Бясалгалын өмнөх зэхэл

Week%203%20preliminaries%20to%20meditation%20%281%29

Бясалгахад зохистой орон газар

Бясалгалыг бодитойгоор үйлдэх үед түүнд зохилдсон нөхцөл бидэнд хэрэгтэй. Бясалгалд зохилдох хүчин зүйлүүдийн олон жагсаалт байдаг, гэвч тэдгээрийг даяан хийх нөхцөлийн хүрээнд ярьж эсвэл тайлбарласан байдаг бол бидний ихэнх нь гэртээ бясалгаж байдаг. 

Гэртээ бясалгаж байсан хэдий ч бясалгалд хамгийн сайн нөхцөл бол саад болох зүйлгүй байх явдал. Орчин нь аль болох дуу чимээ багатай байх хэрэгтэй. Бидний ихэнх нь замын хөдөлгөөн, дуу чимээ ихтэй гудамжинд амьдардаг учраас замын хөдөлгөөн бага үеэр өглөө эрт эсвэл үдэш нэлээн орой бясалгах нь сайн байдаг. Мөн дээр нь орчинд нь дуу хөгжим, бусад өрөө тасалгаанд зурагтны дуу гарахгүй байвал сайн. Хэрэв дуу чимээ багатай орчин олдохгүй бол чихний бөглөө хэрэглэж болно. Тэр нь бүх дуу чимээг бүрэн хаах шаардлагагүй, гэвч хүчийг нь багасгана. 

Бидний олонход тусдаа бясалгалын өрөөтэй байх боломж байдаггүй. Та өөрт тань боломжтой ямар ч зайг ашиглаж болно. Бүр үгүй бол өөрийнхөө орон дээр бясалгалж болно, үүнд асуудал байхгүй. Энэтхэгт амьдарч байгаа ихэнх төвөд хүмүүс орон дээрээ бясалгадаг. 

Өөр нэг нэлээн чухал хүчин зүйл бол өрөө тасалгаагаа цэвэр, эмх цэгцтэй байлгах явдал. Хэрэв орчин тань цэвэр, эмх цэгцтэй байвал тэр нь сэтгэл цэвэр, эмх цэгцтэй байхад нөлөөлнө. Хэрэв өрөө тасалгаа тань хааш яаш, эмх замбараагүй эсвэл бохир байх юм бол сэтгэл бас тийм байх хандлагатай байна. Ийм учраас бясалгалын өмнөх шаардлага болдог нэг зэхэл нь бясалгалын өрөөг цэвэрлэж, нэг аяга усан тахил ч байж болохуйц тодорхой хэмжээний тахил тавих явдал байна. Бид хийж байгаа зүйлээ хүндэтгэхийг хүсэх ба хэрэв бид Бурхад, бодисадва нарыг урин залах тухай бодож байгаа бол тэднийг эмх замбараагүй, бохир биш, цэвэрхэн өрөөнд залахыг хүсэх байх. Ердийн сэтгэл зүйн түвшинд ч өөрийн хийж байгаа зүйлдээ хүндэтгэлтэй, түүнийг ямар нэг онцгой зүйл гэж хандаж байх нь чухал. “Онцгой” гэдэг нь Холливудын киноны засал мэт хүж, лаа бүхий дэгжин чамин орчин бий болгоно гэсэн үг биш, харин энгийн, даруу, эмх цэгцтэй, цэвэр, хүндэтгэлтэй байлгана гэсэн үг.

Суудал

Азийн өөр өөр орнуудад хүмүүс харилцан адилгүй бясалгалын суудлаар суудаг. Энэтхэг/Төвөд, Хятад/Япон, Тайландын бясалгалын суудлууд өөр өөр байх бөгөөд бид зөвхөн нэг л суудлыг зөв суудал гэж хэлэх боломжгүй. Энэтхэг, Төвөдөд завилж сууна. Япон болон Хятадын зарим газар гол төлөв сөхөрч сууна. Тайланд хүмүүс хоёр хөлөө нэг талдаа гарган нугалж суудаг. Биеийн энергитэй ажилладаг тарнийн бүтээлд очир завилгаагаар суухыг шаарддаг ч бидний ихэнх нь бүтээлийн тийм түвшинд хүрээгүй байдаг. Хэрэв та тийм төрлийн бүтээлд хүрэхийг эрмэлздэг бол нас ахисан үед очир завилгаагаар сууж эхлэх нь хэцүү байдаг тул бага залуу наснаасаа эхлэн тийнхүү сууж эхлэхийг зөвлөнө. Барууны хүмүүсийн хувьд, хэрэв та эдгээр суудлуудын аль нэгээр сууж чаддаг бол тэр нь болно; хэрэв үгүй бол сандал дээр сууж болно. Хамгийн гол зүйл бол нуруу цэх байх явдал.  

Харц

Нүдний харцны хувьд зарим бясалгалд нүдийг аньж бясалгадаг бол зарим бясалгалд нүдийг нээлттэй, заримын хувьд харцыг доош буулган, зарим тохиолдолд дээш харж бясалгадаг; энэ нь бясалгал бясалгалаас шалтгаална. Төвөдүүд ерөнхийдөө нүдийг аньж бясалгахгүй байхыг зөвлөдөг. Нүдийг аньсан үед нойр хүрч унтах нь хялбар болохоос гадна энэ нь бясалгахын тулд нүдээ анимаар санагдах сэтгэлийн нэг саадыг бий болгодог. Хэрэв ингэж санагдаж эхлэх юм бол бясалгалаар төлөвшүүлж байгаа зүйлийг бодит амьдралтай холбоход улам хэцүү болно. Жишээ нь хэн нэгэнтэй ярилцах үед, асрал хайр төрүүлэхийн тулд нүдээ аних шаардлагатай болно. Энэ нь эвгүй байна. Төвөд уламжлалд, ихэнх бясалгалд та нүдээ хагас аньж, харцыг доош буулган шал руу харж, сулавтар төвлөрдөг.           

Олбог

Хэрэв та завилж сууж байгаа бол суух олбогоо зөв сонгох нь чухал. Зарим хүмүүс шалан дээр тэгш гадаргуу дээр чөлөөтэй сууж чаддаг бөгөөд хөл нь хөшдөггүй. Дээрхийн гэгээн Далай лам жишээ нь ном айлдах үеэрээ сэнтий дээр тийм байдлаар суудаг. Гэвч бидний ихэнхийн хувьд хэрэв бид олбоггүй суувал хөл илүү хурдан хөшиж чилнэ. Иймд хэрэв танд ийм асуудал байдаг бол доороо олбог тавьж суух хэрэгтэй ба ингэснээр таны ташаа өвдөгнөөсөө өндөр болж өгнө. Өөртөө сайн тохирох олбогийг сонгох хэрэгтэй: зузаан эсвэл нимгэн, хатуу эсвэл зөөлөн гэх мэт. Хүн бүр өөр. Хамгийн чухал зүйл бол танд тухтай бөгөөд олбог тань хөл чилэхээс сэргийлж байх явдал. Учир нь хөл чилэх маш хэцүү байдаг. Бурханы шашны олон төвүүд зузаан, дугуй эсвэл дөрвөлжин зафу олбогтой байдаг. Гэвч эдгээр Зэн ёсны зафу олбогуудыг хөлөө доороо нугалан суух япон суудалд зориулан хийсэн байдаг. Зарим хүмүүс ийм олбог дээр завилж сууж чаддаг байж болох юм. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд тэдгээр нь хэт өндөр, хатуу байна. Хэрэв танай төвд зөвхөн зузаан зафу олбог байдаг бөгөөд та завилж суудаг бол өөрийн олбогийг авчирч болох юм.

Бясалгах цагийг сонгох

Ихэнх хүмүүсийн хувьд бясалгах хамгийн сайн цаг нь бясалгал нь өглөө хийх хамгийн эхний зүйл эсвэл орой хийх хамгийн сүүлийн зүйл болох тэр үе байна. Энэ үед өдөр тутмын амьдралтай холбоотой анхаарал сарниулах зүйлүүд харьцангуй цөөн байдаг. Зарим хүмүүс өглөө илүү сэргэг байдаг бол зарим нь орой илүү сэргэг байна – “өглөөний хүн”, “шөнийн шар шувуу” гэдэг адил. Та өөрийгөө, өөрийн амьдралын хэв маягийг бусдаас илүү сайн мэднэ. Иймд ямар цаг танд хамгийн сайн тохирохыг та тодорхойлж чадна.

Хориглодог нэг зүйл бол нойрмог үед бясалгах. Орой нойр хүрэх боловч та унтахаасаа өмнө бясалгахыг хүсэж, бясалгах явцдаа унтах юм бол энэ нь ердөө тусгүй. Үүнтэй адил өглөө эрт: хэрэв та нойрмог хэвээр байвал бясалгал тийм үр дүнтэй болохгүй. Танд яах нь хамгийн сайн байхыг та шийднэ. Хэдийгээр ихэнх төвөд хүмүүст ийм зуршил байдаггүй ч, өглөө эрт бясалгахын өмнө кофе эсвэл цай уухад ямар нэг болохгүй зүйл үгүй.   

Миний багш Цэнжаб Сэркон Ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламын багш нарын нэг байсан. Тэрбээр түүний суралцсан Төвөдөд байх тарнийн сургуульд тэд хэрхэн бясалгадаг байсан талаар ярьдаг байсан. Бүх лам нар хийдийн дуганд сууцгаах ба тэд суудал дээрээ, хажуугийнхаа хүний мөрийг дэрлэх маягаар унтаж сурдаг байжээ. Уг нь өглөө маш эрт босон, цэх суун бясалгал, уншлагаа хийж эхлэх ёстой байдаг байна. Гэвч та шөнө дунд сэрэн шууд босож мэс ажилбар зэргийг хийж сурсан эмч биш бол сэрсэн даруйдаа шууд бясалгаж эхлэх нэлээн хэцүү байх болно.

Бясалгалын үргэлжлэх хугацаа

Бясалгаж эхэлж байгаа үед баясгалын үеүд богино, давтамж нь олон байх нь чухал. Эхлэн суралцагчийн хувьд нэг удаа олон цагаар сууж бясалгахыг оролдох нь хэцүү зовлонтой зүйл болдог. Зарим газар ийм дэглэм баримталдаг, гэвч төвөд хүмүүс ерөнхийдөө үүнийг сайшаадаггүй, учир нь хэрэв бясалгал нь нэг хэцүү зовлонтой зүйл болох юм бол та түүнийг дахин хийхийг хүсэхгүй! Та тухайн үеийг дуусахыг тэсгэлгүй хүлээнэ. Иймд эхэн үед ердөө тав орчим минут бясалгана – энэ хангалттай. Теравада ёсны хийдүүдэд сууж бясалгах бясалгалыг алхаж явж бясалгах бясалгалтай ээлжлэн хийдэг учраас тэд нэг төрлийн бясалгалыг удаан хугацаагаар хийдэггүй байна.       

Төвөд хүмүүсийн хэрэглэдэг нэг зүйрлэл бол нэг найз тань танайд зочилж удаан хугацаагаар байх юм бол та түүнийг явахыг хүлээж тэвчихгүй болно. Найзыгаа явсны дараа та түүнтэй дахин уулзахыг тийм их хүсэхгүй. Гэвч хэрэв найз тань таныг түүнтэй илүү хугацаанд хамт байхыг хүсэх үед явбал та найзтайгаа удалгүй дахин уулзахдаа баяртай байх болно. Үүнтэй адил бидний бясалгалын суудал, бясалгалын үргэлжлэх хугацаа бүгд таатай байвал бид бүтээл хийхдээ дур сонирхолтой байна.

Төлөвлөх

Бясалгахын өмнө төлөвлөх нь чухал. Үнэндээ төлөвлөхийг өглөө сэрж, нүдээ нээх үед хамгийн түрүүн хийх зүйл байхыг зөвлөдөг. Сэрмэгцээ, орондоо байх үедээ та тухайн өдрийн төлөвлөгөөг гаргаж болно. Та “Би өнөөдөр уурлахгүй. Илүү тэвчээртэй байна. Бусдад илүү их эерэг сэтгэлээр хандахыг хичээнэ. Өнөөдрийг нэг утга учиртай өдөр болгож, түүнийг хий дэмий үрэхгүй” гэж бодож болно. 

Зэн ёсны нэг гайхалтай хэллэг байдаг, миний дуртай хэллэг: “Үхэл хэзээ ч ирж болно: Тайвшир!” Хэрэв та энэ талаар бодож үзэх юм бол энэ нь үнэхээр гүнзгий утга санаа илэрхийлж байдаг. Хэрэв та үхэл хэзээ ч ирж болно гэдэгт ихээр сэтгэл түгшин санаа зовж бухимдах юм бол та юу хийж чадахгүй. Та “Би хангалттай зүйл хийж амжихгүй байна; би хангалттай сайн биш байна” гэх мэтээр бодож болно. Гэвч хэрэв та үхэл хэзээ ч ирж болно гэдгийг мэдэж, энэ тухайд тайван байвал та чадах бүх зүйлээ сэтгэл түгшиж, санаа зовохгүйгээр утга учиртай, бодит арга замаар хийх болно. Иймд үхэл хэзээ ч ирж болохыг санан тайван байх хэрэгтэй! 

Бясалгахын өмнө бид “Би “x” минутын хугацаанд бясалгахыг хичээнэ. Би төвлөрөхийг хичээж, хэрэв өөрийгөө унтаж байгааг мэдэх юм бол өөрийг сэрээнэ. Анхаарал сарнивал түүнийг буцааж авчирна” гэж төлөвлөнө. Үүнд чин сэтгэлээс хандан, ердөө нэг үг болгохгүй байх хэрэгтэй – төлөвлөсөн зүйлээ санаж, хийж гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөсний дагуу хийх нь маш хэцүү байж болно. Хэрэв та бясалгалынхаа үеийг тэдгээр нь Номын ойлголтууд байсан ч ялгаагүй бусад асуудлуудын талаар бодоход ашиглах нэг муу зуршил болгох юм бол энэ нь арилгахад маш хэцүү зуршил болж тогтдог. Би туршлагаасаа ярьж байна: энэ бол арилгахад үнэхээр маш хэцүү зуршил, иймд бясалгалынхаа өмнө зөв төлөвлөгөө гаргаад түүнийг дагах хэрэгтэй.   

Сэдэл

Дараа нь сэдэл байна. Төвөдийн Бурханы шашинд сэдлийг хоёр хэсгээс бүрдэнэ гэж үзнэ. Эхнийх нь зорилго: Бид юунд хүрэхийг оролдож байна вэ? “Бодь мөрийн зэрэг” (лам-рим) –т уламжлалт тогтсон зорилгуудыг тодорхойлон үзүүлсэн байдаг. Лам-римд үзүүлсэн зорилгууд нь: (а) хойд төрлүүдийг сайжруулах, (б) төрлөөс бүрэн гэтлэх, (в) гэгээрэлд хүрснээр хамаг амьтанд төрлөөс бүрэн гэтлэхэд нь туслах. Хоёр дахь хэсэг нь тухайн зорилгод хүрэхэд биднийг хөтлөх сэтгэл хөдлөл байна.    

Өөрийн сэдлийн талаар бодох үед бид өөртөө үнэнч байх нь маш чухал. Би үнэхээр хойд төрөлд итгэдэг үү? Бидний ихэнх нь “Би дараагийн төрөлдөө дахин эрдэнэт хүний төрөл авахыг баттай болгох үүднээс үүнийг хийж байна,” эсвэл “Төрлөөс бүрэн гэтлэхийн тулд би үүнийг хийж байна,” эсвэл “Би гэгээрлэд хүрч, хамаг амьтанд төрлөөс гэтлэхэд туслах зорилгоор үүнийг хийж байна” гэж хэлдэггүй – хэрэв та дахин төрөлд итгэдэггүй бол эдгээр нь ердөө хоосон үг болно. 

Иймд хэрэв та бясалгалаа Бурханы шашны дахин төрлийн тухай ойлголтыг багтаагаагүй “Номын хялбарчилсан хувилбар” гэж миний нэрлэдэг ойлголтын нэг хэсэг болгож хийж байгаа бол тэр нь зүгээр. Та бусдад хэлээд байх шаардлагагүй ч, “Би үүнийг энэ насны амьдарлынхаа нөхцөлийг сайжруулах үүднээс хийж байна” гэх өөрийн сэдлийнхээ хувьд та өөртөө үнэнч байх хэрэгтэй. Хэрэв бид үүндээ үнэнч байх юм бол энэ нь хүлээн зөвшөөрөгдөх сэдэл болно. Гэвч миний “Номын жинхэнэ утга” гэж нэрлэдэг ойлголтонд байх жинхэнэ урт хугацааны зорилгод хүндэтгэлтэй байж, Бурханы шашны бүтээл бол зөвхөн энэ насны амьдрал дахь зүйлүүдийг сайжруулах зорилготой биш гэж бодох нь чухал. 

Сэдлийн хоёр дахь хэсгийн хувьд – биднийг зорилгодоо хүрэхэд хөтөлдөг сэтгэл хөдлөл – Номын жинхэнэ утгын эхний түвшний сэдэл нь ялаа эсвэл жоом гэх мэт ямар нэг муу төрөлд төрөх нь хэчнээн таагүй зүйл байх бол хэмээн эмээж байгаа учраас (сэтгэл хөдлөл) би дараагийн төрлүүддээ эрдэнэт хүний төрөлд төрөхийг зорьж байна (зорилго) гэх сэдэл байна. Би ийм ирээдүйгээс үнэхээр зайлсхийхийг хүсэж байгаа бөгөөд түүнээс зайлсхийх арга байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний Номын хялбарчилсан хувилбар нь “Хожим амьдралд тохиох зүйлүүд муу байвал хэчнээн таагүй байх бол хэмээн би эмээж байгаа (сэтгэл хөдлөл) учраас тэдгээрийг сайн байх, улам бүр сайжруулах тухайд зорьж байна (зорилго). Би тэдгээрээс зайлсхийх үүднээс хийж болох эерэг зүйлүүдийг мэдэж байгаа” гэх сэдэл байж болно. Аль ч тохиолдолд энэ бол “Нөхцөл байдалд итгэх ямар ч итгэл найдвар алга. Би ч өнгөрлөө” гэх мэт яах аргаа мэдэхгүй байх нэг төрлийн айдас биш харин энэ бол “Би үнэхээр түүнийг хүсэхгүй байна, үүнээс зайлсхийх арга зам бий гэж бодож байна” гэх эрүүл хандлага байна. Жолоо барьж байх үедээ осол гаргах вий гэж эмээж – болгоомжтой байя гэхтэй адил боловч айж эмээснээс яах аргаа мэдэхгүй огт жолоо барихгүй байхтай адил биш. 

Номын жинхэнэ утгын хоёр дахь түвшний сэдэл нь “Дахин төрлийн тэр бүх зовлон үнэхээр таагүй, би туйлдаж, тэр бүхнээс залхаж байна (сэтгэл хөдлөл), би түүнээс гарахыг хүсэж байна (зорилго)” гэх сэдэл байна. Магад гарах сэтгэлийн цаана байх сэтгэл хөдлөлийн гол утга нь “Дахин нярай хүүхэд болж төрөн, бүх зүйлийг эхнээс нь сурах, боловсрол эзэмших, хэрхэн амьдралаа залгуулах талаар бодох энэ бүхэн үнэхээр залхмаар. Өвдөх, өтлөхийг дахин дахин туулах үнэндээ хэцүү. Энэ бол муухан киног дахин дахин үзэхтэй адил. Би залхаж байна, энэ бүхэн хангалттай!” гэсэн утгатай байна. 

Хамгийн гүнзгий түвшний сэдэл нь бодь сэтгэлээр гэгээрэлд хүрэхийг зорих сэдэл байх ба энэ нь энэрэн нигүүлсэх сэтгэлээр төрнө (сэтгэл хөдлөл): “Хүн бүр үнэхээр их зовж байгааг би ердөө тэвчиж чадахгүй нь. Зовлонгоо арилгахад нь тэдэнд тусалж чадах нэг төлөвт би хүрэх ёстой” гэсэн сэтгэл хөдлөл байна.   

Сэдэл нь зорилгодоо хүрснээр юу хийхийг мөн багтаасан байдаг. Их хөлгөний ёсны дагуу бүтээл хийж байгаа үед сэдлийн түвшин тус бүр нь эцэстээ гэгээрэлд хүрэх агуулгын хүрээнд байна. Гэгээрэлд хүрэх нь зорилгодоо хүрсний дараа бидний хийх тэдгээр зүйлд онцгой чанар өгнө.

Номын хялбарчилсан хувилбарын түвшинд, бид энэ бүхнийг хялбар зүйл хэмээн бодож улмаар нас эцэслэх болоход гэгээрээгүй байгаадаа харамсан сэтгэлээр унаж хямарахгүйгээр энэ насандаа чадах чинээгээрээ гэгээрэлд ойртоход ахиц гаргахыг хүснэ.

  • Номын жинхэнэ утгын гурван түвшний сэдлийн эхнийх нь “Гэгээрэлд хүрэх зам мөрөө үрэлжлүүлэх үүднээс би дараагийн төрөлдөө дахин эрдэнэт хүний төрлийг авахыг хүсэж байна, учир нь энэхүү зорилгод хүрэхэд олон төрөл шаардагдана” гэсэн сэдэл байна.
  • Хоёр дахь сэдэл нь “Би үйлийн үр, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөс чөлөөлөгдөхийг хүсэж байна. Учир нь хэрэв би хамаг амьтанд уур бухимдал төрүүлж, тэдэнд шунан тачааж, эсвэл өөрийн эрхгүй гаргах зан байдлыг үзүүлсээр байвал тэдэнд тусалж чадахгүй. Хэрэв би бардам, түрэмгий байвал бусдад үнэхээр тусалж чадахгүй. Иймд би өөрөө эхэлж энэ бүхнээс гэтлэх хэрэгтэй” гэх сэдэл байна.
  • Хамгийн дээд сэдэл бол “Би гэгээрэлд хүрч амьтан тус бүрд туслах хамгийн сайн аргыг бүрэн мэдэхийг хүсэж байна” гэсэн сэдэл байна.  

Сэдэл бол маш чухал. Богд Зонхов сэдэл бол зөвхөн бясалгалын нэг үеийн өмнө бус бүхий л өдрийн турш бидэнд төрж байх хэрэгтэй зүйл хэмээн тэмдэглэсэн. Сэдэл нь ердөө нэг сайхан үгнүүд байх бус харин түүний утгыг үнэндээ бид гаргах хэрэгтэй. Утгыг гаргана гэдэг юу гэсэн үг вэ? Энэ нь тухайн сэдлийг бясалгалаар өөрийн дотоод хэсэг болгосноор тэр нь жинхэнэ, аяндаа төрөх сэтгэл хөдлөл, өдөр тутмын амьдралын хэрхэн амьдрах хэв маяг, түүний салшгүй чухал хэсэг болдог явдал юм.  

Бясалгалын өмнө сэтгэлийг амраах

Нэгэнт бид зохих орчныг бүрдүүлж, төлөвлөн, сэдлээ тодорхойлсон бол одоо сэтгэлийг тайван болгох хэрэгтэй. Үүнийг гол төлөв амьсгал тоолох гэх мэт зарим нэг төрлийн амьсгалын бясалгалаар хийдэг. Амьсгалтай холбоотой бидний хийж болох өөр олон илүү нарийн дасгалууд байдаг ч хамраараа хэвийн амьсгалж амьсгалыг арван нэгэн удаа авч гарган түүнийг хэд хэдэн удаа давтаж хийх нь ихэнх тохиолдолд хангалттай байна. Ийм маягаар сэтгэлийг тайвшруулах нь бясалгал хүртэл хийж байсан зүйлүүд болон тэдгээрийн дараа хийх гэж буй энэхүү бясалгал хоёрын хооронд нэг тайван орон зайг бий болгодог. Ийм орон зайг бий болгох нь өөрийн зав чөлөөгүй амьдралаас бясалгал руу шилжих тэрхүү шилжилтийг хийхэд бидэнд тусална.   

Долоон гишүүнт бүтээл

Бясалгалын нэг үеийн эхэнд тодорхой хэсэг эерэг энерги бий болгохыг зөвлөдөг бөгөөд үүнд бид “долоон гишүүнт соёрхол залбирал” буюу “долоон гишүүнт бүтээл” гэдэг ерөөлийг ашиглана. Энэ тохиолдолд “гишүүн” гэдэг нь “үе шат” гэсэн утгыг илэрхийлнэ.   

(1) Аврал одуулж, бодь сэтгэл үүсгэн мөргөх

Эхний гишүүн нь мөргөл бөгөөд энэ нь гэгээрэлд хүрсэн тэдгээр төрөлхтөнд хүндэтгэл үзүүлэх; бодь сэтгэлийн үүднээс хүрэхийг зорьж байгаа өөрийн ирээдүйн гэгээрэлд хүндэтгэл үзүүлэх; тэрхүү зорилгод хүрэх боломж олгох өөрийн Бурханы-чанарт хүндэтгэл үзүүлэх гэсэн утгатай. Бидний дагахыг хүсэж байгаа аюулгүй зам мөрийг Бурхад; болон тэдний заасан Ном сургаал, хүрсэн эрдэм; гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зам мөрд сайтар оршсон Хуврагууд үзүүлдэг. Бодь сэтгэлээр бид өөрөө Бурхан болох тухайд сэтгэл, зүрхээ засна.

(2) Тахил

Хоёр дахь үе шат нь өргөл тахил өргөх ба энэ нь бас хүндэтгэл үзүүлж буй хэлбэр.

(3) Наманчлал (сул талаа хүлээн зөвшөөрөх)

Дараагийнх нь өөрийн алдаа, сул талыг нээлттэй хүлээн зөвшөөрөх. Энэ нь гаргасан алдаандаа гэм буруутай мэт сэтгэлээр хандах гэсэн үг биш. Гэм буруу гэдэг бол хийсэн ямар нэг зүйлээ өөртөө хадгалж, түүнийг өөрөө хийсэн гэж хатуу баримтлан, өөрийг болон тухайн зүйлийн аль алиныг муу гэж үзэн, түүнийг үргэлж санаж байхыг хэлнэ. Энэ нь хогоо гаргаж хаяхгүй гэртээ байлгаж, “Энэ хог үнэхээр муухай юм. Үнэхээр муухай үнэртэж байна” гэж бодохтой адил. Гурав дахь гишүүн бол гэм буруутай мэт санах сэтгэл биш харин “Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, би түүнийг дахин давтахгүй байхыг хамгийн сайнаараа хичээнэ. Сул талуудаа арилгахыг чадах чинэгээрээ оролдоно” гэсэн өөрийн алдаанд харамсах сэтгэл байна.   

(4) Даган баясах

Дөрөв дэх үе шат бол өөрийн болон бусдын хийсэн эерэг зүйлүүдэд даган баясах явдал бөгөөд ингэснээр бидэнд өөрт болон бусдад илүү их эерэг сэтгэлээр хандах хандлага төрнө.

(5) Номын хүрдийг эргүүлэхийг сануулан дуртгах (Сургаал тавихыг айлтгах)

Ингээд “Сургаалаа үргэлж айлдана уу. Би нээлттэй сэтгэлээр хүлээн авах болно” хэмээн багш, Бурхадад сургаал айлдахыг сануулан дутгана.   

(6) Өлмий бат орших соёрхол залбирал

Дараагийн гишүүн бол “Гаслангаас эс ангижирна уу; эс нөгчнө үү. Би хичээнгүйлэн суралцах ба бидний дэргэд залран саатна уу” хэмээн соёрхол тавих гишүүн юм.  

(7) Зориулга

Сүүлийн гишүүн бол зориулгын гишүүн. Зориулга нь энергийг нэг тодорхой хэлбэрээр чиглүүлэх тухай юм. Бид “Аливаа бий болгосон эерэг хүч, аливаа ойлголт нь өөрийн зорилгод хүрэхэд хувь нэмэр оруулах болтугай” гэдэг. Миний хэрэглэх дуртай нэг зүйрлэл бол хийсэн ажлаа компьютертээ хадгалахтай холбоотой. Хэрэв бид хийсэн ажлаа “Гэтлэхүй” эсвэл “Гэгээрэл” гэсэн нэг тусгай хавтсанд хадгалахгүй бол компьютерийн идэвхгүй гэсэн тохиргоо нь бидний ажлыг автоматаар “Орчлонг сайжруулах” хавтсанд хадгална. Хийсэн ажлаа “Орчлонг сайжруулах” гэсэн хавтсанд хадгалж болох боловч хэрэв бидний зорилго тэр биш бол, хэрэв бид гэтлэхүй эсвэл гэгээрэлд хүрэхэд хийсэн ажлаа оруулахыг хүсэж байгаа бол бид зориудаар тэднийг “Гэтлэхүй” эсвэл “Гэгээрэл” гэсэн хавтсанд хадгалах хэрэгтэй. Энэ бол зориулга. Бид үнэхээр ийм утгыг гаргана; бид зүгээр л тэр үгнүүдийг хэлдэггүй. Эерэг энергийг энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт зориулагын ард байх тодорхой  нэг сэтгэл хөдлөлөөр зориулна. 

Долоон гишүүнт соёрхол залбирлын дараа гол бясалгал орж ирэх бөгөөд бясалгалын төгсгөлд бид өөр нэг зориулгыг хийнэ.    

Дүгнэлт

Бясалгал нь маш нарийн үйл явц бөгөөд түүнийг хэрхэн хийх заавар нь нэлээн тодорхой тогтсон зүйл байна. Энд ерөнхий заавруудын нэгийг үзүүллээ; бясалгал тус бүр тусдаа өөрийн заавартай байна. Гэвч ихэнх тохиолдолд юу хийж байгаагаа, хэрхэн хийхээ, яагаад түүнийг хийж байгааг мэдэх нь маш чухал. 

Зэн гэх мэт Бурханы шашны зарим уламжлалд ердөө “Суугаад бясалга, явцын дунд та түүнийг олж мэдэх болно” гэж хэлдэг. Хэдийгээр энэ нь зарим хүмүүст тохирч болох ч заримд нь нэлээн хэцүү байж болно. Олон хүмүүс тэрхүү аргыг хэцүү гэж үздэг бөгөөд энд ярьсан зүйл бол Энэтхэг-Төвөдийн ёс юм.   

Top