Тайлбар
Мөнх бус гэдэг бол өөрчлөгдөх, хувирах буюу юмс бүхэн шалтгаан, нөхцөлд дулдуйдан эгшин хором бүрт өөрчлөгдөн, зогсолтгүй хөдөлгөөнд байдаг гэсэн утга юм. Таны компьютер, машин тэрчлэн бие махбод зэрэг хурж үүдсэн зүйлс аажмаар эвдрэн доройтсоор эцэстээ төгсгөл болно. Харин нялх хүүхдийн, нас бие гүйцсэн хүний эсвэл алцхеймер өвчтэй өтөл настны аль алины суурь сэтгэл гэх мэт эгшин хором бүрт өөрчлөгдөх хэдий ч үргэлжид нөхөн сэргэж байдаг тул эвдэрч барагддаггүй зүйлс гэж бас бий. Агаарын хэм, мөн бясалгалын үеийн сэтгэл зэрэг дээшилж, доошилж өөрчлөгддөг зүйлс байхад зарим зүйлс онгоцонд цугтаа суусан хүмүүс адил хуран цуглаад, улмаар салж одно. Гэтэл зарим нь улирал ээлжлэх, өдөр шөнө солигдох адилаар эргэлдэн солигдож байдаг бол Бурханы шашинд ертөнцийн талаар үздэгчлэн ахин дахин үүдэн гарч, оршин тогтнон, төгсгөл болдог зүйлс ч бий. Тиймээс олон төрлийн мөнх бус байна.
Гэтэл харамсалтай нь бидний сэтгэл оюун цаг хугацааны үргэлжлэлийг нэгэн хоромд багтаан харж чаддаггүй учраас төөрөлдөн эндүүрч, хань нөхөр, залуу нас, авир араншин зэргээ огт өөрчлөгдөхгүй энэ л чигээрээ байна хэмээн санана. Ийнхүү санаснаараа өөртөө зовлон бэрхшээлийг үүднэ. Жишээлэхэд, хэн нэгэнтэй хайрлан дурлалцаж байлаа гэж саная. Энэ нь шалтгаан, нөхцөлөөс үүдэн гарсан буюу хоёул нэгэн газар байж таарсан, хэн нэгэнтэй учрахыг хүсэж байсан, аль алиных нь амьдралд тохиолдож буй зүйлс зэргээс хамаарна. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хамтаар тэдгээр нөхцөл өөрчлөгддөг. Анхандаа болон танилцсаныхаа дараахан хэрхэн биесдээ хандаж байснаа л санагалзаад байвал хань нөхрийн ажил төрөл өөрчлөгдөх, өөр тийш нүүх, зочин гийчин урих, шинэ найз нөхөдтэй болох мэт элдэв зүйлс тохиолдоход нийцэж тохирч чадахгүйд хүрнэ. Урьд нь ямар байсан гэдэгтэйгээ л зууралдаад байх нь бодит байдалтай нийцэхгүй тул зовлон бэрхшээл гарна.
Мөнх бус буюу үргэлжид өөрчлөгдөн хувирч байдаг зарим нэгэн зүйлс дээр тогтон, тэдгээр нь өнөөг хүртэл өөрчлөгдөж ирсэн, цаг хугацааны эрхээр цаашид ч өөрчлөгдөх бөгөөд улмаар төгсгөл нь ирнэ гэдгийг дурьдан бясалгая.
Бясалгал
- Амьсгал дээр төвлөрөн сэтгэлийг тогтооё.
- Ингээд ээжийгээ саная.
- Анханд нялх балчир байх үед эх тань хэрхэн асарсныг санаарай.
- Дараагаар бага, өсвөр насыг туулж улмаар насанд хүрэхэд ээж тань ч мөн өтөлж хөгширснөөр хэрхэн өөрчлөгдөв?
- Тэрбээр түүнийг насан нөгчихөд эсвэл хэдийнээ нас барсан бол ээжтэйгээ харьцаж, харахгүй хэдий ч түүний талаар хэрхэн санах, дурьдах зэрэг тань өөрчлөгдөхийг, цаашид ч өөрчлөгдөнө гэдгийг ажаарай.
- Энэ адилаар эцгийнхээ тухай бясалгаарай.
- Мөн өөрийн хань нөхөр эсвэл ихэд хайрлан дотносож асан хэн нэгнийг саная.
- Өөрийнхөө ажил төрлийг тогтон бясалгая.
Дүгнэлт
Мөнх бус бол амьдралын бодит байдал мөн. Бид дуртай, дургүй байхаас үл хамааран хамаг юмс цаг үргэлжид өөрчлөгдөж байдаг ба огтоосоо өөрчлөгддөггүй юм гэж нэгээхэн ч үгүй. Энэхүү үнэн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн цагт юуг ч гэлээ үргэлжид хэвээрээ байна хэмээн зууралдах нь хий дэмий зүйл гэдгийг ухаарах болно. Амьдралын тохиол болгон, уулзаж учирсан хэн бүхэн, бидний бие зэрэг ер бүгдээр байнга өөрчлөгдөн хувирч байдаг гэдэгтэй эвлэрч чадвал нүүр тулан ирэх их зовлон бэрхшээлийг амарлиулах юм.