Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт Бурхан Багшийн их дүйчин өдрийг ёслон тэмдэглэж байгаа буддист ахан дүүсдээ мэндчилгээ дэвшүүлэхэд надад машид таатай байна.
Бурхан Багш 2600 жилийн өмнө Лумбинид мэндэлж, Бодьгаяад төгс гэгээрлийн хутгийг олж, Кушинагарт таалал төгссөн билээ. Гэвч өнөөг хүртэл түүний сургааль номлолууд манай гариг даяар чухал нөлөөтэй байсаар ирсэн гэдэгт би итгэдэг. Бусдад туслах агуу их нигүүлсэхүйн эрхээр Бурхан Багш гэгээрэлд хүрсэн бөгөөд гэгээрлийн дараа өөрийн сургааль номлолыг сонсохыг хүссэн хүн бүрт хүртээмжтэй байлгах үүднээс үлдсэн бүхий л насандаа хуврагийн амьдралаар амьдарчээ. Түүний шүтэн барилдлагын үзэл ба бусдад ямар ч гэм хор учруулахгүй, аль чадахаараа туслах ёстой гэсэн үзэл нь бүхэлдээ “хүч үл хэрэглэх” ёсыг илэрхийлдэг. Энэ нь өнөөгийн дэлхий ертөнцөд сайн сайхныг авчрах хамгийн хүчирхэг арга зам бөгөөд энэрэл нигүүлсэл дээр суурилсан “хүч үл хэрэглэх” үзэл нь хүн төрөлхтөн бидэнд хамгийн хэрэгцээтэй байгаа билээ.
Улам илүү хоорондоо харилцан хамаатай энэ цаг үед бидний аз жаргал өөр бусад олон хүмүүсээс хамаарна. Өнөөгийн бидэнд тулгараад буй олон бэрхшээл сорилтууд хүн төрөлхтөн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг биднээс шаардсаар байна. Олон өнгөц ялгааны цаана амар тайван, аз жаргалтай амьдралыг хүссэн суурь хүсэл мөрөөдлөөрөө бид адилхан юм. Буддист уламжлалд бясалгалаар дамжуулан өөрсдийн оюун ухамсараа дадлагажуулах арга бий. Сэтгэл, оюунаа амгалан тайванд дадуулан энэрэл нигүүлсэл, өгөөмөр ба тэвчээр хүлцэлийн чанаруудыг хөгжүүлэхийн тулд, энэ бүгдийг үр дүнтэй болгохын тулд бид эдгээрийг өдөр тутмын амьдралдаа дадлага болгох шаардлагатай.
Саяхныг хүртэл дэлхийн олон орны өвөрмөц онцлог бүхий буддист уламжлалууд нэг нэгнийхээ талаар тойм ойлголт төдий байсан бөгөөд бид хичнээн их адил зүйлийг бусдад түгээдэг гэдгээ мэдэх боломжгүй байв. Харин өнөөдөр буддизмын бүхий л уламжлалуудыг сонирхох төдийд ойлгон таних боломжтой болжээ. Үүний зэрэгцээ эдгээр ялгаатай уламжлалуудыг дадлага болгодог, бас тайлбарлан сургадаг бидний хувьд ойртон уулзаж бие биенээсээ суралцах боломж ч бас бүрдсэн юм.
Төвөдийн буддын хуврага хүний хувьд би өөрийгөө Наландын уламжлалыг залгамжлагч гэж үздэг. Наландын их сургуулийн учир шалтгаан ба логикт суурилсан буддизмыг судлах арга зам нь Энэтхэг дэх бурханы шашны хөгжлийн ноён оргилыг илэрхийлдэг. 21-р зууны буддистуудын хувьд бид Бурхан Багшийн сургаальд зөвхөн итгэл сүжгээр хандах бус олон мэргэдүүд Наландын их сургуульд хэрхэн суралцсаны адил суралцах нь чухал билээ.
Бурхан Багшийн үеэс хойш дэлхий ертөнц асар их өөрчлөгдсөн байна. Орчин үеийн шинжлэх ухаан нь материаллаг физик ертөнцийн тухай нарийн гүнзгий ойлголтуудыг хөгжүүлсэн бол нөгөө талд буддизмын шинжлэх ухаан оюун ухамсар ба сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаарх ойлголтуудыг гүнзгий хөгжүүлсэн нь орчин үеийн шинжлэх ухаанд харьцангуй шинэлэг зүйл болсон юм. Өөрөөр хэлбэл нэг нэгнийхээ дутууг нөхөх чухал мэдээллүүдийг агуулсан байна. Тиймээс энэ хоёр чиглэлийг нэгтгэж чадвал бидний бие махбодь, сэтгэлзүйн болон нийгмийн сайн сайхныг улам хөгжүүлэх олон нээлтүүдэд хүрэх боломжтой гэдэгт би итгэдэг.
Бурхан Багшийн сургааль номлолыг хадгалан хөгжүүлдэг бидний хувьд түүний үзэл санаа нь нийт хүн төрөлхтөнтэй өргөн цар хүрээнд харилцахад чухал нөлөө үзүүлдэг. Бүх шашны уламжлалууд хүний аз жаргалыг чухалчилдаг гэх үндсэн санаанд түшиглэн шашин хоорондын ойлголцлыг дэмжих шаардлагатай. Мөн дэлхийн хэмжээнд ноцтой хүндрэл учирч, бидний эрүүл мэндэд аюул заналхийлж, бас амь насаа алдсан гэр бүлийн гишүүд, найз нөхдөө санан гашуудаж буй энэ цаг үед биднийг хүн төрөлхтөний нэгэн гэр бүлд нэгтгэж буй хүчин зүйлсдээ анхаарлаа хандуулах ёстой. Тиймээс нэг нэгэндээ энэрэл нигүүлслийн сэтгэлээр гараа сунгах хэрэгтэй ба зөвхөн нэгдмэл, зохион байгуулалттай, бүх нийтийн хүчин зүтгэлээр ирээдүйн олон хүнд сорилуудыг хамтдаа даван туулж чадна.
XIV Далай Лам, 2020 оны 5 дугаар сарын 7