Дотоод амар амгалангаар нийтийн амар амгаланд хүрэх

Study buddhism universal values 06

Бие хийгээд сэтгэлийн зовлон

Энх тайван бол өрнө, дорно, өмнөд, умардад хаана амьдрахаас үл хамаарах хүн бүрийн санаа зовних асуудал. Чинээлэг, буурай байхаас үл хамааран хүн бүр энх тайвны талаар чин сэтгэлээсээ санаа тавих хэрэгтэй. Бид бүгд хүн төрөлхтөний нэг хэсэг бөгөөд бидэнд нийтлэг нэг сонирхол байдаг. Тэр нь аз жаргалтай байх, аз жаргалтай амьдрах. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдралыг хүртэх эрхтэй. Үүнийг бид дээрх нийтлэг сонирхлын түвшинд ярьж байна. Хүн бүгдэд “би” гэсэн нэг сэтгэл байдаг ч “би” гэдэг чухам юу болох талаар бидэнд бүрэн дүүрэн ойлголт байдаггүй. Гэвч тэр “би” гэсэн хүчтэй сэтгэл байсаар байдаг. Тэр сэтгэлээс л зовлонгүй, аз жаргалтай байх гэсэн хүсэл гарч байдаг. Энэ үүднээсээ бид бүгд аз жаргалтай байх эрхтэй.

Хэдий тийм боловч бидний амьдралд таагүй олон зүйл, бэрхшээлүүд байнга тохиолдож байдаг. Эдгээрийг бид хоёр ангилдаг. Нэг хэлбэр нь бие махбодын шинжтэй. Жишээлбэл өтлөх, өвдөх. Жишээ нь би гэхэд аль хэдийнэ үүний заримыг биеэрээ үзэж эхлээд байна – сонсох, харах, алхах надад хэцүү болж байна. Энэ бүхэн зайлшгүй тохиолдох зүйлүүд. Өөр нэг хэлбэр нь сэтгэл санааны түвшинд явагддаг. Хэрэв бие махбодын түвшинд бүх зүйл ая тухтай, элбэг хангалуун байсан хэдий ч бид тодорхой хэмжээгээр сэтгэл санааны хямралтай, өөртөө итгэлгүй байвал бид ганцаардаж эхэлдэг. Бидэнд атаархал, айдас, хорсол байгаа үед бид ямарч аз жаргалгүй болдог. Иймд бид бие махбодтой ямарч холбоогүйгээр сэтгэл санааны түвшиндээ их бэрхшээлтэй байж болно.

Биеийн тав тухын хувьд, мөнгөөр, бид мэдээж зарим нэг асуудлыг багасгаж, бие махбодын хувьд ханамж авч болно. Ийм бие махбодын түвшний ханамж, эрх мэдэл, нэр, алдар бидэнд дотоод амар амгалан авчирч чаддаггүй. Үнэндээ зарим талаараа их мөнгө, эд баялаг нь бидэнд илүү их сэтгэлийн зовлон авчирдаг. Бид өөрсдийн нэр, алдар хүндийг хамгаалахад хэт их санаа зовж улмаар энэ нь хуурамч дүр, ая тухгүй байдал, сэтгэл санааны дарамтанд ороход хүргэдэг. Үүнээс харахад сэтгэлийн таашаал нь гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалдаггүй харин хэрхэн юмсыг харах дотоод хандлагаас шалтгаалдаг байна.

Ядуу тарчиг боловч дотооддоо маш хүчтэй, аз жаргалтай олон хүмүүстэй бид тааралддаг. Хэрэв бид сэтгэлийн дотоод ханамжтай байвал аливаа бие махбодын хэцүү зовлонг даван гарч, түүнийг хувиргаж чаддаг. Бие махбод болон сэтгэл санааны зовлон хоёрын сэтгэл санааны зовлон нь илүү хэцүү байдаг гэж би бодож байна. Учир нь бие махбодын зовлонг сэтгэлээр даван туулж болно, харин сэтгэлийн зовлонг бие махбодын ая тухаар даван туулж чадахгүй.

Хүний сэтгэл санааны асуудал, бэрхшээл нь амьтдынхаас илүү хүчтэй, хүнд байдаг. Харин бие махбодын түвшинд аль алиных нь зовлон адилхан байж болох боловч хүний хувьд оюун ухаантай учраас бидэнд амьтдаас ялгаатай эргэлзээ, итгэл найдвар, сэтгэлийн хямрал гэж байдаг. Энэ бүхэн нь биднийг сэтгэлийн дарамтанд оруулдаг ба энэ нь бидний оюун ухааны өндөр чадамжтай холбоотой. Үүнийг даван туулахын тулд бид бас оюун ухаанаа ашиглах ёстой. Сэтгэл хөдлөлийн хувьд зарим сэтгэлийн хөдлөлүүд үүссэн даруйдаа бидний сэтгэлийн тайван байдлыг маш их алдуулдаг байхад тодорхой зарим нь бидэнд илүү их хүч өгч байдаг. Энэ нь бидний эрч хүч, итгэл найдварын үндэс болж сэтгэл санааны хувьд илүү тайван, амгалан байхад нөлөөлдөг.

Сэтгэл хөдлөлийн хоёр хэлбэр

Ийм учраас сэтгэл хөдлөлүүдийг хоёр хэлбэрт хуваадаг. Нэг хэлбэрт нь сэтгэлийн амар амгаланд сөрөг нөлөөтэй, уур, хорсол гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг багтаадаг. Тэдгээр нь тухайн мөчид сэтгэлийн амгаланг алдуулаад зогсохгүй бидний бие, хэлэнд, өөрөөр хэлбэл бидний хийх үйлдэлд нөлөөлдөг. Биднийг буруу үйлдэл хийхэд хүргэдэг учраас их хортой. Тэгвэл бусад нь бидэнд дотоод хүч, амгалан өгч байдаг энэрэн нигүүлсэх гэх мэт сэтгэлүүд байдаг. Ийм сэтгэлүүд нь бидэнд жишээлбэл уучлах хүчийг өгч байдаг. Зарим хүнтэй тухайн нэг цаг хугацаанд таагүй харилцаатай байсан ч уучлал нь яваандаа биднийг тайван байж, сэтгэл амрахад хүргэдэг. Тухайн зөрчилдөж байсан хүнтэйгээ ч найз нөхөд болж болдог.

Гадаад амгалан

Амгалан тайван байдлын тухай ярих үед бид эдгээр сэтгэл хөдлөлүүд болон дотоод амгалангийн тухай ярих ёстой болдог. Тиймээс бид ямар сэтгэлийн төлвүүд дотоод амгаланд хүргэдэгийг мэдэх хэрэгтэй. Гэвч эхэнд нь гадаад амгалангийн талаар хэдэн зүйл хэлье.

Гадаад амгалан гэдэг бол зөвхөн хүчирхийлэлгүй байхыг хэлэхгүй. Магадгүй хүйтэн дайны үеэр бид энх амгалан байсан ч энэ нь үй олноор хөнөөх зэвсгийн аюулаас айсан айдас дээр суурилсан байсан. Хоёр тал аль аль нь эсрэг талын цөмийн зэвсэглэлээс айж байсан болохоор энэ бол жинхэнэ энх тайван биш байсан. Жинхэнэ энх амгалан дотоод амгалангаас бий болох ёстой. Аливаа зөрчил үүсэхэд бид шийдэх тайван замыг хайх ёстой ба энэ нь яриа хэлэлцээр хийнэ гэсэн үг юм. Иймд энх тайван нь бие биеэ хүндэтгэсэн, бусдад гэм хүргэхээс зайлсхийсэн, бусдын амьдрал минийхтэй адил эрхэм нандин гэсэн хандлагатай халуун дулаан сэтгэлтэй маш их холбоотой. Бид энэ бүхнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй ба энэ үндсэн дээр хэрэв бид бусдад тус хүргэж чадахаар бол түүнийгээ бас хийдэг.

Бидэнд бэрхшээл тулгарах үед хэн нэгэн туслахаар ирвэл бид мэдээж түүнд талархана. Хэрэв хэн нэгэнд зовлон тохиолдоход хүний бусдын зовлонг ойлгодог сэтгэлээ илэрхийлэхэд л тэрээр талархаж, маш их баярладаг. Иймээс бидний дотоод энэрэл, сэтгэлийн амгалангаар бүх үйл тайван амгалан болдог. Хэрэв бид дотоод амгаланг бий болгож чадвал гадааддаа бас амар амгаланг авчирч чадна.

Хүмүүс бид харилцаандаа үргэлж өөр өөрийн үзэл бодолтой оролцдог. Гэвч “би”, “тэд” гэсэн хүчтэй баримтлал дээр суурилан, улмаар “миний сонирхол”, “бусдын сонирхол” гэсэн үзэл ойлголтыг гаргаж ирдэг. Үүнээс болж дайн ч гарч болно. Бид бидний дайсны сүйрэл бидэнд ялалт авчирдаг гэж боддог. Гэвч одоо өөр шинэ бодит байдал бий болоод байна. Бид бие биеэсээ эдийн засаг, экологийн маш гүнзгий хамааралтай болсон байна. Иймд “бид”, “тэд” гэсэн ойлголт зохимжгүй болж “тэд” гэдэг хүмүүс одоо “бидний” нэг хэсэг болоод байна. Ийм учраас сэтгэлийн амар амгаланг бий болгох гол хүчин зүйл бол энэ гариг дээр амьдарч байгаа зургаан тэр бум хүн бүгдээрээ аз жаргалтай байх ижил эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөсөн, үүн дээр суурилсан энэрэх сэтгэл юм. Ингэж бид хүн бүрийг чин сэтгэлээсээ авч үзсэнээр гадаад амар амгаланг – энх тайвныг бий болгож чадна.


Видео: 14-р Далай лам — “Илүү сайн хүн төрөлхтөн болоход хувь нэмэр оруулах”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Хамгийн бага түвшингээс эхлэх нь

Амгаланг бид өөрсдийн дотооддоо хөгжүүлэхээс эхлэх хэрэгтэй. Тэгээд гэр бүл, дараа нь бидний хүрээнийхний дунд. Жишээ нь Мексикт нэг хүн өөрийн амьдардаг газартаа “Энх тайвны бүс” байгуулсан. Ингэхдээ нэг зөвшилцөл гаргаж бүгд дагахаар санал нэгдсэн. Тэд энэ бүс дотор ямар нэг хүчирхийлэл хийхээс зайлсхийнэ. Хэрэв санал зөрчилдөж, муудалцах бол бүсээс гадагшаа гарна гэж тохиролцсон. Энэ үнэхээр сайн зүйл.

Дэлхий нийтээрээ энх тайван байх тухай асуудал хэцүү боловч эцэстээ энэ нь хамгийн сайн зүйл болох байх. Гэхдээ илүү бодит байдалд нийцтэй арга нь өөрөөсөө, гэр бүл, баг, дүүрэг гэх байдлаар хамгийн бага түвшингээсээ, дээрх энх тайвны бүс гэдэгтэй адил зүйлүүдийг хийж эхлэх явдал юм. Тэгвэл дотоод амгалан гэдэг бол энэрэн нигүүлсэх сэтгэлтэй маш их холбоотой.

Өнөөдөр дэлхий дээр юмс маш их өөрчлөгдөж байна. Миний нэг саяхан талийгаач болсон нөхөр, герман найз, Фрийдрих фон Вайцсэкер, түүнийг би миний багш байсан гэж боддог юм. Тэрээр түүнийг бага байх үед бүх Герман хүмүүсийн хувьд Франц хүмүүс тэдний дайсан, бүх Франц хүмүүсийн хувьд Герман хүмүүс тэдний дайсан гэж тооцогддог байсан тухай ярьж байсныг би санаж байна. Гэвч одоо юм их өөр болсон байна. Одоо нэгдмэл нэг хүч, Европын Холбоо бий болсон байна. Энэ бол маш сайн зүйл. Өмнө нь улс бүр өөр өөрийн бүрэн эрхт байдлыг чухалд тооцдог байсан бол одоо Европт шинэ нөхцөл байдал – хувийн ашиг сонирхлоос илүү нийтийн ашиг сонирхол чухал болоод байна. Хэрэв эдийн засаг сайжирвал бүх гишүүн орнууд ач тусыг нь хүртэнэ. Одоо энэ санааг энэ гаригийн зургаан тэр бум хүнд түгээх нь чухал. Бид хүн бүр энэ том гэр бүлийн нэг гишүүн гэж бодох хэрэгтэй байна.

Энэрэн нигүүлсэх сэтгэл нь биологийн хүчин зүйл

Энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухайд, эхээс төрдөг бүх амьтад – хүн, хөхтөн амьтан, жигүүртэн гэх мэт эдгээр амьтдын өсөж торних үйл явц нь эхийн хайр халамжаас шалтгаалдаг. Энэ нь усны яст мэлхий, эрвээхэй, салмон гэх мэт өндөглөөд үхдэг цөөн тооны төрөл зүйлээс бусад амьтдын хувьд бодит зүйл юм. Дээрх амьтад бага зэрэг онцгой ялгаатай. Жишээлбэл усны яст мэлхийг аваад үзье. Эх нь далайн захад өндгөө гаргаад тэгээд яваад өгдөг. Нялх яст мэлхийн эсэн мэнд байх нь дан ганц өөрийнх нь хүчин зүтгэлээс хамаарна. Тэдэнд эхийн хайр халамж хэрэггүй байдаг. Гэвч тэд эсэн мэнд бойждог. Би зарим хүмүүст хэрэв яст мэлхийний өндөг хагарах үед бага яст мэлхий, эх хоёрыг хамт байлгаж бие биеэ хайрлах эсэхийг нь харах туршилт хийвэл сонин байж болох тухай ярьдаг юм. Тэд бие биеэ хайрлана гэж би бодохгүй байна. Байгал тэднийг ингэж бүтээсэн болохоор хайр энхрийллийн хэрэг байхгүй. Гэвч хөхтөн амьтад тэр дундаа хүмүүст эхийн хайр байхгүй бол бид бүгд амьд байхгүй.

Нялх хүүхдээ асарч хайрлахад энэрэл, хайр энхрийлэл, халамж, зовнил гэх мэт сэтгэлүүд байх шаардлагатай. Төрсөнөөс хойшхи хэдэн долоон хоногийн хугацаанд хүүхдийн уураг тархины хөгжилд эхийн хайр энхрийлэл чухал байдаг гэж эрдэмтэд хэлдэг. Хайр энхрийлэлээр дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийн хүүхдүүд илүү их аз жаргалтай байдгийг бид мэднэ. Тэрчлэн бие махбодын хувьд ч илүү эрүүл байдаг. Харин хайр энхрийлэл дутуу өсөж буй хүүхдүүд ялангуяа бага насандаа их бэрхшээл үзэх хандлагатай байдаг.

Хэсэг эрдэмтэд бага сармагчингуудыг эхээс нь тусгаарлаж туршилт явуулж үзэхэд тэд үргэлж зан ааш муутай байж, хоорондоо зодолддог байсан. Харин эхтэй нь хамт байлгасан хэсэг нь сайхан зантай, бие биетэйгээ эвтэй тоглож байсан. Ялангуяа нялх нярай байхдаа хайр халамж үзээгүй хүний хүүхдүүд хүйтэн хөндий болох хандлагатай байдаг. Тэд бусдад энэрэл хайр үзүүлэхдээ дутмаг, зарим тохиолдолд бусдад ширүүн догшин ханддаг. Тэгэхээр энэрэл хайр гэдэг бол биологийн хүчин зүйл – байгалиас заяагдсан хүчин зүйл.

Энэрэх сэтгэл, сэтгэл хөдлөлүүд нь биологийн, махбодын түвшинд ингэж холбогддог учраас зарим эрдэмтдийн хэлсэнчлэн хэрэв бид цаг үргэлж уурлаж, айдас, хорсол тээж байвал бидний дархлалын системийг идэж, сулруулдаг. Харин энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл нь дархлалын системийг тэтгэж, бэхжүүлдэг гэж би бас боддог.

Өөр нэг жишээ авч үзье. Анагаах ухааны салбарыг авч үзвэл хэрэв нэг талаас сувилагч, нөгөө талаас өвчтөн хоёрын хооронд итгэлцэл байвал энэ нь өвчтөний эдгэрэлтэнд чухал байдаг. Тэгэхээр итгэлцэлийн үндэс нь юу вэ? Хэрэв эмч, сувилагч хоёрын талаас өвчтөний эдгэрэлтэнд чин сэтгэлээсээ санаа тавьж анхаарах юм бол өвчтөнд итгэл бий болдог. Харин эмч нь маш сайн боловч өвчтөнтдөө машин адил хандвал тэнд маш бага итгэл байна. Эмч нь их туршлагатай байх тохиолдолд тодорхой хэмжээний итгэл байна. Хэрэв эмч илүү энэрэнгүй байвал тэнд бүр илүү их итгэл бий болдог. Өвчтөн нь сайн унтаж амарч, хямрах нь бага байдаг. Хэрэв өвчтөн илүү гүнзгий түвшинд хямрах юм бол маш түгшиж улмаар энэ нь эдгэрэлтэнд нь нөлөөлдөг.

Гэвч амьдралд асуудлууд тохиолдох нь мэдээж гарцаагүй. Энэтхэгийн бурханы шашны их мастер Шантидэва хэрэв бидэнд асуудал тулгарвал бид түүнийг сайн нягталж үзэх хэрэгтэй. Хэрэв асуудлыг даван туулах арга байвал, санаа зовох хэрэг юу байна, тэр аргаа хэрэглэ. Хэрэв шийдвэрлэх арга байхгүй бол, битгий санаа зов, санаа зовох нь бидэнд огт тус болохгүй гэж сургасан байдаг. Энэ мөрүүдийг санаж байх нь маш их тус болдог. Хэрэв бид ийм байдлаар бодвол том асуудлуудыг ч багасгаж чадна.

Бусдын хайр халамж хэрэгтэй үед, ялангуяа бага балчир үед бидэнд хайр энхрийлэл, энэрэх сэтгэл хэрэгтэй байдаг. Харин өсөж томрон бие даах үедээ өөрсдийнхөөрөө байх үүднээс бид түрэмгийлэх нь энэрч нигүүлсэхээс илүү чухал гэж үзэх хандлагатай болдог. Гэтэл зургаан тэр бум хүн бүгд эхээс төрсөн. Хүн бүр бага балчир байхдаа эхийн хайр, халамжинд сэтгэл ханамж, аз жаргалыг амсдаг. Хэрэв ээж нь биш байлаа гэхэд өөр хэн нэгний хайранд өсдөг. Тэгвэл аажмаар бидний энэ чанар суларч томрох хирээр илүү түрэмгий, дээрэнгүй болж, асуудлууд үүсгэж эхэлдэг.

Бодит байдлыг харах шаардлага

Сэтгэлд уур төрөхөд тэр нь уураг тархийг ноёлдог. Шведийн нэг эрдэмтэн бидний уурыг хүргэж байгаа хүний харагдах муухай байдлын 90% нь сэтгэлийн тусгал (төсөөлөл) байдаг гэж надад хэлж байсан. Өөрөөр хэлбэл тэр муухай байдлын 90% хувь нь бидний сэтгэлийн дүрслэл байдаг. Энэ нь бид хэн нэгэнд хүчтэй татагдахад бас адил байдаг. Бид тухйн хүнийг 100% сайхан бас сайн гэж харж байдаг. Гэвч үүний нилээд хувь нь бас сэтгэлийн тусгал байдаг. Бид бодит байдлыг хардаггүй. Ийм учраас бодит байдлыг харах нь маш чухал.

Өөр бас нэг чухал зүйл бий. Хэн ч төвөг бэрхшээл хүсдэггүй. Тэгвэл яагаад бэрхшээл үүсээд байна вэ? Энэ нь бидний туршлагагүй байдал, юмыг буруу таньсан төөрөгдөл, хэрэглэдэг аргаас болдог. Бид бодит байдлыг харахгүй байна. Хязгаарлагдмал үзэл бодлоосоо болж бид бодит байдлын бүхэл зургийг харж чаддаггүй. Бид зөвхөн хоёр хэмжээст харж байдаг. Энэ бол хангалттай биш. Бид юмсыг гурав, дөрөв, зургаан хэмжээст харах хэрэгтэй. Бодитойгоор нягталж үзэхийн тулд бид эхлээд сэтгэлээ тайван болгох хэрэгтэй.

Үр өгөөжтэй эсвэл хор хөнөөлтэй сэтгэлийн хөдлөлүүдийн хоорондын ялгаа нь эдгээр бүх санаануудыг ойлгоход бас чухал ач холбогдолтой. Өсөж том болохын хирээр бидний энэрэн нигүүлсэх биологийн хүчин зүйл буурдаг учраас бидэнд үүнийгээ буцааж бэхжүүлэх, сэтгэлийн боловсрол, сургалт хэрэгтэй. Бидний биологийн талын энэрэх сэтгэл нь нэг талыг барьсан шинжтэй байдаг – бусдаас хайр энхрийллийг хүлээн авсаны үндсэн дээр суурилдаг. Гэвч үүн дээр тулгуурлаж сайн нягталсан учир шалтгаан, шинжлэх ухааны хүчин зүйлүүдээр ойлголтоо тэлсэнээр энэ биологийн түвшний энэрэн нигүүлсэх сэтгэлээ хадгалах төдийгүй түүнийгээ нэмэгдүүлж чадна. Сэтгэлийн сургалт, боловсролоор бид өөрсдийн хязгаарлагдмал, нэг талыг барьсан энэрэх сэтгэлээ хязгааргүй, алагчлалгүй болгож, зургаан тэр бум хүнд, түүнээс цааш ч тэлж чадна.

Боловсрол чухал болох нь

Энэ бүхний гол түлхүүр нь боловсрол юм. Орчин үеийн боловсрол уураг тархи, оюун ухааны хөгжил дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Гэвч энэ хангалттай биш. Бид боловсролын системээрээ халуун дулаан сэтгэлийг хөгжүүлж чаддаг болох хэрэгтэй байна. Хүүхдийн цэцэрлэгээс эхлээд их дээд сургууль төгсөх хүртэл үүнийг хийх хэрэгтэй байна.

Америкт хэсэг эрдэмтэд хүүхдүүдэд илүү их энэрэн нигүүлсэх сэтгэл, ухамсар төлөвшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулаад байна. Энэ нь эдгээр хүүхдүүдэд дараа дараагийн төрлөө дээшлүүлж улмаар нирваанд хүрэхэд нь туслах гэж биш харин энэ амьдралд нь тус нэмэр болох зорилготой юм. Бүр зарим их дээд сургуулиудад энэрэн нигүүлсэх, халуун дулаан сэтгэл төлөвшүүлэх сургалтын хөтөлбөрүүд аль хэдийнэ бий болсон байна. Бид бүгд энэ гариг дээрх зургаан тэр бум хүний нэг хэсэг учраас тэр тэгш байдлын үндсэн дээрээ хүн бүр энэрэх сэтгэл хүртэх эрхтэй.

Дотоод болон гадаад зэвсэглэлийг зогсоох

Дотоод сэтгэлд болон дэлхий дахинд энх тайвныг тогтооход дотоод болон гадаад зэвсгийг аль алиныг нь хураах хэрэгтэй. Энэ нь хэрэв бид дотоод түвшиндээ энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлвэл үүний үндсэн дээр улмаар гадаад талдаа бүх зүйлийг, бүх орныг зэвсэглэлгүй болгож чадна гэсэн үг. Энэ бол Франц-Германы хамтарсан арми шиг нэгдсэн хүчинтэй болохтой адил. Энэ их сайн хэрэг. Хэрэв Европын Холбоо нэгдсэн нэг хүчинтэй болвол гишүүн орнуудын дунд ямарч зэвсэглэлийн асуудал байхгүй болно.

Нэг удаа Брюссельд Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байх үеэр би ирээдүйд Европын Холбооны удирдлагыг Зүүн Европын орнуудын нэг, жишээлбэл Польш улсад шилжүүлбэл их сайн болох байх гэж хэлж байсан. Улмаар холбоондоо Оросыг нэгтгэж, бүр цаашилбал НАТО-гийн удирдлагыг Москвад шилжүүлж болох юм. Хэрэв ингэж чадвал энд Европт үнэхээр энх тайван тогтож ямарч дайны аюул байхгүй болно. Одоохондоо Орос, Гүржийн хооронд асуудал байгаа боловч бид найдвараа хадгалсаар байх хэрэгтэй.

Ингэж энх тайвныг тэлсэний үндсэн дээр жишээлбэл Францын зэвсгийн үйлдвэрлэлийг яваандаа зогсоож, эдийн засгийг илүү үйлдвэрлэлийн тал руу нь чиглүүлж болно. Жишээ нь, танкны оронд үйлдвэрүүд бульдозер үйлдвэрлэж болно!

Африкийн орнуудад бидний тусламж бас их хэрэгтэй байна. Баян, ядуугийн ялгаа том асуудал болж байна. Зөвхөн дэлхийн түвшинд ч биш, үндэстний түвшинд баян, ядуугийн зааг их байна. Жишээ нь Францад баян хоосны маш том зөрүү байна. Зарим хүмүүс бараг өлсгөлөнд нэрвэгдэж байна. Бид бүгд хүмүүс, бидэнд бүгдэд нь адил итгэл найдвар, хэрэгцээ шаардлага, асуудал байдаг. Бид энэ бүх санааг өөрсдийн дотоод амгалангаар дамжуулж энх тайвныг бий болгохтой холбож үзэх хэрэгтэй.

Top