Үнэхээр олон хүн, амьтан өдөр бүр зовж байна. Тэдэнд туслах олон хэлбэр байх боловч энэ нь тэдний нөхцөлийг таних, тэдэнд туслах хамгийн сайн аргыг хэр ойлгохоос шалтгаална. Энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, чадварлаг аргатай байх нь хангалтгүй – өөрийн цаг хугацааг хайрлахгүй зориулдаг, хувийн сахилга баттай, тэвчээртэй, хичээнгүй, төвлөрөлтэй, билиг ухаантай байх бас хэрэгтэй. Энд бусдад туслах 11 хэлбэрийг танилцуулъя. Эдгээр нь ядарч, зүдэрсэн тэдэнд тус болох төдийгүй бидэнд уйтгар гунигийн торноосоо гарах, амьдралаа утга учиртай болгоход бас тусална:
1. Зовж буй тэднийг асар
Өвдсөн, тахир дутуу, шаналж байгаа тэдгээрийг бид асрах хэрэгтэй. Хэрэв бид хэн нэгэн хүн хүнд ачаа үүрэн эсвэл хэцүү үүрэг хүлээн зүдэрч байхтай таарвал ачаанаас нь үүрэлцэх хэрэгтэй.
2. Өөртөө хэрхэн туслахаа мэдэхгүй төөрч будилсан тэднийг залуурд
Хэцүү нөхцөлүүдэд юу хийхээ мэдэхгүй будилсан тэдэнд хэрэв бидэнд хандвал зөвлөх ба наад зах нь тэднийг анхааралтай сонсох хэрэгтэй. Нохой эсвэл муур тань аль нэг өрөөнд ороод гарч чадахгүй байвал та хаалгыг нь нээн өгч тэднийг гаргадаг. Энэ чиг хандлагыг бүр ялаа хүртэл цонхон дээр эргэлдэх үед ашиглана. Ялаа өрөөнд байхыг хүсэхгүй байна; өрөөнөөс гарахыг хүсэж байгаа учраас цонхыг нээн өгч түүнийг гаргах хэрэгтэй.
3. Тус хүргэсэн тэдний ачийг хариул
Дэлхий ертөнц дээр бүх зүйл амжилттай явагдахад оролцож буй тэдний бүхий л хүч хөдөлмөрт талархах нь чухал бөгөөд эцэг эх гэх мэт бидэнд маш их зүйл хийж өгсөн тэдгээр хүмүүст тус хүргэхийг хичээ. Эдгээрийг гэм буруутай эсвэл үүрэг гэсэн сэтгэлээр бус харин чин сэтгэлээсээ талархан хийх хэрэгтэй.
4. Айдаст автсан тэдний сэтгэлийг зас, халамжил
Айсан хүн, амьтны сэтгэлийг засахыг чадахаараа хичээх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн аюултай ямар нэг газар уруу явах шаардлагатай болбол тэдэнтэй хамт явж, туслахыг санал болго. Хүчирхийллээс зугтсан дүрвэгсдийг аюулгүй байлгаж, суурьшихад нь тусал. Дайн эсвэл хүчирхийллийн улмаас сэтгэл санааны хохирол амсаад буй, хүнлэг ёс хэрэгтэй байгаа тэдний сэтгэлийн шархыг эдгэхэд тусал.
5. Гашуудаж, харамссан тэдний сэтгэлийг тайтгаруул
Салж эсвэл хайртай хэн нэгнээ хорвоогоос алдаж шаналж байгаа хүмүүсийг энэрэнгүй сэтгэлээр тайтгаруулахыг хичээ. “Өө, хөөрхий зайлуул” хэмээн бодож тэднийг өрөвдөх биш, харин тэдний оронд өөрийгөө тавьж зовлонг нь хуваалц.
6. Ядуу зүдүү тэдэнд эдийн өглөг өг
Тусламжийн шугамаар хандив өргөх нь сайн боловч гудамжинд тааралдсан гуйлга гуйж яваа хүмүүст өглөг өгөх нь бас чухал. Бидэнд ямар нэг дургүйцэх сэтгэл байвал, ялангуяа хэрэв орон гэргүй гуйлгачин хүмүүс бохир заваан, таагүй харагдаж, тэднийг бүр харахыг хүсэхгүй байх сэтгэл төрвөл түүнийг даван гарч тэдэн уруу инээмсэглэж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэр гуйлга гуйн амьдарч байгаа орон гэргүй хүн таны ээж эсвэл хүү тань байсан бол яах бол хэмээн бод: тэднийг зүгээр нэг хэсэг өмхий хог мэт санаж хүйтэн сэтгэлээр хажуугаар нь өнгөрөн явж бид хэрхэн чадах билээ?
7. Бидэнд шунасан тэдэнд сургаал, номыг таниул
Цаг үргэлж бидэнтэй байхыг хүсдэг тэдгээр хүмүүст туслахыг бас хичээх хэрэгтэй. Бид тэднийг өөрөөсөө хараат байхыг хүсдэггүй, харин хэрэв тэд бидэнтэй маш хүчтэй холбоотой бол жаргалтай байх, бусдад туслах тухай Бурханы шашны суурь аргуудыг заан өгч туслахыг оролдож болно, гэвч зөвхөн тэд сонирхсон тохиолдолд. Энэ бол тэднийг шашинд оруулах тухай бус харин ерөнхий зөвлөгөө, тусламж өгөх тухай юм. Ийм байдлаар бид харилцаагаа утга учиртай болгож чадна.
8. Бусдын хүссэний дагуу тусал
Бусдад тохирох байдлаар тэдэнд туслахыг хичээх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн биднээс тэдэнд ямар нэг зүйл заахыг хүсвэл, хэдийгээр тэр нь бидний хийх дуртай зүйл биш байсан ч, хэрэв тэр нь тэдэнд тохиромжтой, бид тийнхүү хийж чадахаар байвал хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Найзуудтайгаа хамт хооллохоор явахдаа, өөрийн дуртай газар, өөрийнхөө дуртай хоолыг идэхээр үргэлж зүтгэх нь бусдыг бодоогүй, хувиа хичээсэн хэрэг болохтой адил. Бусдын дуртай газар уруу заримдаа бас явж болно. Харилцаанд байдгийн адил бид өөрийн хүсэж байгаа зүйл, бусдын хүсэж байгаа зүйлийн хооронд зөвшилцөх хэрэгтэй. Бүгд үргэлж бидний тухай, бидний хүсэж байгаа зүйлийн тухай байх албагүй.
9. Амьдралаа зөв авч яваа тэдэнд урам өг
Амьдралаа зөв авч яваа тэднийг магтан тэдэнд тусалж болно – эерэг зам мөрөөр явж, сайн ажиллаж байгаа хүмүүст – ингэхдээ тэдэнд бардам сэтгэл төрөхгүй байхад анхаарах хэрэгтэй. Энэ нь ялангуяа өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүстэй харилцахад хамаатай. Аль хэдийн бардам байгаа тэдгээр сайн чанартай хүмүүстэй харилцах тохиолдолд тэднийг нүүрэн дээр нь биш бусдад магтаж болно. Тэдний чадварыг бусдад тус болоход ашиглаж тэдэнд урам өгч, харин тэдний гаргаж болох алдааг өөрт нь хэлэх байдлаар бардам сэтгэлийг нь багасгахад тусалж болно.
10. Амьдралаа буруу авч яваа тэдэнд эерэг зан байдлыг харуул
Хэрэв бид амьдралаа маш буруу, сөрөг байдлаар авч яваа хүмүүстэй таарвал хэзээ ч тэднийг орхиж, тэднээс татгалзаж, буруушааж болохгүй. Харин бусдыг шүүмжлэхийн оронд хэрэв тэд өөрчлөгдөхөд бэлэн байвал сөрөг зан байдлыг арилгах аргуудыг үзүүлэхийг хичээх хэрэгтэй.
11. Бүх төлөвлөгөө амжилтгүй болох үед зургаа дахь чадвараа ашигла
Бидний заримд ер бусын чадварууд байдаг. Бид тулааны урлагийг гарамгай эзэмшсэн байж болно, гэвч бусдын анхаарал бүү тат. Гэвч хэрэв бид хэн нэгэн халдлагад өртөж байгааг харвал тэрхүү этгээдийг зогсоох өөр арга байхгүй тохиолдолд өөрийн чадварыг ашиглах хэрэгтэй.
Бусдад туслах үнэхээр олон арга бий. Ур чадвар бол хэнд, юугаар, хэрхэн туслахыг мэдэх төдийгүй хэзээ тусалж, бусад өөртөө тусалж сурах үүднээс хэзээ хойш болохыг мэдэх явдал юм. Бие махбодын эсвэл сэтгэл санааны хувьд илэрхий зовж байгаа тэдэнд бидний шууд тусламж хэрэгтэй. Гэвч тусламжийг нь тохирох хэмжээнд үзүүлэх ёстой – хэтэрхий их , хэтэрхий бага биш. Зовсон тэднийг хөл дээрээ босоход нь туслах хэрэгтэй, гэвч хамгийн сайн, урт хугацааны тусламж нь тэднийг цааш өөрөө алхан явж чадахуйц нөхцөл, хэрэгслээр хангах явдал байж болно.