Асрах сэтгэл гэдэг нь бусдыг жаргалтай хийгээд жаргалын шалтгаантай байхыг хүсэх хүсэл юм. Энэ нь хүн бүр жаргалыг адилхан хүсдэг гэсэн ойлголтон дээр суурилах тул түгээмэл бөгөөд нөхцөлт бус шинжтэй. Үүнд бусдын хэрэгцээ шаардлага болон тэдний өөрийн аз жаргалдаа хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлийг ойлгодог байх чанар багтана. Энэ бол бусдын бидэнтэй холбоотой холбоо эсвэл тэдний юу хийснээс хамаарахгүйгээр тэдэнд тэгш төрүүлж болох, ямар нэг хариу зүйл хүлээхгүй сэтгэл юм. Бурханы шашинд асрах сэтгэлийг аз жаргалын хамгийн аугаа их эх сурвалж гэж үздэг.
Асрах сэтгэл ба тачаах сэтгэлийн ялгаа
Ихэнх тохиолдолд асрах сэтгэл нь өөр сэтгэл хөдлөлүүдтэй хавсардаг. Эрүүл бус тачаах сэтгэлтэй хольж бид хэн нэгний сайн талуудыг илэрхий эсвэл төсөөллөөр хэтрүүлж, сул талуудыг нь үгүйсгэдэг. Тэдэнд баригдаж, хэрэв бидэнд анхаарал тавихгүй бол бухимдан “Би чамайг хайрладаг; намайг битгий орхиоч; би чамгүйгээр амьдарч чадахгүй” гэдэг.
Жинхэнэ асрах сэтгэл нь тэднийг бид таашаадаг, үгүйгээс үл хамааран хамаг амьтан бүгдийн жаргалыг ялгахгүй тэтгэхийг хүсэх хүсэл юм. – Ёнзон Лин Ринбүүчи
Бурханы шашинд асрах сэтгэл нь бусадтай ойр дотно байх сэтгэлийг илэрхийлнэ. Гэвч энэ нь бусад бас биднийг хайрлаж, асарч буй эсэх дээр суурилдаггүй учраас үүнд хэн нэгнээс хамаарах хамаарал гэж байдаггүй. Тачаал, хамааралтай холилдсон асрах сэтгэл тогтвортой байдаггүй. Хэрэв бидний хайрладаг гэх хүн бидэнд ямар нэг гэм хүргэвэл бид түүнийг хайрлахаа больж магадгүй. Хэчнээн олон гэрлэлтүүд хайр сэтгэлээр эхэлж, салалтаар дуусаж байгааг харъя! Хэрэв бидэнд ямар нэг хүлээлт байхгүй бол юу ч биднийг ганхуулж чадахгүй. Эцэг эхчүүд дэггүй хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсэж, үргэлж хайрладаг шиг баттай асрах сэтгэл нь бидэнд бүр хамгийн хэцүү хүмүүстэй ажиллаж чадах хүчийг өгдөг. Үүнд сургалцах хэрэгтэй хэдий ч бид бүгдэд үүнийг хийх чадвар байдаг.
Өөрийг асрах сэтгэл
Их асрахуй сэтгэл нь гол төлөв орхигддог нэгэн зүйлийг багтаана: бид өөрсдийгөө бас асрах хэрэгтэй – өөрийг эрхэмлэсэн, өөрөөрөө бахархсан бус, харин өөрийн ойрын болон ашдын сайн сайхандаа чин сэтгэлээсээ санаа тавих сэтгэлээр өөрийгөө асрах явдал. Бид өөрийн зан чанарын зарим өөрт гэмтэй талуудыг сайшаадаггүй байж болно. Гэвч энэ нь асрах сэтгэлийн эсрэг сэтгэл болох өөрийгөө зовлонтой байлгах гэсэн утгатай биш. Байгалиас бид өөрийгөө жаргалтай байлгахыг хүсдэг.
Асрах сэтгэлийг өөр уруугаа чиглүүлэх үед энэ нь ердөө таашаал, цэнгэлийг хүсэх зовлонт хүслийг хангах ямар нэг зүйлийг эрэлхийлэх явдал байдаггүй. Ийм зүйлүүдээс авсан багахан хэмжээний баяр цэнгэл нь ашид үргэлжилдэггүй, бид үргэлж илүү ихийг хүссээр хоцордог. Хэрэв бид өөрийгөө үнэхээр асарч хайрлаж байгаа бол ердөө нэг цаг зуурын таашаалыг бус ашид үргэлжлэх жинхэнэ аз жаргалыг олохыг хичээнэ. Өөрийгөө үнэхээр асарч хайрлах үед л бид бусдыг үнэхээр асарч хайрлаж чадна.