Бясалгал нь сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Үүнийг тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болтол дахин дахин төрүүлэх замаар хийдэг. Бие организмын хувьд бясалгал шинэ мэдрэхүйн замуудыг бий болгодог нь судалгаагаар батлагдаад байна.
Бясалгалын ач тус
Бясалгалаар төлөвшүүлж болох олон тустай сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Үүнд:
- Илүү амгалан, стресс багатай
- Илүү төвлөрөл сайтай, анхаарал сарнил багатай
- Илүү тайван, сэтгэл зовнил багатай
- Өөрийн талаар, амьдралын талаар, бусдын талаар илүү зөв ойлголттой
- Арсал, энэрэл зэрэг эерэг сэтгэлийн хөдлөлүүдийг ихээр төрүүлдэг байх.
Бид бүгдээрээ сэтгэл илүү тайван, хангалуун, ухаан хурц байхыг хүсдэг. Стресстэй эсвэл сэтгэлийн сөрөг төлөв байдалд байвал бид баяр хөөргүй болдог. Энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, бидний ажил мэргэжил, гэр бүлийн амьдрал, үерхэл нөхөрлөлд нөлөөлж болно.
Хэрэв стресс, бухимдлаас халширч байвал өөртөө тус болох үүднээс бясалгал гэх мэт аргуудыг судалж үзэж болох юм. Бясалгал сэтгэлийн сул талуудыг ямар нэг гаж нөлөөгүйгээр арилгах боломж олгодог.
Бясалгалд бодит хандлагаар хандах хэрэгтэй. Энэ нь эерэг үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг арга болохоос хормын зуур бүгдийг анагаадаг зүйл биш. Ямар ч үр дүнд дан ганц шалтгааны нөлөөгөөр бус харин олон арван шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр бий болно. Жишээ нь: хэрэв бид цусны өндөр даралттай бол бясалгал мэдээж үүнд тус болж болно, гэвч хэрэв бид хоолны дэглэмээ өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж, зохих эмийг уувал үр дүн нь ялгаатай байх болно.
Бурханы шашны бясалгалын төрлүүд
Бясалгал хийх олон аргууд байх ба тэд бүгд сэтгэлийг тайвшруулах тустай хэдий ч энэ нь бясалгалын гол зорилго биш. Мэдээж эерэг сэтгэлийн төлөв байдлыг бий болгох бодитой ахиц гаргахын өмнө стрессийг бууруулах нь чухал бөгөөд Бурханы шашны ажиглан бясалгах ба агуулан бясалгах гэсэн бясалгалын төрлүүдийг ээлжлэн хийхийн өмнө ихэвчлэн амьсгал дээрээ төвлөрөх аргаар сэтгэлийг амрааж, тайвшруулдаг.
Зарим үед “шинжлэх” гэж нэрлэдэг ажиглан бясалгах бясалгалаар асрах сэтгэл гэх мэт сэтгэлийн эерэг төлөвийг төлөвшүүлэхээр оролдож байгаа тохиолдолд учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Мөн ямар нэг нөхцөлийг шинжилж, түүний мөнх бус чанар гэх мэт, түүний талаарх зөв ойлголтонд хүрэхээр бясалгаж байгаа бол бас учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Эсвэл ердөө Бурханы дүр гэх мэт эерэг чанартай зүйлийг сэтгэлдээ бий болгох, түүнийг тодорхой дүрслэхийг оролдож болно.
Дараа нь агуулан бясалгах бясалгалд бид сэтгэлдээ төрүүлсэн эерэг төлөв байдлаа аль болох удаан хадгалах үүднээс дурдал, анхаарал (санамсар), төвлөрлийг (нэгэн үзүүрт сэтгэл) ашиглана. Эсвэл эдгээрийг сэтгэлдээ байгуулсан дүр зэрэг дээр төвлөрөх үүднээс ашиглаж болно.
Энэ хоёр бясалгалын төрлийг ээлжлэн хийнэ. Хүссэн сэтгэлийн эерэг төлөвийг сэтгэлдээ бий болгож, тодорхой дүрсэлсэн үед түүнийгээ агуулан байлгана; хэрэв энэ төлөв дээрх төвлөрөл суларч, эсвэл алдагдвал түүнийг дахин нэг удаа төрүүлж (бий болгож), тодруулж дүрсэлнэ.
Бясалгал өдөр тутмын амьдралд
Бясалгалын гол зорилго нь гэртээ дэвсгэр дээрээ сууж байх үедээ тайван, төвлөрсөн байж, бусдыг хайрлах сэтгэл төрүүлэх бус харин өөрсдийн өдөр тутмын амьдралд бодит нөлөө үзүүлэх явдал юм. Хэрэв бясалгалыг тогтмол хийвэл эерэг сэтгэл хөдлөлүүд бидний зуршил, өдөр шөнийн аль ч цагт, хэрэг болсон үед нь авч хэрэглэж чадах нэг зүйл болно. Цаашлаад илүү их бусдыг хайрласан, төвлөрсөн, тайван байдал нь ямар ч хичээл зүтгэлгүйгээр цаг үргэлж төрөх бидний мөн чанар, өөрийн нэг хэсэг болно.
Үнэхээр их уурлах, бухимдах үеүд гарах боловч тэр үед бидний хийх ёстой зүйл бол “Улам их бусдыг хайрладаг бай” хэмээн өөртөө сануулах явдал. Тогтмол бясалгал хийж сэтгэлийн ийм төлөв байдалд өөрийгөө дасгасан учраас бид түүнийг даруй төрүүлж чадна.
Хэн ч төгс төгөлдөр биш, бид бүгд өөрийн арилгахыг хүсэх ямар нэг муу зуршлыг өөрөөсөө олж чадна. Азаар тэдгээр зуршлууд бидний сэтгэлд арилшгүй байдлаар тогтсон бус харин өөрчлөх боломжтой зүйл байдаг.
Тэдгээрийг өөрчлөхөд хичээл зүтгэлээс өөр юу ч хэрэггүй. Бидний олонх нь чийрэгжүүлэх төвд хэдэн арван цагийг өнгөрүүлдэг ч бидний хамгийн чухал тал болох сэтгэлээ дасгалжуулахаа мартдаг. Энэ нь эхэндээ хэцүү байдаг ч бясалгалын бидний амьдралд үзүүлэх ач тусыг мэдэх үед сэтгэлтэйгээ ажиллах цаг гаргахдаа бид баяртай байдаг болно.