Бясалгал нь сэтгэлийг тайвшруулж, сэтгэлийн хямралыг анагааж, сайн чанаруудыг төлөвшүүлэхэд бидэнд туслах нэг хэрэгсэл юм. Ихэнх эхлэн суралцагчид Бурханы шашны сургаалын талаар их зүйл судлахгүйгээр шууд бясалгаж эхлэх дуртай байдаг. Гэвч үе шаттайгаар урагшлах нь зөв. Бурхан багшийн заасан зүйлүүдийн талаар илүү ихийг судлах хэрээр бидний бясалгал аяндаа гүнзгийрнэ.
Энэ удаа бясалгал хийх талаар зарим ерөнхий ойлголтуудыг авч үзье. Гүнзгий түвшинд бясалгал хийдэг хүн хаана, хэзээ ч бясалгаж чадна. Харин эхлэн суралцагчдын хувьд сэтгэл тайван байх нөхцөл бүрдүүлсэн ямар нэг газар байх нь тустай, учир нь эргэн тойрны зүйлүүд бидэнд үнэхээр хүчтэй нөлөөлдөг.
Бясалгах газар
Бид лаа, Бурханы дүр, хүж бүхий өрөөг бясалгалд зориулсан хамгийн сайн өрөөгөөр төсөөлж магадгүй, хэрэв бид ийм өрөөг хүсэж байвал, тэр болно. Азаар ийм нарийн зохион байгуулалт заавал хэрэгтэй биш, харин нэг чухал зүйл бол өрөө эмх цэгцтэй, цэвэрхэн байх хэрэгтэй.
Эргэн тойрон эмх замбараатай байх нь сэтгэл эмх замбараатай болоход тусалдаг. Эмх замбараагүй орчин сэтгэлд сөргөөр нөлөөлж болно.
Эхэн үед орчин нь бас нам гүм байвал тустай. Хэрэв бид байнга үйл ажиллагаа явагдаж байдаг хот газар амьдардаг бол энэ хэцүү байж болно, иймээс олон хүмүүс өглөө эрт эсвэл үдэш нэлээн орой бясалгахыг хичээдэг. Яваандаа дуу чимээ бидэнд төвөггүй болно, харин эхэн үед энэ нь үнэхээр бясалгалыг үймүүлэх нөлөөтэй байж болно.
Хөгжим ба бясалгал
Бурханы шашинд хөгжмийн аянд бясалгахыг зөвлөдөггүй, учир нь энэ нь гадаад тайван байдалд найдаж буй хэрэг болох байх. Харин, бид дотооддоо тайван байдлыг бий болгож сурахыг хүсч байгаа.
Бясалгалын суудал
Нуруу цэх, мөр, хүзүү, нүүрний булчингуудыг суллан тухтай суух нь маш чухал. Хэрэв сандал дээр суух нь илүү тухтай байвал, тийнхүү сууж болно. Суудал нь маш хэцүү, зовлонтой байж болохгүй! Зэн бясалгалын зарим төрлүүдэд огт хөдлөхгүй байхыг зөвлөдөг. Харин бусад төрлийн бясалгалд хэрэв та хөлөө хөдөлгөх шаардлага гарвал хөдөлгөж болно гэдэг – энэ бол том асуудал биш.
Бясалгалын үргэлжлэх хугацаа
Хэрэв бид бясалгаж эхэлж байгаа бол богино хугацаагаар бясалгахыг зөвлөдөг – гурваас таван минут хангалттай. Үүнээс удаан хугацаагаар төвлөрөх нь үнэндээ хэцүү болохыг бид ойлгоно. Анхаарал тогтворгүй, мөрөөдөлд автсан эсвэл бүр унтсан урт хугацаатай бясалгалаас илүү төвлөрсөн богино хугацааны бясалгал нь сайн байдаг!
Санаж байх чухал зарчмуудын нэг нь бүх зүйл өгсөж, уруудаж байдаг явдал. Зарим өдөр бясалгал сайн болоход зарим өдөр нь муу байна.
Бие, сэтгэл хоёр тайван байх нь чухал, ийм учраас өөрийгөө дэндүү хүчлэхгүй байх хэрэгтэй. Зарим өдөр бид бясалгаж байгаа мэт санагдана, зарим өдөр бол үгүй. Ахиц нь дандаа өгссөн байдалтай байдаггүй, нэг өдөр сайхан байх боловч дараагийн өдөр нь тийм сайн биш байж болно. Хэдэн жилийн хүчин чармайлтын дараа бидний бясалгал сайжирч байгаа ерөнхий хандлага харагдана.
Бясалгалын давтамж
Тогтмол хийх нь чухал. Ердөө цөөн хэдэн минутаар эхлээд өдөр бүр бясалгавал хамгийн сайн. Эхний хэдэн минут бясалгаад түр завсарлаад дахин үргэлжлүүлж болно. Ингэж бясалгах нь бүтэн цаг зовж суухаас илүү сайн байдаг.
Амьсгал дээр төвлөрөх бясалгал
Ихэнх хүмүүсийн хийж эхэлдэг анхны бясалгал бол тайван сууж, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх. Энэ нь стресс ихтэй үед сэтгэлийг тайвшруулахад маш тустай.
- Хамраараа ердийн хэмнэлээр амьсгална – хэт хурдан биш, хэт удаан биш, хэт гүнзгий биш, хэт сул биш.
- Хоёр газрын аль нэг дээр анхаарлаа төвлөрүүлнэ – хэрэв нойр хүрэх хандлагатай байвал энергийг дээшлүүлэх үүднээс хамраар орж, гарч байгаа амьсгал дээр, хэрэв анхаарал сарних хандлагатай байвал түүнийг тогтоох үүднээс хэвлий тэлж, агших хөдөлгөөн дээр анхаарлыг төвлөрүүлнэ
- Амьсгалыг арав арваар тоолж анхааралтай амьсгална, ингэхдээ амьсгалыг авч, гаргаад түүнийг нэг гэж тооцно – хэрэв анхаарал сарнивал алгуур буцаан амьсгал дээр авчирна.
Бясалгалд бид сэтгэлийн үйл ажиллагааг зогсоодоггүй. Гол хийх ёстой зүйл бол анхаарал сарнихад түүнийг аль болох даруй мэдэж, буцаах; эсвэл нойрмоглон, бүүдийн анхаарал суларвал сэргээх явдал. Энэ хялбар биш! Бид анхаарал сарниж эсвэл анхаарал бүүдийн суларч байгааг ч анзаарахгүй байх хандлагатай байдаг – ялангуяа сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, жишээ нь уур бухимдал хүргэсэн хэн нэгний тухай бодсон бодол – оролцсон байгаа тохиолдолд. Гэвч амьсгал бол үргэлж байж байдаг, анхаарлыг буцаан авчраад байж болох тогтвортой нэг зүйл юм.
Амьсгал дээр төвлөрөх бясалгалын ач тус
Амьсгал дээр төвлөрөх бясалгалд стресстэй тэмцэхээс өөр ач тусууд бас бий. Хэрэв бид оюун ухаан нь үргэлж “агаарт ” явж байдаг хүн бол амьсгал дээр төвлөрөх бясалгал нь сэтгэлийг дотогш авчрахад бидэнд тусална. Амьсгалын бясалгалуудыг ялангуяа Америк улсад зарим эмнэлэгүүдэд өвдөлтийг бууруулах аргаар авч хэрэглэх болсон. Энэ нь бие махбод дахь өвчний өвдөлтийг бууруулах төдийгүй сэтгэлийн шархыг бас багасгадаг.
Бусдад асрах сэтгэл төрүүлэх
Амьсгал дээр төвлөрөх бясалгалаар нэгэнт сэтгэлийг тайвшруулсан бол бид сэтгэлийн нээлттэй, анхааралтай төлөвийг бусдад илүү их асрах сэтгэл төрүүлэх үүднээс ашиглаж болно. Шууд “Одооноос эхлээд би хүн бүрийг асарч хайрлана” гэж бодож, түүнийг бодитойгоор сэтгэлдээ мэдэрч чадахгүй. Түүний цаана ямар ч хүч байхгүй. Асрах сэтгэлийг бий болгож төрүүлэхэд бид учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашигладаг:
- Бүх амьд амьтан харилцан хамааралтай, бид бүгд энд хамт байна.
- Хүн бүр жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүйгээрээ адилхан.
- Хүн бүр бусдаар хайрлуулахыг хүсдэг; нэг ч хүн бусад өөрт нь дургүй байхыг эсвэл бусдад үл тоогдохыг хүсдэггүй.
- Би болон бусад бүхий л амьтан адилхан.
Бид бүгд харилцан хамааралтай учраас бид дараах байдлаар бодно:
- Хамаг амьтан жаргал хийгээд жаргалын шалтгааныг олох болтугай. Хүн бүр жаргалтай, ямар нэг бэрхшээлгүй бол хэчнээн сайхан байх вэ.
Ийнхүү бодоод зүрхэн тус газраас нар адил илч бүхий, шар өнгийн гэрэл цацарч, зүг бүхэнд түгэн хүн бүрд асрал хайрыг хүртээж байна гэж дүрсэлнэ. Хэрэв анхаарал сарнивал түүнийг “Хамаг амьтан жаргалыг олох болтугай” гэсэн сэтгэл дээр буцаан авчирна.
Бясалгал өдөр тутмын амьдралд
Бясалгалын ийм төрлүүдийг хийснээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох олон чадваруудыг төлөвшүүлж чадна. Эдгээр бясалгалуудын эцсийн зорилго бол өдрийн турш амьсгал дээрээ төвлөрч сурах явдал биш, харин төвлөрч чаддаг болсон чадвараа хүссэн цагтаа хэрэглэх явдал юм. Хэн нэгэнтэй ярилцаж байх үедээ бидний боддог зүйл “Хэзээ энэ яриагаа дуусгах бол?!” байдаг бол бясалгал нь бидэнд “Тэр бол бусад түүнд дуртай байж, өөрийг нь сонсохыг хүсэх бидний адил хүн” гэж бодох боломжийг олгоно. Ийм маягаар бясалгал нь бидний хувийн амьдрал, бусадтай харилцах харилцаанд тусалдаг.