Тайлбар
Амьдрал ямар ч утгагүй мэт санагдах нь олонтаа тохиолдоно. Хийж байгаа ажил утга учиргүй мэт, эсвэл ажил төрөл олдохгүйгээс дээшилж дэвжих боломжгүй мэт санагдах нь бий. Сурч мэдэхийн утга учир, үнэ цэн ер нь юу байнаа хэмээн эргэлзэж тээнэгэлзэх оюутан сурагч ч байж мэднэ. Улам доошилж дордохоос айж эмээсээр сэтгэлээр унаж, гутрах аюул бий. Үүний зэрэгцээ ямар нэгэн утга учиртай, ач тустайг үйлдэн, энэ ертөнцөд сайн сайхныг авчирч, түүнийг бусадтай хуваалцахыг хүсдэг. Хөрөнгө мөнгө, эд баялаг байлаа гээд бидний эрэлхийлж буй утга учрыг өгөхгүй гэдгийг ихэнх нь ухаарсан байдаг шүү дээ.
Аврал одуулахуй буюу аюулгүй зүгт одох гэдэг сургаал номоор Бурханы шашинд энэхүү бэрхшээлийг амарлиулдаг. Ямарваа буянт сайныг одоо л үйлдэхгүй бол бидний олж авсан энэхүү эрдэнэт хүний төрөл барагдан төгсөж, үхэл ирнэ, түүний дараагаар зовлонт муу төрөлд одох тул түүнээс хэрхэн сэрэмжлэх аргыг одоо эрэлхийлэх хэрэгтэй байна. Үүнчилэн, хэдий дорд муу төрлийг хүлээн зөвшөөрч итгэдэггүй байлаа ч үхэх үедээ амьдралыг дэмий хоосон өнгөрөөсөндөө харамсан гэмших болбол ямар бэрх хэцүү байхыг санаад яг одоо өөрт буй үнэт энэ амь амьдралд баярлан баясаад, цаашид дордон муудахвий хэмээн айж эмээж болно.
Бурханы шашинд сурган буй энэхүү аюулгүй зүг чигийг Гурван эрдэнэ тодорхойлдог юм. Эдгээрээс хамгийн гол нь Дээдийн Ном буюу үнэн хорихуй, үнэн мөр бөгөөд энэ нь гэм бүхнээс хагацан, сэтгэлдээ сайн эрдэм бүхнийг төрүүлж, өөрийн дээдийн чадавхид хүрэх болой. Гэм гэдэгт хорт муу сэтгэлүүд (нисванис), сэтгэл үл тогтож төвлөрөх, өөрийг энхрийлэх, таагүй муу харилцаа зэрэг багтана. Сайн эрдэм гэдэгт туслах, нигүүлсэх, тэвчих, ухаарах, уучлах, шударга байх зэрэг хүний үндсэн үнэт зүйлсээс гадна ёс суртахуун, тогтоол төвлөрөл, билиг ухаан багтана. Эдгээрийг бурхад бүрэн дүүрэн бүтээсэн, урьдын мэргэд заримыг бүтээсний адилаар сэтгэлдээ төрүүлэхийг шамдах нь энэ насыг утга учир, ач тустай болгох нь зайлшгүй.
Бусдад туслахыг хүснэ гэдэг нь өөрийн амжилт бүтээлийг нийтийн сүлжээнд гаргана гэсэн үг бус, харин бусдад их, бага ямар нэгэн хэмжээгээр тустай байя гэдэг хүслээр өөрийн эрдмийг хуваалцах болой. Ийнхүү аврал одуулна, буяны зүгийг барина гэдэг нь дорд муу бүхнээс айх, ийнхүү доройтохоос сэрэмжлэхийн тулд өөрөө шамдах нь аюулгүй зүгт одож буй хэрэг хэмээн итгэн сүжиглэх, мөн өөрийн эрдмээр бусдад тус болъё гэсэн энэрэх нигүүлсэх сэтгэл дээр суурилна.
Бясалгал
- Амьсгал дээр тогтон амарлина.
- Өөрийнхөө амьдралыг цэгнэн үзэж, утга учиртай байгаа эсэхийг эргэцүүлээрэй.
- Бусдад тустай байя хэмээн санаж буй эсэхээ ажаарай.
- Гэм бүхнээс хагацаж, өөрийн мөн чанарыг танихыг зорих нь амьдралыг хэрэг тустай болгохыг, мөн бусадтай дэмий хоосныг бус, харин тэдэнд тустай зүйлийг зөвхөн цахим орчинд бус мөн биечлэн уулзахдаа ч хуваалцвал ямар сайхан байхыг бодоорой.
- Амьдралд баримтлах утга учир, хэрэг тустай зүг чиг байхгүйгээс сэтгэлээр ихэд унаж гутарлаа хэмээн санаарай.
- Хичээн шамдаж өөрийгөө өөд нь татах нь сэтгэлээр унан, гутарч гунихаас аварна гэдгийг, ийнхүү чадсанаа бусадтай хуваалцвал ямар сайхан тус болохыг санаарай.
- Энэ л зүг чигт явна хэмээн шийдээрэй.
- Одоо өөрийгөө хариугүй сэтгэлээр унахад бэлэн, хавцлын ирмэг дээр байна хэмээн төсөөлээрэй.
- Харин одоо өөрийгөө аюулын ирмэгээс зайтай ч түүн рүү улам ойртсоор байна хэмээн санаарай.
Дүгнэлт
Амьдрал нэгэн хэвийн, уйтгартай, утгагүй дэмий мэт санагдвал үүнийг амарлиулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Зөвхөн өөрт бус мөн бусдад ч хэрэг тустай тийм зөв сайн зүг чигт одох хэрэгтэй. Энэ зүг бол гэм бүхнээс хагацаж, сайн эрдэм бүхнийг төгсгөхөд шамдах болой. Бурхад үүнийг бүрэн гүйцэд төгсгөж, харин мэргэд бээр заримыг нь бүтээсэн адилаар үүнийг бүрэн гүйцэд бүтээх нь бидний эцсийн зорилго мөн, бишээс эс хамааран энэ мөр бидний амьдралыг хэрэг тустай болгох нь дамжиггүй.