Өөрийн эрхгүй үйлийг эрхэнд хураах нь

Ямарвааг үйлдье, хэлье хэмээн санагдахад дур зоргоор, дадал зуршлаараа л түүнд автан дагаад байхын оронд үр дагаврыг бодолцох зай завсар гаргавал муу зуршлынхаа боол болохоос хагацна.
Meditations conquering compulsiveness

Тайлбар

Үйлийг бид өөрийн эрхээр бус үйлддэг. Энэ бол ямар нэгэн хорт сэтгэлээр өдөөгдсөн санаа нь аливааг үйлдэх, хэлэх эсвэл бодох үйл рүү яг л соронз татах адилаар өөрийн мэдэлгүй хөтлөхийг хэлж байгаа юм.  

Энэхүү санааг өөрийн мэдэлгүй дагах нь бие, хэл, сэтгэлийн үйлийг өөрийн эрхгүй ахин дахин үйлдэх дадалд хүргэнэ. Ингээд дотоодод ямарваа хорт сэтгэл төрөх, эсвэл гадна талд бүрэлдсэн байдал, хамт байгаа хүмүүс зэрэг нөхцөл нь дадал болсон эдгээр үйлийг ахин дахин давтахад хүргэнэ. Ингээд тухайн үйлийн үр дагаврыг тунгаан бодох ч завдалгүй, дадал зуршлаа даган өөрийн эрхгүй ахин дахин үйлдэнэ. Энэхүү дадлын үр дагаварт зовлон, эсвэл хэзээд сэтгэл үл ханах жаргал гарна. Үйл нь түүний санаа болон өөрийн эрх үгүй дадлаар тодорхойлогддог. 

Эдгээр өөрийн мэдэл үгүй үйлийн дадлыг хорт муу сэтгэл өдөөдөг тул тэдгээрээс зовлон үүдэн гарна:

  • Биеэр үйлддэг өөрийн эрхгүй үйл – жишээлэхэд, ямар нэгэн зүйлээс хоцорчихвий хэмээх шуналаас үүдэн гар утсаа байн байн харах, бусдыг огт үл хайхрах гэнэн тэнэглэлээр хоол хамт идэж байхдаа бусадтай мессэжээр харилцах, эсвэл замын хөдөлгөөний түгжрэлд орохоороо ууранд автан, өөрийн мэдэлгүй дохиогоо дуугарган, бусдын урдуур дайрах гэх мэт.
  • Хэлээр үйлдэх өөрийн эрхгүй үйл – жишээлэхэд, гонсгор, хангалуун бус байх нь өөрийн мэдэлгүй гомдоллоход хүргэнэ, омгорхон хорсох нь өөрийн эрхгүй муучлан шүүмжилж, дээрэнгүй, түрэмгий хэлж ярихад хүргэнэ, харин ичиж зовох, өөртөө итгэлгүй байх нь аяар сул ярихад хүргэнэ.    
  • Сэтгэлийн үйл – жишээлэхэд, айдаст автсанаар санаа зовних, бодит байдлыг эс танин мэдэх, бодит байдлаас зайлсхийн байнга хий хоосон 

Дээрхи жишээнүүд бол бүгд нүгэл хилэнцэт үйл тул үр дагаварт нь зовлон гарна. Гэтэл зарим эерэг сайн мэт харагдах ч эрүүл саруул бус, жишээ нь төгс төгөлдөрт зорих, бусдын учир шалтгааны ухааныг байнга засаж залруулах, “үгүй” гэж хэлж чадахгүй туслахыг хичээх, хэт ажиллаж хөдөлмөрлөх зэрэг үйлүүд бас бий. Хэдий эдгээрийн ард бусдад туслая, сайныг үйлдье хэмээх санаа байж болох ч гагцхүү “би” хэмээхийг хэт өндөрт тавьж, “Би” сайн байх ёстой, “Би” бусдад хэрэгтэй байх ёстой, “Би” төгс төгөлдөр байх ёстой гэсэн санаа байдаг тул ямар нэгэн зүйл сайн сайхан болчих үеийн адилаар түр зуур баяр жаргалтай байх ч тэрхүү жаргал охор богино байдаг нь бэрхшээл билээ.  Жишээлбэл, мэдэрч буй зүйл маань хангалтгүй байх эсвэл өөрийнхөө үнэ цэнийг батлахын тулд ахин дахин сайныг үйлдэх зэрэг болно. 

Юуны өмнө тогтож тайвшран, удаашран алгуурлах хэрэгтэй. Ингэснээр л ямарвааг үйлдэх эсвэл хэлэх санаа болон өөрийн эрхгүй үйлдэхийн хоорондын ялгааг олж харах болно. Санаа төрөөд үйлдэхийн хооронд, үүний ард ямарваа хорт муу сэтгэл байгаа эсэх, ямар нэгэн боломжгүй зүйлийг (үргэлж төгс төгөлдөр байх гэх мэт) үйлдэхэд өөрийгөө өөрийн эрхгүй түлхээд байгаа эсэх, бие махбодын хэрэгцээ (загатнахад маажих гэх мэт) байгаа эсэх, мөн тэрчлэн үүнийг үйлдэх нь тустай юу, хөнөөлтэй юу гэдгийг цэгнэх зай завсар байдаг. Тиймээс эдгээрийг билиг ухаанаар ажиглан шинжлээд, хийе, хэлье гэснээ дагах зохистой эерэг учир шалтгаан үгүй бөгөөд энэ нь гагцхүү дадал зуршил бол түүнийг үйлдэлгүйгээр хориход суралцах хэрэгтэй. Үүний тулд хэрхэн үйлдэх, хэлэх, бодох билээ гэдэг дурьдлыг агуулан, өдрийн туршид сэрэмж санамсарыг төрүүлэх хэрэгтэй.

Ингээд билиг ухаанаар чадахын хэрээр буянт сайн сэтгэлийг, өөрийг болон бодит байдлыг эс эндүүрсэн сэтгэлийг агуулан, өөрийн эрхгүй үйлийг тэвчин хориход зорих хэрэгтэй байна. 

Бясалгал

  • Амьсгал дээрээ тогтон, амарлина.
  • Өөрийн үйлдэл, хэл яриа, бодлоороо өөрийн мэдэлгүй үйлддэг дадал зуршил болсон үйлээ тодорхойлон саная.  
  • Тэдгээрээс нэгийг сонгон аваад, түүнийг өдөөдөг хорт муу сэтгэл эсвэл хэзээ ч алдаа гаргахгүй гэх мэтийн үл бүтэх зүйлд шунасан сэтгэл байгаа эсэхийг ажиглая. 
  • Ийнхүү өөрийн мэдэл үгүйгээр аливааг үйлдэх нь өөрт болон өрөөл бусдад зовлон бэрхшээл үүддэг болохыг ажиглаарай. Үүнээс зовлон бэрхшээл эсвэл дутуу дулимаг зуурдын жаргал л үүдэн гарна. 
  • Юуг хэлж, үйлдмээр байгаа санааг цэгнэх билиг ухаан төрүүлж, Шантиведа гэгээнтний айлдсанчлан үйл нь өөрт хөнөөлтэй, тэрчлэн Би-д барих сэтгэлийг бататгах бол сэтгэлээ номхруулан, мод адил үл хөдлөхийг дадуулна хэмээн шийдээрэй.  
  • Бясалгал үйлдэн суух цагтаа загатнасныг маажъя эсвэл хөлөө хөдөлгөе хэмээн санах, улмаар үйлдэн маажихын хоорондох зай, тэрчлэн эдгээр санаа төрөхөд түүнийг дагах эсэхээ хэрхэн шийдэх зэргийг ажаарай. Ингээд өөрийн хүслийг эс дагах нь даган үйлдсэнээс илүү тустай болохыг мэдсэнээр сэтгэлээ номхтгон, мод адил сууж чадах эсэхийг ажаарай. 
  • Ингээд өдөр тутамдаа өөрийн мэдэлгүй үйлддэг элдэв үйлийг амарлиулахын тулд ямарвааг үйлдэх санаа болон түүнийг даган үйлдэхийн хоорондын завсарыг дурьдан анзаарна, тэрчлэн санаа төрсөн тэр дор нь үйлдсэнээс үйлдээгүй нь илүү тустай байвал мод адил үл хөдөлнө хэмээн шийдээрэй. 

Дүгнэлт

Хорт муу сэтгэлээр өдөөгдсөн хөнөөлт бөгөөд өөрийн эрхгүй үйлээс зовлон бэрхшээл гарна. Мөн тэрчлэн хэдий өөрийн мэдэлгүй тустай эергийг үйлдэвч энэ нь айдас хүйдэс, эндүүрсэн сэтгэлээр өдөөгдсөн байх тул үр дагаварт нь түрхэн зуурдын жаргал ирэх нь аливаа зүйл бүтэлтэй болох эсвэл хэн нэгэнд тусалсны дараа сайн гэдгээ ахин дахин харуулахыг өөрийн эрхгүй хүсэх адил юм. 

Тийм учраас тогтон тайвширч, ямарвааг үйлдэх, хэлэх, бодох санаа төрөх болон өөрийн эрхгүй даган үйлдэх хоорондын завсар зайг анзаарах хэрэгтэй. Үүнд санамсар сэрэмж, дурьдал анхаарал, билиг ухаан хэрэгтэй. Атиша гэгээнтэн үүнийг Бодьсадвын Эрдэнийн эрхин сургаалдаа (28): 

Олонтой байхдаа үгээ аж Ганцаараа байхдаа сэтгэлээ аж хэмээжээ.

Гэвч үүнийг үйлдэхдээ үргэлж харж ажигласаар хатуу хөшүүн болох, албадах зэрэг туйлширлаас зайлсхийх хэрэгтэй. Тэгвэл би өөрийнхөөрөө байж чадахгүйд хүрнэ хэмээн та эсэргүүцэж мэдэх юм. Гэтэл өөрийнхөөрөө байна гэдэг нь толгойд орсон бүхнээ тустай, зөв эсэхийг нь ч үнэлж цэгнэлгүйгээр хийнэ гэсэн үг юм бол хүүхэд тань шөнө дунд уйлбал би босмооргүй байна гээд босохгүй байх, эсвэл хүүхдээ дуугүй байлгахын тулд алгадмаар байвал алгадна гэсэн үг болж таарна. Тэгэхээр өөрийн эрхгүйгээр үл үйлдэн, нүгэл хилэнцэт үйлийг үл бүтээхийн тулд өөрийгөө цагдан харгалзах цагдаа адил хатуу ширүүн байх бус, харин өөрийн үйлийг аяндаа л дурьдан санадаг байхад зорин дээрхийн адилаар ахин дахин бясалгах хэрэгтэй. 

Top