Хүний төрөлд баясах нь

Амьдралыг утга учиртай болгох, өөрийг өөрчлөх чөлөө, учрал бидэнд байгаад талархан баясахад суралцана.
Meditations appreciating life

Тайлбар

Идмээр байсан хоол ресторанд дуусчихсан, захиалъя гэсэн нислэгийн эсвэл галт тэрэгний суудал борлогдчихсон, усанд сэлье гэтэл ханиад хүрчихсэн зэрэг бидэнд тохиолддог жижиг бэрхшээлээс үүдэн өөрийгөө өрөвдөн харуусацгаана. Гэтэл амьдралыг бодитоор харвал ямар гайхамшигтай хувь тохиол бидэнд буйг ухаарна. Буянт сайн, ач тустайг үйлдэхэд тотгорлох хэцүү бэрх нөхцөл байдлаас бид ангид байна. Үүнээс гадна сайн сайханд хөтлөх Бурханы шашин тэргүүтэн шашин, номонд суралцах гээд тоймгүй олон завшаан бидэнд байна.   

2015 оны газар хөдлөлтийн дараахь Балба улс адилын гамшиг тохиох, өлсгөлөнд нэрвэгдэх, дайн дажин гарах, шашин номыг хорьсон хууль хэрэгжих эсвэл огт шашин ном оршихгүй байх, тэрчлэн гэмт хэрэгтний хамтаар шоронд хоригдох, дайнд тулаанд явах зэрэг тохиолдвол хэрхэн Бурханы шашны сургааль номд суралцан, анхааран авах билээ? Тэрчлэн хэрэв бид бие махбод, сэтгэл санааны бэрхшээлтэй бол хэдий анхааран авч болох ч амаргүй бэрх байх бус уу? Мөн ажил хөдөлмөр эрхлэхгүй, гагц зугаа цэнгэл эрхэлхийлэн, оюун санааны үйлд огтын сонирхолгүй байвал юу болох билээ? Эс бөгөөс явцуу давчуу, ойрын хараатай, шашин, номын үйлд баясдаггүй байвал яах билээ? 

Гэтэл яг одоо бидэнд асар олон хувь тохиол байна. Сургаал номын орчуулга байна, ном бичвэрээс, цахим орчноос олдож байна, лам багш нар болон номд суралцаж болох төвүүд, тэдгээрийг дэмжиж туслах өглөгийн эзэд байна, түүнээс гадна бидэнд суралцаж мэдэх оюун ухаан, мөн сонирхол байна.

Тэдгээр чөлөөгүй, таагүй нөхцөлөөс ангид бөгөөд чөлөө, учрал бүхэн бүрдсэн байгаа тул энэ насны амьдрал ихэд онцгой билээ.  Тиймээс энэ эрдэнэт үнэт төрөлд ихэд баясан, хэрэг тусыг нь сайтар гаргах хэрэгтэй. 

Бясалгал

  • Амьсгал дээр төвлөрөн, сэтгэлээ тогтоогоорой.
  • Балбын уулсаар аялж явтал газар хөдлөх гамшиг тохиож, явах газаргүй, хоол ундгүй гацлаа хэмээн төсөөлөөрэй.    
  • Улмаар таныг нисдэг тэргээр аварснаар гэртээ харилаа хэмээн санаарай.  
  • Айхтар бэрх нөхцөл байдлаас ангижирсан нь ямар гайхалтай сайхан хэрэг вэ хэмээн санаарай. 
  • Тийнхүү ангижирсанд баярлан баясаарай. 
  • Сири улсад амьдарч асан хот руу  тань Исламын улс дайран орж, дайжин зугатлаа хэмээн төсөөлээрэй.         
  • Ингээд зугатан ангижирч чадлаа хэмээн санаарай. 
  • Баярлан баясаарай.
  • Хэрцгий түрэмгий гэмт хэрэгтнүүдтэй шоронгийн нэгэн өрөөнд хамт хоригдоод, тэд таныг өдөр шөнөгүй дарамтлан байна хэмээн төсөөлөөрэй. 
  • Ингээд шоронгоос гарлаа хэмээн санаарай. 
  • Баярлан баясаарай.
  • Өөрийгөө Суданд амьдарч, өлсгөлөн ундаасалд нэрвэгдэж байна хэмээн санаарай. 
  • Ингээд хоол ундны тусламж ирж, өлсөж цангахаас ангижирлаа хэмээн санаарай. 
  • Баярлаж баясаарай.
  • Алцхаймер өвчинд нэрвэгдэн, хэнийг ч, юуг ч санахгүй, гурван үг ч холбоод хэлж чадахгүй байна хэмээн төсөөлөөрэй. 
  • Ингээд энэ өвчнөөс ангижран илааршлаа хэмээн санаарай.  
  • Баярлаж байсаарай.
  • Ингээд Балба-д газар хөдлөлтөд өртөж хашигдах, Сири-д Исламын улсад эзлэгдэх, зэрлэг догшин гэмт хэрэгтэнтэй шоронд хоригдох, Судан-д өлсгөлөнд автах, Алцхаймер өвчинд нэрвэгдэх зэрэг хүнд ачаа үүргээс ангижирч байна хэмээн төсөөлөөрэй. 
  • Өөрт буй энэхүү гайхалтай хувь завшаан, чөлөө учралыг хуран мэдээрэй.
  • Үүнээс гадна яг одоо бидэнд асар олон хувь тохиол байгааг буюу сургаал номын орчуулга оршин байна, ном бичвэрээс, цахим орчноос олдож байна, лам багш нар болон номд суралцаж болох төвүүд, тэдгээрийг дэмжиж туслах өглөгийн эзэд байна, түүнээс гадна бидэнд суралцаж мэдэх оюун ухаан, сонирхол байна. 
  • Ингээд төгсгөлд нь өөрт буй чөлөө, учрал бүхнээ болон энэ нь ихэнх хүмүүс, түүхийн цаг үетэй харьцуулж харахад ямар ховор чухаг болохыг санаарай. 
  • Энэ бүхэнд баясаад, энэхүү ховор чухаг завшааны хэргийг гаргаж, дэмий хоосон үрэхгүй гэдэг шийдвэрийг баттай гаргаарай.  

Дүгнэлт

Ингээд өөрийн өнөөгийн нөхцөл байдлыг, ямар их зол завшаантай буйг, сэтгэл санаа, оюун ухаанаа боловсруулан хөгжүүлэх чөлөөгүй хэцүү бэрх бүхнээс ядаж энэ эгшинд ч болов ангид байгааг санахын цагт өөрт буй бүхэндээ ихэд баярлан баясах сэтгэл төрнө. Хэдийгээр төгс төгөлдөр амьдрал, төгс төгөлдөр нөхцөл байдал гэж үгүй ч, айхтар хүнд хэцүү байж болохтой харьцуулбал бид үнэхээр хувь сайтай байна. Ийнхүү баярлаж талархсанаар сайн сайханд хөтөлдөг чөлөө, учралын хэргийг гаргахад шаардлагатай итгэл үнэмшил төрөх юм.   

Top