Тайлбар
Бурханы шашны бясалгал нь асуудлуудыг даван туулахад чиглэсэн байдаг. Ийм ч учраас Бурхан багш тэдгээрийг илүү сайн арга замаар шийдвэрлэхэд бидэнд туслах үүднээс Хутагтын дөрвөн үнэний тухай сургаалаа айлдсан. Бид бүгдэд амьдралд тохиолдох олон асуудлууд байдаг. Нэг хэсэг нь бусдаасаа илүү хатуу байна. Тэдгээрийн нэг нь бидний ихэнхэд тулгардаг бусадтай харилцах харилцааг шийдвэрлэх явдал юм.
Тэдгээр харилцааны зарим нь нэлээд бэрх, хүч сорьсон байдаг. Гэвч Бурхан багш тэдгээрийг илүү сайн даван туулахад бидний хийж болох зүйл бий гэж сургасан. Бид тэдгээр асуудлуудын шалтгааныг өөрийн дотооддоо хайх хэрэгтэй. Учир нь бусад бидний асуудалд хэдийчинээ их хүчтэй хувь оруулж байсан ч бидний хянаж чадах тэр зүйл нь тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх явдал. Энэ нь хандлага болон зан байдлаараа хэрхэн тэдгээрт хариу үйлдэл үзүүлэх гэсэн утгатай.
Бидний зан байдал бидний хандлагаас шалтгаалдаг учраас хандлагаа сайжруулахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хэрэв бид тэдгээр асуудлыг бий болгодог зан байдлуудыг бодит байдал болон энэрэн нигүүлсэх сэтгэл дээр суурилсан илүү сайн чанаруудаар солибол хүнд хэцүү харилцаанаас үүсдэг тэдгээр зовлонг багасгаж, бүр тэдгээрийг байхгүй болгож болно.
Бясалгал
- Амьсгал дээр төвлөрч сэтгэлийг тайвшруулна.
- Хутагтын дөрвөн үнэний эхний үнэн болох Зовлон үнэний жишээ болгож өөртэй тань муу харилцаатай хэн нэгэн дээр анхаарлыг төвлөрүүлнэ.
- Бухимдах сэтгэл төрүүлнэ.
- Хутагтын дөрвөн үнэний хоёр дахь үнэн болох Зовлонгийн шалтгаан үнэн болохын жишээ болгож яагаад таньд тийм сэтгэл төрж байгааг ажиглана. Учир нь тэр хүн хамт байхад хэцүү, бидэнд бэрхшээл үүсгэдэг эсвэл бид тэдний ямар нэг зүйлд дургүй, тэд бидний тэдэнтэй хамт байхыг хүссэн үед үргэлж дэргэд байдаггүй, эсвэл үргэлж сайхан зантай байдаггүй байж болно.
- Илүү гүнзгий харвал бид тэднийг зөвхөн дээрх талаас нь харж тэд тэдний амьдралд оролцох олон өөр хүмүүс, биднээс гадна тэдэнд нөлөөлөх өөр олон зүйлтэй, бидэнд байдгийн адил тэд ч гэсэн сэтгэл, мэдрэхүйтэй, бидний адил бусад тэдэнд сайн байхыг хүсдэг гэдгийг хардаггүй.
- Хүн бүр тэдний талаар ингэж боддоггүй бөгөөд Хутагтын дөрвөн үнэний гурав дахь үнэн Зовлонг хорихын үнэний жишээ болгож тэдэнтэй хамт байхад дургүйцэх, таагүй байх сэтгэлийг тийнхүү зогсоох нь (хорих нь) боломжтой.
- Тэрхүү таагүй сэтгэлийг арилгахад Хутагтын дөрвөн үнэний дөрөв дэх үнэн болох Мөрийн үнэний (Зөв ойлголтын сэтгэлийн үнэн зам мөрийн) жишээ болгож хэрэв тэр хүн бухимдал төрүүлдэг хүнээр үнэхээр оршдог байсан бол хүн бүхэн түүнийг бухимдал төрүүлдэг, төрсөн цагаасаа эхлэн тийм хүн байсан гэх байсныг ойлгох хэрэгтэй. Гэвч энэ боломжгүй.
- Бид тэднийг бухимдал төрүүлдэг үнэн хүн гэх төсөөллийг арилгана.
- Ингээд тэднийг бухимдалгүйгээр харна. Тэд бидэнд бухимдал төрүүлдэг хүн мэтээр ердөө санагдаж байгаа. Гэвч тэр бол төөрөгдөл (буруу ойлголт).
- Дараа нь тэднийг асрах сэтгэлийг төрүүлнэ – тэд хүн төрөлтөн бөгөөд амар амгалан байхыг, бусад тэдэнд дургүй бус дуртай байхыг хүснэ. Тэр хүн надад шумуул шиг тээртэй хүн мэтээр хандахгүй байхыг би хүсэх адил – энэ нь миний сэтгэлд нөлөөлөх ба тэд ч бас үүнийг хүсэхгүй, энэ тэдний сэтгэлд бас нөлөөлнө.
- Тэр хүнийг асарч хайрлах сэтгэлээр авч үзнэ.
Дүгнэлт
Хэцүү хүмүүстэй харьцахдаа мэдээж бид эхлээд сэтгэлийг тайвшруулна, хэрэв боломж байвал уулзахын өмнө сэтгэлийг тайвшруулна. Ингээд тэдэнтэй байхдаа тэд бидний адил сэтгэл мэдрэхүйтэй хүн төрөлтөн гэж үзэж асрах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Ийм хандлагыг төрүүлэхэд гарах нэг саад нь тухайн хүнийг тэдний амьдралын бодит байдлын илүү өргөн хүрээнд авч үзэхгүй байх явдал. Хэрэв бид өөрсдийн ойлголтын алдаатай буруу төсөөллийг арилгаж тэднийг нээлттэй, асрах хандлагаар бодит байдалд нь авч үзвэл тэдэнтэй илүү амжилттай сайн харилцаж чадна.