Асрах сэтгэлийг хэрхэн төрүүлэх вэ?

How to develop love derek thomson unsplash

Нийтийг асрах сэтгэл – хүн бүрийг аз жаргал хийгээд түүний шалтгаан бүхий байхыг хүсэх сэтгэл – бидний амьдрал бусдын амьдралтай хэрхэн гүнзгий холбогддогийг ойлгсоноор төрнө [Үзэх: Асрах сэтгэл гэж юу вэ?]. Хүн бүр нийт хүн төрөлхтний нэг хэсэг бөгөөд бидний сайн сайхан дэлхий нийтийн сайн сайхантай салшгүй холбоотой – бидний хэн нь ч эдийн засгийн хямрал эсвэл цаг уурын өөрчлөлтийн нөлөөнөөс ганцаар зугтаж чадахгүй. Бид хүн төрөлхтөнтэй холбоотой учраас асрах сэтгэлийг хүн бүхэн уруу тэлэх нь яахын аргагүй зүйн хэрэг.

Бусдыг асрах сэтгэл нь сэтгэлийг өөрийн аяндаа тайвшруулна. Энэ бол амьдралд хүрэх ололт амжилт бүрийн хамгийн чухал эх сурвалж. – XIV Далай лам

Асрах сэтгэлийг төрүүлэхийн тулд бид өөрсдийн харилцан холбоог ойлгож мэдэх шаардлагатай. Бидний идэж, хэрэглэж, таашаан баясах бүх зүйл бусдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Яг одоо үүнийг уншихад таны ашиглаж байгаа төхөөрөмжийг хийхэд оролцсон дэлхийн хаа нэг өнцөг буланд байх мянга мянган хүний тухай ердөө бодож үзэх хэрэгтэй. Үүнийг анхааралтай авч үзэх үед энэ нь бидэнд бусадтай ойр дотно мэт мөн тэдэнд талархах сэтгэл төрүүлж, бидний сэтгэлд баяр баяслын нэгэн гүн мэдрэмжийг өгдөг. Ингээд бид аяндаа бусдын сайн сайханд санаа тавина: эдгээр сэтгэлүүд нь нийтийг асрах сэтгэлийн суурь болдог.

Бусдын ачийг санах сэтгэлийг төрүүлэх богино хэмжээний бясалгал

Юуны түрүүнд бид өөрийн ачийг санах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Хэрэв бид өөрийг аз жаргалтай байхыг хүсэхгүй бол бусдыг мөн адил аз жаргалтай байхыг яаж хүсэх билээ?

Дараах байдлаар бодож эхэлнэ:

  • Хэрэв би жаргал хийгээд жаргалын шалтгаан бүхий байвал хэчнээн сайхан.
  • Би ашид жаргалтай байх болтугай.
  • Би өөрт жаргал авчрах болтугай.

Өөрт жаргал хүсэх хүчтэй сэтгэл нэгэнт төрсөн бол түүний хамрах хүрээг тэлж тэрхүү бодлыг бүр илүү олон хүмүүсийг багтаасан илүү өргөн хүрээнд төрүүлнэ:

  1. Эхэнд нь өөрийн хайртай хүмүүс, найз нөхөддөө асрах сэтгэл төрүүлнэ.
  2. Дараа нь өдөр тутам бидэнтэй учрах танихгүй хүмүүс уруу тэлнэ.
  3. Түүний дараа бидний таашаадаггүй тэдгээр хүмүүст асрах сэтгэл төрүүлэхийг хичээнэ.
  4. Эцэст нь бүх дэлхийн хамаг амьтанд асрах сэтгэл төрүүлнэ.

Ингэж бид асрах сэтгэлд өөрийг болон бидний ойр тойрны хүмүүс төдийгүй хамаг амьтныг багтаах сэтгэлийг төрүүлж болдог.

Хэрэв бид бусдад баяр жаргал өгөх ямар нэг зүйл үнэндээ хийж чадах бол түүнийг хийх хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол тэдэнд түр нэг баяр жаргал өгөх төдийгүй тэднийг ашдын сайн сайханд хөтлөх алив нэг зүйл тэдэнд өгч байна гэж бодож болно. Энэ бол зөвхөн орон гэргүй хүмүүст хоол, хоргодох орон газар өгөх тухай бус – чинээлэг, амжилт бүтээлээр дүүрэн олон хүмүүс мөн адил зовж байдаг учир тэднийг бас өөрийн сэтгэлд багтаах тухай юм. Өөрийн гэр бүл, найз нөхөд, бидэнтэй уулзан учрах төрөлхтөн бүрийг хайрлах чин үнэн сэтгэл алгуур аяндаа төрснөөр бид өөрт хийгээд хамаг амьтанд амар амгалан авчрах болно.


Видео: Маттхиеу Рикард — “Асрал хайрын бясалгал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  
Top