Эдүгээ дэлхий дахинд нүүрлээд буй “ноцтой” хямралын үед бидний эрүүл энх, ая тухтай амьдралд аюул тулгарахын зэрэгцээ бүх нийтээрээ амь насаа алдсан гэр бүлийн гишүүд, найз нөхдийнхөө төлөө эмгэнэн гашуудаж байгаа билээ. Мөн эдийн засгийн эргэлт тасалдсанаар улс орны удирдлагуудад хүнд хэцүү сорилт тулгарч, маш олон ард иргэдийн амьдрах нөхцөл доройтоход хүрээд байна.
Яг л ийм цаг үед ямар зүйл биднийг хүн төрөлхтөн гэх нэгэн гэр бүлийн гишүүд болгон нэгтгэдэг болохыг ухаарч, тэдгээр үнэт зүйлсдээ бид анхаарал хандуулах ёстой. Бид бие биедээ энэрэл хайрын сэтгэлээр тусламжийн гараа сунгах цаг иржээ. Хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан. Бид айдсыг адилхан мэдэрч, адилхан итгэл найдварыг тээж, бас бидэнд тулгарч буй тодорхойгүй нөхцөл байдлын өмнө ч адилхан байх болно. Эдгээрээс хамгийн гол нэгтгэж буй зүйл нь бид бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсэх явдал юм. Бид учир шалтгааныг ойлгож, аливааг бодитой бөгөөд тодорхой харах оюуны чадвартай учраас бэрхшээл хүндрэлийг боломж болгон хувиргах чадвартай.
Энэ удаагийн хямрал ба түүний үр дагаврууд нь бид зөвхөн хамтран нэгдэж, дэлхийн хэмжээнд зохион байгуулалттайгаар хариу арга хэмжээ авсны үр дүнд хойшид тулгарч болох олон хүнд сорил бэрхшээлүүдийг хамтдаа даван гарах боломжтой болохыг анхааруулж байна. Тиймээс би “Бүгдээрээ нэгдэн хамтран ажиллах”-ыг уриалж үүний төлөө чин сэтгэлийн угаас залбиръя.
XIV Далай Лам, 2020 оны 05 сарын 1