Тайлбар
Уучилна гэдэг нь муушаал доромж, гэм нүгэл, алдаа дутагдалд уурлан хорсож, хонзогнон хилэгнэхгүй байхыг хэлнэ. Бусдын үйлдсэн нүгэл хилэнцийг төдийгүй өөрийн нүгэл хилэнц, алдаа гэмийг ч өршөөн уучлах нь сэтгэлдээ төрүүлэх ёстой буянт сайн сэтгэл мөн. Үүний тулд өөрийгөө үйлдсэн гэм, нүглээс ялгаж салгах хэрэгтэй. Ийнхүү санахдаа бүхий л амьдралыг, тэрчлэн төрөл авах талаархи Бурханы сургаальд сүжигтэй бол өөрийн хойд, урд төрлийг ч бодох хэрэгтэй. Өөрийг энэ адилаар өргөн хүрээгээр харахад үйлдсэн нүгэл хилэнц, гэм алдаа нь нэг л удаагийнх байна. Бид амьдралдаа асар олон зүйлийг үйлдэх тул Бурхан л бус юм бол алдаа гэм гаргах нь зайлшгүй. Ингээд гаргасан ганц нэгхэн нүгэл хилэнц, алдаа дутагдлаар өөрийгөө тодорхойлж, түүнийг өөрийн үнэн дүр төрх хэмээн бариад байвал өөрийгөө буруутган зэмлэх болно. Хэр удаан ийнхүү баримтлах тусам төдий удаан өөрийгөө буруутгаж, улам л бэрх санагдана.
Өөрийгөө уучилна гэдэг бол яасан ч яадаг юм гэсэн шиг өөрийн үйлдлийг умартана гэсэн үг бус. Бид учруулсан хорлол, үйлдсэн гэмдээ хариуцлага хүлээнэ. Гэвч тэдгээрт өөрийгөө буруушаан, өөртөө уурсан хилэгнэхгүй гэсэн үг. Өөрийн үйлдсэн гэм нүглийг хүлээн зөвшөөрөвч өөрийгөө гагц тэр бүхнээр тодорхойлон “муу хүн” эсвэл “тэнэг амьтан” хэмээн санахаас хагацаж, дараахь дөрвөн ерөндөгийн хүчийг төрүүлнэ. Үүнд:
- Гэмших
- Нүгэл хилэнц, алдаа гэмийг ахин үйлдэхгүй хэмээн ам авах
- Аврал одуулах
- Уучлал хүсэх зэргээр учруулсан хорлолыг залруулах, буянт сайныг үйлдэх мэтээр гэм алдааны ерөндөгийг чадахын хэрээр үйлдэнэ.
Бясалгал
- Амьсгал дээрээ тогтон, амарлина.
- Үйлдэл эсвэл хэл яриагаар бусдыг гомдоож, тийнхүү үйлдсэн, хэлж ярьсан тань санаанаас гарахгүй, санах бүрт өөрийг буруутган, өөртөө уурсахад хүрдэг хорлолтой ямарваа үйлийг дурьдан санаарай.
- Одоо өргөн хүрээгээр харж, өөрийн бүхий л амьдралыг санахад энэ бол нэг л удаагийн үйлдэл байна, хэдий ахин дахин давтагдсан байлаа ч амьдрал олон талтай, цаашид ч тэр адилаар үргэлжилнэ гэдгийг санаарай.
- Тиймээс нэг л удаагийн үйлдлээр өөрийгөө тодорхойлон, түүнтэй зууралдах нь өөрийгөө буруутган зэмлэн, муушаахад хүргэнэ. Энэ нь өөрийн талаар ихэд явцуу хүрээгээр харж буй хэрэг болно.
- Энэ адилаар харах нь өөрийгөө бүтнээр нь тодорхойлж буй явдал бус хэмээн санаад үүнээс салах хэрэгтэй.
- Дахин нэгэнтээ энэ нэгэн насыг бүтнээр нь, өргөн хүрээгээр хараад, үйлдсэн эерэг, буянт сайн бүхэндээ баярлан баясаарай.
- Хортой хөнөөлтэйг үйлдсэнээ хүлээн зөвшөөр. Та гэтлэн тонилчихоогүй байгаа тул хорлолыг үйлдэх үе гарна.
- Хэдийнээ үйлдсэнийг буцаан өөрчилж чадахгүй ч түүнийг үйлдсэндээ гэмшээрэй. Энэ бол үйлдэхгүй байх нь яав даа хэмээн санана гэсэн үг.
- Ингээд хор хөнөөлт үйлийг ахин үйлдэхгүй тасална хэмээн сайтар шийдээрэй. Хэрхэн үйлдэх, ярихаа дурьдан анхаарч, аливаа хөнөөлт зүйлийг үйлдэх, ярихын цагт боомтилж байхад шамдаарай.
- Аврал одуулаад, өөрийн гэм алдаанаас хагацаж, өөрийн чадавхийг бүрэн дүүрэн таньж мэдэхэд шамд.
- Гомдоосон хүн эсвэл хүмүүсээс ядаж сэтгэлдээ ч болтугай уучлал хүсэн, өөрийн үйлдлийг ерөндөглөх ямарваа сайн сайхныг үйлдэж байна хэмээн төсөөлөөрэй. Ингээд ахин түүнтэй таарвал юу санаснаа тэрчлэн үйлдэнэ хэмээн баттай шийдээрэй.
Өөрийн үйлдсэн ямарваа алдааг дээрхийн адил саная. Үүнд:
- Компьютерээсээ ихэд чухал зүйлээ устгасан зэрэг алдаа гаргаснаа, тэр үед хэрхэн өөртөө уурлаж, хямарч, бүр тэрбайтугай өөрийгөө тэнэг мангараар дуудан, харааж байснаа санаарай.
- Одоо өргөн хүрээгээр харж, өөрийн бүхий л амьдралыг санахад энэ бол нэг л удаагийн үйлдэл байна, хэдий хэдэнтээ давтагдсан байлаа ч амьдралд олон зүйл болдог, цаашид ч болно гэдгийг санаарай. Ихэнхдээ алдаа гаргаад байдаггүй гэдгээ сана.
- Тиймээс нэг л удаагийн алдаагаар өөрийгөө тодорхойлон, түүнтэй зууралдах нь өөрийгөө тавгүйтэн үймцэхэд хүргэнэ. Энэ нь өөрийн талаар ихэд явцуу хүрээгээр харж буй хэрэг болно.
- Энэ адилаар харах нь өөрийгөө бүрэн дүүрэн тодорхойлж буй явдал бус хэмээн санаад өөрийгөө ийнхүү санахаас хагацаарай.
- Дахин нэгэнтээ энэ нэгэн насыг бүтнээр нь хараад, зүйтэй, сайн үйлдсэн бүхэндээ баярлан баясаарай.
- Алдаа гаргасан гэдгээ, мөн заримдаа алддагаа, мөн үүнд онцгой гойд юм үгүй гэдгийг хүлээн зөвшөөр.
- Гаргасан алдааг өөрчлөх боломжгүй ч түүнийг үйлдсэндээ гэмшээрэй. Энэ бол үйлдэхгүй байх нь яав даа хэмээн хүснэ гэсэн үг.
- Ингээд энэ алдааг ахин гаргахгүйг хичээнэ хэмээн сайтар шийдээрэй. Компьютер дээр ажиллахдаа дурьдал анзааргатай байж, үргэлжид болгоомжтой байхад шамдаарай.
- Амьдралд баримтлах зөв чигээ санан аврал одуулаад, хийж байгаа зүйлдээ анхаарал эс хандуулах зэрэг өөрийн гэм алдаанаас хагацаж, өөрийн чадавхийг бүрэн дүүрэн таньж мэдэхэд шамд.
- Сэтгэл тайван тогтуун үедээ санаандгүй арилгасан зүйлээ эргэн санахыг хичээн, дахин шивнэ хэмээн шийдээд тэрчлэн үйлдээрэй.
Дүгнэлт
Өөрийн үйлдсэн хорлол, хийсэн алдаагаа уучилна гэдэг бол өөртөө уурсан бухимдахгүй, өөрийгөө муу гэж санахгүй, буруутган зэмлэхгүй, тэнэг мангар хэмээн хараахгүй гэсэн үг юм. Гагц гэм алдаагаараа өөрийгөө тодорхойлох нь биднийг бүрэн дүүрэн тодорхойлохгүй гэдгийг ухаарснаар өөрийгөө явцуу дутуу харахыг хорино. Өөрийн үйлдэлд хариуцлага хүлээнэ. Өөрийн гэм алдааг хүлээн зөвшөөрөөд, түүнд гэмшин, ахин үйлдэхгүй таслахад шамдан, аврал одуулаад, уучлал эрэлхийлэх, үйлдсэн хорлолыг ерөндөглөх, алдааг засах үйлдлийг бүтээнэ.