиолдолд тухайн асуудалд холбоогүй бидний гэр бүлийн эсвэл ажил албаны хэн нэгэн рүү чиглэсэн хүчирхийлэлд хүргэх түлхэц болон тэсэрч болно. Ингээд тэр нь үнэхээр том асуудлуудад хүргэдэг. 

Энэ бүгд бол бидний хянах боломжгүй дахин дахин гарах асуудлуудыг бий болгодог өөр механизмууд юм. Энэ бол бидний сэтгэл хөдлөлүүд гэдгийг бид харж байна. Ингээд асуудлыг бий болгогч нь ердөө сэтгэл хөдлөлүүд юм уу гэсэн асуулт мэдээж гарна. Сэтгэл хөдлөлүүд нь бидэнд асуудал бий болгодог зүйл үү?

Эерэг үр дагавар хүргэх сэтгэл хөдлөлүүд

Бид маш эерэг үр дагаварт хүргэх, асрал хайр, дотно дулаан, энэрэх сэтгэл, хүлээц, тэвчээр, тус гэх мэт сэтгэлүүд, шунан тэмүүлэх, дайсагнах, мэдлэг туршлагагүй хөшүүн, омог бардам, дээрэнгүй, атаархал гэх мэт сөрөг үр дагаварт хүргэх тодорхой сэтгэл хөдлөлүүдийг хооронд нь ялгах ёстой. Пали, санскрит, төвд хэлэнд сэтгэл хөдлөл гэдэг үг байдаггүй. Бид эерэг эсвэл сөрөг гэж ярьж болох боловч англи хэлэнд байдагтай адил аль алиныг нь хамран ерөнхийлөн хэлэх үг байдаггүй.

Сэтгэлд бий болохоороо биднийг тайван бус, тухгүй болгодог тодорхой сэтгэл хөдлөл, хандлагуудын тухай ярьж байгаа бол тэдгээр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд юм. Жишээ нь бид ямар нэг зүйл эсвэл хэн нэг хүнд шохоорхож, тэр нь бидний тайван байдлыг маш их алдагдуулж болно. Бид тэр хүнд татагдаж, өөрийгөө сайн болгож, зовох зүйлгүй байх үүднээс түүнээр хүлээн зөвшөөрүүлэх зэргийг хүсэж байгаа учир хүндлэл хүлээх гэж маш их шамдаж, эсвэл хэн нэгнээс хайр халамж, анхаарал, дэмжлэх хүсдэг. Энэ бүхэн бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг шунан хүсэх сэтгэл, хандлагатай холбоотой гарч ирдэг бэрхшээлүүд юм. Дайсагнах сэтгэл төрсөн ямарч үед бид маш тайван бус болдог. Мөн хаалттай хөшүүн байх үед сэтгэл бас маш тайван бус байдаг. Энэ бүх хандлагууд бол асуудал бий болгогч юм. Иймд бид асрал хайр гэх мэт эерэг сэтгэл хөдлөлүүд болон сөрөг сэтгэл хөдлөлүүдийг ялгах хэрэгтэй. 

Бурханы шашинд (асрал) хайрыг бусдад жаргал болон жаргалын шалтгааныг хүсэх эерэг сэтгэл хөдлөл гэж тодорхойлдог. Энэ нь бид бүгд алил, хүн бүр адилхан жаргал хүсдэг, асуудал бэрхшээл хүсдэггүй гэсэн ойлголтон дээр суурилдаг. Хүн бүр аз жаргалтай байх тэгш эрхтэй. Өөртэйгөө адил бусдыг халамжилж, чухалчлах нь асрал хайр. Энэ нь бусдын хэн гэдгээс үл хамааран тэднийг аз жаргалтай байхад санаа тавих сэтгэл. Энэ бол бөөлжис, ялгадсаараа бохирдуулж байсан ч үрээ энхрийлэх эхийн хайртай адил. Хүүхэд нь өвдөж, эдгээр асуудал гарсаны төлөө эх нь үрдээ дургүйцдэггүй. Эхийн үрээ жаргалтай байлгах тэр л сэтгэл, тэр л хүсэл хэвээр байдаг. Харин бидний хайр гэж нэрлэдэг зүйл нь хамаарал эсвэл хэрэгцээний илэрхийлэл байдаг. “Би чамд хайртай” гэдэг нь “Чи надад хэрэгтэй, намайг битгий орхиоч, би чамгүйгээр амьдарч чадахгүй, чи үүнийг, түүнийг хийх хэрэгтэй, сайн эхнэр эсвэл нөхөр бай, үргэлж надад Валентины баяраар цэцэг өгч, зөвхөн миний хүссэн зүйлийг хийж бай. Хэрэв чи энэ бүхнийг хийхгүй байвал, миний хүссэнийг хийгээгүй, хэрэгтэй үед байгаагүй учир одоо би чамд дургүй” гэсэн утга илэрхийлдэг. 

Энэ хандлага бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл ( Нисванис) бөгөөд Бурханы шашны хайрыг тодорхойлдог ойлголт биш. Хайр гэдэг бол бидэнд цэцэг явуулдаг ч байг явуулдаггүй ч байг, биднийг сонсдог ч байг, үгүй ч байг, бидэнд сайхан ханддаг ч байг муухай ханддаг, бүр бидэнд дургүйцдэг ч байг хамаагүй хэн нэгний төлөө санаа тавих сэтгэл юм. Хайр болон түүнтэй төстэй сэтгэлийн хөдлөлүүдийн тухай ярих үед тэдгээрийн эерэг болон сөрөг хэлбэрүүд байдаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. 

Уур бол ямагт сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл                                  

Ингээд одоо уурын талаар ярилцъя. Уурлах үед юу болдог вэ? Уур ямарч тохиолдолд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг. Уурласнаар хэнийг ч баярлуулахгүй. Бидэнд ч  сайхан байхгүй. Уурласнаар хоолыг амттай болгохгүй. Уур бухимдалтай үед бидэнд таатай байдаггүй, бид унтаж чаддаггүй. Орилж, хашгичин том хэрүүл маргаан болгох шаардлагагүй боловч хэрэв бид гэр бүл, ажлын газар болсон явдалд дотроо маш их уурлаж байвал хоолны шингэж муудаж, шархлаа үүсэж, эсвэл нойр муудна. Уур бухимдлаа барьсны улмаас бий болох олон бэрхшээлүүдийг бид туулдаг, гэвч хэрэв уураа илэрхийлж, бусад руу дайсагнасан харцаар харж, дайсагнасан байдал үзүүлж байвал бүр муур, нохой ч хүртэл бидний дэргэд байхыг хүсэхгүй. Бидний байр байдал, уур бухимдалд тавгүй болдог учраас тэд чимээгүй биднээс холддог. 

Уур бол ямарч бодит ач тусгүй зүйл. Хэрэв уур бухимдал илэрхийлж гаргахаас аргагүй хүчтэй төрснөөр, тэдгээр хүмүүст хараал хийж эсвэл цацлага цацсанаар тэр нь бидний сэтгэлийг тайван болгох уу? Хэн нэгний сэтгэл өвдөж, уурлаж бухимдахыг харж бидний сэтгэл тайвширдаг уу? Заримдаа уурлаж бухимдан хана цохимоор санагддаг. Хана цохисноор бид тайвширдаг уу? Үгүй, мэдээж үгүй, гар өвдөнө. Уур үнэхээр бидэнд ямарч тус хүргэдэггүй. Бид замын түгжрэлд ороод маш их уурлан дохиогоо дуугаргаж, хашгичиж, хүн бүр рүү харааж байвал энэ ямар сайн байх вэ дээ? Сэтгэл тайван байх уу? Машинуудыг илүү хурдан явуулах уу? Үгүй, энэ нь биднийг хүн бүрийн өмнө нэр хүндгүй болгож, хүмүүс “Ямар тэнэг нь дохиогоо дуугаргаад байна вэ?” гэнэ. Энэ үнэхээр тухайн нөхцөл байдалд тус болохгүй.

Бид уурлаж бухимдах ёстой юу?

Хэрэв уур гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон тэдэн дээр суурилдаг хэн нэгэн рүү хашгичих, дайсагнан дуугаа хураах, тэдэнд дургүйлхэх зэрэг болчимгүй зан байдлууд бидний асуудлуудын шалтгаан болдог уу, бид үргэлж тэднээс шалтгаалсан асуудалтай байсаар байх уу? Энэ бидний туулах ёстой зүйл үү? Үгүй, тийм биш. Учир нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг биш. Хэрэв тийм бол сэтгэл үргэлж тайван бус байна. Бүр маш их уурладаг хүмүүсийн хувьд ч тэдэнд уурлаж тайван байдлаа алдаагүй мөчүүд байдаг. Жишээ нь унтаж байгаа үедээ бид уурлаж бухимддаггүй. 

Иймд уур, дайсагнах сэтгэл, дургүйцэл гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн хөдлөлүүд гарахгүй байх тодорхой мөчүүд байх боломжтой. Энэ нь ийм сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд түр зуурынх гэдгийг харуулж байна. Тэд бол сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг биш. Тийм учраас тэднийг арилгах боломжтой. Хэрэв бид уурын шалтгааныг арилгавал, ердөө нэг өнгөц түвшинд бус харин гүнзгий түвшинд нь арилгавал дургүйцлийг даван туулж сэтгэлийн амгалантай байх бүрэн боломжтой.
Энэ нь бид бүх сэтгэл, сэтгэл хөдлөлөө арилгаж, Оддын дайны Доктор Спок шиг ямарч сэтгэл хөдлөлгүй компьютер, робот адил болно гэсэн үг биш. Харин бидний арилгахыг хүсэж байгаа зүйл бол төөрөгдөл, бидний хэн болох тухай бодит байдлыг мэдэхгүй байх явдал дээр суурилсан сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагууд юм. Бурханы сургаалд үүнийг арилгах маш олон арга бий.

Уур бухимдлыг даван туулах: Өөрийн амьдралын чанарыг өөрчлөх

Юуны түрүүнд бид уур бухимдал болон бүхий л сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандагуудаа арилгахын тулд өөр дээрээ ажиллахыг өдөөх тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Хэрэв энэ бүхнийг хийх ямар нэг шалтгаан байхгүй бол яагаад бид түүнийг хийнэ гэж? Иймд нэг сэдэл бүхий ойлголттой байх нь чухал. 

“Би жаргалтай байж, зовлонгүй байхыг хүсэж байна. Би амьдралынхаа чанарыг сайжруулахыг хүсэж байна. Миний дотор үргэлж дургүйцэл, дайсагнах сэтгэл байдаг учраас амьдрал маш тааламжгүй байдаг. Би байнга бухимддаг. Би түүнийг илэрхийлдэггүй байж болно, гэвч тэр нь дотор байсаар байх бөгөөд намайг маш их зовоож, цаг үргэлж бухимдуулж байдаг. Энэ бол тийм сайн чанартай амьдрал биш. Түүний зэрэгцээ энэ нь хоолны шингэлтэнд нөлөөлж, өвчлөлд хүргэдэг. Би бүр идэж байгаа хоолноосоо ч таашаал авч чадахгүй байна” гэж бодох байдлаар бид сэдэл төрүүлж эхэлж болно. 

Ер нь бол бидний амьдралын чанар бидний гарт байдаг зүйл. Бурхан багш сургаж хэлсэн үгнүүдийнхээ нэгэнд бид өөрийнхөө амьдралын чанарыг өөрчлөх ямар нэг зүйл хийж чадна гэж хэлсэн байдаг. Бид үргэлж зовож амьдрах ёстой биш. Бид энэ талаар ямар нэг зүйл хийж чадна. 

Ийнхүү бид “Би зөвхөн одоогийнхоо амьдралын чанарыг эсвэл энэ мөчийн богино хугацааны чанарыг өөрчлөх төдийгүй бас урт удаан хугацааны турш хадгалагдах өөрчлөлтийг хүсэж байна. Би юмсыг улам бүр муу болох нөхцөлийг хүсэхгүй байна. Жишээ нь, хэрэв би дайсагнах сэтгэл, дургүйцлээ одоо арилгахгүй, дотроо хадгалсаар байх юм бол энэ нь улам гүнзгийрч өвчин үүсгэж болно. Энэ нь тэсэрч, хэн нэгэнд хараал, шившлэг хийж, тэднийг үнэхээр сүйрүүлэхийг оролдох гэх мэт ямар нэг муу зүйл хийхэд хүргэж болно. Энэ нь нөгөө хүнийг хариугаа авах үүднээс надад, манай гэр бүлд хараал хийлгэхэд хүргэж гэнэт өөр нэг кино зохиолтой болно” гэж бодож болно. 

Хэрэв бид энэ бол бидний хүсэх зүйл биш гэж урьдаас бодвол бид үүн дээр ажиллаж, уур бухимдлаа арилгахын хичээж тэгснээрээ тэдгээр асуудлууд хурцдахгүй байх болно. Цаашлаад бид асуудлаа багасгаад зогсохгүй бүр илүү сайн болгож бүх асуудлуудаа бүрэн арилгахыг эрмэлзэж болно. Учир нь өчүүхэн төдий дайсагнах сэтгэл, дургүйцэл хүртэл ердөө зугаатай биш. “Би бүх асуудлуудаа арилгах хүчтэй шийдмэг байдлыг төлөвшүүлэх ёстой” гэдэг.

Асуудлуудаасаа гарах шийдвэр

Миний “асуудлуудаа арилгах шийдвэр” гэж нэрлэж байгаа зүйлийг ихэвчлэн “магад гарах сэтгэл” (англи, renunciation, татгалзах) гэж орчуулдаг нь нилээн буруу ойлголт төрүүлэх орчуулга юм. Энэ нь бид бүх зүйлээ орхиж, агуйд амьдрах хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэх хандлагатай байдаг. Энэ бол энд уриалж буй зүйл ердөө биш. Бидний ярилцаж байгаа зүйл бол асуудлаа үнэнчээр, зоригтойгоор харж, ингэж амьдрах нь ямар утгагүй болохыг ойлгож, “Би ингэж амьдарсаар байхыг хүсэхгүй байна. Хангалттай. Үүнээс уйдаж, залхаж байна. Би энэ байдлаас гарах ёстой” гэж шийдэх явдал юм. 

Энд төлөвшүүлэх хандлага бол асуудлуудаасаа гарах шийдвэр. Үүгээр бид өөрийн хуучин, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг ярих, бодох, үйлдэл хийх хэв маягаа зогсоохыг зорьдог. Энэ бол хамгийн чухал. Хэрэв бид хүчтэй шийдвэр гаргахгүй бол үүнд өөрийн бүх хүчийг зориулахгүй. Бүх хүчээ үүнд зориулах хүртэл, бидний асуудлуудаасаа гарах хүчин чармайлт дутуу байх бөгөөд бид ямар нэг үр дүнд хүрэхгүй. Бид аз жаргалтай байхыг хүсэх боловч сөрөг зуршил, сэтгэл хөдлөл зэргээсээ татгалзахыг хүсэхгүй. Энэ нь амжилтанд хүргэхгүй. Иймд асуудлуудаа зогсоох, тэдний шалтгааныг арилгах ёстой гэсэн хүчтэй шийдвэр гаргах нь маш чухал.
Дараагийн түвшинд бид “Би зөвхөн өөрийн амгаланг эрэх төдийгүй миний эргэн тойронд байгаа бусад хүмүүсийн тусад уур бухимдлаасаа салах ёстой. Гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад, нийгмийн тусад би уур бухимдлаасаа салах ёстой. Бусдад санаа тавьсны үндсэн дээр би үүнийг даван туулах ёстой. Би тэдэнд төвөг учруулж, тэдний амгаланг эвдмээргүй байна. Хэрэв би уур бухимдлаа илэрхийлбэл зөвхөн миний нэр хүнд унаад зогсохгүй миний бүхий л гэр бүлийн хувьд ичгүүртэй байх болно. Энэ нь миний хамтран зүтгэгч зэрэг бүгдэд ичгүүртэй байх болно. Тэднийг бодсоны үндсэн дээр би өөрийн зан байдлаа хянаж, түүнийгээ даван туулж, хорьж сурах ёстой” гэж бодох хэрэгтэй. 

Түүнчлэн “Бусдад туслах боломжийг хязгаарладаг учраас би энэхүү уур бухимдлаас салах ёстой. Хэрэв миний үр хүүхэд, ажлын хамт олон, эцэг эхэд гэх мэт бусдад миний тус хэрэг болоход хэрэв би бухимдаж, уур болон дайсагнах сэтгэлийн улмаас тайван байдлаа алдсан байвал тэдэнд яаж тус хүргэж чадах юм бэ?” гэж бодсоноор илүү хүчтэй сэдлийг бий болгож болно. Дээрх нөхцөл бол хамгийн гол саад тотгор болдог бөгөөд эдгээр олон түвшний сэдлүүдийг чин сэтгэлээсээ төлөвшүүлэх үүднээс өөр дээрээ ажиллах нь маш чухал юм.   

Арга нь хэдийгээр маш нарийн боловсронгуй байж болох ч хэрэв бидэнд түүнийг хэрэглэх хүчтэй сэдэл байхгүй бол бид түүнийг хэрэглэхгүй. Хэрэв бид сурсан аргаа хэрэглэхгүй бол ямар хэрэг байх вэ дээ? Иймд хамгийн эхний алхам бол сэдлийг авч үзэх явдал юм. 

 
Видео: Доктор Александер Берзин — “Сэтгэл хөдлөлийг зохистой илэрхийлэх нь”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Уур бухимдлыг даван туулах аргууд

Уурыг даван туулахад ашиглаж болох бодит арга нь юу вэ? Уурыг амьтай, амьгүй ямар нэг зүйлд хүчирхийлэл үйлдэхийг хүссэн хямарсан сэтгэлийн төлөв гэж тодорхойлдог. Хэрэв бид нэг хүн, амьтан, нөхцөл, эсвэл зарим нэг зүйл дээр төвлөрч түүндээ дургүйцэн ямар нэг хүчирхийлэл илэрхийлэх, үймүүлэх, түүнийг ямар нэг хүчирхийллийн аргаар өөрчлөхийг хүсэх юм бол энэ нь уур. Уур бол өөрийн тэвчиж чадахгүй байгаа зүйлд гэм хор хүргэх гэсэн сэтгэлтэй хоршсон хүлээцгүй, тэвчээргүй сэтгэлийн төлөв байдал. Үүний эсрэг сэтгэлийн төлөв байдал нь тэвчээргүй сэтгэлийн эсрэг сэтгэл болох тэвчээр, асрал хайрын сэтгэл юм. Асрал хайр нь бусдыг аз жаргалтай байхыг хүсэх сэтгэл учраас асрал хайр бол бусдад гэм хор хүргэхийн эсрэг сэтгэл болно.

Ихэнх тохиолдолд бид бидний хүсээгүй ямар нэг зүйл бидэнд тохиолдсон нөхцөлд уурладаг. Хүмүүс бидний хүссэнчлэн аливааг хийдэггүй. Жишээ нь, бидэнд хүндлэл үзүүлэхгүй, бидний өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, бизнесийн хувиар ямар нэг зүйл хийхээр амлаад түүнийгээ биелүүлдэггүй. Бидний хүлээж байсны дагуу тэд аливааг хийдэггүй учир бид тэдэнд уурладаг. Өөр нэг жишээ бол хэн нэг хүн бидний хөл дээр гишгэхэд бид уурладаг. Учир нь би тийм үзэгдэл гаргаж байхад дургүй. Гэвч ийм нөхцөлүүдийг уурлахгүйгээр шийдвэрлэх олон арга байдаг.

Тэвчээр төлөвшүүлэх тухай Шантидэвагийн зөвлөгөө

VIII зууны Энэтхэгийн их мастер Шантидэва тус болох олон мөр бодол эрэгцүүллүүдийг үлдээсэн байдаг. Түүний бичиж үлдээсэн зүйлийг өөрийн үгээр илэрхийлбэл, тэрээр “Хэрэв хэцүү нөхцөл байдал үүсэхэд бидний хийж чадах зүйл байвал юунд санаа зовж, бухимдана гэж, түүнийг ердөө өөрчил. Хэрэв бидний хийж чадах зүйл байхгүй бол юунд зовж, бухимдана гэж? Нэгэнт түүнийг өөрчилж чадахгүй учир уур түүнд ямарч тус болохгүй” гэсэн байдаг. 

Жишээ нь, бид Пенанаас Сингапур нисэхээр онгоцны буудал дээр ирэхэд суудал дууссан байж гэж бодъё. Үүнд уурлах ямарч шалтгаан байхгүй. Уур биднийг онгоцонд суулгахгүй. Гэвч энэ нөхцөл байдлыг өөрчилөхөд бидний хийж чадах зүйл байна. Бид дараагийн нислэгээр зорчиж болно. Юунд бухимдана гэж? Дараагийн нислэгт захиалгаа өгөөд Сингапурт байгаа найз нартайгаа ярьж оройтож очно гэж хэлээд ингээд бүх зүйл боллоо. Энэ бол асуудлыг шийдвэрлэхэд бидний хийж болох зүйл. Хэрэв телевиз ажиллахгүй бол яагаад түүнд уурсаж, өшиглөж хараал хэлнэ гэж? Зүгээр л түүнийг зас. Энэ бол хийж болох маш илэрхий зүйл. Хэрэв бид нөхцөлийг өөрчилж чадах бол уурлаж бухимдах хэрэггүй, ердөө түүнийг өөрчил.    

Хэрэв нөхцөл байдлыг өөрчлөхөд хийж чадах зүйл байхгүй бол, жишээ нь бид ачаалал ихтэй замын хөдөлгөөнд түгжирсэн бол, бид түүнийг ердөө хүлээж авахаас өөр аргагүй. Бидний машинд өмнө байгаа бүх машинуудыг буудан байхгүй болгох лазерын буу байхгүй, япон хүүхэлдэйн кинонууд дээр гардагтай адил бид дээгүүр нь нисэж гарахгүй. Иймд “За түгжирчихлээ. Радиогоо сонсъё, эсвэл сайхан хөгжим, Бурханы сургаал ном сонсъё” хэмээн үүнийг найрсгаар хүлээн авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд бид ийм түгжрэлд орно гэдгийг мэддэг учраас өмнө нь бид сонсох зүйлээ бэлдэж болно. Хэрэв бид ийм хөдөлгөөнд орно гэдгээ мэдэж байвал цагийг үр ашигтай өнгөрүүлж болно. Бид ажил эсвэл гэр бүлийнхээ хүрээнд байгаа, эсвэл өөр бусад асуудлуудын талаар бодож сайн шийдвэр гаргахыг оролдож болно. 

Хэрэв тухайн нэг хэцүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хийж чадах зүйл байхгүй бол ердөө аль болох чадахаараа түүнийг дээр болгохыг оролд. Хэрэв харанхуйд хөлөө бага зэрэг гэмтээгээд, тэгээд үсэрч цовхрон орилсноор тэр зүгээр болох уу? “Ёолох бүжиг хийх” гэдэг нэг америк үг байдаг. Та өвдсөндөө үсэрч цовхорч бүжиглэдэг, дэвхцдэг. Гэвч энэ өвчнийг намдаахгүй. Бидний хийж чадах зүйл маш бага байх болов уу. Бидний хийх зүйл бол ердөө аль болох чадахаараа явах. Өвчин хөндүүр бол байнгын зүйл биш. Багасаж алга болдог. Өвдөж үргэлжилсээр байхгүй, дэвхцэж орь дуу тавих нь түүнийг багасгахгүй. Бид юу хүсээд байна? Хэн нэг хүн ирж “Өө, та хөлөө гэмтээчихээ юу?” гэж хэлэхийг хүсэж байна уу? Бага хүүхдийг ээж нь аргадаж тайвшруулдаг. Бидэнд хүүхдийн адил хандахыг бид хүсэж байна уу?

Дараалалд эсвэл автобус хүлээх зуураа хэрэв бид мөнх бусын талаар бодох юм бол, би гучин хоёр эсвэл ес дугаарт үргэлж зогссоор байхгүй, миний ээлж ирэх болно гэж бодох нь тухайн нөхцөл байдлыг тэвчиж, цагийг өөр байдлаар өнгөрүүлж болно. “Хүлээх нь өөрийн гэсэн тодорхой таашаалтай” гэдэг Энэхтхэг үг бий. Энэ үнэн шүү. Учир нь хэрэв бид дараалалд эсвэл автобус хүлээх шаардлагатай болсон үед тэр цагийг дараалалд эсвэл автобусны буудал дээр байгаа хүмүүс, ажил дээр болж байгаа зүйл гэх мэт юу ч байж болно тэр бүгдийг анзааран, анхаарал хандуулан өнгөрүүлж болно. Энэ нь бусдын талаар санаа тавих мэдрэмж, тэднийг энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшхөд тусалдаг. Ийнхүү бид бас тийм үед хагас цагийг харааж зүхэж өнгөрүүлэхээс илүү эерэг үр дагаварт хүргэх байдлаар өнгөрүүлж болно. 

Шантидэвагийн үлдээсэн өөр нэг зөвлөгөө бол “Хэн нэгэн биднийг саваагаар цохивол бид алинд нь уурлах вэ? Бид хүнд нь уурлах уу эсвэл саваанд уурлах уу?” хэмээх мөрт юм. Хэрэв бид үүнийг логикийн хувьд авч үзвэл бидний уурлах ёстой зүйл нь саваа байх ёстой. Учир нь биднийг өвтгөсөн зүйл бол саваа. Гэвч хэн ч саваанд уурладаггүй, бид хүнд нь уурладаг. Бид яагаад хүнд нь уурладаг вэ? Учир нь савааг тухайн хүн залж хөдөлгөж  байгаа. Үүний адилаар бид цааш үргэлжлүүлэн харвал тухайн хүнийг түүний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь залж байдаг. Иймд хэрэв бид уурлах бол тухайн хүнийг саваагаар биднийг цохиход хүргэсэн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлд нь уурлах хэрэгтэй. 

Дараагаар нь “Тэрхүү сэтгэлийн тайван байдалд алдагдуулдаг сэтгэл хөдлөл хаанаас гарсан бэ? Тэр нь юунаас бий болоогүй бус. Би түүнийг гарах ямар нэг зүйл хийсэн байж таарна. Тэр хүнийг уурлуулж, намайг саваагаар цохих ямар нэг зүйл би хийсэн байж ёстой. Үүний адил би хэн нэг хүнээс тус болохыг асуухад тэр хүн дургүйцсэнээр би түүнд уурласан байж болно. Би гомдсон байж болно. Энэ талаар бодоод үзэхэд үнэндээ миний байдаг. Би залхуурч түүүнийг өөрөө хийгээгүй. Би тэр хүнээс хийж өгөхийг хүсээд тэр татгалзахад би уурласан. Хэрэв би өөрөө залхуураагүй бол би тэр хүнээс асуухгүй байсан. Ингээд ийм асуудал болохгүй байсан. Хэрэв би уурлах бол ухаангүй, залхуугаасаа болж хүнээс тусламж гуйсан өөртөө уурлах хэрэгтэй” гэж бодох хэрэгтэй.
Зарим талаараа бүр бидний буруу байгаагүй ч нөгөө хүнийг залуурдаж буй, жишээлбэл, хувиа хичээх гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг ийм сэтгэл хөдлөл байдаг эсэхийг харах хэрэгтэй. “Тэр туслахаас татгалзсан. Би үргэлж хүмүүст тусалдаг билүү? Би өөрөө хүмүүст туслахыг зөвшөөрч, шууд тусалдаг хүн билүү? Хэрэв би тийм биш бол яагаад би бусад хүмүүсийг өөрийнхөө юмыг хийхгүй надад туслахыг хүлээнэ гэж?” гэх ба энэ бол ууртай ажиллах өөр нэг арга юм. 

Уур нь үргэлж хашгичих, хэн нэгнийг цохих байдлаар илэрдэггүй гэж би өмнө дурдсан. Сэтгэлд төрөхөөрөө биднийг тав тухгүй болгодог сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл гэж уурыг тодорхойлдог. Хэдий бид уурыг дотроо барьж, илэрхийлэхгүй байсан ч тэр нь бидний дотор маш сөрөг үр дүнд хүргэх байдлаар оршиж, биднийг маш их хямраадаг. Хэзээ нэг цагт маш их сөрөг үр дагаварт хүрэх байдлаар илэрч гарна. Бид дээр ярилцсан аргуудыг илэрхийлж гаргаагүй бид дотор байх уур бухимдлыг даван туулах үүднээс бас хэрэглэж болно. Бид хандлагаа өөрчлөх ёстой. Бид тэвчээрийг төлөвшүүлэх ёстой.

Тэвчээрийн хэлбэрүүд

Бай мэт тэвчээр

Тэвчээрийн олон хэлбэрүүд байдаг. Эхнийх нь бай мэт тэвчээр. Хэрэв та бай босгоогүй бол хэн ч тийш буудахгүй гэсэн утгатай юм. Америкт хүүхдүүд нэг тоглоом тоглодог. Тэд нэгнийхээ хувцасны ард суудлын хэсэгт нь цаас нааж эсвэл хатгаж тогтоогоод түүн дээрээ “намайг түлх” гэж бичдэг. Үүнийг “Наймаг түлх” тэмдэг гэдэг. Ингээд тэр жаахан хүүхдийн ард байх “намайг түлх” биягийг гэдгийг харсан хүн бүр түүнийг түлхдэг. Үүний адил, энэ хэлбэрийн тэвчээрийн хувьд бид өнгөрсөнд хийсэн муу, сөрөг үр дагаварт хүргэх үйлийнхээ үрд ар дээрээ “намайг түлх” гэдэг тэмдэг хэрхэн зүүх болсон, тэр нь одоо бидэнд тохиолдож буй бүхий л асуудлуудын шалтгаан болж байгаа талаар бодох хэрэгтэй. 

Жишээ нь бид гудамжинд дээрэмдүүлсэн гэж бодъё. Бид “Хэрэв би өнгөрсөнд эсвэл өмнөх төрлүүддээ муу, сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийж бай босгоогүй байсан бол дээрэмчиний хүн цохиж, дээрэмдэхээр хүлээж байсан тэр харанхуй гудамж руу уруудах түлхэц миний сэтгэлд гарахгүй байх байсан. Ихэнх тохиолдолд би тэр гудамжаар явдаггүй гэтэл тэр шөнө би тэр гудамжаар явъя гэж бодсон. Ихэнх тохиолдолд би эрт гэртээ харьдаг гэтэл тэр шөнө найзуудтайгаа бага зэрэг удаан байх импульс сэтгэлд бий болсон. Дээрэмчин хэн нэгнийг ирэхийг хүлээж байх яг тэр цагт би тэр гудамжаар явсан. Яагаад тэр импульс миний толгойд оров оо? Өнгөрсөнд би тэр хүнд ямар нэг муу зүйл хийгээд одоо тэр нь шалтгаан, түүний үр дагаварын үүднээс одоо гарч байгаа байж таарна” гэж бодож болох юм. 

Сэтгэлд импульсууд үйлийн үрийн илрэл болж гарч ирдэг. Иймд бид “Би өмнөх муу үйлийн үрээ дуусгаж байна. Ийм хөнгөн боловсорч дуусч байгаад баярлах хэрэгтэй. Учир нь илүү хүнд байж болох байсан. Энэ хүн ердөө л намайг дээрэмдлээ. Бүр хөнөөж болох байсан. Иймд тэрхүү муу үйл ийм хөнгөн болж боловсорч дууссанд би үнэхээр санаа амрах хэрэгтэй. Ердөө муу зүйл болсонгүй, түүнээс ангижирлаа. Одоо ийм үйлийн үр гэж байхгүй боллоо” гэж бодож болно. 

Ингэж бодох нь маш их тустай байдаг. Нэг удаа би найзтайгаа амралтын өдрөөр наран шарлагын газар руу явах гэж байлаа. Бид олон цаг машинаар явсан. Хотоос их хол байдаг. Бид нэг цаг гучин минут хиртэй яваад байтал машинаас нэг дуу гарахыг бид сонссон. Бид зам дагуух нэг засварын газар зогсож, засварчинд үзүүлэхэд тэрээр тэнхлэг нь цуурсан байна, цаашаа явах боломжгүй гэв. Бид машинаа чирүүлж буцаж хот руугаа явах ёстой болсон. Бид амралтынхаа өдөр тэр сайхан амралтын газар очихыг хүсэж байсан учраас манай найз бид хоёр уурлаж, бухимдаж болох байсан. Гэвч бид өөр хандлагаар, түүнийг эрс өөрөөр харж байсан. “Үнэхээр сайн хэрэг боллоо. Хэрэв бид цааш явсаар байсан бол тэнхлэг нь явж байхад хугарч болох байсан. Бид осолдож, хоёулаа амь үрэгдэж болох байсан. Ийм байдлаар боловсорсон нь ямар сайн хэрэг вэ. Маш хөнгөн өнгөрлөө” гэж харсан. Ингээд бид тайвширч, биднийг чирж ирсэн машинаа хот руу нь буцаагаад, тэгээд бид өөр нэг машин хөлсөлж аваад өөр газар руу явсан. 

Тийм нөхцөлийг бид олон өөр байдлаар туулж өнгөрч болох байсныг та бүхэн харж байгаа байх. Уурлаж бухимдах нь ердөө тус болохгүй. Хэрэв бид үүнийг “Өнгөрсөнд үйлдсэн муу үйлийн үр боловсорч дуусч байна. Энэ үйлийн өр төлөөс боловсорч гүйцлээ. Сайн хэрэг боллоо, ингээд дууслаа. Илүү хүнд хэцүү байж болох байсан” гэх нь энэ бүхийг даван туулах илүү эрүүл ухаалаг хэлбэр.  

Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тэвчээр

“Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тэвчээр” гэдэг тэвчээрийн нэг хэлбэр байдаг. Энэ тэвчээрийн хувьд бид бидэн рүү уурлаж, хашгичиж байгаа хүнийг галзуу хүн, сэтгэцийн хямралтай хүн гэж үздэг. Энэ төрлийн тэвчээрийг биднийг олны өмнө ичээж, шүүмжлэн, бидний нэр хүндийг унагаж, бидний бухимдлыг төрүүлж буй хүнд зориулан хэрэглэж бас болно. Жишээ нь, хэрэв тоть биднийг олны өмнө хочилбол тэр нь бидний нэр хүндийг унагахгүй, тийм биз дээ? Тэр шувуунд бухимдах ямарч шалтгаан байхгүй. Үүнтэй адил хэрэв галзуу хүн бидэн рүү хашгичиж эхэлбэл түүгээр бид нэр хүндээ алдахгүй. Хүн бүр хүүхдүүд заримдаа орилж хашгирч байдаг гэдгийг мэднэ. Сэтгэл зүйч бас өвчтөн нь уурлахад, уурладаггүй харин өвчтөнөө өрөвддөг. 

Үүний адил бид биднийг хямрааж, бидэнд уурлаж, биднийг ичээж байгаа хэн бүхнийг энэрч хайрлахыг хичээх хэрэгтэй. Үнэндээ нэр нүүрээ алдаж байгаа нь тэд гэдгийг бид ойлгох хэрэгтэй, тийм биз дээ? Нэр хүндээ алдаж байгаа нь бид биш. Хүн бүр тэр хүнийг маш тэнэг зүйл хийж байгааг харна. Түүнд уурлахын оронд бид түүнийг энэрч нигүүлсэх хэрэгтэй.  

Энэ нь хэн нэг хүн биднийг цохих гэж байхад түүнийг зогсоохыг оролдохгүй гэсэн үг биш. Хэрэв хүүхэд хашгичиж байвал бид түүнийг тайвшруулахыг оролддог. Бид тэднийг биднийг, бусдыг, өөртөө гэм хор хүргэх гэж байвал зогсоохыг хүсдэг. Гол санаа нь түүнийг уур хилэнгээр хийхгүй байх явдал юм. Хэрэв хүүхэд хүмүүжилгүй байвал бид түүнийг уурлаж бухимдаж бус харин хүүхдийн өөрийнх нь төлөө хүмүүжүүлдэг. Бид хүүхдээ нэр хүндээ алдахгүй байхад нь туслах, бусад хүмүүс бидний хүүхдийн талаар муугаар бодохгүй байхыг хүсдэг. Бид хүүхдээ уур бухимдлаар бус, тэдэнд санаа зовсоны үндсэн дээр хүмүүжүүлэхийг хүсдэг.

Багш шавь мэт харах тэвчээр

“Багш шавь мэт харах тэвчээр” гэж бий. Энэ нь шавь багшгүйгээр суралцдаггүй бөгөөд хэрэв хэн ч биднийг сорихгүй бол бид тэвчээрийг төлөвшүүлж чадахгүй гэдэг ойлголтон дээр суурилдаг. X зуунд Энэтхэгийн их мастер Атишаг Бурханы шашныг сэргээхэд туслахыг хүсэж Төвдөд урьжээ. Энэтхэгийн их мастер тэрээр нэг Энэтхэг тогоочийг дагуулж явжээ. Тэр тогооч юуг ч зөв эсвэл хүндэтгэлтэй хийдэггүй байжээ. Маш эвгүй зан авиртай, бүдүүлэг хүн байжээ. Төвд хүмүүс Атишаг маш их хүндэлдэг бөгөөд түүнээс “Багшаа, та яагаад ийм тогооч дагуулж ирсэн юм бэ? Яагаад түүнийг буцаагаад явуулж болдоггүй юм бэ? Бид таньд хоол хийж өгч байж болно. Бид маш сайн хоол хийж чадна” гэхэд Атиша, “Өө, тэр зөвхөн миний тогооч бус. Тэр миний тэвчээрийн багш учраас би түүнийг авчирсан юм!” гэжээ.  

Үүний адил хэрэв бидний ажлын газар бидний дургүй хүргэсэн зүйл хэлж байдаг хэн нэг бүдүүлэг хүн байвал бид түүнийг бидний тэвчээрийн багш гэж харж болно. Маш түвэгтэй, жишээ нь байнга хуруугаараа ширээ тогшиж байдаг гэх мэт хүмүүс байдаг. Хэрэв хэн ч биднийг сорихгүй бол бид өөрийгөө хэрхэн төлөвшүүлэх вэ? Хэрэв бид онгоцны буудал, автобусны буудал удаан хүлээх гэх мэт түвэгтэй нөхцөл байдалтай тулгарвал түүнийг бид тэвчээрийг бүтээж үзэж алтан боломж хэмээн ашиглаж болно. “Би үүнд суралцаж байгаа. Би тэвчээрийг дадуулахаар оролдож байгаа. Энэ одоо би үнэхээр тэвчээр гаргаж чадаж байна уу гэдгээ харах боломж” гэж болно. Хэрэв бид ямар нэг байгууллага дээр хүнд сурталтай тулгарвал түүнийг бид нэг сорилго болгож авах хэрэгтэй. “Энэ бол тулааны урлагаар хэсэг хугацаанд хичээллээд, сурсан зүйлээ хэрэглэж үзэх боломжтой болох үетэй адилхан. Надад их сайхан байна” гэдэг. Үүнтэй адил хэрэв бид тэвчээртэй, хүлээцтэй байхад суралцаж байгаа бол энэ мэт ямар нэг бүдүүлэг нөхцөлтэй тулгарвал түүнийг маш баяртайгаар харна. “Аан, нэг сорилго. Би үүнийг уурлахгүйгээр, тэвчээр алдахгүйгээр, бүр дотроо дургүйцэхгүйгээр даван туулж чадах эсэхээ харъя” гэнэ. 

Тэвчээр алдахгүй байх нь тулааны урлагийн тулаанаас бүр илүү том сорилго юм. Учир нь бид зөвхөн бие болон биеэ хянах чадвартайгаа бус сэтгэлтэйгээ тулах шаардлагатай болдог. Хэрэв бусад биднийг шүүмжилбэл тэр шүүмжлэлд уурлаж бус харин бидний төлөвшил ямар түвшинд явагдаж байгааг харах боломж гэж харахыг оролдох хэрэгтэй. “Намайг шүүмжилж буй энэ хүн миний суралцаж болох зарим зүйлүүдийг хэлж өгч байж болох юм.” Ийм үүднээс бид шүүмжлэлийг тэвчихийг хичээж, хандлагаа өөрчлөх байдлаар түүнийг хэрхэн даван туулахад суралцах ёстой. Хэрэв бид ихээр бухимдвал энэ нь биднийг шүүмжилж, бидэн рүү хашгичсан тэр галзуу хүнээс илүү нэр хүндээ алдахад хүргэж болно.

Юмсын мөн чанарт тулгуурлах тэвчээр

Уур бухимдлыг даван туулж, тэвчээр төлөвшүүлэх өөр нэг арга нь “юмсын мөн чанарыг таних” явдал юм. Энэ бол нялх хүүхэд мэт хүмүүсийн буруу зөрүү авирлах мөн чанар. Галын мөн чанар нь халуун, түлэх чанар. Хуруугаа галд дүрэхдээ бид юу хүлээх вэ?  Гал халуун, иймд түлнэ. Үдийн хоолны үеэр хотоор явахдаа бид юу хүлээх вэ? Энэ бол цайны цаг учраас зам их ачаалалтай байна. Энэ бол юмсын мөн чанар. Бид бага насны хүүхдээр халуун цай зөөлгүүлж, түүнийг асгах үед бид юу хүлээж байдаг вэ? Тэр бага хүүхэд учраас бид түүнийг ямар нэг зүйл асгахгүй гэж хүлээж болохгүй. Үүний адил бид бусдыг өөрийн бизнестээ ямар нэг байдлаар туслахыг хүсэж, тохиролцсон ч дараа нь тэд түүнээсээ буцдаг. Бид тэднээс юу хүлээж байсан гэж? Хүмүүс хүүхэд шиг байдаг. Бид бусдад найдаж болохгүй. Энэтхэгийн их мастер Шантидэва “Хэрэв та ямар нэг сайн, эерэг зүйл хийхийг хүсэж байвал түүнийгээ өөрөө хий. Учир нь хэрэв та хэн нэг хүнд найдвал тэр түүнийг урмыг хугалаж, түүнээсээ буцахгүй гэх баталагаа байхгүй” гэж хэлсэн. Бид тэдгээр нөхцөлүүдийг “Би юу хүлээнэ гэж? Хэлсэн амлалтандаа хүрдэггүй нь бусдын мөн чанар юм бол надад уурлах ямарч шалтгаан алга” гэж харж болох юм.

Бодит байдалд тулгуурлах тэвчээр

Уурын эсрэг хэрэглэх сүүлийн арга бол юу болж байгааг харж “бодит байдалд тулгаарлах тэвчээр” юм. Бид өөрсдийгөө, бусдыг, юмсыг ямар нэг хатуу тодорхойлолтоор авч үзэх хандлагатай байдаг. Энэ нь сэтгэлдээ өөрсдийнхөө зарим нэг талуудыг тойруулан хатуу шугам татаж тэр талаа өөрийн бодит тодорхойлолт гэж тусгахтай адил юм. Ингээд “Энэ бол би; би үргэлж ийм байх ёстой” гэдэг. Жишээ нь, “Би бол Эзэний илгээсэн бэлэг” эсвэл “Би ялагдагч, алдаа” гэдэг. Эсвэл бид хэн нэгний гадуур хатуу шугам татаж, “Тэр бол дургүй хүргэм хүн. Тэр муу, түвэг удагч” гэдэг. Гэвч хэрэв энэ нь тэр хүний үнэн, хөдлөшгүй тодорхойлолт байсан бол тэр үргэлж тийм байх байсан. Уг чанараараа тэр бүдүүлэг хүн байсан бол хүүхэд байхдаа ч тийм байх байсан, бусад хүмүүст ч, өөрийн эхнэр, нохой, муур, эцэг эхдээ ч бүдүүлэг хандах байсан.  

Хэрэв бид хүмүүсийг тэдний бодитой тогтсон, үнэн мөн чанарыг тодорхойлох хатуу шугаманд оршдоггүй гэдгийг ойлговол тэр нь бидэнд тайвшрах боломж өгч бид ч тэдэнд ихээр бухимдахгүй. Бид энэ хүний бүдүүлэг авирлаж байгаа нь ердөө нэг түр зуурын үзэгдэл, бүр байнга давтагддаг байсан ч түүний мөн чанар биш гэж хардаг.

Сайн зуршлуудыг төлөвшүүлэх

Хэцүү нөхцөлүүдээд энэ бүх санаануудыг хэрэглэхэд амаргүй байж болно. Эдгээр учир шалтгааныг тунгаах аргуудыг “урьдчилан сэргийлэх арга” гэдэг. Энэ бол миний Дарма (Бурханы ном) гэдэг үгийг орчуулдаг утга юм. Дарма гэдэг бол асуудлуудаас сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлдэг арга юм. Бид эдгээр олон тэвчээрийн хэлбэрүүдийг тус болох зуршил гэдэг үүднээс төлөвшүүлэхийг хичээж уур бухимдлаас сэргийлэхийг хүсдэг. Үүнийг “бясалгал” гэдэг. Бясалгал гэдэг төвд үг нь “ямар эг зүйлийг зуршил болгох”, ямар нэг тустай зүйлийг зуршил болгох гэсэн үгнээс гаралтай юм.                                                                                                                  

Юуны түрүүнд бид эдгээр олон төрлийн тэвчээрийн талаарх тайлбарыг сонсох хэрэгтэй. Дараагаар нь тэр талаар бодож үзэж тэдгээрийг ямар утгатай болохыг ойлгох хэрэгтэй. Хэрэв үнэхээр утга учиртай санагдвал түүнийг хэрэглэх сэдэл төрнө. Ингээд бид түүнийг дахин дахин оролдож давтаж зуршил болгохыг хичээнэ.
Үүнийг хийхдээ эхлээд бид тэдгээр санаануудыг дахин нягталдаг. Дараагаар нь юмсыг тэр байдлаар харж, мэдрэхийг оролдох хэрэгтэй. Сэтгэлдээ нөхцөл байдлуудыг дүрсэлнэ. Өөрийн гол төлөв уурлаж, бухимддаг нөхцөлүүдийг дүрсэлж болно. Жишээ нь, ажлын газрын хэн нэг хүн бидний дургүй аргаар юмыг хийдэг байж болно. Эхлээд түүнийг жаргал хүсдэг, зовлон хүсдэггүй нэг хүн гэж харахыг хичээ. Хичнээн их хичээсэн ч тэр хүүхэд шиг үнэхээр юу хийж байгаагаа мэддэггүй. Хэрэв бид тухайн хүнийг ингэж мэдэрч, харахыг хичээж, гэртээ тайван байж байхдаа ч сэтгэлдээ түүнийг давтан, хэдий их түүнийг давтах тусам түүнийг ажил дээр дургүй хүргэм үйлдэл хийхэд түүнд төдий чинээ эерэг хандлагаар ханддаг. Уурлах импульс төрөхийн оронд өөр шинэ импульс, илүү тэвчээртэй, илүү хүлээцтэй байх импульс сэтгэлд төрнө.

Түүний буруу зөрүү зан байдалд нь тэвчээр гаргах үүднээс түүнийг хүүхэд шиг харж сурснаар дараагийн алхамыг авч болно. Бүдүүлэг үйлдэл хийж байгаагаараа нэр хүндээ алдаж байгаа нь тэр гэдгийг бид ойлгоно. Ингээд бид түүнд энэрэх сэтгэл төрүүлнэ. Бясалгалаар бид ингэж харах, мэдрэх зуршлыг суулгаж болно. Тэвчээр гаргаж харж, мэдрэх нь зуршил болсноор тэр нь улам бүр бидний өөрийнх болж байдаг. Энэ нь бидэнд тулгарах түвэгтэй асуудлуудад хандах бидний төрөлх хандлага болдог. Сэтгэлд уур бухимдал төрөх импульс гарч ирэх үед сэтгэлд тодорхой орон зай байна. Бид шууд үйлдэл хийхгүй байх ба илүү тустай байдлаар үйлдэл хийх эерэг импульс гарч ирнэ.    

Бурханы шашны лекц уншихад яриагаа эхлэхийн өмнө бид амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, амьсгалаа хорин нэг хүртэл тоолдог. Энэ дасгал нь өөрсдийгөө уурлах гэж байгааг анзаарсан үед хийхэд маш тустай байдаг. Энэ нь жишээлбэл ямар нэг муухай үг хэлэх сөрөг импульсын улмаас шууд үйлдэл хийхгүй байх, уурлаж бухимдахыг хүсэж байгаа эсэхээ бодож үзэх орон зайг бий болгодог. “Би үнэхээр хэрүүл шуугиан тарихыг хүсэж байна уу эсвэл энэ нөхцөл байдлыг шийдэх илүү сайн арга байна уу?” гэж бодно. Бясалгал болон сайн зуршил бий болгосны үр дүнд бид нөхцөл байдлуудыг илүү тэвчээртэйгээр хардаг мөн илүү хүлээцтэй болно. Илүү эерэг сонголтууд толгойд орж, бид тэднээс шууд сонгоно. Учир нь бид баяр жаргалтай байхыг хүсэж байгаа бөгөөд эдгээр сонголтууд бидэнд тийм үр дүн авчирна гэдгийг мэдэж байгаа. 

Үүнийг хийхэд бидэнд төвлөрөл хэрэгтэй. Ийм учраас Бурханы шашинд төвлөрөл төлөвшүүлэх олон өөр бясалгалын арга байдаг. Эдгээр аргуудэд ердөө нэг хийсвэр дасгал маягаар суралцдаггүй; Тэдгээрийн хэрэглэх үүднээс тэдгээрт суралцдаг. Хэзээ бид тэдгээрийг хэрэглэдэг вэ? Бүдүүлэг хүмүүс, бүдүүлэг нөхцөлүүдийг шийдвэрлэх хэцүү нөхцөл байдалд хэрэглэдэг. Тэдгээр нь сэтгэлээ тэвчээртэй байлгах үүднээс төвлөрөхөд тусалдаг. 

Хэдий ийм боловч бид зөвхөн өөрийгөө хянах хяналт, сахилга батаар муу, сөрөг үр дагаварт хүргэх зан байдлаасаа өөрийгөө хязгаарладаггүй. Хэрэв бид үүнийг зөвхөн өөрийгөө хянах хяналт, сахилга батаар хийвэл уур бухимдал бидний дотор үлдэнэ. Бид ердөө гадна талдаа маш хүчтэй царай гаргаж харин дотроо уур нь шатаж, улмаар өвчин эмгэг үүсэх шалтгаан болдог. Харин эсрэгээрээ бид эдгээр агуудыг зөв хэрэглэвэл уур бухимдал бүр төрдөг ч үгүй. Энэ нь уурыг барьж, дотроо хадгалах тухай бус бидний сэтгэлд орж ирж байгаа импульсыг өөрчлөх асуудал юм. Сөрөг импульс гарч ирж түүнийг дотроо хадгалах байдлаар түүнийг шийдэх бус харин эерэг импульсууд гарч ирэх явдал юм. 

Хэрэв бид үүнийг хийж чадвал, бидний сэдлээс шалтгаалан бид өөрсдийн одоогийн асуудлуудаас чөлөөлөгдөж цаашдаа юмс тийм муу байхгүй болно. Эсвэл бид бүх асуудлуудаас бүрэн чөлөөлөгдөж болох ба хамгийн хүчтэй, гүнзгий түвшний сэдэл төрүүлснээр бид өөрийн гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүстээ асуудал учруулахгүй байж бусдад бүрэн дүүрэн тусалж чадна. Бид үүнийг хийж чадна. Учир нь бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, асуудал бэрхшээлээр хязгаарлагдахгүй. Ингэж бид өөрийн бүх нөөц чадварт хүрдэг.

Дүгнэлт

Хэрэв бид эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв, сэтгэл хөдлөл эсвэл хандлагыг арилгахыг хүсвэл түүний шалтгаан руу хандах хэрэгтэй. Хэрэв бид тэдгээрийн цаана байх шалтгааныг үгүй болгох юм бол тэднийг бид арилгаж чадна. Энэ бол ердөө бидэнд асуудал бий болгож байдаг тэдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг өөрсдийг нь арилгах явдал биш; үнэндээ бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн уг шалтгааныг олж, түүнийг арилгах хэрэгтэй юм. Тэгвэл сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөвийн хамгийн гүнзгий цаад шалтгаан нь юу вэ? Бидэнд олдох тэр зүйл нь гол төлөв "мунхаг" гэж орчуулагддаг, миний "мэдэхгүй байх" гэж орчуулахыг илүүд үздэг зүйл байна. Бид ямар нэг зүйлийг мэддэггүй, бид ердөө л мэддэггүй. Мунхаг гэдэг нь ухаангүй гэсэн утга илэрхийлэх мэт санагддаг. Бид ухаангүй биш. Энэ бол ердөө бид мэдэхгүй байгаа явдал, эсвэл төөрөлдсөн байж болно: бид ямар нэг зүйлийг буруу ойлгосон байж болно. Тэгвэл бид юуг буруу ойлгосон эсвэл мэдэхгүй байна вэ? Энэ бол бидний зан байдлын үр нөлөө болон нөхцөлүүд юм. Бид маш их уурлаж эсвэл шунаж эсвэл хямардаг. Ингээд энэ нь урьд бий болгосон зуршил, хандлагуудын нөлөөгөөр өөрийн эрхгүй байдлаар үйлдэл хийхэд хүргэнэ. Энэ бол угтаа үйлийн үр гэдэг чухам юу болох тэр зүйл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл эсвэл хандлагын нөлөөгөөр, тиймээс өөрийн хяналтгүйгээр, өөрийн эрхгүй үйлдэл хийх явдал.                           

Top