Тайлбар
Оксфордын тайлбар тольд уучлах, өршөөх гэдэг үгийн утгыг хэн нэгэн дайрч доромжилсон, гэм алдаа гаргасан зэрэгт уурлаж, хорсохгүй байхыг хэлнэ хэмээн тайлжээ. Мөн зарим тохиолдолд, гомдолтой хүн эсвэл ямарваа эрх мэдэлтэн гэмтэнд өршөөл үзүүлж, үйлдсэн гэмд нь тулгах аливаа ялаас гэтэлгэх нэмэлт утгыг ч агуулна.
Бурханы шашин дахь сэтгэл оюуны талаархи шинжлэлд уучлах гэдэг нэр томъёог шууд оруулдаггүй ч уур, хорсол (үүнд хорсож өширхөх орно) болон тэдгээрийн чанх эсрэг сэтгэл буюу үл уурлах, үл хүчирхийлэх нөхөр сэтгэлүүдийг багтаадаг юм.
- Үл уурлах гэдэг нь бидний үйлийн улмаас зовж бэрхшээх тул бусдад болон өөртөө өширхөн хонзогнож, хорлохыг үл хүсэх сэтгэл юм.
- Үл хүчирхийлэх гэдэг бол ийнхүү нигүүлсэхээс гадна тэднийг зовлонгоос болон түүний шалтгаанаас ангид байхыг хүсэх сэтгэл юм.
Тэгэхээр Бурханы шашны ном сургаалиар бол хорлол бүхий үйлийнхээ үр дагаварт өрөөл бусад ч, өөрөө ч зовж бэрхшээхээс ангид байгаасай хэмээн хүсдэг юм. Гэтэл нүгэлт үйлээс үүдэн гарах үр дагавраас хэн нэгнийг хэлтрүүлчихдэг хүч чадалтай хэн ч үгүй тул гэмт хэрэгтнийг өршөөн хэлтрүүлдэг номлогч эсвэл шүүгч адилаар бүгдээс дээгүүр ёс суртахуунтай хэмээн хэтийдүүлэн санах аюул үгүй.
Бурханы шашинд уучлах, өршөөх гэдэг бол гол нь өөр хэн нэгэн эс бөгөөс өөрөө ч байсан тухайн бодгалыг нь үйлдсэн хорлолт, хилэнцэт үйл, алдаа гэмээс нь ялгаж салгадаг явдал юм. Бид муу учраас нүгэл хилэнц үйлдэн, алдаа гэмийг гаргадаг юм биш, харин бид шалтгаан, үр дагавар, бодит зүй тогтлын талаар төөрөлдөн эндүүрсэн бөгөөд эрдэм увидас дулимаг учраас алдаж энддэг гэдгийг санаарай. Бид бол өөрийн эрхгүйгээр эндүүрч төөрөлдөн, зовж бэрхшээн хорвоод орчин эргэлдэх амьтад тул нигүүлсэхүйн орон мөн билээ. Өөрсөддөө бид хорлол, зовлонг ихээр үүддэг тул үүн дээрээс нэмэрлэх шаардлагагүй.
Тэгэхээр Бурханы шашны ёсоор уучилна гэдэг нь:
- Өөр бусдын ч, өөрийн ч үйл болоод бодгалыг хооронд нь ялгаж салган,
- Өөрт болоод өрөөл бусдад уурлан хорсож, түрэмгийлэхийн оронд
- Нигүүлсэх сэтгэлээр өрөөл бусдыг болон өөрийг нүгэл хилэнц үйлдэх, гэм алдаа гаргахад хөтлөн буй бүхнээс ангижрах хүслийг төрүүлнэ гэсэн үг юм.
Харин нүгэл хилэнцэт үйл, гэм алдааг үл тоомсорлон хойш сууж үл болно. Уурлан хорсож, өш хонзон саналгүй, тэрчлэн өршөөл үзүүлэн хэлтрүүлж байгаа мэтээр ихэрхэн давлиурхалгүйгээр хилэнцэт үйлийг хорьж, гэм алдааг залруулахын тулд сайтар шамдан хичээх ёстой юм.
Бясалгал
Хэдий бид өөрийгөө ч, өрөөл бусдыг ч уучлахад суралцах ёстой ч өнөөдөр бусдыг уучлах дээр тогтъё. Дараагийн удаа өөрийгөө уучлахыг бясалгана.
- Амьсгал дээрээ төвлөрөн тогтоно.
- Таныг гомдоосон болон тавгүйтүүлснээс та түүнд уурлах, дургүйлгэх, тэр битгий хэл өсөрхөх болсон ба чухам юу хийснийг нь байнга бодон, бодох тусам уур хүрч, хямраад байх болсон хэн нэгнийг санаарай.
- Энэ үед сэтгэл ямар байсныг буюу сэтгэл тэр адилаар хямрах үест сэтгэл баяр жаргалгүй, тав тухгүй байдгийг санаарай.
- Харин одоо тухайн хүнийг хийсэн үйлдлээс нь ялган салгаж саная. Энэ бол нэг л удаагийн тохиолдол болжээ, хэдий олон тохиолдсон байлаа ч бүхий л амьдралын туршид шүү дээ.
- Тэр хүн миний ч, бусдын ч адил жаргалтай байж, үл зовохыг л хүсэх хэдий ч юу чухам жаргал авчирдаг болохыг эндүүрсэн тул баяр жаргалгүй байгаа болон үл таньж мэдэх мунхагаас шалтгаалан таныг гомдоож, бухимдуулж цухалдуулах хөнөөлт үйлийг үйлджээ.
- Ийнхүү ойлгож ухаарахад шамдах тусам уур хорсол арилж байгааг анзаараарай.
- Тэд бээр таныг гомдоож, хорлоход хүргэсэн тэрхүү эндүүрэл төөрөгдөл, зовлон бэрхшээлээсээ ангид байх болтугай хэмээх нигүүлслийг төрүүлээрэй.
- Өөрөө тайван тогтуун, тэд бээр хүлээж авч чадахуйц тохиромжтой цаг бүрдэхэд, урьд юу чухам таныг гомдоосныг хэлж ярьснаар үүсээд буй бэрхшээлийг арилгана хэмээх шийдвэр гаргаарай.
Гэм алдаа гаргасан хэн нэгнийг энэчлэн саная:
- Тэдний гаргасан гэм алдааг болон үүнд нь хэрхэн уурласнаа санаарай.
- Тухайн үед өөрт ямар хуран мэдэл төрж байсныг, хэрхэн сэтгэл хямран, тавгүйтсэнийг мөн санаарай.
- Одоо тухайн хүнийг гэм алдаа бүхий үйлдлээс нь ялган салгаж харъя.
- Тэр хүн миний болоод бусдын л адилаар тустай байхыг, гэм нүглийг үйлдэхгүйг хүсэх хэдий ч зөв сайн нь юу болохыг, хэрхэн сайныг үйлдэхийг таньж мэдэхгүй эндүүрч будилсан, эсвэл залхуурч назгайрсан зэрэг мунхаг, хорт муу сэтгэлээс үүдэн гэм алдаа гаргажээ. Тэд бээр хорвоод төөрөлдсөн амьтан шүү дээ, тэднийг хэзээ ч гэм алдаа гаргахгүй, төгс төгөлдөр байна гэж санах нь бодит байдалтай үл нийцнэ.
- Ойлгож ухаарахад шамдах тусам уур хорсол арилж байгааг анзаараарай.
- Тэднийг гэм нүгэл үйлдэхэд хүргэсэн тэрхүү эндүүрэл төөрөгдөл, зовлон бэрхшээлээсээ ангид байх болтугай хэмээх нигүүлслийг төрүүлээрэй.
- Ингээд та өөрөө тайван тогтуун, тэд бээр хүлээж авч чадахуйц тохиромжтой цаг ирэхэд хэрхэн алдаа гаргасныг нь хэлж, засаж залруулахад нь тусална хэмээх шийдвэр гаргаарай.
Дүгнэлт
Уучилна гэдэг бол өөрөө ариун гэгээн, төгс төгөлдөр, харин тэд дорд муу учраас гэмшиж харамсахгүй байхад нь ч өөрийн эрх мэдлээрээ хор хөнөөлт үйлдэл, гэм нүглийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн үг бус юм. Уучилна гэдэг бол уурлахгүй, хорсож хилэгнэхгүй, өширхөж хонзогнохгүй гэсэн үг юм. Тухайн бодгалыг түүний үйлдэл, алдаа гэмээс нь ялган салгаж, түүнийг энэрэн нигүүлсэж, мөн засаж залруулах, дахин алдаа гэм гаргахгүй байхад нь туслах юм. Үүгээр уур хорсолоос үүдэх гэм унал, зовлон бэрхшээлийг, ялангуяа уураас үүдэн гарах хорсол хилэнт бодол санаа, түрэмгий ширүүн үг яриа, балмад хэрцгий авир араншинг тэвчиж чадна.