Бодь сэтгэлийг төрүүлэх долоон хэсэгт бясалгал

Бодь сэтгэл бол бусдад аль болох бүрэн туслах үүднээс Бурханы хутагт хүрэхийг зорих сэтгэл. Энэ сэтгэлийг төрүүлэх, нэгэнт түүнийг төрүүлсэн бол улам бүр бэхжүүлэх шалтгаан ба үрийн долоон хэсэгт энэ арга нь тэгш сэтгэлээс эхлэн хүн бүрийг бидний эх байсан гэж мэдэх, тэдний ачийг санах, түүнийг хариулах гэсэн ийм сэтгэл, ойлголтуудаар дараалуулан биднийг хөтөлнө. Энэ нь хүн бүхэнд асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг тэгш төрүүлэхэд хүргэж, үүнээс үлэмжийн санаа төрөн, улмаар эдгээр дараалсан шалтгаануудын үр дүн болох бодь сэтгэл төрөхөд хөтөлнө.

Удиртгал 

Бид Бурханы шашны зам мөрийг дагах бүхий л чөлөө, учрал бүрдсэн эрдэнэт хүний төрлийг авсан байна. Гэвч энэ чөлөө, учрал мөнх үргэлжлэхгүй. Иймд бид одоо бидэнд байгаа эдгээр боломжуудыг бүрэн ашиглах хэрэгтэй. 

Эрдэнэт хүний төрлийг ашиглах хамгийн сайн арга бол түүнийг бодь сэтгэл төрүүлэхэд ашиглах. Бодь сэтгэл гэдэг бол одоо бидний хараахан хүрээгүй байгаа боловч түүнд хүрэх боломжийг бүрдүүлдэг бидэнд байх Бурханы-чанар бүхий хүчин зүйлүүд дээр суурилан бидний сэтгэлийн үргэлжлэлд хожим гарах өөрийн гэгээрлийг анхааран авч үзэх сэтгэл юм. Эдгээр хүчин зүйлүүдэд сэтгэлийн эерэг хүч, гүн ойлголт, зөв зан чанарууд болон сэтгэлийн өөрийн ариун мөн чанар багтана. Энэхүү бодь сэтгэлийг дараах хоёр эрмэлзэл дагалдана. Үүнд: аль болох түргэн гэгээрэлд хүрэх, түүгээр хамаг амьтанд тусыг ихээр бүтээх.

Бодь сэтгэлийг төлөвшүүлэх үед бид тус хоёр эрмэлзлийг дээр дурдсаны эсрэг дарааллаар төлөвшүүлнэ. Эхэлж бид зөвхөн хүмүүс төдийгүй хамаг амьтанд тус хүргэхийг бүрэн зорино. Энэ нь бидний асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл, үлэмжийн санаагаар төрөх ба эдгээрийн талаар бид лекцийн төгсгөл хэсэгт ярилцах болно. Үүний дараа тэдэнд хамгийн их үр дүнтэйгээр туслахын тулд гэгээрэлд хүрч, Бурханы хутгийг олохыг бүрэн зорьдог. Бид өөрийн бүхий л сул тал, дутагдлыг арилгах үүднээс гэгээрлийг зорих ба үүний учир нь тэдгээр сул тал, дутагдлууд нь бусдад бүрэн дүүрэн туслахад саад болдог явдал юм. Жишээ нь, хэрэв бид бусдад уурлаж бухимдвал тэр үед бид тэдэнд хэрхэн тусалж чадах билээ? Мөн бид өөрийн бүх нөөц бололцоонд хүрэхийн тулд гэгээрэлд хүрэх хэрэгтэй болно. Бусдад туслахад ашиглах үүднээс бид тэдгээр нөөц бололцоондоо бүрэн хүрэх хэрэгтэй. Иймд бодь сэтгэлийг төлөвшүүлэх үед бид эхэлж Бурхан болохыг хүсдэггүй, учир нь энэ бол хамгийн дээд төлөв бөгөөд түүнд хүрэхэд төлөх ёстой болох татвар мэтээр бид бусдад тусалдаггүй.   

Бодь сэтгэлийг төрүүлэх хоёр үндсэн арга байна. Нэг нь шалтгаан ба үрийн долоон хэсэгт ёс, нөгөө нь өөрт болон бусдад хандах хандлагаа тэгшитгэх хийгээд солих ёс. Энд бид энэ хоёр аргын эхний аргыг авч үзнэ. 

Тэгш сэтгэлийг төрүүлэх 

Шалтгаан ба үрийн долоон хэсэгт сургаал нь бодь сэтгэлийг бодитой төрүүлэх долдугаар үе шат болон түүний суурь шалтгаан болох зургаан үе шат бүхий ойлголтуудыг багтаана. Тус сургаал түүний долоон үе шатад багтдаггүй нэг зэхэл бүтээлээр эхэлнэ. Энэ бол зарим амьтанд тачаах, зарим амьтанд дургүйцэх, заримыг үл ойшоох сэтгэлийг арилгах тэгш сэтгэлийн бүтээл юм. Энэхүү зэхэл бүтээлийн гол санаа нь бүх амьтанд адил тэгш, нээлттэй хандах тухай байна.
Хүн бүхэнд тэгш нээлттэй байхад шаардагдах бүх хамаг амьтныг адил тэгш гэж ойлгох ойлголт нь бидний сэтгэлийн үргэлжлэлд эхлэл бас төгсгөл байхгүй гэдгийг ойлгож мэдэх явдал дээр суурилна. Ийм учраас амьтан бүхэн нэгэн цагт бидний найз, нэгэн цагт бидний дайсан, нэгэн цагт бидний үл таних хүн болж ирсэн бөгөөд тэдний эдгээр байр суурь үргэлж өөрчлөгдсөөр ирсэн. Энэ ойлголтын үүднээс амьтан бүр адил юм.

Энэ баримтлалын цаана байх бидний ойлгох хэрэгтэй гол зүйл бол эхлэл үгүй сэтгэл. Энэ бол Бурханы шашны нэг үндсэн ухагдахуун. Дахин төрөл нь аливаа зүйлийг эдэлж, туулах үргэлжлэлүүдтэй холбоотой. Сэтгэлийн үргэлжлэл бол аливааг эдэлж, туулах үргэлжлэлүүд. Тэдгээр нь бие даасан боловч хүн, амьтан, эрэгтэй, эмэгтэй гэх өөрийн гэсэн ялгарах онцлоггүй. Тухайн нэг сэтгэлийн үргэлжлэлийн тодорхой нэг төрөлд авах төрөл зүйл, хүйс нь өмнөх үйлийн үрийн зан байдал, түүний үр нөлөөнөөс шалтгаална.  

Эхлэл үгүй сэтгэлийн тухай энэ үзэл санаа нь бодь сэтгэлийг төрүүлэхэд шаардагдах гол суурь ойлголт бөгөөд үүний учир нь энэ ойлголтон дээр суурилснаар хамаг амьтанд энэрэн нигүүлсэх сэтгэл төрөх боломжтой болдог. Бид жишээ нь бусад амьтныг шумуул төдийгөөр хардаггүй. Харин бид тухайн амьтныг үйлийн үрээсээ шалтгаалан энэ төрөлдөө шумуулны төрөл аваад байгаа, бие даасан, хязгааргүй үргэлжлэх сэтгэлийн үргэлжлэл гэж хардаг; тэр бол өөрийн уг, салшгүй мөн чанараараа шумуул биш юм. Энэ нь тухайн шумуулд хүнд ханддагийн адил зүрх сэтгэлээр хандах боломжийг олгоно. Ийм ойлголтоор хамаг амьтанд туйлаас туслахыг хүсэх тэр сэтгэлээс бодь сэтгэлийн тэрхүү хүч гардаг. Мэдээж энэ бол хялбар биш. 

Хамаг амьтныг эх гэж мэдэх 

Нэгэнт бид хамаг амьтныг бие даасан эхлэл үгүй сэтгэлийн үргэлжлэл хэмээн тэгш харж чаддаг болсон бол – энэ нь тэдний энэ насны төрөл зүйлийг үгүйсгэхгүй, бид шалтгаан ба үрийн 7 хэсэгт бясалгалын эхний шатыг эхлэхэд бэлэн болсон гэсэн үг. Энэ нь амьтан тус бүр нэгэн цагт бидний эх байсан гэж мэдэх явдал. Үүний учир шалтгааны холбоо нь энэ насанд бид ээжтэй байгаагийн адил умайгаас төрсөн ч бай, өндөгнөөс төрсөн ч бай төрөл тутамдаа бид эхтэй байсан. Эхлэл үгүй төрөл байх бөгөөд хязгаартай хэр нь тоолшгүй олон амьтан байдаг гэсэн логикийн хувьд амьтан бүр бас эхлэл үгүй олон удаа бидний эх байж – бид бас тэдний эх байсан болж таарна. Тэд бас бидний эцэг, бидний дотно найз байсан гэх мэт.     

Амьтан бүрийг бидний эх байсан гэж харах үед бидний эх байхыг тэдний угаас тогтсон мөн чанар гэж харахгүй байхад анхаарах хэрэгтэй, учир нь энэ нь бас бага зэрэг асуудал дагуулж болно. Угаас хөдөлбөргүй тогтсон мөн чанар байхгүй гэх хоосон чанарын ойлголтыг бид хэзээ ч алдахгүй байхыг хичээх ёстой.  

Хамаг амьтныг эх гэж мэдэх үед энэ нь бидний бусдад хандах хандлагыг эрс өөрчилнө. Энд бид амьтан бүрд тэгш сэтгэлийг төрүүлэхээр хязгаарлахгүй бүр түүнээс цааш гарна. Бид амьтан бүхэнтэй маш дотно, элэгсэг, хайр энэрэл бүхий харилцаатай байсан – одоо ч байж болно гэж харна.  

Эхийн ачийг санах 

Тэдгээр долоон үе шатын хоёр дахь шат нь эхийн ачийг санах. Барууны олон хүмүүсийн хувьд энэ нь бясалгалын нэг ярвигтай үе шат болдог, учир нь энэтхэг, төвөд бүтээлчид бидний энэ насны эхийн жишээг авдаг явдал. Эдгээр нийгмүүдэд Барууны нийгмийг бодвол ихэнх хүмүүс ээжтэйгээ илүү эвтэй, хүндрэл бэрхшээл багатай харилцаатй байдаг мэт. Энэ нь тийм ч байсан үгүй ч байсан, мэдээж, энэ бол хувь хүн тус бүр дээр өөр өөр байна. Гэвч би Төвөд болон Энэтхэгийн тэдгээр нийгэмд амьдарсан 29 жилийн туршлагаасаа, нас биед хүрсэн хүүхдүүд болон тэдний ээж нарын хоорондын харилцаа нь Барууныхны харилцаанаас хамаагүй илүү эвтэй мэт санагдсаныг хэлэх байна.

Бясалгалын энэ үе шат нь бидний ээж биднийг хэвлийдээ тээхээс эхлээд бидэнд ямар их ач хүргээд байгааг – хэрэв нас барсан бол ямар их ач хүргэснийг санах үе шат юм. Ингээд бид хамаг амьтан бас бидний урд төрлүүдэд бидэнд энэ адил ач хүргэснийг бодсоноор түүнийг тэлнэ. 

Олон хүмүүс энэ бясалгалыг Баруунд заахдаа хэрэв тэд ээжтэйгээ ямар нэг асуудалтай байдаг бол аавыгаа, сайн найзаа, эсвэл тэдэнд маш их ач тус хүргэсэн хэн нэгнийг бодож болно гэж зөвлөдөг. Ингэснээр бясалгалыг хийх явц мухардахгүй байх юм. Үүнийг би тодорхой ач тустай арга гэж боддог ч хэрэв бид ээжтэйгээ харилцах харилцаандаа ямар нэг асуудалтай байдаг бол түүнийг хайхрахгүй орхилгүй харин шийдвэрлэх нь маш чухал гэж би бодож байна. Хэрэв бид ээжтэйгээ эрүүл харилцаатай байж чадахгүй бол бусадтай эрүүл сайхан харилцаатай байх маш бэрх болно. Үргэлж асуудлууд гарна. Иймд бид ээжтэйгээ харилцах бидний харилцаа хэчнээн бэрхшээлтэй байсаар ирсэн эсвэл одоогоор тийм байгаа ч өөрсдийн бодит харилцааг авч үзэж, тэдний ачийг санахыг хичээх нь маш чухал гэж бодож байна. 

Эхэлж бид эх хүний туйлын асрал хайрыг авч үзэх хэрэгтэй. Уламжлалт сонгодог эх зохиолуудад үүний тодорхойлолт маш их байдаг: энэ тодорхойлолтыг та олон амьтан дээр харж болно. Тухайн амьтны эх болох нэг шувуу жишээ нь хэчнээн даарч, норсон байсан ч өндгөө дарж, ангаахай нь өндөгнөөс гарах үед шавьж хорхой барьж, зажлан, залгихгүйгээр түүгээр тэднийг хооллоно. Энэ бол үнэхээр гайхалтай. 

Мэдээж эх нь үр төлөө иддэг амьтан, хорхой шавьжны жишээ байдаг хэдий ч тэд үр төлөө төрүүлэхийн хувьд маш их бэрхшээл туулдаг. Бидний өөрийн цусан холбоотой эх, эсвэл бидний тээгч эх байсан ч, хэн нэгэн биднийг хэвлийдээ тээсэн. Хэдий бид хуруу шилэнд үр тогтсон ч хэн нэгэн түүнийг ажиглан, температурыг нь хянаж байсан. Бидний эх биднийг тээхийг хүссэн байсан ч, хүсээгүй байсан ч энэ бол хамаагүй. Үр хөндүүлж биднийг авахуулалгүй хэвлийдээ тээсэн нь түүний гайхалтай ач юм; түүнд ердөө ч тавтай байгаагүй. Төрөх үед маш их өвдөлтийг туулсан. Цаашлаад, биднийг нярай балчир байхад хэн нэгэн шөнө дунд босож, биднийг хооллож, асрах ёстой болж байсан; хэрэв тэгээгүйсэн бол бид эсэн мэнд өсөж торнихгүй байсан. Тэдгээр сонгодог эх зохиолуудад ийм зүйлүүдийг онцлон тэмдэглэсэн байдаг. 

Хэрэв бид өөрийн ээжтэй ямар нэг асуудалтай байсаар ирсэн бол V Далай ламын лам-рим сургаалдаа багшийг шүтэхүйн бясалгалыг хэрхэн хийх тухайд түүний өгсөн нэгэн ойлголтыг авч үзэж болно. Зөвхөн сайн чанарууд бүхий номын багшийг олох бараг боломжгүй хэмээн эртний олонх судруудад гардаг. Ямар ч багш туйлаас өв тэгш байхгүй; хүн бүхэнд сайн болон сул тал байна. Багшийг шүтэхүйн бясалгалд бидний хийдэг зүйл бол маш их хүндэтгэл, үлгэр дуурайл авах сэтгэл, талархал төрүүлэх үүднээс багшийн сайн чанар, ачийг дурдаж түүн дээр анхаарах явдал байдаг. Энэ нь бидэнд тэдгээр сайн чанарууд, асрал хайрын сэтгэлийг өөрт төлөвшүүлэх сэдэл өгдөг.  

V Далай лам, энэ бясалгалыг хийх явцад бид багшийн сул тал, гэмийг үгүйсгэхгүй байх хэрэгтэй хэмээсэн байдаг. Үгүй бол энэ нь нэг болхи хэрэг болно. Бид сул талыг нь тэмдэглэн, түүнийг хойш тавих ба учир нь багшийн гэмийг санах нь ердөө буруутгах явдал, сөрөг хандлагат хөтөлдөг. Энэ нь бидэнд ямар ч үлгэр дуурайл авах сэтгэл төрүүлэхгүй. Багшийн зөвхөн сайн чанарууд, түүний ачийг анхаарснаар бид үлгэр дуурайл авна. 

Иймд нэгдүгээрт бид сул талыг нь тэмдэглэнэ. Гэвч бид тэдгээрийг үнэхээр түүний сул тал уу эсвэл бидний зүгээс харж байгаа тусгал, бидний сэтгэлийн туурвил уу гэдгийг өөртөө үнэнчээр шалгаж үзэх хэрэгтэй. Хэрэв тэдгээр сул талууд үнэн бус зөвхөн бидний сэтгэлий туурвил бол бид түүнийг шууд орхино. Ингээд бидний төсөөлсөн бус тэдгээр сул талууд нь багшид одоо байх сул талууд уу эсвэл бидний өнгөрөөж явуулахыг хүсэхгүй байгаа эртний болсон хэргүүд үү гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Хэрэв тэдгээр гэм нь одоо байхгүй байгаа бол тэднийг анхаарахыг зогсооно: тэд бол одоотой холбоогүй болсон хэмээнэ. Нэгэнт бид түүний түүнд одоогоор байгаа гэм дутагдал нь юу болохыг тодорхойлсон бол энэ бол түүний түүнд одоогоор байгаа сул тал тул энэ зүгээр гэнэ. Ингээд тэдгээрийг хойш тавиад түүний зөвхөн сайн чанарууд дээр төвлөрнө. 

Ийм аргачлал эхийн ачийг авч үзэх үед зөв зүйтэй байж, маш сайн тохирч болно. Хэний ч ээж туйлаас өв тэгш биш. Хэрэв бид өөрсдөө эцэг эх бол өв тэгш эцэг эх байх үнэхээр хэцүү гэдгийг мэдэх учир бид өөрийн эцэг эхийг туйлаас өв тэгш байна хэмээн хүлээхгүй байх хэрэгтэй. Ингээд бид өөрийн ээжид байх эсвэл байсан гэм, сул талыг авч үзэн тэрбээр эдгээр сул талуудыг төрүүлэх болсон шалтгаан, нөхцөлүүдийг ойлгохыг хичээнэ. Ямар ч сэтгэлийн үргэлжлэл өөрийн салшгүй, уг мөн чанараараа шумуул байдаггүйтэй (өөрийн салшгүй, уг мөн чанараараа төвөгтэй байдаггүйтэй) адил тэр бол өөрийн уг, салшгүй мөн чанараараа муу хүн биш. Бид ээж дээрээ ямар нэг сул талыг ердөө сэтгэлээрээ тусган харж байгаа эсвэл ердөө өнгөрсөн үйл явдлын талаар бодож байгаа эсэхийг магадалж, бүхий л төсөөлсөн, өнгөрсөн болон одоогийн гэм алдаануудыг хойш тавих хэрэгтэй. Түүнд өөрийн гэсэн сул тал байгаа эсвэл байсан, гэвч тэр бол бусдын адил хүн: бид бүгдэд сул тал бий гэнэ. Ингээд бид түүний сайн чанар, бидэнд хүргэсэн ачийг харна. 

Нэг Барууны номын багш – би хэн байсныг нь мартсан байна – миний маш хэрэгтэй гэж боддог нэг бясалгалын аргыг зөвлөсөн юм. Эхийн сул талуудыг хойш тавих энэ үед бид өөрийн амьдралыг тав эсвэл арван жилийн үечлэлээр авч үзэж болно. Таван минут, хагас цаг эсвэл хэдий хугацаа бид зарцуулахыг хүсэж байгаа тэр хугацаагаараа бид тухайн тав эсвэл арван жилийн үе тус бүрд өөрийн ээжийн бидэнд хүргэсэн ачтай тустай зүйлүүдийг санахыг оролдоно. Эхлээд түүний  хэвлийд байхаас эхлэн таван нас хүртэлх хугацаанд тэр бидний живхийг сольж, хооллож, усанд оруулж байсан энэ бүх зүйлийг санана. Ингээд таваас арван нас хүртэлх хугацааг гэх мэтээр эргэн санана. Ээж минь биднийг суруульд хүргэн өгч – магадгүй гэрийн даалгаварт тусалж байгаагүй эсвэл тусалж байсан, хоолыг бэлдэж, хувцасыг угааж байсан. Бидний өсвөр насанд магадгүй халаасны мөнгө өгч байсан. Ээж минь хэдий хатуу ширүүн байсан байж болох ч бидний амьдралын мөчлөг тус бүрд тэдний бидэнд үзүүлсэн ач тус маргах аргагүй их байсан.

Ингээд бид өөрийн эцэг, ах дүүс, найз нөхөд зэрэг тэдгээр хүмүүстэй холбоотойгоор ийнхүү бодож болно. Энэ бол бясалгалд маш их тустай байдаг. Ялангуяа энэ нь “Хэн ч намайг хайрладаггүй” гэж бодож сэтгэл гутрах үед маш хүчтэй түүнийг сөрөх ерөндөг болдог. Ийм байдлаар, хэрэв бид энэ насны эхийн ачийг харж чадвал энэ нь хамаг амьтан энэ адил бидэнд ач хүргэж байсан гэдгийг ойлгоход бидэнд тусална. Хэн ч туйлын өв тэгш эх байгаагүй – мэдээж өөр нэг төрөлдөө нэгэн цагт тэр биднийг идсэн байж болох ч, тэр бас бидэнд ач хүргэж байсан. 

Эхийн ачийг хариулах

Төгс цогцлол бүхий долоон хэсэгт тус сургаалын гурав дахь шат нь эхийн ачийг хариулах хүсэл төрүүлэх. Үүний тулд бид өөрийн эхийн нүд хараагүй байх бөгөөд тэрбээр төөрөлдөж, цавчим хадны эрмэг дээр зовлонгийн ёроолгүй халил уруу унахад бэлэн зогсож байна гэж дүрсэлнэ. Мөн түүний хүү, охин болох бид түүний дэргэд зогсох бөгөөд түүнийг унахгүй байхад хэрхэн туслахыг мэдэж байгаа хэмээн төсөөлнө. Хэрэв түүний хүүхдүүд, бид түүнд туслахгүй бол, өөр хэн тусална гэж? Ийм бодлууд нь тэднийг бүхий л зовлонгоосоо ангижрахад нь туслах замаар тэдний ачийг хариулах чин хүсэл төрөхөд тусалдаг.                      

Энэхүү хүслийг хүчтэй болгохын тулд эхийн ачийг санах бясалгалын зарим хэсгээс авч хэрэглэж болно. Бид мөн адил өөрийн амьдралыг тав эсвэл арван жилийн үечлэлээр авч үзэн эхийн ачийг хэрхэн хариулснаа нягтална. Үүнийг өөрийн эцэг, найз, ах дүү гэх мэт хүмүүсийн хувьд бас адилхан хийнэ.

Хэрэв бид хэчнээн их асрал хайр хүртэж, хэчнээн ихийг өгснийг харьцуулах юм бол бидний ихэнхийн хувьд хүртсэн нь бидний өгснөөс хавьгүй их байгааг бид харна. Үүний гол санаа бол Барууны ихэнх хүмүүсийн үзүүлдэг сэтгэл зүйн нийтлэг хариу үйлдэл болох  өөрийг гэм буруутайд тооцох явдал биш. Гол санаа нь бодь сэтгэлийн энэхүү бясалгалын дараагийн шат болох эхийн ачийг санаснаар түүнд чин сэтгэлээс талархах, түүний ачийг хариулахыг хүсэх хүсэл төрүүлэх явдал.                                                                           

Саяын миний тайлбарласан өмнөх бясалгалаас авч энэ бясалгалд хэрэглэсэн хэсэг бол үнэндээ бидний зүрх сэтгэлийг хөдөлгөж сэтгэлдээ ямар нэг зүйл бодитой мэдрэхэд маш тустай. Үүнийг би маш чухал гэж боддог. Бурханы шашинтай, Барууны олон хүмүүс асрал, энэрэлийн эдгээр бясалгалыг хийж, зарим нь бүр гарч хүмүүст туслан явж байсан ч тэд өөрийн эцэг эхтэй маш тааруу харилцаатай, түүнээсээ гарч чадахгүй байгааг харж байсан. Ердөө хэцүү учраас түүнээс зайлсхийхгүйгээр тэдгээр харилцаан дээрээ ажиллахад энэ бясалгал үнэхээр их тустай гэж би бодож байна.       

Бясалгалыг бүтээл болгоход өгөх зөвлөмж 

Эдгээр үе шат тус бүрд чухал нэг зүйл бол бүтээлийнхээ цар хүрээг хамаг амьтанд тэлэхийг хичээн, нээлттэй байх явдал. Шат тус бүр дээр бид мэдээж багаас эхлэх боловч бүтээлийнхээ амьтныг хамруулах хүрээг алгуур тэлэх хэрэгтэй. Үүнийг бид амьтан бүрийг бие даасан сэтгэлийн үргэлжлэл болгон харах тэгш сэтгэл дээр тулгуурлан хийнэ. Үүнийг хийх нэг үр дүнтэй арга нь нүдээ аньж суугаад хийсвэрээр “хамаг амьтан” гэж бодох бясалгах биш гэж үзэж байгаа. Харин илүү үр өгөөжтэй, сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг төлөвшүүлэх үүднээс бусдын хэрэгцээг мэдэрч ойлгодог чадварт суралцахад миний зөвлөдөг тэр аргатай төстэй байдлаар үүнийг хийнэ.

Өөрөөр хэлбэл, эдгээр эерэг хандлагуудыг эхэлж тэдний зургийг харах байдлаар олон өөр хүмүүст – бидний найзууд, бидний дургүй хүмүүс, танихгүй хүмүүст – төрүүлэхийг оролдоно. Дараа нь хамт тойрон сууж бясалгаж байгаа тэдгээр хүмүүст хандан түүнийг бодитоор төрүүлэхийг хичээнэ. Дараа метро, автобусанд явж байгаа тэдгээр хүмүүст төрүүлнэ. Ийм маягаар бид өөрийн төлөвшүүлэхийг оролдож байгаа тэдгээр эерэг хандлагуудыг бусдад хандан бодитойгоор төрүүлдэг.

Үүнийг мөн амьтан, хорхой шавьж зэрэгт – зөвхөн онолын түвшинд сэтгэлдээ бус харин бодитойгоор тэдэнтэй учрах үедээ төрүүлэхийг оролдоно. Ингэхдээ бид зарим тохиолдолд жишээ нь төвөд хүмүүсийн дунд харагдах хэтрүүллээс зайлсхийх хэрэгтэй – тухайлбал, хүнд эелдэг хандахаас амьтанд эелдэг хандах нь хялбар гэдэг. Хийдийн гол хэсэгт нэг шоргоолж явж байвал хүн бүр түүнд гэм хүргэхгүй байхад анхаарах байдлаар ийм хэтрүүллийг гаргадаг. Гэвч тэд ихэнх тохиолдолд жишээ нь, хийдээр нь зочилж, өөрсдийн харж байгаа зүйлийнхээ талаар ямар нэг юм мэдэхийг хүсэх энэтхэг эсвэл гадны орны хүмүүст үүний адил хандлагыг үзүүлдэггүй. Энд бид юмсын зохистой байдлыг хадгалах хэрэгтэй.        

Зарим хүмүүс хүнд туслахаас амьтанд туслах нь илүү амар гэж хэлж магадгүй. Учир нь шоргоолж бол тантай эргэн ярилцаж, танд төвөг удахгүй, харин хүмүүс бол гол төлөв тэгнэ. Шоргоолжийг та аваад, гадаа гаргаж тавьж болно, харин хүмүүс төвөг удаж байгаа үед та тэдэнд үүнийг хийж арай болохгүй. Юутай ч миний хэлэх гэсэн гол санаа бол олон хүмүүс эдгээр бясалгалуудыг “хамаг амьтан” гэсэн – маш хийсвэр байдлаар хийж, түүнийг бодит хүмүүст хандан, “бодит ертөнц”-д хэзээ ч хэрэглэдэггүй явдал. Энэ нь зам мөрд ямар нэг ахиц гаргахад маш том саадыг бий болгодог. 

Их асрахуй 

Бүх амьтныг өөрийн эх байсан гэж мэдэж, эхийн ачийг санаж, ачийг нь хариулахыг бодох үед сэтгэл баясам асран хайрлах сэтгэл аяндаа бидэнд төрнө. Энэ бол бидэнтэй уулзан учирч байгаа хэнд ч өөрийн эрхгүй төрөх дотно, элэгсэг сэтгэл юм. Энэ сэтгэлийг төрүүлэх тусдаа бясалгалын үе шат байх хэрэггүй. Үүнийг бас тэтгэн асрах сэтгэл буюу бусдыг тэтгэн, бусдын сайн сайханд санаа тавин асрахуй (сэтгэлд зохистой асрахуй) гэж нэрлэх ба тэдэнд ямар нэг таагүй зүйл тохиолдоход бид ихээр гуниглан харамсдаг.

Энэ сэтгэл баясан асран хайрлах сэтгэл дээр суурилан бид дөрөв дэх шат буюу их асрахуйн бясалгалын шатанд орно. Асрал хайр бол хэн нэгнийг, ер нь бол бидний таашаах хэн нэгнийг амгалан, жаргалтай байхыг хүсэх сэтгэл. Харин их асрахуй бол хамаг амьтныг амгалан хийгээд амгалангийн шалтгаан бүхий байхыг хүсэх сэтгэл. Амгалан болон амгалангийн шалтгаан аль аль нь байх үнэхээр маш чухал. Энэ бол амгалан нь ердөө эзэн тэнгэр эсвэл аз ивээх – шалтгаан нь би бус гэх явдал биш харин амгалан нь шалтгаанаас гардаг гэдгийг ойлгосон бидний ойлголттой холбоотой гэсэн үг. 

Амгалангийн шалтгааныг үйлийн үрийн тухай сургаал авч үзнэ: хэрэв хүмүүс шунал, уур гэх мэт сэтгэлгүйгээр эерэг байдлаар үйлдэл хийвэл тэд амгалан, жаргал эдэлнэ. Ийм учраас “Та амгалан хийгээд амгалангийн шалтгаантай байх болтугай. Та эерэг, эрүүл байдлаар үйлдэл хийснээр амгалан жаргал эдлэх болтугай” хэмээн энд бодох хэрэгтэй болно.
Энэ үе шатаас эхлээд эдгээр бодь сэтгэлийн бясалгалуудад бид амьтан бүхэнд туслах үүднээс Бурханы хутагт хүрэхээр зорих боловч тэдэнд туслах өөрийн үүргийг ихэсгэдэггүй гэдэг нь аль хэдийн тодорхой болсон байна. Бид бусдад арга замыг харуулж болох боловч тэд өөрсдийн амгалан жаргалангийн шалтгааныг өөрсдөө бий болгох хэрэгтэй болно. 

Их нигүүлсэхүй            

Ингээд тав дахь шат нь их нигүүлсэхүй: хамаг амьтныг зовлон хийгээд зовлонгийн шалгаанаас ангид байхыг хүсэх сэтгэл. Энэ нь тэдний зовлон шалтгаанаас бий болох бөгөөд зовлонг арилгахын тулд тэд тэдгээр шалтгааныг арилгах хэрэгтэй гэсэн ийм ойлголттой мөн адил холбогдоно. Энэ бол маш бодит байдалд нийцсэн үзэл. Их асрахуй болон их нигүүлсэхүй нь “Хамаг амьтан зовж байгаа нь үнэхээр харамсалтай” гэх ердөө нэг сэтгэл хөдлөлийн мэдрэмж биш. Харин тэдгээрт зан байдлын шалтгаан ба үр дагаврыг ойлгох ойлголт дагалдсан байдаг. 

Видео: Кандро Ринбүүчи — “Нигүүлсэхүй сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  


Их нигүүлсэхүй нь олон талаараа эгэл энэрэн нигүүлсэх сэтгэлээс ялгагдана.

  • Энэ нь ердөө нэг хэсэгт бус харин хамаг амьтанд тэгш зорьсон байна.
  • Энэ нь их асрахуйн адил ганц хүүтэй эхийн сэтгэлээр амьтан бүрийг тэтгэн, тэдний сайн сайханд санаа тавин, тэднийг хамгаалан сахих сэтгэлийг багтаана.  
  • Тэднийг, улам илүү их төөрөгдөл бий болгон зовлонг үргэлжлүүлсээр байх тийм төөрөгдлөөс үүдэх цогцос аван өөрийн хяналтгүй дахин дахин төрөхийн түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоос ангижрахыг хүснэ. Иймд энэ бол бусдыг ердөө зовлонгийн зовлон, урвах зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл биш. Урвах зовлон бол хэзээ ч өнө удаан оршдоггүй, хэзээ ч сэтгэлийг хангадаггүй эгэл ертөнцийн амгалан, жаргалан юм. Их нигүүлсэхүй нь хамаг амьтныг энэ зовлонгоос зугтаалган диваажинд хөтлөхийг хүсэх хүсэл биш.     
  • Энэ нь хамаг амьтныг түгээмэл хуран үйлдэхүйн зовлонгоос гэтэлгэх боломжтой гэсэн хатуу итгэл үнэмшил дээр суурилсан байна. Энэ бол ердөө нэг сайхан хүсэл төдий зүйл биш.    

Их нигүүлсэхүй нь магад гарах сэтгэл, чөлөөлөгдөх шийдвэртэй адилхан ийм нэг хандлагаар тодорхойлогддог. Магад гарах сэтгэл бол бидний зовлон, түүний шалтгаанд чиглэсэн сэтгэл байх бөгөөд тэднээс чөлөөлөгдөхийг хүсэх хүсэл. Өөрийн зовлон болон түүний шалтгаанаас ангижрах шийдвэр дээр суурилан бид бусдыг энэрэх сэтгэлийг төлөвшүүлж болно. Бидний хийх зүйл бол тэрхүү өөрт хандах хандлагаа бусдад, тэдний зовлон, тэдний зовлонгийн шалтгаанд чиглүүлэн өөрт хүсэхтэй адил хэмжээгээр тэднийг тэр бүхнээс ангижрахыг хүсэх хүслээр солих явдал юм.

Хэрэв бид өөрийн зовлонгийн талаар бодож, түүнээс өөрөө чөлөөлөгдөх хүсэл төрүүлээгүй бол бусдыг чин сэтгэлээс энэрэн нигүүлсэж, түүнийг онцгойлон авч үзэх нь хэцүү хэмээн үргэлж тэмдэглэдэг. Бид, бусад өөрийн зовлонгоос үнэхээр их хөндүүр зүдрэл эдлэх бөгөөд бидний зовлон биднийг ядраан зүдрээх адил тэдний зовлон тэднийг тэр адил ядраан зүдрээдэг гэдгийг ойлгох ёстой. Ингэж ойлгох нь бидний зовлон бидэнд бэрхшээл зүдрэл учруулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална. Хэрэв үгүй бол бид бусдын зовлонг чин сэтгэлээс авч үзэхгүй. Бид өөрт үнэхээр их ач тус хүргэсэн өөрийн эхийг амгалантай хийгээд зовлонгүй байгаасай хэмээн хүсэж буйгаа санараарай. Бид энэ бясалгалыг өөрийн ээжээс гэх мэтээр цааш үргэлжлүүлэн хийж эхлэх ба ингэснээр бясалгалын явцад бодитойгоор тодорхой сэтгэл төрж эхэлнэ.  

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Энэрэн нигүүлсэх сэтгэл гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Өөрийг үнэлэхгүй байх явдлыг арилгахад туслах

Эх зохиолуудад хэрэв бид эхэлж өөрийн зовлон болон түүний шалтгаанаас ангижрахыг хүсэхгүй бол энэрэн нигүүлсэх сэтгэл чин сэтгэлээс төрөхгүй гэж гардгийн адил бид энэ зарчмыг асрах сэтгэлийн хувьд мөн томьёолж болно гэж би бодож байна. Энэ нь ялангуяа өөрийг үнэлэхгүй байх сэтгэлээр шаналж байгаа тэдгээр хүмүүст илүүтэй хамаарна. Өөрийг үнэлэхгүй байх явдал нь гол төлөв Барууны хүмүүст тохиолддог үзэгдэл бөгөөд төвөд эсвэл энэтхэг хүмүүсийн дотор элбэг тохиолддоггүй. Бусдыг амгалан хийгээд амгалангийн шалтгаантай байхыг чин сэтгэлээс хүсэхийн өмнө бид өөрийг амгалантай, амгалангийн шалтгаан бүхий байхыг чин сэтгэлээс хүсэх хэрэгтэй. Хэрэв бидэнд бид өөрсдөө амгалан, жаргалан эдлэх ёстой гэж санагдахгүй байвал бусад хүмүүсийг яагаад амгалан жаргалан эдлэх хэрэгтэй хэмээн бодно гэж? 

Тэгэхээр өөрийг баяр жаргалтай байхыг хүсэх нь, хэрэв бид өөрийг үнэлэхгүй байх сэтгэлээр шаналж байгаа тохиолдолд, миний үзэж байгаагаар зохистой байдлаар тус бясалгад нэмэн оруулж болох нэг үе шат болж болно. Үүнийг би нэлээн чухал гэж боддог. Амьтан бүхэн амгалан жаргалтай байх ёстой хэмээн бодох энэ бодлыг төрүүлэх үед энэ нь өөрт байх Бурханы-чанарыг санахад тусална. Бид ердөө ч муу биш; хэн ч тэр чигээрээ муу биш. Бид бүгдэд Бурхан болох, бусдад туслах, баяр жаргалтай байх гэх мэт энэ бүхэнд хүрэх чадамж бий. 

Өөр нэг зүйл нь: Асрах болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг Теравада болон бусад Хинаяна урсгалд бас төрүүлдэг. Гэвч тэдний бясалгалын арга нь эхийн ачийг санах гэх мэт ийм учир шалтгаан дээр суурилан асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэхэд туслах энд яригдаж байгаа долоон үе шатын адил зэргэлсэн үе шатуудыг дагадаггүй. Гэвч бид Теравада ёсонд асрал, энэрэл нигүүлслийн бясалгал байдаггүй гэж бодож болохгүй. Харин бодь сэтгэлийг төрүүлэх бясалгалын үүнээс хойших дараагийн үе шатууд тэдэнд байдаггүй. 

Үлэмжийн санаа 

Энэхүү зургаа дахь шатыг орчуулахдаа орчуулагч нар өөр өөр бодолтой байдаг. Зарим нь түүнийг “хоёргүй ариун сэтгэл” гэдэг бол Дээрхийн гэгээн Далай лам “нийтийн хариуцлага” гэдэг үг хэллэгийг хэрэглэдэг. Харин би өөрөө үүнийг хэд хэдэн өөр хэлбэрээр орчуулсан байдаг бөгөөд энэ удаа “үлэмжийн санаа” (англ. exceptional resolve) гэж орчуулсан орчуулгаа илүүд үзэж байна. Их нигүүлсэхүйгээр бидэнд хамаг амьтанд туслах бүрэн хүсэл, зориг төрнө. Ингээд бид үүнийг лавтай хийнэ гэсэн хатуу шийдвэр гаргана. Бусдын зовлонг арилгах ямар нэг зүйл бодитой хийнэ гэсэн үүргийг өөртөө авна. Хэрэв хэн нэг хүн усанд живж байвал бид “Ийм зүйл болоогүйсэн бол” хэмээн эрэг дээр харж зогсохгүй. Бид үнэндээ ус уруу үсрэн орж туслахын хичээнэ. Үүний адил бодь сэтгэлийн энэхүү бясалгалд бид хамаг амьтанд аль болох их туслах нийтийн хариуцлагыг хүлээх шийдвэрийг бүрэн гаргах тухайд бодно. 

Бодь сэтгэл 

Шалтгаан болох энэхүү зургаан шат бүхий төлөвшил дээр суурилсан долоо дахь шат нь эдгээрийн үр дүн болох бодь сэтгэлийг төрүүлэх үе шат юм. Бид бусдад хэрхэн хамгийн ихээр тус болж чадахыг нягталж үзэх үед бидэнд буй сул тал, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудаар бид үнэндээ тэдэнд сайтар тусалж чадахгүй гэдгийг ойлгоно. Хэрэв би амин хувиа хичээдэг, тэвчээргүй, зарим хүмүүст тачаан шунаж, бусдад нь уурлан бухимдах бөгөөд залхуурч, тэднээс залхан, бусдыг ойлгохгүй, зөв зохистой харилцаж чадахгүй, бусдаас айн эмээж, бусад бидэнд дургүйцэн түлхэх вий хэмээн эмээж байвал – энэ бүхэн үнэндээ бусдад аль болох ихээр туслахад надад саад болно. Иймд би үнэхээр тэдэнд туслахыг хүсэж байгаа учраас эдгээр зүйлийг үнэндээ арилгах хэрэгтэй. Би өөртэйгөө ажиллаж, эдгээрийг арилгах хэрэгтэй бөгөөд ингэснээр би өөрийн авьяас, чадвар, Бурханы-чанар бүхий талуудаа бусдад туслахад ашиглаж чадна. Бид “аль болох ихээр” гэдэг үгийг сэтгэлдээ байнга санана – бид бүхнийг чадагч эзэн тэнгэрүүд болохгүй. Энэ цуврал ойлголтон дээр суурилан бид амьтан бүрд аль болох ихээр туслах Бурхан болоход сэтгэл, зүрхээ чиглүүлнэ. Энэ бол бодь сэтгэл төрж буй нь тэр. Энэ үед бид өөрийн хараахан хүрээгүй байгаа гэгээрэлдээ, түүнд аль болох түргэн хүрч, бусдад түүгээр туслахыг буцалтгүй зорьсон сэтгэлээр анхаарна. 

Бодьсадвын явдал 

Нэгэнт бид бодь сэтгэл төрүүлсэн бол одоо, хэдий бид сул талтай ч чадах чинээгээрээ бусдад туслахыг хичээнэ. Энэ бол шалтгаан ба үрийн долоон хэсэгт бясалгалын өмнөх шатуудаас бусдад туслах үүргийг өөртөө авах үлэмжийн сэтгэл бидэнд төрөөд буй явдал юм. 

Энэ нь бид бусадтай уулзан учирч, тэдэнд асуудал байгааг жишээ нь, орон гэргүй байгаа явдлыг нь харах үед бид тэднийг ердөө орон гэргүй хүн гэж хардаггүй. Бид тэднийг харахдаа тэднийг уг салшгүй мөн чанараараа ядуу, залхуу гэх мэтээр бид хэрхэн дүгнэх тэр үнэлэмжийн үүднээс боддоггүй. Харин тэд энэ төрөлдөө, энэ төрлийнхөө тодорхой энэ үед тэд ийм байна хэмээн авч үзнэ. Гэвч тэдний сэтгэлийн үргэлжлэл нь эхлэл үгүй бөгөөд нэгэн цагт бидний эх байж, биднийг эхийн сэтгэлээр асарч байсан. Тэд биднийг хэвлийдээ тээж, живхийг солих гэх мэтээр асарч байсан бөгөөд би түүнд үнэхээр талархан түүний энэхүү ачийг хариулахыг хүсэж байна хэмээнэ. Бид тэднийг амгалан хийгээд амгалангийн шалтгаантай байж, зовлон болон зовлонгийн шалгаанаас хагацахыг хүснэ. Бид үүний талаар ямар нэг зүйл хийхийг хичээх үүргийг авна. 

Бид юу хийх хэрэгтэй вэ? Энэ нь бид гэртээ харьж өөрийн сул талыг арилгах үүднээс бясалгах хэрэгтэй болж, тэдгээр хүмүүст үнэндээ туслах ямар нэг зүйл хийхгүй байх явдал биш. Мэдээж бид илүү их бясалгах хэрэгтэй боловч тухайн цаг минутад үлэмжийн санааны биднийг өдөөх зүйл бол ичих, татгалзах, харамлах сэтгэлийг даван гарч үнэндээ тэдэнд ямар нэг зүйл өгөх, наад зах нь тэдэн уруу инээмсэглэх – ямар нэг зүйл хийхэд өдөөх явдал байна.       

Өөрөөр хэлбэл, бид бусдад туслахын тулд өөрийн сул талыг чадах хэрээр яг одоо арилган, өөрийн чадамжийг чадах хэрээр ашиглах алхам хийхэд үлэмжийн санааг ашиглана гэсэн үг. Мэдээж гэртээ харин бид өөртэйгөө илүү их ажиллах хэрэгтэй боловч орон гэргүй хүнийг мартаж орхиод ердөө гэр уруугаа явж бясалгахгүй байхад анхаарна. Хэрэв бидний үлэмжийн санаа чин сэтгэлийнх байгаа үед тэр нь биднийг дурдалтай байлгана. 

Агшин хором бүрд өөртэйгөө ажиллаж байх хамгийн хүчтэй сэдэл, тусламж хэрэгтэй буй хэн нэгэнтэй нүүр тулах үед төрнө. Хахир өвлийн цагт метроны зогсоолын хүйтэн шалан дээр суух нэг настай эмэгтэйг хараад түүнийг өөрийн эх байсан бол бид яах байсан бол хэмээн бодно. Хэрэв тэр бидний энэ насны жинхэнэ ээж байгаад, хүйтэн шалан дээр суун, гуйлга гуйж байсан бол бид ердөө хажуугаар нь өнгөөд явах байсан уу? Эсвэл метронд орон гэргүй хүмүүсийн зарж борлуулдаг сонин худалдаалах хүүгийн хувьд хэрэв тэр бидний хүү байсан бол бидний сэтгэл хэрхэх байсан бол? Тэр хүүд эцэг эх бий. Энэ бол маш чухал. Энэтхэгт, уяман өвчнөөр өвдсөн эсвэл өөр ямар нэг байдлаар эрэмдэг болсон хүмүүсийг хараад бид ихэвчлэн тэднийг гэр бүлтэй гэж огтоос боддоггүй. Тэдэнд гэр бүл бий. Тэднийг хүн гэж авч үзэх хэрэгтэй. 

Мэдээж, бидэнд эдгээр орон гэргүй хүмүүсийн янагуух түвшний нөхцөл байдлыг ялгах билиг ухаан хэрэгтэй. Зарим нь ердөө архи, мансууруулах зүйл худалдаж авах мөнгө олохоор гуйлга гуйж хүмүүсийг шахдаг. Ийм тохиолдлуудад бид Бурханы шашинд “уран арга” гэж нэрлэгдэх тэр зүйлийг ашиглах хэрэгтэй. Бидэнд туслах хүсэл байна, бидэнд тэдний зовлонгийн шалтгаан нь юу байж болох, тэдний амгалангийн шалтгаан юу байж болох талаар тодорхой ойлголт байна. Ингээд бид үнэндээ тэдэнд юу тустай байж болох тэр зүйлийг хийхийг хичээнэ. Ердөө архи, мансууруулах зүйл худалдаж авахад зарцуулах тохиолдолд мөнгө өгөх нь ямар ч тусгүй учраас бид тэдэнд мөнгө өгөхгүй. Хэрэв бидэнд хоол хүнс байвал түүнийг тэдэнд өгч болно. Гэвч, ямар ч тохилдолд бид тэднийг муу муухай, мансуурагч, архичин гэж үзэлгүйгээр тэдэнд асрах, хүндлэх сэтгэл төрүүлж болно. Тэд бол хүмүүс, зовж буй хүмүүс.

Хэн нэгэнд туслах хамгийн сайн арга юу болохыг мэдэх амар биш. Бидний чадвар одоогоор хязгаарлагдмал байгааг бид харж байна. Бид юу хамгийн сайн болохыг үнэндээ мэдэхгүй байна. Үүнийг үнэхээр мэдэхийн тулд бид Бурханы хутагт хүрэх ёстой, гэвч одоогоор бид хамгийн сайнаараа хичээх бөгөөд заримдаа алдаа гаргана гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид наад зах нь хичээн оролдоно.

Дүгнэлт 

Шалтгаан ба үрийн долоон хэсэгт аргад суралцах замаар бодь сэтгэлийг төлөвшүүлэх үед хамаг амьтанд хамгийн ихээр тус болох Бурханы хутагт хүрэх бидний зорилго нь түүнийг тулах олон бие даасан сэтгэлүүдийн нэгдэл бүхий маш хүчтэй нэг сэтгэлийн төлөвтэй байна. Үүнд амьтан бүхэнд адил тэгш дотно, ойр хандах сэтгэл, бусдын бидэнд хүргэсэн тусыг санах, тэдэнд гүнзгий талархах, санаа тавих, асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл мөн түүний дээр амьтан бүрд аль болох ихээр туслах үүргийг өөрт авах үлэмжийн сэтгэл зэрэг сэтгэл багтана. Түүний цаана байх ийм төрлийн эдгээр сэтгэл хөдлөлүүдээр бидний бодь сэтгэл үнэн сэтгэлийн, тогтвортой, хүчтэй болдог.   

Top