Үхлийн талаархи ухаарал

Энэ нас богинохон, хэзээ мөдгүй эцэслэж мэднэ гэдгийг санаснаар үнэт завшааныг дэмий хоосон үрэлгүйгээр боломж байгаа дээр хэрэг тусыг нь гаргана.
Meditation being realistic about death 1

Тайлбар

Ихэнх хүмүүсийн бодохыг хүсдэггүй сэдэв бол үхэл мөн. Гэтэл үхнэ гэдэг нь амьдралын бодит  үнэн мөн бөгөөд хэн бүхэн түүнтэй нүүр тулах болно. Хэрэв энэхүү зайлшгүй тохиох зүйлд бэлтгэлгүй байвал айж эмээн, харамсан гэмшсээр үхэж мэднэ. Тийм учраас үхлийг бясалгах нь ихэд ач тустай бөгөөд чухал билээ. 

Эдгэшгүй хүнд өвчин тусчээ хэмээх онош сонсвол хэрхэх вэ гэхчилэн үхлийг санах олон бясалгал бий. Өнөө бидэнд завшаан байгаа дээр нь өөрийн сэтгэл болон үйлдлийг засаж, залруулахад  хөтөлдөг нийтлэг бясалгалыг доор дурьдлаа. Амьсгал дээрээ төвлөрч тогтсоны дараа ийнхүү санаарай. Үүнд:

Бясалгал

Үхэх нь магадтай ба учир нь:  

  • Үхэл ирнэ гэдэг магадтай бөгөөд үүнийг юугаар ч буцааж чадахгүй. Түүхийн туршид үхлээс зугатан зайлж чадсан хэн ч байхгүй атал бидэнд онцгой гойд юу байгаа болоод үхлээр дарагдахгүй байх билээ?  
  • Үхэх цаг ирэхэд бидний нас нэмэгдэх аргагүй бөгөөд үлдсэн амьдралын хэмжээ байнга хорогдож байдаг буюу эгшин хором бүрээр нас нэмэгдэж, үхэлд ойртохоос бус залуужин, үхлээс холдоно гэж үгүй. Үүнийг зүйрлэвэл, зайлшгүй ирэх үхэл рүү зогсолтгүй урсах туузан дамжуурга дээр байгаа мэт юм.     
  • Амар тайван, гэмших харамсах зүйлгүй үхэхэд хэрэгтэй бүхнийг амьд ахуйдаа хийж амжаагүй байтал зүрх зогсох, осолд орох зэргээр огтын санаагүй үед гэнэт л үхэл ирнэ. 

Хэзээ үхэх вэ гэдэгт магад байхгүй, учир нь:  

  • Бидний насны хэмжээ хэд байх вэ гэдэгт бат байхгүй буюу хөгшин, залуу хэн ч үхнэ.  
  • Үхэх шалтгаан маш олон, амьд явах шалтгаан цөөхөн. Дэлхийн дулаарлаас үүдэн байгалын гамшиг, цар тахал олширч байна, байгалын нөөцийн хомсдол, санхүүгийн тэгш бус байдлаас үүдэн хичирхийлэл түрэмгийлэл ихсэж байна, итгэл найдвараа алдсанаас мансууруулах бодисын тунг хэтрүүлж байна зэргийг дурьдаж болно.   
  • Бие маш бялд өчүүхэн тул хэзээ үхэх магадгүй буюу ялихгүй өвчин, осол зэрэг нь бидний амийг авч одно. 

Сэтгэл санааг сайжруулан боловсруулах номоос өөр юу ч амар тайван, харамсах зүйлгүй үхэхэд тус болохгүй. Хэрэв яг одоо үхэх болбол:

  • Эд баялаг юу байлаа ч тусгүй. Хөрөнгө мөнгөний хэмжээ тань компьютерийн дэлгэц дээрхи тоо төдий л болно.
  • Найз нөхөд, хамаатан садан юугаар ч туслахгүй. Тэднийг орхин одохоос өөр арга үгүй бөгөөд хэдий тэд энэлж шаналж уйлавч биднийг ихэд хямруулан үймцүүлэхээс цаашгүй.  
  • Бидний энэ бие ч ямарваа тусгүй. Илүүдэл жингээсээ салсан байлаа гээд хичнээхэн таашаал эдлэх билээ?   

Тийм учраас, энэ насанд гагц хэрэг тустай зүйл бол айдас, харуусалгүй үхэхээс сэрэмжлэх бүхнийг үйлдэх гэдгийг баттай шийдээрэй. 

Дүгнэлт

Үхэл ирэх нь магадтай гэдгийг дурьдан санах нь сэтгэл санаагаар унаж, айдас хүйдэст автахын тухайтад бус юм. Энэ амьдралаас үлдсэн насны тоо хязгаартай, хэзээ төгсгөл ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй гэдгийг ухаарахын цагт одоо өөрт буй завшааны хэрэг тусыг бүрэн дүүрэн гаргахад шамдах болно. Үхлийг дурьдан санасны ач тусаар ирээдүй хойчийн зовлон бэрхшээлээс ангижруулах буянт сайныг үйлдэхээс хойш суун, залхуурахаас хагацна.  

Top