Асрал хайрыг төрүүлэх нь

Бид харилцан хамааралтай, бие биентэйгээ шүтэлцэн оршдог гэдгийг ухаарахын цагт өөрийгөө хүн төрөлхтөний нэгээхэн хэсэг хэмээн санаж, хотол нийтийг асрах сэтгэлээр хэн бүхэн жаргалтай байхыг хүснэ.
Meditations broadening love 1

Тайлбар

Асрал хайр бол бусдыг жаргалтай, мөн жаргалын шалтгаан бүхий байгаасай хэмээн хүсэх сэтгэл хэмээн Бурханы шашинд сургадаг бөгөөд бусад нь тусална биз хэмээн найдан, хойш суух бус жаргалтайгаа учрахад туслах нь ч асарч буй хэрэг юм. Энэхүү асралын сэтгэлийг гагц өөрийн ойр дотнынхонд бус харин хотол нийтэд буюу таньж мэдэхгүй бусдад, тэрбайтугай дайсандаа ч төрүүлдэг юм. Нийтийг асрах энэ сэтгэл бол шунал, хорсол, үл тоомсорлохоос ангид бөгөөд алагчаалан ялгаварладаггүй сэтгэл юм. Хэн бүхэн жаргалтай бөгөөд зовлонгүй байхыг хүсдэгээрээ адилхан гэдгийг ойлгосон ухаарал дээр суурилдаг. Тэд хорлол хөнөөлийг үйлдсэнээрээ л өөртөө зовлон бэрхшээлийг үүддэг. Гэвч энэ бол чухам юу тэдэнд жаргал авчирдаг вэ гэдгийг эс мэдсэн эндүүрлээс гарч байгаа юм.  

Тиймээс асралын сэтгэл нь бусад бол яг л миний адилаар жаргахыг хүсэж буй гэдэг ухаарал дээр суурилан төрнө. Асралын сэтгэл тэд ер нь ямар вэ, тэрчлэн тэд эелдэг найртай юу, биднийг асарч хайрладаг уу гэдэгт суурилах учиргүй. Ийнхүү юуг ч үл горилон, хэнийг ч үл ялгаварлах тул болзол нөхцөлөөс ангид асрал хайр бол тайван тогтуун сэтгэл бөгөөд шунал хүслээс үүдэх эрүүл бус бодол, үйлдлээр сэтгэлийг буртаглан хиртүүлдэггүй юм. 

Асрал хайр сэтгэлд буй бол бид бүгд ойрын барилдлагатай хэмээн ачийг нь санах, талархах мэдэл төрнө. Бидний эдэлж хэрэглэж буй бүхэн бусдын ач тус болохыг ухаарснаар л харилцан холбоо барилдлагатайг ойлгож, баярлаж талархах болно. Бусад хэн бүхэн шамдан ажиллаагүй бол бидний эдэлж хэрэглэж байгаа зүйлс, тэдгээрийг үйлдвэрлэдэг түүхий эд, хоол унд, хувцас хунар, цахилгаан, ус, цахим мэдээлэл зэргийг хаанаас авах билээ? Түүнчлэн бидний худалдан авдаг элдэв бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хүргэдэг зах зээлийг үүсгэх зэргээр шууд бусаар ч тэд тус хүргэж байдаг.  

Бусадтай ойрын барилдлагатай буюу тэд ачтай гэдгийг сайтар санах тусам айх аюулгүй, жаргалтай болно. Энэ бол нялх хүүхэд, эх хоёрт ялгардаг окситоцин хэмээх дааврын үр дүн юм. Ингээд бясалгал үйлдэхдээ энэхүү халуун дулаан, жаргалтай хуран мэдлийг эхлээд өөрт төрүүлэх ба учир нь өөртөө жаргалыг хүсэхгүй бол хэрхэн бусдыг жаргалтай байгаасай хэмээн хүсэх билээ.  Улмаар цааш улам тэлсээр бүгдийг багтаах болно. 

Асрахуй сэтгэл төрсөн эгшин бүр нь дараахь гурван бодлыг агуулна. Үүнд:

  • Бүгдээр жаргалтай, жаргалын шалтгааныг бүтээвэл ямар сайхан бэ. 
  • Тэд бээр жаргалтай байх болтугай буюу “Тэднийг жаргалтай байгаасай хэмээн би жинхэнээр хүсэж байна.”
  • “Тэднийг би бээр жаргалтай нь учруулах болтугай.” 

Бусдыг жаргалтай учруулах шалтгааныг өгье хэмээн санахдаа эхэнд нь тэдний зовлонгийн шалтгаан юу вэ гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв өлсөж байвал тэднийг хоол ундтай байгаасай хэмээн гагцхүү хүсэх нь хангалттай бус, учир нь хэдий хоол идсэнээр жаргалтай болох ч хэтрүүлэн идээд жин нэмж мэднэ. Тиймээс тэдний сэтгэл санаа тогтвортой, хангалуун, идэж уухаа хянаж чаддаг байхыг хүсэх хэрэгтэй. Тэрчлэн мөнгө, хөрөнгө зэрэг ч үүнтэй адил. Ийнхүү түр зуур эд өлгөөр хангалуун байхыг санах бус харин урт удаан хугацааны тогтвортой амгалангийн тухай бодоорой.  

Бясалгал

  • Амьсгал дээр тогтон, амарлина. 
  • Өөрийн эдэлж, хэрэглэж буй бүхэн хэрхэн бусдад дулдуйдан гарсан болохыг санаарай. 
  • Бусадтай харилцан хамааралтай болох, тэдний ачийг санан талархах сэтгэл төрүүлээрэй.  
  • Ингээд сэтгэл халуун дулаан, айдас аюулгүй, жаргалтай байна. 
  • Өөр дээрээ тогтоод, сэтгэл жаргалгүй байх нь олонтаа байдгийг анзаараарай. 
  • Дараахийг сана: Би жаргалтай, жаргалын шалтгаан бүхий байвал ямар сайхан бэ, би жаргалтай байх болтугай, зөвхөн нэг өнгөцхөн, зуурдын жаргал бус, харин үүрдийн их амгалангийн шалтгааныг бүтээх болтугай. Тэрчлэн сэтгэл санаа тогтвортой, тэнцвэртэй, уудам саруул, тайван амгалан, билиг ухаантай байх, тэрчлэн бусадтай эв найртай байх зэргээр танд амгалан жаргалан авчрах тодорхой зүйлсийг санаарай. 
  • [Санал болгоход, жаргалын дулаан бүлээнийг бэлгэдсэн дулаахан шар гэрлээр өөрийгөө дүүрсэн байна хэмээн төсөөлөн бодож болно.]
  • Өөрийн ойр дотнын нэг хүнийг, цаашлаад хэд хэдэн хүнийг энэчлэн санаарай. 
  • [Энд санал болгоход, шар өнгийн дулаахан гэрэл танаас гадагш цацран, тухайн хүнийг дүүргэж байна хэмээн төсөөлөөрэй.]
  • Дараагаар нь, дэлгүүрийн худалдагч, автобусны жолооч зэрэг дөнгөж уулзаад өнгөрөх хүмүүсийг санаарай.  
  • Харин одоо өөрийн дайсанд байрьдаг хүмүүсийг сана.
  • Ингээд тэр гурван төрөл хүмүүсийг хамтад нь санаарай.
  • Энэхүү асрахуйн сэтгэлийг өөрийн хот, улс, цаашилбал дэлхийн нийтийн хэн бүхэнд түгээгээрэй. 

Дүгнэлт

Эндээс харахад, хотол нийтийг ялгаварлалгүй асран хайрлах сэтгэл бол хэн бүхэнтэй ямар нэгэн барилдлагатай гэдгийг ухаарах, тэд бээр хэрхэн шууд ба шууд бусаар бидний сайн сайханд ач тусаа үзүүлснийг санан талархаж баярлах нарийн цогц сэтгэл байна. Энэ бол шунан тачаах, хорсон түлхэх эсвэл үл тоомсорлох зэргээр заримыг ойрд барин, заримыг зайлуулахаас ангижирсан тайван тогтуун, дулаахан сэтгэл юм. Энэ бол бүгд жаргахыг хүсэж, өчүүхэн төдий зовлохыг ч эс хүсдэгээрээ яг адилхан гэдгийг ухаарсан тэгш сэтгэл дээр суурилсан зах хязгааргүй, нөхцөл болзолгүй, хэн ямар байхаас эс хамааран бүхнийг асрах сэтгэл юм. Асрангуй сэтгэл юуг ч хариу үл горилно. Тэрчлэн энэ бол идэвхигүй хуран мэдэл төдий бус, харин дутагдах гачигдах зүйлгүй түрхэн зуурын жаргалд төдийгүй төдийгүй элдэв нисванис, эндүүрлээс хагацсан үүрдийн амгаланд хүргэхийн тулд чадах бүхнээ үйлдэхэд хөтөлдөг сэтгэл болой.     

Top