Нигүүлсэхүй төрөх нь

Зовлон болон түүний шалтгаанаас хагацахыг хүссэнээр бусдыг гэсэн нигүүлсэнгүйг төрүүлэн, тэднийг ч мөн энэ адилаар хагацаасай хэмээн хүснэ.
Meditation feeling compassion

Тайлбар

Бусдыг асран хайрлах зөв сэтгэлийг төрсөн бол түүний дараагийн алхам бол бусдыг нигүүлсэх сэтгэл төрүүлэх юм. Нигүүлсэл бол бусдыг дорд үзэн өрөвдөх бус, харин бусдын оронд өөрийгөө тавьж, тэднийг ойлгох сэтгэл юм. Өөрөө зовлонгоос, түүний шалтгаанаас ангид байхыг хүсдэгийн адилаар бусдыг ч мөн зовлон болон зовлонгийн шалтгаанаас хагацаасай хэмээн хүсэх сэтгэл бол нигүүлсэнгүй мөн. Энэ бол ямар ч найдваргүй гэж мэдэх ч горьдлого тээсэн сэтгэл бус, харин тэдгээрээс хагацаж болно гэдэг итгэл дээр суурилсан сэтгэл юм. Нигүүлсэнгүй байна гэдэг бол чадахын хэрээр туслахад бэлэн байх, туслахыг хүсэх сэтгэлийг ч агуулна. Энэ бол огтын идэвхигүй хүсэл яав ч бус. Шаардлагатай бол биечлэн эсвэл эд хөрөнгөөр тусална, эсвэл бусад зовлон бэрхшээлээсээ хагацахад нь тустай буй тэрхүү сэтгэлийг төрүүлээд, түүнийг гадагш цацруулж байна хэмээн санана. 

Бясалгал

  • Амьсгал дээр тогтон, амарлина.
  • Өөрийгөө газар хөдлөлтөд өртөөд гэр орон, эд хөрөнгө бүгдийг алдан, хээр гадаа хоног төөрүүлж, хоол унд олдохгүй, амьдрал ахуйгаа босгох мөнгө ч байхгүй байна хэмээн төсөөлөн бодоорой. Ямар ч найдваргүй санагдан, сэтгэл санаагаар унаж гутарна. 
  • Тэгвэл энэхүү байдлаас гарахыг асар ихээр хүсэх байсан гэдгийг санаад, сэтгэлээр унаж гутарч байгаа нь зовж шаналж байгаагийн шалтгаан гэдгийг ухааран, гуниг гутралаас ангижирч, дахин хөл дээрээ босох арга зам олно хэмээн баттай шийдэх сэтгэлийг төрүүлээрэй. 
  • Дараа нь өөрийнхөө ээжийг энэ адилын нөхцөл байдалд байна хэмээн санаад, одоо өөрийгөө бус харин эхийгээ зовлонгоос ангид байгаасай хэмээх нигүүлсэхүйг төрүүлээрэй.
  • Ээжийгээ итгэл найдвараа алдалгүй, дахин босох зориг зүрх, хүч чадалтай байгаасай хэмээн хүсээрэй. 
  • Ингээд саявтар энэ адилын байдалд орсон хэдэн зуун мянган Балба хүмүүсийг санан, тэднийг нигүүлсэх сэтгэлийг төрүүлээрэй. 
  • Сэтгэл санаа тэнцвэр тогтворгүй байх зовлонг дээрхи адилаар бясалгана. Өөрийнхөө сэтгэл санаа үймцэн, тогтворгүй байсан үеийг эргэн санаад, тайван тогтуун, саруул тодорхой сэтгэл төрснөөр л энэ адилыг арилгах тул тогтворгүй сэтгэлээс ангижрах шийдвэрийг баттай төрүүл. 
  • Үүнийг мөн ээждээ, дараагаар нь амьтан бүхэнд энэчлэн санаарай. 

Дүгнэлт

Бид жаргалтай байхыг л гагц хүсэж, зовлон бэрхшээлийг үл хүсдгийн адилаар хэн бүхэн гагц түүнийг л хүсдэг нь үнэн. Бид бүгдээр зовлон бэрхшээлээс салж хагацахыг яг адилхан хүсдэг. Тиймээс бусдыг зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсэх нигүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэхийн тулд юун түрүүнд өөрт буй зовлон бэрхшээлийг таньж, нүүр тулахын хамтаар тэдгээрээс ангижран салъя хэмээх хүслийг сайтар төрүүлэх ёстой юм. Өөрийн зовлон бэрхшээлээс салах хүсэл ид хүчтэй байх тусам бусдын зовлон бэрхшээлийг сайтар ойлгон, бусдыг зовлонгоосоо хагацахад туслах шийдвэр төрнө. Ийнхүү бусдыг гэсэн тэрхүү сэтгэлийг “нигүүлсэл” хэмээнэ. 

Top